Categories
гадаад мэдээ

​Хиймэл оюун ухааны виртуал хөтлөгч бүтээжээ DNN.mn

Кувейтийн мэдээний нэгэн вэбсайт хиймэл оюун ухаан ашиглан виртуал хөтлөгч бүтээсэн байна. Олон нийтэд түүнийг танилцуулах ажиллагаан дээр уг виртуал хөтлөгч “Намайг Федха гэдэг. Би хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн Кувейтийн анхны мэдээний хөтлөгч. Та нар ямар төрлийн мэдээ сонирхож байна? Та нарын саналыг сонсъё” гэж хэлсэн 13 секунд үргэлжилсэн энэхүү танилцуулга Кувейтийн нийгмийн сүлжээний гол сэдвүүдийн нэг болсон байна. Хиймэл, виртуал хөтлөгч ташаа мэдээлэл түгээж болзошгүйгээс гадна яваандаа хүний ажлын байрыг орлох аюултай гэж иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа аж.

Хар пиджак өмсөн, толгойдоо алчуур зүүгээгүй шаргал үст Федха нэртэй эмэгтэй хөтлөгчөөр ирээдүйд цахим мэдээ уншуулахаар төлөвлөж байгаа аж. Федха гэдэг нь эртний Кувейтээр мөнгө гэсэн утгатай бөгөөд роботыг мөнгөлөг, металлаар хийдэг учир роботтой адилтгаж хөтлөгчийг Федха гэж нэрлэсэн гэнэ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Цахимаар олгох 13А маягтын хүчинтэй хугацаа 30 хүртэл хоног байна DNN.mn

13А маягтыг цахимаар олгох шийдвэрийг Засгийн газраас өнөөдөр гаргажээ.

Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал “Өвчтөн илгээх эмнэлгийн хуудсаар өнгөрсөн онд 317,736 иргэнд үйлчилжээ.

Анхан шатны 530, лавлагаа шатлалын 334 нийт 864 эмнэлэгт 13А маягтыг цахимаар илгээх, хүлээн авах нөхцөл бололцоог бүрдүүлснийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Өөрөөр хэлбэл, орон нутгийн болон нийслэлийн иргэд e-Mongolia системд нэвтрэн орж өөрийгөө ДАН системээр таниулан 13А маягтыг татаж аваад аль ч эмнэлэгт үзүүлдэг болж байна. 13А маягт e-Mongolia системд албан ёсоор байршлаа.

13А маягтын хүчинтэй хугацаа 30 хоног. Энэ хугацаанд аль ч шатлалын эмнэлэгт үзүүлж болно” гэв.

Төрийн үйлчилгээний ХУРДАН цэгүүдээс ч авч болно. Нийслэлийн хэмжээнд 14 цэг бий.

Эрүүл мэндийн мэдээлэл эмзэг мэдээлэлд хамаарагддаг. Дүрс оношилгооны болон эрүүл мэндийн бусад түүхүүдийг системд бүртгэх нь хуулиар тохиромжгүй. Иргэд 13А маягтыг орхисноос болж эмнэлэгт үзүүлж чадалгүй нутаг руугаа буцдаг байсан чирэгдэл арилж байгааг тодотголоо.

Categories
мэдээ нийгэм

Д.Амарбаясгалан: Өчигдөр түүхэнд анх удаа Гашуунсухайт боомтоор хамгийн өндөр буюу 260 мянган тонн нүүрс гаргалаа DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.

Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХК-д Бүрэн Эрхт Төлөөлөгч(БЭТ) томилсон ажлыг дүгнэж, сунгах эсэхийг хэлэлцсэн. Улмаар сунгах шийдвэр гаргалаа.

Засгийн газар 2022 оны аравдугаар сарын 26-нд “Эрдэнэс Монгол” ХК-д БЭТ томилсон бөгөөд үүнээс хойш тус компани дээр дорвитой өөрчлөлт их гарсан. Тухайлбал, нүүрс олборлолтын хэмжээ нь 2.5 дахин, борлуулалтын орлого нь 3.5 дахин өсөх зэрэг эерэг өөрчлөлт гарсан. Мөн нүүрсийг хил нөхцөлөөр биржээр худалдаалдаг болсон.

Иймд эдгээр эерэг өөрчлөлтийг компанийнх нь засаглалын хувьд хэвшүүлэх, цаашид хүнээс үл хамаарсан нээлттэй, ил тод засаглалыг бий болгох, улам бүр хариуцлагатай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Засгийн газрын БЭТ-ийн үйл ажиллагааг сунгах тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар боллоо.

Энэ хугацаа сунгагдвал ирэх зургаан сарын хугацаанд олон улсын мэргэжлийн аудитын байгууллагаар компанийн бүх үйл ажиллагаанд аудит хийлгэх, цаашлаад олон улсын менежмэнт хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарах үүрэг даалгавар авсан.

Дөрөвдүгээр сарын 11-нд Монгол Улсын түүхэнд анх удаагаа Гашуунсухайт боомтоор хамгийн өндөр буюу 260 мянган тонн нүүрс гаргалаа. БЭТ томилж байх цаг үед өдөртөө хамгийн ихдээ 160 мянган тонн нүүрс гаргадаг байв” гэлээ.

Categories
гадаад мэдээ

​Цэргийн хамтарсан сургууль эхлэв DNN.mn

АНУ, Филиппин улсууд цэргийн томоохон хамтарсан сургуулилалт эхлүүлсэн байна. Энэ удаагийнх хоёр улсын хооронд жил бүр зохион байгуулагддаг “Balikatan” цэргийн сургуулилалтын түүхэнд хамгийн томд тооцогдож байгаа бөгөөд 17 600 цэрэг оролцоно. Энэ нь БНХАУ Тайванийн ойролцоо томоохон цэргийн сургуулилалт хийсэнтэй холбоотой хийгдэж байгаа юм байна.

Энэ оны хоёрдугаар сард АНУ, Филиппин улсууд батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах шинэ гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Филиппины арлуудад тэнгисийн цэргийн дөрвөн бааз шинээр байгуулахаар болсон байна. Филиппин болон Зүүн өмнөд Азийн эргэн тойрон дахь усан замууд нь худалдаа, наймааны хамгийн ачаалалтай замуудын нэг бөгөөд Хятадтай усан хилийн маргаантай байдаг.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Венийг хүлээн авч уулзсаны хариуд БНХАУ Тайванийн эргэн тойронд сөнөөгч онгоц болон нисэх онгоц тээгч хөлөг онгоцоо байршуулах томоохон сургуулилалт хийсэн юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Уламжлалт анагаах ухааны 108 боть” цувралын эхний 50 боть хэвлэгдлээ DNN.mn

“Монгол уламжлалт анагаах ухааны 108 боть” төслийн хүрээнд хэвлэн гаргасан эхний 50 боть номын нээлт боллоо.

Монголын эрдэмтэд 2019 оноос энэхүү их үйлсийг санаачлан эртний эмч маарамбын бичиж туурвиж байсан бүтээлүүдийг нэгтгэн эхний 50 ботийг хэвлэн гаргаад байгаа аж.

Нээлтэд төслийн удирдагч Академич Ш.Болд, АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор З.Мэндсайхан нар оролцлоо.

Энэхүү боть номд VII-XX зуун хүртэлх Монголын эртний эмч, маарамбын хийсэн бүтээл жор бичигджээ.

Анагаахын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ш.Болд “2019 оны наймдугаар сараас Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн “Уламжлалт анагаах ухааны 108 боть” төслийн хүрээнд эхний 50 боть номыг хэвлэн гаргаж байна. Эдгээр боть нь VII-XX зуун хүртэлх Монголын эртний эмч, маарамбын хийсэн бүтээл, 1972 оноос хойших Монгол Улсад хэвлэгдсэн уламжлалт анагаах ухааны эрдэм шинжилгээний бүтээлүүд, 1990 оноос Монголын уламжлалт анагаах ухааны салбарт зүтгэж яваа эрдэмтдийн бүтээл зэрэг үндсэн гурван үндсэн хэсгээс бүрдэж байгаа. Уг гол сурвалж нь VII зуунаас эхлээд Монголын анагаах ухаанд гол хүчтэй нөлөө үзүүлсэн Хятадын анагаах ухаан, Төвдийн анагаах ухаан, Манж, Орос, Монгол бичгээр бичсэн анагаах ухааны зохиолуудыг эмхэтгэж дээжийг нь гаргаж байна.

Эдгээр бүтээлүүдээс шинэ брэнд, эмчилгээний шинэ арга, технологи, шинэ санааг олох боломжийг нээж өгч байгаа. Нөгөөтэйгүүр залуу судлаачид, эрдэмтэн мэргэд, оюутнуудад сурах бичиг болгох. Мөн нийт ард түмэнд эрүүл амьдрах ухаан, хэрхэн эрүүл амьдрах аргаа зөв тогтоох вэ гэдэг тэр их мэдлэгийг л өвөг дээдсийнхээ бичсэн ном судраас олж авах ач холбогдолтой.

Мөн “Монгол судал, гар бичмэл номын сан хөмрөг”-т 21 мянга орчим гар бичмэл, барын ном, “Төвд номын сан хөмрөг”-т монгол, төвөд эрдэмтэн мэргэдийн бүтээсэн 1.5 сая орчим ном судар, “Дорно дахины ном, хэвлэийн сан хөмрөг”-т 100 гаруй мянга, нийтдээ гурван сая гаруй ховор чухал, номсудар хадгалагдаж байна” гэлээ.

XIII-XX зуунд Хятад, Төвөд, Манж, Монгол хэлээр бичиж орчуулсан эртний 200 гаруй ном судар байдаг гэнэ. Монгол уламжлалт анагаах ухааны 108 боть гаргах төслийн 50 ботийг ангилж үзвэл есөн чигт хуваагддаг. Эдгээр нь түүхийн бүтээл 8, Төвөд хэлнээс орчуулсан 10, Манж хэлнээс 1, Монгол бичиг, тод монгол хэлнээс орчуулсан 5, уламжлалт анагаах ухаан, онол арга зүйн 4 бүтээл, уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн бүтээл 6, уламжлалт анагаах ухаан эм найрлагын бүтээл 5, уламжлалт анагаах ухааны нэр томъёоны 3 бүтээл байгаа аж.

Харин АШУҮИС-ийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Н.Хүрэлбаатар “Монгол Улсын эрүүл мэндийн салбар, нэн ялангуяа Монгол анагаах ухааны салбарт түүхэнд тэмдэглэх үйл явдал болж байна. “Уламжлалт анагаах ухааны 108 боть” төслийн хүрээнд эхний 50 боть хэвлэгдэн гарлаа. Өнөөдөр бидний хамтын хүчин чармайлтаар эртний монгол маарамбын бичиж туурвиж байсан бүтээлүүдийг нэгтгээд 50 ботийг бий болгож чадлаа. Бид энэ өв соёлоо хадгалж, хамгаалахаас илүү хөгжүүлэх үүрэг хүлээсэн учраас эрдэмтэд маань энэхүү ботийг хэвлүүлэн хойч үедээ өвлүүлэн өгч байна” хэмээсэн юм.

Ботийн талаар танилцуулсны дараа төслийг дэмжсэн, бүтээлцсэн хувь хүн албан тушаалтнуудад талархлын бичиг гардууллаа.

Categories
мэдээ нийгэм

Эхний ээлжинд “Тавантолгой” ДЦС-ын 300 МВт-ын хүчин чадалтай блокийг барихаар шийдвэрлжээ DNN.mn

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

“Өнөөдрийн хуралдаанаар “Тавантолгой” дулааны цахилгааны станцын төслийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол батлагдлаа.

Ингэснээр эхний ээлжид “Тавантолгой” ДЦС-ын 300 МВт-ын блокийг барихаар боллоо. Хэрэглээ тогтмолжоод ирэхээр гурав дахь блок буюу 105 МВт-ын хүчин чадалтай станцыг нэмж барина.

“Тавантолгой” ДЦС-ын тендерийг түлхүүр гардуулах нөхцөл, санхүүжилттэй хамтарсан хэлбэрээр зарлана.

Монголын талын хөрөнгө оруулалтыг ЭХЯ, ТӨБЗГ-ын өмнөөс “Эрдэнэс Тавантолгой” компани 100% санхүүжүүлнэ.

“Тавантолгой ДЦС” ТӨХК ТЭЗҮ-д Хөгжлийн Банкнаас зээл авсан байсан. Энэ зээлийг “Эрдэнэс Тавантолгой” компани барагдуулна.

Урьдчилсан тооцооллоор 300 МВт-ын хүчин чадалтай “Тавантолгой” ДЦС-ыг барихад 600 орчим сая доллар шаардагдана. Үүний 70%-ийг тендер авсан компани, үлдсэн 30% буюу 180 сая орчим ам.долларыг гурван жилийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” компани хариуцна.

“Тавантолгой” ДЦС-ын төслийн гэрээ байгуулснаас хойш гурван жилийн хугацаанд барина. Төслийн санхүүжилт авсан зээлийг ДЦС ашиглалтад орсноос хойш таван жилийн хугацаанд төлөх тооцоолол гарсан” гэсэн мэдээллийг өглөө.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Монгол”-ын Зэс, метал группийн дарга Х.Бадамсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөв DNN.mn

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр “Эрдэнэс Монгол” компанийн Зэс, метал группийн дарга Х.Бадамсүрэнг ажлаас нь чөлөөлснийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.

Тодруулбал “Эрдэнэс Монгол” компанийн Зэс, метал группийн дарга Х.Бадамсүрэнг захирлыг чөлөөлөх шийдвэр гарсан. Х.Бадамсүрэн гуайг Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэрийн захирлаар ажиллаж байхад нь чөлөөлөөд, Зэс, метал группийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэх үүргийг хүлээлгэн ажиллуулж байсан.

Өнөөдөр Зэс, метал групп албан ёсоор байгуулагдаж, үйл ажиллагаа нь жигдэрсэн учраас Х.Бадамсүрэн гуайг албан ёсоор үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” компанид тогтоосон онцгой дэглэмийг сунгажээ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

“Эрдэнэс Тавантолгой” компанид тогтоосон онцгой дэглэмийг сунгах шийдвэр гарсныг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хэллээ.

“Өнгөрсөн хугацаанд борлуулалтын орлого нь 3.5 дахин нэмэгдэх зэрэг эерэг үр дүн гарсан. Мөн нүүрсийг хил нөхцөлөөр биржээр борлуулдаг болсон зэрэг нь ахиц дэвшил” хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан олгоно DNN.mn

2023 оны нэгдүгээр НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ хэмээн Татварын байгууллагын эх сурвалж мэдээллээ.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 1.1 сая иргэнд 75.3 тэрбум төгрөгийг буцаан олгожээ. Харин шинэ оны эхний улиралд хэчнээн иргэнд хэдэн төгрөгийн буцаан олголт өгөх нь удахгүй тодорхой болно. Иргэд 2023 оны 1, 2, 3 дугаар сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа системд бүртгүүлэх хугацааг энэ сарын 8-нд дуусгавар болгосон билээ.

Татварын байгууллага одоо дөрөвдүгээр сарын 1-нээс хойш бүртгэгдсэн баримтуудаа нягталж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Энгийн херпес вирусийн архаг халдварын шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө DNN.mn

Энгийн херпес вирусийн архаг халдварын шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

ЭМДЕГ-ын даргын 2022 оны “Жагсаалт батлах тухай” А/53-р тушаалаар энгийн херпес вирусийн архаг халдвар (1 IgM), (2 IgM)-ын шинжилгээг 30 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.

“Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт”

https://emd.gov.mn/legals/259

Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд

https://emd.gov.mn/pages/4Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам