Categories
мэдээ нийгэм цаг-үе

УБЦТС: Маргааш хийгдэх засварын хуваарь DNN.mn

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 10-ны даваа гаригт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк эхний улиралд 2.2 тонн үнэт металл худалдан авчээ DNN.mn

Монголбанк энэ оны 3 дугаар сард 1,018.0 кг үнэт металл, оны эхнээс өссөн дүнгээр 2.2 тонн үнэт металл худалдан аваад байна.

Оны эхнээс өссөн дүнгээр төв банкны Дархан-Уул аймаг дахь хэлтэс 146.4 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 254.1 кг үнэт металл тус тус худалдан авчээ.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог бөгөөд энэ оны 3 дугаар сард дундаж үнэ 216,200 төгрөг байв.

Categories
гадаад мэдээ

​Матеуш Моравецкий: Украины дайн бол түрэмгий Оросын төгсгөлийн эхлэл DNN.mn


Польшийн ерөнхий сайд Матеуш МоравецкийУкраины ерөнхийлөгч Владимир Зеленскийн хамт сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Украинд хийсэн дайралт нь түрэмгий Оросын төгсгөлийн эхлэл” гэж мэдэгджээ.”Өнөөдөр бид Европын ирээдүйн дүр зургийг харуулж байна. Кремль, Путин, Москва Украины төгсгөлийг хүсч байсан. Гэвч өнөөдөр энэ дайн бол бидний мэдэх түрэмгий Оросын хувьд төгсгөлийнх нь эхлэл болсон гэдгийг бид харж байна. Гэхдээ бас цоо шинэ Европын хамтын нөхөрлөлийн эхлэл болж байгааг харж байна” гэж Моравецкий Зеленскийтэй хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурал дээр онцлон хэлжээ.

“Орос улс энэ дайнд болон украинчуудын эх оронч сэтгэлийн эсрэг тэмцэлд аль хэдийн ялагдсан. Түрэмгийлэгч Орос Украины төлөөх энэ дайнд ялагдсанаар манай Европын бүс нутагт ноёрхох санаархал нь ч бүрэн ялагдана гэдэгт би итгэлтэй байна” гэж Моравецкий мэдэгджээ.

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Варшавт айлчлан Польш, Украин улсууд цэргийн хангамжийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэхүү гэрээнд Польш улсаас “Росомак” хуягт тээвэрлэгч, “Рак” өөрөө явагч миномёт, “Пиорун” гэх гар агаарын довтолгооноос хамгаалах систем, “МиГ сөнөөгч онгоц болон бусад зэвсгийг нийлүүлэх асуудлуудыг тусгасан байна. Үүнээс гадна Зеленский, Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецкий нар Польшид сум, зэвсэг үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр байгуулах талаар ярилцан тохирсон байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ DNN.mn

УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гарган сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг парламентад суудалтай намуудыг оролцуулан байгуулсан. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдоор ажлын хэсгийг ахлуулж, Д.Ганбат, Т.Доржханд, Л.Мөнхбаатар, С.Одонтуяа, Д.Тогтохсүрэн, О.Цогтгэрэл нарыг бүрэлдэхүүнд нь оруулсан юм. Ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ хуулийн төслөө боовсруулсан ч УИХ-д өргөн барихын өмнө УИХ дахь АН-ын бүлэг зарим зүйл дээр өөр байр суурь илэрхийлэх шаардлагатай гэж үзсэн. Улмаар тусдаа хуулийн төсөл боловсруулсан юм. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон АН-ын бүлэг төслөө тус тусад нь өргөн бариад байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслүүдийг ирэх долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны лхагва гаригийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм байна. Хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсний дараа ажлын хэсэг гарган хоёр төслийг нэгтгэн хэлэлцэх юм.

УИХ-ын сонгуулийн тухай хоёр хуулийн төсөл хоорондоо ямар ялгаатайг танилцуулъя.

Ажлын хэсгийн боловсруулсан төсөл:

  • УИХ-ын 38 гишүүнийг хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос, 38 гишүүнийг энэ хуульд заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаас тус тус сонгох сонгуулийн хосолсон тогтолцоотой байхаар тусгаж, үүнтэй холбоотойгоор нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх, саналын хуудсыг хэвлүүлэх, сонгогч санал өгөх, түүнийг тоолох, дүн гаргах, суудал хуваарилах зэрэг харилцааг нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан,
  • Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй байхаар тусгаж, үүнтэй холбоотойгоор гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулах байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын бүтэц, бүрэн эрх, ажиллах журам, гадаад улсад байгаа иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, санал авах, тоолох,
  • Улс төрийн намын бүртгэл, өөрчлөлттэй холбоотойгоор нам сонгуульд оролцохоо илэрхийлэх, хүлээн авах, бүртгэх үйл ажиллагаатай холбоотойгоор гардаг хүндрэл, эрх зүйн тодорхойгүй байдлыг арилгах,
  • Сонгогчдийн нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах үйл ажиллагааны ил тод, нээлттэй, хяналттай байдлыг нэмэгдүүлэх, уг үйл ажиллагаанд төрийн байгууллага болон сонгуульд оролцогч талуудын оролцоог нэмэгдүүлэх,
  • Санал авах өдөр өөрийн харьяа хэсгийн хороонд саналаа өгөх боломжоор бүрэн хангагдаж чаддаггүй сонгогчид болох оюутан, ээлжийн ажил хийдэг зэрэг сонгогчдын сонгох эрхийг хангах шаардлагад үндэслэн урьдчилан санал авах,
  • Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлэх,
  • Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх,
  • Жагсаалтаар нэр дэвшсэн нам, эвслийн сонгуулийн дүн гаргах, суудал хуваарилах зарчмыг нам дангаараа сонгуульд оролцсон бол 3, хоёр нам эвсэж орсон бол 5, гурав болон түүнээс дээш нам эвссэн бол 7 хувь байх босго тавина.

АН-ын боловсруулсан төсөл:

  • Сонгуулийн тогтолцоог холимог байхаар хуульчилж, тойргоос 48, жагсаалтаар 28 хүн сонгох,
  • Жагсаалт хуваарилахад улс нэг гэдэг зарчим барих,
  • 48 мандатыг тойрог хуваах зарчмаар хуульд тусгаж өгсөн, өмнөх 12.2 дугаар зүйлийг энэ зарчимд нийцүүлж, өөрчлөн найруулав. Тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигч явах ба нийт сонгогчийн 28 хувиас доош санал авсан тохиолдолд дахин санал хураалт явуулах,
  • Нэр дэвшүүлэх зарчим хэвээр байх,
  • Тойрогт болон жагсаалтад зэрэг нэр дэвшихийг хориглох,
  • Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх,
  • Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлэх,
  • Жагсаалт нээлттэй байх,
  • Жагсаалтаар нэр дэвшсэн нам, эвслийн сонгуулийн дүн гаргах, суудал хуваарилах зарчмыг нам эвсэл 3 хувь байхаар оруулах. Мөн тойрогт суудал авсан байх шалгуурыг хангах,
  • Тойргийн хорооны дарга, бүрэлдэхүүнийг гэрчилгээтэй төрийн захиргааны ба үйлчилгээний албан тушаалтан байх,
  • Сонгуульд санал өгсөн иргэн бэхэн тэмдэглэгээ заавал хийлгэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Амралтын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна DNN.mn

Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-наас есөн дүүргийн 431 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 50 сүлжээ дэлгүүрийг нэмж, өнөөдрийн байдлаар 481 цэгээр борлуулж байна.

Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 8, 9-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна.

Тодруулбал, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр гурав, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт тус бүр дөрөв, нийт 21 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулна.

Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, кг-ыг нь 8300 төгрөгөөр зарж борлуулна. Бэлтгэсэн нөөцийн махны 65 хувь нь хонь, 35 хувь нь үхэр, таван хувь нь ямааны мах байгаа юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Батсүх: Барилгын материалын үнийн өсөлт, бууралт орон сууцны үнийн өсөлтөд бага нөлөөлдөг DNN.mn

Барилгын материалын үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан “Барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн чуулган-2023” өчигдөр болов. Тус чуулганаар барилгын ханган нийлүүлэгчдэд тулгамдаж буй асуудал, гарцыг тодорхойлж, харилцан уялдаатай ажиллах боломжийг бүрдүүлэх талаар ярилцсан юм. Энэхүү чуулганд Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Сангийн яам, ШУТИС Материал судлалын төв, Монголын логистикийн холбоо болон барилгын салбарын төсөл хэрэгжүүлэгчид, ханган нийлүүлэгчид, салбарын Аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд, хөрөнгө оруулагчид, худалдааны төлөөлөгчид оролцсон юм. Энэ үеэр Барилга МН-ийн захирал Г.Батсүхтэй ярилцлаа.


-“Барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн чуулган-2023” болж өндөрлөлөө. Барилгын салбарын чуулганы үр дүнг юу гэж харж байна вэ?

-Өнөөдрийн (өчигдөр) “Барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн чуулган-2023”-д бид бүхэн салбарын судалгаа, мэдээлэл, төрийн худалдан авалт, санхүүжилтийн тухай болоод ханган нийлүүлэлтийн орчин үеийн чиг хандлага, логистикийн үйл ажиллагааны талаар оролцогчдодоо мэдээлэл өгч барилгын ханган нийлүүлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам, гарцуудыг олохоор хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмж шийдлийг зохих төрийн байгууллагуудад саналаа тавьж хэрэгжүүлэхээр бид бүхэн чууллаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улс барилгын материалынхаа 70 гаруй хувийг импортоор авч, 30 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Дотоодын зарим үйлдвэрүүд ч 100 хувь түүхий эдээ гадаадаас импортолж байгаа. Ихэнх түүхий эдээ гадаад орнуудаас импортоор авч буй учраас бид чанартай барилга барихын тулд чанартай барилгын материал хэрэглэх ёстой. Дотоодод барилгын материал үйлдвэрлэж буй үйлдвэрүүдэд бид асар их шаардлага тавьж, тусгай зөвшөөрөл, тохирлын гэрчилгээг шаарддаг хэрнээ импортын бүтээгдэхүүнд ямар ч шаардлага тавихгүй байна. Одоогийн байдлаар дэлхийд импортоор орж ирж буй барилгын материалын бүтээгдэхүүнд хяналт тавьдаггүй улс гэвэл Монгол Улс маань л ганцаараа байна. Дэлхийн бусад орнууд бүгд хуулиа хэрэгжүүлж, чанарын шаардлага тавьж ажиллаж байгаа. Тиймээс барилгын материалыг хүнс, эмтэй адилтган эрсдэл өндөртэй бүтээгдэхүүн гэж үзэж чанар, стандартын шаардлага хангасан тохирлын гэрчилгээтэй бүтээгдэхүүнүүдийг оруулж байх ёстой. Ингэснээр бид чанартай барилга, орон сууцанд амьдрах нөхцөл боломж бүрдэнэ. Бизнес эрхлэгчдийн хувьд өнөөдөр “Ковид-19” цар тахлын дараа хүндрэлүүд арилж, тээвэр логистикийн асуудлууд үгүй болсон. Одоо зөвхөн сайн бүтээгдэхүүн борлуулж байхад яг ижил хэлбэр дүрстэй бүтээгдэхүүний хуурамчийг оруулж ирж зарж байдаг ченжүүд барилгын салбарт хамгийн их асуудал дагуулж байна. Тэгэхээр бид бүхэн энэ асуудлыг арилгаж байж иргэдийг хохиролгүй болгож, чанартай үл хөдлөх хөрөнгийг барьж байгуулах боломж бий болох юм. Тухайлбал, ямар ч хамаагүй барилгын дэлгүүрт ороход хулхи, жинхэнэ гэж зарж байна. Хүн хулхи чанар муутайг нь аваад хохирох эсэх нь хамаагүй, хэн дуртай нь хулхи бүтээгдэхүүн зардаг ийм улс дэлхийд алга. Тиймээс чанаргүй хулхи бүтээгдэхүүн оруулж ирдэг, худалддаг байдлыг таслан зогсоож хариуцлага тооцдог болох нь өнөөдрийн хувьд хамгийн чухал асуудал байна.

-Барилгын материалын үнэ ханш буурч байна уу?

-Урд жилийн мөн үетэй харьцуулахад барилгын гол нарийн бүтээгдэхүүнүүд 20 орчим хувиар буурсан байна. Энэ тоо цаашид буурах уу гэж олон хүн асуудаг ч буурах боломж төдийлөн харагдахгүй байна. Учир нь “Ковид-19” цар тахлаас хойш дэлхийн улс орнууд маш өндөр инфляцитай болж, түүхий эд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, валютын ханш өссөн. Ийм учраас барилгын материалын импортын бүтээгдэхүүнүүдийн хувьд үнэ нь буурах боломж, магадлал бага байна.

-Барилгын салбарын зах зээлийн үнэ ханш яагаад буурахгүй байна вэ?

-Орон сууцны үнэ ханшийн тухайд эрэлт нийлүүлэлтээрээ зохицуулагддаг. Шинэ орон сууцны хувьд өртгийг нь бууруулах боломж нь барилгын материалд байдаг. Барилгын материалын үнэ буурлаа гэхэд орон сууцны үнэ буурахгүй. Энэ хоёр тусдаа зах зээл. Энэ зах зээл дээр мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх, ипотекийн зээл нэмэгдэх, эдийн засаг, хүн ам өсөх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж орон сууцны үнэ өсдөг. Барилгын материалын үнийн өсөлт, бууралт орон сууцны үнийн өсөлтөд бага нөлөөлдөг юм.

-Манай улсын хувьд зарим барилгын материалуудыг өөрсдөө үйлдвэрлэдэг шүү дээ. Яг ямар барилгын материал дутаж бид гаднаас импортолдог юм бэ?

-Бидэнд Монголдоо түүхий эд нь байдаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нь ашигтай бөгөөд эрсдэл багатай байна. Гадаадаас бүх түхий эдээ авч, шинэ технологи нэвтрүүлж нарийн технологийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд өртөг өндөр болж байгаа юм. Иймээс цахилгаан, сантехник, засал чимэглэл, холбоо дохиолол зэрэг нарийн технологи шаардсан бүтээгдэхүүнийг Монгол Улсад үйлдвэрлэх боломж үгүй байна. Энэ чиглэлийн мэргэжилтнүүд, салбарын институт, нарийн химийн үйлдвэр бааз суурь байхгүй байна. Нарийн технологийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжгүй учраас бид цаашдаа ч импортоор авсаар байх юм.

-Барилгын материалуудаас хамгийн хэцүү нь ямар материал вэ?

-Импортоор оруулж ирэхэд түвэгтэй барилгын материал тээвэр логистик хөгжсөн энэ нөхцөлд бараг байхгүй байна. Гол нь тухайн бүтээгдэхүүний үнэ өртөг ямар байна гэдгээс шалтгаална гэж ойлгох хэрэгтэй. Үнэ өртөг нь зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэж байвал хаанаас ч бид ямар ч бүтээгдэхүүнийг улсдаа авчрах боломжтой.

-Бидэнд түүхий эдэд тулгуурласан үйлдвэрлэл хийх боломжтой юу?

-Монголд барилгын үндсэн хийцийн цемент, бетон эдлэл болон төмөр, арматур зэрэг түүхий эд нь байдаг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх боломжтой бөгөөд давуу талтай. Үүнийг гадаад улс орнуудын ижил төстэй бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадвартай гэж ойлгож болно. Тийм учраас Монголдоо түүхий эд нь байдаг бүтээгдэхүүнээр үйлдвэрлэл эрхэлвэл дэлхийн зах зээлд ч гарах боломж бий. Дэлхийн зах зээлд гаргахын тулд хамгийн сүүлийн үеийн технологи, нөү-хаутай дэлхийн стандартыг хангасан бүтээгдэхүүнийг бид үйлдвэрлэж байж дэлхийн зах зээлд гарах боломж бүрдэх юм. Гадаадын хөрөнгө оруулалт, технологи, мэргэжилтнүүдийг оруулж ирж байж үүнийг хийх боломжтой. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Жаргалсайхан: Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн хүн үүргээ биелүүлээгүй бол хорих ялаар солих үндэслэл болдог DNN.mn

УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Жаргалсайханаас Эрүүгийн хуульд заасан “Зорчих эрхийг хязгаарлах ял”-ын хэрэгжилт, мөн энэхүү ялыг ямар тохиолдолд хорих ялаар сольдог талаар тодрууллаа.


-Зорчих эрхийг хязгаарлах ял манай улсад хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Ялын хэрэгжилт ямар байгаа вэ?

-Зорчих эрхийг хязгаарлах ял нь 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд шинээр нэмэгдсэн ялын төрөл. Гэхдээ 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ялыг хэрэгжүүлж эхэлсэн. Эрүүгийн хуульд “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заасан байдаг.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг заавал нийгмээс тусгаарлахгүйгээр ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, гэр бүлтэйгээ хамт байх зэрэг суурь эрхээ эдлэх боломжоор нь хангаж, гагцхүү чөлөөтэй зорчих эрхийг нь хязгаарладгаараа бусад ялын төрлөөс онцлог. Прокуророос 2021 онд 1690, 2022 онд 3079, 2023 оны эхний улирлын байдлаар 1815 зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн хүний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавьж ажилласан байна.

-Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн хүн ял эдэлж байх явцдаа дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэх тохиолдол хэр их гардаг вэ?

-Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн хүн ял эдэлж байх явцдаа дахин гэмт хэрэг үйлдэх, Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргах тохиолдол цөөнгүй гарч байна.

Прокурорын байгууллагаас зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтан ял эдэлж байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчил үйлдсэн шалтгаан нөхцөлийг 2021, 2022 оны байдлаар судалсан. Энэ хугацаанд 2021, 2022 онд нийт 156 ялтан дахин гэмт хэрэгт холбогдож, 134 хүний хэрэг нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн бол 503 ялтан ял эдэлж байх хугацаандаа Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдэж шийтгүүлсэн байна.

-Зорчих эрхийг хязгаарлах ялыг ямар үндэслэлээр хорих ялаар сольдог юм бэ. Ийм тохиолдол хэр их гарч байна?

-Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн хүн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол оногдуулсан ялыг нь хорих ялаар солих үндэслэл болдог. Тухайлбал, шийдвэр гүйцэтгэгч, техникийн ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэх, зорчихыг хязгаарласан газарт зорчихгүй байх, урьдчилан мэдэгдэхгүйгээр оршин суугаа газар, ажлын байраа өөрчлөхгүй байх, хяналтын төхөөрөмжийг биедээ байнга авч явах, бүрэн бүтэн байдлыг нь хангах, хяналтын төхөөрөмжийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хувийн бичиг баримтаа биедээ авч явах зэрэг үүрэг хүлээдэг. Хэрэв хуулиар хүлээсэн үүргээ давтан биелүүлээгүй, хяналтын тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг сарниулсан, 24 цагаас илүүгүй хугацаагаар хяналтаас санаатайгаар зайлсхийсэн, мөн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн, шийдвэр гүйцэтгэгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зэргээр ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөн тохиолдолд ялыг хорих ялаар солих үндэслэл болдог.

Дээрх тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тухайн ялтны ялыг хорих ялаар солиулах талаар прокурорт санал ирүүлж, прокурор үндэслэлтэй бол дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлдэг хуулийн зохицуулалттай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2022 он, 2023 оны нэгдүгээр улиралын байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солиулах талаар нийт 586 саналыг прокурорын байгууллагад ирүүлсэн байна.

Үүнээс 86 саналыг прокурор үндэслэлгүй байна гэж үзэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт буцааж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтны эрх ашгийг хамгаалсан. Харин 2022 онд шийтгүүлсэн 3079 ялтны 429 нь 2023 оны нэгдүгээр улиралд 1815 ялтны 71 нь ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөн нь тогтоогдсон учраас дүгнэлт бичиж,зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солиулах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн. Ихэнх тохиолдолд хуульд заасан үүргээ биелүүлээгүй, техникийн, эсхүл биечилсэн хяналтаас зайлсхийсэн, хяналтын тоног төхөөрөмжийг устгасан, гэмтээсэн, хэвийн ажиллагааг нь сарниулсан зэрэг зөрчлүүдийг гаргасны улмаас ял солиулж байна.

-Д.Монголхүүд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг үндэслэлгүйгээр хорих ялаар сольсон гэж олон нийт үзэж байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Д.Монголхүүгийн хувьд зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байх хугацаандаа хуульд заасан үүргээ гурван сарын хугацаанд хоёр удаа биелүүлээгүй. Тодорхой хэлбэл, “зорчихыг хязгаарласан газарт зорчсон, цахим хяналтын төхөөрөмжийг унтрааж, хяналтын төхөөрөмжийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлээгүй” зөрчил гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас түүний гаргасан зөрчилд үндэслэн ялыг хорих ялаар солиулах талаар Баянзүрх дүүргийн прокурорын газарт санал ирүүлсэн. Прокуророос хувийн хэрэг, холбогдох материалыг нь хянаад, саналыг үндэслэлтэй гэж үзсэн учраас 2023 оны гуравдугаар сарын 01-ний өдөр дүгнэлт бичиж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж шийдвэрүүлсэн.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Жолооч О.Мягмарсүрэн: Ковидын өмнө явж байсан жижиг тэргийг одоо явуулахгүй гэнэ DNN.mn

ЗамынҮүдЭрээний хил энэ оны нэгдүгээр сарын 8ны өдөр нээгдсэн. Нээгдсэн цагаасаа тодорхой хэмжээний хязгаартай ачааны болоод зорчигч тээврийн автобус явуулахыг зөвшөөрсөн. Тэгвэл ЗамынҮүд боомтод жижиг тэргээр тээвэр эрхэлдэг иргэд хил нэвтрэх эрх нь одоо хүртэл нээгдэхгүй байгаад бухимдлаа илэрхийллээ. ЗамынҮүдэд жижиг тэргээр тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг жолоочдын төлөөлөл О.Мягмарсүрэнгээс нөхцөл байдлыг тодрууллаа.


-Замын-Үүдэд жижиг тэргээр тээвэр эрхэлдэг иргэдэд асуудал тулгарсан гэсэн. Ямар асуудал үүсэв?

-Замын-Үүдийн иргэд ковидын гурван жилийн хугацаанд хамгийн их хоригдож, хамгийн их хөл хориулсан. Жилийн өмнө л энд хорио тавигдсан шүү дээ. Хот руу ч явж болохгүй. Гэтэл гурван жилийн өмнө зүв зүгээр явж байсан жижиг тэргийг одоо явуулахгүй гэнэ. Бид бүхий л шатанд хандаж, өргөх бичиг, хүсэлт, гарын үсэг цуглуулж явуулаад ямар ч хариу ирэхгүй байна. Гурван жилийн өмнө хаагдахдаа зүв зүгээр хаагдсан шүү дээ. Ковид орж ирлээ. Хилээ хаая гээд зүв зүгээр байхад нь орилсоор байгаад хаачихсан даа. Гэтэл өнөөдөр бид буцаад явах гэтэл “УАЗ-469” машиныг Авто тээврийн дарга Болор-Эрдэнэ явуулахгүй гэнэ. Саяхан бид онлайнаар хуралдахад Эрээнд суугаа консул Т.Мөнхгэрэл “Хоёр улсын найрамдалт харилцааны гэрээгээр жижиг тэрэг явуулна аа. УАЗ-469 машин явна шүү” гэсэн. Гэтэл нэг дарга нь нэг өөр юм яриад, нөгөө дарга нь бас өөр юм яриад, шийдвэр нь гарахгүй явсаар байна. Бид үүнийг нааштай шийдчих байх гэж хэчнээн сар хүлээлээ. Үүний цаана өчнөөн ар гэр, айл өрх байгаа.

-Гарын үсэг цуглуулж жагсана гэсэн. Энэ мэдээлэл үнэн үү?

-Үнэн. Бид шат шатны бүх байгууллагад гарын үсэг зураад өгсөн. Өнөөдөр (өчигдөр) Замын-Үүд суманд аймгийн Засаг дарга ирчихсэн. Яг одоо талбай дээр шоу болж байна. Пис пас гээд салют буудуулаад л байна. Бидний төлөө байнга ярьж, хөөрч яваа л гэсэн. зарим нэг хүмүүстэй уулзсан юм билээ. “Та нарын асуудлыг шийдэх хүмүүс нь байхгүй болохоор шийдүүлж чадсангүй ээ. Одоо сайн явна” л гэсэн гэнэ. Бид Иргэдийн хурлын дарга, сумын Засаг дарга, аймгийн Засаг дарга, Консулд, УИХ-ын гишүүдэд, Зам тээврийн сайд С.Бямбацогт, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд бүхий л шатанд хандсан. Бидний асуудлыг шийдээч ээ гээд. Гэтэл ямар ч хариу одоо болтол ирээгүй.

-Өдөрт жижиг тэрэг 20 гарч байгаа гэсэн үү?

-Ямар 20 машин бэ. нэг ч жижиг тэрэг гаргахгүй гэсэн. Тэгсэн хэрнээ дарга нарын машин чөлөөтэй явдаг. Ард түмний машин нэг ч яваагүй. Хувийн байгууллага, албаны “Старекс”, “лексус” л байгаа.

-Жагсаалын шаардлагад хариу өгөхгүй бол яах вэ?

-Дараагийн шатны арга хэмжээгээ авна. Тэмцлийн ямар хэлбэр байна, тэр бүгдийг л хийнэ. Одоо бид тайван жагсаал л хийж байгаа. Энд ард иргэд гэж байгаа шүү. Өчнөөн хүмүүс өртэй, зээлтэй. Хүүхдүүд нь сурдаг, амьдардаг. Улаан хоолойгоор нь хоол ордог. Хөгшин настай, хүүхэдтэй гэр бүлүүд зөндөө байгаа. Бид энэ л зам дээр Монгол Улсад өчнөөн татвар төлж, залуу насаа өнгөрүүлсэн.

-Замын-Үүдэд жижиг тэрэг барьдаг хэчнээн жолооч байдаг вэ?

-Ковидоос өмнө нэг өдөрт 1000 орчим “УАЗ-469” тэрэгтэй жолооч гардаг байсан. Энэ бүх хүмүүсийг төлөөлөөд үгээ хэлж байна. Бидний ганц хүсэл бол ажлаа хиймээр байна. Амьдармаар байна. Өр зээлээ төлмөөр байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Могой, үхэр, тахиа, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

2023-04-09, / БИЛГИЙН ТООЛЛЫН: 18

Аргын тооллын: 2023-04-09,

Наран ургах шингэх: 06:16-19:32.

Үс засуулбал: -Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.

Барилдлага: түлэхийн барилдлагатай өдөр.

-Билгийн тооллын 18, улаагчин тахиа өдөр, гар од-16 одтой, уул суудалтай, 7 улаан мэнгэтэй, Сарын цээр өдөр.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, үхэр, тахиа, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.
-Луу жилтний сүлд гараг.
-Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -2…-4 градус, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө +8…+10 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -9…-14 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, говийн нутгийн баруун өмнөд хэсгээр -1…+4 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 0…+5 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говь, талын нутгаар +14…+19 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +9…+11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -6…-8 градус хүйтэн, өдөртөө +7…+9 градус дулаан байна.