Categories
мэдээ үндэсний-бөx

Архангай аймгийн баг ялалт байгууллаа DNN.mn

Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний “Pepsi” “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны дөрөвдүгээр тойргийн барилдаанд Архангай Өвөрхангай аймгийн багууд учраа тааран барилдсанаас Архангай аймгийн баг 15:10-аар ялалт байгуулж, дөрвөн тойргийн дараах байдлаар дөрөв дэх ялалтаа авлаа.

Архангай аймгийн багш улсын харцага Б.Зоригтбаатар /2/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /5/, аймгийн хурц арслан С.Сүхбат /3/, цэргийн арслан Л.Отгонбаатар /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /3/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /2/ нийт 15 даваа авсан бол Өвөрхангай аймгийн багт улсын харцага Б.Цэдэнсодном /3/, улсын харцага Ц.Бямба-Отгон /3/, улсын начин Б.Сангисүрэн /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Ж.Наранбаатар /2/, улсын начин Б.Лхагвадорж /0/, аймгийн арслан Т.Довчинсэмбээ /2/ нийт 10 даваа авсан юм.

Өнөөдөр 20:00 цагаас Завхан, Төв аймгийн багууд барилдана.

Categories
мэдээ нийгэм

Агаарын тээврээр оны эхний улиралд 300 мянга гаруй зорчигч тээвэрлэв DNN.mn

Агаарын тээврээр он гарснаас хойш энэ сарын 4-ний хооронд 324.386 зорчигч тээвэрлэжээ. Тодруулбал, 234.121 зорчигч олон улсын, 90.265 нь орон нутгийн нислэгээр үйлчлүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 145.8 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг ЗТХЯ мэдээлэв.

МИАТ ТӨХК 173.541, “Аэро Монголиа” ХХК 37.545, “Хүннү Эйр” ХХК 27.201, “Туркиш Эйрлайнс” 17.901, “Эйр Чайна” 4.239, “Ашиана Эйрланс” 18.123, “Изинис Эйрвэйс” ХХК 6.178, “Монголиан Эйрвэйс Карго” ХХК 2.403, “Кореан Эйр” ХХК 33.427 зорчигч тээвэрлэжээ.

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод агаарын тээврийг либералчлах, олон улсын нислэгийн тоог нэмж, орон нутгийн нислэгийг сэргээх зорилт тусган, 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан билээ. Энэ хүрээнд ЗТХЯ энэ онд агаарын тээврээр 1.5 сая зорчигч тээвэрлэхийг зорьж байгаа. Түүнчлэн шинээр агаарын харилцааны хэлэлцээрүүдийг байгуулж, нислэгийн тоо, давтамжийг 2-3 дахин нэмэн, нэг жилд 3 сая зорчигч тээвэрлэх боломж бүрдүүлээд байна.

Categories
гадаад мэдээ

​БНХАУ хамгийн том зээлдүүлэгчдийн нэг болжээ DNN.mn

БНХАУ хил дамнасан зээлийн шинэ тогтолцоог бий болгож, хөгжиж буй орнуудын хамгийн том зээлдүүлэгчдийн нэг болсныг АНУ-ын “William and Mary” коллежийн эрдэмтдийн судалгаа харуулжээ. Хятадын эрх баригчид Аргентин, Пакистан, Турк зэрэг 20 гаруй оронд 2000 оноос хойш яаралтай тусламж үзүүлэхэд дор хаяж 240 тэрбум ам.доллар илгээсэн байна. Үүний ихэнх нь буюу 185 тэрбум ам.долларыг Бээжин сүүлийн таван жилийн хугацаанд гаргасан байна. “Хятад улс хямралд орсон улс орнуудад хил дамнасан зээл олгох дэлхийн шинэ тогтолцоог бий болгосон” гэж судалгаанд дурджээ.

“Bloomberg” агентлагийн тэмдэглэснээр, тус улс нь хөгжиж буй орнуудад зээл олгоход улам бүр чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд олон арван жилийн турш эдийн засгийн харилцааг тодорхойлж ирсэн тогтолцооны өөр хувилбарыг санал болгож байна. Одоо Бээжин, Вашингтон дэлхийн санхүү, валютын тогтолцоонд нөлөөллөө тогтоохын төлөө тэмцэж байна гэж тус агентлаг мэдээлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Конгрессын Сенатын танхимын хэсэг гишүүд Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкнаас БНХАУ-д зээл олгохыг хориглох хуулийн төслийг танилцуулсан юм. Бүгд Найрамдах намын гишүүн, сенатч Жон Баррассын хэлснээр, уг хуулийн төсөлд эдгээр байгууллага дахь АНУ-ын төлөөлөгчдөд “БНХАУ-д ямар нэгэн зээл олгох, сунгах, техникийн туслалцаа үзүүлэхээс татгалзах” заавар өгөхийг Сангийн сайдад үүрэг болгожээ.

Categories
мэдээ нийгэм

Нүхт, Зайсан, Арцатын аманд хамгийн их газар эзэмшдэг таван иргэн, таван байгууллага DNN.mn

Засгийн газрын 5Ш ажиллагааны хүрээнд Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт олгосон тусгай зөвшөөрлүүдийг нээлттэй мэдээлээд буй.

Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын 37 аманд 2,000 гаруй тусгай зөвшөөрлөөр нийт 231.2 га газар олгожээ.

Иймд Нүхтийн ам, Зайсангийн ам, Арцатын аманд хамгийн их талбай эзэмшдэг иргэн болон байгууллагыг эрэмбэлэн харуулж байна.

Нүхтийн ам

Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд газар эзэмших зөвшөөрлийг 434 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага авчээ.

Хүснэгт 1. Хамгийн их талбай эзэмшдэг таван байгууллага

Төрөл Нэр Олгосон огноо Талбайн хэмжээ /га/
1 Байгууллага Эм эм зэт жэй ХХК 2017.05.30 9.992
2 Байгууллага Көпкөл ХХК 2013.05.03 9.991
3 Байгууллага СТБТ ХХК 2008.05.29 7.997
4 Байгууллага Эрик кар вош ХХК 2011.10.05 7.994
5 Байгууллага Би Ай Си Би ХХК 2011.09.05 6.995

Хүснэгт 2. Хамгийн их талбай эзэмшдэг таван иргэн

Төрөл Нэр Олгосон огноо талбайн хэмжээ /га/
1 Иргэн С.Ганбат 2019.03.01 4.052
2 Иргэн Б.Эрдэнэбат 2016.05.12 1.287
3 Иргэн Д.Оюунцэцэг 2008.08.01 0.994
4 Иргэн Д.Ганбаатар 2020.04.10 0.799
5 Иргэн С.Эрдэнэтуул 2017.09.04 0.5

Зайсангийн ам

Богдхан уулын Дархан цаазат газрын Зайсангийн аманд 725 зөвшөөрөл олгожээ. Үүнээс харвал,

Хүснэгт 3. Хамгийн их талбай эзэмшдэг таван байгууллага

Төрөл Нэр Олгосон огноо Талбайн хэмжээ /га/
1 Байгууллага МҮИС 2021.01.29 13.683
2 Байгууллага Универсал политехнил колле 2021.01.29 11.372
3 Байгууллага Гоби ресурс хилл ХХК 2011.06.15 8.802
4 Байгууллага Одод ХХК 2020.07.06 7.826
5 Байгууллага Уушиг цохио ХХК 2019.08.16 7.217

Хүснэгт 4. Хамгийн их талбай эзэмшдэг таван иргэн

Төрөл Нэр Олгосон огноо Талбайн хэмжээ /га/
1 Иргэн Ц.Баяннамсрай 1970.01.01 5.054
2 Иргэн Н.Энхтуяа 1970.01.01 1.993
3 Иргэн Л.Туяа 2007.08.07 1.723
4 Иргэн Ш.Чимэддорж 2020.05.18 1.562
5 Иргэн Ж.Цэнддоо 2016.02.19 1.129

Арцатын ам

Арцатын аманд өнгөрсөн хугацаанд нийтдээ 263 зөвшөөрөл олгожээ. Үүнээс харвал,

Хүснэгт 5. Хамгийн их талбай эзэмшдэг таван байгууллага

Төрөл Нэр Олгосон огноо Талбайн хэмжээ /га/
1 Байгууллага Өлзийт голын ус ХХК 2017.06.07 23.194
2 Байгууллага Баясах трейд ХХК 2008.08.01 16.12
3 Байгууллага Монголын бурхан шашинтны т 2014.09.14 15.063
4 Байгууллага Өлзийт голын эх ХХК 2017.03.09 11.99
5 Байгууллага Цэвэр усны сан Усны хангамж 1970.01.01 11.817

Хүснэгт 6. Хамгийн их талбай эзэмшдэг таван иргэн

Төрөл Нэр Олгосон огноо Талбайн хэмжээ /га/
1 Иргэн С.Ганбат 2019.03.01 1.875
2 Иргэн Д.Адьяа 1970.01.01 0.997
3 Иргэн С.Ганбат 2019.03.01 0.561
4 Иргэн Ч.Баярсайхан 2019.12.03 0.508
5 Иргэн Б.Баатарчулуун 2020.12.03 0.311
Categories
мэдээ эдийн-засаг

Эмийн сангийн гүйцэтгэлийн санхүүжилтийг ирэх 7 хоногоос олгоно DNN.mn

Даатгуулагч-иргэдэд эрүүл мэндийн даатгалын үр шимийг хүртээмжтэй, шуурхай хүргэх хүрээнд ЭМДЕГ-ын удирдлагууд мягмар гараг бүр шуурхай хурлыг зохион байгуулж өнгөрсөн 7 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэдэг.

Энэ удаагийн шуурхай хурлыг өргөтгөсөн байдлаар хийж, 2023 оны нэгдүгээр улиралд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, үүрэг даалгаварын биелэлттэй танилцаж, алдаа, оноог хэлэлцэхээс гадна цаашид хийх ажлын төлөвлөгөөг ярилцлаа.

Өнөөдрийн хурлыг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн удирдан явуулж, төв болон орон нутгийн 150 гаруй албан хаагчид цахимаар оролцож, бодлогын хүрээнд зохион байгуулах, яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулж, газар хэлтсүүдэд хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Мөн хурлаар гэрээт эмийн сангуудын гүйцэтгэлийн санхүүжилтийг ирэх долоо хоногт олгохоор ажиллаж байгаа бөгөөд анхан болон лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын түүврийн нэхэмжлэлийг цахимаар авах талаар мэдээлэл хүргэлээ.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь сүүлийн гурван жил даатгуулагчдад чанартай тусламж, үйлчилгээг худалдан авч, төрийн болон хувийн хэвшлийн 2400 гаруй ЭМБ-уудтай хамтран ажиллаж, иргэдийг ЭМД-аараа нэн шаардлагатай тусламж үйлчилгээг санхүүгийн эрсдэлд орохгүй хүртэх нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллаж байна гэж ЭМДЕГ-аас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Хяналтын сонсголын тайланг хэлэлцэв DNN.mn

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах, дотоод орчин дахь агаарын чанарын стандартыг хэрэгжүүлэх хүрээнд 2022 оны зургаадугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан хяналтын сонсголын тайланг сонслоо. Тайланг тухайн үед сонсголыг даргалж ажилласан Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам таницуулав. Тэрбээр танилцуулгадаа, сонсголын үед оролцогчдоос гарсан санал, дүгнэлтийг нэгтгэснээ дурдав. Үүнд,

  1. Барилгын материалыг хилээр оруулж ирэхээс өмнө болон оруулж ирэхэд нь тавих хяналтыг сайжруулах хүрээнд Монгол Улсын урд хойд хилийн боомт дээр лаборатори байгуулах, шаардагдах төсвийг 2024 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгах.
  2. Барилгын материалын эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох, лабораторийн чадамж, хүчин чадлыг сайжруулах үндэсний хэмжээний нэгдсэн лаборатори байгуулах нэгдсэн мэдээллийн сантай болох
  3. Дотоод орчны агаарын чанар нь барилгын материал зураг төслөөс хэрхэн хамаарах талаар судалгаа гаргах. Тус хүрээнд Нийгмийн бодлогын байнгын хорооноос холбогдох газарт зөвлөмж хүргүүлэх
  4. Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн агааржуулалтын системийг нэгдсэн байдлаар сайжруулах. Цаашид агааржуулалтын системдээ урсгал засвар цэвэрлэгээг тогтмол хийх, шаардагдах төсвийг улсын төсөвт тусгах.
  5. Шинээр барьсан болон засварын ажил хийсэн барилгад хүн амьдарч ажиллах ажиллаж эхэлж болох хугацааг судалгааны үндсэн дээр тогтоож, холбогдох хууль, эрх зүйн актад оруулж мөрдүүлэх
  6. Зарим төрлийн маш хортой бодисуудыг болон бензол формальцегид агуулсан барилгын материалыг хориглох. Ийм төрлийн химийн бодисууд агуулсан барилгын материалыг улсын хилээр нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авах
  7. 7. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх
  8. Барилгын дотоод орчны агаар дахь дэгдэмхий нэгдлүүдийг агууламжаас нь хамааруулан тэмдэглэгээ хийж зах зээлд нэвтрүүлэх. Иргэд хэрэглэгчдэд мэдээлэл өгөх
  9. БНХАУ-ын барилгын материалын стандартыг өөрийн орны стандартад нийцүүлэн жишиг болгон нэвтрүүлж баталгаажуулах
  10. Барилгын материалын чанар стандартыг мөрдүүлэхтэй холбоотойгоор урт дунд хугацаанд авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан БХБЯ болон холбогдох байгууллагууд хамт хамтран ажлын хэсэг байгуулж ажиллах.

Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам хяналтын сонсголын тайланд үндэслэн Эрүүл ахуйн тухай, Барилгын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын иргэд, хүүхэд багачуудын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах, дотоод орчин дахь агаарын чанарын стандартыг хэрэгжүүлэх талаар санал, дүгнэлт боловсруулах Нийгмийн бодлогын байнгын хорооны Ажлын хэсгийг байгуулж ажиллуулах шаардлагатай гэж үзэж буйгаа онцлон тэмдэглэсэн юм.

Хяналтын сонсголын тайлангийн хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүд өнгөрсөн оны зургадугаар сараас хойш буюу сонсгол болж өнгөрснөөс хойш жил шахамын хугацаа өнгөрч буй энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааг холбогдох яамд, агентлагын газрын дарга нар, мэргэжилтнүүдээс асуусан юм. Гэвч сонсголын үеэр оролцогчдоос гаргасан санал, шүүмжийг хэрэгжүүлэх, Эрүүл ахуйн тухай болон Барилгын тухай хуулийн хэрэгжилт хангалгүй, хүний эрүүл, аюулгүй амьдрах орчны стандартууд хангагдахгүй байгаа болон эдгээр чиглэлээр сүүлийн жил орчмын хугацаанд тодорхой ажил хийгдээгүй, үр дүн гараагүй байгаад Улсын Их Хурлын гишүүд шүүмжлэлтэй хандлаа.

Сонсголын тайланг хэлэлцсэн тухай Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулахаар боллоо.

Байнгын хорооны хуралдаанаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүний санаачилж, өргөн мэдүүлсэн Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг Улсын Их Хурлын 2022 оны намрын чуулганы 12 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн юм. Анхны хэлэлцүүлэгт хуулийн төслүүдийг бэлтгэсэн ажлын хэсгийн санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.

Малчид, тариаланчид нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сайн дурын үндсэн дээр төлдөг боловч улирлын чанартай үйл ажиллагаанаас шалтгаалан шимтгэл төлөлт тасалдах явдал гарч буйг дээрх хуулиар зохицуулахаар боловсруулсан юм. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн зүйл, заалт бүрийг нэг бүрчлэн хэлэлцсэний дээр хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалаа. Ингээд хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Хүүхдүүдийн нийгмийн сүлжээний хэрэглээ 96 хувьтай байна DNN.mn

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Цахим орчин дахь хүүхдийн хамгаалал” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 3-нд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа хөтлөн явуулж, Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан үндсэн мэдээллийг хийв. Түүнчлэн “Edit learning hub” төрийн бус байгууллагын тэргүүн М.Наранзул “Цахим орчин ба хүүхдийн аюулгүй байдал” сэдвээр, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал, хууль эрхзүйн орчин” сэдвээр тус тус илтгэл тавив.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, дижитал технологи, цахим харилцааны үр шимийг бид хүртэж байгаа ч энэ орчинд хүний эрх, тэр дундаа өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхэд багачуудынхаа эрхийг хэрхэн хамгаалах вэ гэдэг дэлхийн бүхий л улс орны өмнө тулгамдсан асуудлуудын нэг болж буйг онцлоод, улс орнууд цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах бодлогоо тодорхойлон, нарийвчилсан зохицуулалт бүхий хуулиа батлаад байгааг мэдээлэв. 2016 онд Хүүхэд хамгааллын тухай хууль батлагдах үед цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудал нэгэн бүлэг болж тусгагдсан боловч хэлэлцэх явцад хасагдан, хуульд тусгалаа олж чадаагүй юм. Энэ талаар тэрбээр мэдээлэлдээ дурдаж, олон улсын байгууллага, зөвлөхүүд цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиа нэн даруй батлан, хэрэгжүүлэхийг цаг үргэлж зөвлөж байна гэсэн юм. Тэрбээр, хүүхдийн эрх цахим орчинд хэрхэн зөрчигдөж байгаа талаар тоо баримт, дотоод, гадаадын судалгааны байгууллага, институциудын судалгааны дүнг танилцуулж, хүүхдүүд цахим орчинд доромжлол, гадуурхалт, дээрэлхэлт болон дарамт шахалт, бэлгийн мөлжлөгт уруу татах зэрэг олон хэлбэрийн хүчирхийлэлд өртөж байгааг хөндөв.

Түүний дурдсанаар, цахим орчны гадуурхалт, дарамт шахалтаас болж 2012-2016 онд 92 хүүхэд амиа хорложээ. Мөн үндэсний суурь судалгааны дүнгээс үзэхэд, 18 хүртэлх насны хүүхдүүдийн 82.5 хувь нь үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртсөн, 37 хувь нь цахим орчинд үл таних хүмүүсээс садар самуунд уруу татсан, айлган сүрдүүлсэн чат, мессэж авч байжээ. Японы хүүхдийг ивээх сангаас манай улсад хамгийн сүүлд хийсэн судалгаанд, 1236 хүүхэд оролцсоноос 19.9 хувь нь амиа хорлох оролдлого хийж үзсэн, 12.4 хувь нь энэ талаар бодож байсан, 8.6 хувь нь хэд хэдэн удаа амиа хорлохыг оролдсон гэсэн хариулт өгсөн байна. Түүнчлэн, сураггүй алга болсон болон бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдийн төлөөх олон улсын байгууллагын хүүхдийн цахим бэлгийн мөлжлөгийн асуудлаарх судалгааны талаарх CyberTips мэдээллийн сангийн статистик мэдээнд, 2019-2020 онд цахим орчин дахь гэмт хэрэг зөрчил дэлхий дахинд 28 хувь өссөн байхад, Монгол Улсад 132 хувь өссөн нь маш их анхаарал татаж байна хэмээн тэрбээр цохон дурдав. Эдгээр статистик үзүүлэлт, тоо баримт цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлын асуудал ноцтой түвшинд хүрснийг илтгэж буйг тэрбээр анхааруулж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8 дугаар бүлгийн 3-4 заалтаар хүүхэд багачуудынхаа эрх, эрх чөлөө, сэтгэл санаа, оюун бодлыг цахим орчинд хамгаалсан байдалтай хэвээр явах уу, энэ талаарх бие даасан хуулиа батлах уу гэсэн асуултыг хэлэлцүүлэгт оролцогчдод хандаж тавиад, өөрийн боловсруулж, УИХ-ын www.d.parliament.mn цахим системд байршуулан иргэд, олон нийтээс санал авч буй хуулийн төслийн талаар танилцуулсан юм.

Түүний дурдсан нөхцөл байдлыг “Edit learning hub” ТББ-ын тэргүүн М.Наранзул “Цахим орчин ба хүүхдийн аюулгүй байдал” илтгэлдээ дахин нотлов. Тэрбээр цахим орчноос монгол хүүхэд, тэр дундаа балчир насны хүүхдэд учирч байгаа аюулын талаар дурдав. Бага балчир хүүхдүүд нийгмийн сүлжээний hyperstimulating буюу хэт өдөөсөн агуулгатай, маш богино буюу 1-2 секундын, өндөр ритмтэй Cocomelon зэрэг бичлэгийг их үзсэнээр анхаарал дутмагших эмгэг бий болж байгаа бол Youtube бичлэгүүдийн дундуур гарч ирдэг Momo зэрэг сэтгэцэд нөлөөт дүрүүд хүүхдийг айлгаж, тайван бус, хямралтай болгохын зэрэгцээ өндрөөс нисэж амиа хорлох, гэрийнхээ газыг нээх, хутгаар гараа зүсэх, гэрийнхэн чинь чамайг үзэж яддаг гэж итгүүлэх зэрэг эрсдэлтэй нөхцөлийг бий болгодог байна. Сүүлийн үед балчир бага насны хүүхдүүд их үзэж буй Хагги Ваггигийн контентуудад доромжилсон, бүдүүлэг үг хэллэг их хэрэглээд зогсохгүй, үйл явдалд нь цуст аллага, аюултай зэвсэг, хутга зэрэг ирт мэс их хэрэглэгддэг байна.

М.Наранзул дэлхий дахинд, ялангуяа өндөр хөгжилтэй орнууд цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тэр дундаа хүүхдийн оюун санаа, сэтгэц, сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээнд багагүй төсөв, хөрөнгө зарцуулж буйг дурдан, сүүлийн үед Монгол Улсын цахим мэдээллийн хэрэгслүүд буюу мэдээ, мэдээллийн вебсайтууд хүчирхийлэл, аллага, зан суртахууны ёс бус байдал, доройтлын тухай хар бараан зүйл их бичиж байгаа нь хүүхэд багачуудын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байгааг онцлов. Энэ бүхний үр дүнд хүүхдүүд бага наснаасаа сэтгэл зүй, оюун санаа болон сэтгэцийн гэмтэл авч байгааг жишээ дурдан өгүүлж, үүнд одоо л анхаарал хандуулахгүй бол оройтож байгааг болон хуулийн зохицуулалт яаралтай хэрэгтэй байгааг тэрбээр өгүүлж, бие даасан хууль баталж зохицуулахыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал, хууль эрх зүйн орчин” илтгэлдээ монголчуудын нийгмийн сүлжээний хэрэглээ “ердийн, аюулгүй, зохистой” гэдэг хэмжээнээс хоёр дахин их болсныг баримт түшин өгүүлж, үүний дотор хүүхдүүдийн сошиал медиа ашиглалт 96 хувьтай байгааг дурдлаа. Үндсэндээ 100 хувь гэж хэлж болох энэхүү тоо хэмжээний цаана Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаггүй, дандаа гадаад улс орны, хилийн чанадаас холбогддог сошиал медиагийн хэрэгслүүд байгаа нь бэрхшээл учруулж буйг тэрбээр хэлж, ийм хэрэгслүүдийг Монгол Улс дангаараа хууль, тогтоомж мөрдүүлэх замаар зохицуулах боломжгүйг хэлсэн юм. Мөн тэрбээр, нийгмийн сүлжээ ашиглаж байгаа хүүхдүүд хэт олон цагийг интернэтэд өнгөрүүлэх, хоёр буюу түүнээс олон хаяг нээх, эцэг, эхийнхээ хяналтаас зугтах, хувийн мэдээллээ дэлгэх зэргээр өөрсдийн аюулгүй байдлыг хангах талаар мэдлэг, чадваргүйгээр интернэт ашиглаж байгаа нь тулгамдаж буй асуудлын суурь шалтгаан болж буй талаар дурдав. Хүүхэд хамгааллын тухай болон бусад хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Монгол Улсын төрийн байгууллагууд тодорхой ажил хийж байгаа боловч өнөөдрийн байдлаар зөрчилтэй вебсайтуудыг хаахаас өөр дорвитой үр дүн гарахгүй байгааг тэрбээр өгүүлээд, тусгай аппликэйшнээр дамжиж хүүхдүүдийн хүртээл болж буй агуулгыг хянах боломж хомс байгааг ярьсан юм. Дэд сайд илтгэлдээ цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин хангалтгүй байгааг тэмдэглэж, бие даасан хууль гаргаж, нарийвчилсан зохицуулалт мөрдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Хэлэлцүүлэгт ЦХХХЯ, БШУЯ, ХНХЯ болон Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах газар, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөгчид, судлаачид, идэвхтэнүүд оролцов.

Categories
мэдээ цаг-үе

Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно DNN.mn

Энэ сарын нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг ХХҮЕГ-аас гаргажээ. Тодруулбал,

Дөрөвдүгээр сарын 20нд хүүхдийн мөнгө болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүдийн тэтгэмжийг олгох бол ахмад настны тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амжиргааг тэтгэх мөнгөн тэтгэмж, хүнсний талон зэргийг 14, 25-ны өдрүүдэд тус тус олгох аж.

Мөн эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг энэ сарын 25-нд олгохоор болжээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 64 гомдол, мэдээллийг хянан шалгав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 3 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 370 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 109 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 261 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 64 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 23 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 88 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримт бүртгүүлэх хугацаа дуусахад 5 хоног үлдлээ DNN.mn

Иргэн та 2023 оны нэгдүгээр улирал буюу 1,2,3-р саруудын худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2023 оны 4 дүгээр сарын 08-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна уу гэж Татварын албанаас мэдээллээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.

Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард багтаан олгох журамтай.