Categories
мэдээ нийгэм

АТГ: ИНЕГ-ын мэргэжилтэн бэлтгэх бодлого, сонгон шалгаруулалтыг шалгаж, зөвлөмж хүргүүлэв­ DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны тавдугаар сарын 1-5-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд ИНЕГ дахь гадаад сургалтын үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүн, хэрэгцээ шаардлага, мэргэжилтэн бэлтгэх бодлого, сонгон шалгаруулалт, төсвийн захиран зарцуулалтыг шинжлэн судалж, авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий зөвлөмжийг Зам тээврийн хөгжлийн сайд, Иргэний нисэхийн ерөнхий газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тус тус хүргүүлэв.

Түүнчлэн Боловсролын зээлийн санд ажиллаж, тус сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамрагдсан нэр бүхий 108 иргэний баримт бичигт хяналт шалгалтыг хийж байна.

Өнгөрсөн долоо хоногт төрийн байгууллагын 520 албан тушаалтанд авлигын эсрэг сургалт зохион байгууллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Халдварт бус өвчний үед хэрэглэх 15 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна DNN.mn

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагын Азийг хариуцсан дарга Шахзад Фуркан, Казахстан дахь салбарын захирал Христов, “Новартис”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүдтэй уулзлаа.

Уулзалтаар хөтөлбөрийн хүрээнд ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байгаа эмийн хүртээмж, борлуулалт, иргэдийн сэтгэл ханамж, үр дүн, явцын талаар мэдээлэл өгч санал солилцлоо.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагатай хамтран хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын эмийг ЭМД-аар олгох зорилгоор “Новартис эмийн хүртээмжийг сайжруулах” хөтөлбөрийг 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Энэ ажлын хүрээнд халдварт бус өвчнөөр өвчилсөн иргэдийн эмчилгээнд хэрэглэх Европын холбооны эмийн өндөр зохицуулалттай орнуудад үйлдвэрлэгдсэн 15 ерөнхий нэршлийн 24 тун хэмжээ бүхий эмийн зардлыг ЭМД-ын сангийн 100 хувийн хөнгөлөлттэй үнээр иргэдэд олгож байна.

Өнөөдрийн байдлаар дээрх эмийг “Новартис” компанийн албан ёсны 3 дистрибьютерийн салбарууд болон нэмэлт гэрээ байгуулсан нийт 946 эмийн сангаар түгээж байгаа бөгөөд цаашид хүртээмжийг нэмэгдүүлж, орон даяар бүх эмийн сангаар түгээх ажил явагдаж байна.

Эмийн хүртээмжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй “Новартис” компани нь Швейцарын Холбооны Улсад төвтэй дэлхийн эрүүл мэндийн өндөр чанартай эм үйлдвэрлэгч байгууллага юм.

Өдөр бүр Африк, Ази, Зүүн Европ, Латин Америкийн улс орон руу экспорт хийж, өвчиндөө шаналж яваа олон мянган даатгуулагч-иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн хөтөлбөрийг улс орнуудад хэрэгжүүлж ажилладаг үйлдвэрлэгч байгууллага юм.

Эх сурвалж: ЭМДЕГ

Categories
мэдээ нийгэм

​Л.Оюун-Эрдэнэ хэнийг “хэрэг дардаг” гэчихэв? DNN.mn

Том хулгай тойрсон асуудлаар Шүүх, Засаг хоёр үзэлцээд удаж байгаа билээ. Л.Оюун-Эрдэнэ ер нь шүүхтэй холбоотой олон юм ярьдаг. “Шүүхийг нүд цавчилгүй харна” гэж олон удаа хэлсэн. Харин Шүүхийн ерөнхий зөвлөл түүнийг “Шүүхэд халдлаа” гэж хэлэлцсэн. Түүнээс хойш ч тэрбээр хэд хэдэн удаа Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой байр сууриа илэрхийллээ. Чуулганы танхимд, өрөөндөө хэлсэн үгсүүд нь хэвлэл, цахим сүлжээгээр нэвтэрсэн. Бид ч зах зухаас нь мэдээлсэн. Хамгийн сүүлд уржигдар Засгийн газрын ээлжит бус хуралдаан дээр нэлээд олон зүйлийг ярьжээ. Энэ нь Чингэлтэйн шүүх “Эрдэнэс Таван толгой” компанийн захирал асан Б.Ганхуягийг суллаад буцааж хорьсонтой холбоотой бололтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэр хуралдаан дээр “Шүүхийг шударга байлгахын төлөө чадах бүхнээ хийнэ. Ухрахгүй. Болохгүй бол Төв талбайд иргэдтэй жагсаж байгаад нэг талдаа гарна. Мишигийн Батсуурийг чөлөөлж чадаагүй Шүүхийн ерөнхий зөвлөл засаг руу орох гээд байх хэрэггүй байгаа юм. Ер нь шүүгчдийн авлигын асуудлыг шалгах ёстой. Их хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд шалгагдаж байна. Шүүгчдэд ч хамаатай. Шүүр ажиллагаанаас шүүгчид үлдэх ёсгүй” гэсэн байна.

Мөн тэрбээр “Эрдэнэтийн 49″-ийн хэрэг хэдэн жил болов. Цахим дээр бүх хэргийн процесс ил байх ёстой. Д.Мөнх-Эрдэнийн сенсацийн ард Кёкүшюзан Д.Батбаярыг чөлөөлсөн. Энэ үнэн шүү. Үндсэн хууль дундуур Б.Ганхуягийг гаргана. Тэгснээ нийгэм шуугихаар буцааж хорино. Ийм шүүхтэй байхад хөрөнгө оруулалт яаж нэмэгдэх юм бэ. Хэнийг хуураад байгаа юм бэ. Ер нь бол хэн ч авлигын гэмт хэргийг дарах ёсгүй шүү” гэж хэлжээ. Эндээс харвал Л.Оюун-Эрдэнийн энэ ярьсан зүйлүүд нь зөвхөн шүүх рүү хандаад байгаа биш бололтой. Учир нь тэрбээр ярианыхаа төгсгөлд “Хэн ч авлигын гэмт хэргийг дарах ёсгүй шүү” гэсэн байна. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ хэнийг “хэрэг дардаг” гэчихэв гэдэг сонин байна. Шүүх үү. Шүүхийн ерөнхий зөвлөл үү. Аль эсвэл хэн нэгэн албан тушаалтан уу?

Ө.Бааст

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн хэмжээнд 185.000 мод, гоёлын бут, сөөгийг тарина DNN.mn

Монгол Улс цөлжилтийн эсрэг, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах үүднээс жил бүрийн тав болон аравдугаар сард бүх нийтээрээ мод тарьдаг уламжлалтай.

Энэ жилийн бүх нийтээр мод тарих өдөр тавдугаар сарын 12, 13-ны өдөр тохиож байна.

Энэ жил нийслэлийн хэмжээнд 185.000 ширхэг мод, гоёлын бут сөөгийг нийтийн эзэмшлийн гудамж, талбайд тарина.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа өнөөдөр ногоон байгууламжийн арчилгааны 21, мод үржүүлгийн 15 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй өглөөний уулзалт хийж байна.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ жилээс анх удаа эдгээр аж ахуйн нэгжтэй гурван жилийн хугацаатай гэрээг байгуулсан.

Энэ нь аж ахуйн нэгжийн хүчин чадал нэмэгдэх, ажиллах хүчин тогтвортой байх, санхүүгийн чадавх сайжрах ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

​Танхимаараа гаргасан шийдвэрийнхээ төлөө Ерөнхий сайд нар “шонд өлгөгддөг” жишиг тогтох нь DNN.mn

Танхимаараа гаргасан Засгийн газрын тогтоолоор Ерөнхий сайд нь буруутгагддаг жишиг тогтох нь. Тодруулбал, эл өдрүүдэд үргэлжилж байгаа Хөгжлийн банкны шүүх хурлын гол асуудал бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Засгийн газрын гаргасан 299 болон 256 дугаар тогтоолтой холбоотой юм. Уг тогтоолоор Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тэргүүтэй Засгийн газрын гишүүдийг яллах гэсэн оролдлого болж нийгэмд байна. Тэрбээр үүнийгээ ч шүүх хурлын танхимд хэлсээр байгаа юм. Тодруулбал тэрбээр “Гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага бол Засгийн газар. Харин УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Шүүх эрх мэдэл мөн тусдаа. Монгол Улсын Үндсэн хуулиар энэ гурван байгууллага өөр хоорондын асуудлаа хянаж үзэхгүй байх хуультай. Тодруулбал, үүнийг Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хууль, Засгийн газрын хуралдааны журамд заасан байдаг. Прокурор хэлэхдээ “Үгсэн хуйвалдсан…, Үгсэн хуйвалдаагүй хэрнээ үйлдлээрээ нэгдсэн” гэлээ. Монгол Улсын үе үеийн бүх Засгийн газар дандаа үйлдлээрээ л нэгдэж нийлдэг шүү дээ. Учир нь Засгийн газар танхимын үйл ажиллагаа явуулдаг. Танхимын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Засгийн газрын хуралдаан байна гэж хуулиар заачихсан. Засгийн газар хуралдаж байж шийдвэр гаргадаг. Тогтоол дээрх гурван хүний гарын үсгийг хараад тэр гурван хүн тухайн шийдвэрийг гаргасан мэтээр үзэж байна. Үгүй шүү дээ. Засгийн газрын тухай хуулиар Засгийн газрын хуралдаанаар олонхоороо шийдвэр гаргана. Хэрвээ шийдвэр гараагүй бол олонх болоогүй гэж үзнэ гэж байгаа юм. Зээл олгосныг хохирол гэж яаж үзэх юм бэ. Энд эдийн засгийн “А” ч алга. Ийм тэнцвэргүй байдалд бид яаж мэтгэлцэх юм бэ. Тиймээс энд эдийн засаг, хуулийн гээд бүх хүнийг байлгамаар байна.

Засгийн газрын гаргасан тогтоолоор Ерөнхий сайдыг буруутгадаг зүйл надаас хойш гарахгүй байгаасай. Засгийн газрын гаргасан шийдвэр УИХ дээр баталгаажна гэж ямар амьтан нь ойлгодог байна.

Монголын ард түмэн, үе үеийн Ерөнхий сайд, үе үеийн хууль тогтоогчид, прокурор, шүүгчид бүгдээрээ нэг гэр бүл. Асуудлаа ойлголцъё л доо. Яагаад мухар сохроор хүнийг яллахын тулд ажилладаг юм бэ. Дахиад хэлье. Нотлох баримтад өчнөөн олон хүний гэрчийн мэдүүлэг байна лээ. Миний уулзаж үзээгүй, тэр байтугай огт танихгүй хараагүй хүмүүсээс гэрчийн мэдүүлэг гээд мэдүүлэг аваад хийчихсэн байгаа юм. Тэнд нь “Н.Алтанхуяг шахаад байсан юм” гэсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд хүн нэг банкны доод албан тушаалтантай харьцах уу. Ингэж хэрэг зохиож болдог юм уу? Тэр хүнийг гэрчээр дуудаад оруулаад ир гэхээр “Яллагдагч болчихсон. Одоо гэрчээр оруулах боломжгүй” гэж байгаа юм. Тийм юм бол яах гэж тэр хүнээс гэрчийн мэдүүлэг авч, түүнийгээ нотлох баримт гэж үзсэн юм бэ. Энэ мэтээр яривал зөндөө юм бий.

Би дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр, дөрвөн удаа Засгийн газарт ажиллаж үзсэн. Монгол Улсыг хөгжүүлье. Шинэчлэлийн Засгийн газрыг Засгийн газар шиг ажиллуулъя гэж үнэхээр зүтгэсэн. Н.Батбаяр сайд энд сууж байх хүн биш. Хөгжлийн банкны Шинэбаатар, Мөнхбат нар ч сэтгэл гаргаж ажилласан. Сэтгэл гаргаж ажилласан нь өнөөдөр шүүгдэж хоцордог, хулгай дээрэм хийсэн нь гадаадад зугаалж явдаг ийм нийгэм бий болж байгаа юм уу? Энд нэг зүйлийг хэлэхэд Засгийн газрын шийдвэр гэдэг бол Засгийн газрынх шүү. Хөгжлийн банкны шийдвэр гэдэг бол зээл олгох тухай шийдвэр. Засгийн газрын тогтоолын нэр нь хэзээ ч “Зээл олгох тухай” гэж гардаггүй. 299 дугаар тогтоолын нэр нь “Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх тухай” гэж байгаа. 70 ам.доллар байсан нүүрс 20 ам.доллар руу орлоо. Улс орноороо хүнд байдалд орох нь яах вэ гээд гарц гаргалгаа хай, ажлаа хий гэж гаргасан тогтоол. Хоёрдугаарх тогтоол нь “Арматур, цемент дотооддоо хийе” гэсэн шийдвэр. Учир нь байшин барихад юу ордог гээч. Арматурын төмөр, цемент хоёроо гаднаас авдаг. Тэгвэл үүнийг дотооддоо хийе гэсэн. Тиймээс 256 дугаар тогтоол төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай байсан” хэмээн шүүх хурлын үеэр хэлсэн.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь DNN.mn

Өнөөдөр буюу тавдугаар сарын 11-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.

Жич: Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг хөнцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье.

Тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ШЕЗ-ийн гишүүн Э.Зоригтбаатар: Ерөнхий сайдын тухай хэлэлцсэн нь хууль зүйн асуудал байсан ч улстөржөөд буруугаар эргэчихлээ DNN.mn

Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхий сайдыг огцруулахаар хуралдсан тухай мэдээлэл саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч, олны анхаарлыг татсан. Уг саналыг ШЕЗ-ийн гишүүн Э.Зоригтбаатар гаргаж, гишүүдээрээ хэлэлцүүлсэн тухай ч дурдагдаж байв. Энэ дуулианы эзэн, ШЕЗ-ийн гишүүн Э.Зоригтбаатартай ярилцлаа.


-Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг анх гаргаж бужигнуулсан хэргийн эзэн та болоод байгаа. Ер нь энэ байгууллага ийм асуудал хэлэлцэж болох уу, болохгүй юу гэдэг маргаан л нэлээд өрнөх шиг боллоо. Шүүхийн ерөнхий зөвлөлөөр ч нэлээд бужигнав уу даа?

-Сонгууль болгоны дараа олонх болсон нам нь Засгийн газраа байгуулдаг. Үүнийг нь УИХ хэлэлцдэг. Ерөнхий сайдыг томилох огцруулах асуудлыг УИХ хэлэлцдэг. Үүнийг олон нийт сайн мэднэ. Үндсэн хуульд ч ингэж заасан байдаг. Тэгэхээр ШЕЗ Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцээгүй. Харин Улсын дээд шүүхэд санал гаргах асуудлыг л хэлэлцсэн. Үүнийг ялгаж салгаж ойлгох нь зөв байх.

Тэр дунд намайг санал гаргаж, өрөө дамжиж явсан, удалгүй Д.Зүмбэрэллхам гишүүн саналыг нь танилцуулах хэлбэртэй болгоод хуралдаанд авч орсон гэдэг мэдээлэл түгсэн байна лээ. Энэ бол үндэслэлгүй зүйл.

ШЕЗ хуульд зааснаар үндсэн таван чиг үүргийг л хэрэгжүүлдэг. Үүний нэг томоохон чиг үүрэг нь шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах явдал. Дагнаж энэ чиг үүргийг хариуцдаг хороо ч манайд ажилладаг. Асуудал танилцуулах гишүүн нь цагаан толгойн үсгийн дарааллаар явагдаад тухайн үедээ Д.Зүмбэрэллхам гишүүн танилцуулсан юм билээ. Миний тухайд энэ хороонд өмнө нь ч, одоо ч харьяалагддаггүй. Бусад гишүүдийн адил хуралдаан дээр Д.Зүмбэрэллхам гишүүний танилцуулгыг анх удаа сонссон.

Аливаа төрийн байгууллага хуралдаанаа урьдчилан товлон зарладаг жишгээр ШЕЗ-ийн хуралдааныг дарга нь товлон зарлаад тушаал гаргадаг. Уг тушаалд хэлэлцэх асуудал, түүний дарааллыг нэг бүрчлэн тогтоож өгдөг. Түүнээс биш хэн нэг гишүүн ямар нэгэн юм ярьж байснаа гэв гэнэт хуралдаан дээр аваад орчихдог асуудал биш юм. Үндсэндээ бол хуульд заасан олон процесстой.

Нөгөө талаар Д.Зүмбэрэллхам гишүүнийг хувь хүн талаас нь харахад Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх, Элчин сайд, Төрийн албаны зөвлөлийн дарга, ШЕЗ-ийн дарга албыг хашсан, насаараа төрд ажилласан туршлагатай төрийн хар хүн. Захын хүний хатгаас нөлөөнд автаад явдаг “хөнгөн жингийн тамирчин” биш.

-Дээд шүүхэд санал гаргах асуудлыг хэлэлцсэн гэлээ. Ямар санал яригдсан юм бэ?

-Шүүхийн тухай хуульд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөлийг дарга нь төлөөлдөг. Энэ ярилцлага бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр суурь биш шүү. Надад хандаж асуусан тул асуултад хариулъя.

Шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулах саналыг Дээд шүүхэд хүргүүлнэ гэж заасан. Улсын Дээд шүүх хуралдаад санал гаргах эсэх нь тэдний эрх хэмжээний асуудал. Тодруулбал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан үйл ажиллагаа явуулсан бол ШЕЗ даруй хуралдаж Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргуулах саналыг Дээд шүүхэд хүргүүлнэ гэж заасан байдаг. Үүний дагуу бид санал хүргүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

-Та нэг л бүрхэг хариулаад байна. Юуг санал болгож ямар хүсэлт илгээх гэсэн хэрэг вэ?

-Үндсэн хуульд зааснаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах эрхтэй хэд хэдэн субъект байдаг. Үүнд ШЕЗ ордоггүй. Улсын Дээд шүүх орно. Тиймээс үүний дагуу та бүхэн Үндсэн хуулийн цэцэд хандаж өгнө үү л гэсэн саналыг Улсын дээд шүүхэд гаргах эсэх асуудал байсан.

-Өнөөдрийн нөхцөл байдал үүсэх вий дээ гэж үү?

-Тийм. Энэ нөхцөл байдлыг урьдчилж хэлж байсан юм. Түүнээс биш өөрөөр үл ойлголцсон асуудал байгаагүй.

-Гишүүд шүүгч, шүүгч бишээрээ хуваагдаж байгаа. Шүүгч гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр төвлөрсөн гэх юм билээ?

-Бас үндэслэлгүй юм ярьж байна. Тухайн санал гаргах эсэх асуудлыг хэлэлцэхэд шүүгч, шүүгч бусаараа ялгарсан асуудал огт байгаагүй. Хэвлэлийн мэдээгээр шүүгч таван гишүүн дээр Зүмбэрэллхам нэмэгдлээ гэж гарч байгаа нь шүүгчид Засгийн газрын эсрэг байна, “5Ш” ажиллагааг эсэргүүцээд байна гэсэн үндэслэлгүй ойлголтыг олон нийтэд түгээхэд нөлөөлсөн байж магадгүй гэж хувьдаа харамсч байна.

Засгийн газрын “5Ш” ажиллагаа гэдэг “Шувуу”, “Шилэн” гэх мэт тус тусдаа ажиллагаа гэж бид ойлгож байгаа. Засгийн газрын гишүүд хариуцаад ажиллаж байгаа. Жишээ нь, “Шилэн” ажиллагааг Н.Учрал

сайд, “Шувуу” ажиллагааг Х.Нямбаатар сайд хариуцсан гэж харж байгаа. ШЕЗ-өөс энэ ажиллагаанд саад болсон, оролцсон, саармагжуулсан үйлдэл огт байхгүй.

Өнгөрөгч баасан гаригийн УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайд “Авлигатай тэмцэх ажил амар хялбар биш” гэж хэлж байсан. Үүнтэй санал нэг байна. Олон саад бэрхшээл байгааг ч ойлгож байна. Гэхдээ тэрхүү саад бэрхшээлийн нэг нь ШЕЗ мэтээр бодож болохгүй. Учир нь, хоёр жилийн өмнө Монгол Улсын Шүүхийн тухай хуулиа баталж, нэг жил зургаан сарын өмнө ШЕЗ гэдэг байгууллагын бүрэлдэхүүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шинэчлэн байгуулчихаад одоо болохоор нүүрсчидийн, 49 хувийн гэх мэт ямар нэг бүлэглэлийг төлөөлөөд, хаацайлж байгаа мэтээр төсөөлөх нь үндэслэлгүй.

-Та Д.Зүмбэрэллхам гишүүний саналыг дэмжсэн үү?

-Тухайн үед оруулсан саналыг дэмжсэн. ШЕЗ ер нь улс төртэй хамааралгүй. Бидний хэлэлцсэн асуудал уг нь хууль зүйн л асуудал байсан юм. Улс төржсөн, ямар нэгэн явцуу бүлэглэлийг дэмжсэн, улс төрийн гал өрдсөн асуудал ШЕЗ-ийн тухайд ч, хувь гишүүний тухайд ч байхгүй. Энэ бол зөвхөн эрх зүйн л асуудал байсан гэдгийг дахин хэлье.

-ШЕЗ өмнө нь ч ийм асуудлыг хөндөж байсан гэж дууллаа. Үнэн үү?

-Өмнө нь нэр бүхий УИХ-ын гишүүн, бас нэг сайдын асуудал хөндөгдөж, энэ талаар бид УИХ-д хандаж байсан тохиолдол байгаа. Тодорхой хариулт ч ирж байсан.

-Ямар хариулт ирсэн юм бол?

-УИХ-ын гишүүн, сайддаа зөвлөлөө, хэлж анхаарууллаа гэсэн хариу байсан.

-Хууль зүйн хүрээнд өрнөсөн асуудал улс төржчихлөө гэж хэллээ. Тэгэхээр нэг ёсондоо шүүх тогтолцоонд нэлээд сөрөг үр дагавар бий болох эрсдэл дагуулчихав уу, яав?

-Шүүхэд итгэх иргэдийн итгэл харилцан адилгүй байдаг. Ялангуяа эрх барьж байгаа нам, гишүүдийн тухайд Шүүхийг шүүмжлэх өнгө аяс байнга давамгайлж байдаг. Зөвхөн Монголд ч биш дэлхий нийтээрээ тийм. Гэхдээ манай Монгол Улсын шүүх байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээд, баталсан хуулийнх нь хүрээнд хэргийг хэлэлцээд явж байгаа. Жишээ нь, нэг сонгуулийн маргаан дээр 16 өмгөөлөгч авч байсныг санаж байна. Зарим нь ирдэг, зарим нь ирдэггүй. Хуулиар тийм боломж олгочихсон юм чинь. Маш олон удаа өмгөөлөгчөө солих, төлөөлөгчийг солих, эсвэл өмгөөлөгчид ээлжилж өвдөх тохиолдол бий. Баталсан хуулиар нь үйл ажиллагаа явуулахаар удаашрууллаа, гацаалаа гэж харддаг. Баталсан хуулиар нь Шүүхийн үйл ажиллагаа явж байгаа гэж би ойлгодог. Шүүх хэргээ шударгаар шийдэж чадна гэдэгт итгэдэг.

-Гэхдээ шүүгчид авлига авсан, томоохон хэргүүд дарагдсан явдал баримт нотолгоотойгоо олонд ил болсон шүү дээ. Өмгөөлөгч Б.Баасанцогтын гэх хэрэг дээр гэхэд хичнээн өмгөөлөгчийн нэр гарч, мөнгө авсан баримтууд яригдав. Ингэж харахаар л шүүх улс төрждөг, бүлэглэлд үйлчилдэг гэх хардлага арилдаггүй юм биш үү?

-Та зөв асуулаа. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах үүргийг ШЕЗ хүлээж байгаа. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэгчээр зарим шүүгчид маань ямар нэгэн асуудалд орооцолдоод байгаа нь үнэхээр харамсалтай. Үүн дээр хүлээн зөвшөөрч байна. Ийм явдал болсон, харамсалтай байна.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ШЕЗ 10 гишүүнтэй болж бүл нэмсэн. Шүүгч бус, нэг ёсондоо УИХ-аас таван гишүүн томилогдож байгаа. Бүтэц томроод үр дүн гарч байх юм уу?

-Бидний тухайд 10 гишүүн дотор шүүгч гишүүн, шүүгч бус гишүүд гэж ярьдаггүй юм. Эхний үр дүн гараад явж байгаа. Жишээ нь, дүүргийн шүүхүүд маш их ачаалалтай ажилладаг. Гэтэл орон нутгийн зарим шүүхэд сул орон тоо байгаад байдаг. Үүнийг УИХ-аар тогтоол гаргуулаад сул орон тоог хотод шилжүүлж авчирсан. Улмаар тавдугаар сарын 22-нд сонгон шалгаруулалт эхэлнэ. Нийт 65 шүүгчийн сул орон тоо зарласан. Өмнө нь 40 гаруй орон тоон дээр шүүгчид сонгон шалгаруулж авсан. Энэ бол шүүхийн үйлчилгээ хүртээмж дээшлэх, иргэд шуурхай асуудлаа шийдвэрлүүлэх, хуулийн хугацаа хэтрэхгүй байх маш том гарц юм. Энэ үүднээс УИХ, Засгийн газраар төсөв мөнгө, орон тоотой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд ШЕЗ-ийн гишүүд үнэхээр тус дэмтэй байгаа.

-ШЕЗ-ийн даргын сунгаа олны анхаарлыг нэлээд татдаг. Жил бүр шинэ дарга томилох процесс практик дээр зөв үү?

-Хувь гишүүний хувьд жил бүр дарга сонгохын эсрэг бодолтой байдаг. Миний харж байгаагаар шүүгч бус гишүүдээсээ нэг хүн хоёр жилээр, шүүгч гишүүдээс нэг хүн хоёр жилээр гэдэг байдлаар зохицуулалт хийх боломжтой гэж хардаг.

Categories
мэдээ спорт цаг-үе

М.Анхцэцэг Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртлээ DNN.mn

ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг БНСУ-ын Жинжү хотод болж буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо. Тэрээр эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд хүрэл медаль хүртэв.

М.Анхцэцэг огцом өргөлтөөр 108, түлхэлттэй өргөлтөөр 135, нийлбэр дүнгээр 243 кг-ыг өргөснөөр 3 хүрэл медаль хүртэж шагналын тавцанд зогслоо. Манай тамирчны урд БНХАУ-ын хоёр тамирчин алт, мөнгөн медалийн эзэн болсон юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ц.Идэрбат: Алсдаа үйлдвэрлэгч орон болж байж цаашдын хүндрэлийг ажралгүй давна DNN.mn


-70 сая мал бэлчиж байгаа бэлчээр болон 250 мянган малчин өрхийн асуудал туйлын хүнд байна –


УИХ-ын гишүүн Ц.Идэрбаттай ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орж ирж байгаа хоёр заалтад ямар дүгнэлттэй байна?

-Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай зэрэг улс орны үйл явдалтай холбоотой хуулиуд УИХ-аар хэлэлцэгдэж байна. Эдгээр хуулийг батлахын өмнө Үндсэн хуулийн өөрчлөлт яаж хийгдэх вэ гэдгээс олон зүйл шалтгаалах шинжтэй байна. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр одоо яригдаж байгаа сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тооны асуудал яригдаж байсан ч Байнгын хорооны хурлаар дэмжигдээгүй хасагдсан юм билээ. Тиймээс тэрхүү өөрчлөлт агуулгын хувьд өнөөдөр үргэлжилж байна.

Үндсэн хуулийн өөрчлөлт жилийн өмнөөс яригдсан. Өнгөрөгч хавар Б.Бат-Эрдэнэ гишүүн бид хоёр тойргийнхоо бүх сумдаар орж танилцуулсан. Тэр үед Үндсэн хуулийн өөрчлөлт хэрвээ хийгдвэл ингэж хийгдэх төсөл яригдаж байна. Мөн ийм үндэслэлүүд байна гэж танилцуулсан.

Засгийн газраас өргөн барьсан төсөлд УИХ-ын гишүүний тоо, сонгуулийн тогтолцоотой холбоотой заалтууд орсон байна. Энэ долоо хоногоос эхлэн тойрогтоо ажиллаж ҮХНӨ-ийн төслийг танилцуулаад явж байна. Иргэдийн хэлсэн санал, байр суурь бидний барих нэг гол чиглэл болно.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг иргэд ерөнхийдөө дэмжиж байна. Тэр дундаа пропорциональ тогтолцоог дэмжиж байна. Иргэд энд өөрсдийн байр сууриа илэрхийлэх байх. Өөрийн хувийн байр сууриа илэрхийлэхэд сонгуулийн тогтолцоог өөрчилж, Үндсэн хуульд оруулах нь зөв гэж бодож байна. Учир нь өнөөдрийн тогтолцоо бол шууд ардчиллын хэлбэр боловч нийтэд нийцэхгүй байна. Өнөөдөр хэрэглэж байгаа сонгуулийн тогтолцоогоор иргэдийн санал их гээгдэж байна гэсэн шүүмжлэлүүд бодитой. Тиймээс сонгогчдын өгсөн санал бүр парламентад тусгалаа олох нь зүйтэй. Иймд хувь тэнцүүлсэн тогтолцоог дэмжиж байгаа.

-Гишүүдийн тооны асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Гишүүдийн тооны асуудлыг олон талаас бодож үзэх нь зүйтэй. 1992 оны Үндсэн хуулийг батлахдаа УИХ-ын гишүүдийн тоог хэд байлгах тухай олон хувилбар ярилцаж байгаад 76 дээр тогтсон юм билээ. Тухайн үед хүн амын тоо 2.2 сая байсан бол өнөөдөр 3.4 сая болж нэмэгдсэн. Тиймээс төлөөллийг хадгалах зарчмын хувьд гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэж орж ирсэн. Үүнд иргэдийнхээ саналыг сонсох нь чухал. Уулзалтад ирсэн иргэд гишүүдийн тооны асуудалд хойрго байна.

Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд Үндсэн хуулийг хэлэлцэх дүрэм журам нь тусдаа байдаг. Тавдугаар сард багтаж хоёр ч удаа иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулна. Энэ үеэр иргэд ямар санал хэлэхээс хамаарч гишүүдийн тоог тогтооход голлох үүрэгтэй чиглэл болно гэж бодож байна.

-Нүүрсний сонсгол яагаад гацчихав аа. Гишүүд энэ чиглэлд чих тавьж байна уу. Олон нийтийн хүлээлтэд байгаа зүйл шүү дээ?

-Нүүрсний хулгай зэлгийтэй холбоотой асуудлыг Засгийн газар өөрөө шүгэл үлээж гаргаж ирсэн. Энэ асуудлаар өнөөдөр шүүхээр орсон нэг ч хүн байхгүй байна. Гэхдээ хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Нүүрсний асуудал цэгцэрч эхэлснээр эдийн засагт маш өндөр нөлөө үзүүлж байна. Тухайлбал, валютын нөөц, экспортолж байгаа нүүрсний үнэ өссөн гээд Монголын 3.4 сая хүний эрх ашгийг хангасан үйл явдал болж байна. Энэхүү эдийн засгийн үр өгөөж удахгүй иргэдэд очих байх. Төсвийн орлого 600 тэрбум төгрөгөөр давж биелнэ гэдэг нь ойрын хэдэн жилдээ байгаагүй эерэг үзүүлэлт. Түүнчлэн ам.долларын ханш 70 төгрөгөөр бууна гэдэг бол мөн л ойрын 10 жилд байгаагүй үйл явц шүү дээ. Ам.долларын ханш нэмэгдэж байна гэж сонссоноос бууж байна гэж сонсож байгаагүй. Тиймээс иргэдэд эерэг нөлөө үзүүлнэ.

Энэ талаасаа энэ тэмцлийн эцсийг нь үзэх хэрэгтэй. Зөвхөн нүүрс ч бус Монголоос гарч байгаа баялаг бүр дээр Монголын төр хараа хяналттай байж, авах орлогоо гүйцэд авч чаддаг, тэр нь иргэдэд хүрдэг байгаасай гэж бодож байна.

-Нүүрсний сонсгол явуулахыг гишүүд шахаж байгаа юу. Сонсгол яагаад явахгүй байна вэ?

-Нүүрсний сонсголд гэрчээр оролцох олон субъект хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа юм билээ. Тиймээс мөрдөн байцаалтын нууц гарах юм байна. Иймд хойшлуулсан гэсэн тайлбарыг Г.Ганболд гишүүн өгсөн.

-Та бүхэнд сонсголыг хэдэн сард хийх тухай мэдээлэл өгсөн үү?

-Хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй хэргүүд хэвлэлээр гарахгүй байгаа ч эрчимжиж байгаа гэж би ойлгосон. Хэрэг илрүүлнэ гэдэг нарийн явц байх. Ийм үед холбогдогчдыг авч ирээд энийгээ ярь, тэрийгээ ярь гээд байх нь хэргийн илрүүлэлт, нөгөө талаас хүний эрх зэрэг олон зүйлээс шалтгаалж хойшилж байна уу гэж бодож байна.

-Төсвийн орлого 600 тэрбум төгрөгөөр давсантай холбоотойгоор төсвийн тодотгол хийх тухай асуудал яригдах гэж байх шиг байна. Төсвийн орлогыг юунд зарцуулсан нь үр дүнтэй гэж та харж байна?

-600 тэрбум төгрөг яаж орж ирэв, төсөв яагаад 600 тэрбум төгрөгөөр давчихав гэдгийг эхлээд ярих нь зөв байх. Байгалийн баялгаас хумсалж байгаа хулгайг, тэр дундаа зөвхөн нүүрсний хулгайг зогсооход ийм үр дүн гарч байна. Тиймээс цаашид Монгол Улсаас экспортлогдож буй алт, зэс, төмрийн хүдэр зэрэг бүх баялагтаа хяналттай байна гэж Засгийн газрын тэргүүн ярьсан. Энэ нь Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө авч ирнэ гэж харж байна. Төсвийн тодотгол хэрвээ хийвэл яаж хийх вэ гэдгээр Засгийн газар төслөө боловсруулж байгаа.

-Уулзалтаар иргэд нэн түрүүнд юунд анхаарах хэрэгтэй гэж ярьж байна вэ?

-Иргэдтэй уулзаад явж байхад тэтгэврийн асуудал их хүнд байна. Жилийн өмнө тэтгэврийн доод хязгаарыг 500 мянга болгоход уулзалтад ирсэн ахмадууд “350 мянга байсан тэтгэвэр 500 мянга боллоо, баярлалаа” гэж байсан. Жилийн дараа очиход “500 мянган төгрөгийн тэтгэвэр хүрэхээ байсан, хүүхээ. Тэтгэвэр нэммээр байна” гэж байна. Мөн төрийн албан хаагчдын цалингийн асуудал ч хүнд байна. Төрийн албаны цалинг ялгамжтай яримаар юм билээ. Зарим салбарын цалин нь нэмэгдээд байдаг. Харин төрийн үйлчилгээний албаны цалин нэмэгддэггүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин гар дээрээ авч байна гэх мэтчилэн олон зүйл яригддаг. Хэрвээ Засгийн газраас цалинг нэмэхээр ярьж байгаа бол яаж нэмэх вэ гэдэгт бодолтой хандмаар юм билээ. Төрийн албанд байгаа учир нь олдохоо байсан цалингийн сүлжээ, салбар салбараараа амбицалж цалингаа нэмүүлдэг тогтолцоог угаар нь өөрчилж байж цалин нэмсний өөрчлөлт гарна.

-Цалин, тэтгэврээс гадна иргэдэд дарамт болж байгаа нэг асуудал бол үнийн өсөлт. Үнийн өсөлтийг хязгаарлах гарц шийдлийг та хэрхэн харж байна вэ?

-Бид зах зээлийн нийгмийг сонгосон. Зах зээлийнхээ зарчмаар явна гэхээр үнэ өсөөд байна. Явуулахгүй, үүнд төр ямар нэгэн байдлаар хөнгөлөлт, дэмжлэг үзүүлнэ гээд хэдэн их наядаар нь мөнгө гаргадаг. Эргээд харахаар ямар ч үр дүнгүй байна шүү дээ. Засгийн газраас бензин, шатахуун дээр авсан арга хэмжээ үр дүнгээ өгсөн гэж харж байна. Тодорхой хэмжээнд шатахууны үнийг барилаа. Бусдаар бол явахад хэцүү байна. Тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт өндөр байна. 2020 онд 5-6 мянга төгрөг байсан наранцэцгийн тос өнөөдөр 11-12 мянгатай байна. 300 төгрөг байсан өндөг 600 болчихоод байна. Энэ мэтчилэнгээр үнийн өсөлт их байна. Өнөө маргаашаа бус алсаа харж яривал бид дотооддоо үйлдвэрлэдэг болмоор байна. Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн 19 нэр төрлийн барааг дотооддоо үйлдвэрлэдэг болъё гэдэг бол маш чухал зорилт.

Энд нэг хоржоонтой тоо харагддаг. Хөгжлийн банкнаас тэр олон компани зээл аваад зориулалт бусаар ашигласан мөнгөний тоо 1.8 их наяд төгрөг байгаа юм. Гэтэл Ерөнхийлөгчийн дэвшүүлж, УИХ-аар баталсан хүнсний хувьсгалын хөтөлбөр таван жилийн хугацаанд 1.8 их наяд төгрөг. Бид дотооддоо хүнсээ үйлдвэрлэх бололцоогоо Хөгжлийн банкаар алдчихсан байгаа юм.

Бид үнийн өсөлт гэдэг зүйлтэй ойрын хугацаандаа “ноцолдох” байх. Гэхдээ алсдаа бол дотоодоосоо өндгөө, наранцэцгийн тосоо, улаанбуудайгаа 100 хувь хангачихдаг байх хэрэгтэй.

Өнгөрөгч өвөл би Хэнтий аймгийн Мөрөн сумын хоёрдугаар бригадын малчин Батхуягийнд “Улсын аварга малчин”-ы тэмдгийг нь гардуулж өгөхөөр очиход хүү нь Унгар улсаас ирсэн байсан. Тэгэхэд “Юмны үнэ Унгарт харьцангуй гайгүй байгаа. Монголд дийлдэхээргүй болсон байна” гээд толгой сэгсэрч байсан. Унгарт юмны үнэ яагаад тогтвортой байна гэхээр тэднийх үйлдвэрлэгч орон. Яахав, манайхыг бодвол цаг агаарын таатай нөхцөлтэй. Гэхдээ л үйлдвэрлэгч улс. Тиймээс бид цаашид тулгарч ирэх саад бэрхшээлээс амар гарахын тулд үйлдвэрлэгч улс болох хэрэгтэй. Юмны үнэ өсөөд байгаа шалтгаан нь европт тэрхүү хүнсний бараа өсчихөөд байна. Цалин бага, юмны үнэ өсөөд байна гээд Европт энд тэндгүй ажил хаялт болж байна. Бид үнэтэй барааг нь авч ирж идэж байгаа. Одоо бол урд хөрш хил гаалиа нээчихлээ. Хэрэглээнд нааштай үзүүлэлт авч ирэх байх.

Танай сонины 100 айлын барилгын материалын захаар явж хийсэн сурвалжилгыг уншсан. Сурвалжилгад тээвэр ложистикийн гацаа арилсан учраас барааны үнэ 15-20 хувиар буусан. Хятадад барилгын материалын үнэ өсөөгүй байна гэж ярьсан байх жишээний. Ер нь бид дотооддоо үйлдвэрлэгч болж байж л үнийн хүндрэлүүдээс алсдаа салах юм билээ.

-Та Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд харьяалагддаг. Тиймээс мал аж ахуйн өнөөгийн байдлыг ярилцъя. Ер нь малчдыг монгол төр яаж дэмжих хэрэгтэй гэж та хардаг вэ?

-Хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбар дээр үүсээд байгаа асуудал маш их байгаа. Нийгэм шилжсэнээс хойш 30 жил ямар ч замбараагүй явж ирлээ. Мал, малчин хоёр зөнгөөрөө л явлаа. Монгол Улсын төрөөс нэг зүйлийг хийх ёстой гэж боддог. Тэр бол хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарын бүх асуудлыг ёстой нэг өргөс авсан юм шиг шийдэх байх гэж боддог.

-Тэр нь юу вэ?

-Малын махыг үнэтэй болгомоор байгаа юм. Үнэтэй болгохын тулд мэдээж олон асуудал үүснэ. Наанадаж малын өвчнөө яах билээ гээд л эхэлнэ. Үүнийг үе шаттайгаар шийдээд эцсийн зорилго нь монгол мах үнэтэй байх ёстой.

Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх бригадад уулзалт хийж байхад нэг залуу “Малын мах үнэтэй баймаар байна. Би өнөөдөр сум руу (Өмнөдэлгэр) хоёр төлөг аваачиж өгсөн. 110-120 мянгад өгдөг. Тэндээс 60 мянгаар шуудай гурил авч байна. 40 мянгаар нь бензин хийж байна. Үлдсэнээр нь ойр зуурын юм аваад юу ч үгүй үлдэж байна” гэж ярьсан. Малын тоо ингэж их өсөөд байгаа нь ердөө л малын үнэ хямд байгаатай холбоотой. Ер нь намайг сум, аймагт ажиллаж байхад тийм бодол төрж байсан. Сая зүүн аймгуудаар явахад энэ нь батлагдаж байгаа юм. Тиймээс ер нь бидний хийх ажил малын махыг үнэтэй болгох. Гэхдээ нэг харах ёстой асуудал бий. Бид малаа барах гэж байгаа юм шиг бүх малаа экспортолно гэж ярих нэг хэрэг.

Өнөөдөр нэг хонь 40 ам.доллар байна. Гэтэл гадаадад нэг килограмм мах 40 ам.доллар байгаа юм. Тиймээс бид үүнийг яаж уялдуулах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Малаа экспортолсон ч төлөг 120 мянган төгрөг хэвээр байвал утгагүй шүү дээ. Харин 300 мянга хүрч байвал өөр хэрэг. Тэгвэл малчид, мал маллах залуус олон болно. Утга учиргүй 3-4 мянган малтай байхаа ч болино. Чанартай малтай байхаар зорьж эхэлнэ. Намайг мөн уулзалт хийж явахад Сүхбаатар аймгийн малчин Жамбал “Хэрвээ малын үнэ өсчихвөл би ингэж малын боол хиймээргүй байна” гэж байсан.

“Хүүхэд байхаасаа л мал дагасан одоо залхаж байна. Тэглээ гээд үүнийгээ ямар хаялтай биш. Амь зогоож байгаа хойно дагаад л явж байна” гэж хэлсэн. Тиймээс монгол төрийн хийх ажил нь малын махыг үнэтэй болгох. Мэдээж дэд бүтэц, эрүүл мэнд гээд түмэн асуудал тулгарна. Бид даваад гарах ёстой, шийдэж хийх л ёстой асуудлууд.

-Газрын хуульд та бэлчээртэй холбоотой зохицуулалт оруулахаар тойргийн иргэдэд танилцуулсан. Бэлчээрийг яаж зохицуулахаар ажиллаж байгаа вэ?

-Үүх түүхийг нь харвал 10 жилийн өмнөөс яригдсан ч өргөн баригдаагүй явсаар дөрвөн парламент дамжсан байна. Одоо бид халгаад хараад сууж болохгүй нөхцөл байдалд байна. Бэлчээрийн ашиглалтад төр малчидтайгаа ямар нэгэн байдлаар хамтрахаас өөр аргагүй юм билээ. Нэлээд том өөрчлөлт орохоор байгаа. Газрын хуульд бэлчээртэй холбоотой зохицуулалт байхгүй шахам байдаг. Гэтэл өнөөдөр 70 сая мал бэлчиж байгаа бэлчээр болон 250 мянган малчин өрхийн асуудал туйлын хүнд болж байна. Энэ бол нэг бодлын бизнес шүү дээ. Өрхийн энэ үйлдвэрлэл, энэ бизнесийн ирээдүй ямар байна гээд том зургаар харахаар ирээдүйд байхгүй болох гээд байна. Шалтгаан нь бэлчээрийн хомсдол. Ус цаг уурын нөхцөл байдал. Иргэнээс өөрөөс нь шалтгаалж байгаа асуудал байна. Мөн малын тоо зэрэг сөрөг зүйл ихтэй байна. Үүнийг би цээжний бангаар яриад байгаа юм биш. НҮБ, олон улсын холбогдох байгууллагуудын судалгаагаар батлагдсан үзүүлэлт. Үүнтэй уялдуулж хуулийн төсөл боловсруулж байгаа. Үүнтэй холбоотойгоор Хэнтий аймгийн зүүн гурван аймгийн малчид, фермер, төрийн захиргааны албаныхантай уулзсан. Мөн Сүхбаатар аймгийн малчидтай хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлэгт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 150 гаруй малчин оролцсон. Бүгд дэмжсэн. Аймгийн төв дээр Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн 80-аад төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлэгт фермер, малчид оролцсон. Тэд төр хамтрахгүй бол болохгүй нь гэдгийг хэлсэн. Түүнчлэн судалгаагаар цаашид ийм байдлаараа явбал Монгол Улс цөлжинө, бэлчээргүй болно гэсэн аймшигтай дүр зураг байгаа юм билээ. Энэ хууль удахгүй өргөн баригдах байх.

Ер нь өнгөрсөн хугацаанд тойрогтоо нэлээн ажиллалаа. УИХ-ын гишүүний үүрэг гэдэг бол тойрогтоо очиж ул боов тараах биш. Ийм хууль яригдаж байна. Энэ хуульд ингэж туссан байна. Үүнийг та нар маань юу гэж үзэж байна гэж иргэдийнхээ саналыг сонсох ёстой.

Ер нь би УИХ-д орсноосоо хойш “Амьдралтай хууль гаргамаар байна” гэж хэлж байгаа. Хууль хэрэгжүүлэх анхан шатны нэгжид ажиллаж байсан хүний хувьд “агаарын” хууль баталчихаар хэрэгжүүлэхэд зовлонтой юм их гардаг гэдгийг мэднэ. Ямар юм нь энийг ингээд хийчихдэг байна аа гэж бодмоор юм гардаг. Хэрэгжүүлэх ч хэцүү, байх ч хэцүү хууль битгий гараасай гэж боддог хүний хувьд хуулийн танилцуулгыг нэлээд сайн хийдэг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр могой өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар
сарын 11, Бархасбадь гариг.
Билгийн тооллын 21, элдэв
тэнгэртэн одтой, шарагчин
могой өдөр. Өдрийн наран 5:20
цагт мандан, 20:18 цагт жаргана. Тухайн
өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд
эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ
сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай
хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр
хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай
дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал
адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах,
газар лусын зан үйл хийх, өр барагдуулах,
гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын
ам нээх зэрэг үйлд муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь,
нохой, гахай болой. Хол газар яваар одогсод
баруун хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй