Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зайсан дахь амралтын газраас Дугуй цагаан хүртэл зам барьж байна DNN.mn

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өчигдөр Зайсан дахь иргэд олноор алхаж, агаарладаг Дугуй цагаан орчмын тохижилт, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцжээ.

Тэрбээр “Зайсан дахь амралтын газрын хаалтаас Дугуй цагааны бүтээн байгуулалт хүрэх зам барих ажил эрчимтэй явагдаж байна. Замын суурь хэсгийн 75 хувийг хийжээ. Замын ажил болон бусад тохижилтын дутуу хэсгийг зургаадугаар сарын 1-н гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Харин ариун цэврийн болон үйлчилгээний байгууламжийн ажил удааширч байгааг түргэвчлэх үүрэг өглөө” гэж цахим хуудаснаа мэдээлжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Түвшинтөгс: Инфляцийг тогтвортой байлгах нь иргэдийн амьжиргаанд эерэг нөлөөтэй DNN.mn

Эдийн засагтай холбоотой цаг үеийн асуудлаар Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгстэй ярилцлаа.


-Ам.долларын ханш 3470 руу оржээ. Сүүлийн нэг сарын хугацаанд тогтмол буулаа. Үүнээс хурдан доошлох боломж бий юу?

-Гадаад валютын ханш экспортын орлогоос ихээхэн хамааралтай. Экспортын орлого өсөх тусам гадаад валютын нийлүүлэлт нэмэгдэнэ. Ингэснээр ам.доллар суларч төгрөг чангарна гэсэн үг. Энэ оны эхний гурван сарын байдлаар авч үзвэл өмнөх оны мөн үеэс экспорт бараг хоёр дахин өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл 800 орчим сая ам.доллар байгаа нь энэ хэмжээний ам.доллар эдийн засагт нийлүүлэгдэж байна гэсэн үг. Үүнд, оффтэйк гэрээгээр аль хэдийнэ зарагдсан нүүрсээр засварласан ч багагүй ам.доллар эхний сард орж иржээ. Гадаад валютын нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн нь төгрөгийн ханш чангарахад нөлөөлсөн. Өөр нэг хүчин зүйл гэвэл төгрөгийн нийлүүлэлт. Одоогийн байдлаар төгрөгийн нийлүүлэлт тогтвортой, бодлогын хүү 13 хувьтай байгаа. Бодлогын хүү инфляциас өндөр байна гэдэг нь мөнгөний хатуу бодлого үргэлжилж буйг илэрхийлж байгаа. Мөнгөний нийлүүлэлт гуравдугаар сарын байдлаар 11, зээлийн өсөлт долоо орчим хувьтай байгаа нь өндөр үзүүлэлтүүд биш. Төгрөг зэх зээлд ийнхүү хязгаарлагдмал байдлаар нийлүүлэгдэж байгаа нь ханшийг чангаруулна гэсэн үг.

-Доллар огцом суларч, төгрөг чангарснаар эдийн засагт яаж нөлөөлөх вэ?

-Энэ төгрөгийн чангаралтыг огцом чангаралт гэж үзэхэд учир дутагдалтай.

Учир нь 1.5 орчим хувийн хэлбэлзэл гарах нь ховор тохиолддог үйл явдал бас биш. Гадаад валютын ханш суларч төгрөгийн ханш чангарах нь импортын бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг тогтворжуулахад чухал үүрэгтэй. Манай улсын хувьд өргөн хэрэглээний барааны сагсанд импортын бүтээгдэхүүн 40 гаруй хувийг эзэлдэг учраас энэ нь хүн амын амьжиргаанд эерэг нөлөөтэй гэсэн үг. Манай улс өөрөө үйлдвэрлэгч орон бас биш учраас ялангуяа хэрэглээний бараа бүтээгдэхүүний хэрэгцээгээ импортоор хангадаг. Тийм учраас төгрөгийн ханш сулрах нь бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй гэсэн үг. Энд нэг зүйлийг анхаарахад төгрөг ийм хэмжээгээр чангарах нь бараа бүтээгдэхүүний үнийг шууд бууруулчихгүй. Янз бүрийн шалтгаанаас болоод үнийн өсөлт гарахдаа амархан. Харин тэр болгон буурдаггүй. Төгрөгийн ханшийн үргэлжилсэн чангаралт экспортлогчдын ашгийг бууруулдаг учраас эдийн засагт сөрөг нөлөөтэй байх талтай.

-Эдийн засгийн өсөлт иргэдийн амьжиргаанд яг хэзээнээс мэдрэгдэж эхлэх вэ?

-Сүүлийн жилд инфляцийн түвшин өндөр байсантай холбоотойгоор иргэдийн амьжиргаа буурсан. Бидний тооцоогоор улсын хэмжээнд инфляци 12 хувьтай байхад бага орлоготой иргэд 18 хувийн инфляцитай тулж байна. Энэ бол маш өндөр инфляци. Бага орлоготой иргэдийн бодит амьжиргаанд инфляци хүчтэй сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн үг. Учир нь бага орлоготой иргэдийн хэрэглээний сагсанд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ өндөр хувийг эзэлдэг. Тийм ч учраас инфляцийг нам дор түвшинд тогтвортой байлгах нь иргэдийн амьжиргааг богино хугацаанд тогтворжуулахад гол үүрэгтэй. Цаашилбал, дунд болон урт хугацаандаа уул уурхайн салбараас орж буй орлогыг иргэдийн амьжиргаанд эерэг нөлөөлдөг байх тогтолцоог бий болгох ёстой.

-Хагас жилийн байдлаар төсөвлөсөн төсвөөс 500 тэрбум төгрөг илүү гарахаар байгаа тухай Ерөнхий сайд хэлж байсан. Цаашид эдийн засаг өсөлттэй байвал оны төгсгөлд нэг их наяд төгрөгөөр давуулан биелүүлэх боломжтой гэсэн. Энэ мөнгийг эдийн засгийг тэлэхэд зориулж яаж ашиглах ёстой вэ?

-Засгийн газрын зарлагыг өсгөх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих тохиолдол байдаг ч энэхүү бодлого нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бас бий болгодог гэдгийг сайн анхаарах хэрэгтэй. Цалинг хавтгайруулан өсгөх тохиолдолд бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсчихдөг. Энэ тохиолдолд бодит худалдан авалт өсөхгүй, харин ч буурч магадгүй юм. Үр дүнд нь илүү өндөр инфляцитай нүүр тулна. Иймэрхүү байдлаар үнийн өсөлтийг өдөөвөл бага орлоготой иргэд илүү их хохирч үлддэгийг бид харж байна.

Нөгөө талаас, Монголбанк инфляцийг зургаан хувьд авчрах зорилго тавьсан ч одоогоор 12 хувьтай байна. Инфляцийн дарамт өндөр үед мөнгөний бодлогыг улам хатууруулах шаардлагатай болно гэсэн үг. Ингэснээр зээлийн болоод хадгаламжийн хүү өндөр болно. Зээлийн хүү өндөр байх тусам бодит эдийн засаг тэлэх боломж хумигдана. Тийм ч учраас цалингийн өсөлтийг зөвхөн тухайн хөдөлмөрийн бүтээмжийн өсөлттэй нь уялдуулах ёстой гэж үздэг.

-Сүүлийн үед нүүрсний экспорт нэмэгдсэн эерэг мэдээлэл бий. Биржээр нүүрсээ арилжаалж эхэлснээр далд эдийн засгийг ил болгоход үр дүнгээ өгөх үү?

-Нэг цонхны бодлогыг олон жил хэлэлцсэн, судалсан. Биржээр арилжаалах суваг нээгдэж байгаа нь ил тод байдлыг дэмжих гол алхам болсон. Одоогийн байдлаар энэхүү сувгаар 1.1 орчим сая тонн нүүрс арилжаалсан нь эхлэлийн шатандаа явааг харуулж байна. Нэг цонхны бодлогын хамгийн том давуу тал нь экспортын хамгийн чухал энэ бүтээгдэхүүний борлуулалтад нээлттэй байдлаар хяналт тавих боломжийг олгож байгаа. Өмнө нь ийм төрлийн хяналт хийх боломжгүй байсан. Гэхдээ уг үйл явц эхлэл төдийгүй үргэлжлүүлээд холбогдох дэд бүтэц, логистикийг сайжруулж нэг цонхны бодлогыг тууштай, гүйцэд хэрэгжүүлэх шаардлагатай. Зөвхөн нүүрсээр хязгаарлагдахгүй төмрийн хүдрийн болоод зэсийн баяжмалын арилжааг цахимаар хийж, ил тод, нээлттэй хяналтад оруулах ёстой. Биржийн арилжаа цаашид амжилттай болох эсэх нь төмөр замын гарцаас ихээхэн хамаарна.

-Ингэхэд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд эдийн засагт ямар үр дүн авчрах вэ. Хөгжлийн банк, нүүрсний хулгай, “5 ш” ажиллагаа гэх мэт төрийн том хулгайтай тэмцэж байгаа ажлуудын үр өгөөжийн талаар эдийн засагчийн хувьд ямар хүлээлттэй байна вэ?

-Зөвхөн эдийн засгийн талаас нь үзэхэд хууль, дүрэм журам, гэрээний хэрэгжилт сайн тохиолдолд эдийн засгийн өсөлт иргэдийн амьжиргаанд эерэгээр нөлөөлдгийг байгалийн баялгаа зөвөөр ашиглаж чадсан орнуудын жишээ бэлхэн харуулдаг. Бидний сайн мэдэх Чили, Норвеги, Канад, Австрали болоод бусад улсын жишээ үүнийг харуулсан. Түүгээр ч үл барам эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэхэд бас эерэг нөлөөтэй гэдэг нь харагдсан. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бусад салбарууд идэвхжих, тэлэх боломжтой болдог. Ил тод байдал, шударга ёс, хууль, дүрэм, журам, гэрээний хэрэгжилт сайжрах нь иргэдэд өгөөжтэй эдийн засгийн өсөлтийн суурь нь юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Н.Шинэбаатар: Утасны цаанаас харилцсан хэн нь мэдэгдэхгүй хүний данс руу таван төгрөг ч шилжүүлж болохгүй DNN.mn


Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Шинэбаатартай ярилцлаа.


-Бусдад залилууллаа гэх хүмүүс олон байх юм. Миний эргэн тойронд л гэхэд 4-5 ч хүн байна. Хаана, юун дээр алдаад байна вэ?

-Улсын хэмжээнд бүртгэгдсэн Залилах гэмт хэргийн 80 орчим хувь нь цахим орчинд үйлдэгдэж байна. Манайхан онлайн дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа тухайн хаяг, дансыг нь нягтлахгүйгээр урьдчилгаа төлбөр шилжүүлж залилуулж байна. Мөн facebook чатаар хэн нэгэн найз нөхөд, ажлын газрын хүн мөнгө зээлэх хүсэлт тавихад утсаар ярьж тодруулдаггүй шууд гүйлгээ хийгээд л залилуулчих юм.

Тухайн хаяг нь алдагдчихсан, өөр этгээд байгааг анзааралгүй шууд мөнгө шилжүүлж байна. Онлайнаар бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа өмнө нь үйлчлүүлж байсан газрын цахим хаяг, данс, данс эзэмшигч нь мөн эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. Үүнийг өөртөө дадал болговол учирч болох эрсдэлээс өөрийгөө хамгаалж болно. Түүнчлэн найз нөхөд, хэн нэгэн танил нь чатаар мөнгө зээлэх хүсэлт тавивал өөр рүү нь утсаар залгаж нягтлах ёстой. Үүнд анзааргагүй хандаж, мөнгө шилжүүлэх тохиолдол одоо ч тасрахгүй байна.

Утасны цаадах хэн нь мэдэгдэхгүй хүний данс руу таван төгрөг ч шилжүүлж болохгүй.Үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй. Чатаар холбогдоод л шууд мөнгө шилжүүлчихдэг, ийм гэнэн сэтгэхүйгээсээ манайхан салах болсон. Одоо цагт халаасандаа бэлэн мөнгө авч явдаг хүн бараг байхгүй болсон. Хүний дансан дахь мөнгийг яаж авах вэ гэдэг дээр л залилагч этгээдүүд тархиа гашилгаж байна. Ийм үед та туйлын сонор сэрэмжтэй байж өөрийгөө эрсдэлээс хамгаалах хэрэгтэй. Хажуугаар нь манайхан цахим орчны талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Мэдлэг тааруугаас болж хохирох тохиолдол их байна.

-Орон сууц захиалахдаа залилуулсан хүмүүс их байх юм. Орон сууц худалдаж авах болон түрээсний гэрээ байгуулахдаа юуг анхаарах вэ?

-Орон сууцны ордер болон бусад баримтыг хуурамчаар үйлдэж бусдыг залилах тохиолдол байна. Залилагч этгээд бусдын байрны ордерыг хуурамчаар үйлдэж хэд хэдэн хүнд давхар түрээслээд урьдчилгаа төлбөр авч байна. Ингэхдээ зах зээлийн ханшнаас бага зэрэг доогуур үнэ амлана. Түрээслэгчдэд санал болгохдоо “Яг одоо урьдчилгаа төлбөрөө шилжүүлж, захиалгаа баталгаажуулахгүй бол өөр хүн орлоо” гэж шахалтад оруулдаг. Түрээсийн байр яаралтай хайж байгаа хүмүүс ч тэр дор нь урьдчилгаа төлбөрөө шилжүүлчихдэг. Ийм байдлаар хэд хэдэн хүнийг давхар залилах нь бий. Урьдчилгаа төлбөрөө шилжүүлсэн түрээслэгч байрандаа орохоор ирэхэд шал өөр хүн хаалга тайлна. Ингээд урьдчилгаа төлбөр шилжүүлсэн хүн рүүгээ холбогдоход дугаарыг нь блоклоод алга болчихсон байдаг. Ийм төрлийн залилан түрээсийн байрны зарын группүүдээр л явж байдаг. Дахиад хэлэхэд хэн нь мэдэгдэхгүй хүний данс руу мөнгө шилжүүлж огт болохгүй. Орох байртайгаа очиж танилцаад, нягтлаад тооцоогоо хийж болно шүү дээ. Ер нь хэн нэгэн рүү мөнгө шилжүүлэхээсээ өмнө бодож нягталж байх нь зөв.

Мөн шинээр баригдаж байгаа орон сууцны зураг харуулж итгэл үнэмшил төрүүлээд гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр авч байна. Түүнчлэн хямд үнээр түрээсийн байранд хамруулна, орон сууцны төсөлд хамруулна гэх байдлаар иргэдийг залилж байна.

-Орон байртай холбоотой өөр нэг асуудал байгаа нь мөнгө зээлж хүүнд нь байранд сууна гэх зар түгээмэл байх юм. Үүний ард залилан байна уу?

-Тийм тохиолдол бий.

Мөнгө зээлж үнэгүй байранд суулгана гэх зар байршуулж урьдчилгаа төлбөр аваад л иргэдийг залилж байна. Иргэд орон сууц түрээслэх, худалдан авахдаа тухайн байрны гэрчилгээ эзэмшигч нь ямар хүн дээр байгааг шалгах, мөн орон сууцны СӨХ, хороонд хандаж тухайн байранд ямар хүн амьдардаг болохыг тодруулж, төлбөр тооцоогоо хийхэд л залилуулахгүй байх бүрэн боломжтой юм шүү дээ. Нэг талдаа хайнга, хэнэггүй зан нь залилагч этгээдүүдэд боломж олгоод байна.

-Энэ төрлийн гэмт хэргийн дийлэнх нь цахимд үйлдэгддэг. Өнөөдөр аль ч хязгаараас интернэт ашиглах боломж бий болсон. Энэ нь нэг талаараа малчдыг эрсдэлд оруулж байх шиг. Үүнд цагдаагийн байгууллагаас хэрхэн анхаарч байна вэ?

-Цахим хөгжиж байгаа нь сайн боловч нөгөө талд малчдад эрсдэл учруулж байна л даа. Өнөөдөр малчид малынхаа бэлчээрээс л фэйсбүүк ухаад сууж байдаг болсон. Тэд залилагч этгээдүүдийн овоо хараанд орсон гэж хэлж болно. Цаг хатуу, өвс тэжээл ховор байгаатай холбоотойгоор өвс, тэжээл зарна гэх мэдээллийг орон нутгийн группүүдэд байршуулж, малчдаас урьдчилгаа төлбөр авах байдлаар залилж байна. “Аймгийн төвөөс өвсийг чинь ачууллаа. Урьдчилгаагаа шилжүүл” гэж хэлээд л мөнгийг нь авчихаж байна. Малчид ноолуураа самнаж байгаа ийм цаг үед энэ төрлийн залилагч этгээдүүд идэвхтэй ажиллаж байгааг энд онцолъё. Цагдаагийн байгууллагаас иргэдийг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сэрэмжлүүлэг бүхий сурталчилгааны ажил, арга хэмжээ, сургалт, соён гэгээрүүлэх ажлыг үе шаттайгаар улсын хэмжээнд зохион байгуулж байна. Өнөөдөр та бид хоёр ярилцаад сууж байгаа нь ч энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж байгаа л ажил.

Төгсгөлд нь онцлоход иргэд рүү хандаж “Та азтан болж ийм бараа хожлоо. Барааныхаа шимтгэлд тэдэн төгрөг шилжүүлээд бараагаа авна уу” гэх байдлаар иргэдийг залилж байна. Үүнд анхаарах шаардлага байна аа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөх хулгана өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 6, Санчир гариг. Билгийн тооллын 16, онгоц одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 5:27 цагт мандан, 20:11 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Зуны уур орох (2 ц 34 м).

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +11…+13 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгороор -11…-16 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -6…-11 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…+8 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан, өдөртөө Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор +2…+7 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +7…+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -1…-3 градус хүйтэн, өдөртөө +12…+14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна . Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +10…+12 градус дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Хүүхдийн мөнгийг энэ сарын 18-нд олгоно DNN.mn

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг олгох хуваарийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард гаргажээ.

Хуваарийн дагуу ахмадуудын тэтгэвэр, хүнсний талон, асаргааны тэтгэмж, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлтийг тавдугаар сарын 15-наас өгч эхлэнэ.

Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тавдугаар сарын 18-нд, эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг энэ сарын 25-нд олгохоор болжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ: ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Н.Монсор, Ж.Золзаяа нарыг сонгов DNN.mn


УИХ-ын хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Засгийн газрын саналыг Шадар сайд С. Амарсайхан танилцууллаа.

Тэрбээр Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21.5-д Олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөл нь 15 гишүүнтэй байхаар зааснаас тэдгээрийн дөрөвийг Монгол Улсын Засгийн газраас нэр дэвшүүлэхээр заасан. Олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн 4 гишүүнээс хоёр орон тоо гарсан учир сонгон шалгаруулах ажлыг олон нийтэд нээлттэй зохион байгуулсан гэв. Мөн зөвлөлд нэр дэвшихээр 9 нэр дэвшигч хүсэлтээ ирүүлснээр” Монголын менежментийн манлайлал форум” НҮТББ-аас нэр дэвшүүлсэн Нямдаваагийн Монсор, Монголын үндэсний маркетингийн холбоос нэр дэвшүүлсэн Жаргалсайханы Золзаяа нарыг сонгон шалгаруулж, нэр дэвшүүлж байгаагаа танилцууллаа. УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан.

Түүний дараа Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр дээрх хоёр нэр дэвшигчийг УИХ-ын гишүүдийн олонхи дэмжиж, баталлаа.

Categories
мэдээ нийгэм

Таван жилийн өмнө 13 настай охины амь насыг хохироон модон дунд нуусан этгээдийг илрүүлжээ DNN.mn

Өсвөр насны охины амь насыг таван жилийн өмнө хохироосон этгээдийг илрүүлжээ.

Цагдаагийн байгууллагад 2018 оны наймдугаар сарын 7-ны өдөр “Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Товгын ар гэх газраас 13 настай, эмэгтэй “М” гэгч хонь хариулахаар яваад сураггүй алга болсон” мэдээлэл бүртгэгджээ.

Эрэн хайх ажиллагааг 150 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна.

Улмаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн тус хэргийг шалгах ажлын хэсэг байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг тасралгүй зохион байгуулсан аж.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн амь насыг хохироосон байж болзошгүй этгээдийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газраас олж тогтоожээ.

Тухайн этгээд өмнө нь хүчиндэх гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгэгдэж байсан 38 настай, эрэгтэй “Б” гэгч байна.

Тэрбээр охины амь насыг хохироон хэргийн газраас гурван километр газарт зөөвөрлөн модон дунд нуусан байжээ. Уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 101 өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлэв DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 4 дүгээр сарын 24-30-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 101 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 56.3 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 246 дуудлага хүлээн авчээ.

new_67b3826f62a09b26cc639384ee7b1acf080e373d АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 101 өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Техник, Технологийн олимпиад 24 дахь жилдээ зохион байгуулагдаж байна DNN.mn

Техник, Технологийн Улсын XXIV Олимпиад тавдугаар сарын 03-06-ны өдрүүдэд МУБИС-ийн Дүрслэх урлаг, Технологийн Сургууль дээр зохион байгуулагдаж байна.

Тус олимпиадад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шалгарсан нийт 216 багш, сурагч дүрслэх урлаг, дизайн технологи, усан онгоцны загвар, нисэх загвар, авто загварын чиглэлээр мэдлэг, чадвар, ур авьяасаа сорин өрсөлдөж байна.

Жил бүр уламжлал болгон явагддаг Техник, Технологийн Улсын Олимпиадын I шатанд 1800 гаруй багш сурагч хамрагддаг бөгөөд жилд дунджаар 3550 багш сурагчдыг хамруулан зохион байгуулдагаараа онцлогтой юм. Олимпиадын үр дүнд ЕБС төгсөгчдөөс 3400-аад сурагч инженер техникийн мэргэжлийг сонгон, гадаад дотоодын их дээд сургуульд элсэн суралцаж, мэргэжил эзэмшин, улс эх орондоо ихийг бүтээж, шинэ технологи, инновацийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

1997 онд анх удаа явагдсан тус олимпиад техник технологи хөгжихийн хэрээр оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, ур чадвар, гүйцэтгэл нь улам сайжирч дүрслэх урлаг, робот, график дизайн, зураг зүйн төрлүүдээр хүрээгээ тэлэн Дүрслэх урлаг, Технологи, Зураг зүй, техник загварын багш сурагчдын нэр хүндийг өргөж авьяас, чадварыг нээн харуулсан мэргэжлийн томоохон тэмцээн болон өргөжиж, улсын хэмжээнд 3 шаттайгаар, 9-12 төрлөөр өнөөдрийг хүртэл тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн билээ.

Багш сурагчид ухааны ур, биеийн ур, сэтгэлийн урыг цогц байдлаар хослуулан газар дээр нь урлан бүтээж, зохион бүтээсэн техник загваруудаа өөрсдөө удирдан жолоодож, өрсөлддөгөөрөө онцлог юм.