Categories
гадаад мэдээ

Хамтарсан хээрийн сургуулиуд эхлэв DNN.mn

БНСУ, АНУ Пёньянаас учрах цэргийн аюул заналыг тогтоон барих хүчээ бэхжүүлэх хамтын хүчин чармайлтын хүрээнд агаарын цэргийн томоохон хамтарсан сургуулилалтаа эхлүүлсэн талаар БНСУ-ын Агаарын цэргийн хүчин мэдээлэв.

Сөүл хотоос 260 гаруй км зайд оршдог Кванжу хот дахь агаарын цэргийн баазад 12 хоног үргэлжлэх “Korea Flying Training” сургуулилалтад 110 орчим нисэх онгоц, 1400 гаруй цэрэг оролцоно. Тодруулбал, БНСУ-ын “F-35A”, “F-15K”, “KF-16” зэрэг 60 гаруй онгоц, АНУ-ын талаас “F-16”, “A-10”, “F-35B”, “FA-18” зэрэг 40 орчим байлдааны онгоц оролцох гэнэ.

“Korea Flying Training” нь холбоотнуудын жил бүр тогтмол хийдэг томоохон хоёр сургуулилалтын нэг юм. Уг сургуулалтын хувьд оны эхний хагаст зохион байгуулагддаг бол “Vigilant Storm” нэртэй нөгөө сургуулилалт нь оны сүүлийн хагаст болдог юм.

Пёньян өнгөрсөн пүрэв гарагт хатуу түлшээр ажилладаг тив алгасагч баллистик пуужин харваж, БНАСАУ-ын эргүүлийн завь бямба гарагт де-факто далайн хилээр нэвтэрсний дараа Солонгосын хойгт хурцадмал байдал үүсээд байгаа үед уг сургуулилт болж байгаа аж.Мөн НАТО-гийн гишүүн улсуудын оролцсон “Aurora-23” олон улсын цэргийн сургууль Шведэд эхэлж байна гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдээлэв. Энэ нь сүүлийн 25 жилийн хугацаанд тус улсын нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж буй хамгийн өргөн цар хүрээтэй хээрийн сургуулилалт юм.

Шведийн хуурай зам, тэнгисийн болон агаарын цэргийн хүчин оролцох уг сургуулилалтын зорилго нь зэвсэгт халдагын эсрэг үйл ажиллагааны тактик боловсруулах юм. Сургуулалтад Австрали, Их Британи, Герман, Дани, Латви, Литва, Норвеги, Польш, АНУ, Украин, Франц, Финланд, Эстонийн 26 мянган цэргийн алба хаагч оролцоно. Гол сургуулилалт Шведийн өмнөд болон хойд хэсгийн хилийн бүс нутагт, түүнчлэн Готланд арлын орчимд явагдаж, тавдугаар сарын 11-нд дуусна.

Өмнөх “Аврора-17” сургуулилалтын нэгэн адил том оврын хуягт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс хүрээлэн буй орчинд учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарал хандуулна гэж Шведийн БХЯ мэдээлжээ

Энэхүү хээрийн сургуульд 26 000 цэргийн албан хаагч оролцож байгаа бөгөөд АНУ-аас ирсэн цэрэг, техник Оросыг тогтоох хүчийг зузаатгах зорилгоор Европт үлдэх юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Энэ онд дугуйн зам барихад 27.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай” гэв DNN.mn

Улаанбаатар хот доторх унадаг дугуй, явган зорчигчийн замыг шинээр барьж, нэмэгдүүлэх төлөвлөлтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн танилцууллаа.

2023 онд төдийгүй цаашид унадаг дугуйн зам, гүүрэн байгууламжийн дэд бүтцээ нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд 2023 онд дугуйн зам барихад 27.5 тэрбум, гүүрэн байгууламж барихад 52.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна.

Өнөөдрийн байдлаар зураг төсөл нь боловсруулагдаж байгаа дугуйн замын тухайд, 17 байршилд 24.5 км зам барих, 8 байршилд 3.1 км гүүрэн байгууламж нийт 27.6 км зам, гүүрэн байгууламжийн зураг төслийг боловсруулсан байна. Энэ онд 4 байршилд 3.18 км дугуйн зам, 3 байршилд 1.67 км гүүрэн байгууламжийг шинээр барина. Ингэснээр түгжрэл 3 хувиар буурах тооцооллыг мэргэжлийнхэн гаргажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 5.4 хувиар өсчээ DNN.mn

2023 оны 4 сарын 17-ны байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 5.4 хувиар, өмнөх 7 хоногоос 0.9 хувиар өссөн байна.

May be an image of map and text that says "хонинымах ястай улаанбаатар хотод (зарим гол нэрийн барааны дундаж унэ) 2023 оны 4 сарын 17-ны байдлаар ухрийн MAX, ястай(к 4сарын 13 847 ↑0.7% 13 944 4сарын17 ямаань ястай 4сарын 16 635 ↑1.2% 16 827 .... аи-92 (литр) 1-рзэргийн гурил(кг) 4сарын 10 831 -1.5% 10 664 4сарын 4сарын1 252 390 2 390 2 252 ΘΜΗΘх 7хоногоос 0.9% сонгино, ATAP талх (600гр 5.4% емнθх CAPAAC 797 2 132 ↑0.1% 3801 17 132 темс, дотоод (кг) элсэн чихэр ендег (ширхэг) сарын 646 ↑3.4% 1702 771 771 сарын шинэ CYY (литр) 536 ↑0.5% 539 4сарын цагаанбудаа 429 429 4сарын 4701 701 4сарын"

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна DNN.mn

2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 27.0 сая эх мал төллөхөөс 8.4 сая эх мал төллөж, 8.1 сая төл бойжиж байна. Төллөлт 30.2 хувьтай, төл бойжилт 95.8 хувьтай байна.

Он гарсаар том малын зүй бусын хорогдол 1.2 сая толгой болж оны эхний 71.1 сая малын 1.7 хувийг эзэлж байна.

Хамгийн их хорогдолтой нь Архангай (203,542), Увс (197,608), Хэнтий (117,801), Завхан (115,981), Сүхбаатар (95,425) аймаг байна.

Categories
гадаад мэдээ

​“Xiaomi” эсэргүүцэл илэрхийлэв DNN.mn


Украины эрх баригчид Хятадын өндөр технологийн “Xiaomi” корпорацийг “дайныг ивээн тэтгэгч олон улсын байгууллагуудын жагсаалт”-д оруулсантай холбогдуулан тус корпорац эрс эсэргүүцэл илэрхийлэв. Бээжингийн “Xi­aomi” нь дэлхий даяар үйл ажиллагаа явуулж байгаа корпорац юм. Украины Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний агентлаг (NACP) манай корпорацийг “дайныг ивээн тэтгэгч олон улсын байгууллагуудын жагсаалт”-д оруулсныг бид эрс эсэргүүцэж байна гэж тус корпорац мэдэгдээд “Xiaomi” нь дэлхийн 100 гаруй улс орон, бүс нутгийн хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд “бид арилжааны үйл ажиллагаа явуулж буй улс орон бүрийн хууль тогтоомжийг чанд сахидаг. Бидний эрхэм зорилго бол шинжлэх ухаан, технологийн үр шимээр бүтээгдэж буй гайхамшигт амьдралыг бүх хүнд хүртээх явдал юм” гэжээ. Украины армийн сөнөөсөн, олзолсон ОХУ-ын зэвсэг, хэрэгслүүдээс уг корпорацийн сэлбэг, хэрэгсэл олдож байна хэмээн Украины тал “Xiaomi”-ийг өнгөрсөн долоо хоногт “дайныг ивээн тэтгэгч олон улсын байгууллагуудын жагсаалт”-д оруулсан юм байна.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол болно DNN.mn

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 19-ний лхагва гарагт болно.

Тодруулбал, өнөөдрийн 13:00 цагаас сугалааны тохиролыг явуулах бөгөөд орон даяар шууд дамжуулах юм. Тохиролд 2023 оны гуравдугаар сарын 01-31-ний хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдана.

НӨАТ-ын сугалааны тохиролд:

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
  • 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авахаар шинэчилсэн.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гахайн аж ахуй эрхлэгчдэд нийт 4 тэрбум төгрөгийн зээлийн дэмжлэг үзүүлнэ DNN.mn

Гахайн аж ахуйг өртгөтгөн, махны хангамжийг нэмэгдүүлэх замаар импортын хамаарлыг бууруулахаар Өндөр ашиг шимтэй үржлийн өсвөр мэгж, бодонг дотоодоос худалдан авах, импортлоход тус зээлийн дэмжлэгийг үзүүлнэ.

Гахайн эрчимжсэн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ 1 тэрбум төгрөг гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Үг, үзэл бодлоо ил гаргасны төлөө шоронд хийх нь ардчилал биш DNN.mn

Ардчиллын амин сүнс нь айдасгүйгээр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юм. Манай улсын хувьд тэртээх 30 жилийн өмнө ардчилсан нийгэмд шилжихдээ хүний эрхийн суурь зарчмуудаа Үндсэн хуулиар баталгаажуулсан. Тухайлбал, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “Монгол Улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэж тодоос тод бичсэн байгаа. Мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй” гэж заасан байдаг. Үүнээс гадна Монгол Улс нэгдэн орсон олон улсын пактууд нь бидний үг, үзэл бодлоо ямар ч хорио саадгүй түгээх эрхийг давхар хангадаг. Тийм болохоор ардчилсан нийгэмд үг, үзэл бодлоо илэрхийлэх нь гэмт хэрэг биш юм. Харамсалтай нь Монгол Улсад энэ эрхээ эдэлсний төлөө эрүүгийн хариуцлага хүлээж байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль дахь хүний эрхийн цөм болсон дээрх заалт ноцтой зөрчигдөх болов. Сүүлийн үед энэ байдал эрс нэмэгдлээ. Ялангуяа нийгэмд идэвхтэй байр сууриа илэрхийлсэн хүмүүс ял шийтгэл авах нь ихэсч байна. Энэ нь Монгол Улсыг дэлхий дахинд ардчилалгүй орон гэж харагдуулж байна.

Монголчуудын хэдийнэ мэддэг болсон ойрын жишээ гэвэл “No war”, “Double stan­dart”, иргэн Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэ нар бий. Эрх баригчид, төр засгийн бодлого шийдвэрийг тэд зоригтой шүүмжлэхээс гадна зарим нь дайныг эсэргүүцэж жагссан. Өөрсдийн үг, үзэл бодол, байр сууриа хаана ч, хэзээ ч, хэнээс ч айхгүйгээр ил гарч дуугарсныхаа төлөө эдгээр залуус өнөөдөр ялтан болцгоогоод байна. Тэднийг олон нийт элдвээр хэлж бүр харааж зүхэж байгаа харагддаг. Шоронгийн хаалга татсанд нь баярлаж, бах таваа хангах хүмүүс ч олон байх шиг. Магадгүй тэд муу, муухай хүмүүс байж болно. Хувь хүнийх нь тухайд сайн, муу гээд уралдан шүүх нь огт сонин биш. Харин ардчиллын суурь зарчим болсон үг, үзэл бодлоо илэрхийлэх тэр эрх чөлөө маань тас цохигдож байгаа нь л асуудлын гол юм. Ил гарч, үгээ хэлж, тайван замаар жагсч, төр засагт дуу хоолойгоо хүргэсэн болгоны амыг ингэж үдэж, эрх чөлөөг нь тушаад байхаар дараа нь хэн гарч ирж зүрхлэх юм бэ. Өнөөдөр “No war”, “Double standart”, иргэн Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэ нарыг элдэвлэж байгаа ч маргааш та бүхний эрх зөрчигдөхөд үгээ ил хэлж чадах уу. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлмээр байвч шоронд орно гэсэн айдастаа автаж биеэ нөөнө. Эрх баригчид, засаг төр үүнийг л хүсч байгаа. “Сайтар хэлж байхгүй бол сайн засаг ч ялзарна” гэсэн хэлц үг байдаг. Ялзарсан засаг бол ардчилал биш. Ардчилалтай л биш бол амьдрах арга байдаггүйг бид бэлээхэн харж мэдэж байна.

Ардчилсан нийгэмтэй оронд шашин шүтлэг, нас хүйс, ажил мэргэжлээс үл хамаарч хэн боловч үгээ чөлөөтэй хэлэх эрхтэй. Аливаа асуудалд өөрийн итгэл үнэмшлээр хандаж, үзэл бодлоо илэрхийлэх нь нээлттэй байдаг. Энэ бол олон нийтийн оролцоотой чөлөөт, ардчилсан нийгмийн онцлог, мөн чанар. Ямар нэг хүний дарангуйлалтай хаант засаглал байгаа биш. Гэтэл ард түмний төлөө үг, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг шорон руу ачих явдал олширч байгаа нь улам муу засаг тогтохын дохио юм. Уг нь манай улс хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно гээд Үндсэн хуульдаа сүрхий тунхагласан байдаг боловч амьдрал дээр эсрэгээрээ болчих гээд байна.

Ардчиллыг өдрөөс өдөрт бүдгэрүүлж, тэрэнд нь ард түмнийг дасгах маягтай бодлогыг энэ засаг төр алхам алхмаар хэрэгжүүлж байх шиг. Тэрийг нь сөрж зогсч чадах хүмүүс бол үгээ хэлж шаардлага тавьж чаддаг ард түмэн юм.

Энэ ард түмнийг өмгөөлөн хамгаалагч нь шударга шүүх мөн. Тэд ухаалаг байж, шударга ёсыг хэлбэрэлтгүй сахиж засаг төрийг дагаж намирдаггүй байхад л болно. Дээрээс нь өөрсдийнхөө үзэмж, эрх баригчдын захиасаар биш, зөвхөн өргөсөн тангарагаа ухамсарлаж хуулийн дагуу асуудалд ханддаг баймаар байна. Хувь хүн үг, үзэл бодлоо нийгэмд илэрхийлэх нь гэмт хэрэг биш. Ардчилсан нийгэмд хүнийг үзэл бодол, гадаад төрхөөр нь ялгаварладаггүй шүү дээ. Тухайн хүн ямар ч үзэл бодолтой байж болдог ийм эрх чөлөөг зөвхөн ардчилал олгодог юм.

Сүүлийн үед хөрш орнууд маань Монголыг үзэл бодлын зөрүүгүй байх ёстой гэж ярих боллоо. Улмаар “Үнэт зүйлийн тухай ойлголтоо ойртуулах хэрэгтэй” гэх зэргээр хөвөнд боосон чулуу шиг үгээр түнших болсон. Анзаараад байхад энэ яриаг эрх баригчид ихэд олзуурхан хэлдэг, ярьдаг боллоо. Энэ нь биднийг нэг хүний дарангуйлалтай, авторитор засаглалтай, өөрсөдтэйгөө адилхан орон байхыг л хэлсэн үг. Түүнээс биш ямар өөрсдийгөө Монголтой адилхан болгохыг л хэлэв гэж. Бидэн шиг хүссэн үедээ төв талбай дээрээ гараад жагсч чаддаг, төр засгаа чөлөөтэй шүүмжилчихдэг, үзэл бодлоо хэзээ ч илэрхийлчихдэг байхыг хүсэхгүй нь ойлгомжтой. Харин өөрсөд шигээ нэг сайн даргатай, тэр даргынхаа үгэнд ордог байхыг л хэлээд байгаа хэрэг. Хүн төрөлхтний түүхэнд ийм зүйл гэж байдаггүй юм. Энэ тухай бид байнга л бичиж ирсэн. Үүнийг олон ч зүйл баталж байгаа. Дайн дажин, өвчин тахал хамгийн тодоор харуулж байна.

Тэгэхээр ардчилсан эрх чөлөөт нийгэмтэй манай оронд ард түмэн нь үгээ хэлдэг байх ёстой. Төр засаг нь иргэдийнхээ шүүмжлэлийг хүлээгээд авчихдаг байх хэрэгтэй. Харин үг, үзэл бодлоо ил гаргасан болгоныг толгой дараалан шоронд хийгээд байж болохгүй. Тэгвэл энэ чинь ардчилал биш дарангуйлал тогтохын эхлэл шүү гэдгийг дахин, дахин хэлмээр байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төв, Өмнөговь, Дундговийн нутгаар зарим үед 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна DNN.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ :

Төв, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Өвөрхангайн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Өнөө шөнө Сэлэнгэ, Дарханы нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө маргаашдаа төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 04 дүгээр сарын 20-ноос 04 дүгээр сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 21-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 20, 21-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -1…-6 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +7…+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Одонтуяа: Үндсэн хууль бол аль нэг намын сонирхлоор, дур зоргоор өөрчилж байдаг хууль биш DNN.mn

УИХ-ын дэд дарга С.Одонтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хаврын чуулган ид явагдаж байна. УИХ-ын дэд даргын хувьд энэ чуулганы гол зорилго юунд чиглэхээр харагдаж байна вэ?

-Хаврын ээлжит чуулганы хамгийн гол хуулиуд нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд байна. Мөн эдгээрийн дагаж өөрчлөгдөх хуулийн өөрчлөлтүүдийг хэлмээр байна. Учир нь 33 жил явж ирсэн хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг бие даасан, олон ургальч үзлийг агуулсан, улс орны хэмжээний бодлого барьж хөгжүүлэхэд гол түлхэц болох юм. Улс төрийн намын тухай хууль ч мөн ялгаагүй. Нэг талаас хэт намчирхалаас салах нөгөө талаас улс төрийн нам орчин үеийн институци болоход чухал алхам болно. Түүнчлэн нийгмийн бодлогын суурь хуулийн нэг боловсролын тухай хууль, нийгмийн даатгалын багц хуулийн төслүүд миний гол анхаарч ажиллаж буй хуулиуд юм.

-Гишүүний хувьд энэ хаврын чуулганаар ямар хуулийн төслүүдийг санаачлан өргөн барихаар ажиллаж байна вэ?

-Нийгмийн даатгалын тухай хуульд тусгахаар хэд хэдэн зарчмын санал дээр ажилласан. Тэтгэврийг долоо биш таван жилийн дунджаар тооцох хуулийг Б.Пүрэвдорж болон УИХ-ын гишүүд олон жил ярьж шаардсаар байна.

Тэтгэврийн сангийн олон давхаргат тогтолцоог хэрэгжүүлж эхлэх ялангуяа хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагааг дэмжих, цаашдаа байнгын алдагдалтай системээ сууриар нь засах ажлыг өнөөдөр хийх ёстой. Энэ хүрээнд Хамтын тэтгэврийн тухай хууль өргөн баригдсан.

Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг боловсруулаад хэлэлцэхэд бэлэн болголоо.

Боловсролын тухай хуулийн ажлын хэсэгт саналуудаа хүргүүлсэн ч гэсэн энд дурдахад боловсролын хүртээмжтэй цуг чанарыг хэрхэн дээшлүүлэх, хувийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд тулгарч буй асуудлуудыг шийдэх, судалгааны их сургуулийн статус шалгуурыг тодорхойлох, боловсролын байгууллагын орчин, нөхцөл, хөтөлбөр, багш нарын чадварыг цогц байдлаар авч үзэж зохицуулалт хийхээр ажиллаж байна. Чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах, цагийн хөдөлмөрийн зохицуулалтыг сайжруулах зэргээр нэлээд завгүй байна.

-Нөгөөтэйгүүр нийгмийн анхаарлыг татаж буй нэг сэдэв бол ҮХНӨ. УИХ-ын ээлжит сонгуулийн хугацаа хоног хоногоор дөхсөөр байна. Хуулиараа сонгууль болохоос өмнө буюу нэг жилийн өмнө ҮХНӨ-ийг хийх шаардлагатай. Цаг хугацааны хувьд амжих уу?

-Үндсэн хууль бол ард түмний өмч учраас хэн нэгний, аль нэг намын сонирхолоор дур зоргоороо өөрчилж байдаг хууль биш. Улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааны хүрээнд Үндсэн хуульд зайлшгүй нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гарсан тохиолдолд сайтар хэлэлцэж тухайн төслийг заавал, олонх нь зөвшөөрвөл УИХ-аар хэлэлцэж гишүүдийн дийлэнх олонхын саналаар батлагддаг хатуу дэгтэй хууль. Анх 2000 онд “дордохын долоо” хэмээн нэрлэгдсэн долоон өөрчлөлт хийгдсэн байдаг. Дараа нь 2019 онд дахиад 2021 онд хийгдсэн байдаг. Хамгийн гол нь энэ нэмэлт өөрчлөлтүүд анхнаасаа дутуу хагас яаруу сандруу хийгдсэн, мөн Үндсэн хуулийг хамгаалах үүрэг хүлээсэн “Үндсэн хуулийн цэц”-ийн эргэж буцсан шийдвэрүүдтэй холбоотой. Үндсэн хууль УИХ-ын нийт гишүүдийн дийлэнхи олонхын саналаар батлагддаг учраас аль нэг нам нь дийлэнх олонхын суудал авсан эсвэл парламентад суудалтай намууд зөвшилцсөн тохиолдолд хэрэгжих боломжтой. Судалгаанаас үзэхэд дээрх онуудад МАН (МАХН) дангаараа 72, 65, 62 суудалтай байсан үед хийгдсэн. Одоо бас л гишүүдийн тоог 152 болгож, 76 нь хуучин тойргийн тогтолцоогоор 76 нь пропорциональ тогтолцоогоор сонгогдохоор өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулаад байх шиг байна.

-Таны хувьд ҮХНӨ-ийг ямар хүрээнд хийх шаардлагатай гэж боддог вэ?

-Ер нь Үндсэн хуульд гар хүрч болохгүй гэсэн юм.

байхгүй л дээ. 1992 оноос хойш улс орны улс төр, эдийн засаг, төр, нийгмийн харилцааны хүрээнд бодитой өөрчлөлтүүд гарч, байнга өөрчлөгдөж байна. Үүнтэй холбоотойгоор нэмэлт өөрчлөлт орохыг огт үгүйсгэхгүй байна. Би хувьдаа Үндсэн хуульд байгаа Төрийн байгуулалтын тогтолцоотой холбоотой заалтуудаас бусад нь боломжтой гэж үзэж ирсэн. Үнэндээ одоо хийгдэх гэж байгаа, өмнө нь хийсэн бүх өөрчлөлт зөвхөн төрийн байгуулалтын тогтолцоотой л холбоотой байна шүү дээ. Эрх баригчдын гол алдаа юу вэ гэхээр асуудлыг сайтар судалж багцаар нь шийдэх гэхийн оронд хагас дутуу хийгээд байгаа нь асуудлыг хүндрүүлээд байна.

-Гишүүд тойрогтоо ажиллаад ирсэн. Танай тойргийнхон юу ярьж, та бүхнээс юу хүсэж байх шиг байна. Ер нь улс орны нийгэмд хамгийн их тулгамдаж буй асуудал юу байна вэ?

-Тойрогтоо ажиллах хугацаанд иргэдийн төлөөлөл, өрхийн эрүүл мэндийн төв, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, бизнесийн төлөөлөл, сургууль цэцэрлэг гээд нийгмийн олон төлөөлөлтэй уулзаж ярилцлаа. Шулуухан хэлэхэд амьдрал маш муудсан тухай бүгд хэлж байна. Ер нь ард иргэд төр засагт тавих дүнгийн гол шалгуур цалин хөлс, юмны үнэ л дээ. Хоёуланд нь муу дүн тавьж байна. Хичнээн их нүүрс зэс байгалийн баялаг гарлаа гэсэн мэдээ телевизээр өдөр тутам гарлаа иргэдийн хөргөгч хоосон, ходоод хоосон, өр зээл хаалга тогшсон, стресстэй байгаа нь иргэдийн бодит үнэн. Долоон жил засаг барьж буй эрх баригчид пиарт л их анхаарч бодит амьдралд бага ач холбогдол өгчээ. Нөгөө талд татварын орлого бүрдүүлэгч бизнесийнхэн зээлтэй, борлуулалт тааруу, хил гаалийн гацаа нь шийдэгдээгүй гээд олон бэрхшээл байна. Тэдний хүсч буй гол зүйл бол төр бизнес хийх, бизнест оролцох татвараар дарамтлахгүй байвал болох нь тэр гэнэ.

-Та чуулган эхлээд л эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалин хөлсний асуудлыг хөндөн ярьж байна. Эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа олон асуудал байгаа ч эмч нарын цалин хөлс нэмэх нь нэн тэргүүний асуудал гэж үзэж байна уу?

-Иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаална гэдэг өдөр сар, цаг минутаар төлөвлөгдөж байдаг асуудал биш болохоор эрүүл мэндийн бүх шатны байгууллага, эмч сувилагчид цаг наргүй ажиллаж байдаг онцгой салбар. Энэ салбарт хамгийн өндөр мэргэшлийн эмч сувилагчид ажиллах ёстой. Тэдэнд мэргэжил боловсрол, чадвар хангалттай байж болно. Хамгийн гол нь тэдэнд ажиллах нөхцөл, боломж, цалин хөлс хангалттай байх ёстой. Тэгж байж тэд ар гэр ахуй амьдралдаа санаа зовох юмгүй ажлын байран дээрээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж чадна. Үнэнийг хэлэхэд тэд маань өлөн зэлмэн амьдрал дотор сурсан мэргэжилдээ үнэнч,хүний төлөө гэсэн сэтгэлийн хатаар л явж байгаа нь үнэн. Тийм учраас л эмч сувилагчдын үндсэн суурь цалин хөлсийг нэмэгдүүлье, өгөх ёстой цалин хөлсийг нь цаг хугацаанд нь өгчихөөч гээд л үглээд байна шүү дээ. Эмч сувилагчдын дийлэнх нь эмэгтэйчүүд, ээжүүд байдаг болохоор тэд байс гээд л УИХ-ын эмэгтэй гишүүдэд хандах юм. Бид нэг шийдвэр гаргачихаад биелэлтэд нь хяналт тавьдаггүйгээс хэрэгжүүлэх шатанд маш их асуудал гарах юм. Тухайлбал 2021 оны улсын төсөвт анхан шатны эрүүл мэндийн байгууллагын нэг иргэнээр тооцох зардлыг хоёр дахин нэмэгдүүлж, түүнийг гишүүн бүхэн л сүр бадруулан ярьцгаасан. Харамсалтай нь 2022 оны эхний гурван сарын нэмэгдэл олгогдоогүй байна. Төсөвт батлагдсан мөнгө хаачив, үүнд хэн хариуцлага хүлээх вэ гэхээр эзэн олддоггүй юм байна. Та нар сонсож л байгаа байх. Сүүлийн үед эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой бүх шатны эмнэлгүүдийн гомдол тасрахгүй байна шүү дээ. Тэр бүхнийг засч янзлахын төлөө шинээр томилогдсон С.Чинзориг сайд нилээн хүчин чармайлт гарган ажиллаж байна. Энэ өөрчлөлт хамтын хүчин чармайлтаар хэрэгжих естой. Ялангуяа төсөв, даатгалын мөнгийг бүхэлд нь зарцуулж байгаа ЭМДЕГ жаахан эрч хүчтэй, хүнд сурталгүй, шуурхай ажилламаар санагдаж байна.

-Хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал дээд цэгтээ хүрсэн. Хавдрын эмнэлгийн ачаалал ч мөн хүнд байна. Ийм цаг үед эрүүл мэндийн салбараар улс төрждөг, үүнээс ашиг хайдаг зарим хүмүүсийн хандлага нийгэмд ил тод харагдаж байгаа нь үнэн. Та эмэгтэй гишүүний хувьд энэ салбарын сэргэлтийг ямар байдлаар харж байна. Наанадаж, хүүхдүүддээ бид очер дараалалгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай авдаг болчихмоор байна гэдгийг эцэг эхчүүд ярьж байна шүү дээ?

-Хүүхдийн болоод хавдрын эмнэлгийн ачаалал их байгаа гэдгийг ойлгож байна. Би 2010-2012 онд Эрүүл мэндийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Тэр үетэй харьцуулахад өнөөдөр хүүхдийн эмнэлгийн тоо өссөн. ХСҮТ-ийн өргөтгөл ч ашиглалтад орсон, боломж харьцангуй дээшилсэн. Хамгийн гол нь эрүүл мэндийн салбарын зохицуулалт, менежментэд анхаармаар санагддаг. Хүүхдийн өвчлөлийн тухайд гэхэд ханиад томууны дэгдэлтийн үед л ачаалал ихэсдэг болохоос бусад үед тийм их ачаалал байдаггүй. Аймаг нийслэлийн эмнэлгүүдийн шаардлагагүй хэвтэлтийг багасгаж, ор дэлгэх, дүүргүүдэд байгаа хувийн хэвшлийн эмнэлгүүдийг дайчлах гээд олон аргаар зохицуулж болно. Хий хоосон мөрөөдлөөр барилга барих гэхээсээ илүү тэр барилга байшинд зориулах хөрөнгөө шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах, эмч сувилагчдыг мэргэшүүлэх, эмч сувилагчдыг урамшуулахад зарцуулах хэрэгтэй. Монголд хавдрын өвчлөл маш их, ХСҮТ-ийн ачаалал ч их байгаа нь үнэн. Тийм болохоор аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төвүүдэд хавдар өвчнийг оношлох, эмчлэх, зарим хөнгөн хагалгаануудыг хийх боломжийг бүрдүүлэх замаар ХСҮТ-ийн ачааллыг бууруулах ёстой. Сүүлийн үед ХСҮТ-ийн мэс заслын эмч нар өөрсдийн мэргэжлээр аймгуудад эмч нарыг мэргэшүүлж хавдрын зарим мэс заслыг хийж эхэлсэн нь маш чухал ач холбогдолтой юм. УНТЭ-ийн Урологийн тасгийн эмч нар ч орон нутагт хүнээ бэлтгэж мэс засал хийж эхэлсэн байна. Ингэж эмнэлгийн тусламж үйлчилгээний хүрээг орон нутагт өргөжүүлж байгаа туршлагыг төр засаг дэмжиж төсөв хөрөнгийг нь нэмэгдүүлж, эмч сувилагчдын томилолтын зардал, сургалтын зардал, урамшууллыг хангалттай өгөх хэрэгтэй. Энэ бол тухайн эмч сувилагчдыг дэмжиж байгаа мэт харагдаж байгаа ч цаад агуулгаараа эмнэлгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлж байгаа хэрэг мөн.

-Сүүлд нэг зүйл тодруулж асуухад танай намын хувьд цэгцрэх үйл явцдаа ерөнхийдөө орчихлоо гэж ойлгож байгаа. Энэ зөв үү. Намын эв нэгдэлд таны оролцоо их чухал байсныг улс төр судлаачид ярьдаг. Цаашид хүчтэй сөрөг хүчин болж ажиллах боломж гарсан уу. Танай намын хаврын улс төр ямар бодлогоор, юунд чиглэх гэж байна вэ?

-Тийм ээ, төр барих гол бүтэц бол улс төрийн нам. Нам институци болж хөгжих нэг шатаа л давлаа гэж харж байна. Ардчиллын нэг сайхан нь мэтгэлцэж байлаа ч олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрч олонхоор шийдвэр гаргадаг. Яг энэ зарчмаар намын эвлэрэл явсан тул зөв замдаа орсон гэдэгт итгэж болно. Миний хувьд болон бусад гишүүдийн маань хувьд ч гэсэн сайн муу хэлүүлэн хүчин чармайлт гаргасныг үгүйсгэхгүй. Одоо тэрийг ярихаас илүү сөрөг хүчний ажилдаа анхаарч байна. Сөрөг хүчин бол бүхий л зүйлийг сөрөх биш эрх баригчдын алдаатай бодлогыг ажил хэрэгчээр шүүмжлэх, түүнд ард иргэдийн анхаарлыг хандуулах юм. Намын эвлэрлээс хойш олон шинэ залуучууд намын гишүүн болж буй нь үүний нэг илрэл. Азид буй ардчилсан орныг хэвээр хадгалж олон олон залуучуудад сурч хөгжих боломж нээдэг, олон бизнесийг дотоод болон гадаадад амжилттай ажиллах боломжийг бүрдүүлдэг, хүн өөрийнхөө эзэн болж сайн сайхан амьдралаа цогцлоодог үзэл баримтлалтай намын хувьд хүчтэй сөрөг хүчин болж ажиллах нь тодорхой. Хаврын улс төр авлигатай бодитой алагчлалгүй тэмцэхийг эрх баригчдад сануулна, шахна. Тун удахгүй Нүүрсний сонсгол, хил гааль боомтын сонсгол явагдахаар иргэд бодит хүндрэл хаана, хэн үүсгэж байсныг мэдэх болно.

-Одоо АН бүтэц бүрэлдэхүүнээ цэгцэлчихвэл ерөнхийдөө жигдэрчихлээ гэж ойлгох уу?

-АН-ын эв нэгдлийн төлөө хоёр талын гэгдэх намын ҮБХ-ны гишүүд нэгдэн хуралдаж намын даргаараа Л.Гантөмөрийг сонгож, эцэст нь АН-ын бүртгэлийн гэрчилгээгээ дээд шүүхэд хүлээлгэн өгч, түүн дээр Л.Гантөмөр даргыг АН-ын даргаар албан ёсоор бүртгэсэнээр намын асуудал цэгцрэх тал руугаа орчихлоо. Би үүнд маш их баяртай байгаа.

АН бол Монголын ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн томоохон хүчин гэдэг утгаараа Монголын ардчилалд хайртай монгол түмэн ихээхэн зүйлийг хүсэн хүлээж байна. Тэд 2016 оноос хойш нэг нам эрх барихын зовлонг амсахаараа нэг болж байна шүү дээ. 2024 оны бүх шатны сонгууль хаяанд ирлээ. Тийм учраас Л.Гантөмөр даргатай АН бүтэц бүрэлдэхүүнээ яаралтай томилж, үйл ажиллагаагаа эрчимтэй өрнүүлэх хэрэгтэй байна. Орон нутгийн намуудаа ч яаралтай цэгцлэх хэрэгтэй.