Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно DNN.mn

Дөрөвдүгээр сарын 22-нд 12:00 цагаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.

Тус барилдааны түрүү бөх 5.000.000 төгрөг, үзүүр бөх 3.000.000 төграг, их шөвгийн бөхчүүд тус бүр 1.500.000 төгрөгийн бай гардах юм.

Мөн уран мэхийг уралдуулан барилдаж, олон түмнээ цэнгүүлэн барилдсан аваргуудад хүндэтгэл үзүүлж, уран барилдааны болон тусгай байрын шагнал гурван бөхөд олгоно.

Нийт шагналын сан 35.000.000 төгрөг.

Тасалбарыг Монгол бөхийн өргөөний кассаар худалдаалж байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Экспорт 1.8 тэрбум ам.доллароор өсчээ DNN.mn

Монгол Улс энэ оны эхний улиралд 125 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 5.7 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 3.8 тэрбум, импорт 1.9 тэрбум ам.доллар байна.

Бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 2.1 (57.9 хувь) тэрбум, экспорт 1.8 (96 хувь) тэрбум, импорт 248.9 (14.7 хувь) сая ам.доллароор өсжээ. Экспорт энэ оны 3 дугаар сард өмнөх сарынхаас 354.7 (30.4 хувь) сая, импорт 231.3 (45.3 хувь) сая ам.доллароор өссөн байна.

Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний улиралд 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 1.6 (7.9 дахин) тэрбум ам.доллароор өсжээ. Харин энэ оны 3 дугаар сард 779.1 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 123.4 (18.8 хувь) сая ам.доллароор өсөв.

БНХАУ-тай оны эхний улиралд 4.2 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны бараа эргэлтийн 74.1 хувийг эзэлж байна. Тус улсад экспортолсон бараа бүтээгдэхүүний 63 хувийг чулуун нүүрс, 18.2 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.9 хувийг алт эзэлжээ.

Экспорт энэ оны эхний 3 сард өмнөх оны мөн үеийнхээс 1.8 тэрбум ам.доллароор өсөхөд нүүрс 1.6 тэрбум, цайрын хүдэр, баяжмал 56.9 сая, төмрийн хүдэр, баяжмал 52 сая, лаазалсан махан бүтээгдэхүүн 51.5 сая ам.доллароор өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооноос гаргадаг нийгэм эдийн засгийн сар тутмын мэдээлэлд тэмдэглэжээ.

Зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ энэ оны 3 дугаар сард өмнөх сарынхаас тонн тутамд 54.8, нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 0.2, алтны хилийн дундаж үнэ килограмм тутамд 3 мянган ам.доллароор нэмэгдсэн байна. Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны 3 дугаар сард 5.9 сая тонн болж, өмнөх сарынхаас 1.6 сая тонноор, үнийн дүн 975.5 сая ам.доллар болж, 272.4 сая ам.доллароор өсжээ.

Импорт өмнөх оны мөн үеийнхээс 248.9 сая ам.доллароор өсөхөд дизелийн түлш 109.8 сая, ачааны автомашин 56.6 сая, бульдозер, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 27.5 сая, нийтийн тээврийн хэрэгсэл 22.3 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ

Эрдэс, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс, нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 93.5 хувийг эзэлж байгаа бол импортын 76.6 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн болон хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлж байв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зан төлөвийн аудиометрийн оношилгооны 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө DNN.mn

Зан төлөвийн аудиометрийн оношилгооны 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

ЭМДЕГ-ын даргын 2022 оны “Жагсаалт батлах тухай” А/53-р тушаалаар зан төлөвийн аудиометрийн оношилгоо 40 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
“Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт”
Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээгээр гэрээ байгуулсан ЭМБ-ууд

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Данзан: Гэгээрэлд хүрэх нь энгийн дадлаас л эхэлнэ. Тийм хэцүү зүйл биш шүү дээ DNN.mn

Соёлын гавьяат зүтгэлтэн, физик-математикийн ухааны доктор, Нийгмийн гэгээрлийн холбооны дэд тэргүүн Д.Данзантай ярилцлаа.


-Тантай өнөөдөр гэгээрлийн талаар ярилцах гэсэн юм. Гэгээрлийг их том зүйл гэх түгээмэл ойлголт бий. Таны онцолж байгаагаар бол энгийн зүйлээс эхэлдэг юм шиг?

-Гэгээрэл гэдэг өөрөө өргөн ойлголт. Бурхан багшийн утгаар ойлговол хүрэхэд бэрх.Бурхан багшийг гэгээрсэн гээд яг ижил гэгээрэх тухайд бол өөр асуудал. Энэтхэгийн нэгэн хаант улсын хааны гэрт мэндэлсэн Сиддхарта Гаутама гэдэг ханхүү 29 наснаасаа эхлэн зургаан жил бясалгаад гэгээрсэн гэдэг. Тэр гэгээрэл бол төгс гэгээрэл бөгөөд мэдлэгийн талаас нь хэлбэл мэдэж болох бүгдийг мэдсэн, сэтгэлийн талаас нь хэлбэл хүнд байдаг 84 мянган муу хорт сэтгэлээс ангижирч сэтгэлээ төгс ариусгаж чадсан гэсэн үг. Ингэж гэгээрсэн бодит хүн гэвэл Нагаржуна хутагт, Мял богд нар гэдэг. Хүн бүрд ингэж гэгээрэх боломж заяагдмал байдаг гэж Бурхан багш айлдсан нь бий.

Бидний яриад байгаа гэгээрэл бол үгийн хувьд энэ гэгээрэл мөн бөгөөд утга санааны хувьд ийм гэгээрэлд зорин тэмүүлэхийг голлон ойлгож байгаа юм.

Бидний 2018 онд байгуулсан Нийгмийн гэгээрлийн холбоо “Зөв үзэл, зөв бодол, зөв тэмүүллийн төлөө” гэсэн уриатай нийгмийн гэгээрлийн 12 жилийн хөтөлбөр гаргаад ажиллаж байна. Бурхны сургаалд “Хутагтын найман зөв” гэж бий. Энэ найман зөвөөс бид эхний ээлжинд нийгмийн зорилго болгон гурван зөвийг сонгож аваад, энэ зүгт олон түмнээ, нийгмээ бүхэлд нь уриалан ажиллаж байгаа юм. Тэгэхээр “зөв бодол”, “зөв үзэл”, “зөв тэмүүлэл” гэдгийг зорино гэдэг хүршгүй бэрх зүйл биш л дээ. Энгийнээр тайлбарлавал, хулгай худалгүй буюу бие, хэл, сэтгэлийн арван хар нүглээс ангид амьдрах нь зөв үзэл, аливаад хар амиа хоохойлж биш, олноо, нийгмээ бодож тусын сэтгэлтэй амьдрах нь зөв бодол, зөв сайн үйлс буюу өглөг өгөх, туслах, хайрлах, энэрэх зэрэг буянтай сайхан үйлсийн зүгт сэтгэлээ хандуулж сураад, түүнийгээ үргэлж санан, улам бататган, өдөр, хоног, хором бүрийн ердийн хэвшил болгон өөртөө дадуулах гэсэн эрмэлзэл, хичээл зүтгэл, чармайлт бол зөв тэмүүлэл юм.

-Зөв тэмүүлэл гэдэг нь?

-Зөв тэмүүллийг товчоор хэлбэл буруу мууг ямагт тэвчиж, зөв сайнд зорих чармайлт юм.

Уужуу ухаантай, нүүдэлчний соёлоосоо салчихаагүй байгаа, дээдсийнхээ үг сургаалыг дуулгавартай сонсдог, өвгөд хөгшдөө бусад орнуудтай ижил Асрамжийн газарт аваачиж өгөөд амьдын хагацалд унагалгүй насан туршид нь хамт байж, асарч тойлж, өргөж байдаг монгол хүнд дээрх гурван зөв язгуураасаа байдаг. Энэ цагийн нийгмийн араншинг дагаад мартагдах тийшээ болчихоод байгаа. Дээр онцолсон гурван зөвөө хүүхэд, залуустаа сануулах, ухааруулах замаар нийгэм даяараа сэргэхийн төлөө монголчууд бид бүгдээрээ хамтраад энэ зүгт зүтгэвэл тийм ч хэцүү ажил биш байх аа.

-Ахмадыг хүндлэх ёс алдагдаад байх шиг. Нөгөө талд ахмадууд нь ч хойч үедээ сургадаг явдал бүдгэрээд байна л даа?

-Өнөөдөр ахмадууд нь үг сургаалаа хэлж, хүүхэд, залуус нь сонсдог байдал огт арилчихаагүй байна. Монгол ген арилаагүй цагт арилахгүй. Гэвч цагийн өнгө аяс, гаднын элдэв нөлөө, бусдыг ямагт өөрсдөөсөө дээгүүр тавин даган дуурайдаг, Монгол гэсэн бүхнээ, бүр монгол хүнээ хүртэл доогуур үздэг, үл тоодог буруу хандлага газар авч байгаа нь үнэн. Үүнд төр, засаг ч, ахмад үеийнхэн ч буруутай. Хүүхэд бол хүүхэд л байдаг. Шинэ сэргэг юмыг сонирхож дуурайх нь хэвийн үзэгдэл. Энэ байдал газар авах янзтай болоод ирэхэд төр ч, ахмадууд ч дуугүй хараад сууж огт болохгүй. Бага дээр нь засаж авахын төлөө сэтгэл гаргах ёстой. “Өнөөгийн хүүхдүүд ч үг авахгүй биз дээ, би ч өнгөрсөн амьтан даа” гэж бодоод дуугүй явах янзтай болж. Хүүхэд, залууст маань ч “Энэ хөгшид хоцрогдсон, эдний сургаал гэж юу байхав” гэх хандлага илтэд бий болжээ.

Энэ бол тун буруу хандлага. Үүнийг засах ёстой. Үүнд ахмадууд эхэлж дуугарах нь зөв. Эрхбиш уламжлал байна, эрх, үүрэг байна. Гудамжинд охид, хөвгүүд тамхи татаад зогсож байх нь хичнээн муухай харагдаж, дургүй хүрч байвч “Миний хүүхэд биш юм чинь” гэх аминч муу бодолтой өнгөрч огт болохгүй. Миний тухайд очоод л “Охин минь, хүү минь чи тамхиа хаячих” гээд тамхины хорын тухай мэдэх бүхнээ хэлдэг. Зарим нь “Уучлаарай өвөө, би дахиад хэзээ ч татахгүй” гээд тамхиа хаядаг. Хариуд нь би “Монгол хүнд тангараг гэж нэг юм байдаг. Чи бид хоёр дахиж таарахгүй, чамайг би шалгаж чадахгүй. Гэхдээ чи амлаж байгаа тул би түүнийг чинь тангараг гэж ойлгоё. Тэгэхээр хоёулаа гар барьчихъя” гээд гарыг нь бариад духан дээр нь үнэрлэдэг. Илтэд дургүйцэх нь ч бий. Тийм хүүхдүүдэд би ч бууж өгдөггүй. Ярьсаар байгаад л буулгаж авдаг. Эндээс би хүүхэд, залуус маань хүний чин сэтгэлийг ойлгодог, хүний үг авдаг хэвээрээ байгааг мэдэрч, өөртөө их урам авдаг юм. Ахмад хүн бүр ингээд байвал болохгүй бүгдийг хуульгүйгээр засаж чадна гэж боддог. Ахмадууд ахмад шиг байж чадвал залуус үг авна.

Тэд ухаантай, өөрийнх нь төлөө хэлж байна гэдгийг ойлгоно. Ингээд залуус маань ахмадаа хүндэлдэг, дээдэлдэг, тэднээсээ асуудаг, айдаг эмээдэг болоод эхэлнэ. Хараа хяналтаас гадуур чөлөөтэй байгаа үедээ жаахан буруу байдалтай байгаа хүүхэд, залуустаа ахмад хүн бүр “Энэ миний хүүхэд, миний ач, зээ биш” гэсэн аминчхан бус “Миний л хүүхдүүдээс ялгаагүй” гэдэг тэгш сэтгэлээр хандаад хэлэх ёстойг хэлээд, биеэрээ үлгэрлээд байх нь тийм ч хэцүү ажил биш биз дээ. Энэ чинь л энд онцлоод байгаа “Зөв үзэл, зөв бодол, зөв тэмүүлэл” байхгүй юу. Ер нь нийгмийн гэгээрлийн төлөөх ажил бол аль нэг байгууллага, цөөхөн хүний биш гүйцэтгэх ажил биш. Хүн бүрийн хамтын зүтгэлээр бүтэх ариун үйлс юм.

-Энэ ажлыг эхлэх энгийн зүйл нь юу вэ. Хувь хүн өөртөө ямар дадал суулгах вэ?

-Өглөө ажилдаа гарахдаа би өнөөдөр хэн нэгэнд уурлахгүй, ам мурийхгүй, буруу зүйл хийхгүй, зөв сэтгэлтэй явна гээд өөртөө амлачих хэрэгтэй. Өдөр ажлынхаа завсраар цай ууж суухдаа өнөөдөр би хүнд уурласан бил үү, буруу зүйл бодсон бил үү, хэн нэгнийг буруутгал уу гээд дүгнэлт хийчих. Буруу зүйл хийгээгүй бол үүнээсээ урам аваад л явна. Эхлээд ийм энгийн зүйлийг л өөртөө дадал болгочих хэрэгтэй.

-Хүн гэгээрч байгаагаа яаж мэдэх вэ. Үүндээ ямар шалгуур тавих вэ?

-Хүн “Зөв үзэл, зөв бодол, зөв тэмүүлэл”-тэй болж байгаагаа мэдэлгүй яах вэ. Ялихгүй зүйлд л уурлаж, хар буруу зүйл санаж бусдад атаархаж явдгаа больж байгаагаа анзаарна шүү дээ. Өвчин зовлонтой нүүр тулж шаналж байгаа хэн нэгэнд өөрөөсөө хэдхэн төгрөг илүүчлээд, хажуугаар нь ойр тойрныхондоо уриалчих. Бусдад тусалсандаа таны сэтгэл баярлана. Энэ чинь л гэгээрч байгаагаа мэдэрч байгаа хэрэг мөн шүү дээ. Ийм л энгийн зүйл.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна DNN.mn

80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох Хөгжлийн Банкны хэргийн шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгчдийн хэргийн материалыг уншиж, танилцуулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь DNN.mn

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 20-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.

Жич: Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг хөнцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье.

Тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Баттөмөр: Төгрөгийн ханшийг илүү чангаруулъя гэвэл баялгийн менежмэнтээ зөв хийх хэрэгтэй DNN.mn

-Бид байгалийн ба ялгаа бүс нутгийн үнэд ч хүргэ ж худалдаалж чадахгүй байна –

УИХ-ын гишүүн, эдийн засгийн шинжлэх ухааны доктор Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг та эдийн засагч хүний хувьд юу гэж дүгнэж байна вэ?

-Юуны өмнө хэдэн тоо баримт дурдах нь зөв болов уу. Монгол Улсын 2022 оны жилийн эцсийн эдийн засгийн үзүүлэлт сайнгүй гарсан. Эдийн засаг 4.5 хувийн өсөлттэй гарсан. Хоёрдугаарт, гадаад худалдааны тэнцэл 3.8 тэрбум ам.долларын ашигтай гарсан боловч эдийн засгийн өсөлтийн үр өгөөж, хүртээмж сайн биш. Үүний нэг жишээ нь, өрхийн орлого 0.7 хувиар буурсан. Нөгөө талаас гадаад худалдаа 3.8 тэрбум ам.долларын ашигтай гарсан ч төлбөрийн тэнцэл 726 сая ам.долларын алдагдалтай гарсан. Эдийн засгийн өсөлтийн өгөөж муу гарсан гэдэг нь үүнээс харагдаж байна.

Хоёрдугаарт, худалдааны ашгийн өгөөж муу дүнтэй гарсан нь харагдаж байна.

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар нийт бараа эргэлт 5.7 тэрбум ам.доллар байсан. Үүнээс экспорт 3.8 тэрбум ам.доллар, импорт 1.9 тэрбум ам.доллар байна. Энэхүү зөрүүнээс гадаад худалдаа 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарсан хэмээн дүгнэж болно. Өнгөрсөн жилийн эхний улирлын байдлаар 230 сая ам.долларын ашигтай байсан. Тэгвэл энэ жил 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарч байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд дандаа алдагдалтай байсан. Тэгвэл энэ нэгдүгээр улиралд 656.6 тэрбум төгрөгийн ашигтай гарч байна. Энэ бол их сайн үзүүлэлт л дээ.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2023 оны нэгдүгээр улиралд 5.1 их наяд төгрөг болсон. Энэ бол өмнөх оны мөн үеэс 29.6 хувиар өссөн гэсэн үг. Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх өр зээлийн хэмжээ 2023 оны нэгдүгээр улиралд 4.1 их наяд төгрөг болж улсын тэнцвэржүүлсэн тэнцэл 656.6 тэрбум төгрөгийн ашигтай гарч байгаа нь ийм учиртай.

Эхний улирлын байдлаар төлбөрийн тэнцлийн урсгал дансны тэнцэл эхний хоёр сарын гүйцэтгэлээр 191.6 сая ам.доллар, хөрөнгийн дансны тэнцэл 0.5 сая ам.долларын ашигтай гарсан. Харин санхүүгийн дансны тэнцэл 85.7 сая ам.долларын алдагдалтай гарсан.

Манай улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 2022 оны жилийн эцсийн байдлаар 5033 ам.доллар болсон. 2020 онд 4128 ам.доллар байсан. Өөрөөр хэлбэл, 2020 оныхоос 21.9 хувиар өссөн гэсэн үг. Энэ мэтчилэн эдийн засагт нааштай өөрчлөлтүүд гарч байна. Энэ нь авлига хээл хахууль, хулгайтай тэмцэж байгаагийн нэг үр дүн гэж хэлж болно. Мөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан. Энэ хуулийн хүрээнд нүүрсээ биржээр дамжуулж худалдаж байна. Үүнтэй холбоотойгоор эдийн засагт ийнхүү эерэг өөрчлөлтүүд гарч байна гэж үзэж байна.

-Үнийн хөөрөгдөл өнөөдөр том асуудал хэвээр байна. Үнийн хөөрөгдлийг богино хугацаанд тогтворжуулах, буулгах арга хэмжээг та хэрхэн харж байна вэ?

-Өнөөдөр Монголд үүсч байгаа энэ хүндрэл бол ойрын хугацаанд бий болчихсон юм биш. Нэг, хоёрхон жилийн асуудал ч биш. 30 жилийн бодлогын алдаа өнөөдөр ингэж гарч байна. Үүнийг засахад тодорхой хугацаа хэрэгтэй. Нэг хоёр жилийн дотор шийднэ гэж хэлэхэд төвөгтэй. Эдийн засагт гарч байгаа энэ нааштай үзүүлэлтүүд үнийн хөөрөгдлийг бууруулахад тодорхой хэмжээгээр үр нөлөөгөө өгнө гэж ойлгож болно. Тухайлбал, нэг ам.доллар 3530 төгрөг байсан. Тэгвэл өнөөдөр 3495 төгрөг болчихсон байна. Монгол төгрөгийн ханш тогтворжиж, ам.долларын эсрэг ийнхүү чангарч байна гэдэг нь үнийн хөөрөгдлийг тогтоон барихад ач холбогдолтой арга хэмжээ болно. Манай улсын инфляци, үнийн хөөрөгдлийн зонхилох хувийг ханшийн уналт эзэлдэг. Тиймээс ханш тогтвортой болж, чангарч байна гэдэг нь инфляцийг бууруулах үндсэн нөхцөл болно. Тиймээс энэ мэтчилэнгээр цаашид эдийн засгаа зөв удирдаж, зөв арга хэмжээг хэрэгжүүлбэл инфляци, үнийн хөөрөгдөл буурна. Ханш тогтворжино. Эдийн засгийн өсөлтийн үр өгөөж сайжирна.

-Монгол төгрөг ам.долларын эсрэг 40-өөд төгрөгөөр чангарсан нь гэрэлтэй мэдээ боллоо. Ер нь ам.долларын эсрэг монгол төгрөгийн ханш чангарч, өсдөггүй гэх ойлголт өнгөрсөн хугацаанд бидэнд байлаа шүү дээ. Тэгвэл монгол төгрөгийн ханшийг чангаруулах боломж байна уу?

-Байлгүй яах вэ. Үүний тулд нэгдүгээрт, баялгийн менежмэнтээ зөв хийх хэрэгтэй. Монголоос гарч байгаа баялгийг дэлхийн зах зээлийн үнэд хүргэж худалдах ёстой. Худалдаж байгаа үнэ, хэмжээ бүхнийг ил тод болгох ёстой. Татвараа зөв төлөх ёстой. Татвар зөв төлснөөр улсын сан хөмрөг арвижна. Тэр хэмжээгээр Монгол Улсын эдийн засагт нааштай үр өгөөж үзүүлнэ. Төрийн албан хаагчдын цалин, мөн тэтгэвэр тэтгэмж, халамжийн хэмжээ өснө.

Энэ мэтчилэнгээр үр өгөөж нэмэгдэнэ. Үүний тулд өнөөдөр хийх хамгийн гол ажил нь баялгийн менежмэнтийг сайн хийж байж цаашид үр ашигтай ажиллах нөхцөл бүрдэнэ.

-Дэлхий нийтийн эдийн засгийн байдал, ковидын хүнд үетэй холбоотойгоор Монголын аж ахуйн нэгжүүдийн байдал хүндэрсэн. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжээ дэмжихийн тулд баялгийн менежмэнтээс гадна нэн тэргүүнд ямар арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж та харж байна вэ?

-Хувийн хэвшлийг дэмждэг хэд хэдэн арга бий. Нэгдүгээрт, урт хугацаатай, бага хүүтэй зээлийг хувийн хэвшилд олгох. Хоёрдугаарт, татварын бодлогоор дэмжих хэрэгтэй. Гуравдугаарт, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг төр худалдаж авах хэрэгтэй. Дэлхий нийтээр мөрдөгддөг ийм гурван арга бий. Тиймээс энэ гурван аргыг сайн хэрэгжүүлж ажиллавал төр хувийн хэвшлийн түншлэл, хувийн хэвшлээ дэмжихэд тодорхой ахиц дэвшил гарна.

-Хувийн хэвшлийнхэн татварын дарамт их байна гэдэг. Тухайлбал, АМНАТ дээр давхар авдаг хэмээдэг. Татварын таатай орчноор дэмжихийн тулд ямар арга хэмжээг авбал зохистой вэ?

-Ер нь манайд хоёр алдаа байна. Бусад улс орны сайн туршлагыг харахад байгалийн баялгийг ашиглах лицензийг олгохдоо нэгдүгээрт, хөрөнгийн чадвартай. Хоёрдугаарт, мэргэжлийн. Гуравдугаарт, хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудад олгодог. Гэтэл манайх хүссэн бүхэнд нь олгодог. Энэ нь наймааны хэрэгсэл болчихсон. Бидний нэгдүгээр алдаа энэ. Харин хоёрдугаарх нь, бид өнөөдрийг хүртэл байгалийн баялгаа дэлхийн зах зээлийн үнэд биш юм аа гэхэд бүс нутгийн, Хятадын зах зээлийн үнэд хүргэж худалдаж чадахгүй байна. Нүүрсээ ч тэр, төмрийн хүдрээ ч тэр. Түүнчлэн манай аж ахуйн нэгжүүд АМНАТ их байна. Давхар авч байна гэдэг. Угтаа АМНАТ татвар биш. АМНАТ бол төлбөр юм. Үндсэн хуулийн 6.2-т газрын баялаг ард түмний мэдэлд байна гэж заасан байгаа. АМНАТ-өөр дамжиж байгалийн баялаг ард түмэнд очиж байгаа мөнгө шүү дээ. Тиймээс АМНАТ их байна, давхар авч байна гэх хэрэггүй. Хамгийн гол нь Монголын ард түмний мэдэлд байдаг баялгийг лицензээр ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүмүүс тэрхүү баялгийг дэлхийн, эсвэл бүс нутгийн зах зээлийн үнэд хүргэж худалдах ёстой. Хоёрдугаарт, тэрхүү бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээ, боловсруул. Нүүрсээ угаадаг ч юм уу, төмрийн хүдрийг баяжуулдаг ч юм уу ийм байдлаар нэмүү өртөг шингээж бүс нутаг, дэлхийн зах зээлийн үнэд хүргэж худалдах шаардлагыг тавих ёстой.

Манайхан татвар их байна гээд байх юм. Дэлхийн банк болон ОУВС-ийн гаргасан судалгаанаас үзвэл Монгол Улс хамгийн бага татвартай орны тоонд ордог. Монголын нийт татвараас голлох үүрэгтэй нь аж ахуй нэгжийн орлогын албан татвар байдаг. Гэтэл Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн 96 хувь нь нэг хувийн татвар төлж байгаа шүү дээ. Тиймээс Монголд татварын хувь хэмжээг багасгах боломжгүй. Олон улсын байгууллагууд ч бидэнд татварын хувь хэмжээгээ шатлалтай болго хэмээн зөвлөдөг. Их орлоготойгоос их, бага орлоготойгоос бага татвар авах нь зөв шүү дээ.

-Манайх татварын таатай орчинтой юм бол гадны хөрөнгө оруулагчид манайд орж ирэхгүй байгаа шалтгаан нь юу вэ. Гадны хөрөнгө оруулагчдыг татъя гэвэл татварын таатай орчинтой байх ёстой гэдэг шүү дээ?

-Гадны хөрөнгө оруулалтыг татах нөхцөл бүрэлдүүлэх ёстой. Монголд татвар их байна гэсэндээ гадныхан зугтаагүй. Гадны хөрөнгө оруулагчид зугтсан олон шалтгаан бий шүү дээ. Тухайн үед гадны хөрөнгө оруулагчдыг монголчууд хашраасан. Өмч хөрөнгө, лицензийг нь булааж авсан. Бий болгосон тодорхой баялгуудыг нь дээрэмдсэн зэрэг асуудлууд байдаг. Хоёрдугаарт, тээвэр ложистиктой холбоотой хүндрэлүүд ч их байна. Далайд гарцгүй. Төмөр замын тээвэр байхгүй зэрэг асуудлууд байна. Гуравдугаарт, эрх зүйн орчноо сайн бүрдүүлэх ёстой. Хөрөнгө оруулалтын хуулийг ойрын хугацаанд УИХ-аар хэлэлцэх гэж байгаа. Энэ хуульд гадны хөрөнгө оруулалтыг татах таатай заалтуудыг нэлээд сайн тусгах ёстой. Манай зах зээл жижиг учраас гадна талдаа хүмүүсийн анхааралд төдийлөн сайн өртөхгүй байна. 3.4 сая хүн амтай. Хажуу талдаа 1.4 тэрбум хүн амтай зах зээл байна. Тиймээс зах зээл жижиг болохоор гадны хөрөнгө оруулагчдыг татах нь бага байна. Ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулах сонирхол их байдаг. Хайгуул хийгдээд нөөц нь тодорхой болчихсон гадныханд санал болгох лицензүүд байхгүй байна шүү дээ.

Төр баялгийн менежмэнтээ сайн хийж чадахгүй байгаа учраас гадны хөрөнгө оруулагчид итгэж орж ирэхгүй байна. Төр тодорхой хэмжээнд баялгийн менежмэнт, хайгуул, ашиглалтын бодлогуудыг зөв хийж чадвал гадныхан орж ирэх боломжтой. Түүнчлэн зам харилцаа, тээврийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Өнөөдөр тавигдсан төмөр замууд бүгд мухар байна. Мухар төмөр замууддаа шилжүүлэн ачих цогцолборыг байгуулах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Шар бич өдөр DNN.mn

2023.4.20, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 30

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ШАР БИЧ ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.4.20, Пүрэв гараг
  • Наран ургах шингэх: 05.54-19.48
  • Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
  • Барилдлага:
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Төр ба тогооч​” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монголын мал
зүйч, үржүүлэгчдийн
холбооны тэргүүн,
Хөдөө аж ахуйн ухааны
доктор Л.Эрхэмбаяр “Цөлжилтөөс сэргийлэх
хамгийн эхний ажил нь бэлчээрийг
хуваарилах юм” гэснийг V нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Төр ба тогооч” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Хуульч, судлаач Н.Энхцэцэг “Иргэний үндсэн эрхийн гомдлыг Цэц хянадаг болох нь том дэвшил” гэлээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн
өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

“Шинжиан шинфа” ХХК-ийн захирлыг дарамталж гарын үсэг
зуруулсан рекетүүд хэн байв?” хэмээн өгүүллээ.

Монгол Улсын шинжлэх
ухааны академийн Философийн хүрээлэнгийн Бодлого
судлал, улс төрийн эдийн
засгийн ухааны салбарын
эрхлэгч, эдийн засгийн
шинжлэх ухааны доктор Б.Батхишиг “Монголд
эргэлтийн
эдийн засгийг
хөгжүүлэх
нь чухал ач
холбогдолтой” хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ нийгэм

АНУ-аас зудын хариу арга хэмжээ авахад Монгол Улсад нэмэлт туслалцаа үзүүлж байна DNN.mn


2023 оны дөрөвдүгээр сарын 19, Улаанбаатар хот

АНУ-ын Засгийн газраас АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID буюу ОУХА)-аар дамжуулан зудын эрсдэлийг бууруулах хариу арга хэмжээний хүрээнд нэмэлт 900,000 ам.долларын тусламжийг үзүүлэхээр боллоо. Тус тусламж нь эмзэг бүлгийн малчин өрхүүдийн амьжиргааны анхан шатны хэрэгцээг хангахад буюу малын тэжээл, мөнгөн тусламж үзүүлэхэд зарцуулагдах юм. Ийнхүү АНУ-ын Засгийн газраас зудын эрсдэлийг бууруулах хүчин чармайлтын хүрээнд нийт нэг сая ам.долларын тусламж үзүүлээд байна.

АНУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайд Ричард Буанган: “Сүүлийн арав гаруй жилийн турш Монгол Улсад болоогүй зудын гамшгийг нүдээрээ үзлээ. Энэ цаг үед Монголчуудтай хамт байж, тэднийг аж ахуйгаа хамгаалах, эргээд хөл дээрээ босоход нь туслахад бид бэлэн байна” хэмээлээ.

Энэхүү нэмэлт тусламжаар нэн шаардлагатай байгаа малын нэмэлт тэжээл болон мөнгөн дэмжлэгийг зудын гамшигт өртсөн долоон аймгийн эмзэг бүлгийн малчин өрхүүдэд үзүүлэх зорилготой юм. Тус хариу үйлдэл нь АНУ-ын ОУХА-аас зуд болон бусад төрлийн гамшгийн эсрэг малчдын тэсвэртэй байдлыг нэмэгдүүлж, тэднийг чадавхжуулах зорилгоор хэрэгжүүлж буй гамшгийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрт суурилсан билээ.

АНУ-ын Засгийн газар нь АНУ-ын ОУХА-ийн үйл ажиллагаагаар дамжуулан Монголын эмзэг бүлгийн иргэдийн гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, гамшгийн үр нөлөөг даван туулах чадавхыг сайжруулахад анхаарч ажилласаар ирсэн. 2010 оноос хойш АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас Монгол улсад гамшгийн эрсдэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр есөн сая орчим ам.долларыг олгоод байна.