Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Дорнод аймагт олноор үхсэн зээр химийн бодисоос бус байгалийн үзэгдлээс болж үрэгдсэн” гэв DNN.mn

Өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд Дорнод аймгийн Мэнэнгийн талд их хэмжээний зээрийн сүрэг үрэгдэж, үхсэн зээрийн сэгийг Петрочайна дачин тамсаг компани хууль бусаар булшлах гэж байгаад баригдсан гэх мэдээлэл цахим сүлжээнд гарсан.

Үхлийн шалтгаан нөхцлийг тодорхойлохоор мал эмнэлгийн газраас үхсэн зээрт шинжилгээ хийжээ. Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид хийсэн шинжилгээний хариу гарсан байна.

Тодруулбал, хоёр зээрийн хүүрэнд зургаан төрлийн шинжилгээ хийсэн. Дүгнэлтээр гоц халдварт өвчний үүсгэгч, метал, цацрагийн бохирдол, хордлогын шинж тэмдэг илрээгүй.

Ажлын хэсгийн орон нутагт ажилласан орчны судалгаа болон тархварзүйн судалгааны асуумжаар тухайн үхсэн зээр нь нэг газар биш, Дорнод аймгийн төвөөс 7 км-ээс эхлэн замын хоёр талаар үхсэн, тухайн орон нутагт ганц зээр биш бог малын хорогдол өндөр байсан зэргийг харгалзан үүнийг бодгаль цаг уур, орчны экологийн нөхцөл байдалтай холбоотой гэж үзжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийт нутгийн 80 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр бэлчээрийн ургамал 4 дүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд цухуйгаагүй.

Орхоны нийт, Ховд, Архангай, Булган, Төв, Өмнөговь, Сүхбаатарын зарим сумдын нутгаар муу үнэлгээтэй буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй,.

Булган, Сэлэнгийн зарим, Хөвсгөл, Төв, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар дунд, Булганы Гурванбулаг, Дархан-Уулын Дархан, Хонгор, Орхон, Шарынгол, Дорнодын Баянтүмэн, Булган, Хэрлэн, Хөлөнбуйрт хэвийн байна.

Categories
мэдээ нийгэм

13А маягтыг цахимаар илгээх, хүлээн авах боломжтой боллоо DNN.mn

Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/813 дугаар тушаалын дагуу иргэд лавлагаа шатлалын эмнэлэгт үзүүлэхдээ анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас 13А маягт буюу үйлчлүүлэгчийн онош, лавлагаа шатлалд илгээх болсон шалтгааныг үндэслэлийн хамт бичсэн мэдээлэл бүхий илгээх бичгийг заавал авч очдог.

Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа, холбооны яамнаас өгсөн чиглэлийн дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өөрийн цахим систем болох health.gov.mn-ыг түшиглэн 13А маягтыг анхан шатнаас лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага хооронд цахимаар илгээх, хүлээн авах болон иргэд 13А маягт өөр дээр нь бичигдсэн эсэхээ төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Мongolia”-аас харах нөхцөл бололцоог бүрдүүллээ.

Улмаар эрүүл мэндийн байгууллагууд 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 13А маягтыг цахимаар илгээж эхлэх бөгөөд цахим системд өнөөдрийн байдлаар анхан шатны 530, лавлагаа шатлалын 334 нийт 864 эрүүл мэндийн байгууллагыг холбоод байна.

Эрүүл мэндийн сайдын А/813 дугаарт тушаалд заасны дагуу дараах тусламж, үйлчилгээг авах тохиолдолд үйлчлүүлэгч лавлагаа шатлалд шилжүүлэх маягт буюу 13А-гүй шууд очиж болно. Үүнд:

– Яаралтай тусламж

– Гэмтлийн тусламж, үйлчилгээ

– Мэс заслын тусламж, үйлчилгээ

– Нүдний өвчний тусламж, үйлчилгээ

– Чих, хамар хоолойн өвчний тусламж, үйлчилгээ

– Халдварт өвчний тусламж, үйлчилгээ

– Шүдний тусламж, үйлчилгээ

– Арьс, харшлын өвчний тусламж, үйлчилгээ

– Сэтгэцийн өвчний тусламж, үйлчилгээ

– Хорт хавдрын хяналтын үзлэг, шинжилгээ

– Гемодиализын тусламж, үйлчилгээ

– Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ.

Харин дээр дурдсанаас бусад тусламж, үйлчилгээний хувьд өөрийн харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвөөс 13А маягтыг цаасан хэлбэрээр биш цахим хэлбэрээр авах юм. Тус цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд дараах зүйлсийг анхаарна уу.

ИРГЭДИЙН ХУВЬД:

Та дээрх жагсаалтад зааснаас бусад тусламж, үйлчилгээг өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмчийн зүгээс лавлагаа шатлалын эмчээс тусламж, үйлчилгээ авах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд 13А маягтыг цахимаар үүсгүүлэх бөгөөд 13А маягт үүссэн эсэхийг өөрийн гар утас, компьютер зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан “E-Mongolia”-д нэвтэрч шалгахаас гадна, шууд татаж авах боломжтой. Ингэснээр та цаг алдах, хаяж гээх, үрэгдүүлэх зэрэг эрсдэлгүй болох юм.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХУВЬД:

Цахим 13А маягтын хувьд 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс өрх, сумын эрүүл мэндийн төвөөс бичигдэж эхлэх тул тус өдрөөс өмнө цаасан хэлбэрээр бичигдсэн 13А маягтыг хуучин журмын дагуу авч үйлчилнэ. Харин цаасан маягттай учир дахин цахим 13А маягт авчрах, дахин цаг авахыг шаардах зэргээр иргэдийг чирэгдүүлэхгүй байхад анхаарна уу.
Нийт эмч нарын хувьд цахим 13А маягтыг ашиглахдаа буюу цахимаар илгээх, түүнийг хүлээн авч тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ дараах дарааллыг баримтална.

1. Өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч өөрийн нэвтрэх эрхээр health.gov.mn нэвтэрнэ.

2. Өвчтөн шилжүүлэх хэсгийг сонгох

3. Бүртгэлийн мэдээлэл, илгээх хэсэг болон хийгдсэн оношилгоо, шинжилгээг бүрэн гүйцэт бөглөж илгээх товч дарна. Үүний дараагаар нийт лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад шууд мэдээлэл очно.

4. Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын эмч нь өөрийн ашигладаг цахим системд ороод өвчтөн шилжүүлэх цэсэнд нэвтэрч иргэний регистрын дугаарыг оруулснаар хаанаас, ямар өвчний улмаас, ямар шалтгаанаар илгээсэн, хийгдсэн оношилгоо, шинжилгээний мэдээлэл, эмчийн дүгнэлт, зөвлөмж зэрэг мэдээлэлтэй танилцаж холбогдох тусламж, үйлчилгээг үзүүлнэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Жиргээч Болушка буюу Б.Болор-Эрдэнэ: Монголчууд өдөрт дор хаяж нэг хүн сонгож авч дайралт хийдэг гэхэд хилсдэхгүй болчихлоо DNN.mn

-ДАЙРУУЛЖ БАЙГАА ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ДАЙРЧ БАЙГАА ТАЛ НЬ ӨӨРӨӨ ЭМГЭГ АСУУДАЛТАЙ БАЙДАГ. ЯМАР НЭГЭН ХҮНИЙГ ХЭРЭГЛЭЖ БАЙЖ ТЭР ӨДӨР ӨНГӨРДӨГ-


Жиргээчин Болушка буюу Б.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.


-Сошиал орчинд хүмүүс нэгнийгээ адладаг, үзэн яддаг, ялладаг боллоо. Сошиолд хүмүүс нэгнээ хүндлэхээ болиод байна уу?

-Орчин үед сошиалд англиар social bully, Targeted harassment, hate speech гэх мэтээр ухагдахуунууд , нэр томъёонууд нь үүсээд, технологи болон хууль эрх зүйн байдлаар яаж зохицуулах вэ гэдэг асуудал дэлхий дахинд сүүлийн 20-иод жилийн нүүрийг үзэж байна. Энэ нь ганц Монгол биш дэлхий дахинд үүссэн шинэ асуудал. Оюун ухаант хүн төрөлхтөн дуу хоолойгоо илэрхийлэх боломжтой асар хүчтэй энэ багажийг хэрэглэж байгаа нь хүний түүхэнд өөрөө шинэ үзэгдэл юм. Энэ бол инноваци, хөгжил дэвшил, ардчилал, боломж мөн. Гэхдээ түүхэнд шинэчлэл, хөгжлүүд заавал араасаа асуудал дагуулдаг. Асуудал нь өөрийнхөө араас шийдлээ дагуулдаг. Тэгэхээр жамаараа л явж байгаа зүйл.

-Монголын нөхцөлд хууль эрх зүйн орчин нь дутмаг. Манай нөхцөлд шийдлүүд нь юу байж болох вэ?

-Бид процессийг цаг хугацааны хувьд ойлгоод шинэ боломж бий боллоо, шинэ асуудал бий боллоо гэж хүлээж авах хэрэгтэй. Үүнийг харин яах вэ гэдэг дээр өдөр тутам хэлэлцэж байдаг. Эхлээд асуудал ямар түвшинд байгааг би хоёр өнцгөөс базаад хэлье. Нэгдүгээрт, сошиал медиа хөгжсөн сүүлийн арваад жил дэлхийн улс төр өөрөө маш экстрим болсон.

Нийгмийн хуваагдал буюу Фүкүяама судлаачийн томъёолсноор ideant tipolitics буюу нэг нэгнийхээ мэдээлэл дээр чи хэн бэ, чи эмэгтэй юу, чи бэлгийн цөөнх үү, чи ази уу, мексик үү. Энэ бүх өөр өөрийнхөө шинж чанар, оршихуйн ялгаан дээр маш их хуваагдал үүсдэг. Асар экстрим шинжтэй намууд бий болсон. Сонгуульд ялдаг болсон. Ингээд нийгмийн хуваагдал нэлээд гүнзгийрэх чиглэлдээ болж ирсэн. Үүнд ганцхан сошиал медиа нөлөөлөөгүй ч гэсэн сошиал медиаг хүн өөрийгөө батлах гэж хэрэглээд байгаа.

-Өөрийгөө батлах гэж хэрэглэнэ гэдэг нь яана гэсэн үг вэ?

-Зөвхөн өөрийн санал нийлэх хүнээ дагадаг. Санал нийлдэг хүнтэйгээ найз болдог. За ингээд нэг мянга ч юмуу, таван мянга ч юмуу, өөртэйгөө адилхан үзэл бодолтой хүмүүсийн хүрээнд өдөр тутам байгаад байхаар тэр нь нэлээд төөрөгдөлтэй, хатуу, догматик шинж чанартай болж ирдэг. Гэтэл хажууд нь өөр үзэл бодолтой зэрэгцээ хүмүүс байгаа шүү дээ.

Тэднийгээ хүлээж авч чадахаа больдог. Ингээд хоорондоо улам бүр таарахаа больдог. Үүнийг devision гэж байгаа юм. Ангал тийм үү. Үүнээс болоод нийгэм хоорондын ойлголцол, харилцан яриа, диалоги зэрэг нь хүлээцгүй, доромжлол гүтгэлэг, дайралтад өртдөг. Сүүл рүүгээ улс гүрнүүд нэг нэгнийхээ дотоод бодлого руу сошиал медиа хэрэглэж оролцох, сонгуульд нь хүртэл нөлөөлөх глобал түвшинд хүрсэн. Хувь хүний түвшинд асуудал маш их. Тэр нь манай Монгол шиг нэг хүнд ногдох ДНБ нь 4000 ам.доллар орчимтой нийгэм болоод ирэхээр, хүний нэр төр, сэтгэл санааны сайн сайхан байдал зэрэг, нэн ялангуяа гарт баригдахгүй, барих биегүй, биет бус хүний капитал зүйлс рүү харилцан халдлага хийх, маш их дайрах, түүнийгээ улс төрийн зорилгоор ашиглах байдалтай болж ирсэн. Өнөөдөр ч бас тийм байгаа. Монголын хувьд дэлхийн бусад орноос өөрийн гэсэн онцлогууд бий. Сая би нэгийг нь дурдлаа. Хоёрдугаарт, манайх ардчилсан орон гэдэг. Гэвч ардчилал гэдгээ өөрсдөө бүрэн дүүрэн ойлгоогүй тал бий. Үүнд олон соёлын онцлогууд нөлөөлж байгаа.

-Тэгвэл одоо яах ёстой вэ гэдэг асуудал урган гарч байна л даа?

-Аливаа асуудал илэрсэн хойно шийтгэлээр ч юмуу, хуулиар ч юмуу, эсвэл санкцаар шийдэж болно. Гэхдээ дийлэхгүй гэж би боддог. Жишээ нь, ус цооногоос оргилж байна гэж бодъё л доо. Түүнийг гараараа дараад, янз бүрийн зүйлээр тогтоох гэж таглаад таглаад, доороос нь оргилсоор л байгаа. Тэгэхээр зэрэг энэ нь урт хугацаандаа хүний оюун санаа, төлөвшил, боловсрол мэдлэгийн асуудал болно. Ганц сошиал медиа ч биш.

Манай нийгмийн маш олон асуудал бий. Өөрсдийн боловсрол, оюун ухаанаа хөгжүүлэх, асуудал ундраад оргилоод байгаа тэр зүйлд л зориулж, өөрчилж сайжруулж явахгүй бол дээрээс нь мянга таг тавьж таглаад шийдэж чадахгүй. Дунд болон богино хугацаанд бид гэмт хэргийг тодорхой хэмжээнд зохицуулж болдог. Бид хүний амь биед халдаж болохгүй, эд зүйлсийг нь хулгайлж болдоггүй. Хүний нийгэмд ёс зүй, хууль эрх зүйн хүрээнд ч энэ асуудал байж болохгүй. Эдгээр асуудлыг бид хүмүүс хоорондын гэрээ маягтай хуулиар зохицуулдаг. Тэгэхээр үүнтэй адил хүний нэр төр, алдар хүндэд хэн ч халдаж болохгүй. Би дээр хэлсэн. Боломж нь асуудлаа дагуулна. Асуудал нь шийдлээ дагуулна. Шийдлүүд нэмэгдэж байна.

-Ямар шийдлүүд байна вэ?

-Технологи хөгжүүлэгчид фэйсбүүк, твиттер зэрэг олон хэрэглэгчтэй компаниуд хүмүүсийн өөрсдийн шаардлагаар шинэчлэлүүд хийж байна. Твиттер ялангуяа тролл, бот хаягуудад нэлээд хатуу бодлогууд авч хэрэгжүүлэх шинжтэй болж байна. Хүн өөрөө мөнгөө төлж өөрийнхөө хаягийг баталгаажуулдаг болсон. Технологи талаасаа энэ шийдлүүд их чухал. Яагаад гэвэл бид өнөөдөр өөрсдөө ойлгохгүй хэмжээнд алгоритмийн нөлөөнд амьдарч байгаа. Нэг газар алгоримт нэг инженер бичдэг. Ганцаараа бичихгүй л дээ. Багаар хөгжүүлж байгаа. Тэр алгоримт юу шийдэж байдаг вэ гэхээр чамайг юу уншихыг, чиний авсан мэдээллийг шийдэж байдаг. Жишээ нь, Фэйсбүүк компани олон нийтэд шүүмжлүүлсэн. Маш их гүйлгээтэй хуурамч, сөрөг мэдээллүүд оруулдаг гэж. Хүний тархинд хөгжлийнхөө түвшинд аюулаас зугтаах хэрэгцээ байсан учраас бид сөрөг мэдээллийг маш хурдан авдаг. Хүн гал гарч байна гэхэд маш хурдан мэдээллийг тархиндаа авч зугтаж гарахаа боддог. Үүн шиг сошиал мэдиад сөрөг мэдээллүүд хурдан тархах шинжтэй байдаг. Тийм мэдээллүүд тархаад байхаар сошиал медиагийн компанид тусна.

Яагаад гэхээр олон хүн байгаа газар маркетинг буюу сурталчилгаа хийж болно. Тэгэхээр фэйсбүүк юу гэж шүүмжлүүлсэн бэ гэхээр өөрсдийнхөө ашиг орлогын төлөө фэйк ньюс, сөрөг мэдээлэл, дайралт зэргийг өөгшүүлж байна гэдэг асуудалд орсон. Ингэсээр байгаад сошиал медиа компаниуд өөрсдөө дотроо гол бодлогыг шинэчилж эхэлж байна. Дараагийн шийдэл нь хууль. Энэ нь нийгмийн шинжлэх ухаан талдаа илүү зохицуулалт л даа. Хууль бол гарцаагүй байх ёстой. Бид анхнаасаа аливаа нийгмийнхээ харилцааг хуульгүй зохицуулж чадах байсан бол төгс төгөлдөр оюун ухаантай, ёс зүйн хувьд өндөр хөгжсөн төрөл байна. Ийм төрлийнхнийг анархи гэдэг. Монголд үүнийг буруу ойлгодог. Анархиги хаос гэх эмх замбараагүй байдалтай дүйцүүлж ойлгоод байдаг. Тэр бол каос буюу өөр хэлбэр. Анархи гэдэг нь төр хэрэггүй, зохицуулалт хэрэггүй. Хууль хэрэггүй өндөр түвшинд хөгжсөн нийгмийн бодьгалыг хэлж байгаа юм.

Бид тийм биш. Зам дээр цагдаа зохицуулж л байхгүй бол мөргөлддөг. Гарч ирээд зодолддог. Нэг нэгнээ шанааддаг. Бидний төлөвшил хөгжлийн хувьд өнөөдөртөө бидэнд төр хэрэгтэй. Зохицуулалт хэрэгтэй. Хууль хэрэгтэй. Ийм болохоор л өнөөдөр бид Засгийн газрыг тэжээж байгаа шүү дээ. Өөрсдийнхөө дундаас хэдэн хүн сонгоод, төсөв өгөөд, татвар төлөөд, зохицуулалт хий гэж байгаа юм. Энэ ерөнхий дүрэм зарчим нийгмийн бүх асуудалд үйлчилнэ.

-Сошиал медиа дахь хүний эрхийн зохицуулалтыг хэрхэн хангах вэ?

-Хүний эрхийн ойлголт бол ёс зүйн явцуу ойлголт. Хүний эрхээс өргөн агуулгын хүний эрхэм чанар тийм үү. Бүр өргөн агуулгын хүймонизмийн буюу хүмүүнлэгийн асуудал. Ёс зүйн асуудлууд байна. Үүнийг бид хоорондоо хараахан зохицох чадвартай болоогүй байгаа энэ түвшинд хуулийн зохицуулалт хийх гарцаагүй шаардлагатай.

-Нөгөө талаасаа сошиал орчин нэг хүнийг бай болгож харааж зүхдэг, шүүмжилдэг, шүүдэг орчин болчихлоо шүү дээ…

-Тэр бол Targeted harassmentонилсон дайралт. Тэгээд цахимаар буллидэх, гадуурхах үзэгдэл. Монголчууд өдөрт дор хаяж нэг хүн сонгож авч дайралт хийдэг гэхэд хилсдэхгүй болчихлоо. Үүнийг бид эхлээд анализ хийж ойлгох хэрэгтэй. Яагаад ингэж байна вэ гэдгийг нь. Энэ нь өөрөө сошиал эконимик буюу нийгэм эдийн засаг талаасаа учир шалтгаанууд байна. Соёлын шалтгаан байна. Дайруулж байгаа гэхээсээ илүү дайрч байгаа тал нь өөрөө эмгэг асуудалтай байдаг. Өөрсдөд нь өвчин байна шүү дээ. Өөрсдөд нь ямар нэгэн золиос, ямар нэгэн хүнийг хэрэглэж байж тэр өдөр өнгөрдөг. Өөрийнх нь ажил бүтдэг юмуу. Тиймэрхүү асуудал нийгэм талдаа байгаад байна. Жишээ нь, бид хүмүүсийн боломжийг өгөхгүй байж мэднэ. Хүмүүс боломж нэхээд бухимдаж байгаа ч юмуу. Монгол хүн юунд бухимдаж байна. Яагаад хажуугийнхаа нэг монгол хүнийг шонд өлгөхгүй бол сэтгэл амар тайван амьдарч чадахгүй байна вэ. Үүнийг ойлгох хэрэгтэй. Ялангуяа бодлого тодорхойлж байгаа тэдгээр хүмүүс. Би хувьдаа ингэж боддог.

Би өөрөө Targeted harassment -д их өртдөг. Ерөнхийдөө дайрч байгаа дайруулж байгаа хоёр тал хоёулаа хохирдог. Яагаад гэхээр тэр хүний өөрийнх нь асуудал маш гүн гүнзгий. Өөрийнх нь асуудал шийдэгдэхгүй болохоор бусад руу дайрч аргацаадаг. Түүнээсээ болж өөрөө өөрийгөө төөрөгдөлд оруулж амьдардаг. Тэгээд суугаад байхаар нөгөө асуудал нь улам хүндрээд л байна. Ер нь маш асуудалтай, ямар ч аз жаргалгүй хүн л тийм зүйл хийж сууна шүү дээ. Юм хийж байгаа завгүй, ухаан санаа нь бүтээх хөдөлмөрлөх бодлоор дүүрэн хүнд тийм зүйл хийж явах зай байхгүй. Иймэрхүү нийгмийн нөхцөл байдалд ялагч гэж байхгүй.

-Эцэст нь асуухад, сошиал орчны боловсролыг яаж олж авах вэ?

-Боловсролыг хүн яаж олж авдаг билээ, ухамсрыг яаж өөрчилдөг юм яг л тэр замаараа л явна. Бид хамгийн гол нь мэдлэгээ нэмэх хэрэгтэй байна. Энэ тухай маш сайн харилцан яриа явах хэрэгтэй. Диалогууд, хэлэлцүүлгүүд гэх мэт. Монголд соёл урлаг, хэвлэл мэдээлэл зэрэг хүмүүст хүрдэг сувгууд бий. Түүгээр дамжуулаад л боловсруулах хэрэгтэй. Юмыг гэнэт хүчээр өнөөдөр шийднэ гэхээсээ илүү яаж хүний ухамсартай явах вэ гэдэг тэр л жамаараа явна. Өөр онцгой гойд шийдэл байхгүй.

Categories
мэдээ нийгэм

УБЦТС: Өнөөдөр засвар хийгдэх хуваарь DNN.mn

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 13-ны пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.

Жич: Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг хөнцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье.

Тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ.

Categories
мэдээ нийгэм

Б.Өсөхбаяр: Цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн залилан мэхлэх гэмт хэргийг урьдаас төлөвлөж, урьдчилан бэлтгэсэн данс, мөнгө хүлээн авах аргыг ашигладаг DNN.mn

Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Нийслэлийн урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяртай ярилцлаа.


-Цахим орчинд үйлдэгддэг гэмт хэргийн статистик мэдээллийг эхлээд өгөөч?

-Нийгмийн хөгжлийг даган иргэдийн цахим хэрэглээ эрс нэмэгдэж,төлбөр тооцооны систем хялбар болж, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран өөрийн данс, мөнгө хөрөнгийг удирдах боломжтой болсон. Энэ нь дэвшил боловч, нөгөө талаар цахимаар залилах гэмт хэрэг үйлдэгч нарт боломж олгож, эрсдэлийг нэмэгдүүлж байна. Цагдаагийн байгууллагад 2021 онд нийт 7956 залилах гэмт хэрэг бүртгэгдсэнээс цахим орчинд 3391 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. 2022 онд цахим орчинд залилах гэмт хэрэг 9066 бүртгэгдсэн бол зөвхөн энэ оны эхний гурван сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэг 3641 бүртгэгдээд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 23.8 хувиар буюу 593 хэргээр өссөн үзүүлэлттэй байна. Нийт залилах хэргийнхээ 60 орчим хувь байсан бол одоо 80 хувьд хүрээд байна.

-Голдуу ямар хүмүүс энэ гэмт хэргийн хохирогч болж байна вэ?

-Цагдаагийн байгууллагаас залилах гэмт хэрэгт хохирсон иргэдийг судалж үзэхэд санхүү, цахим хэрэглээний мэдлэг сул, гэнэн, итгэмтгий байдлаас болж, гэмт этгээдэд мөнгө шилжүүлж, хохирсон байдаг. Ихэвчлэн 35-аас дээш насны иргэд байна.

-Залилах гэмт хэрэг ямар үед ихэвчлэн гардаг вэ?

-Гэмт этгээдүүд ихэвчлэн нийгэм, цаг үеийн шинжтэй үйлдлийн аргыг ихээр ашиглаж байна. Тухайлбал, намар хичээл эхэлж, орон нутгийн оюутан, сурагчид Улаанбаатар хотод ирэх үед байр түрээслэх зар, шинэ жил, баяр, наадмын үеэр хямд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх. Мөн иргэдийн анхаарал, сонирхлыг татах бага хүүтэй зээл олгох, бараа үйлчилгээ худалдан борлуулах, виз гарган өгөх, өндөр ашигтай бизнест зуучлах, гадаад улсын нэр хүндтэй сургуульд тэтгэлэгт хамруулж, суралцуулах, хөрөнгө оруулалт хийлгэх тухай хуурамч зар, мэдээллээр залилж байна.

-Цахим орчинд залилах гэмт хэрэг жил бүр өсөөд байгаа юм байна. Ямар аргыг түлхүү ашигладаг юм бол?

-Гол арга нь хохирогчийн гар утасны дугаарт фэйсбүүкийн нэг удаагийн нэвтрэх код авах хүсэлтийг илгээн хуурч мэхлэж аваад түүний өмнөөс фэйсбүүкийн найз, танил хүмүүст мөнгө гуйх, зээлэх зурвасуудыг илгээдэг. Ингээд мөнгө шилжүүлэн авч залилах тохиолдол их байна. Иргэн таны утсанд ирсэн мессэж, таны гэрийн түлхүүртэй адил нууц, хэнд ч дамжуулан өгч болохгүй зүйл юм. Цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн залилан мэхлэх гэмт хэргийг урьдаас төлөвлөж, урьдчилан бэлтгэсэн данс, мөнгө хүлээн авах аргыг ашигладаг бөгөөд хохирогчийн эмзэг байдлыг ашиглах, ашиг, үр өгөөж ихтэй боломжийн санал тавих болон найз нөхөд, танил хүмүүсийн дүрд хувирч хууран мэхэлдэг. Гэмт этгээдүүд дараагийн бай бол олон нийтэд нэр алдартай хүмүүс болон төрийн байгууллагын дүр эсгэх, тэдгээрийн нэр, зураг логог ашиглах. Мөн орон нутгийн иргэдийг хуурч мэхлэх үйлдлүүд гарч болзошгүй байна.

-Тэгвэл энэ төрлийн хэргээс хэрхэн сэргийлэх вэ?

-Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал алхам бол бусдад мөнгө шилжүүлэхдээ анхаарал болгоомжтой байж, мөнгө, хөрөнгө, хувийн мэдээлэл, данс, картыг бусдад шилжүүлэхээс сэрэмжил. Иргэн та өөрийн хувийн мэдээллийг хамгаалах, бусадтай хуваалцахгүй байх, цахим орчинд худалдаа үйлчилгээ эрхлэх, санхүүгийн харилцаанд орохдоо үнэн бодитой байдлыг нягталж байх явдал юм.

-Та тодорхой кейс жишээ татан ярьж болох уу?

-Хоёр жишээ өгүүлье. Иргэн Т нь Улаанбаатар хотод их сургуульд сурдаг, түрээсийн байрны төлбөр төлөх, найзуудтайгаа цуг уулзаж наргиж цэнгэх зорилгоор амар хялбар аргаар мөнгөтэй болохын тулд өөрийн гар утсаараа бусдын фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг утасны дугаар зохиож 2019 оны есдүгээр сарын 5-ны өдөр 9910**** гэх утасны дугаарыг нэвтрэх нэр, нууц үгийг хоёуланд нь бичихэд иргэн Д-гийн фэйсбүүк хаягт тохирсон учир түүний өмнөх харилцсан чатуудаас харж, түүний найзын фэйсбүүк хаяг руу “Дүү маань осолд орчихсон байна, яаралтай мөнгө хэрэгтэй болоод байна. Хөдөө сүлжээ тасраад байгаа учраас мөнгө шилжүүлэхэд хэцүү байна, сумын төв рүү ороод мөнгийг чинь буцаагаад шилжүүлье” гэж чат бичихэд найз нь шөнийн 02:00 цаг болж байсан учир түүний утас руу залгалгүйгээр гэртээ байхдаа түүний хэлсэн 1,000,000 төгрөгийг шилжүүлж хохирсон. Мөн халамжийн байдлаар сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг их үйлдэгддэг болсон. Жишээ нь, иргэн Э нь нийгмийн даатгалын хэлтсээс 2021 оны есдүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн хооронд 121 иргэнтэй итгэмжлэл хийлгэж, тухайн иргэдийн өмнөөс Иргэний хэргийн шүүхэд ажилласан жил тогтоолгох, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл тогтоолгох нэхэмжлэл гаргах замаар иргэнээс хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлах, баярын бичиг, сайшаалын үнэмлэх гэх мэт баримтуудыг эх хувиар нь хүлээн авч шүүхэд нотлох баримтуудыг гарган өгч шийдвэр гаргуулдаг.

Шүүхэд нотлох баримтуудыг гаргаж өгөхдөө итгэмжлүүлсэн иргэдийн өгсөн эх хувиараа байгаа бичиг баримтуудад засвар оруулах, зохиомол гэрчүүдийг бэлтгэн шүүхэд мэдүүлэг өгүүлэх, бичиг баримтуудыг хаяж үрэгдүүлсэн гэж худал мэдүүлэх зэргээр зохиомол байдлыг бий болгож, эсхүл гэрэл зургаар, нэг хүний баримт бичиг, тушаалуудыг /1990 оноос өмнө зарим тушаалууд дээр овог бичигдэлгүй зөвхөн хүний нэр бичигдсэн байдаг байсан/-ыг ашиглаж өөр адил нэртэй хүний ажилласан жилийг шүүхээр тогтоолгож, эх хувиар нь ашигласан баримтуудыг санаатай устгадаг. Иргэн Э нь хуурамч баримт бүрдүүлэх замаар хөдөлмөрийн хүнд хортой нөхцлөөр иргэдийн ажилласан жилийг шүүхээр тогтоолгож нэг иргэнээс 2.500.000 төгрөг хүртэл шан харамж авсаар, гэрчүүдийн мэдүүлгээр 58 иргэнээс нийт 99.500.000 төгрөг авсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон.

Categories
мэдээ улс-төр

Д.Ламжав: Түүхэн сорилтыг нэр төртэй даван туулахыг ман болон бусад намд уриалж байна DNN.mn

Үндсэн хууль судлаач, иргэн Д.Ламжавтай ярилцлаа.


-УИХ-д суудалтай намууд Сонгуулийн тухай хуулийг өргөн барьсан. Та хуулийн төсөлтэй танилцав уу. Ямар дүгнэлттэй байна вэ?

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг холимог тогтолцоонд шилжүүлэх өөрчлөлтийн талаар олон жилийн турш улиг болтол ярилаа. Төсөл санаачлагдсан гэсэн албан ёсны мэдээг телевизээр хэдэнтээ сонссон боловч хуулийн төслийг уншиж амжсангүй. Холимог тогтолцоо өөрөө маш олон хувилбартай. МАН-аас санаачилсан хувилбарт УИХ-д суудалтай бусад нам төдийлөн итгэхгүй байгаа тул тус бүр өөрийн гэсэн холимог тогтолцоог санаачилсан бололтой.

Парламентын сонгуулийн энэхүү холимог тогтолцоонд анхаарвал зохих дараах чухал зүйлс байдаг. Нэгдүгээрт, ганц танхимтай парламентын хэдэн гишүүнийг намын нэрээр сонгох. МАН 38-ыг буюу талыг нь ийнхүү сонгоно гэсэн аж. Энэ 38 гэсэн тоог ихэсгэх эсвэл багасгах талаар өөр санал байж болно. Хоёрдугаарт, намд суудал хуваарилах босго.

МАН энэ босгыг гурван хувь гэж байна. Энэ хувь дээр санал зөрөх боломжтой. Энэ босгыг хэт багаар тогтоовол парламентад хэт олон нам орж ирснээс улбаалан Засгийн газар тогтворгүй болох эрсдэлтэй.

Босгыг хэт өндөр тогтоовол иргэдийн үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх улс төрийн эрхийг хязгаарлан Үндсэн хууль зөрчигдөнө. гуравдугаарт, намын нэрээр сонгогдох нэр дэвшигчдийн ил жагсаалт. дөрөвдүгээрт, сонгогч болон сонгогдогчийн тэгш эрхийг хангах. 1992 оноос хойш эдгээр эрх ямагт зөрчигдсөөр ирсэн. Сонгогчийн өгөх саналын жин аль тойрогт харьяалагддагаас хамааран өөр байсаар ирсэн, сонгогдогчийн тойргийн хүн амын тоо хэт зөрөөтэй байдал мажоритар сонгуульд хамаарах сонгогчийн ч, сонгогдогчийн ч энэхүү тэгш эрх зөрчигддөг. УИХ нэг танхимтай тул пропорцианалаар, мажоритараар сонгогдсон гишүүдийн хооронд ч зохисгүй харьцаа үүсэх эрсдэлтэй. тавдугаарт, мажоритараар сонгогдох нэр дэвшигчид тавих босго. Монголд ийм босго тавьсаар ирсэн гашуун туршлага бий. Энэ нь сайнаасаа илүү, сонгуулийг улам төвөгтэй болгодог муу талтай. зургадугаарт, сонгуулийг хүчинтэйд тооцох ирц. Монголд сонгогчдын тавиас дээш хувь нь саналаа өгснөөр сонгууль хүчин төгөлдөр болдог Үндсэн хуулийн шаардлагатай. Энэхүү ирцийн хатуу шаардлага сонгуулийг төвөгтэй болгож буй баримтууд ажиглагдаж байна. Энэ нь “сонгогч” хэмээх ойлголтыг дарангуйллын үеийнхтэй адил ойлгон хэрэглэж ирсэнтэй холбоотой. Сонгогчийн нэрсийн жагсаалтад бичигдсэн иргэн саналаа ойлгомжтой өгсөн тохиолдолд тухайн сонгуулийн сонгогч болох ёстой. долдугаарт, гэрээр очиж санал авах. Сонгуулийг төвөгтэй болгож буй манайд өргөн хэрэглэсээр байгаа энэ аргыг даруй халбал зохино. наймдугаарт, сонгуулийн ажилд дайчлагдсан төрийн албан хаагчид саналаа өгөх эрхийг хангах ёстой. Энэ эрхийг хаан боогдуулдаг баримт амьдрал дээр гарсаар байна. есдүгээрт, хүйст квот тавих эсэх. Эр, эм аливаа хүйсийн нэр дэвшигчдийн дотор эзлэх хэмжээ 33 хувь гэж МАН зарлалаа. Энэ тоон дээр мэдээж бас санал зөрж болно.

-УИХ-ын гишүүдийн 50 хувь жагсаалтаар орох зохицуулалтыг та хэрхэн дүгнэж байна. Арай их биш үү?

-Өөрийн фэйсбүүкт “УИХ-ын сонгуулийн холимог тогтолцооны нэгэн хувилбар”-ыг нийтлэв. Энэ бол 13 жилийн өмнө 2010 онд бичсэн нийтлэл. Тэр үед энэ тухай хоёр төсөл санаачлагдсан байж. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтээр Фридрех Эбертийн сангийн шугамаар хоёр герман 2008 онд ирж, Монголын улс төр, УИХ-ын сонгуулийн хууль тогтоомжтой танилцан судалсны үндсэн дээр өөрсдийн саналыг 2009 оны эхээр дахин ирж УИХ-ын сонгуулийн холимог тогтолцооны талаар санал дүгнэлтээ танилцуулсан. Энэхүү судалгаа, санал дүгнэлт нээлттэй бөгөөд амаар болон бичгээр танилцуулагдсан юм. Эдгээр баримт бичиг хадгалагдан үлдсэн байх ёстой. Германы талыг уг сонгуулийн тогтолцооны шинжээч профессор Ноолэн ахалж байсан. Би профессор Ноолэнгийн саналыг хуулийн хэлэн дээр, суудлыг хэрхэн хуваарилах математик тооцоог нарийвчлан бичсэн юм. Фэйсбүүкт тавигдсан хувилбарт 76 гишүүний 50-ийг нь пропорционалаар сонгоно гэж. Иймээс миний бодлоор 38 нь багадсан байна. 1990 оны анхны ардчилсан сонгуультай холбогдох нэгэн дурсамжийг гэрчийн хувиар өгүүлье. Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль ёсоор Улсын Бага Хурал (УБХ)-ын 50 гишүүнийг пропорционалаар сонгосон. Б.Чимид надад намын нэрээр авсан саналыг үндэслэн суудал хуваарилах даалгавар өгөв. Тэр үед намын ил жагсаалт, суудал хуваарилах босго байсангүй. Эхний бодолтоор МАХН-д 30, МоАН-д 12, МҮДН-д 3, МСДН-д 3 суудал оногдоод 2 суудал сондгойрсон. Үлдэгдэл хоёр суудлыг хэрхэн хуваарилах талаар толгой гашилгаж суутал Б.Чимэд хамгийн олон суудалтай хоёрт нь нэг нэгээр нь өг хэмээн зарлигдсанаар МАХН 31, МоАН 13 суудалтай болж билээ. Сонгуулийн дүн гарсаны дараа МСДН-ын бага хурал болж, хурлаас Засгийн газарт орохгүй, УБХ-ын 3 суудалд Ламжав, Хатанбаатар, Ч.Лхагважав нарыг санал болгох гэсэн хоёр гол шийдвэр гаргав. Намын дарга Баабар “би гаднаас нь байлдана” гээд УБХ-д нэр дэвшихээс татгалзсан. Ардын Их Хурал (АИХ)-ын анхдугаар чуулганы өмнө Баабар “Лхагважав ҮГ сонины эрхлэгчээ хийг. УБХ-д хэрүүлч хүн хэрэгтэй. Улаанхүүг нэр дэвшүүлье” хэмээн надад хэлсэн юм.

-Энэ хуулиар сонгуулийн зардлыг яаж зохицуулбал өнөөх яригдаад байдаг луйврын сонгууль, мөнгөний сонгууль гээчийг таслан зогсоох бол?

-Сонгуулийг төрийн албан хаагч нар эрхлэн явуулах, сурталчилгааны материалыг нэгэн адил үнэ, хэмжээ, стандарттай болгон улсын төсвөөс санхүүжүүлэх, хандивын хэмжээнд зохих хязгаарлалт тавих, санал худалдан авах зорилготой бэлгэ сэлт урьдчилан тараахыг хориглох зэрэг аргуудыг зохистой хуульчлах замаар мөнгөний нөлөөг мэдэгдэхүйц багасгах боломжтой.

-Энэ хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх эсэхэд та ямар бодолтой байна вэ?

-1990-ээд оныг эргэн санахад АИХ-ын депутатууд, УБХ-ын гишүүд бид нийгмийн амьдралын зүй тогтолын талаар дэлхий ертөнцөөс ямар их хоцрогдсон, ардчилсан үндсэн хуулийн талаар ямар гэнэн ойлголттой байсны эд мөрийн баримт баталгаа нь 1992 оны маань МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ. Тэр цагийг одоотой харьцуулбал монголчууд бид их мэдлэгтэй, маш хэрсүү болж. Монголчууд бид хэзээ ч одоогийнх шиг тансаг амьдарч байгаагүй байж мэднэ. Гэвч төрийн зарим албан хаагчид ард түмний итгэлийг хөсөрдүүлэн элдэв хулгайд байнга холбогдох болсон нь ерээд оны нөхцөл байдалтай төстэй байна. Ард түмний тэвчээр хязгаартайг мартаж болохгүй. Бүх зам Ром хүргэнэ гэдэг эртний үг шиг үүний гол шалтгаан нь Үндсэн хууль. 1992 оны Үндсэн хууль маань парламентын бүгд найрамдах улсын үндсэн хуулийн шаардлагыг хангаагүй, онолын алдаа гаргажээ. Төрийн бүх өндөрлөг оролцсон 2022 оны ичигвэртэй хуйвалдаан Үндсэн хуульд оруулсан 2019 оны өөрчлөлт ч арга зүйн хувьд алдаатай болохыг нотлон харуулж байна. Үндсэн хуулийн энэ алдааг шинэчлэн найруулах аргаар л засах боломжтой.

-Та ямар учраас Үндсэн хуульд оруулсан 2019 оны өөрчлөлтийг арга зүйн хувьд алдаатай гэж үзэж байна?

-Нийгмийн олон салбарт Математикийн шинжлэх уханы нэгэн салбар- Магадлалын онолын их тооны хуулийг ашигладаг. Үүнийг бага сургуулийн сурагч ч ойлгохоор хялбарчлан хар үгээр тайлбарлахыг хичээе. Хөвсгөл нуурын загасыг тоолох шаарлага гарлаа гэж үзье. Нуур маш том, загас нь маш олон тул шууд тоолох боломж байхгүй. Гэвч ойролцоогоор тоолж болно. Эхлээд нуураас хангалттай олон загсыг барьж нэг бүрчлэн тэмдэглээд буцааж тавина. Загас сайн тарсны дараа дахин хангалттай олон загасыг барьж, дахин баригдсан тэмдэгтэй загасыг тоолно. Эхний барилтаар А ширхэг загас, хоёрдохоор В ширхэг-загас баригдсан, сүүлчийн барилт доторх тэмдэгтэй загасны тоог С гэж, нуурын нийт загасны тоог Х гэж тэмдэглэе. Пропорцын хууль ёсоор Х дотор эзлэх А-гийн В дотор эзлэх С-гийн хувь тэнцүү тул (А:Х)%=(С:В)%. Иймээс А:Х=С:В, Х=(АВ):С. Энд Х-ийг ойролцоогоор олж байгаа бөгөөд алдааны хязгаарыг ч заадаг. Тодорхой тооны өвчний тархалт монголын хүн амд ямар байгааг толгой дараалан шалгах нь боломжгүй тул энэ аргыг бас хэрэглэж болно. Манай Үндэсний статистикийн хороо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн санамсаргүй түүвэр хийж чаддаг. Сонгосон түүвэр дээрээ орчин үеийн аппаратаар баталгаатай оншилгоо хийх бүрэн боломжтой. Э.Бат-Үүл нийслэлийн засаг дарга байх үед Улаанбаатарт метро барих талаар Зөвлөлдөх санал асуулга явуулсан удаатай. Зардлаа нөхөх боломжгүй гэсэн Японы экспертийн тооцоо аварсан гэдэг. Нарийн ээдрээтэй Үндсэн хуулийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулах, санал асуулгын зөвлөмжид хөтлөгдөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь аргачиллын том алдаанд хүргэх эрсдэлтэй. Хуульзүйн Байнгын хороон дарга Энхбаяр хэдэн хүн оролцсон нэгэн ярилцлага дээр телевизээр “би Зөвлөлдөх санал асуулгад тангараг өргөөгүй” хэмээн ийм аргаар өөрчлөлт оруулахын эсрэг байна гэж хэлсэн. Энэ бодууштай үг. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг зөвлөлдөх санал асуулгаар шийдэж болно гэсэн энэхүү осолтой байр сууриа УИХ-ын гишүүд болон нийгэмд тулган шаардахаа зогсоохыг УИХ-ын дарга Г.Занданшатараас шаардаж байна.

-Ойрд улс төр их бужигнаатай байна. УИХ-ын хоёр ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүллээ. Намынхаа “том ахыг” гаднаас бариад ирлээ. Улс төрд өрнөж байгаа сүүлийн үеийн үйл явдлуудыг та хэрхэн дүгнэж байна?

-Асуултад ирээдүйгээ бодолцон өөр өнцгөөс эерэг хариулъя. Ерөнхий сайд гэм бурууг тогтоох нь шүүхийн шийдэх асуудал. Шүүх прокурорт хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй гэж мэдэгдсээр байгаа. Иймээс тулгарсан бэрхшээл бол асуудлыг шийдэх боломж, юу ч хийхгүй байх нь бэрхшээлийн өмнө бууж өгсөнтэй адил алдаа гэдгийг санан сэдсэн ажлаа тууштай хэрэгжүүлэхийг Ерөнхий сайдаас хүсэж байна. УИХ-д үнэмлэхүй олон суудал авсан, харьцангуй туршлагатай намын даргын хувьд Үндсэн хуулиа шинэчлэн найруулах энэ ажлаа манлайлах алтан боломж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Танд байна. Тулгарсан сорилтыг хүчээ нэгтгэн нэр төртэй даван туулахыг МАН болон бусад намд уриалж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дундговийн өмнөд хэсгээр зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна DNN.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ :

Маргааш өдөр Өмнөговийн нутаг, Дундговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Өнөө шөнө Завханы зүүн хэсэг, Архангайн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр, маргааш өдөр Төв, Говь-Сүмбэр аймгийн нутаг, Дундговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

13-нд нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2023 оны 04 дүгээр сарын 14-нөөс 04 дүгээр сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

14-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд Алтайн уулархаг нутгаар, 15, 16,17-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 15-наас ихэнх нутгаар дулаарч,Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2…-3 градус хүйтэн, өдөртөө +15…+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус дулаан байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

Гавьяат тамирчин П.Орхон мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Казахстаны Астана хотод чөлөөт бөх, сонгомол барилдааны Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж болж байна.

Өчигдөр эмэгтэй 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн аваргууд тодорлоо.

Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон зодоглов. Эхний өрсөлдөгч Энэтхэгийн Сонам Сонамын далаар нь цэвэр ялж, эхний ялалтаа авсан. Хагас шигшээд Хятадын Xiaojuan LUO-тэй барилдаж, 7:3 оноогоор мөн ялав.

Алтан медалийн төлөө Киргизийн Айсулуу Тыныбековатай барилдаж, 5:9 ялагдлаа. Ийнхүү мөнгөн медаль хүртсэн юм.

Тэмцээн маргааш өндөрлөнө.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батсуурь, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэх мэдээллийг тэд үгүйсгэв DNN.mn

Улсын Ерөнхий прокуророос нүүрсний хэрэг болон бусад асуудлаар холбогдуулан зарим гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн барина гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж байна. Хаврын чуулганы эхэнд УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Харин одоо дахиад зарим гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал яригдаж байгаа эсэхээр холбогдох хүмүүсээс нь тодрууллаа. Өмнө нь УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэрийг прокуророос оруулж ирсэн ч УИХ-ын чуулганаар түүнийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Харин одоо цацагдаад буй мэдээлэлтэй холбогдуулан Н.Наранбаатар гишүүн “Хууль хяналтын байгууллагад шаардлагатай мэдээллийг миний зүгээс саадгүй өгч байгаа. Тиймээс дахин бүрэн эрх түдгэлзүүлэх санал прокуророос оруулах гэж байгаа гэх мэдээлэл үндэслэлгүй болов уу. Одоогоор надад мэдэгдсэн зүйл алга. Өөрөөр хэлбэл, энэ талаар би ямар ч мэдээлэлгүй байна” гэсэн тайлбарыг өгсөн юм. Харин УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн хувьд өмнө нь Сүхбаатар аймгийн Засаг даргаар найман жил ажиллаж байсан улстөрч. Тэр утгаараа түүнийг орон нутгийн “Андын илч” уурхайг хууль бусаар булаан авсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр цацагдсан. Энэ талаараа тэрээр “Миний бие Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг “Андын илч” компанийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэд болон байгууллагатай албаны болон амин хувийн ямар нэгэн харилцаагүй болно. Аливаа компанийн ТУЗболон гүйцэтгэх удирдлага томилох, чөлөөлөх асуудал нь хувьцаа эзэмшигчдийнх нь шийдвэр байдаг учир тус компанийн уурхайг “дээрэмдэж” авсан гэх асуудалд ямар ч байдлаар хамааралгүй гэдгийг албан ёсоор, хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэдгээ хэлсэн. Мөн энэ асуудлаар холбогдох хүмүүсийг хуулийн байгууллагаар шалгуулж, нэр төрөө цэвэрлэж авна гэдгээ ч удаа дараа мэдэгдээд буй. Харин түүнийг Ерөнхий прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудалд тэрээр “Миний нэрийг прокуророос оруулж ирнэ гэдэг мэдээлэл худлаа. Ёстой нэг хувийн ч үндэслэл байхгүй. Тиймээс санаа зовох зүйл алга байна” гэх тайлбарыг өглөө.

М.ОРГИЛ