Categories
мэдээ нийгэм

Гуурсан хоолой сэдээх метахолинтой сорилын 70 хувь хөнгөлнө DNN.mn

ЭМДЕГ-ын даргын 2022 оны “Жагсаалт батлах тухай” А/53-р тушаалаар гадаад амьсгалын үйл ажиллагааны шинжилгээний гуурсан хоолой сэдээх метахолинтой сорилыг 80 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

☝️ Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
“Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт”
Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд
Categories
мэдээ нийгэм

Манай улсад харшлын чиглэлээр мэргэшсэн долоон сувилагч байна DNN.mn

Өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр тохиож байна.

Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвөөс мэдээлснээр манай улсад 13,947 сувилагч ажиллаж байна.

Манай улсад харшлын чиглэлээр мэргэшсэн ердөө долоон сувилагч байдаг аж. Мөн арьсны 86, хөнгөвчлөх эмчилгээний 94, эх, хүүхдийн 114, нүдний 115 сувилагч байгаа бөгөөд дийлэнх нь ерөнхий мэргэжлээр мэргэшжээ.

Сувилагч нарын 3.7 хувь нь эрэгтэй, 29.2 хувь нь 30-39 насныхан байна.

Өнгөрсөн оны эцсээр 10,000 хүн амд ногдох сувилагчийн тоо улсын дунджаар 40.3 байна. Улаанбаатарт уг үзүүлэлт 46.2 байгаа бол орон нутагт 33.9-38 байгаа юм.

зураг

Categories
гадаад мэдээ

Урал, баруун Сибирийн түймэр DNN.mn

ОХУ-ын Уралын нуруу, баруун Сибирийг хамарсан бүс нутагт ой хээрийн том түймэр дэгдэн шатаж эхэлсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Сүүлийн долоо хоногт шатаж буй уг түймрийн улмаас 21 хүн амиа алдсан нь тогтоогдсон аж.

Тэдгээрийн ихэнх нь гэрээ орхиж явах чадваргүй өндөр настнууд байжээ. Урал, Сибирийн залгаа нутаг болох Курган мужийн Юлдус тосгон шатахад хамгийн олон хүн амиа алдсан байна. Зөвхөн Курган мужид 5,000 гаруй орон байр түймэрт шатсан тухай тус мужийн онцгой байдлын алба мэдээлжээ. Курганаас гадна Свердловск, Омск, Тюмень мужуудад гал түймэр тархсан байна.

Ялалтын баярын үеэр дэгдсэн түймэр 77,000 га талбайг хамарч, 300 гаруй орон сууцны барилга, 4000 шахам барилга байгууламж шатсаны дотор ахмад настнууд хаврын улирал эхэлж байгаатай холбогдуулан хотоос гарч амьдарч байсан зуслангийн байшингуудыг хамарсан байна гэж “ТАСС” агентлаг мэдээлжээ.

Европын Холбооны дэлхийн агаар мандлын хяналтын “Copernicus” системээс гаргасан зураглалд баруун Сибирьт дэгдсэн түймрийн утаа Оросын алс дорнод болон Казахстан, Монгол улсуудын нутаг дэвсгэрт хүрч байгааг харуулжээ. Урьд жилүүдэд иймэрхүү түймрийг Орос улс армийнхаа хүчээр унтраадаг байсан бол энэ удаа Украинд болж буй дайнаас үүдэн гал унтраах асуудалд том хүндрэл үүсээд байна гэж олон улсын шинжээчид дүгнэсэн байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ улс-төр

“Хөгжлийн Банк”-ны шүүх хуралдаан 20 дахь өдрөө үргэлжилж байна DNN.mn

Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд 20 дахь өдрөө үргэлжилж байна.

Өчигдрийн шүүх хурлаас эхлээд хавтаст хэргүүдийн нотлох баримтыг шинжлэн судалж эхэлсэн билээ.

Өнөөдрийн шүүх хуралдаан “Говийн зам” компанийн хавтаст хэргийн нотлох баримтыг шинжлэн судалснаар эхэллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сувилагчдад төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа DNN.mn

Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган сувилагчдад төрийн дээд шагнал, одон, медаль хүртээлээ.

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:

  • Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн мэс заслын ахмад сувилагч Самгарьдын Бямбажав,
  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Гемодиализийн төвийн тэргүүлэх зэргийн сувилагч Нямхүүгийн Наранцацрал,
  • “Мэлтэс мэд” эмнэлгийн мэс заслын ахлах сувилагч Цэвэгжавын Болорчимэг,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

“Монголын сувилагчдын нийгэмлэг” төрийн бус байгууллагын тэргүүн Доржжанцангийн Нямсүрэн,

  • Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн сувилагч Дагиймаагийн Дуламсүрэн,
  • Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн мэс заслын клиникийн сувилагч Сорогдонгийн Жаргал,
  • “Хүрээ амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эх баригч, бага эмч Ишжанцангийн Жаргалсайхан,
  • Улсын Гуравдугаар төв эмнэлгийн сувилахуйн албаны дарга Даваагийн Тунгаамаа,

Алтан гадас одонгоор:

  • “Таны төлөө бид” эмэгтэйчүүдийн эмнэлгийн унтуулгын ахлах сувилагч Лхамсүрэнгийн Алтанцэцэг,
  • Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын клиникийн сувилагч Пэрэнлэйн Аюуш,
  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Сэрээтэрийн Бадамцэрэн,
  • Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн сувилагч Баасанхүүгийн Болормаа,
  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн амбулаторийн сувилагч Цолмонгийн Марта,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Цэнд-Оюу” өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Даваажавын Мөнгөнцэцэг,
  • Хавдар судлалын үндэсний төвийн Сувилахуйн албаны сувилахуйн арга зүйч Нанжидын Наранчимэг,
  • Дорноговь аймгийн Айраг сумын Эрүүл мэндийн төвийн ахмад сувилагч Батжаргалын Одгэрэл,
  • Арьсны өвчин судлалын үндэсний төвийн ахлах сувилагч Дамдинжавын Оюунчимэг,
  • Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Бархасын Туяа,
  • Нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Мэнд цолмон” өрхийн эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч Чоймболын Хишигдэлгэр,
  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвийн вакцинатор сувилагч Жамъяндагвын Цэвэлмаа,
  • Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ахлах сувилагч Цогбадрахын Цэнд,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасгийн сувилагч Дандарын Ундрах,
  • “Тод дэлгэц мед” эх нярайн эмнэлгийн ахлах сувилагч Батчулууны Сүглэгмаа,
  • “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эмэгтэйчүүдийн тасгийн мэс заслын сувилагч Чойдогжавын Эрдэнэчимэг,
  • Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн туслах сувилагч Мэдэхгүйн Очирмаа нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхныг хүсэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“ГЭР” глампинг амралтын газар Япон улсад анх удаа нээгдлээ DNN.mn

Намуун сэвшээ салхи сэрчигнэж, үүлгүй цэлмэг тэнгэр хөхвөртөн, цэцэг навч алаглаж, цэнгэг голын ус шаагин шуугисан хаврын өдөр сүрлэг үзэсгэлэнт хайрхан Цүкүба уулын энгэрт монгол хүний гараар бүтсэн гоёмсог бөмбөгөр цагаан гэрүүд ханаа шийрлэж, “Гэр” глампинг амралтын газар тавдугаар сарын 1-нд нээгдэн, зочдоо хүлээн авч, үйл ажиллагаа эхэллээ. Үүнийг онцлохын учир гэвэл үсрэнгүй хөгжилт Япон улсад анх удаа ой модтой зэлүүд энгэрт бүгдийг тэгээс эхлэн бүтээн босгож, нэг ч алхам ухралгүй, бас зогсолгүй хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн, болохгүйгээс болох хүртэл зүтгэсэн залуу гэр бүлийн хичээл зүтгэлийн үр дүнд нэгэн шинэ голомт бадран ассаных юм.

Их уулын бэлийн нов ногоон ойн дунд, хотын эмх замбараагүй дуу шуугианаас ангид, навчсын сэрчигнээн, шувуудын жиргэх дуунаас өөр чимээ аниргүй нам гүмд, дотоод сэтгэлийн гүнээс өөрийн эрхгүй тайвширмаар, байгаль дэлхийдээ уусан, зөөлөн газар шороонд нь хөл нүцгэн алхаж газар эх, уул усны хязгааргүй их эрч хүчийг мэдэрмээр ер бусын гайхамшигт орчин цогцлох ажээ. Анх энэ газар долоон жилийн өмнө эхлэлээ тавьсан залуу хосын хичээл зүтгэл ийнхүү биеллээ олов.

Японд Точиги болон Гүнма мужид монгол гэртэй амралтын газар ердөө хоёрхон байдаг. Эзэд нь япон хүмүүс. Мөн амралтын газрыг тодотгоод байгаа глампинг гэдэг үгийг товчхон тайлбарлахад glam­orous /үзэсгэлэн төгөлдөр, дур булаам/ camping /хээр тал, уул, нугад зугаалах/ гэсэн англи үгийн нийлэмж аж. Ийм нэршил, бас зэрэглэл үүссэний гарал түүх тун сонирхолтой. Тэр нь Монголын их эзэнт гүрний үеийн нүүдэлч ард түмний сууц болох гэрээс үүсэлтэй бөгөөд 1600 оны үед европ дахь хаад ноёд хээр гадаа зугаалахдаа майхан дотроо тохитой, тансаг амран цэнгэх болж, 1900 оны үеэс хээр цөл нутагт майхан дотроо тансаг амрах гэж бүр боловсронгуй болгон хөгжүүлжээ. Тэгсээр яваад өнөө үед үзэсгэлэнт байгалийн дунд цагийг хамгийн тансаг, тайван өнгөрөөх үнэтэй амралт зугаалгын дээд зэрэглэл болон хөгжжээ. Тиймээс Япон улсад сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй бөгөөд анхны глампинг хэв загвартай амралтын газар 2015 онд Нагано мужид “Хошино Фүжи” резорт, дараа нь 2019 онд Нийгата мужид “Сноү пик” нэртэй байгуулагдан, түүнээс хойш резорт амралтын бүс хүрээгээ тэлэн хөгжиж буй. Чухам яг ийм үед монгол эзэнтэй “Гэр” глампинг амралтын газар үүд хаалгаа нээснээр Монголыг сонирхох япончуудын тоо улам ихсэх нь дамжиггүй.

Корона цар тахлын улмаас хүмүүсийн хөл хөдөлгөөн татарч, амралт цэнгээн, зугаалгын газар, зочид буудлуудын үйл ажиллагаа нэг хэсэг зогсонги болж, тун хэцүү байдалтай байсан ч энэ жилээс жуулчдын тоо ихэсч, үйл ажиллагаа хэвийн болж эхэлж байна. Японд хээр хөдөө зугаалж, задгай, уужим агаарт кэмп хийх ихэссэн нь бас л корона цар тахалтай холбоотой байв. Олон хүн цугласан газраас зайлсхийж, гэр бүл, эсвэл хамт олноорооо уул тал, хээр хөдөө, ой модонд амарч, майхан барьж, хонож өнжин, амралтын цагаа өнгөрүүлэх болсон юм.

Япон улсын нийслэл Токио хотын төвөөс машинаар явахад ердөө л цаг хагасын дайтай яваад хүрэх газарт “Гэр” глампинг амралтын газар үүд хаалгаа нээж, нээлтийн ёслолын үйл ажиллагаандаа Японд суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны төлөөлөл, Ибараки мужийн Ишиока хот, Ясато дүүргийн захиргааг төлөөлсөн зочид болон тусалж дэмжсэн ойр дотнын найз нөхдөө урьсанаар тэд хүрэлцэн очиж, баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлж, морин хуур, уртын дууны эгшиг аялгуутай нижгэр сайхан өндөрлөв. Япон зочдыг төрөл бүрийн монгол хоолоор дайлах үед хорхогны хав халуун чулуу алгандаа өнхрүүлэх монгол хүмүүсийг үл мэдэг гайхан харах япон гийчин ч байв.

Гүн их ногоон ойн дунд оюуны өмчөөр баталгаажсан тусгай патенттай “Буянт” компанийн өвөрмөц дизайн хийцтэй нарс модоор урласан долоон гэр болон үүдэндээ пийшин, тохилог буйдан, ширээ бүхий саравчтай терас байх аж. Яг л Монгол эх нутагтаа байгаа юм шиг халуун дулаан мэдрэмж төрж, гэрийн тооноор хөх тэнгэр, ногоон моддын орой үзэгдэнэ. Амар амгалан, ууч уужим ертөнцийг мэдрэх зуурт алжаал ядаргаа хаа тийшээ хийсэн одохын хамт эх орноо санагалзах сэтгэл ч хуу хамагдан явчих шиг зөнгөөрөө уужран тайвшрах нь ер бусын. Тэр хавь нь агаар, ус цэнгэгээрээ гойд бөгөөд арвин их жимс ногоо ургадаг, Японы хамгийн амттай илжгэн чих жимстэй гэх бөгөөд тэрхүү жимс нь жил бүр эзэн хаандаа өргөн барьдаг идээний дээжист ордог гэнэ.

Асар их эрчим, эрчисийн бүс болох ариун дагшин хайрхан гэдгээрээ алдартай Цүкүба ууланд “Гэр” глампинг амралтын газар үүссэн түүх долоон жилийн өмнөөс эхэлжээ. Тус амралтын газрын эзэн “MJ corporation” компанийн захирал Т.Мөнхзул Монгол руугаа машин илгээх бизнес эрхэлдэг байж. Гэтэл машин ашиглалтын талбайн түрээс жил ирэх тусам нэмэгдэж, хямд газар хайж эхэлснээс энэ бүхэн үүджээ. Газар хайж явсаар, энэхүү үзэсгэлэнт газрыг худалдан авч, анх найзуудтайгаа ирж, майхан барин, мах шарж, амарч өнгөрүүлдэг байснаа жил ирэх тусам өргөжүүлсээр амралтын газар байгуулах зориг шулууджээ. Монголд анх “приус” машиныг хамт оруулж, эрсдэл болон амжилтыг хамтдаа үүрэлцсээр ирсэн үеэл Г.Лувсансамбуу нь энэ бүхнийг бүтээлцэхэд чамгүй хувь нэмэр оруулжээ. Гэргий Ч.Амарзул нь энэхүү амралтын газраа гардан хариуцах бөгөөд өдийг хүртэл бүтээж босгох замдаа олон саад бэрхшээлийг даван туулсаар ирсэн гэнэ. Тэр анх 2005 онд дэлхийд шинжлэх ухааны судлал, нээлт, судалгааны төв гэдгээрээ алдартай Цүкүба их сургуульд суралцаж, ажил амьдралын гараагаа эхлэхдээ энэ нутаг усанд татагдсанаас хойш аль хэдий нь гурван охины ээж болжээ.

Тэрбээр Японд ирэхээсээ өмнө Монголд орчин үеийн тохилог гэр амралтын газраас ажлын гараагаа эхэлж, аялал жуулчлалын бизнест ойр байсан туршлага нь өнөөдрийн ажил үйлстэй нь холбоотой аж. Ханьтайгаа зөвлөлдөн шийдэж, газар худалдаж авснаас үүдэн тэрбээр олон янзын судалгаа эхлүүлж, Япон дахь худалдаа аж үйлдвэрийн танхим болон жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвтэй нягт ажиллаж, бизнес-эдийн засгийн шат дараалсан сургалтанд сууж, холбогдох мэргэжилтнүүдтэй зөвлөлдөж, Засгийн газрын хөнгөлөлт үзүүлэх, хөрөнгө оруулах хөтөлбөрт оролцох зэрэгт удаа дараалан төсөл боловсруулж, хэд хэдэн удаа бүтэлгүйтэж, тал бүрээр өөрийгөө сорьж, цуцалтгүй зүтгэсээр л байж. Тэгж байтал хамгийн сүүлд оролцсон төсөл нь Засгийн газрын төсөлд дэмжигдэхээр болж, уртын урт мөрөөдөл нь биелэгдэхэд ойрхон болжээ. Түүгээр ч барахгүй хотын дарга нь хүлээн авч уулзан, ус татах хоолой, шугам сүлжээ тавихад туслан дэмжжээ. Ийнхүү ажлынх нь хамт олон болон Японы ард түмний дэмжлэг, халуун дулаан сэтгэл дундаас “Гэр” глампинг сууриа тавьсан аж.

Одоо Японд амьдран суугаа монгол, япон хүмүүс амран цэнгэж, япончуудад Монголоо сурталчилж, албан ёсны мэдээллээр хангах нэг том боломж нээгдэв. Чингэснээр Монголыг сонирхох хүмүүсийн тоо нэмэгдэхээс гадна Монголд айлчлах юмсан гэсэн сэдлийг төрүүлж, сонирхолыг нь бадраах болов уу гэж бодном. Залуу гэр бүлийн хоёр ч тийм л газар болгох чин хүсэлтэйгээ хэлж байв. Тэдний хэлэхийг сонсоод монгол хүний язгуур ухаан, уламжлалт соёл, гүн сэтгэлгээ нэвт шингэсэн бөмбөгөр цагаан гэрүүд үзэсгэлэнт уулын энгэрт цайран буйг харахад өөрийн эрхгүй бахдал төрнө. Тиймээс би “Хойшид олон хүний мөр жим ийш тасрахгүй байж, тэр бүрийд Монгол хэмээх нэр улам дуурсаасай” хэмээн хүсэв.

Япон улсад суугаа манай сонины сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг

Categories
мэдээ нийгэм

Борхүүд электрон чип суулгаж, Богдхан ууланд нутагшуулна DNN.mn

Олон нийтийн сүлжээнд Борхүү бугыг өсгөсөн эзэд рүүгээ очсон гэх мэдээлэл гарсан нь худал бөгөөд Богд уулын Тайны аманд ижил сүргийн хамт байгааг хэмээн Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас мэдээлэв.

Мөн түүнд ойрын хугацаанд электрон чип суулган Богдхан ууланд нутагшуулан тавихаар төлөвлөсөн байна.

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүл хоёр жил гаруйн хугацаанд тэжээн өсгөсөн Борхүү хэмээн бугаа мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр өнгөрсөн оны сүүлээр Богд ууланд нутагшуулахаар болсон билээ.

зураг
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Цогтоо: Хүн амын өсөлт дагаж гишүүдийн тоог нэмэх гээд байгаа бол Улаанбаатар хотоос сонгогдох УИХ-ын гишүүдийн тоог л нэмэх шаардлагатай DNN.mn

Монголын хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүн, МУИС-ийн хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн ухааны доктор, Үндсэн хууль судлаач Ш.Цогтоотой ярилцлаа.


-ҮХНӨ хийх замаар УИХ-ын 76 гишүүний тоог 152 болгох асуудлыг ид хэлэлцэж байна. Үндсэн хууль судлаач, мэргэжлийн ахмад хуульч хүний хувьд уг асуудлыг ямар байдлаар харж байна вэ?

-Таны энэ асуултад хариулахаас өмнө юун түрүүнд товч боловч түүх сөхөх хэрэгтэй л дээ. Бид яах гэж 1990 онд ардчилсан хувьсгал хийж, ардчилсан нийгмийн харилцааг хүлээн зөвшөөрч 1992 оны шинэ Үндсэн хуулийг батлан мөрдөж байгаа билээ дээ. Хариулт нь тов тодорхой. Энэ Монгол Улс орныг маань нэг нам удирдаж, нэг нам ноёрхож бүр буруу зам руу оруулсан байна. Иймд намаас төрийн ажлыг тусгаарлая. Ард түмэн Засгийн эрхийг барьдаг болгоё хэмээн шинэ хуучингүй ухамсарлан Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуулиараа зарлан тунхаглаж, даяар олны итгэл үнэмшил болгосон нь их учиртай. 1960 оны Үндсэн хууль дахь нам удирддаг үзэл санаанаас эрс татгалзаж, Үндсэн хуулийн хавсралт хууль буюу Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль, УИХ-ыг сонгох сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн төсөл боловсруулж, улмаар ардчилсан шинэ хүчнүүдийн тэмцэл шаардлагаар Улс төрийн товчоо огцорч байж энэ улс орон ардчилсан шинэ харилцаанд аажим аажмаар ихээхэн зовлон зүдгүүртэй шилжсэн түүхэн үнэнийг хэзээ ч мартаж болохгүй. Энэ бол үнэн хэрэг дээрээ ардчиллын амин сүнс байлаа.

-Тэгвэл одоо ямар болчихоод асуудал үүсгээд байгаа юм бэ?

-Үндсэн хуульд халдсан 1999, 2000 оны “Дордуулсан долоон нэмэлт өөрчлөлт”-өөс хойшхи 2015, 2019, 2022, 2023 оны удаа дараагийн бүтэлгүй оролдлогууд бага багаар мэрсээр, бас идэн идсээр байгаад одоо бүр оргилдоо хүрч нам гэдэг субъект “төр”-ийг буюу ард түмнийг удирддаг. Тэдний эрхийг сэмээрхэн хууран мэхэлж авдаг хадны мангаа болчихжээ. Хуучин цагт нэг нам дарангуйлдаг байсан бол одоо олон нам хуйвалдан дарангуйллын тогтолцоо үүсгэхийг ер үгүйсгэхээргүй байна. Энэ мэтээр 1990 оны ардчилсан дэвшилтэт зарим алхамуудаас үндсэндээ ухарч, нам хэмээх хувь хүн, бүлгийн ашиг сонирхол нь төрийн буюу ард түмний толгой дээр гарч ирчихээд ардчиллын анхны үзэл санааг гуйвуулсаар байгааг юугаар ч зөвтгөшгүй. Иймд нилээд хазайчихсан ардчиллын гажуудлыг засахаас өөр арга замгүй тийм нөхцөл байдал нь энэ улс орны тулгамдсан асуудлын нэг болчихсоныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Гэхдээ тэр нь л лав нэг танхимт парламент болох УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж олшруулах асуудал ч биш л дээ. Товчхондоо гишүүдийн тоог 51, 76, 77, 99, 108, 152 болгон ихэсгэж, багасгах нь парламентын чанар, иргэдийн аж амьдралд ямар ч агуулгын өөрчлөлтийг авч ирэхгүй гэдэг нь бараг тодорхой зүйл болов уу. Тэгээд ч ҮХНӨ оруулах цаг үе, нөхцөл байдал нь бүр биш. Нөгөөтэйгүүр ямар ч хяналт удирдлагагүй нэг танхимт параламентын гишүүдийн тоо цөөн, эсвэл олон байхаас үл хамаарч төр өөрөө өөрийгөө ялзруулдаг. Үүнийг л сайн ойлгох хэрэгтэй. Суурь муутай барилгыг улам өндөр болгоё гэдэгтэй л адилхан зүйл. Эхлээд сууриа бэхжүүлэх, дараа нь барилгаа хэдэн давхар өндөр барьсан ч алзахгүй биз дээ.

-Тийм гэж бодъё, тэгвэл цаашдаа яах ёстой вэ?

-Үндсэн хууль чиглэлийн дагнасан судлаач хүний хувьд мэдээж хэрэг надад өөрийн гэсэн илүү оновчтой гарц гаргалгаа бол бий. Гэхдээ таны хүсээд буй асуултад эхлээд хариулсан нь зүйтэй байх.

-Тэгвэл эхний асуултаа дахиад асууя. Г ишүүдийн тоог нэмэх багасгах нь ямар ч ач холбогдолгүй гэж та хэлээд байна уу?

-Сонгууль тулчихаад байхад бүр тодорхой хэлбэл сонгуулийн өмнөх жилд ҮХНӨ ярих нь үнэхээр утгагүй асуудал. Ер нь бол хүндэтгэлгүй л хандлага юм даа. Тэр дундаа миний эрх багадаад, түүний эрх ихдээд байна, мөн манай нийгмийн болж бүтэхгүй юм болгонд л Үндсэн хууль буруутай, харин “төр”, төрийн байгууллага, албан тушаалтанд юуных нь буруу байх вэ дээ, Үндсэн хууль нь болохгүй байгаа юм чинь гэх субъектив хандлагаас үүдэлтэйгээр УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх санал санаачилгыг иргэд бүр хүлээж авахгүй дургүйцээд байхад эсрэгээр нь зүтгүүлээд байгааг ойлгоход үнэхээр бэрх. Үүнийгээ ядаж сонгуулийн дараа яривал иргэд дэмжиж юуны магад. Цалин хөлс нэмэгдүүлж, өргөн хэрэглээний барааны үнийг бууруулж, хулгай луйвартайгаа бодитойгоор тэмцэн, эдийн засгаа эрүүлжүүлсний дараа иргэд, олон түмэн ҮХНӨ, тэр дундаа УИХ-ын гишүүдийн тоог өсгөн нэмэх асуудлыг дэмжих бололцоо урган гарахыг үгүйсгэхгүй л дээ.

-Улс төрийн намууд УИХ-ын гишүүдийн тоог олон болгоё гээд “төрийн гурван өндөрлөг”-тэй тохиролцсон гэж зарим хүмүүс хэвлэлээр ярих юм. ҮХНӨ-ийг ингэж тохиролцож болдог юм уу?

-Үгүй байлгүй дээ. Нам гэдэг бол нийгмийн удирдлагын буюу нийтийн эрх зүйн субъект биш. Тэр төрийн институдэд ч хамаардаггүй. Нам нь манай хуулийнхны онолын хэлээр бол хувийн эрх зүйн субъект. Монгол Улсын Үндсэн хуульд “улс төрийн нам” гэх ойлголт огт байхгүй. Харин “нам олон нийтийн байгууллага” гэж даруухан нэг үгээр илэрхийлсэн ес ч бил үү томьёолол бол бий. Онолын талаас нь хэлэх юм бол нам гэдэг нь хувь хүний үзэл бодол, бүлгийн ашиг сонирхол, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн иргэд олон нийтийн жирийн нэг эвсэл холбоо бүхий элементүүдийн нийлмэл цогц юм. Тэр “улс төрийн нам” гэх нэр томьёо бол наана хэлэхэд 1940, 1960 оны Үндсэн хуулийн үзэл санаа, цаана хэлэхэд Ленин багшийн “политическая партия” гэх сургаал номлолын гол цөм л дөө.

-Та энэхүү намын тухай онол арга зүйг одоогийн болж буй практик сэтгэл хөөрлийн үйл явцтай холбон тайлбарлаж өгнө үү?

-Товчхондоо оросоор “частный”, англиар “private inter­est” гэх хувийн ашиг сонирхол, их сайндаа бүлгийн ашиг сонирхолд захирагдмал цэвэр хувь этгээдийн явцуу ашиг сонирхол. Ийм юмыг “төр”-ийн буюу Монголын ард түмний нийтийн ашиг сонирхолын дээд илэрхийлэл болсон “төрийн гурван өндөрлөг”-тэй тохиролцоно, тохиролцуулна гэж ч юу байхав дээ. Зарим нь зүгээр л хүний янз үзэж, дооглож, тохуурхаж байгаа царай нь тэр биз. Өмнөх асуултуудын чинь цөмийг дүгнэж хэлэхэд ҮХНӨ оруулах аливаа хэлбэр ба суурь аргад эрхэм гишүүд, нам толгойлж байгаа хүмүүсийн хэлээд хэрэглээд байгаа шиг зүйл огт үгүй. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн зүйл заалт, Үндсэн хуулийн үзэл санааны эсрэг элдэв тохиролцоо, хандлага гэж байж болохгүй. ҮХНӨ оруулах талаар хийж буй ухуулга сурталчилгаа, тэрчлэн аймаг, сум өртөөлөн давхиж хэдхэн хүн цуглуулж зүг чиг, жолоо цулбуургүй баахан мэдэмхийрсэн, албан тушаалдаа омогшиж эрдсэн нөхдийн яриагаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийдэггүй. Сайн ухуулбал энэ иргэд олон нийт чинь ер нь ҮХНӨ-ийг их сайн дэмжиж байна шүү гээд төр засгийн удирдлагад буруу ташаа мэдээлэл хүргэж байгаа нь нууц биш. Энэ мэт олон асуудлын аль нь ч ҮХНӨ оруулах, түүнд гар дүрэх хэлбэр ба арга биш гэдгийг хэлэхэд илүүдэхгүй болов уу. Саяхан л 2000 он гаран гартал дагаж мөрдөж байсан эрүүгийн холбогдох зүйл заалт ёсоор бол “төрийн эрх мэдэл”-ийг хууль бусаар авах зүйлчлэл дотор хэлбэрийн хувьд Үндсэн хуулийн бус аргаар авах үйлдлээр илэрдэг онц аюултай гэмт хэрэг гэж үзээд нутаг заах ялаас гадна 16-20 жилийн хорих ялтай санкцыг өдгөө ардчиллын буян заяанд юу хийж байгаагаа мэдэхгүй арай л дэндүү давраад байх шиг.

-Нам төрийг удирддаггүй юм бол төрийг удирдах ард түмний гол эрх нь юу юм бол?

-Хөөрхий иргэд, олон түмэн төрийг удирдах хэрэгт шууд оролцох ердөө л хоёрхон хэлбэр бий. Нэг дэх нь Үндсэн хуульд гар дүрэхдээ хүрвэл ард нийтийн санал асуулга явуулах замаар, өөрөөр хэлбэл тэднээс 76 гишүүний тоог 152 болгохыг та дэмжиж байна уу, үгүй юу гэж асуух явдал юм. Хоёр дахь нь УИХ-ын гишүүнийг иргэд нийтээрээ чөлөөтэй, шууд сонгох явдал байдаг. Бусад эрх нь хөөрхийдөө өөрсдийнх нь сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагад үгээ болон санал хүсэлт, өргөдөл гомдлоо дамжуулан уламжлах төдий зүйл. Гэтэл тэр хоёр үндсэн эрхийнх нь нэгийг нь намууд хуйвалдаж тохиролцож булаах шахам аваад, нөгөөг нь иргэд нийтийн хүсэн хүлээсэн жинхэнэ төлөөлөгчийг тэднээр сонгуулах биш, харин “улс төрийн нам”-ын даргад таалагддаг мөнгө, бэл бэнчинтэй намын төлөөлөгчдийг ард түмний төлөөлөл гэж итгэн сонгохоос өөр замгүй болгочихоор энэ нэг танхимт парламентын тогтолцоо ялзарч, гишүүд нь хэрэг төвөгт орооцолдож яллагдагчаар татагдахаас яахав дээ. Энэ гажуудлыг засах хэлбэр нь УИХ-ын гишүүдийн 76 гэх тоог 152 болгон механикаар өсгөн нэмэгдүүлэх явдал огтоосоо биш байх аа.

-Тэгвэл ард түмэн төрийн эрхийг Үндсэн хууль ёсоор барьж байна гэдгийг илэрхийлэх гол шалгуур нь Монгол Улсын хувьд чухам юу юм бол?

-Энэ асуултад хариулахад багагүй тайлбар, нилээд арга зүйн асуудал гарч ирнэ. Ийм том “проблем”-ыг одоо ярьж буй тоо төдий хэлбэрдэлтэй холилдуулж хутгалдуулмааргүй байна. Би өмнөх асуултууд дээр ч хэлсэн. Яахав дараа тусгайлан ярилцлага өгч болно.

-76 гишүүний нэг хүнд оногдох чадал ба 152 гишүүний нэг хүнд оногдох чадлын талаар та юу хэлэх вэ?

-Иймэрхүү үг яриа өмнө нь сонсож байсан. УИХ-ын танхимд хүртэл дуулдах шиг болно лээ. Сонин л асуулт байна. Ер нь бол Үндсэн хуульд заасан ёсоор Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана гэсэн суурь зарчимдаа тулгуурлаж иймэрхүү асуудлыг хөндөж байвал зохистой. Ингэхгүй болохоор хүн амын суурьшил, тоо толгой дагаж гишүүдийн тоог нэмэх гээд байгаа юм бол Улаанбаатар хотоос сонгогдох УИХ-ын гишүүдийн тоог л нэмэх шаардлагатай тулгарна. Манай УИХ, засгийн газартай байнга ажиллаад байгаа нөхөд өөрсдөө судлаагүй байж одоог хүртэл маш их шүүмжлэл дагуулсаар буй Эстони гаралтай физикч Рейн Тагенперагийн аль жараад үеийн улсуудын парламентын үйл ажиллагааг судлаад 1972 онд боловсруулж парламентын гишүүдийн тоог куб язгуурын аргачлалыг хамгийн сайн юм шиг туйлшруулан тайлбарлаад байгаа нь мода Монголоор дуусдагийн нэгэн жишээ гэхэд хилсдэхгүй байх. Яагаад гэвэл өнөөгийн хөгжингүй улсуудад парламентын гишүүдийн тоог багасгах гэж бөөн аюул тэмцэл болж байна. Тэр бүү хэл зарим нэр дэвшигчид нь парламентын гишүүдийн тоог хэрхэн багасгах талаар сонгуульт ажил хийн ялалт байгуулж буй ийм цаг үе дор манайхан тоогоо нэмэх тухай улайран довтолж буйг юу ч гэж бодмоор юм бэ дээ, өөрсдийн чинь ухамсар л мэдэх асуудал юм даа.

-Гэхдээ л дээрх тоон дээр тоогоор илэрхийлсэн хариулт өгч болох уу?

-Элдэв дээдийн тоо бодож, бодуулж тухайлбал 76 гишүүний тал болох 38 дээр нэг хүнийг нэмбэл 39 болно, иймд 18 гишүүнийг л барьчихад ямар ч хууль санаснаараа батална. Ингүүлэхгүйн тулд гишүүдийн тоог 152 болгож олшруулчихаар хууль лоббиддог хуйвалдаан зогсчихно энэ тэр гэхийн оронд зүгээр л намчирхаж найзархаж өөгшүүлсэн үл бүтэх этгээдүүдтэйгээ сахилга хариуцлага тооцож чаддаггүй мэдлэг чадваргүй удирдлагын завхралыг л засах хэрэгтэй. Зүгээр нэг нийтийн албаныхаа ажлаа гүйцэтгэж чадахгүй хууль зөрчиж хүн хохироогоод буй албан тушаалтнуудтай яг тэр моментод нь “импичмент” тооц, бас хариуцлага тооц, ажлаас нь чөлөөл, шаардлагатай бол шүүхэд өг тэгээд л бол оо. Түүнээс биш хоёр гурван жилийн дараа “өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв” гэдэг шиг баахан юм ухаж төнхөж, бөөн зардал чирэгдэл болж “импичмент” тооцох нь улс төрд ямар ч үр дүн өгөхгүй, өс хонзон дуудахаас цаашгүй. Үнэхээр шийдмээр байгаа бол парламентын дэг журмыг болон нэр дэвшигчдийн шалгуурыг өндөр түвшинд тогтоон өгч түүнийгээ чанд мөрдөхөд л болчих зүйл. Асуудал тоондоо байгаа юм биш.

Парламентын тоог нэмэхэд бүгдээрээ л бараг нэг саналтай байна. Гэхдээ ямар ч удирдлага хяналтгүй аль хэдийнээ ялзарч муудсан нэг танхимт парламенттай байж дур зоргоороо авирлах тэр дотуур санаагаа гүйцэлдүүлэх гээд үхэлдээд байх шаардлагагүй. Түүний оронд төрд ард түмний өөрсдийнх нь дуу хоолой, төлөөлөл, засаглах эрх буюу нийтийн албаны үйл ажиллагаанд хяналт тавих дээд танхимын зохион байгуулалт, хууль зүйн үндэслэл зайлшгүй тулгарчихаад буйг бид анхаарахгүй байж болохгүй.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн 20 мянган ам метр талбайг зүлэгжүүлнэ DNN.mn

Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн хэрэгжилтийг хангаж, гарааш чөлөөлсөн талбайг охижуулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгожээ.

Энэ хүрээнд тавдугаар сарын 5-ны байдлаар 21 байршилд 282 гарааш чөлөөлөөд байна. Нийт 132 байршилд 2355 гарааш чөлөөлөх бөгөөд нийт талбайн хэмжээ 5251 ам метр юм.Мөн нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх, харшлаас сэргийлж хогийн ургамлыг устгах, модны хөвөн хийсэхээс урьдчилан сэргийлэх ажлуудаа зохион байгуулах үүрэг өгсөн.

Нийт 132 байршилд 135.4 га талбайд арчлалт хийхээс Хот тохижилтын газар ОНӨААТҮГ 44 байршлын 46 га талбайд, хувийн хэвшлийн ойн мэргэжлийн 21 байгууллага 88 байршлын 89 га талбайд арчилгааг арго технологийн дагуу гүйцэтгэнэ. Тодруулбал, 20 мянган ам метр талбайд зүлэгжүүлэлт хийж, 512 мянган цэцэг, 95 мянган бут сөөг, 2100 шилмүүст мод, 88 мянган гоёл чимэглэлийн мод, бут тарихаар төлөвлөжээ.

Мөн унгирал үүсгэдэг 2400 орчим улиас модонд 21 байгууллага агро технологийн дагуу хэлбэржүүлэлт хийнэ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Д.Баттөмөр “Seattle Filmmaker Awards” наадмаас “Шилдэг эрэгтэй жүжигчин“ шагнал хүртжээ DNN.mn

Даунтай хүүхдийн талаар өгүүлэх “Трио” кино дахин нэг олон улсын наадмаас шагнал хүртжээ. Тодруулбал, “Трио” уран сайхны киноны найруулагч, жүжигчин Д.Баттөмөр АНУ-ын “Seattle Filmmaker Awards” наадмаас “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагнал хүртжээ.

Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Трио киноны ес дэх навч, АНУ-ын Seattle Filmmaker Awards наадмын “Шилдэг эрэгтэй жүжигчин боллоо. Триочуудаа дахиад зөндөө олон навч, шагнал, наадам биднийг хүлээж байна. Чүү чүү” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.