Categories
мэдээ нийгэм

Ө.Мөнгөнцацрал: Байр авах хамгийн ашигтай байршил бол Лондон DNN.mn

Дэлхийд тэргүүлэгч үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Найт Франк” (Knight Frank) компанийн Монгол дахь салбарын захирал Ө.Мөнгөнцацралтай ярилцлаа.


-Монголд дэлхийн үл хөдлөх хөрөнгийн том төлөөлөгч орж ирж, үйлчилгээгээ эхлүүлж байна. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-“Найт Франк” бол дэлхийн үл хөдлөх хөрөнгийн салбарын тэргүүлэгч компани юм. Анх 1896 онд үнэлгээ, судалгаа, дуудлага худалдааны чиглэлээр бизнесээ эхлүүлж байсан түүхтэй. Тэртээгээс өдийг хүртэлх 127 жилийн түүх тус компанийг ямар бодитой, найдвартай хамтрагч вэ гэдгийг нь илтгэнэ. Зөвхөн Лондонд бус дэлхийн 57 бүс нутагт үл хөдлөх хөрөнгө зуучлах, дамжуулах, худалдан борлуулах үйлчилгээ үзүүлдэг. Тэр ч утгаараа дэлхий дахинаа 488 салбар оффистой. Энэ том компани Монголд албан ёсоор салбараа нээж байгаа нь манай улсын үл хөдлөх хөрөнгийн салбарт таны хэлдгээр том тоглогч орж ирж байна гэсэн үг. Биднээр дамжуулаад монголчууд дэлхийн аль ч улс, оронд үл хөдлөх хөрөнгө авч болно. Өөрөөр хэлбэл таныг дэлхийн үл хөдлөх хөрөнгийн салбартай холбох бат гүүр болж байна гэсэн үг.

-Энэ том компанийн нэг салбарыг Монголд нээнэ гэдэг цаад агуулгаараа маш том зорилгын төлөө явж байгаа нь тодорхой. Та бүхний эхний зорилго юу байна вэ?

-Эхлээд Монголын зах зээлд танигдана гэдэг чухал. Эхний зорилго ч энэ. Нөгөө талаар өнөөдөр гадаадад тэр дундаа Англид очоод байраа хараад, маргааш худалдаад авчихна гэдэг бол тийм ч хялбархан зүйл биш. Тиймээс энэхүү асуудлыг зуу гаруй жилийн туршлагатай дэлхийн топ компаниар дамжуулан зохицуулах, үйлчлүүлэх боломжийг бид монголчуудад нээж өгч байгаагаараа онцлог юм. Гадны оронд явж байхад монголчуудыг эсгий гэрээр нь их төсөөлдөг. Тэр утгаараа биднийг дэлхийд өрсөлдөх чадваргүй гэж ойлгох нэг хэсэг бий. Тиймээс энэ хандлагыг нь өөрчлөх, монголчууд ч бас дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж чаддаг юм шүү гэдгийг харуулахыг зорьсон. Энэ зорилгодоо хүрэхийн тулд бид дэлхийн үл хөдлөх хөрөнгө зуучлалын хамгийн том компанийг Монголд оруулж ирсэн. Үл хөдлөх хөрөнгө гэдгийг зөвхөн байр, сууц гэдэг утгаар нь ойлгож болохгүй.

Цаагуураа маш том боломжийг бий болгодог салбар бол үл хөдлөх хөрөнгө. Нөгөөтэйгүүр манайхаар дамжуулан дэлхийн улс орнуудаас үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа зуучлуулах үйлчилгээ авч болно. Одоогоор байр авах хамгийн ашигтай байршил бол Лондон.

-Та дэлхийн улсуудад үл хөдлөх хөрөнгөтэй болох боломжтой гэж байна. Жишээлбэл аль улсад үл хөдлөх хөрөнгөтэй болох нь эдийн засгийн хувьд боломж ихтэй вэ?

-Үл хөдлөх хөрөнгийг ямар ч улсад авсан хөрөнгө л болно. Гэхдээ бид Лондон хотод үл хөдлөх хөрөнгөтэй болохыг зөвлөдөг. Учир нь Лондон хотод нэг өрөө байр буюу Монголоор хоёр өрөө байр 2-3 тэрбум гаруй төгрөг байна. Надад энэ хэмжээний мөнгө байхгүй юм чинь Англид хэзээ ч байр авахгүй байх гэж бодож огт болохгүй. Мөнгөний эргэлт сайтай хүмүүст бол маш боломжтой. Мөн Лондонд үл хөдлөх хөрөнгө худалдаж авахдаа 100 хувь мөнгөө төлдөг хүн байдаггүй.

Дандаа 25 хувийн урьдчилгаа төлдөг. Хоёр тэрбум төгрөгийн 25 хувь гэхээр 500 гаруй сая төгрөг болж байна. Тухайн мөнгөө ойролцоогоор хоёр жилийн дотор дөрөв хувааж төлнө. Тэгэхээр зургаан сар тутам нэг удаа 130 орчим сая төгрөг төлнө гэсэн үг. 25 хувиа төлснийхөө дараа үлдсэн 75 хувь дээрээ Английн банкны зээлд хамрагдаж болно.

-Таныг ингэж хэлсэн чинь үнэхээр гадаадад үл хөдлөх хөрөнгөтэй болох боломж тийм ч холын мөрөөдөл биш байна шүү. Та зээл авах тухай ярилаа. Гадаадын банкнаас монголчууд яаж зээл авах вэ. Танай компани энэ асуудлыг мөн зохицуулдаг гэж үү?

-Мэдээж энэ төрлийн үйлчилгээ байлгүй яах вэ. Юуны тулд дэлхийн том компани билээ. “Knight Frank” компани нь санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг дэлхийн 420 гаруй байгууллагатай хамтарч ажилладаг. Тэр утгаараа монголчууд ч гэсэн дээрх байгууллагуудын зээлд хамрагдаж болно.

-Монголд зээл авахад хүү өндөр байдгийг та мэдэх биз. Харин гадны орнуудын хувьд ямар байдаг бол?

-Мэдээж орон орны банкны хүү нь янз бүр байдаг. Гэхдээ Монголтой харьцуулахад хамаагүй бага шүү. Хамгийн доод тал нь жилийн 2.5 хувьтай. Дээд тал нь 3.8 хувийн хүүтэй. Харин манай компанийн хувьд гурван хувийн хүүтэй зээлээр Лондонд байртай болох боломжийг монголчууддаа нээж өгч байна.

-Гадаадад үл хөдлөх хөрөнгөтэй болъё гэвэл заавал виз авах шаардлагатай юу?

-Тийм шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл визгүй, оршин суух эрхгүй байсан ч байр авах эрх нь танд нээлттэй гэсэн үг. Өмнө ярьсан зээлийн асуудлыг дахиад тодруулж хэлье л дээ. 75 хувийн зээлийг хэн миний өмнөөс хөөцөлдөх вэ гэж хүмүүс бодож магадгүй юм.

Энэ ажлыг “Knight Frank” үйлчлүүлэгчийнхээ өмнөөс хийдэг. Мөнгөний эргэлт сайтай хүмүүс 25 хувиа төлж дуусчихаад үлдсэн төлбөрөө бүгдийг нь нэг дор төлж бас болно. Тиймээс зээлийн хүү, урьдчилгаа төлбөр, өмчлөлийн хугацаа гээд маш олон талаараа Лондонд байр авах нь хялбар бөгөөд хөнгөн нөхцөлүүдтэй.

-Ер нь үл хөдлөх хөрөнгийн салбар гэж юуг хэлээд байна. Та бүхний зүгээс ямар үйлчилгээ үзүүлэх юм бэ?

-“Knight Frank” компани нь нийт таван үйлчилгээ үзүүлдэг. Олон улсын өмч зуучлал, түрээсийн менежмент, санхүү тайлан, татвар, интерьер дизайн, дамжуулан борлуулах үйлчилгээг үзүүлж байна. Ер нь үл хөдлөх хөрөнгийн салбар энэхүү салшгүй таван хэсгээс бүрддэг. Энэ нь олон жилийн турш системтэй явагдаж ирсэн. Гадаадад үл хөдлөх хөрөнгө авч байгаа тохиолдолд тухайн байраа түрээслэх, дамжуулан борлуулах, санхүүгийн тооцооллыг гаргуулах, олон улсын өмчийн зуучлалаа хууль ёсны дагуу хийлгэх зэрэг хэрэгцээ шаардлага тулгардаг. Энэ бүх үйлчилгээг “Knight Frank Mongolia” үзүүлэх болно.

-Өмнө хэлсэн Лондонд үл хөдлөх хөрөнгө 2-3 тэрбум төгрөгийн ханштай байдаг гэж. Манайд тэр хэмжээний хөрөнгөтэй хүмүүс цөөнгүй бий гэдгийг сүүлийн үед энд тэндгүй баригдаж байгаа хаусуудаас харж болохоор. Тэр утгаараа энд хаустай болох Лондонд үл хөдлөх хөрөнгө худалдаж авахын аль нь илүү ашигтай вэ?

-Дэлхийн хөрөнгө оруулагчид Англи улсыг хөрөнгө оруулалт хийхэд маш найдвартай улс гэж үздэг. Ер нь бол Англид үл хөдлөх хөрөнгө худалдаж авах нь зөвхөн амьдрах зорилготой гэж харж болохгүй. Ихэнхдээ хөрөнгө оруулалт гэж харах ёстой.

-Би яг үүнийг л асуугаад байна л даа…?

-Бид Лондонд үл хөдлөх хөрөнгө сонирхож байгаа үйлчлүүлэгчдээсээ нэг зүйлийг байнга асуудаг.

-Юуг тэр вэ?

-Та тухайн үл хөдлөх хөрөнгөө худалдаж аваад тэндээ амьдрах гэж байна уу эсвэл хөрөнгө оруулаад фаундаар ашиг хүртэх үү гэж. Өөрөөр хэлбэл монголчууд хөрөнгө оруулалтын сэтгэлгээтэй болох шаардлага зайлшгүй тулгараад байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр бид үр хүүхдийнхээ ирээдүйд зориулж, үл хөдлөх хөрөнгө авах хэрэгтэй. Лондон хотод үл хөдлөх хөрөнгө худалдан авахад өмчлөлийн хугацаа нь 999 жил байдаг. Өөрөөр хэлбэл та есөн үедээ өвлүүлэх хөрөнгөтэй болж байна гэсэн үг. Өмчлөх хугацаа урт байна гэдэг тухайн улс орны хууль, эрх зүй, хувийн өмчийг дээдлэх үзэл ямар өндөр түвшинд хүрсэнийг илтгэж байгаа юм. Мэдээж хэрэг эх орондоо орон байртай байх нь зөв боловч, хоёр улсад ажил, бизнесээ төлөвлөх цаг нь ирсэн гэж харж байна. Нэг улсад өөрийн орон байраа бэлдсэн бол дараагийнх нь Лондон байж яагаад болохгүй гэж.

-Сайхан сонсогдож байна шүү. Хүмүүс Лондонд ихэвчлэн ямар байр сонирхож худалдан авч байна вэ. Том зургаар нь асуувал дэлхийн хөрөнгөтнүүдийн үл хөдлөх хөрөнгийн сонирхол хаашаа чиглэж байна вэ?

-Лондон хот нь шинэ, хуучин гэж хуваагддаг. Шинэ Лондонд цаг үеэ дагаад “Сервис апартментууд” баригдаж байна. Сүүлийн үеийн үйлчлүүлэгчид уулзалтын заал, кино театрыг нь хүртэл бэлдчихсэн байрыг сонгох нь элбэг болсон. Хэрэглэгчийн судалгаан дээр үндэслэн хүнд хэрэгцээтэй юу байж болох бүгдийг нь нэг дор төвлөрүүлсэн байр ашиглалтад орж байна. Мөн хөршийн холбоог маш сайн ойртуулж өгсөн. Дэлхийн өнцөг булан бүрээс ирж байгаа хүмүүст хоорондоо танилцах, найзалж нөхөрлөх боломж нь тэнд бий. Магадгүй тэндээс бизнес хамтрагчаа олж болох тийм л орон зайг бий болгодог юм билээ. Дээр дурдсанчлан “Баялгийн тайлан”-гийн судалгаагаар азиуд Лондонд байр сонирхож авах нь элбэг байна. Хүүхдүүдийнхээ боловсролд анхаарах үүднээс.

Англи улс бол боловсролын системээрээ тэргүүлэгч. Энэ утгаараа хүүхдүүдийнхээ боловсролд анхаарахын зэрэгцээ есөн үедээ хөрөнгө үлдээж байгаа гэдгээрээ дэлхийн хүмүүсийн сонголт болж байна гэх үү дээ. Манай Монгол ч Азийн улс. Яагаад монголчууд дэлхийн үл хөдлөх хөрөнгө сонирхож, авч болохгүй гэж хэмээн бодож байсан. Үнэхээр хөдөлмөрлөөд санхүүгийн эрх чөлөөнд хүрчихсэн бол дараагийн шат руугаа гарах алхам нь тэндхийн үл хөдлөх хөрөнгө.

–Та бүхэнтэй хэрхэн холбогдох вэ?

-Бид өөрийн оффистоо хувийн уулзалтуудын цаг төлөвлөн харилцагчдадаа дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг. Knight Frank Mongolia гэж хайлт хийгээд бидэнтэй холбогдоорой.

Categories
мэдээ нийгэм

Иргэн: Дүү минь 16 давхраас унаж, тархиндаа хүнд гэмтэл авсан DNN.mn

“Хатан хишиг үндэс” ХХК-ийн барьж буй “Energy residence luxury” хотхоны барилга дээр ажиллаж байсан 30 настай ажилчин 15 давхраас унаж хүнд гэмтжээ. Уг хэргийг хуулийн хүрээнд шалгахгүй, ажилчны хохирлыг барагдуулахгүй байгаа талаар түүний эгч н.Оюунбадам өнөөдөр АТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Тухайн үйл явдал ХУД-ийн гуравдугаар хорооны “Хатан хишиг үндэс” ХХК-ийн барьж буй 15 давхар барилга дээр 2022 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр болсон. Манай дүү дээд талын техникийн давхраас агааржуулалтын хоолойгоор 10 давхар хүртэл унаж, тархиндаа хүнд гэмтэл авсан юм. Мөн элэг, уушги нь бяцарсан. Яваандаа нөхөгддөг гэж эмч нар тайлбарлаж байгаа.

Улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаанд ороод, хурсан цусыг нь аваад ямар ч байсан эхний ээлжид амь насыг нь аварсан. Одоогоор гэрээрээ эмчлүүлж байгаа. Тархины гэмтэл удаан хугацаанд илэрдэг учраас цаашид ямар хүндрэл гарахыг мэдэхгүй.

Тухайн компани хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаагүй. Хэрэг нь шийдэгдээгүй байхад тус компани өнөөдөр хэвийн үйл ажиллагаа явуулсаар байна. Нэг ажилчин нь эрүүл мэндээрээ хохирсон байхад тухайн компанийн үйл ажиллагааг нь зогсоосон зүйл алга.

Тархины гэмтлийн хувьд манай улсад нарийн мэргэжлийн эмч байхгүй тул бид БНСУ-ын хэд хэдэн эмнэлэгт хандсан. Гавлын яс нөхөх хагалгаанд орох юм. Одоохондоо бид нарт хариу ирээгүй байна” гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сүнжид: Гурван эмч, эмнэлгийн ажилтан тутмын хоёр нь ямар нэгэн байдлаар дайралтад өртдөг DNN.mn


-Төрийн үйлчилгээний албанаас 2021 онд 195 хүн өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан бол 2022 онд 13,407-д хүрчээ-

Хүний эрхийн үндэсний комисс(ХЭҮК) 2022 оны тайлангаа гаргаад байгаа билээ.

Тус тайлангийн гуравдугаар бүлэгт төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн асуудлуудыг хөнджээ. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Д.Сүнжидтэй ярилцлаа.


-Төрийн алба гэдэг нүсэр том бүтэцтэй маш олон мянган хүнийг хамардаг. Тэгэхээр хоёулаа ярилцлагаа төрийн үйлчилгээний албаныханд чиглүүлсэн нь дээр байх. 2022 оны тайланг гаргахад нийт хэдэн аймгаар явж хэчнээн алба хаагчийг хамруулав?

-Монголд нийт 225,205 төрийн албан хаагч бий. Үүнээс 67.6 хувийг төрийн үйлчилгээний албан хаагч эзэлдэг юм байна.

Энэ дундаа дахин нэг онцлог нь 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Эдгээрээс бид таван аймаг. нийслэлийн хэмжээнд түүврийн аргаар 2,100 хүнээс судалгаа авсан. Боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт, бусад гэх таван салбараас судалгаагаа социологийн аргаар анкет бөглүүлж, ярилцлагын аргаар хавсарган хийсэн.

-Судалгаагаар хамгийн тулгамдаж буй асуудал нь юу гэж гарав?

-Нэгдүгээрт, цалин хөлс хангалтгүй. Тэрхүү сүлжээг нь харахаар 2022 оны Засгийн газрын 488 дугаар тогтоолоор цалин хөлсний жишгийг нэмсэн. Түүнээс хамгийн бага нэмэгдсэн нь төрийн үйлчилгээний албаныхан юм билээ.

Төрийн захиргааг харахаар 10-15 хувь, төрийн тусгай 40 орчим хувь, төрийн үйлчилгээний албаныхан 8.6 хувь нэмэгдсэн. Гэтэл 8.6 хувийг цалинтай нь уялдуулаад бодоод үзэхээр маш бага мөнгө. Хамгийн бага цалинтай хүн 546 мянган төгрөг. Тэгээд дээшлээд явж байгаа боловч үүний 8.6 хувь гэдэг бодитоор яриад, төгрөгөөр хувилбал маш бага буюу 50 мянган төгрөг ч хүрэхээргүй байгаа юм. Судалгаанд оролцсон 2,100 хүний 73 хувь нь зөвхөн цалингаараа л амьдардаг гэх. Өрхийн нэмэлт орлого гэж байхгүй.

Ямар нэгэн аж ахуй эрхэлдэггүй, цалингаараа л амьдардаг гээд байгаа. Түүнийг нь өрхийн гишүүдэд нь хуваахаар эдгээр хүмүүс эдийн засгийн хувьд гачигдалд амьдарч байна. Өдөр тутмынхаа ахуйн хэрэглээг л залгуулна уу гэхээс аялал, орон сууц гэх мэт дараагийн хэрэгцээний тухай ярих боломжгүй.

Өдөр тутмынхаа хоол, унаа. хувцас хунарыг л зохицуулж байна. Тиймээс өөрсдөө ч хэлж байна нэгдүгээрт, цалин хөлсөө сайжруулмаар байна. Хоёрдугаарт, илүү цагийн мөнгийг олгодог болмоор байна гэж хэлдэг.

-Төрийн үйлчилгээний албаныхны ажлын ачаалал их байдаг шүү дээ?

-Ажлын ачаалал маш их. Ялангуяа эмч нар хэт их гэдэг хариулт өгдөг. Хүн илүү цагаар ажиллах боломжит хугацаа гэж бий шүү дээ. Гэтэл тийм биш, заримдаа хоёр дахин нугалж ажиллах тохиолдол байдаг гэж хариулсан. Илүү цагаар ажиллууллаа гэхэд хүний биеийн нөхцөл байдлаас давсан зүйлийг шаардмааргүй байна.

Ажиллах боломжтой хугацааг нь зааж өгөөд, хууль. стандарт, дүрмээрээ баймаар байна. Хоёрдугаарт, илүү цагийн мөнгөө тооцуулж авмаар байна. Төсөвт суутгагдахгүй, цалингийн зардал байхгүй гэдэг шалтгааны улмаас илүү цагийн мөнгийг тэр бүр өгдөггүй юм билээ.

-Эмч, багш нарт дарамт шахалт бас их тулгардаг байх аа?

-Ялгаварлан гадуурхах, буланд шахах үзэгдэл байдаг гэдгийг боловсролын салбарынхан их хэлсэн. Түүнийгээ юутай холбож байна гэхээр манай удирдлага маш тогтворгүй. Засаг дарга томилж эхэлснээс хойш шалгуур хангасан хангаагүй нь тодорхойгүй, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөж, манлайлж чадах эсэх нь хамааралгүйгээр шууд удирдлагыг томилдог болсон. Энэ нь маш төвөгтэй байна. Жилд давтан давтан солигдоод байна, эсвэл хүн солигдохоор багаа бүрдүүлнэ гээд менежерээ сольдог. Дараа нь бид хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахад тун төвөгтэй байна гэдэг зүйлүүдийг ярьсан.

Боловсролын салбарыг улс төрөөс хамааралгүй чаддаг нь удирдаж, үйл ажиллагаагаа тогтвортой явуулдаг баймаар байна гэдэг зүйлийг ярьж байна л даа. Боловсролын ерөнхий газрын тоог үзэхэд энэ тоо маш өндөр байгаа юм. Нийт сургалтын үйл ажиллагаа явуулдаг 1,700 орчим сургалтын байгууллага байхад, 769 нь сүүлийн хоёр жилийн дотор захирал нь солигдсон гэдэг тоо баримт бий. Ер нь л улс төрөөс их хамааралтай тогтворгүй юм байна.

-Эрүүл мэндийн салбарт иймэрхүү зүйл ажиглагдав уу?

-Энэ салбарынхан үйлчлүүлэгчийн зүгээс маш их дарамт шахалтад өртдөг. Энэхүү байдал нь коронавируст цар тахлын үеэс илүү илэрсэн. Маш их стресстэй хүмүүс орж ирдэг. Ирэхээрээ дотроо хуримтлагдсан асуудлаа эмч, эмнэлгийн ажилтанд гаргадаг болсон. Зүгээр үг хэлэхээр доромжилдог. Заримдаа бие махбодод нь халдах үзэгдэл гардаг. Ийм байдал эрс ихэссэн гэдэг. Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамт судалгаа хийхэд зөвхөн нийслэлд гурван эмч, эмнэлгийн ажилтан тутмын хоёр нь ямар нэгэн байдлаар дайралтад өртдөг гэж гарсан.

Доромжлох, янз бүрээр хэлэх, хаалга үүдийг нь савах, юм авч шидэх, зодох цохих гэх мэтээр байнгын халдлагад өртдөг байна. Энэ тухайгаа яамандаа хандаж мэдэгдсэн боловч та нар наад асуудлаа өөрсдөө шийд, дотроо учраа ол гэдэг байдлаар хандаад, хаяад байгаа юм байна. Үүнийг нь бид буруу гэж үзэж байгаа.

Тэр хүн ажлаа хийж яваагийнхаа төлөө халдлага заналхийлэлд өртөх ёсгүй. Хэрвээ тийм байдалд орсон бол түүний хариу арга хэмжээ авах ёстой. Юун түрүүнд зааварчилгаа, зөвлөмж гаргаад ажиллах хэрэгтэй байна. Ингэж ажиллалаа гээд бодитой үр дүнд хүрснийг мэдэх боломжгүй. Тиймээс ямар нэгэн байдлаар дуудлагаар явсан эмчийг хамгаалах жолооч эсвэл боломжтой бол өөр мэргэжлийн хүн дайчилж болох эсэх, болох бол ямар мэргэжлийн хүн байх, эмч эмнэлгийн ажилтныг бие махбодын заналхийллээс хамгаалах арга хэмжээ авч болох уу, тийм зохион байгуулалт хийж болох уу гэдгийг харах ёстой юм билээ.

Хоёрдугаарт, иргэд эмч хүлээлгэдэг, үздэггүй, уддаг гэх мэт гомдол гаргадаг. Хэрвээ тэгдэг бол эмнэлгийн байгууллагын ёс зүйн зөвлөлд хандаж сур гэдгийг иргэддээ ойлгуулмаар байна. Тэр хүнийг ажлаа хийхэд нь саад болж бие махбодод нь халдаж байхаар энэ эмч ингэж зүй бус үйлдэл гаргалаа гэх тэр бүх мэдээллээ эмнэлгийн ёс зүйн хороонд өгдөг болмоор байгаа юм.

Энэ мэтээр эмч, эмнэлгийн ажилчны хэвийн ажил үүргээ явуулах нөхцөлийг хангамаар байна. Яагаад ийм арга хэмжээ авах нөхцөл байдал үүсээд байна гэхээр цалин бага, дарамт шахалт их, үйлчлүүлэгчээс ч тэр. ажлынхнаас ч тэр.

Ажлынхнаас гэдэгт салбар нэгжийн дарга ялгаварлан гадуурхдаг. урамшуулал илүү цаг боддоггүй. Илүү ачаалал өгдөг, ачааллыг тэгш бус хуваарилдаг. Үүнээс нь болоод энэ салбарынхны ажлаас халшрах байдал ихэссэн.

-Цалин бага, ачаалал дарамт шахалт ихтэй гэхээр яалт ч үгүй ажлаас гарах тохиолдол их байх даа?

-Нэгэнт цалин хөлсөөр тогтоож чадахгүй байгаа ажиллах хүчийг дарамт шахалт үүсгэхээр бүр тогтворгүй болох нь ойлгомжтой. Үүн дээр нэг тоо бий. 2021 онд өөрийнхөө хүсэлтээр 195 хүн ажлаасаа гарч байсан бол энэ тоо жилийн дотор буюу 2022 онд 13,047 болчихсон. Даруй 10 мянга гаруйгаар өссөн. Энэ юуг хэлээд байна гэхээр цалин хөлс өрсөлдөхүйц байж чадахгүй байна. Хувийн хэвшил рүү оръё, эсвэл гадаад явъя гэдэг болсон.

Нэг жилийн дотор өөрийн хүсэлтээр ажлаас гарч байгаа энэ тоо ингэж өсөж байгаа юм чинь бид ажиллах хүчээ гадагшаа шууд юүлж байгаа хэрэг. Өмнө нь гадагшаа хүмүүс явлаа л гэдэг байсан болохоос яг хэдэн хүн явж байгаа судалгаа байгаагүй. Гэтэл нэгхэн жилийн дотор зөвхөн төрийн үйлчилгээний албанаас энэ тоо гарч ирсэн. Үүний хамгийн гол шалтгаан нь цалин хөлс. Хоёрдугаарт, ажлын байрны дарамт шахалт. ачаалал гэдэг зүйлийг л ярьж байна.

-Мөн энэ шалтгаанаас гадна үүрэгт ажлаасаа өөр ажил хийх тохиолдол байдаг гэж сонссон юм байна. Энэ талаар судалгаанд оролцогчид дурдсан уу?

-Төрийн үйлчилгээний салбарын слесарь, мужаан, үйлчлэгч, цахилгаанчин гэх мэт ажил хийдэг хүмүүсийн яриад байгаа зүйл нь өөрийнх нь ажлын байранд заагдаагүй ажлуудыг хийдэг гэдгийг хамгийн их дурдсан байна лээ.

Жишээлбэл, ажлын байрандаа засвар хийх, нүүх тохиолдолд өөрт оногдоогүй ажил хийхийг тулган шаарддаг. Орой үдэш ажиллахыг шаарддаг. Өөрөө мужаан биш боловч өөр хүн байхгүй юм чинь чи хийчих гэх мэтээр ханддаг. Би мэргэжлийн хүн биш чадахгүй гэхээр дараа дараагийнх нь хөдөлмөрлөх нөхцөлөөр барьцаалдаг юм байна. Ярилцлагын явцад нэг хүн ярьсан байна лээ.

Сургуулийн дээвэр засварлах ажил хийгдэхэд тухайн хүнийг хий гэхэд нь чадахгүй гэтэл хийхгүй бол болохгүй. Хэрэв чи хийхгүй бол ажлаас хална гэсэн юм билээ. Түүнийг нь хийж байгаад гэмтсэн тохиолдлыг дурдсан байсан.

-Та түрүүн таван салбарт судалгаа хийсэн гэж байсан. Соёл, спортынхны хувьд онцлог юу байв?

-Нэгдүгээрт, нөгөө л цалин хөлс бага. Хөдөлмөрийн нөхцөл тодорхойгүй. Жишээ нь, өнгөрсөн гуравдугаар сард Хөвсгөлд “Мөсний баяр” болсон. Түүн дээр бүжигчид очоод нимгэн тэрлэгтэй бүжиглэсэн гэж байгаа. Түүнийг нь Соёлын яаманд бид хэлсэн л дээ. Зугаа цэнгэл шоу үзүүлбэр үзүүллээ ч гэсэн хүнийхээ аюулгүй байдлыг нэгд тавих ёстой. Та нар хасах хэмд нимгэн тэрлэгтэй бүжиглүүлээд, түүнээс нь болоод тэр хүн өвдвөл яах юм бэ. Өвдвөл өөрөө эмчлэх юм уу, ажлын байрандаа өвдсөн гэж үзэх үү яах юм бэ. Стандарт гэж байна уу, түүнийгээ баримталмаар байгаа юм.

-Эдгээр ажлын байрандаа бэртэж гэмтсэн, өвдсөн хүмүүс ямар нэгэн байдлаар гомдол гаргадаг уу?

-Гэтэл эдгээр хүмүүс ерөөсөө гомдол гаргадаггүй юм байна. Байх л ёстой юм шиг л ханддаг. Түүнийг нь аль ч байгууллагад ойлгуулмаар байгаа юм. Мэдээж ажлын онцлог байна л даа. Шөнө орой ажилладаг, амралтын өдөр ажилладаг. Томилолтоор их явдаг гэх мэт аль ч ажилд онцлог гэж байгаа. Түүнийгээ ойлгоод хийж байгаа хүмүүс бий боловч наад захын стандартыг хангах ёстой.

Өөрсдөөсөө шалтгаалсан болох хэмжээний стандартыг тогтоох ёстой. Түүнийгээ дотоод журамдаа заах гэх мэт зохион байгуулалтаа хийх ёстой. ХЭҮК-т ирж байгаа гомдлуудыг харахад багш нараас гомдол их ирдэг. Төрийн үйлчилгээний салбараас хамгийн түгээмэл нь туслах багшийн цалингийн асуудлыг яагаад адилхан тооцохгүй байна.

Ангилал зэрэглэлийн асуудал өөр байна. Ачаалал их гэх мэтээр асуудлууд ирдэг. Эмч нар төдийлөн гомдол гаргадаггүй юм билээ. Түүнийгээ юу гэж тайлбарлаж байна гэхээр гомдол гаргах сэтгэлгээ хандлагагүй хүмүүс гэдэг юм байна. Тангараг өргөдөг. Ер нь хүлцэн тэвчих сэтгэхүйг суулгачихсан байдаг юм байна.

Гэтэл өнөөдөр тулгамдаад байгаа асуудал нь хамгаалахаас өөр аргагүй түвшинд хүрчихсэн. Ажлаа хийж байгаагийнхаа төлөө яагаад аюулгүй байдалдаа заналхийлүүлээд байж байх ёстой юм. Түүнд үнэхээр арга хэмжээ авах ёстой.

-Төрийн албаныханд нийгмийн баталгааны асуудал хэр боломжтой байдаг вэ?

-Олон арга хэмжээ байж болно л доо. Гэхдээ төрийн үйлчилгээний салбарын судалгаанаас харахаар сургалтын үйл ажиллагаа явуулах, эрүүл мэндийн үзлэгт оруулах л гэж ойлгодог юм байна лээ. Үүнийг л нийгмийн баталгааны хөтөлбөртөө хэрэгжүүлдэг гэж ойлгодог.

Гэтэл энэ салбарын хамгийн том хэрэгцээ орон сууцны нөхцөл байдаг .Тэгтэл тэр нь хамгийн муу. Хүртээмжгүй. тодорхой хөтөлбөр байхгүй. хөтөлбөр байсан ч санхүүжилтээс болж хэрэгждэггүй. Би тэдэн жил тогтвортой ажиллачихвал ингэнэ, тэгнэ гэсэн ирээдүйн дүр зураг бүрхэг. Сая харин “Хөдөөгийн сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд тиймэрхүү зүйлүүдийг нь шийдэж өгөх боломж нь бүрдэж байгаа тухай мэдээлж байсан.

-Энэ бүх асуудлуудыг судлаад тулгамдаж буй зүйлүүдээ тодорхой болгочихоор шийдлүүдээ тогтож чадсан уу. Яаж шийдэх боломж байна гэж харж байна вэ?

-Эхний ээлжид төрийн үйлчилгээ төдийгүй төрийн албаны хүний нөөцөө яаж бүрдүүлэх вэ гэдэг бодлогоо шинээр тодорхойлох шаардлага үүсжээ.

Одоогийн бодлого явахгүй байна шүү дээ. Өмнөх суурин дээрээ л бид явж байгаа болохоос энэ маягаараа дахиад таван жил явахад төрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байж чадахгүй болчихлоо. Тиймээс шинээр тодорхойл.

Төрийн албаа тогтвортой авч явахын тулд Төрийн албаны тухай хууль баталсан. 2017 онд батлаад, 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Түүнийг батлахын өмнө маш их судалгаа хийсэн. Төрийн албанд улс төр нөлөөтэй байдаг юм байна. Хараат бус мэргэшсэн байж чадахгүй байна гэх мэтээр судлаад, түүнийхээ үр дүнд хууль баталтал сүүлийн дөрвөн жил энэ хуульд 17 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байгаа юм. Тэгэхээр энэ харилцаа тогтвортой байж чадахгүй байна.

Эрүүл мэндийн салбарт эмч ажилчдын аюулгүй байдлыг хангах. Нэгдүгээрт, ЭМЯ нэн тэргүүнд заавар гаргаад боломжит арга хэмжээг авчих. Тэгээд дараа нь хуульд оруулах гэх мэтээр арга хэмжээг нэн даруй авах шаардлагатай байна. Мөн цалин хөлсний тооцооллыг үндэслэлтэй хийх, амьжиргааны түвшинд нөлөөлөхүйц байдлаар нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Тэр нь яах вэ гэхээр олон улсын жишигт хийж байгаа ажлын байрны тодорхойлолт нь ажлын байрны шинжилгээ гэж хийдэг юм байна л даа. Хэн ямар ажил хийдэг вэ. Хэдэн цаг ажилладаг вэ. Ямар ачаалал авдаг вэ гэдгийг шинжлээд, түүнд нь тохирсон цалин хөлсийг тооцоолдог.

Манайд хуульд заасан үүргийн дагуу тэгж тооцоолж өгдөг гэж байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Төрийн албаны зөвлөлд энэ үүрэг ногдож байгаа юм л даа. Тэр тооцооллыг нь Засгийн газраас, УИХ-аас баталдаг. Гэхдээ энэ цалин хөлсний тооцоолол, нэгдмэл байдал нь алдагдчихжээ. Яагаад алдагдсан гэхээр төрийн алба хаагчаас асуухаар нэг номерт хэлж байгаа зүйл нь ялгамжтай хандаж байна гэдэг.

Яаж гэтэл орон нутгийн нэмэгдлийг өгөхөөр болсон. Түүнийг Засаг даргын Тамгын газрын харьяа төрийн захиргааны албан хаагчдад өгөхөөр болсон. Тэгээд нэг аймагт нь 80 хувиар тогтоосон. Гэтэл нөгөө аймаг нь 20 хувь. Яагаад гэвэл аймаг аймгийн төсвийн бололцоо өөр. Тэр нь төрийн захиргааны албан хаагч гэчихсэн учраас төрийн үйлчилгээний алба хаагчид дээр энэ нэмэгдэл нь очихгүй.

Зарим нь боломж гаргаад өөрсдийн иргэдийн хурлаар шийдээд өгчхөж байна. Ингэхээр иргэдэд юу үүсэж байна гэхээр яагаад сумын Засаг даргын тамгын газрын галч улсын бүртгэгч надаас илүү цалин авдаг юм гэдэг асуудал үүссэн.

Босоо удирдлагатай юу, хэвтээ удирдлагатай юу гэдэг ялгаа болчихсон. Хоёрдугаарт, орон нутгийн иргэдэд хамаарагддаг уу, үгүй юу гэдэг ялгаа гарчхаж байгаа юм. Мөн хэвтээ түвшиндээ адилхан яаманд ажиллаж байж. адилхан агентлагт ажиллаж байж харилцан адилгүй байна. зарим салбарт илүү тооцож байна гэсэн асуудлыг бас ярьдаг. Энэ мэтээр цалин хөлсний зөрүү салбараас хамааралтай, орон нутагт ажилладаг эсэхээс хамааралтай харилцан ялгамжтай байдал маш их үүсдэг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргаашнаас говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно DNN.mn

Маргаашнаас нутгийн баруун хэсгээр дулаарах тул Алтайн уулархаг нутгаар орсон цас хайлж, шар усны үер буух нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна

2023 оны 05 дугаар сарын 11-нээс 05 дугаар сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

11-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр, 13, 14-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 11-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +11…+16 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +20…+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +25…+30 градус, бусад нутгаар шөнөдөө 0…+5 градус +17…+22 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Эрүүгийн 844 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 5 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 152 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 24 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 113 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 844 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг шүүхэд шилжүүлэх, 17 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 811 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 5 мэдэгдэл хүргүүлжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • “М” нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөртөө хууль бус давуу байдал бий болгон байгууллагад хохирол учруулсан гэх;
  • “А” нь Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх;
  • “Г” нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Эрүүгийн цагдаагийн албаны ажилтан “Н” нь хахууль авсан гэх;
  • Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын албан тушаалтан “М” нь эрүү шүүлт тулгасан гэх;
  • Төв аймаг дахь Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн нэр бүхий албан тушаалтнууд нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа …-р нээлттэй хорих ангийн албан тушаалтан “Д” нь албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаас хахууль авсан гэх;
  • БНХАУ-ын иргэн “П” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн гэх;
  • Хан-Уул дүүргийн ИТХ-ын ажлын албаны удирдах албан тушаалтан “Д” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • “Б” нь Автотээврийн үндэсний төвийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Өмнөговь аймгийн удирдах албан тушаалтан “Б”, Ханбогд сумын удирдах албан тушаалтан “Н” нар бүлэглэн бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нийгмийн даатгалын тасгийн албан тушаалтнаар ажиллаж байсан “Э” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • Ховд аймгийн Булган сумын Нэгдсэн эмнэлгийн удирдах албан тушаалтан “Б”, албан тушаалтан “О” нар бүлэглэн нийт 69,997,750 төгрөг завшсан гэх;
  • Төрийн банкны тооцооны төвийн удирдах албан тушаалтан “А” нь албан тушаалтан “А”, “М” нартай бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох хадгаламжийн мөнгийг хадгаламж барьцаалсан зээл хэлбэрээр гарган завшсан, мөн нэр бүхий иргэдийг хуурч онц их хэмжээний мөнгө залилан авсан гэх;
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн /хуучин нэршил/ үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилчдад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн захирал “Д” нь бусдад хахууль өгсөн гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Categories
мэдээ спорт

Л.Энхрийлэн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ DNN.mn

“Ташкент-2022” ДАШТ-ий хүрэл медальт, жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны тамирчин, ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн өнгөрсөн жилийн амжилтаа Дохад бататгаж 57 кг-ын жинд хүрэл медалийн эзэн боллоо.

Тэрбээр Ташкентэд ялж байсан Өмнөд Солонгосын 20 настай жүдочин Хүх Мимитэй дахин таарч барилдлаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Зориг агсны эхнэр Б.Булган: Би юу ч яримааргүй байна DNN.mn

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт 20-25 жилийн ял сонсоод байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгосон талаар өнгөрсөн сард олон нийтэд зарласан юм.

Ингэснээр С.Зоригийг хөнөөсөн хэрэг задарч, хуулийн байгууллага шалгалтын ажиллагааг дахин шинээр эхлүүлэхэд хүрч байгаа юм. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдсон орлогч прокурор Г.Эрдэнэбат энэ талаар манай сонинд байр сууриа илэрхийлэхдээ “Бодвол, энэ хэргийг хэрэгсэхгүй болгож, хоёр хүнийг гэмгүй хүн байсан гэж зарлаж байгаа хүмүүс тухайн хүмүүсийг буруутгасан нотлох баримтуудыг устгаж амжсан гэж бодож байгаа юм байлгүй дээ” гэсэн нь анхаарал татаж буй.

Тэгвэл С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол гэрч гэгддэг Б.Булган нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг хэрэгсэхгүй болгож байгааг хэрхэн хүлээж авч буй нь сонин. Бид энэ тухай Б.Булгантай ярилцахаар холбогдоход “Би одоо юу ч яримааргүй байна” гэсэн хариулт өглөө.

Б.Булганы хувьд С.Зоригийг хөнөөсөн хэрэгт анх яллагдагчаар татагдаж, сүүлд хохирогчоор шүүх хуралд оролцож байсан юм. Түүнээс гадна ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох эрүү шүүлтийн хэргийн шүүх хурал 2019 оны наймдугаар сарын 18-нд Төв аймгийн Эрүүгийн хэргийн сум дундын шүүхэд болоход Б.Булган оролцож байлаа. Энэ үеэр түүнтэй Өдрийн сонин ярилцаж байсан юм. Тус ярианы хэсгийг эргэн сануулъя.


Б.Булган: Миний тэвчээр үнэхээр алдагдаж байна

-Танаас ганц зүйлийг л тодруулах гэсэн юм. Та одоо ер нь энэ хэрэгт гэрч болоод байна уу, эсвэл хохирогч уу, яллагдагч уу?

-Анх яллагдагч байсан. Одоо хохирогчоор орж байна. Гэхдээ одоо ч яллагдагч хэвээрээ байгаа шүү. Ер нь явж, явж өөрөө ч хэн болчихоод байгаагаа мэдэхгүй байна. Нарийн зүйлийг манай өмгөөлөгчөөс асуусан нь дээр.

Яллагдагчаар татсан учир нь захиалагчтай холбоотой хэрэгт татсан, хуралд оруулахгүйгээр. Энд бол хохирогчоор явж байна.

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн болохоор уу?

-Би ч бас шүүгдчихсэн байна шүү дээ.

-Таны бие зүгээр үү? (гараа гипсдчихсэн байв)

-Муу, муу. Надад сайн юм байхгүй. Би баахан гарын үсэг зурчихсан байгаа юм. Амаа нээгээд л хэрэгт орчих гээд байдаг.

-Тийм ээ, мэдэж байна…

-Гэхдээ миний тэвчээр үнэхээр алдагдаж байна. Тэвчиж л байна. Ямартай ч энэ асуудал дуусаг.

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт эрүүдэн шүүсэн шинэ нөхцөл байдал үүслээ. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Хууль зөрчсөн асуудал байгаа… гэснээр бидний ярилцлага өндөрлөж байв.


Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкны шүүх хурал 18 дахь өдрөө үргэлжилж байна DNN.mn

Хөгжлийн Банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд 18 дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ долоо хоногийн шүүх хуралдаанаар хохирогч иргэний нэхэмжлэгч болон иргэний хариуцагч байгууллагын төлөөллөөс асуулт, хариулт авах ажиллагаа явагдаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зайсангийн зарим замыг шөнийн цагаар эсрэг урсгалтай болгоно DNN.mn

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Зайсан орчмын авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн нэг чигтэй болгосон.

Зайсан тойруугийн зүүн тал буюу нэг чигийн зохион байгуулалт өдрийн цагаар үргэлжилж, харин шөнийн цагаар тодорхой замыг эсрэг урсгалтай болгоно.

23:00-06:00 цаг хүртэл буюу шөнөөр дараах замуудыг эсрэг урсгалтай болгоно. Үүнд,

-ХААИС-ийн дөрвөн замын уулзвараас KFC-ийн гурван замын уулзвар хүртэл,

-Зайсан тойруугийн зүүн хойд гурван замын уулзвараас ХААИС-ийн дөрвөн замын уулзвар хүртэлх зам үүнд хамаарах юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цахилгаан шатанд гацсан эмэгтэйг гурван сартай хүүхдийн хамт аюулгүй гаргажээ DNN.mn

Цахилгаан шатанд бага насны хүүхэдтэйгээ явж байсан хүн түгжигдсэнийг аврах ангийн алба хаагчид гаргажээ.

Энэ талаар ОБЕГ-аас өгсөн мэдээллээр, Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, цахилгаан шат гацаж дотор нь бага насны хүүхэдтэй хүн түгжигдсэн тухай дуудлагыг өчигдөр 18:09 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход цахилгаан шат гацаж, дотор нь 34 настай эмэгтэй гурван сартай охинтойгоо хамт түгжигдэж байсныг цахилгаан шат хариуцсан засварчинтай хамтран 30 минут ажиллан хаалгыг онгойлгож, гаргасан байна.

Хотын стандартын лифтэнд тавигдах шаардлагад лифт эзэмшигч нь түүний ажиллагаанд хяналт тавьж, засвар, үйлчилгээг тогтмол хийх зохион байгуулалтын арга хэмжээ авах замаар лифтний бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангаж, засвар техник үйлчилгээ болон магадлалыг цаг хугацаанд нь тогтмол хийлгэх, мэргэжлийн ажилчин ажиллуулна хэмээн заасан байдаг. Иймд стандартаа мөрдөж ажиллах нь чухал гэдгийг дээрх явдал харуулж байна.