Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр туулай өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр
сарын 15, Санчир гариг. Билгийн
тооллын 25, тооно одтой,
харагчин туулай өдөр. Өдрийн
наран 6:04 цагт мандан, 19:42
цагт жаргана. Тухайн өдөр хонь
жилтнээ аливаа үйлийг хийхэд
эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг
муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай
хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе,
эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ
хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх,
инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах,
угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын
суудалд суух, огторгуйн үүдийг боох, их
хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус
булгийн эх малтах, балгадын суурь тавих,
нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар,
туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар
яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал
зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Цахим шилжилтийн талаар Баянзүрх дүүргийн төрийн албан хаагчдад танилцууллаа DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан. Тэгвэл цахим шилжилтийг эрчимжүүлэх, авлига, хүнд суртлыг арилгах “Шилэн ажиллагаа”-ны хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХХЯ), НЗДТГ хамтран “Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” сэдэвт цуврал уулзалтыг зохион байгуулж байна. Өнөөдрийн уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Монгол Улсын Засгийн газар, ЦХХХЯ, НЗДТГ-аас хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар Баянзүрх дүүргийн холбогдох төрийн албан хаагчид, хороодын хэсгийн ахлагч нартай санал солилцох зорилгоор тус уулзалтыг хийсэн юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн хэмжээнд салбар бүрд хийж буй цахим шилжилтүүдийг танилцуулав. Тэрбээр “Цахим шилжилтийн хүрээнд “Онлайн бизнес төв”, “E-School” систем, хэсгийн ахлагч нарын систем, өрхийн эмнэлгийн цаг захиалах систем, “UB map” газрын зургийн систем зэрэг томоохон төслүүдийг эхлүүлсэн. Эдгээрийн дараа олон төрлийн системүүдийг нэвтрүүлэх хэрэгцээ бий. Бид Улаанбаатарыг дижитал хот болгох томоохон зорилго тавиад ажиллаж байна. Тиймдээ ч ЦХХХ-ны сайд Н.Учралтай хамтраад Улаанбаатар хотыг авлигаас ангид байлгах, зардал чирэгдлийг бууруулах, төрийн хүнд суртлыг багасгах чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нийслэлд төрийн 48 мянган албан хаагч ажилладаг. Эдгээр албан хаагчийнхаа ажлын ачааллыг бууруулах, хялбаршуулах, бүтээмжийг нэмэхээс гадна хүнд суртлыг багасган, бүх үйл ажиллагааг ил тод шилэн болгох хэрэгтэй. Ингэж чадвал төр, иргэн хоорондын гүүрэн харилцаа улам бат болно” хэмээв.

Мөн тэрбээр хөгжлийн үндэс болсон газрын харилцааг нийтэд ил тод, нээлттэй болгохоор ажиллаж байгаагаа онцолсон юм.

Түүнчлэн ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шилэн төр, цахим шилжилт”-ийн хүрээнд хийхээр төлөвлөсөн онцлох ажлуудаа танилцуулав. Мөн “Монгол Улсын Засгийн газар 2022-2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласан. Энэ хүрээнд “5Ш” ажиллагааг хэрэгжүүлж буй. Үүнийг нэг болох “Шилэн” ажиллагааг миний бие ахлан ажиллаж байгаа. “5Ш” ажиллагааны үндэс суурь “Шилэн” байхаас эхэлнэ. Аливаа зүйл ил тод, нээлттэй байх тусмаа сургаар биш, судалгаанд суурилсан, тоо баримттай, статистиктайгаар бодит мэдээлэлд хандаж, шүгэл үлээх боломж нээгддэг” гэдгийг тодотгож байлаа.

Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, үйлчилгээнийх нь хүртээмжийг нэмэх, бизнес эрхлэх орчныг сайжруулж, тусгай зөвшөөрлийг олгох үйл явцыг цахимжуулах чиглэлээр хийж буй “Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо” сэдэвт уулзалтыг цаашид дүүрэг бүрд зохион байгуулах юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

О.Батчимэг: Эр хүн уйлдаггүй юм гэх хандлага даамжирсаар эрчүүдийг амиа хорлоход нь хүргэдэг нэг шалтгаан болж байна DNN.mn


СЭМҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн Эрдэм шинжилгээ сургалт гадаад харилцааны албаны сэтгэцийн эмч О.Батчимэгтэй ярилцлаа.


-Сүүлийн үед нийгэм, хүмүүсийн дунд сэтгэцийн ямар эмгэг түгээмэл байна вэ?

-Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал монголд төдийгүй дэлхий дахинд ч асуудал хэвээр байна. Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор сэтгэцийн эрүүл мэндийн ойлголт, хандлага өөрчлөгдсөн. Нийгэмд сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, нойргүйдэл, архинд донтох эмгэг, бие махбодын зовуурь, шаналгаа зэрэг зургаан төрлийн сэтгэцийн эмгэг ажиглагддаг. Гэтэл цар тахлаас үүдэж сэтгэл түгших болон сэтгэл гутрах эмгэг дэлхий дахинд 27 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа.

-Хүүхэд, насанд хүрэгчдийн хувьд сэтгэцийн ямар асуудал ажиглагдаж байна…?

-Насанд хүрэгчдийн хувьд сэтгэл түгших эмгэг, органик бус нойрны эмгэг, архаг ядаргаа, архинд донтох эмгэгүүд түгээмэл тохиолддог. Сүүлийн үед мансууруулах бодис, архи, тайвшруулах эм, мөрийтэй тоглоомд донтох эмгэгүүд ихээхэн асуудал болсоор байна. Харин хүүхдийн хувьд маш олон төрлийн сэтгэцийн эмгэгүүд бий. Манай СЭМҮТ-ийн “Хүүхэд, өсвөр үеийн клиник”-т хандаж буй иргэдийн дийлэнх нь дэлгэцийн донтолттой хүүхдүүдээ үзүүлэхээр ирдэг. Мөн аутизмын эмгэг байж магадгүй гэх шалтгаанаар ялган оношлуулахаар хандаж байгаа. Үүнээс гадна өсвөр насныхан сэтгэл түгшилт, сэтгэл гутралаар хандах тохиолдол цөөнгүй байна.

-Ахмадуудын хувьд…?

-Манай төв 2013 онд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүдийн талаарх судалгаа хийсэн. Энэхүү судалгаанд 18-64 насны иргэдийг хамруулсан. Ингэхэд дээр дурдсан зургаан эмгэг бүгд илэрсэн. Сүүлийн үед СЭМҮТ-д ахмад настай иргэд нойргүйдэл, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, тархины гэмтэл бэртэл, тэнэгрэх эмгэгийн асуудлаар хандаж байна.

-Эрэгтэйчүүд амиа хорлох нь ихэссэн. Үүнийг юутай холбоотой гэж үзэж байна вэ?

-Үндэсний статистикийн хорооны 2022 оны тоон мэдээллээр монгол хүний дундаж наслалт эмэгтэй 76, эрэгтэй 67 байна. Үүний зөрүү нь 9 жил гарч байгаа юм. Тэгэхээр эрчүүд эмэгтэйчүүдээс 9 жилээр богино насалдаг гэсэн үг. Мөн архины шалтгаант нас баралтын дөрвөн хүн тутмын гурав нь эрэгтэй хүн байдаг. Нэг хүнд ногдох архины хэмжээ эрэгтэй хүнд дунджаар 19.4 литр. Үүнийг эмэгтэйчүүдтэй харьцуулахад гурав дахин их.

-Үүний цаад шалтгааныг нь юу гэж харж байгаа вэ ?

-Эрчүүд эмэгтэйчүүдээс 4 дахин их амиа хорлож нас барж байна. Мансууруулах бодис, мөрийтэй тоглоом болон дэлгэцийн донтолтын дийлэнх хувийг эрчүүд эзэлдэг. Бага насны хүмүүжлийн асуудал энэ амиа хорлолтод нөлөөлж магадгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүүхдийг “Эр хүн уйлдаггүй юм. Эр хүн байж хов зөөлөө. Эр хүн хатуужилтай байх ёстой. Эр хүн айл гэрээ авч явах ёстой” гэсэн багаас нь хатуужилтай өсгөх гэсэн энэ арга нь даамжирсаар цаашлаад эрчүүдийг амиа хорлоход нь хүргэдэг нэг шалтгаан болж байна.

Тодруулбал, эрэгтэй хүүхдүүд стресс бухимдлаа тайлж чаддаггүй, хүнд өөрийн сэтгэлзүйн байдал, өөрт тулгамдсан асуудлаа хэлдэггүй, хэн нэгнээс тусламж хүсдэггүй байх нь улмаар дотогшоо хандсанаар энэ байдалд хүргэж магадгүй гэж үздэг. 

Мөн дэлхийд эрчүүдийн эморол өндөр байгаа. Гэхдээ амиа хорлолтын тоог авч үзвэл эмэгтэйчүүдийнх их байдаг. Нөгөө талаар амиа хорлосон байдлыг авч үзвэл эрчүүд өндөр хувь эзэлдэг. Өөрөөр хэлбэл, эрчүүд амиа хорлох оролдлого хийхдээ шууд амиа хорлох нөхцөлд хүргэхүйц аргыг сонгож байна. Харин эмэгтэйчүүд харьцангуй хөнгөн аргыг хэрэглэдэг гэж үзэж байгаа. Гэхдээ энэ талаарх судалгааг нарийвчлан гаргаагүй байгаа.

-Хаврын улирал яагаад хүний сэтгэцэд нөлөөлдөг вэ?

-Байгаль орчны үзэгдэл, улирал солигдоход хүний сэтгэцэд нөлөөлнө.

-Хүн өдөр тутамдаа сэтгэцээ хэрхэн хамгаалах вэ. Зөвлөгөө өгөхгүй юү?

-Хувь хүн өөрөө болон бусадтай хамтарч өөрийн сэтгэцийн эрүүл мэндээ сайжруулж, дэмжих ёстой. Тогтмол цагт унтах, тайван байх, стресс тайлах аргад суралцах зэрэг нь өөрийн сэтгэцийн эрүүл мэндээ дэмжиж байгаа хэрэг юм. Нийгэм, сэтгэц, бие махбодын хувьд эрүүл байж сэтгэц эрүүл байна гэж үздэг. Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд сэтгэц эрүүл хүнийг нийгэм, байгаль орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадахуйц байдлыг хэлнэ гэж үздэг. Сэтгэцийн хувьд эрүүл байгаа эсэхээ хүн өөрөө тодорхойлж болдог.

Мөн нийгэм сэтгэлзүйн шалтгааны улмаас хүний сэтгэхүй, зан байдал, сэтгэл хөдлөл түр хувирсан байдлыг тулгамдсан асуудал гэдэг. Энэ төрлийн тулгамдсан асуудалтай хүмүүс цөөнгүй байдаг. Сэтгэцийн эмгэгтэй гэдэг нь олон улсын өвчний ангиллаар сэтгэц, зан үйлийн эмгэгт багтсан оношилгооны шалгуураар хэмжигдэж байгаа хүмүүсийг энэ төрлийн эмгэгтэй гэж үзэх боломжтой. Зарим хүмүүс сэтгэлээр унасан үеэ сэтгэцийн эмгэгтэй болчихсон байх вий, эсвэл би эмгэгтэй гэдэг шалтгаанаар ханддаг. Гэтэл энэ нь нийгэм сэтгэлзүйн байдлаар сэтгэл нь түр хямарсан байж болно. Тулгамдсан асуудлыг зөв шийдвэл эрүүл категорид орно. Хэрэв удаан хугацаанд явбал эмгэг болох эрсдэлтэй. Тиймээс энэ төрлийн стресс тайлах аргад суралцах хэрэгтэй. Аль болох өөртөө цаг гаргах, амьсгалын дасгах хийж, иогоор хичээллэх ч арга байдаг.

-Өнөөгийн нийгэмд гар утас хүнийг ихээр донтуулж байна. Танай төвд энэ төрлийн донтолтыг эмчлэх гар утасгүй долоо хоног байдаг гэсэн үү?

-“Хүүхэд, өсвөр үеийнхний клиник”-т энэ төрлийн аргыг хэрэглэдэг. Дэлгэцийн донтолтын асуудалтай байна гэсэн хүүхдүүдийг “Хүүхэд, өсвөр үеийнхний клиник”-т хэвтүүлэхдээ утасгүй оруулдаг. Тэнд ямар нэгэн дэлгэц байдаггүй онцлогтой. Энд хэвтэж байгаа хүүхдүүд сэтгэл заслын эмчилгээ хийлгэхээс гадна, орчиндоо утас, таблетгүйгээр энгийн тоглоом, наадгайгаар тоглож, хөгжмийн сэтгэл заслын эмчилгээнд ч хамрагддаг. Жилдээ 90 орчим хүүхэд үзүүлдэг.

-Архаг ядаргаа сэтгэцэд нөлөөлдөг үү?

-Архаг ядаргаанд ордог шалтгаан хүн бүрд өөр өөр илэрдэг. Ажлын удаан хугацааны стресс, ар гэрийн асуудал, бие махбодын эмгэг байгаагаар архаг ядаргаанд нөлөөлөх хүчин зүйлүүд нь өөр. Энэ нь сэтгэцийн хувьд тулгамдсан асуудал үүсгэдэг. Ой тогтоолт, оюуны чадамж буурна. Бие өвдсөнөөр сэтгэлээр унах, цаашлаад сэтгэл гутралтай хавсрах тохиолдол ч болно. Тиймээс агаар салхинд гарах, дуртай зүйлсээ хийх энгийн аргуудаар архаг ядаргааг бууруулах, түүнээс гарах боломжтой. Заавал эрүүл хүнд нойрны эм болон тайвшруулах эм уух зэргээр эмийн эмчилгээ хийх шаардлагагүй. Харин хавсарсан эмгэг нь удаан хугацаанд үргэлжилсэн тохиолдолд хэвтэн эмчлүүлэх, бусад эмчилгээнд орох шаардлагатай болдог.

Сэтгэц эрүүл бол бие эрүүл. Сэтгэцийн эрүүл мэнд болоод бие махбодын эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд зэрэг нь салшгүй холбоотой. Эдгээрийг тэнцвэртэй байлгах энгийн аргуудаас суралцаарай гэж зөвлөе. Сэтгэцийн талаарх мэдээллээ 1800-2000 утсаар залгаж мэргэжлийн эмчээс лавлаарай.

Categories
гадаад мэдээ

БНАСАУ тив алгасагч баллистик пуужин туршсан гэж мэдэгдэв DNN.mn

Өчигдөр өглөө Умард Солонгосоос хөөргөсөн пуужин шинэ төрлийн хатуу түлшээр ажилладаг тив алгасагч баллистик пуужин байсныг тус улсын төрийн төв хэвлэлүүд өнөөдөр мэдэгдлээ. Энэ мэдэгдэлд шинэ пуужингаа “Хвасон-18” гэж нэрлэж байжээ.

Мөн энэ пуужингийн гэрэл зургийг өнөө өглөөний мэдээлэлд хавсарган нийтэлсэн байна. Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагийн мэдээлэлд, пүрэв гарагийн өглөө “шинэ төрлийн тив алгасагч пуужинг анхлан турших хөөргөлтийг удирдагч Ким Жон Ун өөрөө гардан удирдсан, охины хамт хөөргөх талбайд байсныг дурдсан байна. Мөн энэ туршилт нь хөрш зэргэлдээ орнуудын аюулгүй байдалд “сөрөг нөлөө” учруулаагүй, пуужин шатлалын дагуу задарсан гэж мэдээлжээ.

Тэрчлэн Хвасон-18 пуужин Умард Солонгос улсыг хамгаалж, гаднын түрэмгийллийг няцаан, улс үндэснийх нь аюугүй байдлыг сахиулах болно гэдгийг Умардын цахилгаан мэдээний төв агентлаг мэдээндээ дурдаж, удирдагч Ким мөн “туршилтын хөөргөлтөөр хүрсэн ололтод ихээхэн сэтгэл хангалуун байгаагаа” илэрхийлсэн гэж мэдээлжээ. Хатуу түлшний пуужин нь дэлхийн зэвсэглэлийн шинэ тутам стандартад тооцогддог, шингэн түлшний пуужинтай харьцуулахад, зэвсгийн системээр илрүүлж, амдан сөнөөхөд амаргүй, бас түлшээ дотроо агуулдаг учраас хөөргөлтийн өмнө түлш цэнэглэх зэрэгт цаг ордоггүй давуу талуудтай.

АНУ-ын тив алгасагч гол үндсэн баллистик пуужин Майнутмэн-3 гэхэд хатуу түлшний гурван шатлалт пуужингийн хөдөлгүүртэй байна. АНУ-ын цөмийн зэвсэг дэлгэрүүлэх салбарын шинжээч Жеффри Льюис Умард Солонгос хатуу түлшний тив алгасагч баллистик пуужин туршсаныг “гайхмаар биш” гээд, энэ улс хэзээнээсээ техник технологийн тал дээр АНУ, ЗХУ, Франц, Хятадын араас замнахыг гол болгодог. Хатуу түлшний пуужин турших нь хэдэн жилийн өмнөөс тодорхой байсан, цаг хугацааны л асуудал байсан.

Тэгээд ч хатуу түлшний пуужин ашиглахад илүү хялбар” гэж Твиттер”- хуудсандаа бичжээ. Пүрэв гарагийн өглөө Пхеньян орчмоос хөөргөж, Солонгосын хойгоос зүүн чигт унасан энэ пуужинг Өмнөд солонгосын цэргийнхэн дунд эсвэл хол тусгалын баллистик пуужин, мөн хатуу түлшнийх байж болзошгүй гэдэг байр суурийг өчигдөр илэрхийлж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Хорих ангиас суллагдсан этгээд хулгай хийгээд баригджээ DNN.mn

зураг

Хорих ангиас энэ сарын 5-ны өдөр суллагдсан этгээд хулгай хийгээд баригдсан байна.

Хэргийн талаар тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн алба хаагчид дөрөвдүгээр сарын 11-ний өдөр тус дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүл хийх үедээ хулгай хийсэн этгээдийг саатуулжээ.

Тухайн этгээд энэ оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хорих ангиас суллагдсан 27 настай, эрэгтэй “Ч” гэгч байжээ.

Тэрбээр энэ сарын 11-ний өдрийн 19:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах айлууд руу нэвтэрч үнэт эдлэл, гар утас зэрэг эд зүйл хулгайлсан байна.

Дахин гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Хэнтийн баруун, Сүхбаатарын баруун болон өмнөд, Дорноговийн хойд хэсгээр, маргааш өдөр Сүхбаатарын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн зүүн хагаст, маргааш өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, өдөртөө зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 8-13 метр, шөнөдөө говь, тал, хээрийн нутгаар, өдөртөө Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -16…-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -11…-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0…+5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12…+17 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -14…-16 градус, бусад хэсгээр -9…-11 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг эрэмбэлж, байр эзлүүлэн медаль, өргөмжлөл өгөх зэргээр ялгаатай байдал үүсгэхгүй байхыг зөвлөлөө DNN.mn

Боловсролын Ерөнхий Газраас сургуулийн удирдлагууд болон багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан зөвлөмж гаргажээ. Уг зөвлөмжийг бүрэн хүргэж байна.

СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДАД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ

  • Сургалтын болон хичээлээс гадуурх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй нэмэлт ажил зохион байгуулахаас татгалзах хэрэгтэй.
  • Багш нарыг батлагдсан сургалтын төлөвлөгөөний цаг, хичээл, сургалтаас бусад үйл ажиллагаанд хамруулж, нэмэлт ачаалал бүү үүсгээрэй.
  • Хичээлийн судалгаа, ээлжит хичээлийн хэлэлцүүлэг хийж, багш нар аа сонсдог сайн жишиг тогтоох.
  • Хууль бус төлбөр, хураамжийг хориглож, эцэг эх, асран хамгаалагчид санхүүгийн дарамт, ачаалал үүсгэхгүй байхад анхаарах.
  • Эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог спорт, урлагийн наадмаар хязгаарладаг, үүний оролцоогоор хүүхдийг үнэлдэг уламжлалт арга хандлагыг өөрчлөх.
  • Хүүхдийн сурч хөгжих эрүүл, аюулгүй таатай орчин бүрдүүлээрэй гэжээ.

БАГШ, АЖИЛТАНД

  • Хүүхдийг бусадтай харьцуулахгүй байж, тэдний хөгжлийн ахиц дэвшлийг үнэлж, урамшуулаарай.
  • Аливаа уралдаан, тэмцээнийг зохион байгуулахдаа хүүхдийг эрэмбэлж, байр эзлүүлэн медаль, өргөмжлөл өгөх зэргээр ялгаатай байдал үүсгэдэг уламжлалт арга хандлагаас татгалзах.
  • Гэрийн даалгавар, бие даалтыг агуулга нөхөх, хоцрогдол арилгах арга хэлбэр гэж үзэж хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчид ачаалал бүү үүсгэхгүй байх.
  • Хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлог, чадвар, ялгаатай байдалд тохирсон даалгавар өгөөрэй.
  • Сурлагын ялгаатай байдал, амьдралын боломж нөхцөлөөс нь шалтгаалан хүүхдийг алагчлах, ялгаатай байдал үүсэхээс сэргийлэх.
  • Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд хүүхдийн эрүүл мэнд, сурлага, хүмүүжил, хичээл сургалтын үеийн цаг ашиглалтын талаарх мэдээллийг тогтмол хүргэж, зөвлөн тусалж, хамтран ажиллахыг зөвлөжээ.

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДАД

  • Хүүхдийнхээ сургууль болон багштай холбогдож хүүхдийнхээ талаар асууж тодруулаарай /хэзээ ямар шалгалт яаж өгөх гэх мэт/
  • Хүүхэдтэйгээ цаг гаргаж ярилцаарай. /шалгалтдаа хэр санаа зовж байгааг асууж айдсыг нь багасгаж ярилцах/
  • Сурах таатай орчныг нь бүрдүүлэх /хичээлээ хий гэж үглэж, шахахаас илүүтэй үр дүнтэй хичээллэхэд нь туслах/
  • Чадсан, сайн хийсэн зүйлийг нь анзаарч хараад урамшуулаарай.
  • Хүүхэд хичээл хийж байх үед дэргэд нь зурагт үзэж, гар утсаа оролдолгүй өөрийн зөв үйлдлээр дэмжихийг санууллаа.

ХҮҮХДЭД

Төлөвлөгөөтэй хичээллэж цагаа үр дүнтэй ашиглаарай. /Ямар хичээлийг хэзээ, хэрхэн, хаана давтах вэ? гэдгээ төлөвлөн гаргаж өдөр бүрд, тэнцүү ачаалалтайгаар хуваарилаарай.Ингэснээр хэт их ачаалал авалгүйгээр, үр дүнтэйгээр хичээллэж болох юм./

Хичээл давтахад тохиромжтой орчныг сонгоорой. /Орондоо, буйдан, зөөлөн сандал зэрэгт сунаж хэвтээд хичээл давтах нь анхаарал төвлөрүүлэхэд саад болдог./

Суралцах тохиромжтой аргыг сонгоорой. /Сэдвээ цээжлэхээс илүүтэй уялдаа холбоог нь олох, үр дүнг нь тооцох, гол санааг нь ойлгоход анхаараарай./

Сайн унтаж амраарай /Энэ нь таны тархийг цэнэглэж, сурсан зүйлээ санахад тань тусална. Ингэхдээ өдөр бүр тогтсон нэг цагт унтах, босохыг хичээгээрэй./

Бусдаас тусламж хүсээрэй /Хэрвээ чамд тусламж хэрэгтэй бол эцэг эх, асран хамгаалагч, багш, сэтгэл зүйч, нийгмийн ажилтандаа хандаарай/ хэмээн зөвлөлөө.

Хүүхдийг эрэмбэлж, байр эзлүүлэн медаль, өргөмжлөл өгөх зэргээр ялгаатай байдал үүсгэхгүй байхыг зөвлөлөө

Categories
мэдээ нийгэм

Бог малын мялзан өвчнөөр өвчилсөн 30 ямааг устгажээ DNN.mn

Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн “Мараат”, “Урд булан”, “Гаадуун” гэдэг газар бог малд мялзан өвчний шинж тэмдэг илэрснийг 2023.03.31-ний өдөр 36 бог малаас дээж авч, шинжлүүлэхэд, 2023.04.05-ны өдрийн Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лабораторийн 23-2886 бүртгэлийн дугаартай шинжилгээний хариугаар бог малын мялзан өвчин болох нь тогтоогджээ. Тариат сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн А/53 дугаар тоот захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, суурин пост 1, хөдөлгөөнт эргүүл хоёрыг гарган, Онцгой байдлын газар, сум орон нутгаас 16 хүн, 4 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна.

2023.04.12-ны өдрийн байдлаар нэг голомтын 2 өрхийн 398 ямаа, 21 хонь нийт 419 мал өвчилснөөс 55 ямаа, 2 хонь хорогдсоныг булж, устгасан байна. Зориудаар 30 ямаа устгажээ.Үлдсэн 332 бог малыг тусгаарлан хоёрдогч халдвараас сэргийлж, эмчилгээ хийж байна. Нийт 6200 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийжээ.

Энэ онд 19 сумын 101 багийн 8207 хот айлд 19.4 мянган малчин болон мал бүхий өрхийн 5,8 сая толгой мал өвөлжиж, хаваржиж байна. Аймгийн хэмжээнд жилийн эцсийн мал тооллогоор 5,8 сая толгой мал тоолуулсан. Малын хорогдлын мэдээгээр нийт мал сүргийн 3.2 хувь буюу 200602 толгой мал хорогджээ. Үүнээс тэмээ 33 толгой буюу 1.9 хаувь, адуу 10680 толгой буюу 2.2 хувь, үхэр 24920 толгой буюу 3.0 хувь, хонь 91262 толгой буюу 2.8 хувь, ямаа 73707 толгой буюу 4.8 хувь нь хорогджээ.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн барилгад ашигласан будганд хавдар үүсгэгч бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарчээ DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, эрхийг хангах хүрээнд зохион байгуулсан Хяналтын сонсголын тайланг сонслоо.

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо энэ үеэр хийсэн тайлбартаа “Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ, олон улсын байгууллагууд хамтарч барилгын дотор орчны агаарын чанарыг шинжилж үзсэн. Энэхүү шинжилгээний хариуг харахад, ялангуяа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгад хавдар үүсгэгч, мэдрэлийн системд нөлөөлдөг бензол, этилбензол гэх мэт бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байна гэсэн урьдчилсан дүн гарсан. Энэ дагуу БХБЯ холбогдох төрийн байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг гарган ажиллаж байна.

Одоогийн байдлаар, тэдгээр будагтай холбоотой шинжилгээний хариуг эцсийн байдлаар гарсан хариу гэж хэлэх боломжгүй. Тухайн шинжилгээг авч байхад, будаг нь бүрэн хатаагүй, будсанаас дөрөв хоногийн дараа шинжилгээг авсан байдаг. Олон улсын туршлагыг судалж үзэхэд, Европын холбоо болон БНХАУ гэхэд тухайн будгаар будсанаас 20 хоногийн дараа шинжилгээ авч, зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэх дүгнэлтээ гаргадаг. Тиймээс Монгол Улсад ашиглаж байгаа 130 мянган барилгад шинжилгээ хийх биш, ерөөс улсын хэмжээнд түгээмэл ашиглаж буй 14 будгийг сүүлийн таван сарын хугацаанд өргөн хүрээтэй шинжилж байна.

Нэгдүгээрт, эдгээр будаг хортой, хоргүй эсэхийг тодорхойлох, хоёрдугаарт, хортой бол хэд хоногийн дараа хор нь арилж байна вэ гэдгийг шинжилж буй. Уг шинжилгээний хариу энэ сард бүрэн гарна. Ингэснээр эрүүл мэндийн шаардлага хангаж байгаа будгийг хэрэглээнд нийлүүлэхийг хүлээн зөвшөөрөх юм. Чанарын шаардлага хангаагүй будгийг хил гаалиар нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авна.

Түүнчлэн шинжилгээгээр “хортой” гэж гарсан будгуудыг өнгөрсөн хугацаанд хэдий хэмжээгээр хилээр оруулж ирсэн, аль сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг будсан гэдгийг тодорхойлно. Улмаар тухайн барилгад шинжилгээ явуулж, аюултай нөхцөл байдал үүссэн байвал аюулгүй болгох арга хэмжээ авах болно. Хоёрдугаарт, тухайн барилгын дотоод орчны агаарын чанарыг сайжруулах бололцоотой хамгийн сайн арга бол агааржуулалт юм. Тиймээс дээрх барилгуудад баримталдаг дотоод орчны агаарын чанарын норм, дүрмийг шинэчилсэн. Өмнө нь байгалийн аргыг ашигладаг байсан бол одоо автоматжуулсан аргыг ашиглах бололцоотой. Ингэснээр агааржуулалт 2-3 дахин сайжрах боломжтой болсон гэсэн үг” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, эрхийг хангах хүрээнд зөвхөн сургууль, цэцэрлэгийн тухайд ярих биш, орон байр, гэрийнх нь нөхцөлийг давхар авч үзэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Сүүлийн 6 жилийн хугацаанд 175 цэцэрлэг, 272 сургууль барьсан байна. Одоо 112 цэцэрлэг, 103 сургууль баригдаж байна. Хүүхдүүд өдрийн ихэнх хугацааг дотор орчинд өнгөрөөдөг гэсэн судалгаа бий. Сүүлийн үед хүүхдүүдийн дундах хорт хавдрын тоо нэмэгдэж байна. Үүн дотроо цусны хорт хавдар голлох болсон нь барилгын материалын чанар, дотоод орчны бохирдлыг анхаарах түвшинд хүрснийг илтгэнэ. Хичээлийн шинэ жил эхлэхээр будаг нь ханхалсан сургууль гэж ярьдаг. Энэ нь үнэндээ хүүхдүүд будганд хордож байгаа хэрэг юм” гэв.

Categories
мэдээ нийгэм спорт

М.Тулга Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Казахстан Улсын нийслэл Астана хотод чөлөөт бөхийн Азийн аваргын тэмцээний эрэгтэйчүүдийн тэмцээн үргэлжилж байна.

Тус тэмцээний 65 кг-ын жинд “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Т.Тулга хүрэл медаль хүртэв.

Тэрбээр үдээс өмнө эхний тойрогт гоц мөргөсөн бол шөвгийн наймын барилдаанд 23 хүртэлх насны дэлхийн аварга, насанд хүрэгчдийн Азийн аварга Кыргызстаны Улукбек Жолдошбековыг 4:0-ээр, хагас шигшээ барилдаанд өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга Узбекистаны Умиджон Жалоловыг 5:2-оор тус тус ялсан юм.