Categories
арын-нүүр булангууд мэдээ

​Одонтой ч, одонгүй ч ээжүүддээ баярлалаа DNN.mn


Дөнгөж зургаан настай болов уу гэмээр хүү цүнхээ чирэн сургуулийн хашаанд уйлан зогсож байв. Хүү айсан бас их сандарсан бололтой харагдана. Хажуугаар нь эцэг эхчүүд уйлан зогсоо хүү шиг насны хүүхдүүдийг хөтлөн өнгөрөх тоолонд тэрбээр улам их гомдож байгаа бололтой шуг шуг хийн эхэр татах нь чангарах аж. Яаж яваад сургуулиасаа гараад ирсэн юм бодвол хөөцөлдөж гүйж сахилгагүйтэж байгаад л гарчихсан бололтой. Яагаад гэвэл ийм насны хүүхдийг ганцааранг нь гаргадаггүй журамтай. Мань хүн зах хязгааргүй ертөнцөд гэнэт гарч ирчихээд хаачихаа мэдэхээ байчихсандаа ийнхүү айж сандарч зогсоо биз ээ. Хязгааргүй ертөнц түүнийг огт үл тоон өөр өөрсдийн зам мөрөөр бужигнаж , бас аймаар хүнийрхүү огт танихгүй хүмүүс хажуугаар нь зогсох ч үгүй зөрөн өнгөрцгөөнө. Хэдийгээр сургуулийн хашаанд боловч тэр ганцаараа ийнхүү байж үзээгүй билээ. Гэтэл сургуулийн хашаагаар жижигхээн туранхай залуу бүсгүй шогшин орж ирээд хүүг харан айсан гайхсандаа дуу алдан “Ганаа миний хүү юу хийж энд ганцаараа зогсож байгаа юм бэ” гэж уулга алдав. Хүү тэр жижигхэн туранхай ямар ч чадал хүчгүй, хэнийг ч хамгаалж хүч үл хүрмээр эмэгтэйг харан “ээж ээ” гэж хашхираад саяхан уйлж байснаа тас мартаж инээд алдан тосон гүйлээ. Хүү сахиусан тэнгэрийн тэвэрт байгаа мэт, бүүр дэлхийд ганцхан байдаг шидэт дагинад тэврүүлчихсэн мэт саяхны айж, сандарч байснаа тас мартажээ. Ээжүүд ийм л шидтэй. Тэд ямарч хүчгүй мэт үзэгдэвч, ямар ч залуу бүүр өөрөө хүүхэд мэт харагдавч өөр хэнд ч байдаггүй үр хүүхдээ гэсэн ид шид оргилон байдаг юм. Түүнийг нь ээж гэж дуудаж хэлд орсон хэн ч мэддэг.

Монгол даяар ээжүүд одонгоо авч баярлалдан байна. Хаашаа л харна, гоёлоо өмссөн ээжүүд цэцэг мэт алаглан баяр баясгалан авч ирнэ. Одонтой ч бай, одонгүй ч бай ээжүүд бүгд адилхан үр хүүхдийнхээ өмөг түшиг нь билээ. Та нартаа баярлалаа.


Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймгийн Бугат суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Говь-Алтай аймгийн Бугат сумын гуравдугаар багийн “Ган нам” гэдэг газар аймгийн төвөөс баруун урд зүгт 250 км-т, сумын төвөөс урд зүгт 49 км-т 2023 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 05:36 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй байна.

Categories
мэдээ нийгэм

Малын түүвэр судалгааны мэдээлэл цуглуулалт орон даяар эхэлжээ DNN.mn

Малын 2023 оны хагас жилийн түүвэр судалгааны мэдээлэл цуглуулалт орон даяар эхэллээ. Статистикийн тухай хуульд “…малын хагас жилийн тооллогыг түүвэр судалгааны аргаар хуульд заасан хугацаанд явуулна” гэж заасан байдаг.

Малын түүвэр судалгааны зорилго, ач холбогдол:

– Оны эхний хагас жилийн малын тоог гаргах, хянах;
– Малын хорогдол болон төллөлтийн явцыг хянах;
– Малчдад нөхөн олговор олгоход шаардагдах мэдээллийг цуглуулах

Энэ оны хагас жилийн малын түүвэр судалгааны мэдээлэл цуглуулалт өнөөдөр буюу 5 дугаар сарын 30-ны өдөр орон даяар эхэлж байгаа бөгөөд ирэх сарын 6-ныг дуустал үргэлжилнэ.

Судалгаанд 21 аймгийн 330 сум болон нийслэлийн мал бүхий 6 дүүргийн 40622 өрх, ААНБ хамрагдах юм гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 10 мянга гаруй ээж “Алдарт эхийн одон”-гоо гардаж авлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.

Энэ жил улсын хэмжээнд 10,785 ээж Алдарт эхийн одон хүртэж байгаагийн олонх нь 36 орчим насныхан байна. Нийслэлийн 9 дүүргийн 4,696 ээжид 2023 оны 05 дугаар сарын 25, 26, 29, 30-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Алдарт эхийн одонг гардуулж дууслаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:
  • Нийслэлийн 9 дүүргийн 4,696 ээж, үүнээс I зэргийн одонг 297, II зэргийн одонг 4,399,
  • 21 аймгийн 5,979 ээж, үүнээс I зэргийн одонг 471, II зэргийн одонг 5,508,
  • Гадаадын улс орнуудад оршин суугаа 110 ээж, үүнээс I зэргийн одонг 5, II зэргийн одонг 105 ээж хүртлээ.

Үр хүүхдээ зөв сэтгэлтэй, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг иргэн болгон өсгөж хүмүүжүүлсэн гавьяа зүтгэлийг Монгол төр ийнхүү алдаршууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч алдарт ээжүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Хүүхдийн мөнгө олгож буй нь нийгмийн халамж бус, харин хүн амаа өсгөх, эх үрсээ дэмжих, хүүхдийн хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалт, төрийн бодлого гэж үздэгээ илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Эмч Ч.Гансүх: Vape хэрэглэж байгаагаа өсвөр насныхан дундаа мода, нэг нэгнээсээ илүү гарч байгаа соёл мэтээр үзэх болжээ DNN.mn

“Дэлхийн тамхигүй өдөр” тун удахгүй тохионо. Жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийг “Дэлхийн тамхигүй өдөр” болгон тэмдэглэдэг.

Яагаад энэ өдрийг тэмдэглэх болсон бэ гэвэл жил бүр дэлхий даяар зөвхөн тамхидалтаас болж долоон сая гаруй хүн хорвоог орхиж байна. Ойролцоогоор зүрхний эмгэгийн нас баралтын 12 хувь нь тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй. Зүрх судасны эмгэг ба цусны даралт ихсэх өвчний хоёр дахь шалтгаан (тамхидалт үүнд нөлөөлдөг) болдог. Энэ тоон мэдээ тамхи татдаг хүмүүсийн хувьд таагүй үр дүнг харуулж байгаа ч ойролцоогоор 900 мянга гаруй хүн бусдын татсан тамхины утаанд өртсөнөөс үүдэн нас барж буй юм. “Дэлхийн тамхигүй өдөр” нь тамхи татдаг хүмүүс зөвхөн өөрсдөө хордоод зогсохгүй тамхи тэдний эргэн тойронд буй хайртай дотны хүмүүст нь нөлөөлдөг гэдгийг ойлгуулах зорилгыг агуулдаг. Дэлхий даяар 1 тэрбум гаруй хүн тамхи татдаг. Түүний 80 орчим хувь нь бага орлоготой улс орнуудад ногдож, тамхидалтаас үүдэлтэй өвчлөл, нас баралтад хүргэж байгааг ДЭМБ анхааруулж байна.

Янжуур тамхийг судлаачид эртнээс судлан, дотор нь агуулагдах хорт бодис, хүмүүст хэрхэн нөлөөлөх зэрэг бүх зүйлийг гаргасан байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд электрон тамхи буюу Vape тамхины хэрэглээ олон улсад нэвтэрчээ. Янжуур тамхины хэрэглээг олон жил судлаад, тодорхой үр дүнг хүмүүс мэддэг учир энэ удаад электрон тамхины хор нөлөө болон янжуур тамхинаас юугаараа онцлогтой талаар Хавдар судлалын үндэсний төвийн эмч Ч.Гансүхтэй ярилцлаа.


-Элетрон тамхи, янжуур тамхины ялгаа нь юу вэ?

-Утаат тамхины хувьд никотин нь арай өндөр. Никотин нь их байна гэхээр донтуулах нөлөө их байна гэсэн үг. Тэр нь судасны ханыг агшаах, судсыг нарийсгах үйлдэлтэй. Сүүлийн үеийн Vape буюу электрон тамхи нь утаат тамхитай адил хэмжээний никотин агуулсан байдаг. Дэлхийн 30 гаруй оронд үүнийг хортой хэмээн оруулахыг хориглосон. Манай улсын хувьд цахилгаан бараа гэх нэршлээр оруулж ирдэг. Энэ нь хэрвээ тамхи гэдэг нэрийдлээр орж ирвэл Онцгой албан татвар ногдуулдаг. Харин цахилгаан бараа гэсэн нэрийдлээр энгийн татвар төлнө гэсэн үг. Тэгэхээр үүнийг хяналтгүй оруулж ирээд байна уу гэж харагдаад байгаа.

-Энэхүү Vape буюу электрон тамхийг хэрэглэгч иргэдийн насны хувьд ямархуу байгааг анзаарсан уу?

-Дийлэнх нь өсвөр насны хүүхдүүд хэрэглэдэг болсон. Бие биенийхээ дунд мода болгочихсон, нэг нэгнээсээ илүү гарч байгаа соёл мэтээр үзэх болжээ. Яг электрон тамхины хувьд судалгаа шинжилгээг маш бага хийсэн учир хортой гэдгийг нотолж чаддаггүй байж. Сүүлийн жилүүдэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нарийвчлан судалж үзэхэд электрон тамхи нь янжуур тамхи татаж байгаагаас хор нь арай үйлчлэл бага ч гэсэн донтуулах явц нь найм дахин илүү байна гэсэн судалгааг гаргасан. Тэгэхээр хүмүүс тамхинаас гарах гэж үүнийг хэрэглэж байгаа бол гарахгүй л гэсэн үг. Тамхинаас гарахын тулд янжуур тамхитайгаа хослуулж хэрэглэдэг. Тиймээс хавсарч хэрэглэж байгаа тохиолдолд илүү л никотинийг хүснэ. Тэгэхээр тамхинаас шууд гарч чадахгүй. Электрон тамхийг хэрэглээд тамхинаас гарна гэж худлаа. Тэгээд гарчихсан хүн ховор. Бараг байхгүй. Тэгтэл нөгөө талаас хүмүүс Тамхины хяналтын тухай хуультай холбоотойгоор утаат тамхийг олон нийтийн газарт татаж болдоггүй. Vape-ийг хаана ч татаж болдог. Тэр утгаараа донтуулах эрсдэлийг улам л нэмдэг гэсэн үг.

-Vape-ийг өсвөр насныхан их татдаг гэлээ. Өсвөр насныханд яаж нөлөөлөх талаарх зөвлөгөө мэдээллийг өгөөч?

-Өсвөр насны хүүхэд vape татаад явж байна гэдэг үнэхээр харамсалтай зүйл л дээ. Энэ насандаа хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар хөгжиж, сурлага номдоо анхаараад явж байх ёстой. Гэвч электрон тамхи нь тархины цусан хангамжид бууралтыг өгдөг. Энэ нь ой тогтоолтыг маш ихээр бууруулж байдаг. Электрон тамхийг байнга хэрэглэснээр аажимдаа толгой байнга өвддөг болно. Ой тогтоолт маш муудна. Өсвөр насныхны бэлгийн бойжилт маш хурдтай явагдаж байдаг. Гэтэл дааврын өөрчлөлт нь жигд сайн явж байх ёстой атал энэ хөгжлөө өөрийнхөө хувьд блоколж байна л гэсэн үг. Ирээдүйд энэ хүн ямар нэгэн уушгины асуудалтай эсвэл тархи толгойны ямар нэгэн өвчлөлтэй болох өндөр эрсдэлтэй. Хэрвээ электрон тамхи vape-ийг хэрэглээд удаагүй бол нэн даруй болих хэрэгтэй. Ирээдүйд маш их сөрөг зүйлээс өөрийгөө хамгаалж болох эхний үйлдэл нь энэ юм шүү.

Электрон тамхины хэрэглээний судалгаанаас харвал манай улсын насанд хүрсэн нийт иргэдийн 24.2 нь электрон тамхи татдаг ажээ. Үүнээс эрэгтэйчүүдийн 49.1, эмэгтэйчүүдийн 5.3, 13-15 насны хүүхдийн 14.3 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа гарсан байна. 

Харин Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлснээр хууль эрх зүйн орчинд яаж өөрчлөгдсөн болон орчин тойронд хэрхэн нөлөөлсөн талаар “Хууль зүйн үйлчилгээний төв”-ийн хуульч, өмгөөлөгч Г.Жалбуугаас тодрууллаа.


-Тамхины хяналтын тухай хуульд тамхины хор хөнөөлийн талаар юу гэж заасан байдаг вэ?

-Тамхины хяналтын тухай хууль нь тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амыг хамгаалахаар тамхины хяналтын эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахаар хуульчлагдсан тул тамхины хор хөнөөлийн талаар хуульчилсан зохицуулалт байхгүй, тусгаж өгөөгүй байна.

-Мөн хуульд тамхины дам хэрэглээний талаарх заалтууд бий юу?

-Тамхины дам хэрэглээ гэж өөрийн хүсэл зорилгоос үл хамааран бусдын татсан тамхины утаагаар амьсгалахыг хэлэх бөгөөд энэ талаар Тамхины хяналтын тухай хуульд нарийвчилсан зохицуулалт байхгүй. Тухайн дам хэрэглээний талаарх тодорхойлолтыг тусгаж өгсөн байна.

-Хуульд заасныг зөрчсөн тохиолдолд иргэн, аж ахуйн нэгжид ямар хариуцлага тооцох вэ?

-Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн албан тушаалтны үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага тооцдог. Харин жирийн иргэн, хуулийн этгээд нь гэмт хэргийн шинжгүй бол Зөрчлийн тухай хуульд заасан торгуулийн арга хэмжээг авдаг. Гэмт хэргийн шинжтэй бол Эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээдэг. Тамхины хяналтын тухай хууль тогтоомж зөрчигдсөний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан гэж үзсэн иргэн, хуулийн этгээд гомдлоо холбогдох байгууллага албан тушаалтан болон шүүхэд гаргана.

-Тамхины эсрэг хууль Монголд тодорхой хэмжээгээр нөлөөлж чадсан уу. Өөрчлөгдсөн зүйлүүд бий юу?

-Тамхины хяналтын тухай хууль Монголд тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Жишээ нь, утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгт хүмүүс тамхи татдаг болсон. Сургууль, цэцэрлэгийн ойр орчим, олон нийтийн газар, зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн танхим, нийтийн хоол, худалдаа, баар цэнгээний газрын утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт тамхи татаж болохгүй. Тамхины сурталчилгаа телевиз, олон нийтийн цахим хэрэгслээр явахгүй зэрэг олон давуу талыг бий болгосон юм.

Манай улсад 2017-2019 онд импортоор оруулж ирсэн электрон тамхины хэмжээ 68 дахин өсжээ. Үүнийгээ дагаад хэрэглээ ч мөн өссөөр байна. 

Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид электрон тамхийг хил, гаалиар нэвтрүүлэхдээ цахилгаан бараа, төхөөрөмж, аппарат гэх зэргээр нэрлэж мэдүүлдэг байна. Тиймээс утаат тамхи шиг хяналт тавих боломжгүй байдаг ажээ. Иймд электрон тамхийг хуульчлах, дотоод орчинд татахыг хориглох, үйлдвэрлэх, экспортлох, импортлох тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хууль эрх зүйн орчинд хэлэлцүүлэх болсон юм.

Categories
мэдээ нийгэм

ХҮҮХДИЙН БАЯР: Зургадугаар сарын 1-нд зохион байгуулах үйл ажиллагааны хөтөлбөр DNN.mn

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор “Монгол хүүхдүүд” арга хэмжээг зохион байгуулна.

Зургадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд 11:00 цааас үндэсний агуулгатай, 12:00 цагаас орчин үеийн агуулгатай баярын хөтөлбөр зохион байгуулна. 18:00 цагт тоглолттой. Мөн спортын долоон төрлөөр тэмцээн, уралдаан зохион байгуулахаас гадна Нийслэлийн Аялал жуулчлалын газраас хүүхдүүдэд хэрхэн зөв аялах талаар мэдээлэл өгнө.

Соёлын төв өргөөнд “Хөгжлийн харандаа инновацын үзэсгэлэн 2023”, Монголын хүүхдийн ордон “Хүүхдийн ертөнц” фестиваль, Хүүхдийн урлан бүтээх төв “Бүтээлч хүүхэд” өдөрлөг, түүнчлэн дүүрэг бүр нутаг дэвсгэртээ арга хэмжээ зохион байгуулна.

Мөн дараах дөрвөн чиглэлд зургаадугаар сарын 1-ний 08:00-20:00 цаг хүртэл зам хааж, хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулах юм.

  • Монголын Хүүхдийн ордны уулзвараас Шангри-ла төв хүртэл (Гэндэний гудамж)
  • Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн уулзвараас Централ тауерын урд уулзвар хүртэл (Их сургуулийн гудамж)
  • Чингис хаан музейн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл (Чингисийн гудамж)
  • Ус, цаг уурын хүрээлэнгээс Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл (Жуулчдын гудамж)
  • “Галлериа” худалдааны төвөөс Спортын төв ордон хүртэл (Амарын гудамж).

Мөн Хүүхэд хамгааллын баг найман байршилд ажиллаж, хүүхдийг төөрөх, алга болох, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхийн утасны дугаар тэмдэглэх хэсэг бүхий AR санамжтай, үйл ажиллагааны хөтөлбөр QR кодтой бугуйвч тараана. Түүнчлэн явуулын автобус байршуулж, төөрсөн хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх юм.

Хүүхдийн баярын Ажлын хэсгийн дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө хүүхдийн эрх зөрчигдөх, хүүхэд эрсдэлд өртөхөөс сэргийлж ажиллахыг үүрэг болгов. Тухайлбал,

  • Монголын хүүхдийн ордны хойд талаас талбай хүрэх, талбайгаас Шангри-ла худалдааны төвийн чиглэлд баярын парад алхахад аюулгүй байдлыг хангаж ажиллах,
  • Төлөвлөсөн хэсгүүдэд хоол, хүнсний үйлчилгээ үзүүлэх ААНБ, иргэдэд сургалт хийх, эрүүл ахуйн шаардлага хангуулж, хяналт тавих,
  • Д.Сүхбаатарын талбай болон хөдөлгөөн түр хаасан хэсгүүдийн цэвэрлэгээ үйлчилгээ, зам талбайн усалгаа хийх, хог хаягдлыг тээвэрлэх ажлыг зохион байгуулах. Зөөврийн хогийн савуудыг олноор байршуулах,
  • Хүүхдэд зориулсан хөдөлгөөнт болон хийлдэг тоглоомуудыг бүртгэж, хяналт тавьж ажиллах,
  • Арга хэмжээний үеэр эрүүл мэндийн шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэх гурван багийг бэлэн байлгаж, үйлчилгээ үзүүлэх,
  • Хүүхдийн баяраар хүүхдийг үнэгүй тээвэрлэх болон Замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хааж буйтай холбогдуулан нийтийн тээврийн хэрэгслийн чиглэлд зохицуулалт хийх,
  • Олон нийтэд зориулсан арга хэмжээг зохион байгуулахдаа хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалахад анхаарч ажиллах зэрэг үүрэг өгсөн байна.
Categories
мэдээ улс-төр

Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ DNN.mn

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүдийн хурал 10.00 цагт Төрийн ордонд эхэлнэ. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороогоор Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагт эхэлж, дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
Categories
мэдээ улс-төр цаг-үе

​”Хөгжлийн банк”-ны шүүх хуралдаан 32 дахь өдрөө үргэлжилж байна DNN.mn

“Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 32 дахь өдрөө үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүснэ DNN.mn

Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүснэ.

2023 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

31-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 6-р сарын 1-нд нутгийн зарим газраар, 2-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 31-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +6…+11 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +15…+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +19…+24 градус, бусад нутгаар шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Ял шийтгүүлсэн улстөрчид УИХ-д нэр дэвших ийм гурван гарц олжээ DNN.mn

“Яаж УИХ-д нэр дэвших вэ” гээд толгойгоо гашилгаж суугаа цөөнгүй улстөрч бий. Гол нь тэдэнд УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших гарцаа олох нь чухал юм. Яг ийм зовлонтой гурав, дөрвөн улстөрч сүүлийн үед салахаа больжээ. Тэд улс төр, нийгмийн бужигнаанд нэлээд идэвхтэй оролцдог. Тэгэхээр хэн, хэн ингэж явааг нь хэлүүлэлтгүй, бараг тодорхой болж буй биз ээ. Тэд УИХ-д нэр дэвших гарцыг хамтдаа хайсан юм байна. Ингээд гурван гарц олжээ.

Нэгдүгээрт, шүүх дээр хэргээ “задлах” арга байна гэж үзжээ. Бид мэднэ, Дээд шүүхийн зарим шүүгч тусгай санал гаргаж, гурван шатны шүүхээр шийдсэн хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Нэгэн хуульч үүнтэй заргалдаж, Дээд шүүхийн нэр бүхий гурван шүүгчтэй холбоотой гомдлыг АТГ, Шүүхийн сахилгын хороонд гаргасан. Шүүхийн сахилгын хорооноос дээрх гурван шүүгчид сахилгын хэрэг нээгээд шалгажээ. Өнгөрсөн долоо хоногт хуралдаан нь болсон юм. Сахилгын хорооны гишүүд “Энэ бол сахилгын хэрэг биш байна” гэж үзжээ. Ингээд тэдгээр шүүгчийн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Сахилгын хороо ийм шийдвэр гаргаснаар Дээд шүүхийн шүүгчдийн тусгай саналаар гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хуулийн зөрчилгүй гэж ойлгогдож байна. Тэгэхээр энэ нь ял шийтгүүлсэн улстөрчдөд боломж болж буй ажээ. “Ирэх сонгуульд яаж нэр дэвших вэ гээд гүйлдээд байсан улстөрчид ч үүнийг мэдсэн юм шиг Дээд шүүхийг “хараалаад” эхэлчихсэн” гэх мэдээлэл байна.

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдтэй “ажиллаж” УИХ-ын сонгуулийн тухай хуулиас хаалт болдог заалтыг авахуулах гэнэ. Уг хуулийн 29.8-д “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэж заасан. Үүнийг “Албан тушаалын” гэдэг үгийг авчихад л “УИХ-д нэр дэвших гарцаа олно” гэж хамт яваад байгаа ял шийтгүүлсэн улстөрчдийн эрх ашиг хангагдах учиртай юм байна. Тиймээс УИХ-ын даргын зөвлөлд багтдаг нөлөө бүхий гишүүдтэй уулзаад эхэлжээ. Энэ нь цаг хугацааны хувьд ч маш тохиромжой гэж тэд үзсэн бололтой. УИХ-аар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцээд эхэллээ. Залгуулаад Үндсэн хуулийн дараа өөрчлөлтөд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэнэ. Зарим өөрчлөлтийг хийнэ. Чухам тэр үед нь л “Гуя дагаж хүзүү” гэдэг шиг “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсний “Албан тушаалын” гэдэг үгийг авахуулахаар ажиллаж байгаа юм байна.

Гуравдугаарт, ийм асуудалтай улстөрчид бас нэг “аврах гарц”-аараа Үндсэн хуулийн Цэцийг оноогоод байгаа ажээ. “УИХ-ын сонгуулийн тухай хууль, бусад хууль тогтоомжоор нэр дэвших эрхийг хязгаарласан нь хүний эрхийг хясан боогдуулж Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн агуулгаар дүгнэлт гаргуулах нь зөв” гэж үзсэн байна. Тиймээс Үндсэн хуулийн Цэц рүү албан бусаар хандаад эхэлсэн бололтой.

Ерөнхийдөө ял шийтгүүлсэн улстөрчид ийм гурван гарц олжээ. Аль нэг “хувилбар”-аар нь УИХ-д нэр дэвших боломжтой гээд үзэж байгаа юм байна. Тиймээс тэдний хэрхэн “ажиллаж” буй нь тун удахгүй УИХ, Үндсэн хуулийн Цэц, Дээд шүүхийн үйл ажиллагаагаар илэрч мэдэх л юм.

П.Хуяг