Categories
мэдээ цаг-үе

ҮСХ: Хүнсний гол нэрийн барааны үнэ 2.7 хувиар өсчээ DNN.mn

2023 оны 5 сарын 15-ны байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 5.6 хувиар, өмнөх 7 хоногоос 2.7 хувиар тус тус өссөн байна..

2023 оны 5-р сарын 15-ны байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа хүнсний зарим гол нэрийн барааны үнийг танилцуулж байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Даварсан малчид УИХ-ын гишүүдийг “Миний малд өвс авчирсангүй, зайл” гэж загнаж байна DNN.mn

УИХ-ын гишүүд энэ сарын эхээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдийн саналыг авч хөдөө орон нутагт ажиллалаа. Хөдөөгүүр цагийн байдал хүнд, цас зудтай, хүйтэн салхитай байгаа учир өвс ногоо цухуйгаагүй, мал ихээр хорогдож буй тухай албан мэдээ өдөр болгон шахам сонсогдож байна. Өвөлжилт хүндэрсэн, зудтай аймаг, сумд гэлтгүй хаа сайгүй л нөхцөл хүндэрч малчид малаа хэдэн зуугаар нь үхүүлж байна. Яг энэ үед нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаа тойрогтоо буюу Ховд аймагт очиж ажиллаж сумдаа тойров. Гэтэл Дуут суманд очтол нэгэн малчин эр түүнийг омогдон загнаж буй бичлэгийг бүгд харлаа. Тэр малчин малаа үхүүлсэн малчид уйлалдаж, даралт нь ихэсч сэтгэл санаа нь хүнд байгаа тухай ярьж “Та өвстэй ирсэн юм уу, халтар нүүрээ харуулах гэж Дуут суманд ирсэн юм уу, таны нүүрийг хараагүй хүн энд алга, яв” гэж байх юм. 2022 онд манай улс 70 сая мал тоолуулсан. Энэ 70 сая мал бол тэр чигээрээ малчдын хувийн өмч. Хувийн хөрөнгө нь цас зуданд үрэгдсэний төлөө төрөө төлөөлж, хуулийн төсөл танилцуулж явсан УИХ-ын гишүүнийг “Өвсгүй ирлээ, зайл” гэж байгаа нь буруу. Өөрийнхөө малын өвс тэжээлийг малчин нь өөрөө бэлдэх ёстой. Мал минь 200, 300-гаараа үхчихлээ гэж ярьцгааж байна. Өнгөрсөн намар нутаг орноос нь байдал хүндэрнэ, болбол малаа эдийн засгийн эргэлтэд оруулаарай гэж эвтэйхнээр уриалаад байсан даг. Эдийн засгийн эргэлтэд оруул гэдэг нь шууд утгаараа бол тарга тэвээрэгтэй, үнэд хүрч байгаа дээр нь эртхэн зар, мах комбинатад өг, тэгэхгүй бол зуднаар үхнэ шүү гэж эрсдэлийг тооцсон анхааруулга байсан шүү дээ. Цаг агаар муудна, хүндхэн өвөл болно, хавар хэцүүднэ гэдгийг бүр зунаас авахуулаад сануулж байсан ч малчид тоонд шүтдэгээрээ шүтсээр хариу ямар ч арга хэмжээ аваагүй, бэлтгэл ажил ч хийгээгүй нь энэ. Нэг ёсондоо малчид малдаа хэрхэн ханддагтаа дүнгээ тавиулчихлаа. Малчид алийн болгон ингэж хүнээр тэжээлгэх гээд байгаа юм бэ. Ямар ч бизнесмэн наймаа, бизнес нь алдагдалд ороод дампуураад ирэхээр “Чамаас л боллоо, надад яагаад мөнгө өгсөнгүй вэ” гэж УИХ-ын гишүүн ч юм уу, өөр хэн нэгнийг загнаж байсныг лав харсангүй ээ, өдий болтол.

Малчидтай нялуурч, очих болгондоо юм өгсөөр байгаад давраасны хар гай ингэж гарч байна. Сүүлдээ бүр төр төлөөлж яваа хүнийг “Миний малд түмний, татварын мөнгөөр өвс авчирч өгсөнгүй” гэж зандарч эхэллээ. Гэтэл ийм харилцаа, ингэж хэн нэгнийг загнах нь байх л ёстой энгийн үзэгдэл, байдаг л стандарт, хэм хэмжээ мэтээр олон түмэнд ойлгогдож, олон түмэн нь тэгж ярьж байгаа малчнаа өмөөрөх шинжтэй. “Гишүүн байж малчин дээр хоосон очоод байхдаа яадаг юм” гэж дэмжиж ч байх шиг. Ийм болтлоо бид нялуурч, баруун солгойгүй дэлүүрсэн байна. Ийм болтол нь малчдыг харж үзсэн байна аа, 2016 оноос хойш. МАН-ын төр барьж буй энэ найман жилд ард түмнийг ийм болгожээ.

Жинхэнэдээ бол наад мал чинь малчин таны л өмч, таны л мал. Наад малынхаа ашгийг та л хүртдэг. Ашгийг нь та УИХ-ын гишүүнээр дамжуулж ард түмэнд өгдөггүй биз дээ. Өөрөө л ашгаа хүртдэг болохоор та бүх хариуцлагаа өөрөө хүлээх ёстой. Гишүүнийг загнасан тэр малчин эрийг сошиал даяараа л эвий минь, хөөрхий минь, зөв хэллээ гэж байна. Ингэхээ больё оо, эвийлж, хөөрхийлөх биш энэ олон амьтны амийг өөрийн хариуцлагагүйгээс болж үхүүлсэн гэж шийтгэл оногдуулж, хариуцлага тооцдог болгох ёстой юм, угтаа. Таван хошуу мал бол бидэнтэй яг адил амьд амьтан. Халуун хошуут малынхаа амь амьдралыг малчин хүн сайн дураараа дааж авсан, би энийг маллана, би энийг өсгөнө, би ашиг шимийг нь хүртэнэ гэж. Ийм байтал яагаад жил болгон малаа олноор нь үхүүлчихээд хариуцлага хүлээдэггүй юм бэ. Өвс авчирсангүй гэж УИХ-ын гишүүнийг загнаж зогсохын оронд малчин өөрөө малаа тэжээгээд байж байх ёстой. Хариуцлагагүйгээсээ болж малаа олноор нь үхүүлдэг энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулдаг баймаар байна.

Орчин үед хүн төрөлхтөн илүү энэрэнгүй болж, амьтан хамгаалах тал дээр нэгддэг болсон. Нэг муурыг тарчлаасны төлөө амьтан хамгаалагчид, гэрийн тэжээвэр амьтдыг хамгаалдаг ТББ-ууд, хувь хүмүүс яаж тэмцсэнийг сана. Монгол Улс гэрийн тэжээвэр амьтдыг хамгаалдаг хуультай болж байна. Дэлхий дахины амьтныг хайрладаг, хамгаалдаг энэрэнгүй үйлс Монголд ч нэвтэрч байхад монгол малчин малаа жил болгон хэдэн зуугаар нь хөлдөөж, өлдөөж үхүүлж байгаа нь хүн төрөлхтний эсрэг, амьтны эсрэг үйлдэж буй гэмт хэрэг мөнөөс мөн болно. Малдаа өвс тэжээл хангалттай бэлтгээгүй, дулаан бууц хашаа, байр бариагүйнх нь төлөө, малаа жил болгон үхүүлдэг малчдыг амьтдыг тамлаж алсан хэргээр шийтгэдэг болох ёстой. Төр хатууд хатуу, зөөлөнд зөөлөн байдаг чанараа үүн дээр гарга.

Хэн нэгэн сошиалаар уйлж дуулангуут бүгд ханарч, эвийлж хөөрхийлцгөөдөг хөл толгой нь олдохгүй ийм нялуурсан амьдрал Монголыг хөгжүүлэхгүй байгаа юм аа. Малчин мал маллаж чадахгүй байвал, үхүүлээд байвал малаас бушуу холд. Чаддаг нь маллах хэрэгтэй. Угаас зах зээлийн зарчим нь ч энэ. Чаддаг нь, чадварлаг нь шигшигдэж үлддэг аль ч салбарт. Мал алаад байгаа нөхөр малаас холдох нь нөгөө талдаа илүү энэрэнгүй ч юм. Цаашид нүүдлийн мал аж ахуй явцгүй болсон гэдэг нь олон юман дээр харагдаж байна. Монгол Улсын бэлчээрийн даац 2-3 дахин хэтэрчихсэн. Худлаа гэвэл газраа хар. Улаан элгээрээ эргэж, тоос нь тэнгэрт тулж, шуурга нь тивийг бүрхэж байна. Зуны эхэн сар гарах гэж байхад газар улаанаараа эргээстэй. Ийм улаанаараа эргэсэн газар дээр эзнээ мянгат болгосон мал сүрэг чинь хамар хатгах өвсгүй юм чинь мянга мянгаараа, сая саяараа үхэхгүй өөр яах юм бэ.

Малдаа тэжээл бэлддэг, дулаан байр барьдаг гэдэг ойлголт манай малчдад ерөөсөө байдаггүй. Мал өсгөх гэж байгаа бол өвлийг өлхөн давчихдаг, үлдвэл дараа жил гээд нөөцлөх хэмжээний тэжээл, өвс бэлдэх хэрэгтэй шүү дээ. Эрсдэлийг тооцох ухаан малчдад байх ёстой. Тэжээлээ бэлдлээ гэхэд хөрөнгө мөнгө, цаг заваа заран байж бэлдсэн нөөцөө салхи, усанд идүүлээд хог болгоод хаячихдаг нь дийлэнх. Дээвэр хийж, чийгнээс хамгаалдаг битүү амбаар ч болтугай барьж өвсний нөөц бүрдүүлнэ гэдэг сөхөө ч байдаггүй нь үнэн. Өнөтэй ч бай, зудтай ч бай өвсөө хангалттай бэлдэж, нөөц нэмэгдүүлдэг хашир ухаан хэрэгтэй байна, малчдад. Сэтгэхүйдээ өөрчлөлт хийхгүй бол малчид аа, урагшлахгүй нь ээ, та нар.

Нөгөө талдаа малчдыг өрөвддөг хийсвэр хандлагаас нийгмээрээ татгалзах цаг нь болсон. Мал төрийн мэдэлд байдаг байсан социализмын үед хаврын тарчиг цагт малчдад нэмнээ оёж, лаа шүдэнз илүүчилдэг хуучирсан, намчирхсан үзэл суртлын үлдэгдэл нь нийгмийн зарим хэсгийнх нь тархинд үлдсэний гор ч байх. Нийгэм чинь өөрчлөгдөж, мал хувьд очоод 30 гаруй жил болж, малчид хэнээс ч шүдэнз гуйхааргүй бэлтэй, хувьдаа малтай хөрөнгөтэй хүмүүс болчихсон. Зөвхөн малчин ч гэлтгүй нийтээрээ ужгирсан энэ үзлээ тайлж хаяж, сэтгэхүйдээ өөрчлөлт хийж малчин гэхээр өрөвдүүлж юм нэхдэг, малчин харахаар худлаа эвийлдэг хуурамч зангаа татацгаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Дамдинням: Дарханы зам гацаанаас гарсан, бүтээн байгуулалт нь энэ жилдээ багтаж дуусах төлөвлөгөөтэй байгаа DNN.mn

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай ярилцлаа.


-Ажлын хэсгийг нь ахалж яваа учраас танаас Боловсролын багц хууль тойрч сонирхох хэдэн асуулт байна. Бас Дарханы замын талаар олны сонирхож буй өнцгүүдээр яриа өрнүүлэх бодолтой уулзаж байна. Энэ хоёр сэдвийг хөндөхөөс өмнө Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх байр суурийг тань сонирхъё?

-Иргэдээр хэлэлцүүлэх, санал авах ажил ид өрнөж байна. УИХ-д орж ирэх иргэдийн, нийгмийн бүлгүүдийн, газар нутгийн төлөөллийг нэмэгдүүлэх боломж гэж харж байгаа учир Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн төслийг дэмжиж байгаа. Гишүүдийн тоог нэмэх тухайд гэвэл нэгдүгээрт хүн амын маань тоо 1992 оноос хойш өссөн байна. Хоёрдугаарт өмнөх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр давхар дээл гэгддэг ойлголтыг зөвшөөрчихсөн. Энэ нь ажил хэрэг явахад хамаагүй илүү зөв шийдэл мөн байсан. 76 гишүүний 20 нь сайд болох боломжтой байна гэсэн үг. Ингэхээр хууль тогтоох засаглал гүйцэтгэх засаглалдаа хяналт тавьж чиглүүлж чадаж байна уу гэдэг асуулт зайлшгүй тавигдана. Тэгэхээр гишүүдийн тоог тодорхой хэмжээнд нэмэх нь зөв. Иргэдийн хэлэлцүүлгийн үеэр өргөн баригдсан төслийн 152 гэдэг тоог дэмжихгүй нь дийлэнх байгаа ч тодорхой хэмжээнд нэмэх нь зөв гэж ойлгож хүлээж авч байна лээ. Уг нь шинжлэх ухаанчаар харвал төслийн 50:50 гэдэг харьцаа хамгийн чухал байгаа юм. Иргэдийн саналыг ажлын хэсэгт хүргэж тайлангаа тавьсан байгаа. Тогтолцооны хувьд ч холимог тогтолцоо орж ирэх нь зөв. Яагаад гэвэл жишээ нь Дархан-Уул аймаг 100 мянга гаруй хүн амтай, үүнээс 75 мянга орчим хүн нь сонгуулийн насных. Сонгуульд 50 мянга орчим хүн ирж саналаа өгдөг. Эндээс 25 мянган хүний санал аваад би УИХ-ын гишүүн болсон. Гэтэл надад болон манай намд санал өгөөгүй ахиад 20 мянга орчим хүний санал гээгдчихэж байгаа юм. Тэдний төлөөлөл гадна талд биш танхимд орж ирээд цөөнх ч гэлээ дуу хоолойгоо илэрхийлээд ширээний ард улс орныхоо талаар байр сууриа уралдуулж байх нь хөгжилд илүү үр дүнтэй юм.

-Боловсролын багц хуулийн хувьд олон жилийн дараа том хэмжээнд өөрчлөх гэж байна. Боловсруулж хэлэлцүүлэгт бэлтгэх гэж багагүй хугацаа зарлаа. Ер нь зарчмын ямар өөрчлөлтүүд орж байна вэ?

-Энэ бол маш том хууль. Засгийн газраас анх өргөн барьсан төслөө дунд нь татаж аваад буцааж хоёр дахиа өргөн барьсан юм. Өргөн баригдахдаа тус тусдаа долоон хуулийн төсөл орж ирсэн юм. Долоон хуулийг ажлын хэсэг ажиллаж нэгтгээд тав болголоо. Мэргэжлийн боловсролын хуулийн төсөл Засгийн газраас сүүлд хүлээгдэж байж нэмэгдэж орж ирлээ.

Хоёр жилийн хугацаанд улс орон даяар төрөл бүрийн хэлбэрээр дөч гаруй удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж давхардсан тоогоор 10 мянга гаруй санал авсан. Төслийн зарчмын зөрүүтэй санал гэхэд л 90 гаруйгаар тоологдож байна. Боловсролын салбарынхны маань ярьж буйгаар Үндсэн хуулийн дараа орох чухал хууль болчихоод байна л даа. Тийм учраас удаан хугацаанд сайн нухахаас өөр аргагүй. Оролцогч бүх талын саналыг авсан. Боловсролын хуульд зарчмын хэд хэдэн өөрчлөлт туссан. Монголын боловсрол дэлхийн хаахна явааг олон улсын хэмжүүрээр үнэлдэг болно. Хүмүүс ярьдаг л даа, Монголын боловсрол сайн, муу гээд. Яг сайн, муу эсэхийг хэн яаж хэмжив, хэнтэй харьцуулав гээд харахаар тодорхой барьц, тоймтой тайлбар байдаггүй. Зарим хүн тэр сургуулийн математикийн сургалт сайн гэх мэтээр ярьдаг. Гэхдээ гадаад улсуудтай харьцуулж үнэлсэн хэмжүүр алга. Тухайн улсын боловсролын чанарыг үнэлдэг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) аргачлал бий. Энэ аргачлалаар Монголын боловсролыг үнэлж үзье, нэгдүгээрт менежментийнх нь хувьд үнэлье, хоёрдугаарт хүүхдүүдийн мэдлэг чадварыг, багш нарын чадвар гээд бүх талаар нь үнэлж дэлхийн хаахна яваагаа харъя гэж төлөвлөөд тодорхой зохицуулалтуудыг хуульд тусгалаа. Мөн дан ганц мэдлэг гэхээсээ илүүтэй хүний хүмүүжил, төлөвшилд анхаарсан, эцэг эхчүүдийн оролцоо, үүргийг тодорхой болгосон зохицуулалтууд орсон байгаа. Боловсролын ерөнхий хуулийг дагаад хүүхэд залуусын хүмүүжлийг анхаарсан тусгай хууль орж ирж байгаа.

-Боловсролын салбарынхаа үнэлгээг дэлхийн хэмжээнд хийхийг хуульчлахаар болсон гэсэн үг үү?

-Яг тийм. Хөндлөнгийн үнэлгээний системийг гурван жил тутам хийнэ гэж тусгалаа. Хоёрдугаарт, онцлох зарчмын өөрчлөлт бол санхүүжилтийн реформ. Өмнө нь байгууллагыг санхүүжүүлдэг байсан бол одоо хүүхдээ санхүүжүүлнэ. Хүүхдээ санхүүжүүлэх гэдэгт олон юм орж байгаа. Хүүхэд бүрийн хэрэгцээ өөр. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээ өөр байх нь ойлгомжтой. Алслагдмал аймаг орон нутагт амьдарч байгаа хүүхдийн хэрэгцээ ч ондоо. Гоц авьяастай хүүхдийн хэрэгцээ ялгаатай. Сурч буй чиглэл, төрөлжилтөөсөө хамаараад хэрэгцээ өөр байх нь бий. Хэрэгцээнд нь таарсан хувьсах зардал олгодог зохицуулалтыг тусгаж өгч байгаа. Алслагдсан аймгийн хүүхдэд өгөх хувьсах зардал нь илүү болчихоор тухайн сургуульд ажиллаж буй багш нарт илүү цалин өгдөг болно гэсэн үг. Хөдөө орон нутагт багш нар хомсодсон ийм үед цагаа олсон шийдэл гэж харж байна. Боловсрол олж авах тэгш боломжийг бий болгохыг зорьж байна.

-Боловсролын тэгш хүртээмжид түлхүү анхаарч байна гэж ойлголоо. Шуудхан хэлэхэд зөвхөн Улаанбаатарт зориулсан хууль батлах гээд байдаг тал салбар бүрд анзаарагддаг шүү?

-Таны хэлсэнчлэн боловсролын тэгш хүртээмжид анхаарсан зохицуулалтууд л даа. Үүнээс гадна сургууль, цэцэрлэгүүдийг хагас бие даасан санхүүгийн тогтолцоо руу шилжүүлнэ. Хуульд тусч буй зарчмын гурав дахь өөрчлөлт бол багш нарыг дэмжих бодлогод онцгой анхаарч байна. Боловсролыг өөд нь татъя гэвэл ажиллаж байгаа боловсон хүчинд анхаарах учиртай. Хөгжилтэй улсуудыг харахад хамгийн нэр хүндтэй мэргэжлийн нэгд багш багтдаг. Яагаад тийм байна гээд харахаар багш нар нь хамгийн өндөр нийгмийн баталгаатай байдаг. Тийм учраас хамгийн өндөр үнэлгээтэй хүүхдүүд багш болохоор өрсөлддөг. Гэтэл өнөөдөр хамгийн бага оноотой хүүхэд багшийн сургуульд орж буй нь гунигтай ч бодитой үнэн. Ийм үед хөгжил дэвшил, улс орны ирээдүй гэж ярилтгүй болно. Тэр утгаараа багшийн нийгмийн баталгааг маш хүчтэйгээр дэмжих зохицуулалтуудыг төсөлд тусгалаа.

-Жишээ нь яаж дэмжих вэ?

-Миний сонгогдсон Дархан-Уул аймаг харьцангуй хот суурин газар. Дархан-Уул аймгийн Орхон сум гэж бий. Аймгаасаа холгүй энэ суманд гэхэд л багш олдохгүй байна. Залуу багш нар ажиллая гээд очихоор орон байргүй гэсэн асуудалтай нүүр тулдаг. Тийм учраас залуу багш нар хэсэг зуур ажиллаж байгаад төв суурин газар барааддаг. Ингэхийн хэрээр боловсролын тэгш хүртээмж, Улаанбаатарын болон төв суурин газруудын бөөгнөрөл том асуудал болчихож байгаа юм. Багш нарыг орон сууцтай болоход төрөөс дэмжлэг үзүүлнэ гэсэн зохицуулалтыг хуульд анх удаа тусгасан. Орон нутаг, алслагдсан аймаг, суманд очиж багшилж буй багшид эхний таван жилд зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний урамшуулал олгоно. Энэ урамшуулал цаашид гурван жил тутамд олгогдоно. Мөн боловсролын салбар зөвхөн багш нар дээр тогтдоггүй. Сургуульд багш нараас гадна нягтлан, нярав, номын санч, нийгмийн ажилтан, тогооч, манаач, захирал, эрхлэгч гээд олон төрлийн ажилтнууд ажиллаж байж сургалтын үйл ажиллагаа хэвийн явагддаг. Тэр хүмүүсийн нийгмийн асуудал давхар шийдэгдэх ёстой. Боловсролын орчинд 15-аас дээш жил ажиллаж буй бүх хүний нэг хүүхдийг төрийн өмчийн их, дээд сургуульд үнэ төлбөргүйгээр сургах зохицуулалтыг тусгаж байгаа.

-Багш нарын тэтгэвэр, цалин урамшуулал талд ямар өөрчлөлтүүд тусгасан бэ?

-Энэ талаар бодож, төсөлдөө тусгаад явж байсан ч Засгийн газраас тавьсан саналыг харгалзаад больсон. Засгийн газрын зүгээс “Салбарын хуулиудаар цалин, урамшууллыг зохицуулах нь буруу байна” гэсэн байр суурь илэрхийлсэн. Мөн ийм утгатай Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж ч гарсан байна. Засгийн газраас цалин урамшууллын системийг шинэчлэн тогтоох ажил ид хийгдэж байгаа юм билээ. Удахгүй олон нийтэд зарлах байх.

-Та түрүүн голчлон бага оноотой хүүхэд багшийн сургуульд орж буй нь багш нарын чанарт нөлөөлдөг гэж ярилаа. Хөндөхөөр өнцөг шүү. Багш бэлтгэх тогтолцоонд орж буй өөрчлөлтүүдээс сонирхуулаач?

-Өндөр оноо авсан хүүхдүүдийг МУБИС-д үнэ төлбөргүй сургахыг өмнө нь журмаар зохицуулдаг байсан бол одоо хуулиар баталгаажуулж өгч байна. Хоёрдугаарт дөрөвдүгээр курсэд сурч буй төгсөх ангийн оюутнуудад хичээл заах эрх олгодог зохицуулалтыг хуульд тусгах гэж байгаа. Мөн Багш биш мэргэжилтэй хүмүүсийг түргэвчилсэн сургалтаар багш болгох зохицуулалтыг тусгасан байгаа.

-Боловсролын хуульд өөр ямар зарчмын өөрчлөлт туссан бол?

-Боловсролыг зөвхөн танхимд өгдөг гэсэн ойлголтоос гарах хэрэгтэй болоод удаж байна. Тиймээс бүх төрлийн хэлбэрээр боловсрол олж авах боломжийг хуульчилж өгөхөөр болж байна. Сая гэхэд л цар тахлын үед бид хичээлээ онлайнаар, телевизээр заагаад явсан. Гэхдээ энэ хэлбэр яг өнөөдрийн хуулиар бол хууль бус боловсрол. Тэгэхээр гэрийн сургалт, амьдралын орчноос авах сургалт, онлайнаар авч буй сургалт гэх мэт олон төрлийн сургалтыг хууль ёсны болгож тооцох зохицуулалтыг хуульд тусгах ёстой. Хуульд тусгаж буй томоохон зарчмын өөрчлөлтийн нэг бол энэ. Ингэснээр боловсрол олох тэгш боломж ч нэмэгдэж байгаа юм. Монгол орны аль ч өнцөг булангаас хамгийн шилдэг багшийн хичээлд цахимаар сууж шалгалтаа өгөөд тооцуулж болдог болно. Төвлөрлийг ч бууруулах ач холбогдолтой зохицуулалт л даа.

-Бага ангиас англи хэл үзэх нь гэх олзуурхал аав, ээжүүдэд төрчихлөө. Нийгмийн уур амьсгалыг ажиглахад шүүмжлэл, олзуурхал аль аль нь л ажиглагдаж байна. Англи хэлний чиглэлээр яг ямар зохицуулалт Боловсролын хуульд туссан бол?

-Англи хэлний асуудал олны анхаарлыг татах нь аргагүй л дээ. Хуучин нийгмийн үед бидэнд хамгийн чухал, шинжлэх ухааны, мэдлэг мэдээллийн хэл бол орос хэл байсан. Хамаг сэхээтнүүд нь орос хэл үзэж явсан. Тэр үеийн хэрэгцээ нь тийм байсан. Харин энэ шинэ үеийн хэрэгцээ бол англи хэл. Тэгэхээр энэ цагийнхаа хэрэгцээг дагахаас аргагүй. Дэлхийтэй хөл нийлүүлье гэвэл англи хэлийг хуульчлахаас өөр гарц байхгүй. Боловсролын ерөнхий хуульд гадаад хэл үзэх бол хамгийн түрүүнд англи хэл үзнэ, бусад хэлийг сурах нь нээлттэй гэсэн зохицуулалтыг тусгаж байна. Харин хэддүгээр ангиас англи хэл үзэхийг хөтөлбөрийн мэргэжилтнүүд шийдэх учиртай. Хүүхдүүдэд багаас нь англи хэл зааж эхэлбэл үнэтэй хувийн сургуулиудын суралцагсадтай ижил гарааны тэгш байдал руу орж эхлэх нэг томоохон алхам болно. Мэдээж бүх хичээл монгол хэлээр заагдах нь ойлгомжтой. Энэ хуульд англи хэлтэй холбоотой бас нэг зохицуулалт байгаа. Дунд ангиас шинжлэх ухааны хичээлүүдийг англи хэлээр зааж болно гэсэн зохицуулалтыг тусгаж байна. Боловсролын хуулийн төслийн ажлын хэсгийн даргын хувьд англи хэлний чиглэлээр ийм л хоёр өөрчлөлт орж байгаа гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Нэгдүгээр ангиас нь англи хэл заана гэж буруу ойлгож болохгүй. Боловсрол, шинжлэх ухааны яамны мэргэжилтнүүд гуравдугаар ангиас эхлүүлнэ гэж төлөвлөж байгаа юм билээ.

-Таны ярианаас бас нэг өнцөг анхаарал татлаа. Боловсролыг цахимаар авах хэлбэрийг хуульчилж байгаа юм байна. Тэгэхээр шилдэг багш нарын хичээлийг онлайнаар авах боломж сурагч, оюутнуудад нээгдэх нь ээ?

-Хамгийн шилдэг багшийн хичээлийг бичиж аваад онлайн дээр тавихад аль ч аймгийн хүүхэд нээлттэй үзэх боломжийг нээж өгч байгаа. Салбарын яамны medle.mn гээд сайтаас хамгийн шилдэг багшийн хичээлийг үзэх боломж нээгдчихсэн. 16 мянган гаруй хүүхэд аль эрт бүртгүүлчихсэн Монголын хамгийн шилдэг багш нараас сураад явж байна. Дахиад онцлоход Боловсролын ерөнхий хуульд энэ мэт өөрчлөлтүүд орсны үр дүнд боловсрол олох тэгш гараа, тэгш хүртээмж, тэгш боломжууд нээгдэх юм.

-Хувийн сургуулиудтай холбоотой ямар зохицуулалт орж байгаа вэ?

-Бид ардчилсан улсад ажиллаж амьдарч байна. Энэ утгаараа боловсрол олох сонголт өргөн байх ёстой. Бид үндсэн хуульдаа ч хувийн сургууль байж болохыг заагаад өгчихсөн. Хувийн хэвшилтэй холбоотой хэд хэдэн чухал заалтууд орсон. Нэгдүгээрт эцэг эхчүүд олон улсын Кембрижийн,IB гэх мэт, эсвэл Япон, Финлянд ч гэдэг юмуу гадаадын нэртэй хөтөлбөрүүдийг заадаг гэж итгээд хүүхдүүдээ өгдөг. Гэтэл яг тэр хөтөлбөрөө бүрэн зааж чадаж байгаа эсэхэд дотоодод хэн ч үнэлгээ хийдэггүй, манай ямар ч хууль зохицуулалт хийдэггүй байсан. Тэгвэл Боловсролын ерөнхий хуулийн төсөлд олон улсын хөтөлбөрөөр сургаж байгаа сургуулиуд эрх авсан газраасаа чанараа үнэлүүлсэн үнэлгээгээ нийтэд нээлттэй зарлаж БШУ яаманд тус мэдээллээ хүргүүлж байх үүрэг хүлээлгэсэн зохицуулалт хийлээ. Мөн сургалтын төлбөрийн зарцуулалтад эцэг эхийн хяналт заавал байх эрхийг нээж өглөө. Ашгийн, ашгийн бус гэдгээ сонгож бүртгүүлээд татвар хураамжаа төлдөг болно. Эцэст нь төрийн бүх нийтийг суурь боловсролыг үнэ төлбөргүй олгох үүргийг хэрэгжүүлж байгаагийнхаа төлөө улсаас авдаг хувьсах зардлыг зөвхөн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа сургуулиуд гэрээний биелэлтээ үнэлүүлж байж авдаг байх зохицуулалт орсон.

-Боловсролын хууль хэзээ батлагдах төлөвтэй байна вэ?

-Зарчмын зөрүүтэй саналынхаа талыг нь хураасан. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл УИХ-д ороод ирлээ. Дэгийн тухай хуулиар Үндсэн хууль хэлэлцэж байгаа үед өөр хууль зэрэгцүүлэн хэлэлцдэггүй хуультай юм. Тийм учраас Үндсэн хуулийн хэлэлцүүлэг дуустал Боловсролын хуулийн хэлэлцүүлэг түр зогссон. Үүний дараа Боловсролын ерөнхий хуулийн анхдугаар хэлэлцүүлэг дуусна. Анхдугаар хэлэлцүүлэг дуусвал нэг их хугацаа авахгүй болов уу. Энэ чуулгандаа багтаад батлагдчих байх. Онцолж хэлэхэд УИХ энэ чуулганыхаа үеэр хүний хөгжилд онцгой анхаарна гээд ажиллаж байгаа. Хүний хөгжлийн чиглэлд гарах гол хууль бол Боловсролын хууль. Гишүүд маань идэвхитэй дэмжиж байгаа.

-Та анх гишүүн болсноосоо хойш л Дарханы замыг анхаарна гэж ярьж эхэлсэн. Зам тээврийн сайдуудтай ч нэлээд тулж, шаардаж ажиллах шиг боллоо. Дарханы зам өнөө хүртэл дуусаагүй л байна. Бүтээн байгуулалт нь хэдэн хувьтай байгаа вэ, хэзээ бүрэн ашиглалтад орох бол?

-Дарханы замын бүтээн байгуулалт сүүлийн жил нэлээд ахицтай явлаа. Өнөө жилдээ багтаад ашиглалтад бүрэн оруулна гэсэн мэдээллийг салбарын яамнаас нь өгсөн. Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Дарханы замын ажил намайг гишүүн болохоос гурван жилийн өмнө шахам эхэлсэн бантан байсан. Сонгуулиар Дархан руу явах гэж найман цаг 30 минут зарцуулдаг байлаа. Дарханы замын хойноос хөөцөлдсөн минь ч учиртай. Энэ зам бол Монголын, Дарханы маань эдийн засагт маш том нөлөөтэй. УИХ, Засгийн газраас төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжүүлж байгаа. Дарханы зам энэ бодлоготой нягт холбоотой. Өнөөдрийн хувьд Дархан руу жигд хурдаар явахад гурван цаг орчим давхиад л хүрдэг болсон. Дарханд оффисийн байр олдохгүй байна. Улаанбаатарын компаниуд олноороо нүүж очиж байгаа. Дарханд жилдээ мянга орчим айлын орон сууц баригдаж байна. Байр олдохоо больсон. 500 гаруйг нь дарханчууд өөрсдөө авч байна. Талыг нь гаднаас очсон хүмүүс авчихаж байна. Дарханы зам гэж ярьж байгаа ч ачир дээрээ хойд бүсийн найман аймаг, Ази, Европыг холбосон эдийн засгийн том судас л даа. Ийм зам зургаан жил гацна гэдэг бол гутамшиг. Сонгуульд өрсөлдөж байхад дарханчууд “Энэ замыг л дуусгаад өгчих” гэж хүсч байсан. Гацсан том ажлуудаас нь барьж аваад ажилласан. Ний нуугүй хэлэхэд намынхаа сайд нартай муудахдаа муудаж, ойлголцохдоо ойлголцоод өнөөг хүрлээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд санал оруулж, ажлын хэсэг байгуулсныг та мэдэж байгаа байх. Миний ахалж байгаа тэр ажлын хэсэг арав гаруй удаа хуралдсан. Байнга үүрэг чиглэл өгч араас нь хэрэгжилтийг нь шалгаж, шаардаж мэдээллийг нээлттэй өгч яваа. Ингэж ажилласны хүчинд Дарханы зам гацаанаас гарсан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхний ээлжинд ямартай ч хоёр хотыг хатуу хучилтаар холбож чадсан.

-Зургаан жил гацаасны эцэст хуучин байсан руу нь орууллаа гэсэн шүүмжлэл бий. Энэ шүүмжлэлд ямар тайлбар хэлэх вэ?

-Энэ замын чанар нь өмнөхөөсөө огт өөр. Цементэн суурьтай. Өндөр Даацын олон улсын стандартаар хийгдэж байгаа зам. Дарханы замын хувьд нийтдээ арван багц, хоёр урсгал 410 км зам юм. Гүйцэтгэл нь 64 хувьтай яваа. Дахиад хэлэхэд энэ ондоо багтаад үлдсэн хоёр эгнээ нь ашиглалтад бүрэн орох учиртай. Энэ бол Зам тээврийн яамныхны өгч байгаа амлалт. Мэдээж миний хувьд шахаж ажиллана.

-Дарханы замын хувьд ямар бэрхшээлүүд тулгардаг вэ?

-Санхүүжилтийн бэрхшээл гардаг. Гаднаас орж ирж байгаа инженер техникийн ажилтнуудын бэрхшээл бий. Тоног төхөөрөмж, бараа материал дээр ч асуудал үүсдэг. Туслан гүйцэтгэгч нь өөр ажил руу хаяад явчихдаг бэрхшээл гарна. Ханшийн өсөлтийн бэрхшээл, замын осол гээд зөндөө л асуудал гардаг. Энэ мэт маш олон асуудал бий. Тэр бүхний араас явж, анхаарал хандуулж ажилласаар ирлээ. Цаашид ч ингэж ажиллана.

-Одоогоор ямар ажлууд хийгдэхээр байгаа бол?

-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тавигдсан урсгал дээр таван см-ийн зузаан асфальтан хучилт нэмж явна. Хоёрдугаарт ЕСБХБ-ны санхүүжилтийн дутуу байгаа урсгалууд бүтэн дуусч, хөвөө хязгаарууд нь тавигдах ажил бий. Баруунхараагийн урдах нэг урсгалын гүүрний дутуу санхүүжилтыг шийдүүлээд дуусч байх шиг байна. Одоогийн байдлаар 1200 гаруй инженер техникийнхэн болон ажилчид Дарханы зам дээр ажиллаж байна. Зам тээврийн сайдтай болон бусад холбогдох сайд нартай байнга холбоотой, тайлан авч ажиллаж байгаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 17, Буд гариг. Билгийн тооллын 28, шийдэм одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 5:12 цагт мандан, 20:25 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +16…+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +15…+17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +13…+15 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабар “Яасан бүгчим юм, цонхоо нээгээч!​” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Хүний эрхийн хуульч Р.Булгамаа “Хууль зүйн туслалцаа үзүүлэх механизм
шуурхай ажиллаагүй учраас Өвөрхангайд хүчингийн гэмт хэргийн
хохирогч амиа хорлосон сөрөг үр дагавар бий болж байгаа юм” хэмээн ярьсныг VIII нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Батлан хамгаалахын дэд
сайд, “Хөдөөгийн сэргэлт”-
ийн Ажлын хэсгийн дарга
Б.Баярмагнай “Үг, үйлдэл, үр дүн
яв цав нийцэж байж
олны итгэл сэргэнэ” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабар “Яасан бүгчим юм, цонхоо нээгээч!” хэмээн өгүүллээ.

Бизнесийн удирд лагын доктор, эрхзүйч Б.Лхагважав “Иргэдэд өгөх
НӨАТ-ын
буцаан
олголтыг
ахиулах ёстой” гэснийг I болон II нүүрээс уншаарай.

Нийслэлийн ерөнхий
боловсролын нэгдүгээр
сургуулийн монгол хэл,
уран зохиолын багш Ж.Ганчимэг “Сурагчид эх уншиж
ойлгох, зохион найруулах даалгавар
дээр оноо алдсан” гэв.

Инчоны
нисэх буудалд гацсан
иргэн Б.Сарантуяа “БНСУ гарах иргэдийн
сонирхолд дөрөөлж мөнгийг нь сааж
байна” хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Утаснаасаа улиас ургуулж эхэлжээ DNN.mn

Ухаалаг түрийвчний хэрэглээ, соёлыг түгээж буй Pass аппыг ашиглан гар утаснаасаа 100kУлиас төгөл байгуулах ажилд 200,000 хэрэглэгч оролцож эхлээд байна.

Хэрэглэгчдийн өмнөөс 100,000 улиас мод тарьж ургуулах ажлыг апп бүтээгч Дата Бэйнк компани Чингэлтэй хайрхны өвөрт байрлах “Хайрхан Хөгжлийн Төв Соёл, Спорт, Амралт, Аялал, Жуулчлалын Цогцолбор”-ын газарт эхлүүлж, эхний ээлжийн 200 модыг тариалсан байна. Цаашид компанийн зүгээс цөлжилт эрчимтэй явагдаж буй бүс нутаг болон Нийслэл, Төв аймаг дахь ногоон байгууламжуудад мод тариалах ажлыг эрчимтэй өрнүүлэхээр төлөвлөж байна.

Ухаалаг түрийвчиндээ төлбөрийн картуудаа холбосон иргэд өдөр тутмын төлбөр тооцооны гүйлгээ хийх бүрдээ “дусал” урамшууллын оноог хураах бөгөөд 200 дусал нь нэг мод болж хэрэглэгчийн нэр, шошготойгоор төгөлд ургах юм.

Pass ухаалаг түрийвчийг найман сарын турш идэвхтэй ашиглан 3 модтой болсон хэрэглэгч Б.Гэрэлтцолмон тус аппад нэгдэхээс өмнө мод тарих ажиллагаа 2, 3 удаа явуулж байсан ч мод нь ургалгүй бүтэлгүйдэж байсан ажээ. Тэрбээр “Хүн амьдралдаа 3 зүйлийг заавал хийх хэрэгтэй. Түүний нэг нь мод тарих. Ялангуяа цэвэр усны хомсдол, цөлжилт, агаарын бохирдол гээд сүүлийн үед дэлхийн нийтийг хамарч буй маш чухал асуудлыг шийдэхэд хувь хүнийхээ хувьд бага ч болов хувь нэмэр оруулахыг хичээдэг. Зүгээр суулгүй аппликейшнээр мод тарихаар шийдсэн маань биеллээ олж байгаад маш их баяртай байна” хэмээн онцолсон юм.

Яг түүн шиг олон мянган хэрэглэгчид өдөр бүр талх, хүнсээ авахдаа Pass түрийвчээ ашиглаад байгаль дэлхийдээ хувь нэмрээ оруулж байна.

Улс орон даяар байгаль дэлхийгээ ой моджуулах аян идэвхтэй өрнөж байгаа энэ үед өдөр тутмын технологийн хэрэглээгээрээ дамжуулан мод тарих үйлсэд нэгдэх боломж ийнхүү бүгдэд нээлттэй болжээ.

Хэрэв та Pass түрийвчийн хэрэглэгч хараахан биш бол #100kУлиас төгөлд яг одоо нэгдээрэй.

Татаж авах холбоос: https://pass.mn/getapp

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Б.Баярдаваа: Махны үнэ сүүлийн сарын инфляцын 50 хувийг дангаараа бүрдүүлж байна DNN.mn

Инфляцын түвшин 11.3 хувь болжээ

Монгол улсын инфляцын өнөөгийн нөхцөл байдлын талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа сэтгүүлчидтэй өнөөдөр уулзаж, танилцууллаа.

Тэрбээр “Инфляц өнгөрсөн оны дунд үед 16.6 хувьтай байсан. Одоогоор 11.3 хувь болж буурч байна. Үүнд дотоодын хүнс 36 хувь, импортын хүнс 6 хувийг, импортын бараа 36 хувийг, дотоодын бараа үйлчилгээ 22 хувийг эзэлж байгаа.

Мах, гурил, хүсний ногоо гэсэн барааны үнэ огт буурахгүй байгаа бөгөөд дотоодын хүсний инфляц 27-28 хувийг бүрдүүлдэг. Энэхүү инфляц нь өрхүүдийн хэрэглээ, орлогод бодит нөлөө үзүүлнэ.

Махны үнэ сүүлийн гурван сар харьцангуй өссөн бөгөөд сүүлийн сарын инфляцын 50 хувийг дангаараа бүрдүүлсэн. Мөн гурилын үнэ өсөхөөр түүнийг дагасан бүтээгдэхүүний үнэ өсдөг

Хүнсний ногоо жилд 40-50 хувиар, мах махан бүтээгдэхүүн 0-20 хувиар үнэ нь хэлбэлзэж байдаг. Ийм хэлбэлзэлтэй тохиолдолд инфляц тогтворжиход хэцүү болж байгаа юм.

Инфляцын түүхэн хугацааны задаргаанд шинжилгээ хийгээд үзвэл 4-5 бүтээгдэхүүн 40-50 хувийг бүрдүүлдэг. Тухайлбал, мах, хүнсний ногоо, шатахуун, сүү гэх мэт.

Улирлаас шалтгаалж нийлүүлэлтийн доголдлоос үүссэн үнийн савлагаануудыг бодлогын хүүгээр засварлах боломжгүй. Тухайн салбар нь өөрөө хөгжих ёстой. Жишээлбэл, намар хураасан мах, ургацууд хаврын улиралд чанараа алдахгүй хэрэглэгчдэд хүрдэг байх шаардлагатай” хэмээн ярилаа.

Categories
мэдээ нийгэм

21 аймгийн сурагчдын Монгол хэл бичгийн шалгалтын дүн DNN.mn

Багшлах эрх олгох шалгалтын хариу ажлын 10 хоногт гарна

Монгол хэл бичгийн шалгалтын үр дүн, багшийн болон байгууллагын үнэлгээний талаар Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр БҮТ-ийн захирал Л.Ганбат “Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу Элсэлтийн Ерөнхий Шалгалт (ЭЕШ)-д хамрагдахаар бүртгүүлсэн сурагчдаас Монгол хэл бичгийн шалгалт авдаг.

Энэ удаагийн хэл бичгийн шалгалтын найдвартай байдлын коэффициент нь 0.7 хувьтай гарсан. Энэхүү статистик үзүүлэлт нь 0.5-аас дээш гарсан тохиолдолд шалгалтын үр дүн үнэн, бодитой байх тоон утгыг илэрхийлдэг” гэлээ.

Монгол хэл бичгийн шалгалтын үр дүнг тэрбээр аймаг тус бүрээр танилцуулсан юм.

График. 21 аймгийн сурагчдын шалгалтын дүн

Энэ жилийн байдлаар орон нутгийн хэмжээнд 17 шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтад 800 авсныг дээрх графикаас харах боломжтой. Тухайлбал, Хөвсгөл аймгаас хамгийн их буюу дөрвөн шалгуулагч бүрэн оноогоо авсан байна.

Харин нийслэлээс 19 шалгуулагч хэл бичгийн шалгалтад бүрэн оноогоо авсан талаар мэдээлсэн.

Хүснэгт. 21 аймгийн сурагчдын шалгалтын дүн

Аймаг Шалгуулагчийн тоо 400 онооноос доош 400 онооноос дээш 800 оноо авсан шалгуулагчдын тоо
Архангай 816 149 667 1
Баян-Өлгий 883 561 322 0
Баянхонгор 646 99 547 1
Булган 463 111 352 0
Говь-Алтай 628 73 555 0
Говьсүмбэр 186 18 168 0
Дархан-Уул 1,093 142 951 0
Дорноговь 539 67 472 2
Дорнод 738 77 661 0
Дундговь 348 35 313 0
Завхан 815 125 690 0
Орхон 1,135 126 1,009 2
Сэлэнгэ 949 104 845 2
Сүхбаатар 506 81 425 0
Төв 628 85 543 2
Увс 824 86 738 0
Ховд 967 289 678 1
Хэнтий 665 99 566 1
Хөвсгөл 1,326 241 1,085 4
Өвөрхангай 1,105 116 989 1
Өмнөговь 547 80 467 0
Нийт 15,807 2,764 13,043 17
Categories
мэдээ эдийн-засаг

Буудайн үр өмнөх оныхоос 3.6 мянган тонноор буурчээ DNN.mn

Хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 2023 оны тавдугаар сарын 1-ний байдлаар 52.8 мянган тонн байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.6 (6.4 хувь) мянган тонноор буурсан байна.

Энэ оны тавдугаар сарын 1-ний байдлаар:

Анжисны 97.9 хувь,

Өргөн холбооны 97.3 хувь,

Булны 96.5 хувь,

Төмс, хүнсний ногооны үрлүүрийн 95.8 хувь,

Үр тарианы үрүүлийн 95.1 хувь,

Бүх төрлийн сийрүүлэгчийн 94.4 хувь,

Дугуйт тракторын 84.6 хувь,

Гинжит тракторын 75.6 хувь нь хөрс боловсруулалт, тариалалтад ажиллахад бэлэн болжээ.