Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас 196 хүүхэд гэмтэж, долоон хүүхэд амиа алджээ DNN.mn

Зам тээврийн ослын улмаас 196 хүүхэд гэмтэж, долоон хүүхэд амиа алджээ

Автомашинаар хүүхдийг аюулгүй тээвэрлэж байгаа эсэхэд тэдний эцэг эх, асран хамгаалагч нарын зүгээс хэрхэн анхаардаг талаарх судалгааг Тээврийн цагдаагийн алба Боса ХХК-ны Луужин судалгааны багтай хамтран энэ оны 3 дугаар сард 3250 эцэг эх, асран хамгаалагч судалгаа авахад нийт оролцогчдын 66 хувь буюу 1730 эцэг эх, асран хамгаалагч өдөр бүр хүүхдээ автомашинаар тээвэрлэн сургууль, цэцэрлэгт хүргэдэг талаар хариулжээ.

Судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэхэд:
Жолооч эцэг эхчүүдийн 52% нь хөдөлгөөн эхлүүлэхдээ машинаа тойрч орчныг шалгадаг бол 72% нь хүүхдээ бууж суухад тусалсны дараа хөдөлгөөнд оролцдог байна. Эцэг, эх асран хамгаалагч нарын 51% хүүхдээ автомашиныхаа арын суудалд суулгадаг ба ингэхдээ нийт жолоочийн 37% нь машины хойд суудлын баруун талд хүүхдээ суулган хөдөлгөөнд оролцдог байна. Зориулалтын хүүхдийн суудалд хүүхдээ суулган замын хөдөлгөөнд оролцдог эсэхийг тодруулахад нийт эцэг эхчүүдийн 50% зориулалтын суудлыг ашиглаж байгаа гэж хариулсан боловч аюулгүйн бүсийг бүслүүлдэг үү хэмээх асуулгад дийлэнх буюу 49% нь “хаяа бүслүүлдэг” хариултыг сонгосон байна.
Мөн хүүхэд тээвэрлэн хөдөө орон нутгийн замд зорчихдоо зөвшөөрөгдсөн хурдны дээд хязгаар болох 80 км/цагаас хэтрүүлдэггүй гэж 56% нь хариулсан ба нийт санал асуулгад оролцсон хүмүүсийн дийлэнх хувь буюу 41% нь зам тээврийн ослоос болж хүүхэд гэмтэх тохиолдол буурахгүй байгаа шалтгааныг “Хурд хэтрүүлэн тээврийн хэрэгсэл жолоодох”-оос болдог гэж үзсэн байна.
Уг судалгаанаас авч үзэхэд нийт хүүхэд тээвэрлэн замын хөдөлгөөнд оролцдог жолооч нарын дийлэнх хувь нь хүүхдийг зам тээврийн ослоос Урьдчилан сэргийлж чаддаггүй болохыг харуулж байна.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 182 зам тээврийн ослын улмаас 196 хүүхэд гэмтэж долоон хүүхдийн амь хохирсон байна.
Нийт гэмтэж бэртсэн 196 хүүхдийн 113 нь нийслэл Улаанбаатарт 83 нь орон нутагт бүртгэгдсэн бол амиа алдсан долоон хүүхдийн нэг нийслэл Улаанбаатарт зургаан орон нутагт бүргэгдсэн харамсалтай тоон мэдээ байна. Энэ тоо жилийн эцэст хэд хүрэхийг эцэг, эх, жолооч танаас шалтгаална.
Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 34.9 хувиар өсчээ DNN.mn

Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн нийт хэмжээ 2023 оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 7.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөг буюу 34.9 хувиар өсчээ.

Харин тэнцвэржүүлсэн орлого 6.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.9 их наяд төгрөг буюу 39.4 хувиар өссөн байна.

Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 5.6 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.1 их наяд төгрөгийн ашигтай гарсан байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Чойжин ламын сүм музейн хашааны тоосгоны эргэн тойронд… DNN.mn


“Чойжин Ламын Сүм музей” хуучны хөх тоосгон хашаагаа буулгаж улаан тоосгоор зарим хэсгийг шинэчлэн засварлаж эхэлжээ” гэх мэдээлэл цахим сүлжээнд шүүмжлэл дагуулж байна.

Тэгвэл энэ талаар тус музейн зүгээс “2012-2013 оны үед сэргээн засварлаж байх үеийн зураг байгаа юм. Бид нэгдсэн мэдээлэл өгнө” гэсэн тайлбарыг өглөө.

Өнөөдөр 13:00 цагийн үед “Чойжин Ламын Сүм” музейд очиход музейн хэрмэн хашааг нураагаагүй харин хойд талд нь байрлах жижиг сүмийг сэргээн засварлахаар бэлтгэл ажилдаа орсон харагдлаа.


Мөн Олон улсын музейн өдрийг тохиолдуулан иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байсан юм. Энэ үеэр музейн захирал иргэдэд Өндөр гэгээн Занабазарын мутрын болоод сургууль хийцийн бүтээлүүдийг хадгалдаг. Түүхэн дурсгалт зургаан сүмтэй. Мөн хүндэтгэлийн хаалга, ямпай хаалга зэрэг түүхэн дурсгалт цогцолборын дээжүүд байдаг талаар онцлон тайлбарлаж байсан юм.

Ингээд үзмэр сонирхон үзэж буй иргэнээс хэрмэн хашааг нурааж байгаа гэх мэдээллийн талаар тодруулахад “Сая музейг бүтэн тойрч үзлээ. Энд тэнд буулгаж засварлаж байгаа зүйл ажиглагдсангүй. Түүхэн дурсгалт зүйлээ уг хэвээр нь үлдээх нь зөв гэж боддог” хэмээн ярилаа.

Энэхүү сүмийг 1904-1908 онд Чойжин лам Лувсанхайдавын шашин номын үйл хэрэгт зориулан бүтээжээ. Монголын хосгүй нандин 6000 гаруй үзмэр хадгалаастай байдаг аж.


Хэрмэн хашааны дотор талын дүүргэлтэд улаан тоосгыг ашиглаж, хөх тоосгоор бүрсэн” гэв


“Чойжин ламын сүм музей”-н захирал Д.ОтгонсүрэнХэрмэн хашааг нурааж байна гэх шүүмжлэл сошиалаар их явж байна. 10 жилийн өмнө буюу 2012 онд сэргээн засварласан үйл явдал юм. Түүнээс өмнө 1960-аад онд музей болгохдоо энэ хэрмийг мөн сэргээж байсан. Архивын баримт дээр хэрмэн хашааны доод талын тулгуур багана зэргийг хөх тоосгоор хийгээд дотор талын дүүргэлтийг улаан тоосгоор дүүргэж байсан юм.

Дотор талын дүүргэлт нь түүхий тоосго буюу шар шавар. Сууриараа цууралт үүссэн учраас нураагаад тэгшилж барих хэрэгтэй биз дээ. 2012 онд сэргээн засварлахдаа хөх тоосгыг нь нураагаад өөрсдөө авчихлаа гээд шүүмжилсэн. Олон нийтэд хар PR хийсэн. Өнөөдөр Олон улсын музейн өдөр заавал ингэж дайрах ямар хэрэг байгаа юм. Бид худал мэдээлэл түгээснийг эсэргүүцэж хуулийн байгууллагад хандсан” гэлээ.

Сүүлийн үеийн технологийг ашиглан хуучин чанарыг нь хадгалах боломжтой юу?

-Хөгжил дэвшил эрчимжсэн энэ цагт насжилтыг нь уртасгах технологийг судалж, шинжилж байгаа. Уламжлалт технологитой нь хослуулж болох эсэх, уламжлалт нь илүү сайн юм уу гэдгийг нь сэргээн засварлаж байгаа компаниуд нь судалж байна. Сэргээн засварлах ажлыг эрх бүхий компанидаа тендэр зарлаж хийдэг болохоос биш музейн ажилчид будаг түрхээд хийчихдэг тийм ч амар ажил биш гэдгийг ард иргэд маань зөвөөр ойлгоосой.


“Хэрмэн хашаа нурсан, сүмүүд хазайлт өгсөн зэрэг сэргээн засварлалт хийх шаардлагатай” гэв

Тус музей одоогоор ажилтнуудаа сарын 580 мянган төгрөгийн цалинтай ажиллуулдаг аж. Ажилчид -40 хүртэлх хэм хүйтэнтэй ажилладаг учраас бөөр, чийг бамын өвчин амархан тусдаг, эсгий гуталтай ажлаа явуулдаг гэсэн юм. Цаашлаад “Чойжин ламын сүм” музейг 1960-аад оны үед л сэргээн засварлах ажлыг хийж, түүнээс хойш хэсэгчлэн сэргээх засваруудыг хийсээр иржээ. Хэрмэн хашаа нурсан, сүмүүд хазайлт өгсөн зэрэг сэргээн засварлалт хийх шаардлагатай хэсгүүд байгаа талаар тус музейн захирал онцолж байлаа.


“Нууц тарни нандин шүтээний сүм”-д дээврийн сэргээн засварлалтын ажил хийгдэж байна

Дэлхийн хөшөө дурсгалын сангийн санхүүжилтээр сэргээн засварлалтын ажил хийгдэхээр болжээ. Одоогоор дээврийн сэргээн засварлалтын ажил хийхээр бөгөөд өнгө, будагны судалгаа шинжилгээ хийж буй.

Categories
мэдээ нийгэм

Анхан шатны шүүхээс Ч.Маралмаад оноосон ялыг хэвээр үлдээлээ DNN.mn

Ч.Маралмаад холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал хойшиллоо »  INTIME.MN - Бүх юм цагтаа

Долоон машин мөргөж, хоёр хүн гэмтээсэн зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүх хурлаар түүнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

2023 оны гуравдугаар сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ч.Маралмаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах ял ногдуулсан юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Сүрэнжав: Бид өмнөх үеэ нулимж биш, биширч явсан DNN.mn


Энэтхэгийн Дарамсалад, Далай ламын өргөөний дэргэд. 2007 он.

ӨДРИЙН СОНИНЫ 2009 ОНЫ АРХИВААС…

Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавтай амьдрал, уран бүтээлийнх нь талаар хөөрөлдлөө.


-Сайн байна уу. Нэлээд эртнээс уулзах гэтэл бие тань чилээрхүү байгаа гэж сонссон. Одоо гялалзаж байгаа бололтой?

-Хоёр ч хагалгаанд ороод босч ирлээ. Одоо давгүй ээ.

-Саяхан Лхас ороод ирсэн гэнэ лээ. Явсан газраар сонин сайхан юу байна?

-Тэгсээн. Гималайн уулын цаад талд нь Энэтхэг бий. Ноднин жил цаад талд нь Далай багшийн 73 насны ойн арга хэмжээнд очиж оролцоод ирсэн. Энэ жил наад талынх нь хаалттай бүс гэгдэх Лхаст очоод ирлээ. Эрдэнэ зуу гээд Баруун зуу орно гэж ном зохиолд бичсэн тэр Баруун зуу чинь шүү дээ. Хоёр охинтойгоо, хөгшинтэйгээ яваад ирсэн. Тэнд Бодлын ордон гэж бий. Бодлын ордон яруу найрагчдад их ээлтэй гэдэг юм. Үе үеийн далай лам нар сууж байсан газар даа. Суудлаас нь очиж адис авлаа. Зургадугаар далай лам Цаянжамц яруу найрагч хүн байсан. Шүлэг яруу найрагт нь тэр тансаг дотоод Бодлын ордны тухай гардаг. Түүний шүлгээс эхтэй Монголын яруу найрагт Энэтхэг, Түвдийн яруу найргийн нөлөө их байдаг. Жишээ нь Равжаа хутагт “Эрээн цэцгэн цамцтай Эрдэнийн сайхан өмсгөлтэй Элдэв зүйлийн жимстэй Энгийн сайхан хангай байна” гэж бичсэн. Хожим нь Ц.Дамдинсүрэн тэр шүлгийг нь биднээс өмнө олж үзээд “Цагаан цасан малгайтай Ногоон модон хүрэмтэй Хөх усан хормойтой Баян хангай уул минь” гэж бичсэн. Мөн Равжаагийн шүлэгт “Ганга мөрөн далай хийгээд Гадагшаа урсах тус тусын мөрнүүд Газрын аясаар зүг зүг урсавч Гадаад мөрөн далайд цутгахдаа нэгийг хүснэ ээ” гэсэн байна. Иймэрхүү хэлбэр хийц Түвдийн шүлэгч Ромбо Галданжамцын шүлэгт бий. Үүнийг уламжлал гэж нэрлээд байгаа юм. Цааш нь үндсийг нь хөөж үзвэл Энэтхэгийн Басу Банду, Асанга, Нагаржунай богд, Михарайбадын уран бүтээлд хүрч очно. Үүнийг Ц.Дамдинсүрэн гуай хэлэхдээ “Ганга мөрний хөндийгөөс гарч, Цаст Гималайг даван, Монголын тал нутаг руу урссан соёлын алтан шижим” гэж хэлж байсан юм. Манайхан хуучин үсгээ хослуулж хэрэглэх тухай биш нэгийг нь бүрм өсөн хаях тухай яриад байдаг. Бид өнөөдрийн кирилл бичгээр чинь дэлхийн соёлтой танилцсан. Хослуулдаг соёл гэж байна. Зарим хүн хэт их монголчлох гээд залхаадаг тал бий. Ц.Хулан нэг хэлсэн байсан. Манай нэг их монголчлох дуртай уран бүтээлч хүн ресторанд ороод “Ногоон бөндгөрийн далбан навчны хигдэс авна. Бас дагуулд нь амталж базсан үхрийн махны шарвин авна” гэж хэлсэн байгаа юм. Үүнийг зөөгч охин тархиныхаа бүх булчинг зангируулаад ч ойлгохгүй. Байцааны салат, тефтель хоёрыг захиалж байгаа гэж хэн ухаарах юм.

-Лхас ороод ирсэн гэснээс Түвдэд байдал ямар байна. Тэмцэл өрнүүлээд хүндхэн байгаа газар очиход хэцүү байв уу?

-Түвдэд төмөр зам тавьчихаж. Түвдүүд эргэл мөргөлөө хийж, арилжаа наймаа хийгээд амьдрал үргэлжилж л байна.

-Тэд ямар наймаа арилжаа хийдэг юм бэ?

-Шашны эд зүйлс голдуу зарах юм. Шаазан бурхан, шүр, сувдан эрхи, хурган дотортой дээл хувцас гээд л есөн зүйлийн л юм байх юм. Нэг гартаа нөгөө даялдаг хүрдээ эргүүлээд л наймаагаа хийж байна. Улс төр ярих, бослого самуун хийгээд байхгүй бол айхтар зүйл алга. Энд, тэнд цэргийн хувцастай хүмүүс булан тохойд нь зогсож байх юм билээ.

-Тэр цэргүүд нь хятад хүмүүс үү?

-Хэн мэдэхэв. Бодвол хятад хүмүүс байлгүй.

-Хурган дотортой дээл гэхээр монгол ахуй санаанд орж байна?

-Хөх нуурын цайдмын монголчууд гэж байна. Хонь, сарлаг их маллах юм. Хөх нуур гэж том нуурын хөвөөгөөр хоёр цаг вагоноор явлаа. Хөх нуурын тэнд Цогттайж байлдаж нас барсан гэдэг. Тэндээс үлдсэн монголчууд суурьшиж амьдарсан юм билээ. Монгол хэлээр ярихгүй ч угсаа гарал нь бол монголчууд гэж байна. Тэгээд Хөх нуурын дээд монголчууд гэж нэрийддэг. Уул ус нь тэгш, тал газар бас байх. Тэр уулаа нүхлээд хонгил хийчихэж. Манайхан дэмий улс төржиж байхаар хонгил гаргах аргыг тэднээс асуумаар юм.

-Улс төржиж байна гэснээс Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ид явагдаж байна. Таныг нэг нэр дэвшигчийнх нь сурталчилгаан дээр очсон гэж сонссон юм байна?

-Хэн мэддэг юм. Тэр сурталчилгаа энэ тэрд очиж үхсэнээ хийдэг юм. Бодвол нэг явж байгаад харагдсан юм байлгүй. Улс төр гэж нүгэлтэй юм. Эрүүл хүний нүдээр харвал солио өвчтэй л юм харагдах юм байна шүү дээ, энэ улс төр гэдэг чинь. Нэг их улс төржиж хийрхээд байх хэрэг байхгүй. Юу бүтээж болох талаараа л ярьж, хэлж, хийж, бүтээх хэрэгтэй. Надад тэр нь, энэ нь гэж хэлээд байх юм алга. Тэр Сайханбилэг гэдэг УИХ-ын гиш үүн “Бид хэтэрхий их улс төржих юм” гэж байна лээ. Ухаантай сэхээтэн хүү нэг юм мэдээ биз. Манай орцны үүдэнд ардчиллын туг намирч байгаа биз дээ. Тэглээ гээд хавар болж зүлэг ногоо ургадгаараа ургаж л байна.

-Танай цонхны цаадах гурван улиас их сайхан ногоорчээ…

-Би энэ гурван улиасыг их бэлгэшээдэг. Намайг төрийн шагнал авдаг 1988 оны тэр жил энэ улиасыг тарьсан. Одоо цонх халхлаад сүглийтэл ургачихсан байгаа биз. Тэр нэлээд зайтай нөгөө орцны цонхны харалдаа байгаа нэг улиас нь Бат Эрдэнэ аваргын айлд хүргэн ороход суулгасан мод. Бат-Эрдэнийн мод гэдэг. Манай гурван улиасны доор чинь яруу найрагч Хишиг-Ундрал болзож байсан. Ярих юм бол улиастай холбоотой түүх их бий.

-Сүүлийн үед ямар уран бүтээл туурвиж байна?

-”Хувь заяаны цадиг буюу мартагдсан бурхад”, “Домогт бөхчүүдийн омогт барилдаан” гэсэн хоёр номоо удахгүй гаргах гэж байна. Эхнийх нь миний үеийн сайхан уран бүтээлчдийн тухай ном юм байгаа юм. Одооны энэ од, мод бол биш шүү. Нэг годгор охин Лувсаншарав бөмбөрийн ард сууж байтал очоод “Өвөө та бөмбөр хэдэн жил цохисон бэ” гэж асуухыг би өөрийн нүдээр үзлээ. Тэр хүний хөгжмийн бүтээлүүдийг мэдэхгүй байлаа гэхэд ганц дууг нь ч болов тэр хүүхэд мэддэг болов уу. Хоёр дахь ном нь бөхийн тухай. Одооны бөхчүүд шиг өөд өөдөөсөө хараад бух шиг тэврэлдээд зогсох чинь барилдах биш шүү дээ. Яах гэж “Олноос онцгой, түмнээс төгөлдөр” гэж ирээд цоллодог билээ. Тэр чинь их утга учиртай. Бөх барилдана гэдэг олныг баясуулах урлаг. Унагаж байсан ч, унаж байсан ч ов мэхээ хийдэг Сүхбат аваргаас хойш сэтгэл хөдөлгөх барилдаан ховорджээ. Бээжин аваргын тонгороо, Түвдэн аваргын мэх гээд л тэр хүмүүстэй амьд сэрүүнд нь уулзаж учирч байсан сайхан яриа, түүх, домгууд энэ номонд байгаа.

-Танай хойморт шүлэг уншиж байгаа таны зураг байна. Хажууд нь Н.Багабанди Ерөнхийлөгч эхнэртэйгээ байх шиг харагдана. Энэ ямар түүхтэй зураг вэ?

-Аа, энэ онгоцонд явж байгаа зураг. Би тэр хоёрт шүлэг уншиж өгсөн юм. Эхнэр нь сонсоод жигтэйхэн уйлсан. Эмэгтэйчүүд их уярдаг улс шүү дээ.

-Таны үеийн уран бүтээлчид буюу 60-аад оныхны талаар дурсаач. Өрнийн утга зохиолын нөлөө танай үеийнхэнд их байсан санагддаг.

-Бидний үеийнхэн чинь А.С.Пушкин, Д.Нацагдоржоор л хүмүүжсэн. Би С.Эрдэнээг их үнэлдэг. Жинхэнэ торгон авьяастай хүн. Чойжилын Чимэд, С.Эрдэнэ, Б.Явуухулан нарын бүтээлүүд 60-аад оныхонд нөлөөтэй байсан. Бид өмнөх үеэ нулимж биш, биширч явсан. Миний энэ тоглолт энэ тэр хөтлөөд байдаг чинь Чимэдээс үүдэлтэй. Тайзан дээр байхад нь гарынх нь аясаар үзэгчид ханараад л. Тэр үеийнхээ өрнийн уран зохиолын нөлөөг дорнынхтой хослуулж нөхөх гэж XIX зууны лам нарын бүтээлүүдийг үзэж байна. Лам нар чинь тэр үеийнхээ сэхээтнүүд байсан. А.С.Пушкиний салаад явсан хүүхэнд зориулсан шүлэг байна. “Надаас сайнтай учирвал Намайг чи мартана даа Надаас муутай учирвал Намайг чи санана даа” гэж. Монголын утга зохиолд энэ санаа бий. “Хөвөнтэй дээлтэй гарсан юмсан Хөөрөө болов уу яагаа болХөөрхий намайгаа зовоосон юмсан Жаргаа болов уу яагаа бол” гэж бичсэн нь хүнлэг талаасаа адилхан илэрхийлж байгаа биз дээ. Жишээ нь орчин үеийн улс төржилтийг яруу найргаар соёлтойгоор илэрхийлж болдог. Тавхан мөрөнд А.С.Пушкин улс төрийг “Хүйтэн далайн эрэг хавиар загасчин тороо тавилаа. Хүү нь эцэгтээ тусаллаа, залуу минь орхи тэр ажлаа Өөр ажил, өөр халамж чамайг хүлээж байна Өндөр ухаантныг шүүрдээд хаанд туслах ажил байна” гэж бичсэн байгаа юм. Ц.Хулан бас “Цэцгийн толгой тасалдагг үй, үртэй байхыг хүснэ Цэцдийн толгой авдаггүй, төртэй байхыг хүснэ” гэж яруухнаар илэрхийлсэн.

-Танай үеийн уран бүтээлчдийн “Эртний сайхан” гээд чуулга бий. Хуучны “Бөмбөгөр ногоон”-ыхон байх аа. Шинэ уран бүтээлээ үзэгчидэдээ хүргэх болов уу?

-“Эртний сайхан” чуулгын хорин жилийн ой болж байна. Намар тоглолтоо хийх гээд бэлтгэл ажлаа базааж байгаа. Цогзолмаа хөтөлбөрөө бэлдэж байгаа. “Бөмбөгөр ногоон”-ыхны бүтээлүүд, үе, үеийнхний сайхан дуунууд орсон тоглолтоо хийнэ.

-Уран бүтээлийг тань сонсоод дандаа сайнаар харж явлаа. Ингэхэд таны дутагдалтай тал юу вэ?

-Цаг барьдаг, ном уншдаг дутагдалтай гэж би хэлдэг юм. Энэ дутагдлаа заснаа хө гэхээр зарим залуус инээлддэг. Цаагуураа хүмүүжүүлэх гэж л хэлж байгаа хэрэг. Тэрнээс биш би их хуучинсаг хүн. Хуучин эхнэр, хуучин нам, хуучин байшинтайгаа байж л байна. Би бас хундаганы үгтэй болчихоод байгаа. “Миний хүү англи хэл сайн сураарай. Аав нь сурч амжаагүй юм. Архи бага уугаарай. Аав нь хувийг нь уучихсан шүү.” Би уучихсан учраас чамд үлдээгүй гэсэн санаа. Ингэж л залууст сургахгүй бол загнаад нэмэргүй болсон улс даа.

-Та хүүхдүүдийнхээ талаар яриач. Хаана, юу хийж байна гээд л. Таны авьяасыг өвлөсөн хүн бий юу?

-Хөгшин бид хоёр хүүхдүүдээ боловсролтой болгоё гэж л зүтгэсэн. Тэрнээс бидэнд тэр олон сая төгрөг байхгүй. Бага охин Хятадын Ухуань хотод шинжлэх ухааны доктор хамгаалаад ирсэн. Химийн талын доктор профессор хүн. Хятадад доктор хамгаална гэдэг чинь өндөр босготой, хатуу юм шиг байгаа юм. Орост бол нэг савхин дээл өгөөд л болдог юм шиг байгаа юм. Одоо Эрүүл мэндийн хүрээлэнд ажилладаг Өнөрсайхан. Нэг охин Өлзийсайхан эмч. Нэг эмчтэй болсны хэрэг сая л гарлаа. Би тэр гадаад яваад босоод ирнэ гэдэгт итгэдэггүй. Баахан мөнгө үрж эмчлүүлээд, дараа нь яах нь хамаагүй хаячихдаг юм шиг байгаа юм. Монгол эмч нар чадалтай болж дээ. Бөөрний Нямсүрэнгээр нэг хагалгаагаа хийлгэж, Нямхүү эмчээр цөсний хагалгаагаа хийлгэсэн. Хүн үхвэл хаа ч үхнэ. Тийм болохоор Монголдоо сүжигтэй. Нэг охин Хишигсүрэн минь бичих авьяастай. Одоо Японд амьдарч байгаа. Өгүүллэгээ бичээд л байгаа сурагтай. Нэлээд хэдэн ном гаргасан шүү дээ. Хүү Даваасүрэн бизнес эрхэлдэг. Наймаа хийхийгээ нэг их бизнес энэ тэр гэж нэрлэх юм даа, одооны залуус.

-Та янз бүрийн арга хэмжээ их хөтөлдөг байсан. Сүүлийн үед харагдсангүй?

-Бие чилээрхүү байсан болохоор нэг хэсэг хөтлөөгүй. Одоо 28-нд “Саран ээж”-ийг хөтөлнө. Цоцо Цогзолмаа гуайг ийн нэрийддэг аж тэнд байсан цагт би тэнд л байна.

-Цогзолмаа гуайн фэн хэвээрээ л юм аа даа?

-Та нар ч буруугаар ойлгох хүмүүс дээ. Нөхөрлөл гэдэг чинь их хүчтэй зүйл. Сая намайг эмнэлэгт хэвтэж байхад гурван удаа эргэж очсон. Нэр төртэй хүн болохоор халаад нөмрөөд хориглоод оруулахгүй байгаа өрөөнд ороод ирж байгаа юм.

-Хоёулаа яриагаа утга зохиол руу хандуулъя. Монголын утга зохиолын дэлхийн хэмжээнд эзлэх байр суурь…

-Дэлхийд хамгийн өндөр үнэлэгдэнэ. Сэтгэлгээ том улсууд шүү дээ, монголчууд. Даанч бид гадны уншигчдын сэтгэлд хүргэж чадаагүй нь алдаа. Сая миний дөрвөн мөртүүд англи хэлээр хэвлэгдлээ. Монгол хүн хөрв үүлбэл илүү сайн буулгах юм. Гэндэндарам орчуулсан. “Зуун найман эрдэнийн эрхи” гэж шүлгийн ном. -Таны бичсэн номын тоо нэлээд их болсон байх шүү..

-Би тоолдоггүй. Манайхан юмны тоо дуусчихна гэж ярьдаг даа. -Таныг онгодтой найрагч гэж яруу найрагч, уран бүтээлчид үнэлсэн байдаг. Тэр онгод гээчийн тухай нэг хэлээд өгөөч..

-Онгод гэдэг чинь тэнгэрээс өгсөн хишиг. Сэтгэл хөдлөлийн туйл.

-Уран бүтээлийн шавь нар олон биз?

-Бий бий. Эхлээд шавь ороод дараа нь ах дүү, анд найз болсон хүмүүс ч бий. Сая миний шавь Б.Энхтуяа Стокольмоос хагалгаанд ороход минь гурван зуун доллар явуулсан байсан. Яг хэрэгтэй үедээ тэр чинь их тус боллоо.

-Лхасаас уран бүтээлийн ганзага дүүрэн ирсэн биз дээ?

-Бурхны шүлгүүд бичнэ. “Буян сайтай хүнд бурхны гэгээ тусдаг. Нойтон чийгтэй газар ургасан ногоо соёолдог” гэж Данзанравжаагийн шүлэг бий. Би Лхас руу эхнэрээ дагуулаад явсандаа их баяртай байгаа.

-Ингэхэд та эхнэртээ зориулж “Нэрээр нь бичсэн шүлэг” бичиж байсан?

-Цэндээгийн нэрээр шүлэг бичиж байсан. “Цээлхэн дууг чинь хөгжим гэвэл Эгшгэнд нь уярсан нь би билээ. Найртай сэтгэлийг чинь нар гэвэл Дулаацаж жаргасан нь би билээ. Энхрий харцыг чинь цэцэг гэвэл Эргэлдэх эрвээхий нь би билээ” гэж бичсэн. Ишбалжир гэж инженер хүн оросоор хөрвүүлсэн. Үсгийн дараалал нь алдагдаагүй маш сайн орчуулга болсон.

-Таны өмнө байгаа цоожтой дэвтэрт юу байгаа юм бэ?

-Энд их нандин юм бий. Найз нарынхаа дурсгаж бичсэн үгийг цуглуулж, хадгалдаг юм. Охин минь Японоос авчирч өгсөн, цоожилчихдог дэвтэр байгаа юм. Чи энэ Л.Түдэвийн бичсэнийг хар даа. “Оройгүй сүм” гэгч энэ номоо Оройтой сүм болсон Сүрэнжавтаа бичлээ” гэж байгаа биз дээ. Л.Түдэвийг Нобелийн шагналд нэрийг нь дэвшүүлж байлаа, бид тэгэхэд Л.Түдэв надад “Уран бүтээлийг өндөр үнэлж, урам зоригийн одон надад шагнасан Сүрэнжавт” гээд л бичиж байсан нь энэ байна. Тэр үед Нобелийн шагналтныг тодруулдаг багийнханд манайхаас зургаан хүний гарын үсэгтэй матаас очиж байсан гэж байгаа юм даа. Сүүлд би мэдсэн. Иймэрхүү муухай юм хийдэг улс бас байх юмаа. Гэхдээ сайн нь тэрнээс олон болохоор санаа зовох юм алга даа.

-Цаг зав гаргасан танд баялалаа.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ DNN.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Ц.Билэгтсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүний өмнө ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар Л.Баттөр ажиллаж байсан билээ. Улмаар түүнийг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасны дараагаар Ц.Билэгтсайханыг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар 2021 оны есдүгээр сарын 9-нд томилсон юм. Тэрээр өмнө нь Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлын албан тушаалыг хашиж байв.

Categories
мэдээ нийгэм

Аюулт үзэгдэл, ослын улмаас 59 хүн амь насаа алджээ DNN.mn

Аюулт үзэгдэл, ослын 1519 тохиолдол 2023 оны эхний 4 сард бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 22 (1.5%)-оор нэмэгдсэн байна.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 59 хүн амь насаа алджээ.
Оны эхний 4 сарын байдлаар:
-Газар хөдлөлт 29
-Объектын түймэр 1118
-Ой, хээрийн түймэр 47
-Газар хөдлөлт 29
-Тэсрэлт, дэлбэрэлт 1 тус тус бүртгэгдсэн байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Монгол Улсын 2022 оны ТОП-100 аж ахуйн нэгж тодорлоо DNN.mn

2022 оны ТОП-100 ААН-ийг эрэмбэлэхдээ төрийн өмч давамгайлсан ААН-ийг оролцуулаагүй бөгөөд 51 ба түүнээс дээш хувь нь хувийн өмчит аж ахуйн нэгжүүдийн мэдээлэлд үндэслэн эрэмбэлсэн байна.
Уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбарын ТОП-10:
1. Оюутолгой
2. Энержи ресурс
3. Монголын алт МАК
4. МОЭНКО
5. Си Өү Эй Эл
6. Болдтөмөр ерөө гол
7. Цайртминерал
8. Шинь шинь
9. Бороогоулд
10. Хүрэн толгой коал майнинг
Уул уурхайн бус салбарын ТОП-10:
1. ХААН банк
2. Голомт банк
3. НИК
4. Худалдаа хөгжлийн банк
5. АПУ
6. Шунхлай
7. Мобиком корпораци
8. Сэнтрал экспресс Си Ви Эс
9. Хасбанк
10. Юнител
ТОП-100: ААН-ийн эрэмбэд багтсан онцлог ААН:
-Дижитал концепт ХХК
-Азифарма ХХК
-Ви интернэйшнл ХХК
-Интернэйшнлмедикал сентер ХХК
-Ханбогд кашимер ХХК
2022 оны ТОП-100 ААН-ийн тухай дэлгэрэнгүй мэдээг ЭНД дарж унших боломжтой.

Эх сурвалж: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

Categories
мэдээ нийгэм

Улаан хоолойн зүрхний хэт авиан шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө DNN.mn

Улаан хоолойн зүрхний хэт авиан шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

ЭМДЕГ-ын даргын 2022 оны “Жагсаалт батлах тухай” А/53-р тушаалаар бүх төрлийн хэт авиан оношилгоонд багтах улаан хоолойн зүрхний хэт авиан шинжилгээг 50 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
“Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт”
https://emd.gov.mn/legals/259
Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд
https://emd.gov.mn/news/315
Categories
мэдээ цаг-үе

Цэвэр эрчим хүчийг дэмжих тусламжийн хөтөлбөрийг АНУ-аас зарлав DNN.mn

2023 оны тавдугаар сарын 17-ны өдөр – АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID буюу ОУХА) нь цэвэр эрчим хүч рүү шилжих үйл явцыг хөнгөвчлөх замаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилго бүхий санхүүжилтийн тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлэх Монголын Эрчим хүчний судалгаа, инновацийн сангийн үйл ажиллагааг (MERI) эхлүүлж байна.

Энэхүү санхүүжилтийн тусламжийн хөтөлбөр нь АНУ-ын ОУХА-аас Монгол улсад эрчим хүчний засаглалыг сайжруулах таван жилийн хугацаатай, 12 сая ам.долларын санхүүжилттэй хэрэгжүүлж буй төслийн нэг хэсэг бөгөөд Монгол улсын эрчим хүчний салбарыг илүү уян хатан, илүү тогтвортой болгон хөгжүүлэхэд төслийн үйл ажиллагаа чиглэж байна. Төслийн хүрээнд илүү өрсөлдөх чадвартай, санхүүгийн хувьд тогтвортой эрчим хүчний салбарыг хөгжүүлж, улмаар эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулахаар, дотоодын эрчим хүчний хангамжийг илүү тогтвортой бөгөөд найдвартай болгохоор, түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдийг дэмжих зорилгоор ОУХА Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн голлох түншүүдтэй хамтран ажиллаж байна.

“Эрчим хүчний салбарын хүчирхэг экосистемийг бий болгох, Монгол байгууллагуудыг институцийн хувьд болон хүний нөөцийн чиглэлээр чадавхжуулах, эрчим хүчний салбарын шилжилт шинэчлэлийг дэмжих арга хэрэгслийг боловсруулахад туслах санхүүжилтийг АНУ-ын Засгийн газраас олгож байгаадаа баяртай байна” гэж АНУ-ын ОУХА-ийн Хөгжлийн дэд зөвлөх Стив Винкейтс нээлтийн арга хэмжээний үеэр хэлэв.

АНУ-ын ОУХА тусламжийн хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний салбарын шилжилтийг дэмжих байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхийн тулд нөхцөл хангасан бодлогын хүрээлэнгүүд буюу тинк танкууд, зөвлөх компаниуд, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, судалгааны болон бусад холбогдох байгууллагуудад буцалтгүй тусламж олгох юм.

АНУ-ын ОУХА нь Монгол Улсын эрчим хүчний салбарт хамтран ажиллаж ирсэн олон жилийн түүхтэй. 1990-ээд оны эхээр ОУХА-ийн анхны төслөөр Улаанбаатар хотын том цахилгаан станцуудын нэгийг өвлийн улиралд тэг зогсолт хийхээс сэргийлж, нэн шаардлагатай байсан засвар үйлчилгээг хийх яаралтай тусламжийг үзүүлж байжээ. Мөн ОУХА нь зах зээлийн цаашдын хөгжлийг хангах суурь болсон эрчим хүчний хууль боловсруулах, Эрчим хүчний зохицуулах газрыг (одоогийн Эрчим хүчний зохицуулах хороо) байгуулахад туслалцаа үзүүлсэн юм.

MERI сангийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл АНУ-ын ОУХА-ийн хэрэгжүүлэгч түнш Abt Associates-тай Info_Mongolia@abtassoc.com цахим хаягаар холбогдоно уу.