Categories
мэдээ нийгэм

Гаалийн албан тушаалтнуудад торгох ял оноожээ DNN.mn

Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-ын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.

АТГ-ынхан анх 2015 оны арваннэгдүгээр сараас шалгаж эхэлсэн эл хэргийг таван жил шахмын дараа буюу 2020 оны есдүгээр сард яллах дүгнэлт үйлдэж, дээрх шүүхэд шилжүүлж байсан юм. ГЕГ-ын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга асан Б.Оюундэлгэр Өмнөговь аймгийн Шивээхүрэн дэх Гаалийн газрын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэбаатарыг Замын-Үүдэд гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч П.Дариймааг Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын улсын байцаагч Ц.Батбилэгийг Улаанбаатар дахь Гаалийн газрын улсын байцаагчаар шилжүүлэн томилох тушаал гаргуулсны хариуд хахууль авсан хэрэгт холбогдсон юм.

НПГ-аас Б.Оюундэлгэрт Эрүүгийн хуулийн хуулийн 22.4-4, Ц.Батбилэг, Г.Эрдэнэбаатар, Ж.Баттогтох, Л.Оргилмаа нарт мөн хуулийн 22.5-2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд дээрх шүүх хэргийг гурван өдрийн турш хэлэлцсэн байна. Шүүхээс Б.Оюундэлгэрийг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр бусдаар дамжуулан байна.

Харин шүүгдэгч Ц.Батбилэг, Г.Эрдэнэбаатар нарыг хээл хахууль өгсөн гэм буруутай нь тогтоогдсон гэж үзээд 10 сая 560 мянга, Ж.Баттогтох, Л.Оргилмаа нарыг хээл хахууль өгч авахад зуучилсан гэм буруутай гэж дүгнэн таван сая 760 мянган төгрөгөөр торгох ял шийтгэв.

Categories
мэдээ нийгэм

Явган хүний замын хавтан, авто замын хашлагыг стандартад нийцүүлэхийг зөвлөв DNN.mn

Нийслэлийн өнгө үзэмж, авто замын хөдөлгөөн нэвтрүүлэлт, замын даац, иргэдийн тав тухтай амьдрах орчинд нөлөөлж байдаг олон хүчин зүйл бий. Түүний нэг нь явган хүний зам, авто замын хашлага. Эвдэрч сүйдсэн, эмтэрч хагарсан, бутарч үйрсэн авто замын хашлага, явган хүний зам иргэдийн бухимдах, ая тухгүй зорчих хөдөлгөөнд саад болсоор байдаг. Тэгвэл замын хашлага, явган хүний замын хавтангийн чанар, стандарт, гомдол, асуудлын талаар мэргэжлийн байгууллагынхан хэлэлцүүлэг өрнүүллээ. Ашиг сонирхол, авлигын балагтай бүхэн чанаргүй, гүйцэтгэл муу, шахааны бизнес болон цэцэглэсэн байх нь элбэг. Тэгвэл нийслэлийн авто замд жил бүр сольж, нийлүүлэгддэг явган хүний замын хавтан, авто замын хашлага, бордюр дагасан авлига, бэрхшээл, асуудлыг АТГ-аас хөндөн тавилаа.Хэлэлцүүлэгт Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтэс, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төв, Зам, тээвэр хөгжлийн төв, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн хотын стандарт, хяналтын газар, “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар”, Техник технологийн дээд сургуулийн Барилга замын материал судлалын итгэмжлэгдсэн лаборатори, мэргэжлийн холбоод, иргэн, компанийн захирал, авто замын инженер, барилгын инженер, зураг төслийн мэргэжилтэн зэрэг 50 гаруй төлөөлөл оролцов.

Явган хүний замыг нэгдсэн нэг төлөвлөлт, загвараар хийх нь хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх ёстой байтал стандарт хангасан хавтанг ашигладаг эсэх нь эргэлзээтэй гэлээ. Тухайлбал, жил бүр явган хүний замын хавтанг засахад тодорхой төсөв баталдаг, ажил гүйцэтгүүлэх тендер зарлаж, хяналт тавьсан нэрийдлээр чанаргүй ажлыг хүлээж авдаг, ажил гүйцэтгэх төлөвлөгөөт хугацаа нь тендерт тусгагдсаны дагуу 45 хоног хэдий ч явган замын хавтан тавьж буй “зарим аж ахуйн нэгжүүд ердөө арав гаруйхан хоногт ийж, хуучин хавтанг хуулалгүй, дээр нь 3-4 хуруу орчим элс дэвсээд, шинэ мэт болгон хүлээлгэн өгдөг” нь учир дутагдалтай байна. Авто замын хашлага, явган зам, талбайн хавтангийн төлөвлөлт болон барилгын ажилд тавих техникийн шаардлага, стандартыг хангахгүй байна. Авто замын хашлага, явган замын хавтанг шинэчлэн солихдоо хуучин авто замын хашлага, явган замын хавтанг хэрхэн шийдвэрлэх талаар ямар нэгэн тооцоо, судалгаа байхгүй, хэрхэн шийдвэрлэдэг нь тодорхойгүй байгаа нь авлигын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй талаар АТГ-аас тодотголоо.Энэ онд хийх тохижилт, бүтээн байгуулалт, явган хүний зам засвар, шинэчлэлийн ажлын чиглэлээр 14 байршилд 14,000м2 явган замын тохижилтын ажил, гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөгдсөн бөгөөд стандарт хангаж, гүйцэтгэгчтэй захиалагч тал нягт хамтран ажиллахыг зөвлөв.

Мөн явган зам, талбайн төлөвлөлтийн үйл ажиллагааг зохих хууль тогтоомжийн дагуу явуулдаг эсэх нь эргэлзээтэй байгаа тул АТГ-аас Авлигын эсрэг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд авлигын гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөлийг тогтоох, цаашид гарахгүй байхад бодлогын арга хэмжээг авна. Үүний тулд АТГ-аас Зөвлөмж боловсруулсан бөгөөд уг Зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, Авлигатай тэмцэх газар хэрэгжилтэд нь хяналт тавих юм байна гэж Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймагт электрон тамхи буюу vape-г хориглолоо DNN.mn

Электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ сарын 15-ны өдрөөс эхлэн худалдан борлуулахыг хориглохоор болжээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнгөрөгч 2022 онд электрон тамхийг 21 насанд хүрээгүй хүнд худалдан борлуулахгүй байх чиглэлийг улсын хэмжээнд өгч ажилласан. Үүний дагуу зарим аймагт электрон тамхи худалдан борлуулахыг хориглосон аймгийн Засаг даргын захирамж гарч хэрэгжиж эхэлсэн.

Тэгвэл Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Үе тэнгийхний дундах эерэг харилцаа-эрүүл орчин” сэдэвт хэлэлцүүлэгийн үеэр оролцогч хүүхэд бүрээс захидал авч санал бодлыг нь нэг бүрчлэн уншиж танилцлаа.

Иргэдийн болон өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Дархан-Уул аймгийн хэмжээнд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг 2023.05.15-ны өдрөөс эхлэн худалдан борлуулахыг хориглоно” гэсэн юм.

Түүнчлэн өнгөрсөн сард Өмнөговь аймгийн Засаг даргын захирамж гарч Өмнөговь аймагт тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдаалахгүй байхаар болсон.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Уяхан замбуу тивийн наран” урлагийн наадам наймдугаар сард болно DNN.mn

Дуу хуур, өв соёлын өлгий Дундговь аймгийн Их газрын чулуунд болдог уламжлалт “Уяхан замбуу тивийн наран” урлагийн наадам наймдугаар сарын 11-12-нд болно.

May be an image of Mount Rushmore

Categories
мэдээ спорт

FIBA 3×3: Эмэгтэй шигшээ баг дэлхийн ГранПри тэмцээний нээлтийн тоглолтод оролцоно DNN.mn

3х3 сагсанбөмбөгийн Монгол Улсын эмэгтэй шигшээ баг дэлхийн гранпри тэмцээний нээлтийн тоглолтод оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

Тэд бямба гарагийн 16 цаг 45 минутаас Япон, 15 цаг 45 минутаас Австралийн багтай тоглох бол ням гарагт 15 цагаас Германы багтай учраа таарчээ.

Манай шигшээ баг 25 хоногийн дараа Дэлхийн аваргын тэмцээнд эх орноо төлөлөн оролцох бөгөөд тус тэмцээнд тэднийг Токио-2020 Олимпын наадмын аварга, дэлхийн аварга баг болох АНУ, мөн дэлхийн аваргын мөнгөн медальт Канадын шигшээ баг гэсэн хүчирхэг бүрэлдэхүүн хүлээж буй тухай багийн дасгалжуулагч С.Тулга онцоллоо.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Үлгэрийн далай” DNN.mn

Монголчуудын эрт цагаас шүтэж биширч, шимтэн уншиж ирсэн Монгол Ганжуурын 90 дүгээр ботид байдаг, Бурханы шашины онол сургаалыг үлгэр домог хэлбэрээр энгийн ойлгомжтой тайлбарласан, танин мэдүүлэх, сурган хүмүүжүүлэх гүн утга агуулгатай “Үлгэрийн далай” хэмээх хөлгөн судар бий. Анх Ширээт гүүш цорж XVI зуунд төвөд хэлнээс монгол хэлэнд орчуулсан байдаг. Тэр цагаас өнөөдрийг хүртэл энэ судрыг ном хэлбэрээр монголчууд уншсаар байна. 2017 онд гурван цувралаар уншигчдад, ялангуяа багачуудад зориулан хэвлэжээ. Уг цувралын нэгдүгээр дэвтрээс “Очир нэрт охин” хэмээх сургаалт үлгэрийг ярьж өгье.

Бурхан багш Ширавасун хотод сууж, шавь нартаа ном номлож байхад ийм нэгэн явдал болжээ. Гэгээн Ялгуугч хааны хатан амаржиж гоо бус охин төрүүлжээ. Охинд Очир хэмээн нэр хайрласан байна. Охиноо хаан хатан хоёр хүний нүднээс ангид өсгөжээ. Нас бие хүрэх үед нь нэгэн гуйлгачин хөвгүүнд ихээхэн эд агуурс таслан өгч, муухай зүстэй охиноо эхнэр болгож өгөхөд хөвгүүн зөвшөөрчээ. Хөвгүүнд ноён хэргэм өгч “Миний охиныг түмний нүдэнд бүү харуул. Гэрээсээ гарахдаа түүнийг цоожилж байгаарай” гэж захижээ.

Хүргэн нь хадам аавынхаа захиас ёсоор амьдарч байтал хааны түшмэлүүд эхнэрээ дагуулан ирж хамтдаа баяр цэнгэл хийх болов. Гэтэл өнөөх түшмэлийг ганцаар ирсэнд сэжиглэн “Танай эхнэр үзээрийн царайтай, эсвэл маш гоо төгс нэгэн байх. Зүсийг нь үзүүл” гэхэд түшмэл зөвшөөрсөнгүй. Ингээд түшмэд өнөө түшмэл буюу хааны хүргэнд нойрсуулах тан өгч унтуулаад түлхүүрийг нь авч гэр рүү нь зүглэв.

Яг энэ үед Очир гүнж Бурханаас аврал эржээ. Очир гүнж өөрийн муухайд гутарч, бусдын сайханд атаархалгүй, үргэлж ариун сайхан сэтгэл үүсгэсэн учир адууны дэл шиг үс нь торгомсог болж, ширүүн арьс нь толийж, зүс царай нь ертөнцөд адилтгашгүй үзэсгэлэн гоо болж хувирав гэнэ. Түүнийг харсан түшмэд алмайрч, нойрсуулах тангаас сэрсэн нөхөр нь хүрч ирээд хосгүй сайхан эхнэрээ үзээд хязгааргүй их баярлажээ.

Ийм явдал болсон учир бүгд Бурхан багш дээр очиж Очир гүнж яагаад муухай зүстэй төрснийг асуухад “Урьд нэгэн айл охинтой байж. Гуйлгачин хоол гуйж ирэхэд өнгө зүсээр нь доромжилж, юу ч өгөлгүй хөөж явуулжээ. Гэвч охин гуйлгачинтай муухай харьцсандаа гэмшин гуйлгачныг олж очиж уучлал гуйгаад хоол ундаар дайлжээ. Тэр цагаас хойш охин, эцгийнхээ хамтаар ядарч зүдэрсэн хүмүүст чадлынхаа хэрээр хоол унд өгч туслах болжээ” гэв. Бурхан багш “Тэр охин, эцэг хоёр бол хаан, Очир охин та хоёр билээ. Гэм нүгэлээ наминчилсныхаа ачаар охин энэ насандаа үзэсгэлэн гоо болж, ядарч туйлдсан хүмүүст тусалсныхаа үрээр хаан та энэ насандаа эд агуурстай, дээд сайн язгууртай болон төржээ” хэмээгээд “Тиймийн тул хэн хүн бусдыг басамжлан доромжлохыг тэвчиж, бусдад тусалж явтугай” хэмээн сургав.

Categories
гадаад мэдээ

НАТО-гийн оффис Токиод нээгдэнэ DNN.mn

Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО бүс нутгийн холбоотнуудтайгаа тогтмол зөвлөлдөх зорилгоор “Холбоо тогтоох оффис”-ооТокиод нээхээр төлөвлөж байна гэж “Nikkei Asia” сонин Японы болон НАТО-гийн албаны эх сурвалжуудаас эш татан мэдээлэв.

Азид анхных нь болох уг газрыг нээснээр НАТО нь Япон, БНСУ, Австрали, Шинэ Зеланд зэрэг бүс нутгийн гол түншүүдтэйгээ зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулах боломжтой болох юм. “Хятад болон тус улсын Оростой хийж буй хамтын ажиллагаа нь эвслийн хувьд шинэ сорилт болж байгаа тул Холбоо тогтоох газрыг нээх зайлшгүй шаардлагатай болсон байна ”гэж уг сонинд тэмдэглэсэн байна. Уг оффисыг ирэх жилТокиод нээх бөгөөд байр, санхүүжилт гэх зэрэг нарийн ширийн зүйлүүд нь хэлэлцэх шатандаа явж байгаа гэнэ.

Япон болон НАТО нь мөн хамтран түншлэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Уг төлөвлөгөөний дагуу “хоёр улс кибер аюул заналтай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, шинэ технологийн салбарт хамтран ажиллаж, хуурамч мэдээлэлтэй тэмцэх талаар мэдээлэл солилцоно” гэж “Nikkei Asia”сонинд мэдээлсэн байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“No war” хөдөлгөөнийхөн: Хятадаас 150-170 мянган төгрөгөөр оруулж ирдэг цахим гаваа бидэнд 780 мянган төгрөгийн төлбөртэй зүүлгэсэн DNN.mn

“No war” хөдөлгөөнийхний дэлгэсэн “No war” галлерейг үзэхээр зорилоо. Тэдний галлерей Баянгол зочид буудлын баруун урдхан талд байрладаг юм байна. Очиход Ц.Чинбат, Т.Золбаяр нар байж байлаа. Ороод гар барин танилцах зуурт цахим гав нүдэнд тусав. Ингээд цахим гавны талаар Ц.Чинбаттай ярилцлаа. Уг гавыг 780 мянган төгрөгийн төлбөртэй зүүсэн юм байна. Хоёр жилийн баталгаатай гэнэ. Мөн гавныхаа дата хэрэглээний мөнгө гэж өдөр бүр 1305 төгрөг төлдөг юм байна. Сард 30 мянга гаруй, жилд 400 мянга гаруй төгрөгийг өөрсдөө төлдөг аж. Хамгийн хачирхалтай нь 780 мянган төгрөгөөр үнийг нь төлж худалдаж авсан мөртлөө гав зүүх хуулийн хугацаа дуусвал буцааж хүлээлгэж өгдөг гэнэ.

Өөрсдийнхөө хэмжээнд мэдээлэл судлаад үзэхэд Хууль зүй дотоод хэргийн яам тендерээр цахим гавыг БНХАУ-аас нэг бүрийг 150-170 мянган төгрөгөөр авдаг. Харин гав зүүлгэх иргэддээ 780 мянган төгрөгөөр зүүж өгнө. Дээрээс нь өдөр бүр дата хэрэглээний мөнгө болох 1305 төгрөгийг зүүсэн этгээд өөрөө төлдөг байна. Монгол Улсад үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоон судалгаанаас үзэхэд уг гавыг жилд 1700 гаруй хүн зүүх боломжтой гэсэн статистик судалгаа байдаг ажээ.


-Тэгэхээр эдийн засгийн хувьд давхар ял өгөөд байгаа юм биш үү?

-Тийм шүү дээ. Бид нэг хүн нь л гэхэд 3-4 төрлийн ял давхар эдэлж байна. Бидэнд эхлээд хилийн хориг тавьсан. Хилийн хориг гэдэг чинь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарч болохгүй нэг төрлийн ял байхгүй юу. Энэ бол ял, тэгсэн мөртлөө тооцогддоггүй. Хоёр дахь ял нь бидний зорчих эрх хумигдаж байна. Зөвхөн дүүрэг дотроо. Энэ чинь зорчих хөдөлгөөнийг хязгаарласан бас л ял.

Тэгээд дээрээс нь 1000 төгрөг нь байна уу, 10000 төгрөг байна уу хамаагүй төлбөр төлж л байгаа бол ял шүү дээ. Энэ бол бидэнд өгч байгаа гурав дахь эдийн засгаар хүчирхийлж буй ял. Дээрээс нь биднийг хэвлэл мэдээллээр гүтгэж яллаж байна. Хууль зүйн сайд нь гарч ирээд гүтгэж яллана. Тэгсэн хэрнээ тэр нь одоог хүртэл тогтоогдохгүй байгаа. Ерөнхий сайд нь гүтгэж яллана. Хууль зүйн сайд нь хавтаст хэрэгт бүртгэгдсэн материалыг шууд л олон нийтэд дэлгэж харуулна. Тэр хүнд уг нь тийм эрх байхгүй шүү дээ. Гэтэл саяхан Шүүхийн шийдвэрийн дарга нь гарч ирэнгүүтээ “Эд нар бүдүүлэг. Хууль дүрмээ биелүүлэхгүй зөрчсөн” гэж нийтэд мэдээлж яллангуутаа яваад очихоор тайлбар өгдөггүй. Энэ бол биднийг хэвлэл мэдээллээр гүтгэж яллаж байгаа хэрэг. Бид нийтдээ дөрвөн төрлийн ял эдэлж байна. Бидний нэр төрд халдаж байна.

-Тэгээд наад гавыг чинь зүүчихээр усанд орж болох юм уу. Элдэв янзын эвдрэл гэмтэл гарвал яах юм бэ?

-Эвдэрвэл дахиад л өөрсдөө 780 мянган төгрөгөө төлж худалдаж авна. Үүнийг харин усанд удаан дүрж болохгүй. Гар угаах шүршүүрт ороход гайгүй эвдэрчихгүй юм байна лээ. Ваннтай усанд удаан хэвтэж, дүрж болохгүй юм билээ.

Хэмээн Ц.Билгүүн ярилаа. Тэд “No double standart”, “No war” хөдөлгөөнүүдийг эхэлснээс хойшхи хоёр жилийн хугацаанд өчнөөн дарамт, халдлагад өртжээ. Энэ талаараа 100 гаруй гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасан ч нэгийг нь ч шийдэж өгөөгүй. Жишээлбэл, 2022 оны тавдугаар сард галлерейн барилга руу халдлага үйлдэж цонх шилийг хагалсан хэрэг гарсан. Тухайн үедээ олон нийтэд сошиалаар мэдээлж, уг хэргийн талаарх гомдлыг цагдаагийн байгууллагад гаргажээ. Гэвч энэ хэргийг хохирлын хэмжээ бага байгаа учраас хэрэгсэхгүй болгохыг Сүхбаатар дүүргийн прокуроос хүсч, хэрэгсэхгүй болгожээ. Хэрэгсэхгүй болгосон шийдвэрээ шийдэр гарснаас хоёр сарын дараа өөрсдөд нь мэдэгджээ. Албан ёсны хохирол тодорхойлдог байгууллагаар зөвхөн хагарсан цонхны хохирлын хэмжээг тогтоолгоход хуульд заасан хэрэг үүсгэх хэмжээний хохирол мөн байсан. Энэ тухай гомдлоо дээд шатны прокурорт гарган, хэргийг сэргээсэн боловч одоог хүртэл тогтоогдоогүй байна. Тэгсэн хэрнээ бусад хэргийг маш амархан тогтоодог. Энэ талаар Ц.Билгүүн “Биднийг маш хурдан гэм буруутай хэмээн тогтоосон. Гэрчээр дуудаж, байцаалт мэдүүлэг авангуутаа сэжигтэн болгоод, яллагдагч болгочихож байгаа юм. Үүнийгээ 24 цаг хүрэхгүй хугацаанд хийсэн. Гэтэл бидний өгсөн гомдол тогтоогддоггүй, шалгагддаггүй, эзэн нь олдоггүй. Эсвэл бидний өгсөн гомдол хар нүхэнд ороод алга болчихдог” хэмээн ярив. Тэдэнд тохсон хамгийн анхны хэрэг нь хорих ангиас хүн оргуулсан хэрэг гэдэг. 461 дүгээр хорих ангиас иргэн Д.Монголхүүг оргуулсан гэж үздэг. Гэвч иргэн Д.Монголхүү оргоогүй болох нь тогтоогдож, хэрэг хаагдсан байдаг. Гэсэн хэрнээ Ц.Чинбат, Э.Одбаяр, Б.Билгүүн нарын арав гаруй иргэний хорих ангиас хүн оргуулсан хэрэг одоог хүртэл хаагдаагүй хэрэг үргэлжилсээр байдгийг тэд онцлон ярьсаар байгаа. Биднийг ийнхүү ярьж суутал Э.Одбаяр орж ирэв.

Ингээд галлерейтэй таницууллаа. Галлерей хоёр цуврал таван бүлэг бүхий сэдэв гарчигтай аж. Өдөрт хүмүүс их бага янз бүрээрээ орж ирж үздэг юм байна. Үүдний хэсэгт буйдан байрлуулжээ. Өөдөөс нь ширээ байрлуулаад ус, ундаа, тавагтай ааруул дээр нь тавьсан байна. Орж ирсэн хүмүүсийг түүгээрээ дайлан, буйдан дээрээ суугаад тухлан ярилцана. Эдгээр ус ундаа зэрэг зүйлсийг хүмүүс сайн дураараа хандивладаг тухай ч ярилаа. Үүнд нь маш олон хүмүүс дэмжиж тусалж байгаад талархлаа илэрхийлж байв.

Ингээд Э.Одбаяр галлерейгаа танилцуулж эхлэв. 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр дайн эхэлсэн байдаг. Эхний хэсэгт “No war” хөдөлгөөн дайн эхэлснээс яг жилийн дараа хөдөлгөөн өрнөж эхэлсэн байна. Эдгээр үзэл бодлоо илэрхийлэх жагсаал, цуглааны тухай зургууд, үзэл бодлоо илэрхийлэх үеэр биед нь халдаж байсан тухай зургууд, баримтууд дэлгээстэй байлаа. Хоёр дахь хэсэгт гурав дахь хөршийн бодлогууд, дайныг эсэргүүцэж байгааг дэмжсэн улсууд, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурж буй элчин сайдуудын зургууд, хөршийн бодлоготой орнуудын зургууд, Монгол Улсын оролцож буй олон улсын конвенциуд, гэрээ контрактууд, хүний эрхийн тунхаглалуудыг хэвлэн байрлуулжээ. Гурав дахь хэсэгт дайныг эсэргүүцэх үйл ажиллагаанд ямар байдлаар оролцож байсан, түүнд нь хууль хүчнийхэн ямар байдлаар хандсан тухай гэрэл зургууд байлаа. Дөрөв дэх хэсэгт дайныг эсэргүүцэх үйл ажиллагаанд нь ял шийтгэл ногдуулж, хэн хэн ямар байдлаар оролцсон тухай хүмүүсийн зургууд байрлажээ. Дайныг эсэргүүцэх “No war” хөдөлгөөн болоод, тэгш эрхийг шаардсан “No dou­ble standart” хөдөлгөөний гишүүдээс одоогоор зургаан хүн ял эдэлж байна. Э.Одбаяр 1.2 жил хөдөлгөөн хязгаарлах гав зүүсэн бол Ц.Чинбат, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл, Б.Билгүүн нар нэг жилийн хугацаатай зүүсэн. Харин иргэн Д.Монголхүү хоригдох ял шийтгүүлэн биеэр ялаа эдэлж буй. Түүний давж заалдах шатны шүүх хурлын тов одоог хүртэл гараагүй байна. Иргэн Б.Цацралд арав гаруй зөрчлийн шийтгэл оногдуулжээ. Одоогийн байдлаар эдгээр зөрчлийн ялаар шүүх хурлаар ялаад байна. Б.Цацрал ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг хүйтэн цастай өдөр гадаа галуун цуваагаар явуулж байгаа асуудлаар Боловсролын сайд Л.Энх-Амгаланд асуулга тавьсан байдаг. Гэвч уг асуулгын хариу байхгүй. Харин өөрт нь Эрүүгийн хэрэг үүсгэх саналтай прокурорын шийдвэр гарчээ. Энэ хэрэг хаагдаагүй үргэлжилсэн хэвээр. Иргэн Б.Билгүүн ЦЕГ-ын дарга Ж.Болдыг огцор гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгүүлэн мөрдөн мөшгүүлсэн байдалтай байгаа гэнэ. Тэрбээр Л.Ганхөлөгийн хамт өөр дүүрэгт цахим гав зүүсэн учраас гэртээ харьж чадахгүй таньдаг айл, найз нөхөд, машин зэрэг газраар хоног төөрүүлэн явна. Энэ хооронд хууль бусаар мөрдөн мөшгих үйл ажиллагаа үргэлжилж байна хэмээн тэд ярьж байлаа. Тиймээс уг хөдөлгөөнийг үргэлжлүүлэн “Police reform” хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа. Цагдаа хүчний байгууллагын шинэчлэл энэ цагт хэрэгтэй хэмээн тэд үзэж байгаа ажээ. Галлерейн зураг хөрөг үйл ажиллагаатай танилцаж дуусаад Э.Одбаяртай ярилцлаа.

-Та бүхний өмгөөлөгчөөр ямар хүмүүс бий вэ?

-Нийт найман хүн Г.Мөнхсайхан, Х.Мэргэн, О.Батхуяг, Г.Байгалмаа, Л.Хаш-Эрдэнэ гэх мэт олон хүн бий. Манай өмгөөлөгчид өөрсдийн хэмжээнд бүхий л нөөц бололцоогоороо тусалж дэмжиж, хамтран ажиллаж байгаа. Тэгсэн ч гэсэн бидэнд улстөрийн захиалгатайгаар хоёр шатны шүүхээс ял оноосон. Бидний эцсийн найдлага болсон Дээд шүүхэд хандсан ч хэлэлцэхгүйгээр шийдэн одоо гаваа зүүчихсэн ялаа эдлээд явж байна.

-Энэ байрыг та бүхэн түрээслэдэг юм уу. Үйл ажиллагаагаа яаж явуулдаг вэ?

-Энэ хуучин галлерей байсан л даа. Тэгээд Зон олны намын мэдээллийн төв болсон. Тэгээд намынхаа байранд үйл ажиллагаа явуулж буй нь энэ.

-Хэдээс хэдэн цагийн хооронд хүмүүст үзүүлдэг юм бэ?

-Өдөр 13:00-17:00 цаг хүртэл хүмүүст үзүүлдэг.

-Өдөрт ээлжилж ирцгээдэг юм уу?

-Эхэндээ ганц ганцаараа ээлжилдэг байсан. Одоогоор аюулгүй байдлаа бодоод хоёроороо суудаг болсон.

-Хүмүүс галлерейг үзэхдээ голдуу юу асууж байх юм?

-Хүмүүс их дэмжиж нааштай хандаж байгаа. Ганц нэг сөрөг хүмүүс орж ирэх нь ирсэн. Тэд баримт нотолгоотой үйл ажиллагаан дээр ямар нэгэн зүйл хэлж чадахгүй болдог. Бидэнд бүх баримт нотолгоо нь байж байгаа.

-Их хүмүүс ирдэг үү?

-Янз янз. Өнөөдөр л гэхэд онгойсон цагаас хойш арваад хүн орж ирж үзсэн. Түрүүн тантай зөрж гарсан хоёр хүн дэмжиж байгаагаа илэрхийлээд гарлаа.

-Л.Ганхөлөг хаана байгаа вэ?

-Өөр дүүрэгт цахим гаваа зүүчихсэн гэртээ харьж чадалгүй найм хонож байна. Энэ бол прокурорын байгууллагаас цөллөгт явуулж байгаа, дээрээс нь дарамталж буй нэг хэлбэр. Залхаан цээрлүүлж байгаагийн л илэрхийлэл шүү дээ.

-Тэгээд гэр оронгүй хаагуур явж байгаа бол?

-Өө тэгээд танил найз нөхөд, машин тэргэнд л хонож байгаа сурагтай. Бид чинь өөр дүүрэгт хоригдчихсон биеэр уулзах боломжгүй болсон. Утсаар л холбоо барьж байна.

-Түрүүн цахим гавны үнийн тухай ярьсан шүү дээ. Гавыг ямар компани оруулж ирдэг тухай мэдээлэл олж чадсан уу?

-Шударга тавын гурав нь нийлж байгаад улсад их хэмжээний хохирол учруулсан юм байна. Энэхүү цахим гавыг аль компаниас худалдан авалт хийснийг бид олж тогтоолоо. Үүнийгээ бидэнд 780 мянган төгрөгийн төлбөртэй зүүлгэсэн. Энэ нь Хятадаас орж ирэхдээ 150-170 мянган төгрөгөөр орж ирдэг юм байна. Улсад тав дахин нэмэгдсэн өртгөөр шахаа хийжээ.

-Цахим гав нь алдаатай мэдээлэл хүргээд байна гэсэн дээ?

-Тийм. Сүүлийн хоёр хоногт харин гайгүй байх шиг байна. Одбаяр бид хоёрын нэг нь дүүргийн нутаг дэвсгэрээс гарсан юм шиг байгаа юм. Тийм мэдээлэл цагдаад очсон гээд байгаа. Яг хэн нь тодорхойгүй.

Ийнхүү ярилцаж байхад бүгд л иргэн Д.Монголхүү дээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааг өөрсдөд нь хэрэглэж байгаа талаар ярьцгааж байв. Ямар нэгэн байдлаар цагдаад байнга буруу мэдээлэл хүргэсээр байгаад биеэр эдлэх ял болгохыг үгүйсгэхгүй. Тиймээс байнга л хоригдох ял үүрэх вий гэсэн сэтгэлзүйн хувьд айдастай байгаагаа илэрхийлж байв. Ингээд яриад сууж байтал гаднаас өөрийгөө Алтанцэцэг гэж танилцуулан нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүний хамт орж ирлээ. Тэрбээр

-Сайн байна уу? Одбаяр аа. Намайг Алтанцэцэг гэдэг. Чамтай ярих яриа байна. Чи миний нэр төрд халджээ. Яагаад миний нэр төрд халдах болов?

-Таны нэр төрд халдсан гэж үзэж байгаа бол та хуулийн байгууллагад хандаад явж болно.

-Хандчихсан байгаа. Түүнээс гадна ярилцах зүйл байна.

-Ярь ярь.

-Чи үгээ хэлж үзэл бодлоо хэлж болдог бусад нь болдоггүй юм уу?

-Болно шүү дээ.

-Тэгээд чи яагаад намайг үзэл бодлоо илэрхийлсний төлөө миний зургийг эндээ байршуулаад нэр төрд халдаад байгаа юм бэ?

-Та тэр лайвыг хийх үедээ биднийг өдөөн турхирсан мэтээр ярьж, эхлээд миний нэр төрд халдсан хэмээн ярих үеэр Ц.Билгүүн утсаа гарган бичлэг хийж эхлэв. Ингэхэд нь нөгөө эмэгтэй “Зүгээр сайхан ярилцах гэхээр л өөдөөс утсаа гаргаж ирдэг хаанахын ёс юм бэ” гэв.

Ц.Чинбат “Бид ингэж баримтжуулахгүй бол бидэнд халддаг байдал хэрээс хэтэрсэн. Олон нийтэд мэдээллийг ил тод хүргэж бид өөрсдийгөө өмөөрөх эрхтэй. Харин олны хараанд байдаг тулдаа бид алуулчихгүйхэн өдийг хүрч байгаа байх” хэмээн ярьж байтал гаднаас твиттерийн Элийрэгч буюу Ц.Уянга орж ирэв. Ингээд Ц.Уянга тэдэнтэй бас ярилцах, маргахын дунд байсаар байв. Хэсэг байдлыг ажиглаж байгаад би явах гэж байгаагаа дуулгалаа. Ц.Чинбат “Одоо Цацрал ирж байгаа. Уулзахгүй байсан юм уу” гэв.

-“Би дараа дараачийнхаа ажлыг бодохгүй бол оройтох нь” хэмээхэд “За, ирсэнд баярлалаа” хэмээн үргэлжлүүлэн нөгөө хүмүүстэйгээ ярьсаар үлдсэн юм. Дараахан нь олон нийтийн сүлжээгээр галлерейд өлгөсөн зургуудыг тэрхүү Алтанцэцэг гэх эмэгтэй аваад явчихсан тухай бичлэгээ Ц.Уянга олон нийтийн сүлжээнд тавьсан байна лээ.

Categories
мэдээ нийгэм

Тулгуур эрхтэний согогтой таван хүүхдэд мэс засал хийлээ DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төв, БНСУ-ын “Хьюндай” нэгдсэн эмнэлгийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2023 оны дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд БНСУ-ын хүүхдийн гэмтэл согогийн эмч нарын баг ГССҮТ-д ажиллаж, туршлага солилцлоо.

Тус баг бүрэлдэхүүнд БНСУ-ын Чун Ан их сургуулийн “Хьюндай” нэгдсэн эмнэлгийн захирал Ким Бү Соб, хүүхдийн гэмтэл согогийн зөвлөх эмч, профессор Ан Жэ Ин болон тус эмнэлгийн мэс заслын сувилагч, техникч нар багтсан бөгөөд ГССҮТ-ийн хүүхдийн гэмтэл согогийн эмч нартай хамтран хүнд хэлбэрийн тулгуур эрхтэний согогтой таван хүүхдэд мэс заслын эмчилгээг амжилттай хийлээ.

Мөн нийт 20 өвчтөнд үзлэг оношлогоо хийж, дараагийн үйл ажиллагааны хүрээнд хийгдэх мэс заслуудыг төлөвлөсөн бөгөөд ГССҮТ-ийн удирдлагуудтай уулзан, цаашид авч хэрэгжүүлэх томоохон ажлуудаа хэлэлцсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Л.Буанганыг хүлээн авч уулзлаа DNN.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Л.Буанганыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хүүхдийн хөгжил, хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, тэр дундаа залуучууд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн ажилтан болон хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдын чадавх бэхжүүлэх зэрэг асуудлаар харилцан санал солилцлоо.
Элчин сайд Ричард Л.Буанган Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсонд баяр хүргэж, өргөн хүрээнд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.