Categories
мэдээ нийгэм

Кёкүшюзан Д.Батбаярын танхайрсан хэргийг шалгаж байна DNN.mn

Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст Д.Кёкүшюзанбатбаяр хутга барьж, танхайрсан гэх гомдол ирснийг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Тодруулбал, энэ сарын 2-ны өдөр “Грийнхаус” хотхоны СӨХ-ны дарга С.М нь тус хотхонд Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нар зөвшөөрөлгүй барилга барьж байгааг эсэргүүцэн 2х6 метрийн хэмжээтэй хулдаас байршуулжээ.

Уг хулдаас дээр “Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нар “Грийнхаус” хотхоны байрны булан тохой бүрд, Токио тауэр, спорт заал, таун хаус, 14 айлын орон сууц, Кёкүшюзан сан хэмээх таван барилга бариад бүгдийг нь зарж дуусгасан.

Одоо “Грийнхаус” хотхоны урдах спорт заал, орон сууцыг нурааж, 14 давхар оффисын барилга барих гэнэ. Хотхоны 300 гаруй оршин суугчдын эрх ашиг зөрчигдөх юм.

Барилга барихыг эсэргүүцэж байна. Зогсоох хүртэл бид тэмцэх болно” хэмээн бичжээ.

Энэхүү хулдаасан хэвлэлийг иргэн Д.Кёкүшюзанбатбаяр ирж хутгаар зүсэж, авч явж танхайрсан гэж өргөдөл гаргасныг цагдаагийн байгууллагаас шалгаж байна гэв.

Categories
мэдээ нийгэм

​”Тариалангийн сэргэлт- 2023″ үндэсний чуулган үргэлжилж байна DNN.mn

“Тариалангийн сэргэлт- 2023” үндэсний чуулга эхэллээ.Чуулганд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун оролцож, 800 гаруй зочид төлөөлөгч газар тариалангийн салбарын бодлого, зорилтыг танилцуулав.

Газар тариалангийн салбарт шийдвэрлэвэл зохих олон асуудлууд байгааг онцгойлон анхаарч энэ жилийг “ТАРИАЛАНГИЙН СЭРГЭЛТИЙН ЖИЛ” болгон албан ёсоор зарлаж, дараах зорилтуудыг дэвшүүлжээ.

1. Тариалангийн салбарын эрх зүйн орчны сэргэлт
– “Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай” хуулийн төсөл;
– “Тариалангийн даатгалын тухай” хуулийн төсөл
– “Ургамлын шинэ сортыг хамгаалах олон улсын холбооны конвенцыг соёрхон батлах тухай” хуулийн төслийг тус тус боловсруулж, Засгийн газар, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

Эрх зүйн орчны шинэчлэлийг хийснээр манай орны тариалангийн бүс нутгийн онцлогт тохирсон дэвшилтэт шинэ сортыг бүтээх үйл ажиллагаа идэвхжин, үр үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргаж, хүн амын хүнсний хангамжид бодитоор нөлөөлж, улмаар Монгол Улсын тариалангийн салбарын тогтвортой хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.

2. Тариалангийн салбарын санхүү, хөрөнгө оруулалтын сэргэлт
Нийт 982.0 тэрбум төгрөгийн зээлийг 5-6 хувийн хүүтэйгээр хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд арилжааны банкуудын эх үүсвэрээр 3-5 жилийн хугацаатай олгох санхүүжилтийн гэрээг байгууллаа.

3. Хүний нөөц, залуу тариаланчдын сэргэлт

  • Салбарын тэргүүлэх мэргэжлээр их дээд сургуульд суралцахад сургалтын төлбөрийг үе шаттайгаар төрөөс хариуцах;
  • ЭЕШ-ын 650-с дээш оноо авсан элсэгчид сургалтын эхний жилд тэтгэлэг олгох, сургалтын дараагийн жилүүдэд оюутны сурлагын голч дүнгээс хамааран тэтгэлгийг үргэлжлүүлэн олгох;
  • Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын тэтгэлгийг салбарын тэргүүлэх чиглэлээр элсэгч, суралцагчид тусгайлан олгох (хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад нийт квотын 50 хүртэлх хувийг олгох);
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчийг салбарын тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр гадаадад тэтгэлэгтэй суралцуулах (үйлдвэрлэлд нэвтрэх ноу-хауг авчирна);
  • Салбарт ажиллаж буй мэргэжлийн бус ажилтныг чадавхжуулах богино хугацааны эрчимжүүлсэн сургалтыг их дээд сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг түшиглэн тогтмолжуулан зохион байгуулах;
  • Хөдөө аж ахуйн салбарт залуучууд агро гарааны бизнес эрхлэхийг дэмжсэн дэмжлэг үзүүлэх аян зохион байгуулах (инкубац буюу бойжуулалт хийхэд ЖДҮ болон бусад зээлд хамруулах ),
  • Залуучуудыг туршлагатай газар тариаланч, фермерийг дагалдан суралцангаа ажиллах сургалтын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх (хөтөлбөрийн төгсгөлд өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрөх шалгалт зохион байгуулж залууст зохих гэрчилгээ, үнэмлэхийг олгох, төгсөгч цаашид бие даан аж ахуй эрхлэх)
  • Их дээд сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын сургалтын хөтөлбөрт аж ахуй эрхлэхтэй холбоотой мэдлэг, ур чадвар, хандлагыг олгох агуулга нэмэх зэрэг болно.
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Тэгшбаяр: Оргон зайлсан этгээд тухайн улсын иргэншилтэй эсвэл орогнол хүсээгүй бол авчрах бүрэн боломжтой DNN.mn

– Иргэншил, орогнол хүссэн тохиолдолд тухайн улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээг байгуулах шаардлага үүснэ –

Санхүүгийн гэмт хэргийн шинжээч, судлаач Д.Тэгшбаяртай ярилцлаа.


-Энэ цаг үед авлигын эсрэг томоохон акцууд өрнөж байна. Засгийн газраас авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааг танилцуулсан. АТГ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж байна. Үндэсний хөтөлбөр юунд зорьж байна вэ?

-Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр 2016 онд батлагдсан. Хэрэгжилтийн хоёрдугаар шатны хугацаа энэ онд дуусч, хөтөлбөрийг шинээр боловсруулах хэрэгцээ гарч байгаа. Үүнийг нэгд, Монгол Улсын “Алсын хараа” урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулж, хоёрдугаарт, хөгжлийн зорилтот дэд хөтөлбөрүүдтэй зэрэгцэн, хуульд заасан үндэслэлээр бие даасан хөтөлбөр болгож боловсруулж байна. Төслийг 2023 оны УИХ-ын хаврын чуулганаар Авлигатай тэмцэх багц хуулийн төсөлтэй хамт хэлэлцэх байх гэж харж байна.

-Нэг зүйл сонирхож асуухад энэ үндэсний хөтөлбөрийг “5Ш” ажиллагааны хүрээнд боловсруулсан гэж яригдаж байгаа?

-Үндэсний хөтөлбөрийг ФАТФ-ын өгсөн зөвлөмжийн хүрээнд Үндэсний авлигатай тэмцэх стратеги болгож батлах нь зүйтэй. Гэхдээ “5Ш” ажиллагааны хүрээнд үйл ажиллагааг хязгаарлаж боловсруулаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Учир нь авлигатай тэмцэх үндэсний тогтолцоог бүрдүүлэхэд зөвхөн нэг Засгийн газрын санаачилгыг барих боломжгүй. Энэ бол үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх дунд хугацааны хөгжлийн зорилтот хөтөлбөр буюу авлигатай тэмцэх дунд хугацааны бодлогын баримт бичиг. Засгийн газрын санаачилгыг дэмжих чиглэлийн үйл ажиллагаа байлгүй яахав. Гэхдээ илүү өргөн цар хүрээтэй, урт хугацаатай хөтөлбөр болно.

Өмнөх төсөл болох “5Ш” ажиллагааны хүрээнд боловсруулагдсан байсан үндэсний хөтөлбөрийн төсөл ихээхэн шинэчлэгдэж өөрчлөгдсөн. Илүү алсыг харсан, АТГ-ын үйл ажиллагааг чанаржуулах, үндэсний тогтолцоог бий болгох, мэдээлэл технологийн шийдлүүдийг ашиглах, эрсдэлээс хамгаалах чиглэлтэй, иргэдэд ялгамжтай байдлыг бууруулж, оролцоог нэмэх, олон улсын авлигатай тэмцэх туршлага, чиг хандлагыг нэвтрүүлэх мөн иргэдийн хүсээд байгаа олон асуудлыг оруулж ирж байна. Жишээ нь гамшиг, өндөржүүлсэн бэлэн байдлын үед авлигын асуудал сөхөгдөж ирлээ, одоо ч шийдэгдээгүй, ил тод болоогүй хөрөнгө мөнгөний асуудал байна шүү дээ. Зөвхөн төсөв биш олон улсын зээл тусламж, санхүүжилтын зарцуулалт, төсвийн ил тод байдал хангалтгүй байлаа. Дайн, хөл хорио, хил хаах гээд гэнэтийн төлөвлөгдөөгүй нөхцөл байдал бидэнд үүсэхгүй гэх баталгаа алга.

Гэнэтийн цаг үед худалдан авалт хийхэд авлигаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх гэдгээс эхлээд саарал эдийн засгаа хумих, төрийн албан тушаал дагаж бий болох хулгай, хамаатан садны нэр дээрээ үндэслэлгүй хөрөнгөжих зэрэг шийдэх олон өөрчлөлтийг нэмж тусгасан. Энэ шинэчлэгдсэн үндэсний хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг цаашид үргэлжилнэ.

-Өмнөх хөтөлбөрийн үр дүнг сонирхож болох уу?

-2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдахад Монгол Улсын авлигын төсөөллийн индексийн оноо 38 байсан. Гэтэл сая долоон жил хэрэгжсэн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт 75 хувьтай байна гэж гарлаа. 75 хувь гэдэг бол онцгой сайн хэрэгжилт. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр ингэж хэрэгжээд байхад авлига буурч, авлигын төсөөллийн оноо өссөн байх ёстой биз дээ. Гэтэл энэ жилийн байдлаар авлигын индексийн оноо таваар буурч, 33 оноотой, 16 байр ухарсан дүр зурагтай байна. Дүгнэхэд өмнөх Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн арга хэмжээ огт оновчгүй байсныг харуулаад байна. Тийм учраас одоогийн үндэсний хөтөлбөрийн арга хэмжээг эрсдэлд суурилсан, ирээдүйг харсан, тав, арван жилийн дараа авлигатай тэмцэх тогтолцоо хаана очсон байх вэ гэдэгт чиглэсэн шинэлэг байдлаар боловсруулж байна.

-Засгийн газрын “5Ш” ажиллагаанаас “Шувуу” ажиллагаа олны анхаарлыг татаж байгаа. Гэмт хэргийг шалгах явцад гадаад руу оргон зайлсан иргэдийг буцаан авчирна. Ийм жишгийг гадны улсууд ч хэрэгжүүлдэг. Тухайлбал, БНХАУ гэхэд “Үнэгний ав” гэх ажиллагааг хэрэгжүүлж, авлига авсан олон арван иргэдээ бөөн бөөнөөр нь авчирч байсныг олон улсын мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан. Бидний хувьд гаднаас иргэдээ авчрах боломж ямар байна вэ?

-“Шувуу” ажиллагааны хүрээнд авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан, мэдүүлэг өгөөгүй, эх орноосоо зугтаасан иргэдээ олж авчрахаар байна. Энэ хүрээнд олон улс орны жишээ байдаг. Жишээ нь, Филиппин, Малайзын Засгийн газраас хэрэгжүүлсэн тусгайлсан бодлогууд байна.

Манай хувьд өмнө нь ч хийгдэж байсан л ажил. Гэхдээ одоогийн онцлог нь нэлээд далайцтай, тусгайлсан ажил болгож, зохион байгуулалттайгаар хийж байгаа нь ололттой тал гэж харж байна. Энэ хүрээнд хүний эрхийн өмнө гарч байсан зөрчил давтагдахгүй байх гэж найдаж байна. Хүн өөр улсаас буцааж авч ирнэ гэдэг бол зүгээр хоёр хүн хоорондоо хэлэлцэж байгаад аваад ирдэг ажиллагаа байхаа больсон. Өмнө нь хяналт дутуу, мэдээлэл технологи ингэж их хөгжөөгүй байсан. Тэр үед алдаа дутагдал гарсан байхыг үгүйсгэхгүй. Одоо бол тэгэх ямар ч боломжгүй.

Одоогийн байдлаар манай улс бусад оронтой 23 орчим харилцан туслалцаа үзүүлэх хүчин төгөлдөр гэрээг байгуулсан байна. Гэхдээ яллагдагч шилжүүлэн авч ирэх хэрэгтэн шилжүүлэхтэй адил биш учраас одоогийн хүчинтэй эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээг шинэчлэх, зарим зүйл, заалтыг өөрчлөх, тодотгох, гэрээний тоог нэмэгдүүлэх хэрэгцээ бол бий. Үүний зэрэгцээ НҮБ-ын авлигын эсрэг конвенцид дэлхийн 197 орон нэгдсэн. Үүний нэг нь манайх. Конвенцид нэгдсэн 197 орон хоорондоо харилцан бие биедээ туслалцаа үзүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Тэгэхээр аливаа иргэн тухайн улсын иргэний харьяалалтай болчихоогүй эсхүл орогнол хүсээгүй л бол энэ гэрээ конвенцийн хүрээнд хүнээ авчрах бүрэн боломжтой.

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг иргэншил хүссэн гэдэг шүү дээ. Энэ тохиолдолд манай тал ямар алхам хийх вэ?

-Тухайн улсын иргэн болсон, эсвэл хүсэлт гаргасан, ногоон карттай, орогнол хүссэн түүнийг нь шийдвэрлэх процесс явагдаж байгаа зэрэг таны хэлдгээр жишээ нь манай улсын Ерөнхий сайд байсан хүн АНУ-д иргэншил хүссэн нөхцөл байдалтай тохиолдол байгаа. Энэ тохиолдлын хувьд харилцан туслалцаа үзүүлэх бие даасан хоёр улсын хооронд гэрээ байх шаардлагатай. Бусад тохиолдолд иргэдээ аль ч улсаас заавал бие даасан харилцан туслалцаа үзүүлэх гэрээ шаардлагагүйгээр авчирч болно. Процессийн хувьд түвэг багатай байхад харилцан туслалцаа үзүүлэх гэрээ нэмэр болдог.

-Харилцан туслалцаа үзүүлэх гэрээний үйл явц удааширдаг гэв үү?

-Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ бол урт хугацааны процесс байдаг. Дунджаар гурван жил орчим шаардагддаг. Манай талд гэхэд Засгийн газар, УИХ-аар орж батлагдаад явах бол нөгөө талд, жишээ нь АНУ гэхэд конгресс, сенатаар орж, ерөнхийлөгчөөр нь баталгаажна. Үүнээс өмнө хоёр талын Гадаад харилцааны яам хоорондоо мэдээллээ солилцох, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний нөхцөлийг тодорхойлох гээд хугацаа их шаардагдана.

Ер нь иргэний, эрүүгийн, хөрөнгө буцаахтай холбоотой, хэрэгтэн солилцохтой холбоотой чиглэлээр тус тусад нь гэрээ байгуулах боломж байдаг. Авлигатай тэмцэх үндэсний стратегидаа бид аль болох олон улстай, олон чиглэлээр эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах асуудлыг тусгаж өгөх ёстой.

-Тэгвэл НҮБ-ын авлигын эсрэг конвенциор иргэнээ авчрах хугацаа хэр удаан үргэлжлэх вэ?

-Процессын хувьд манай талаас тухайн улсын ЭСЯ-аар дамжуулж хүсэлт гарган ихэвчлэн Хууль зүйн яамтай нь холбогдож, яамны процесс, манай процесс бүрэн шийдэгдээд дуустал хэдэн сарын хугацаа шаардагдах байх.

-Иргэдээ авчирлаа гэхэд гадаад улс руу оргон зугтаасан гэдгээр хүндрүүлэх нөхцөл байдал нэмэгдэх үү. Эсвэл өмнө нь шалгаж байсан хэргээ үргэлжлүүлээд шалгаад явах уу?

-Яллагдагчаар татагдаад мэдүүлэг өгөөгүй оргон зайлсан бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага нэмэгдэж орж ирнэ. Сая Эрүүгийн хуульд тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг орууллаа. Гэхдээ энэ өөрчлөлт бүрэн хийгдэж чадсангүй. Ялангуяа улс төрд нөлөө бүхий этгээд яллагдагчаар татагдсан хугацаандаа оргон зайлсан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг нь түр зогсоох концепци орж ирсэн боловч Эрүүгийн хуульд заасан бусад заалтууддаа өөрчлөлт оруулаагүй учраас хэрэгжилт дээрээ гацахаар нөхцөл байдалтай байна. Ялын бодлого гэдэг өөрөө маш чанартай дагалдах судалгаатай, бодитой хэрэгжихүйц байх ёстой. Сая Эрүүгийн хуульд оруулсан өөрчлөлтийг 48 цагийн дотор боловсруулаад батлуулахдаа олон талын санал аваагүй, судалгаа дутуу оруулж ирсэнээр гадаад руу оргон зайлсан улс төрд нөлөө бүхий этгээдтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг хэрэгжүүлэхэд бодит байдалд хүндрэл гарахаар байна.

-Хүний эрхийн зөрчил үүсэх эрсдэлтэй гэж үү?

-Хүний эрх талаасаа харвал Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн гишүүн орны хувьд конвенцийн дагуу зарим төрлийн тусгай нөхцөл үйлчилж болох нөхцлүүд байдаг. Тэр нь нийтийн алба хашиж байгаа этгээд татварын мөнгөөр цалинжиж байгаа гэдэг утгаар нь бусад иргэдээс арай өөр нөхцөлтэйгөөр хариуцлага хүлээлгэх нөхцөл тусгаж, тусгайлсан хориг тавих, ялыг дотоодын хууль тогтоомжид ялгамжтай байдлаар томьёолж, тусгасныг хүлээн зөвшөөрөх боломжтой гэж үздэг. Харин тэр боломжийг бид дотоодын хууль тогтоомжид суулгаж өгөхдөө хэрэгжихүйц байлгах ёстой. Гэтэл одоо бол хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал үүсэхээр харагдаад байгаа юм.

-Авлигатай тэмцэх хөтөлбөрийг олон улс хэрэгжүүлдэг. Ярианы эхэнд та Малайз, Филиппинийг дурдсан. Яг тэнд ямар хөтөлбөр хэрэгждэг талаар жишээ болгож ярихгүй юу?

-Өнөөдөр та бид хоёр ярилцаж байхад “Summit for Democracy” гээд бүсийн хурал дөрвөн газар зэрэг болж байна. БНСУ-д зохион байгуулагдаж байгаа чуулга уулзалтад манай улсаас ХЗДХ-ийн сайд оролцож, үг хэлж байна. Энэ хурал ардчиллыг дэлхий нийтээрээ байж л байсан, байх л ёстой, бид юу ч хийхгүй байсан ч ардчилал байдаг зүйл гэдэг ойлголтоор явж ирсэн нь эрсдэл үүсгэснийг онцолж, ардчилалд заналхийлэл учруулж байгаа асуудлыг хөндсөн хурал юм. Өөрөөр хэлбэл, хүний аюулгүй байдал, үндсэн эрхэд халдсан нөхцөл байдал дэлхий нийтэд үүсч байгааг авч хэлэлцэж байгаа гэсэн үг.

Мөн энэ үед Малайзын Засгийн газар авч хэрэгжүүлж байгаа авлигын эсрэг “5А зарчим” хөтөлбөрийн үр дүн, цаашдын бодлогыг тусгайлан танилцуулж байна. Малайзын авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр 2019-2023 оны хооронд хэрэгжсэн эхний гурван жилийн хугацаанд Малайз улс авлигын индексийн оноогоо дөрвөөр ахиулж, авлигын төсөөллийн индексээ 10 гаруй байраар урагшлуулж чадсан байна. Гурван жилийн хугацаанд авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа сайн туршлага бол Малайз гэдгийг харуулж байна. Малайз олон зүйлээрээ бидний туршлага судалж болохоор орон. Өндөр хөгжилтэй орны тоонд ордоггүй, авлигын асуудалд нь манайд тулгамдаж байгаа зарим ижил төстэй асуудлууд харагддаг. Ялангуяа төрийн өмчийн авлига, худалдан авалт, ханган нийлүүлэлтийн шахаа, хэсэг бүлэг хүнд давуу байдал үүсгэсэн, цөөн хэдэн хүн тусгай зөвшөөрөл хэт төвлөрүүлж монополчилсон гэх мэтээр ижил төстэй тал бий. Тэгэхээр сайн туршлагыг судалж, үндэсний хөтөлбөрөө бид авлигатай тэмцэх үндэсний стратегийн хэмжээнд авч үзэн, асуудлаа оновчтой харж, тодорхойлох, гол нь хэрэгжилтийг бодитоор гүйцэтгэхэд анхаарах нь чухал байна. Түүнээс тунхаг бичиг үйлдвэрлэдгээрээ бол манайх амжилттай л явж байх шиг санагддаг.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын иргэн түүх, соёлын дурсгалт зүйлсийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ DNN.mn

Замын-Үүд боомтын хилээр гарах чиглэлд зорчиж байсан БНХАУ-ын иргэн “Н” түүх соёлын дурсгалт зүйл байж болзошгүй бурхан, голдоо нүхтэй зэс зоос, зэс эдлэл зэргийг улсын хилээр хууль бусаар гаргахаар завдсаныг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж эхэлжээ.

Мөн иргэн “Э” нь түүх соёлын дурсгалт зүйл байж болзошгүй шармал болон шавар бурхан, зоос, судар, 20 ширхэг дэвтрийг улсын хилээр хууль бусаар гаргахаар завдсаныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн шалгаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Есөн-Эрдэнэ: Хаврын тариалалтын шатахууны хангамж дутагдалтай байна DNN.mn


ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнээс хаврын тариалалтын талаар тодрууллаа.


-Энэ жилийн тариалалт хэзээ эхлэх вэ. Бэлтгэл ажил хэр явагдаж байна вэ?

-Дөрөвдүгээр сарын 1-нээс бэлтгэл ажлаа эхлүүлсэн. Технологийн туршилт хийх үйл явцаа дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлэн хийдэг компаниудын туршлага бий. Тэгэхээр тариалалт тавдугаар сарын 1-15-ны өдрүүдэд жигдрээд явдаг. Үрсэлгээний ажлууд одоо хийгдээд явж байгаа. Үрсэлгээ бойжуулах, суулгац бэлтгэх ажлууд хийгдэж байна.

-Энэ жил хэдий хэмжээний тариалалт хийх вэ?

-Энэ жил нийтдээ 369 мянган га-д улаан буудай, 70 мянган га талбайд малын тэжээл, 66 мянган га-д тосны ургамал, 20 мянга орчим га-д төмс, 12.2 мянган га-д хүнсний ногоо тариалах төлөвлөгөөтэй байгаа.

-Үр бэлтгэж чадсан уу?

-Үр хангалттай хэмжээнд бэлэн байгаа.

-Импортоор авсан уу?

-Өөрсдөө 40 мянга гаруй тн үр нөөцөлсөн. Тариалан эрхлэлтийг дэмжих сан 11 мянган га-д тарих үрийн нөөц бүрдүүлсэн. Мөн үрийн шинэчлэлийн хүрээнд ажлууд хийгдэж байна. 5.6 мянган тн элит үрийг импортоор аваад, зээлээр олгох ажлууд хийгдэнэ. Үр бол хангалттай хүрэлцэнэ.

-Бордооны хувьд ямар байгаа вэ?

-Бордоог голцуу импортлогч аж ахуйн нэгжүүд оруулж ирж байна. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас бордоо, ургамал хамгааллын бодис олгохоор төлөвлөж байгаа.

-Хаврын тариалалтын хамгийн хүнд асуудал нь шатахуун, түлшний асуудал байдаг. Шатахуун нөөцөлж чадсан уу?

-Шатахууны хангамж дутагдалтай байна. Хаврын тариалалтын технологийн ажлууд явагдаад, салбаруудын уул уурхай, барилгын ажил ч бас хуваарилагдаад идэвхиждэг. Энэ үед шатахууны хүрэлцээнд хүндрэл тулгарсан. Шатахуун, нефть импортлогч компаниудтай гэрээ байгуулан хамтран ажиллана.

-Тариаланчид шатахуун асуудалтай байна. Бусад нь гайгүй гээд байгаа. Шатахууны асуудлыг яаж шийдвэрлэх вэ?

-Шатахууны асуудлыг шийдчих юм бол бусад нь хангалттай хэмжээнд байгаа. Шийдэх ч юу байх вэ. Шатахуун зах зээлийн жамаараа л явна. Импортлогч, шатахуун нийлүүлэгч компаниуд, газар тариалан эрхлэгчид өөрсдөө шатахуунаа бүрдүүлэх ажлаа хийх нь зүйн хэрэг. Тодорхой тооны шатахууныг Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээлээр өгнө. Дамжуулан зээлдүүлэх маягаар ажиллана. Шатахуун түгээгч, импортлогч аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж ажилладаг.

-Газар тариалан эрхлэгчид салбарын уулзалт хийх гэж байгаа гэсэн үү?

-Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр газар тариаланчдын чуулган болно. Энэ хүрээнд хууль эрхзүй, бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа зээл санхүүгийн асуудлууд, шинэ техник технологийг танилцуулах, боловсон хүчний талаар хэрэгжүүлэх ажлыг танилцуулах гэх мэт салбарын бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулах чуулган зохион байгуулахаар ажиллаж байна. Чуулган Төрийн ордонд болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автомашингүй өдөр Битлзийн талбайд болно DNN.mn

2023 оны дөрөвдүгээр сарын 15-ны Бямба гарагт “Дугуйтай гудамж” төслийн хүрээнд унадаг дугуйн хэрэглээг сурталчилсан анхны өдөрлөгийг УИД-ийн урд талын Битлзийн талбайд зохион байгуулахаар болжээ.

Өдөрлөгөөр зохиогдох арга хэмжээнүүд:

  • Дугуйн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ
  • Банкуудын ногоон зээлийн танилцуулга
  • Дугуйн түрээсийн үйлчилгээ
  • Дугуй сонирхогчдын чөлөөт худалдаа, солилцоо
  • Бүх насны хүүхдийн дугуйн уралдаан
  • Ахмадын зөвлөлөөс анхан шатны дугуйн сургалт, зөвлөгөө
  • Дугуйн түүх хөгжлийг харуулсан үзэсгэлэн
  • Унадаг дугуй болон түүнтэй холбоотой үйлдвэр, үйлчилгээ.

Уг өдөрлөгийн хүрээнд олон арга хэмжээ зохиож, дугуйтай холбоотой байгууллага, клуб, баг тамирчид, сонирхогчид болон бусад байгууллагуудыг оролцуулах зорилготой хэмээн Монголын дугуйн холбооноос мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Түр хорооны дарга г.Ганболд нүүрсний сонсголоос “түдгэлзэж” мэдэхээр боллоо DNNN.mn

УИХ-ын нүүрсний асуудлаарх Түр хороо гэж бий. Даргаар нь УИХ-ын гишүүн Г.Ганболд ажилладаг. Энэ Түр хороог УИХ-аас 2022 оны зургадугаар сарын 10-нд 13 гишүүнтэйгээр байгуулсан. 13 гишүүнтэй. Гишүүдээр нь олонхыг төлөөлж Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин, С.Бямбацогт, цөөнхийг төлөөлөн С.Одонтуяа, Б.Бейсен, С.Ганбаатар, Н.Ганибал, Т.Доржханд нар байдаг.

УИХ-ын тогтоолоор Түр хороог “Нүүрсний экспорт саатаж, эндээс улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн орлого тасалдсан, Монгол Улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн зардал хэт өссөн, үүнтэй холбогдон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн шалтгаан, нөхцлийг тогтоох үүрэгтэй” гэж тодорхойлсон. Түр хорооны үйл ажиллагааг 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд дахин зургаан сараар сунгасан байдаг. Харин тус Түр хороо энэ сарын 10-12-нд нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар болоод байна. Өнгөрсөн сард дууссан Хөгжлийн банкны нээлттэй сонсголоос иргэд нэлээд тодорхой мэдээлэл авч чадсан. Тиймээс энэ сонсголоос тэр зэргийн нарийн, тодорхой мэдээлэлтэй болно гэсэн хүлээлт үүсээд байна.

Гэхдээ нүүрсний асуудлаарх Түр хороо энэ нээлттэй сонсголыг иргэдийн хүлээлт, нийгмийн шаардлагад нийцтэл зохион байгуулж чадах уу гэдэг асуудал яригдаж эхэллээ.

Учир нь 2023 оны гуравдугаар сарын 30-нд нээлттэй сонсголыг товлосон Түр хорооны хурал дээр Г.Ганболд “Хөгжлийн банкных бол бүх гэрээ, банкнаас авсан зээлүүдийн гэрээ нь олон мянган гэрээ байдаг. Үүнтэй холбогдуулаад олон хоног хийх зайлшгүй шаардлага гарсан юм байна лээ.

Манай сонсгол бол Хөгжлийн банкны сонсголоос хэлбэрийн хувьд ч, ер нь агуулгын хувьд арай өөр. Энэ агуулгаараа бид хянан шалгагч, шинжээч нартайгаа урьдчилж хуралдана. Манайд ирэх, асуугдах хүмүүс, гэрчээр дуудагдах хүмүүсийн тоо хэмжээ, тухайн асуудлаар хэлэлцэх асуудлууд нь олон хоногоор хийх шаардлагагүй. Ер нь гурав хоногт багтаагаад хийхэд нийгэмд энэ сонсголын хийх гэж байгаа бүх мэдээллүүдээ өгчихнө. Цаг хугацааны хувьд бүрэн боломжтой гэж урьдчилан дүгнэж, төлөвлөж байгаа” гэсэн. Гэвч үүнээс илүүтэйгээр гол эргэлзээ нь Түр хорооны дарга Г.Ганболдтой холбогдчихоод байна. Түүний тухайд, “Нүүрсний хэрэгт холбогдсон гишүүдийг хамгаалах, тэр дундаа Д.Бат-Эрдэнийг авч үлдэх талаар нэлээд идэвхтэй ажиллаж, намынхаа гишүүд дунд зохион байгуулсан гол хүмүүсийн нэг” гэх мэдээлэл улс төрийн хүрээнд тарж байна. Өөрөөр хэлбэл, “Ийм ажилд оролцож, зохион байгуулаад байгаа Г.Ганболд нүүрсний сонголыг хийж чадах уу.

Энэ хүн нүүрсчидийг илчилж чадах уу” гэж ярьж байна. Үнэхээр ч нүүрсний хэрэгтэй холбоотой олон оффтэйк гэрээ ил болсон. Бас “Эрдэнэс Таван толгой” компанийн худалдан авалттай холбоотой тендерүүд, дээрээс нь С зөвшөөрөл, нүүрс тээвэртэй холбоотой олон асуудал ойлгомж муутай хэвээр байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

2023 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд хаврын мөсний үзэгдэл идэвхижиж эхэлсний улмаас мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-50 см нимгэрч мөс хэврэгшиж эхэлжээ.

Иймд ард иргэдийг мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс

Categories
мэдээ спорт цаг-үе

3х3 U18: Сагсан бөмбөгийн УАШТ Дундговь аймагт боллоо DNN.mn

Дундговь аймагт U18 насны Улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 31-нээс 04 сарын 02-ны хооронд зохион явууллаа.

Тус тэмцээнд эрэгтэй 26 эмэгтэй 11 багийн тамирчид өрсөлдөж, хөдөө орон нутаг 3х3 стандартаар зохион явуулсан анхны тэмцээн болон тэмдэглэгджээ.

Тэмцээний шагналт байранд шалгарсан багууд:

Эрэгтэй Алтан медаль – Эрдэнэт 5-р сургууль

Мөнгөн медаль – 14-р сургууль

Хүрэл медаль – Металл Жуниор

Эмэгтэй Алтан медаль – Баянхонгор аймаг

Мөнгөн медаль – Оюуны Ундраа цогцолбор сургууль

Хүрэл медаль – МонПон-1-р баг

Шилдэг тоглогчид:

MVP н.Буянтогтох /Эрдэнэт/ MVP Б.Болор-эрдэнэ /Баянхонгор/

Бэлгэдлийн шилдэг тоглогчид:

Эрэгтэй – Э.Ангараг /14-р сургууль/

  • А.Мөнхбат /Металл Жуниор/
  • Л.Басхүү /Дундговь хишиг/

Эмэгтэй – А.Анужин /Монпон-2/

  • н.Энхжин /Монпон1/
  • н.Мишээл / ОУЦС/

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

АН гурав тасравч ИЗНН-ын дайтай DNN.mn

АН дотор ахиад юу болох гээд байна гэсэн яриа хүмүүсийн дунд байна. АН-ын эв нэгдэлгүй байдлаас ард түмэн одоо айдаг болжээ. АН-ын хувь заяа эцэстээ ард түмний эрх ашиг юм байна гэдгийг өдөр ирэх тусам хүмүүс ойлгож байна. Фортуна Батбаярт муу хүн цөөнгүй. Гэтэл Төрийн ордонд болсон сонсгол дээр тэрбээр хэдэн минут үг хэлэхэд нийгэм ямар айхавтар эерэгээр хүлээн авав. Тэр зүгээр үнэнийг л хэлсэн. Тэгж хүлээж авна гэж бодоо ч үгүй, хүсээ ч үгүй. Ардчиллынхан, ардчилсан үзэл санаа, үнэт зүйлтэй улстөрчдийн дуу хоолой ард түмэнд ямар их үгүйлэгдсэнийг, үнэ цэнэтэй байгааг тэгэхэд харлаа. АН-ын улстөрчдийн хэн нь ч өнөөдөр нийгэмд гарч ирээд үгээ хэлэхэд часхийхээр байна. Даанч тэгэх боломжийг тэд өөрсдөдөө олгохгүй байна. Биесээ хэмлэж, мэрж, урж тасдаж, хүчээ барж байна. Намаа тарамдуулж байна.

Өнөөдөр С.Эрдэнэд АН-ын тамга байна. Женкод гэрчилгээ нь байна. Лу.Гантөмөрт сэтэр нь байна. Энэ гурвын цаана эрх ашгийн дахиад хэдэн ч нэгдэл, бүлэглэл, фракц, хамтрал, комун байгааг бүү мэд. За яадаг ч байсан АН бол Монголын улс төрийн бодит хүч мөн. Аль ч сум, багт давхиад очсон аль нэг байшингийнх нь дээвэр дээр АН-ын аранзан цэнхэр туг гандуухан намирч байдгийг бүгд мэднэ. Тийм болохоор АН хэд ч хуваагдсан ХҮН намын дайтай, аргаа бараад гурав тасарсан ч ИЗНН-ын дайтай гэж гишүүд нь ханхалзах аястай.

Энэ нэг талаас үнэн ч нөгөө талаасаа хийрхэл. Хөрснөөсөө хол яваа хүний үг гэдгийг ойлгох цаг болжээ. Сонгуульд орлоо гэхэд АН-д санал өгөх хүнгүй боллоо гэсэн үг шүү дээ. Авсан санал чинь арван живаа хуваагдаж сарнина. Энэ нь хэнд ашигтай юм, өнөөдрийн эрх баригчдад ашигтай. Ирэх намар Их хурлын ээлжит бус сонгууль болох нь худлаа гэнэ. ҮХНӨ хийхгүй нь тодорхой боллоо. Гишүүдийн тоо нэмэхгүй, энэ хэвээрээ гэж МАН-ын бүлгийн дарга Тогтохсүрэн мэдээллээ… Энэ бүх яриа чинь юу ч биш ээ. Төөрөгдүүлсэн оршил. Хийхээ хүрэх юм бол нэг өдрийн ажил. Тийм байдгийг өнгөрсөн хугацааны ҮХНӨ, Дан-Давхар дээл, шинэ сайдууд… юу эсээс харав. Эрх барьж байгаа хэдхэн хүний нэг оройн зоогийн ширээний ард, зуун граммтай шийдэх сэдэв, асуудал. Тэгээд л шууд хэрэгжих улс төрийн шийдвэр, үйл явц юм. Өнөөдөр Монголын хувь заяа нэг намын, эрх баригч 3-5 хүний гарт байгаа. Янз бүрийн зорилготой, зорилтот, сэвэлттэй яриануудыг та бидэнд яаж л бол яаж хүргэнэ, итгүүлнэ. Бид ямар итгэж ханах ч биш. Нээрэн л тийм юм байх даа гэж бодож явсаар дуусч байгаа. Товчхондоо нийгмийн сэтгэл зүйн инженерчлэл мөн ч айхавтар явагдаж байна.

Энэ бүх технологи АН-ын хувь заяан дээр бас хэрэгжиж байна. Шинээр сонгогдсон дарга Лу.Гантөмөрийн зүгээс эрх баригчдыг сөрсөн жаахан таагүй акц хийхэд л маргаааш нь С.Эрдэнэд байгаа тамга Шүүхээр хүчинтэй болох жишээтэй. АН-аар даажигнаж, тоглож байна. Ийм үед элэнцэгийнх нь АН гурав тасарсан ч ИЗНН-ын дайтай гэж ханхалзах вэ. Шулуухан хэлэхэд эрх баригчид АН-ынхныг бодитой нэгдэхээс нь өмнө, Путинтэй ойр байгаа дээрээ ээлжит бус сонгуулиа ирэх намар хийж дахин ялах нь шиг байна. Энэ бол мэдрэгдэж байгаа улс төр. Ингэлээ гэхэд АН-ынхан гурав хуваагдаад орно. Санал чинь гурав хуваагдана. Дундуур нь бас бус нөхдүүд ардчилал, гуравдагч хүчний нэр барина… эцсийн дүндээ юу болох вэ. Эрх биш Их хуралд хэдэн суудал авлаа гэж бодъё. Чуулганы танхимд орсон хойноо наад гурав чинь дотроо бас дахин хэдэн хэсэг фракц болж хуваагдана. Эрх баригчдын идэш, тэдний харц дохионы санал кноп болж хувирна. Ингэсэн л түүхтэй нам шүү дээ. Та нарын энэ бүх өнгөрсөн алдааг ард түмэн ердөө өчигдөрхөн юм шиг санаж байгаа. Ер нь бараг өчигдөрхөн болсон үйл явц, увайгүйдэл шүү.

Ийм муухай алдаанууд, бүр дахин давтаж болохгүй айхавтар алдаанууд АН-ынханд байдаг учраас дор бүрдээ энэ алдаагаа давтахгүй, ирэх зургадугаар сараас өмнө нэгдэж авцгаа. Нэг зүгт харж, нэгдмэл нэг цул хүч, зангидсан гар шиг болцгоох нь хамгаас чухал байна. Тэгж чадвал цаана чинь ард түмэн та нарыг дэмжихээр байна. Ард түмэн ардчилсан үзэл санаагаар өлсөж байна. Ардчилсан хүчний дуу хоолой арай өөр байдаг нь Фортунаагаар илэрч байна. “Цаг ирж нөхцөл бүрдэхэд” гэж үг бий. Тийм цаг үе, нөхцөл нь бүрдсэн өдрүүд АН-ын та нарт ахиад ирж байна. Ухаалгаар хүлээж авцгаа. Өөр өөрсдийн амбицаа тодорхой болго. Наад зах нь “Би энэ дүүргийн, энэ аймгийн Засаг дарга болно” гэсэн зорилгоо намдаа тодорхойлж, түүндээ бэлд. Түүнийхээ төлөө улс төр хий. Энэ бол эрүүл улс төр.

Яах гэж байгаа нь тодорхойгүй, АН-аас хэвлэлийн хурал зарлалаа гэнгүүт гонжоом зангиагаа зүүж очоод ард нь зогсдог, бусад үед сөрөг хүчний тэмцэл тулаанд орохоос зайлсхийдэг бэртэгчин залуусыг одоо засч сурга, ардчиллын төлөө тулаанд оруул. Үнэн ийм л байгаа шүү.

Цаг үе нь ийм тодорхой байхад АН-ынхан муугаа яасан ч их нуухыг хичээдэг юм бэ дээ. Инээдтэй шахам зүйл. “За нууцална шүү” гэсэн яриа чинь зэрэгцээд хэн нэгэн рүү бичигдэж байдгийг зарим нь ерөөсөө ойлгохыг хүсдэггүй бололтой. Та нар байтугай дэлхийд нууц зүйл байхгүй болсон. Далд хор найруулга чинь одоо улиг, явуургүй болсон. Гишүүд чинь бүгд мэддэг болжээ. Бүлэглэл фракц… өөр ямар зохион байгуулалттай хүмүүс АН-д байдаг юм, бүгдээрээ жижиг эрх ашгаа хаяж, том эрх ашгаа нэгтгэж, биесээ хуурахгүй, нэг зорилготой, нэгдсэн бодлого, мөрийн хөтөлбөртэй болох ёстой. Идэвхтэй байгаа гишүүн бүрийнх нь амбиц тодорхой, юуны төлөө, юунд хүрэх гэж, хүрсэн хойноо улс орны төлөө ямар ажил хийх потенциалтайгаа илэрхийлсэн, ийм хүмүүсийн нэгдэл хүрээлэн байх ёстой. Тэгж байж сонгуульд амжилт үзүүлнэ. Хугацаа бол ирэх зургадугаар сараас хэтэрмээргүй байна. Ингэж чадвал Ардчиллын төлөө амьдралаа зориулсан, бүхнээ алдсан, үзэл бодол үнэт зүйлдээ үнэнч үлдсэн мянга мянган гишүүдийн чинь урам зориг сэргэнэ. Ардчилсан нийгэмд амьдрахын төлөө махаа зулгаан зүтгэж, хөдөлмөрлөж яваа ард түмэнд чинь хэрэгтэй. Ерөөсөө Монголын хувь заяанд хэрэгтэй байна. Чин үнэнийг хэлэхэд та нарыг дарга болгох гэж ингээд байгаа юм биш. Ард түмэн бүгдээрээ ардчилсан, чөлөөт, хувийн өмчтэй улс оронд шударга амьдрах, хууль хэрэгждэг нийгэмд аюулгүй амьдрахыг хүсч байна. Энэ бүгдийн төлөө ерэн онд ардчиллыг эхлүүлсэн, түүчээ нь болж ирсэн ардчиллынхан, АН-ынхан та нарт итгэж байна. Төрийн эрх барьсан цөөн жилүүддээ зоригтой ажил хийсэн, эхлүүлсэнийг тань одоо л ард түмэн ойлгож байна. Нийгэмд элдвээр зүхүүлсэн ч тоохгүй, зорьсныхоо төлөө явдаг, хүний эрхийг дээдэлдэг зан чанарт чинь ард түмэн итгэж байна. Тийм учраас АН-ынхан та нарыг эв цавандаа эртхэн орж, нэгдсэн шиг нэгдэж сонгуульдаа орохыг туйлаас хүсч байна.