Categories
мэдээ нийгэм

Эрт илрүүлэх үзлэгийн 18-30 насны иргэдийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана DNN.mn

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн 18-аас 30 насны иргэдийн багцад дараах үзлэг, оношилгоо багтах бөгөөд товлолын дагуу зөвхөн лавлагаа шатлалын ЭМБ-д хийлгэнэ.

Даатгуулагч-иргэн та ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлснөөр эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.
УСЭИҮОШ-ний төрлөөр гэрээ байгуулсан ЭМБ-уудын жагсаалт
https://emd.gov.mn/news/103

Categories
мэдээ нийгэм

Б.Баяраа: “Шүүр ажиллагаа” эзнээ олохгүй байна DNN.mn

Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Шүүр ажиллагаа” болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Энэ талаар Монголын Төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа “Үйлдвэрчний эвлэлийн байгууллага жагсаж цуглаж, эрхээ эдлэх үүрэгтэй. Ерөнхий сайдад хүргүүлсэн хүсэлтийн агуулгыг танилцуулъя.

  1. Улаанбаатар төмөр зам ХНН-ийн ТУЗ буюу Ерөнхий хороонд ажиллах монголын талын тэргүүн Ерөнхий хорооны орлогч даргаар ЗТХ-ийн сайдын зөвлөх Д.Эрдэнэбат, Ерөнхий хорооны гишүүнээр Улаанбаатар төмөр замд ямар нэгэн холбоо хамаарал байхгүй, ашиг сонирхлын зөрчилтэй томилогдсон Б.Сүхгэрэл нарыг Засгийн газрын оролцоотой буруу гэж үзэж байна.
  2. Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Тээвэр зохион байгуулалт хариуцсан орлогч дарга нь зах зээлийн эрэлт ихэссэн тохиолдолд зах зээлийн эрэлт ихэссэн тохиолдолд авлигаас ангид үйл ажиллагаа явуулах, эрэлт нийлүүлэлт нийцсэн тээврийн үнэ тарифыг мөрдлөг болгох, доод шатны албан тушаалтнуудын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй. Шударга байдлаар асуудалд хандахгүй байна.
  3. Улаанбаатар төмөр зам ХНН-д ажлын байрны болон аливаа байдлын бэлгийн дарамт гарсан талаар шүгэл удаа дараа үлээж байсан. Эдгээр асуудлыг анхааралдаа авахыг хүсэж байна.

Шүүр ажиллагаа эгэл хүмүүсийн хувьд дарамт, эрх мэдэлтнүүдийн хувьд өөрсдөд нь дургүй хүмүүсээс салах боломж болж харагдаад байна. Асуудал дэвшүүлсэн хүмүүст нь дарамт шахалт ирэх гээд байдаг. Үнэнийг хэлэхэд шүүр ажиллагаа өнөөдөр эзнээ олохгүй байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тавдугаар сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн байна DNN.mn

Ирэх тавдугаар сард нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн бөгөөд хур тундас дунджаас ахиу орох төлөвтэй. Сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх ба нэгдүгээр арав хоногийн дундаас ихэнх нутгаар температур аажмаар дулаарах боловч сарын дунд үе буюу хоёрдугаар арав хоногийн дунд, сүүлч үеэр ахин сэрүүсэх төлөвтэй байна. Сарын эхэн үеэр ихэнх нутгаар хур тунадас орох бөгөөд энэ үед салхины хурд нэмэгдэж, ширүүсэх төлөвтэй ба сарын нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр зүүн болон говийн аймгуудын нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, мөн сарын сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох буюу уулархаг газраар нойтон цас, говь тал хээрийн бүс нутгаар бороо орох төлөвтэй байна.

“Иймд нийт нутгаар сарын турш өдөр, шөнийн болон дулаан, хүйтэн үеийн агаарын температурын зөрөө (хэлбэлзэл) ихтэй байх ба малчид, тариаланчид мал төллөх, хаврын тариалалтын үеийн нэн шаардлагатай ажилуудыг эртнээс бэлтгэж, хаваржилтыг өнтэй давах арга хэмжээ авахыг зөвлөж байна. Мөн цаг агаарын богино хугацааны 1-5 хоногийн мэдээг өдөр тутам авч, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг нийт ард иргэдэд анхааруулж байна” гэж УЦУОШГ-аас мэдээллээ.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Увсын ихэнх, Ховдын зүүн хойд, Завханы баруун болон хойд, Говь-Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Сарын эхэн үе болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеүдээр агаарын температур олон жилийн дунджаас бага зэрэг сэрүүснэ. Арав хоногуудын дунд үеүдээр болон сарын сүүлчээр ихэнх нутгаар нойтон цас, уулархаг нутгаар цас орох төлөвтэй. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 15-17 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өвөрхангай, Архангайн ихэнх, Хөвсгөлийн нутаг, Булганы баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байна. Сарын эхэн болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур олон жилийн дунджаас сэрүүсэх төлөвтэй. Хоёр, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орох төлөвтэй. Энэ үеэр салхи зарим газраар 11-13 м/с, зарим үед түр зуур 14-16 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр бага зэрэг сэрүүсэх төлөвтэй. Арав хоногуудын зааг үеүдээр ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 13-15 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар дунджийн орчим, хур тунадас Өмнөговь, Дундговийн зүүн, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.

Сарын эхэн үе болон арав хоногуудын зааг үеүдээр агаарын температур харьцангуй сэрүүсэх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд хур тунаданы давтагдал ихтэй байх магадлалтай ба хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр бороо орох төлөвтэй. Энэ үеэр салхины хурд 14-16 м/с хүрэх буюу зарим үед 17-19 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Categories
гадаад мэдээ

Кипр улс дахь Оросын соёлын төв шатжээ DNN.mn

Кипр улсын нийслэл Никозия хот дахь Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төв халдлагад өртсөний улмаас шатсан тухай ТАСС агентлаг өчигдөр мэдээлжээ.

Төвийн байр руу хэн нэгэн Молотов коктейль гэгддэг гар хийцийн шатаагч бөмбөг шидсэнээс гал гарсныг тус төвийн тэргүүн Алина Радченко мэдээлсэн байна.

“Өдрийн 1:30 цагийн үед хоёр удаа дэлбэрэх чимээ сонсогдсон. Бид эхэндээ юу болоод байгааг ойлгоогүй. Удалгүй гал түймэр гарсан. Гэрчүүдийн мэдүүлснээр барилга руу ямар нэг зүйл шидсэн байна” гэж тэр ярьжээ.

Гал түймэр гарсан шалтгааныг мөрдөн шалгаж эхэлсэн байна.

“Барилга бүхэлдээ нэлээд гэмтсэн. Галын шалтгааныг бид цагдаагийн албатай хамтран шалгаж байна. Шаардлагатай бол төрийн бусад албадыг татан оролцуулна” гэж Киприйн гал түймэртэй тэмцэх газрын хэвлэлийн төлөөлөгч Андреас Кеттис мэдэгджээ.

Сүүлд Кипр дэх ОХУ-ын дипломат төлөөлөгчийн газар гал түймрийг бүрэн унтраасан, хүний амь нас, эрүүл мэнд эрстээгүйг мэдээлсэн байна.

Оросын төв телевизийн сувгаар ярихдаа Радченко тус төвийн сүүлийн үед явуулж байгаа идэвхтэй үйл ажиллагаа ийм халдлага гарахад нөлөөлсөн байж болзошгүй гэжээ.

“Энэ бол бидний хатуу байр суурийг Киприйн ард иргэд олноор дэмжих болсны хариу үйлдэл байх” гэж тэр ярьсан байна.

Радченко бас Украиныг дэмжигч бүлэг хүмүүс, Кипр дэх Өрнөдийн орнуудын элчин сайд нар Оросын эсрэг үзлийг дэвэргэсний үр дүнд ийм халдлага гарсан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Ингэхдээ тэр ямар нэг баримт нотолгоо үзүүлээгүй байна.

Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төв 1978 онд байгуулагдаж байсан юм. Одоо уг төвийн үйл ажиллагааг ОХУ-ын элчин сайдын яамнаас шууд удирддаг байна.

Газар дундын тэнгисийн арал улс Кипрт ОХУ-ын 18,000 орчим, Украины 4,600 гаруй иргэн оршин суудаг тухай өнгөрсөн онд тус улсын засгийн газраас гаргасан статистик мэдээлэлд дурдаж байжээ.

Оросын эзлэн түрэмгийлэх дайн эхэлснээс хойш Украинаас тус улсад 10,000 орчим дүрвэгч ирсэн байна. 1.2 сая хүн амтай Кипр улс нь Европын Холбооны гишүүн юм.

Эх сурвалж: AFP

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Солонгосын олон ангит, түүхэн киноны зураг авалтыг Монголд хийнэ DNN.mn

Энэ онд БНСУ-ын олон нийтийн тэргүүлэгч KBS телевизийн 50 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбоотойгоор тус телевизээс олон ангит, түүхэн кино хийх гэж байгаа юм. Уг киноны хэсэгт монгол угсааны Кидан буюу Хятан улсын талаар гарах тул киноны багийнхан судалгаа хийхээр Монголд иржээ.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Монгол, Солонгос Улс нь гуравдагч хөршийн найрсаг харилцаатайн дээр олон улсын түвшинд ч бие биенээ харилцан дэмжиж ирсэн түүхтэй. Энэхүү харилцаа нь иж бүрэн түншлэлийн хүрээнд эдийн засаг, худалдаа үйлчилгээ, соёл урлаг, хүмүүнлэгийн салбарт амжилттай өрнөж байна. Мөн Улаанбаатар хот болон БНСУ-ын хотуудын хооронд Ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосноос хойш талууд харилцан хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлж ирсэн. Дэлхийд алдартай Солонгосын кино урлагийн хөгжлийг ойроос харж, түүний нэгээхэн хэсэгт эх орны минь сайхан байгаль, хүн зон дүрсээ мөнхлөх болсонд баяртай байна” хэмээлээKBS-Төслийн Монгол дахь ерөнхий захирал Ко Сун Хун “Киноны зарим хэсгийн зураг авалтыг Монголд хийх хүсэлтэй байгаа тул тусалж, дэмжээрэй. Монголын үзэсгэлэнт байгалийг киногоороо дамжуулж солонгосчууддаа сурталчлахад таатай байх болно” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудсыг тавдугаар сарын 5-наас олгоно DNN.mn

Дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 10:00 цагт улс орон даяар Монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулсан. Тус шалгалтад нийт 32 600 шалгуулагч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд хариу нь тавдугаар сарын 4-ний дотор гарах юм. Түүнчлэн Монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудсыг тавдугаар сарын 5-ны өдрийн 15:00 цагаас хойш eyesh.eec.mn холбоосоор орж, хэвлэж авах боломжтой.

Categories
мэдээ улс-төр

“Хөгжлийн банк”-ны шүүх хурал ес дэх өдрөө үргэлжилж байна DNN.mn

“Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан ес дэх өдрөө үргэлжилж байна.

Прокуророос байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн дээрх этгээдүүдийн нэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зарласан билээ.

Өнөөдрийн шүүх хуралдаанаар “Модун” ХХК, “Мондулаан трейд” ХХК, “Чингис хаан” банк, “Вертекс майнинг партнер” ХХК-тай холбоотой шүүгдэгч нарын мэдүүлгийг сонсож байна.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

​“Музейн сан хөмрөгийг гамшиг болон аюулын үед нүүлгэн шилжүүлэх журам” батлагдлаа DNN.mn

Музейн тухай хуульд тусгагдсан “Музейн сан хөмрөгийг гамшиг болон аюулын үед нүүлгэн шилжүүлэх журам” 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар батлагдлаа.
Манай Улсад өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 11 музей, орон нутгийн өмчийн 24, хувийн өмчийн 2 музей тогтмол үйл ажиллагаа явуулж, төрийн захиргааны байгууллага, их дээд сургуулийн дэргэдэх үзэсгэлэнгийн 20-иод танхим ажиллаж байна.
Музейн сан хөмрөгийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах төлөвлөлтийг хийж, бүх түвшинд бэлэн байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь музейн үйл ажиллагааны чухал хэсэг юм.
Энэхүү журам батлагдсанаар музейн сан хөмрөгийг гамшиг болон аюулын үед нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах, нүүлгэн шилжүүлсэн үзмэр, цуглуулгын аюулгүй байдлыг хангах, буцаан байршуулах зэрэг үйл ажиллагаа тодорхой болж эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байна гэж Соёлын яамнаас мэдээллээ.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

БНПУ-ын ерөнхийлөгч Анджей Дуда: Худалдааны эргэлт нэмэгдэх тусам манай аж ахуйн нэгжүүд Монголыг ихээр сонирхож байна DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Польш улсын ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт төрийн айлчлал хийж байна. Тус айлчлал 24-26-ны өдрүүдэд боллоо. Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын ерөнхийлөгч А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний болон олон улсын харилцааны зарим асуудлыг хэлэлцлээ. Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан томоохон зорилтууд, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд Польшийн талтай хамтран ажиллах талаар ярилцав. Түүнчлэн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, дэд бүтэц, боловсрол, соёл зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Айлчлалын хүрээнд Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Польш улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, архив, геологи, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

КОНСУЛЫН ХЭЛТЭС АЖИЛЛУУЛАХ МОНГОЛЫН ТАЛЫН ХҮСЭЛТИЙГ ПОЛЬШ УЛС 2024 ОНООС АЖИЛ ХЭРЭГ БОЛГОНО

Дэлхийн улс орнуудын өмнө тулгарч буй цар тахал, олон улсын харилцаа, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн томоохон сорилтуудын үр дагавар, шийдлийн талаар ярилцаж, хүндрэл, бэрхшээлийг хамтын хүчин чармайлтаар давна гэдэгт санал нэгдлээ. БНПУ нь Монгол Улсын гуравдагч хөрш, дотно түншийн нэг бөгөөд хүндрэл, бэрхшээлтэй үед ч харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй идэвхтэй өрнөж ирсэн. Тухайлбал, Монгол Улсад суух Элчин сайдын яамаа сэргээх шийдвэрийг 2021 онд гаргаж, төрийн айлчлалын үеэр албан ёсоор нээж байгаад баяртай байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлон тэмдэглэв. Элчин сайдын яамандаа Консулын хэлтэс ажиллуулах Монголын талын хүсэлтийг БНПУ 2024 оноос ажил хэрэг болгохоос гадна Монгол оюутны тоог нэмэгдүүлэхээ нотлов. Ингэснээр монгол иргэд БНПУ-д зорчих визээ Монгол Улс дахь Бүгд найрамдах Чех улсын болон БНХАУ дахь тус улсын Элчин сайдын яамнаас авах шаардлагагүй болох юм. Монгол оюутнууд хоёр орны ард иргэдийг холбох гүүр нь болж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулна гэдэгт талууд итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Хоёр улсын Парламент, Засгийн газар, төрийн байгууллагууд, иргэд, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид хоорондын харилцаа идэвхжиж, хоёр орны худалдааны эргэлт 100 сая орчим ам.долларт хүрэн, сүүлийн гурван жилд хоёр дахин нэмэгдсэнийг талууд онцлов. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг эрчимтэй нэмэгдүүлж, томоохон бүтээн байгуулалт, зам тээвэр, боловсрол, геологи, уул уурхай, соёл урлаг, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллаж, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хөдөө аж, ахуй, байгаль орчны салбарт хэрэгжүүлэхээр санал нэгдэв.

Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, нээлттэй, олон тулгуурт энх тайванч бодлогыг эрхэмлэдэг Монгол Улс нь ардчилсан нийгмийн үнэт зүйлээ хамгаалах, бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүс нутагтаа хөгжүүлэхийг эрмэлзэж буй БНПУ-ын бодлогыг хүндэтгэж, НҮБболон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ нотоллоо.

УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, ХАРИЛЦАН АШИГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ ГЭВ

Төрийн айлчлалын хүрээнд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, БНПУ-ын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг хамтран Польш-Монголын бизнес форумыг зохион байгууллаа. Ерөнхийлөгч Анджей Дуда хэлсэн үгэндээ, харилцаа өргөжин хөгжиж, худалдааны эргэлт нэмэгдэхийн хэрээр тус улсын аж ахуйн нэгжүүдийн Монгол Улсыг сонирхох сонирхол өсөн нэмэгдэж байгааг тэмдэглэв. БНПУ нь Монгол Улс руу хийж байгаа бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээгээрээ Европын Холбооны Улсад тэргүүлж байгаа орны нэг гэдгийг хэлэв. Цаашид уул уурхай, ашигт малтмал, геологи, байгаль орчин зэрэг салбарт хөрөнгө оруулж, харилцан ашигтай хамтран ажиллах боломжтойг онцолж, 2024 онд Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа эхлэх Консулын хэлтэс худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа хэлэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, уул уурхай, геологи, соёл, боловсрол, байгаль орчин, банк, санхүү, цахим худалдааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх шинэ боломж нээгдэж байгааг тэмдэглэв. Монгол Улс эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд хоёр хөршөөс гадна “Гуравдагч хөрш”-ийн оролцоог нэмэгдүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх, олон тулгуурт, зохистой бүтэцтэй болохыг зорьж байгааг хэлэв. Цаашид хөрөнгө оруулалтын бодлогоо улам тодорхой болгож, тогтвортой, тууштай, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш байх” зарчим баримтлан, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр цогц шинэчлэл хийж байгааг онцлов.

БНПУ-ын аж ахуйн нэгжүүд сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, мэдээлэл технологи, эрчим хүч, барилга, ажил зуучлал зэрэг чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байлаа. Монгол Улс, БНПУ-ын худалдааны эргэлт жил ирэх тусам нэмэгдэн, сүүлийн гурван жилийн хугацаанд худалдааны эргэлт хоёр дахин өсөж, 100 сая ам.долларт хүрсэн. “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНПУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан нь худалдаа болон дамжин өнгөрөх тээврийн өртөг зардал буурах, цаг хугацаа хэмнэх зэрэг олон эерэг үр дүн авчирна. Мөн Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын бизнесийн зөвлөл болон БНПУ-ын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулсан нь бизнес эрхлэгчдийн харилцаа, холбоог гүнзгийрүүлэх ач холбогдолтой юм.

БНПУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АНДЖЕЙ ДУДАД

МУИС “ХҮНДЭТ ДОКТОР” ЦОЛ ОЛГОЛОО

БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Монгол иргэдэд төрийн одон гардуулав. Тухайлбал, Гавьяаны загалмайн алтан одонгоор Зэвсэгт хүчний Жанжин штабын мэргэжилтэн, хошууч Ганболдын Аззаяаг, Гавьяаны загалмайн мөнгөн одонгоор НЗДТГ-ын Цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч дарга Рэнцэндагвын Дагвыг, Гавьяаны загалмайн хүрэл одонгоор Монголын Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Олонбаярын Эрдэнэцогт нарыг шагналаа. Дараа нь БНПУ-ын ерөнхийлөгч Анджей Дудад Монгол Улсын их сургууль “Хүндэт доктор” цол олголоо. Үүний дараа эрхэм зочид “Чингис хаан” музейг үзэж сонирхов.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цахилгаан хязгаарлах хуваарь DNN.mn

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 27-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Засвар хийх хугацаанд хэрэглэгчид та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.

Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.