Categories
мэдээ нийгэм

ГХЯ: Суданд болж буй дайны голомтод гацсан хоёр иргэнээ татан авахад анхаарч ажиллаж байгаа DNN.mn

Суданы нийслэл Хартум хотод өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагийн өглөөнөөс хойш тус улсын хоёр том генерал эрх мэдлийн төлөө хоорондоо тулалдаж эхэлсэн.

Уг хотод Монгол Улсын хоёр иргэн гацжээ. Тэдний нэгэнтэй нь цахимаар холбогдож, нөхцөл байдлыг тодруулав.

Тэрбээр “Түр хугацаагаар энд ирсэн. Байлдааны голомтод гацсан бөгөөд одоо гал зогсохыг л хүлээж байна. Нисэх буудлаа бөмбөгдсөн учраас аль ч улсынхан хүнээ татан авч чадахгүй байгаа. Надаас гадна бас нэг монгол хүн бий бөгөөд бид хоёр тусдаа байгаа. Гадаад Харилцааны Яам болон Батлан Хамгаалах Яамтай тогтмол холбогддог” гэсэн юм.

Энэ асуудалд хэрхэн анхаарч ажиллаж буй талаар Гадаад Харилцааны Яамнаас тодруулахад “Монгол Улсын хоёр иргэн хоргодох байранд орсон. Иргэдээ татан авах асуудлаар Нэгдсэн Үндэстний Байгууллага болон бусад олон улсын байгууллага, Элчин Сайдын Яамдтай өдөр тутам холбогдон ажиллаж байгаа. Олон улсын нислэг хийгдэхгүй байгаа тул бүгд ижил нөхцөл байдалтай байна. Манайхаас анхаарал тавин ажиллаж байгаа” гэсэн юм.

Categories
гадаад мэдээ нийгэм

Хиймэл оюун ухаанаар гар хийцийн зэвсэгтэй тэмцэнэ DNN.mn


Японы цагдаа нар гар хийцийн буу, тэсрэх төхөөрөг хийхтэй холбоотой цахим орчин дахь мэдээллийг илрүүлэхэд хиймэл оюун ухаан ашиглахаар шийджээ. Тухайлбал, Үндэсний цагдаагийн газар “Natural Language Processing” хэмээх технологийг есдүгээр сараас нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь бичвэрүүдэд дүн шинжилгээ хийж, хүний амь насанд ноцтой эрсдэл учруулж болзошгүй агуулгатай мэдээллийг онцлон харуулна.

Тус байгууллага нь энэ оны хоёрдугаар сараас эхлэн цахим хуудасны менежерүүдэд галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх төхөөрөг хэрхэн хийх тухай агуулга бүхий мэдээллийг устгах хүсэлт тавьж байгаа юм.

Дээр дурдсан технологийг “Twitter” болон “YouTube” платформ дээрх нийтлэлүүдэд ашиглах бөгөөд түлхүүр үгсийг хайх замаар хор хөнөөлтэй контентуудыг цагдаа нараас илүү сайн илрүүлнэ хэмээн найдаж байгаа ажээ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

“Дусал цус-Дүүрэн амьдрал-2” аян нээлтээ хийлээ DNN.mn

“Дусал цус-Дүүрэн амьдрал-2” аяны нээлтийг АШУҮИС-ийн “Оюутны Эко” цогцолборт хийлээ.

АШУҮИС нь 2021-2022 оны хичээлийн жилээс чадвартай сайн эмч мэргэжилтэн бэлтгэн гаргахын зэрэгцээ тэднийг зөв сайн хүн байхад чиглүүлсэн ”Оюутны хөгжил” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Дусал цус-Дүүрэн амьдрал-2” авлагагүй, сайн дурын цусны донорын аяныг санаачлан Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран хэрэгжүүлсэн.

Аянд төрийн өмчийн зургаан их сургуулийн 3818 багш, ажилтан, оюутныг хамруулан 1067 литр цус цуглуулсан нь арван мянга гаруй хүний амь насыг аварч, цусны нөөцийг хоёр дахин нэмэгдүүлсэн түүхэн амжилт болсон юм.

Оюутан залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэхийн хамт хүмүүнлэгийн үйлсийг дэлгэрүүлэх зорилго бүхий “Дусал цус-Дүүрэн амьдрал-2” аянд төрийн болон хувийн хэвшлийн 18 их, дээд сургууль нэгдэж буй бөгөөд аяны нээлтэд АШУҮИС, ЦССҮТ, ДХИС, ХААИС, ШУТИС, “Ач” АУИС, “Этүгэн” их сургууль, ИЗОУИС, ОУЭЗБИС, МҮИС, МУИС-ийн удирдлага,Оюутны хөгжил удирдлагын газар, Оюутны холбоо, сайн дурын улаан загалмайчид оролцов. Энэ удаагийн аяныг “Этүгэн” их сургууль түүчээлэхээр шилжин явах цом зургийн цомог, хүндэтгэлийн дэвтрийг хүлээн авлаа.

“Этүгэн” их сургуулиас эхэлсэн “Дусал цус-Дүүрэн амьдрал-2” аян өнөөдрийн байдлаар долоон их, дээд сургууль дээр 12 өдөр үргэлжилж 1128 нэгж цус цуглуулсан үр дүнтэй байна. Аян ХААИС, ШУТИС дээр үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Насанд хүрээгүй хөвгүүд автомашин хулгайлсан хэрэг гарчээ DNN.mn

Насанд хүрээгүй хөвгүүд бусдын автомашиныг хулгайлсан хэрэг энэ сарын 17-18-нд шилжих шөнө гарчээ.

Тодруулбал, “Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан “Honda Fit” маркийн тээврийн хэрэгсэлд дөрөвдүгээр сарын 17-18-нд шилжих шөнө алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Уг хэргийг 16 настай “Ш” болон 17 настай “Н” нар нь бүлэглэн үйлдсэн болохыг шалгалтын ажиллагаагаар тогтоосон байна. Тус дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид тухайн хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Иймд иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ хяналтын камер, харуул хамгаалалттай зогсоолд байрлуулах, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт шуурхай мэдээлэхийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс анхаарууллаа.

Categories
гадаад мэдээ нийгэм

Молдова улс Оросын нөлөөг эсэргүүцэв DNN.mn

ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан жижиг улс болох Зүүн Европын хамгийн ядуу Молдова улс удахгүй болох орон нутгийн сонгуулийн өмнө ОХУ-ын төлөөлөгчдийг тус улсад оруулахыг хориглож, Москвагийн улстөрчдийг дотоод хэрэгтээ оролцохгүй байхыг уриалжээ. Тус улсад ороннутгийн сонгууль энэ сарын 30-нд болох товтой байгаа юм.

ОХУ-ын Татарстан мужийн захирагч Рустам Минниханов Татарстаны засгийн газрын онгоцоор Молдовад ирсэн ч түүний онгоцонд газардах зөвшөөрөл өгөөгүй байна. Молдовын цагдаагийн газраас хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлд, Рустам Миннихановын айлчлал нь сонгуульд оролцож буй Оросын талыг баригчдыг дэмжих зорилготой байсан гэжээ. Түүнчлэн тус улсын Хилийн хамгаалалтын албаны газраас “Молдовын орон нутгийн сонгуульд хэн нэгэн нэр дэвшигчийг дэмжих гэдэг нь үндэслэлтэй шалтгаан биш бөгөөд Оросын хүнд сурталтнуудыг манай улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг манай улсын эрх баригчид хүсч байна” гэж мэдэгдсэн байна. Харин Рустам Минниханов олон нийгмийн сүлжээнд нийтэлсэн бичлэгтээ, “Төлөөлөгчдийг хилээр нэвтрүүлээгүй нь харамсмаар үйлдэл” гээд “Түрэг үндэстнүүдийн өлгий болох Татарстан, Гагаузийн ард түмэн нь “ахан дүүс” гэж мэдэгджээ. Гагаузия нь Оросыг дэмжигч, үнэн алдартны шашинтай түрэг үндэстнүүдийн оршин суудаг Молдова улсын автономит муж юм. Молдова улсын газар нутгийн багахан хэсэг болох Транснистрийн бүс нутаг Оросын эрх баригчдын дэмжлэгтэйгээр салан тусгаарласан боловч бусад улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа юм. Одоо тус бүс нутагт ОХУ-ын 1400 орчим цэрэг тогтмол байрлан ЗХУ-ын үеийн сумны томоохон агуулахыг хамгаалж байдаг аж.

Хөрш Украинтай зэрэгцэн өнгөрсөн жил Европын холбоонд элсэх хүсэлтээ гаргасан Молдова улс нь ОХУ-ыг улс орныг нь тогтворгүй болгохыг оролдож байна гэж удаа дараа буруутгаж байгаа юм. Оросын байгалийн хийнээс 100 хувь хамааралтай Молдовад эрчим хүчний хямрал үүссэнээр инфляци өсч Молдовыг бүхэлд нь хамарсан улс төр, эдийн засгийн хямрал 18 сар үргэлжилсний эцэст Молдовын өмнөх засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сард огцорсон. Тус улсад нийгмийн талцал үүсгэж, тогтворгүй байдлыг бий болгоход ОХУ төрийн бус байгууллага, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан Молдова улсад зөөлөн хүчний бодлого явуулдаг гэж буруутгаж байгаа билээ.

.

Categories
мэдээ нийгэм

77 айлын газрыг чөлөөлж, гэр хороололд зургаан эгнээ зам барьж эхэллээ DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 6, 23, 30 ,31, 37, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх 3,6 км урттай энэ замыг барихын тулд 77 айлын 289 нэгж талбарыг чөлөөлөхөөр төлөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар 255 нэгж талбар буюу 71 айл газраа чөлөөлснөөр Толгойт бүсийг Гэмтлийн эмнэлгийн авто замтай холбох автозамын ажил эхэллээ. Гэр хороолол дундах зургаан эгнээтэй авто замыг 2024 оны 6 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Энхцэцэг: Иргэний үндсэн эрхийн гомдлыг Цэц хянадаг болох нь том дэвшил DNN.mn

Хуульч, судлаач Н.Энхцэцэгтэй ярилцлаа.


-ҮХНӨ-ийн төсөлд “Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ” хэмээх заалтыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуульд “Монгол Улсын төрийн дээд БАЙГУУЛЛАГУУД байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ” хэмээн заасан байдаг. Төрийн дээд байгууллагууд гэдэгт Ерөнхийлөгчийн институц, УИХ, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн Цэц зэрэг төрийн том институциуд хамаарна. Тэгвэл одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хуулиар эдгээр төрийн байгууллагууд байгаа хотыг улсын нийслэл хэмээн тодорхойлсон байгаа юм. Тиймээс Үндсэн хуулийг зөрчихгүй байх үүднээс энэхүү байгууллагууд бүгдээрээ Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулах ёстой болчихоод байгаа юм л даа. Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Монгол Улсын төрийн эрх барих дээд БАЙГУУЛЛАГА байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ” хэмээн заасан байна. Байгууллага, байгууллагууд гэх энэ үгнээс маш том агуулга яригдана.

онгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага бол зөвхөн Улсын Их Хурал. Тэгвэл ҮХНӨ-ийн төсөлд туссан зохицуулалтаар Улсын Их Хурал байгаа хотыг Улсын нийслэл хэмээн ойлгож болох гэсэн үг.

УИХ-аас бусад төрийн том институциуд Хархорин юм уу, Хөшигийн хөндий ч гэдэг юм уу, эсвэл бусад томоохон хотууд руу нүүх боломж бүрдэж байна гэж ойлгож болно. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн институци Хархорин хотод байрлах боломжтой болох нь. Ер нь хот хөдөөгийн тэнцвэрийг хангая, төвлөрлийг сааруулъя гэж олон жил ярьж байгаа. Тэгвэл энэхүү заалтаар эдгээрийг ажил хэрэг болгох боломжтой байна гэсэн үг.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд хүний эрхийн баталгааг хангахтай холбоотой хоёр ч заалт орж буй. Тэрхүү заалтуудад та ямар дүгнэлттэй байна?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал жил гаруйн өмнөөс яригдсан. Дунд нь шинэ Үндсэн хуулийн хувилбар ч танилцуулагдсан. Тэгвэл Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг олон нийтэд танилцуулж санал авч байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах галт тэрэг хөдөлсөн гэж ойлгож байна. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв, буруу эсэхийг ярих нь илүүц болов уу. Нэгэнт өөрчлөлт оруулах нь тодорхой болсон энэ нөхцөлд аль болох легитим өөрчлөлт оруулах талаас нь нийгмийн хэлэлцүүлэгт оролцож үзэл бодлоо солилцох нь зүйтэй гэж хуульч, судлаач хүний хувьд үзэж байгаа.

Хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Үндсэн хуулийн 66.1, 66.2-т зарчмын томоохон өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан байна лээ. Үндсэн хуулийн төвлөрсөн хяналтын системтэй улсууд буюу Европ загвар гэдэгт Үндсэн хуулийн бие даасан шүүхтэй улсыг хэлдэг. Эдгээр улсад Үндсэн хуулийн шүүхэд ерөнхийдөө хувь хүн эсхүл төрийн тодорхой инститүцүүд хандаж болдог. Хувь хүний тухайд үндсэн хуулийн шүүхэд шууд ба шууд бусаар хандаж болдог.

Өөрт хамааралтай асуудлаар шууд хандахын тухайд, Нэгдүгээрт, тухайн иргэн өөрийнх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө зөрчигдсөн гэж үзвэл Үндсэн хуулийн шүүхэд норматив болон нэг бүрчилсэн актыг өөрсдийн хэрэгт хамааралтайгаар хянуулах эрхтэй байдаг. Үүнийг “үндсэн хуулийн иж бүрэн гомдол” гэдэг. Мөн хувь хүн норматив актад үндэслэсэн нэг бүрчилсэн акт өөрийнх нь үндсэн эрхийг зөрчсөнтэй холбоотойгоор норматив актыг нь хянуулахаар Үндсэн хуулийн шүүхэд гомдол гаргаж болно. Манай өнөөгийн Үндсэн хуулийн 66.1-д зааснаар “иргэдийн өргөдөл, мэдээллийн” дагуу Цэц өөрийн санаачилгаар маргааныг хянан шийдвэрлэж ирсэн. Үүний иргэний өргөдөл гэдэг нь Үндсэн хуулийн гомдлыг ойлгоно хэмээн манай нэртэй эрдэмтэн, судлаачид тодорхойлсон байдаг. Гэхдээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд яг өөрт хамаатай асуудлаар гомдол маргаан шийдвэрлэж байсан тохиолдол үндсэндээ гараагүй гэж хэлж болно. Яахав ганц нэг өөрийн үндсэн эрхтэй холбогдуулан өргөдөл гаргаж шийдвэрлүүлсэн тохиолдол байдаг л даа.

Тиймээс өнөөдрийг хүртэл иргэний үндсэн эрхийн тодорхой зөрчил, тухайлбал өөртэй нь холбоотой халдашгүй чөлөөтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь хянан хэлэлцэх эрх зүйн орчин үндсэндээ байхгүй байна гэж хэлж болно.

Тэгвэл, Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд хувь хүний үндсэн эрхийг хамгаалахтай холбоотой үндсэн хуулийн иж бүрэн гомдолыг Цэцэд хандаж гаргаж болох эрх зүйн үндэсийг 66.1-д өөрчлөлт оруулах замаар баталгаажуулахаар төлөвлөсөн нь хүний эрхийг дотоодын механизмаар хамгаалахад гарч буй том дэвшил гэж харж байна. Үүнийг одоо хэрэгжих боломжгүй, цаг үе нь биш гэсэн аргумент гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ мэдээж хэрэг хэрхэн хэрэгжүүлэх талаар Үндсэн хуулийн цэцийн тухай хууль болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулж болно шүү дээ. Хэрэгжүүлж эхлэх хугацааны хувьд ч тодорхой бэлтгэл хангах хугацаа тогтоох боломжтой. Тиймээс ямартаа ч эрх зүйн үндэсээ бий болгож авах нь хүний эрхийг хамгаалах тогтолцоогоо хөгжүүлэх зайлшгүй алхам гэж үзэж байна.

Шууд хандах өөр нэг арга зам нь actio popularis зарчим буюу парламентаас баталсан хууль тогтоомж, түүний тодорхой зүйл, заалт иргэний үндсэн эрх, эрх чөлөөг зөрчиж байна гэж үзсэн хэн бүхэн өөрт нь хамааралтай байхыг шаардахгүйгээр үндсэн хуулийн шүүхэд хандаж хийсвэрээр хянуулах хүсэлт гаргаж болно.

Манай улсын хувьд энэ арга зам Үндсэн хуулийн Цэцийн маргаан хянан шийдвэрлэх үндсэн арга хэрэгсэл болж ирсэн. 1992 оноос хойш өнөөгийн байдлаар нийт 299 Цэцийн шийдвэр байгаагийн 98 орчим хувь нь “иргэдийн мэдээлэл”-д үндэслэсэн байгаа юм. Энэ арга замыг өнөөдөр Мальт, Хорват зэрэг маш цөөн улс оронд хэрэглэдэг. Энэ арга зам нь урвуулан ашигласан гомдол гаргах өргөн боломж олгодог гэдэг үүднээс ер нь улс орнууд төдийлөн хэрэглэдэггүй. Унгарт энэ аргыг 1990 оноос хэрэглэж байгаад 2012 онд халж, иргэдийн үндсэн хуулийн гомдол гаргах арга хэрэгслийг нэвтрүүлсэн. Тухайн үед Унгар улс үүнийг юу гэж зөвтгөж байсан гэхээр, нэгт Үндсэн хуулийн шүүхийнхээ практикийг хөгжүүлэхэд тустай, мөн хүчин төгөлдөр хуулиудыг Үндсэн хуульдаа нийцүүлэн өөрчлөх боломж гэж үзэж байсан.

-Өөрт хамааралгүй асуудлаар иргэд гомдол гаргахаа больчихвол хэн Цэцэд хандах вэ?

-Үндсэн хуулийн 66.2-т Хүний эрхийн үндэсний комисс Цэцэд хүсэлт гаргах боломжтой байдлаар тусгасан байна лээ. Ер нь Европ загварын үндсэн хуулийн шүүхтэй улсуудад омбудсмен зэрэг хүний эрхийн байгууллага болон бусад байгууллагууд нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор “нийтийн өргөдөл гаргагч”-ийн хувиар өргөдөл гаргаж болдог. Ингэхдээ жишээ нь, шинээр гаргасан актыг хүчин төгөлдөр болсноос хойш тодорхой хугацааны дотор Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянуулахаар Үндсэн хуулийн шүүхэд шууд хүсэлт гаргаж болдог. Мөн 66.2-т бас нэг чухал өөрчлөлт туссан байна. Энэ нь Улсын Их Хурал, түүний нийт гишүүний аравны нэгээс доошгүй гишүүн Цэцэд хандаж хүсэлт гаргах боломж. Одоо зөвхөн УИХгэж ерөнхийлөн заасан байгаа тул УИХ-ын зохион байгуулалтын үүднээс үндсэндээ хүсэлт гаргах боломжгүй.

Өдгөө хүртэл нэг ч удаа УИХ-аас Цэцэд хянуулахаар хүсэлт гарч байгаагүй байдаг. Үндсэн хуулийн абстракт хяналт нь улс төрийн үйл явцад Үндсэн хуулийг хэрэгжүүлэх хамгийн чухал арга хэрэгсэлд тооцогддог. Учир нь улс төрийн буюу парламентын олонх эрх мэдлээ урвуулан ашиглахаас сэргийлэх үүднээс парламентын цөөнхөд “хяналт тэнцэл” хангах боломж олгодог арга хэрэгсэл. Жишээлж үзвэл, саяхан батлагдаж Ерөнхийлөгчийн хориг тавигдаад байгаа Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хууль Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний үндсэн эрхийг зөрчиж байна гэж үзсэн парламентын цөөнх Үндсэн хуулийн цэцэд хандаж хянуулах боломжтой гэсэн үг.

Categories
мэдээ улс-төр

Я.Содбаатар: Хуулийн этгээд улстөрийн намд 27 сая, иргэн 6 сая төгрөг хандивлах боломжтой DNN.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд тус хуулийн төслийг оруулж ирсэн нь цаг үеэ олсон явдал боллоо гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж, зарчмын хувьд дэмжиж буйгаа хэлж байв. Ингээд гишүүдийн зүгээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатараас хуулийн зохицуулалтын талаар тодруулж байв. Тэрбээр тэдгээр асуултад “Хуулийн төсөлд улс төрийн намуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, бодлогын институт болгон төлөвшүүлэх, санхүүжилтийг ил тод, нээлттэй болгох, тэгш оролцоог хангах, дотоод ардчиллыг нь бэхжүүлэхэд чиглэсэн онцлох зохицуулалтуудыг тусгайлан багтаасан. Өнөөгийн улстөрийн намууд хурлаа ч хийдэггүй явж ирсэн байх жишээтэй. Өнөөдөр Дээд шүүхэд 35-36 нам бүртгэлтэй ч өнгөрсөн хугацаанд нэг л нам хурлаа хийж ирсэн байна. Улстөрийн намууд хуульд заасны дагуу хурлаа хийдэггүй, тайлангаа хүргүүлдэггүй, сонгуульд оролцохгүй бол идэвхгүй хэлбэрт шилжүүлэх, цаашлаад татан буулгах хүртэлх арга хэмжээг авдаг болно. Өөрөөр хэлбэл, энэхүү хууль хэрэгжсэнээр улстөрийн намуудад тавигдах хариуцлагын түвшин нэмэгдсэнээр Дээд шүүхэд бүртгэлтэй намуудын тоо эрс цөөрнө.

Гишүүнчлэлийн тухайд намын, сонгуульт, дэмжигч гишүүн гэж байж болохоор тусгасан. Намын гишүүн нь намын зорилго, үзэл баримтлал, хөтөлбөр, дүрмийг хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр намд эвлэлдэн нэгдэж элссэн, татвараа төлдөг, тухайн намын үйл ажиллагаанд саналын болон сонгох, сонгогдох эрхтэйгээр оролцох иргэнийг хэлнэ. Дэмжигч гишүүн нь намын зорилго, үзэл баримтлалыг сайн дурын үндсэн дээр дэмжин, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог иргэнийг, сонгуульт гишүүн нь намаас төрийн улс төрийн албан тушаалд нэр дэвшин сонгогдсон болон намын бүх шатны удирдах, төлөөллийн, гүйцэтгэх байгууллага, удирдах албан тушаалд сонгогдсон хүнийг хэлнэ.

Түүнчлэн улс төр дэх мөнгөний нөлөөллийг бууруулахад бид анхаарах цаг нь болсон. Тиймээс улс төр руу орж ирж буй хандив, түүний хэмжээг тодорхой зааж өгсөн. Тухайлбал, хуулийн этгээд эцсийн өмчлөгчөөрөө жилийн хугацаанд нэг улстөрийн намд одоогийн ханшаар 27 сая төгрөг, иргэн жилд нэг намд 6 сая төгрөг хандивлах боломжтой. Ийм байдлаар тодорхой зааж өгөөгүйгээс мөнгөний захиалга өгдөг, авлига, хээл хахуулийн үндэс болж байгаа учир ийнхүү зааж өгсөн. Мөн зарцуулалтын хувьд 15 хувийг нь судалгаанд, 15 хувийг нь иргэдийг соён гэгээрүүлэхэд, 20 хувийг нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлэгт зарцуулна гэхчлэн тусгасан” гэсэн тайлбарыг өгч байлаа.

Тус хэлэлцүүлэг чуулганы үдээс хойших хуралдаанаар үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 13 ажил, үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ DNN.mn

Монгол Улсын Засгийн газар 2022 онд Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний тухай 340 дүгээр тогтоолыг баталсан. Уг тогтоолын дагуу төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор төрийн зарим чиг үүрэг, ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр болсон юм.

Нийслэлийн зүгээс тогтоолын хэрэгжилтийг хангаж, хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой ажлын ачааллыг бууруулах, үйлчилгээг сайжруулах бэлтгэл ажлыг хангаад байна. Тодруулбал, УБЗАА, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв болон таван дүүргийн 11 ОНӨААТҮГ-ын 13 ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр холбогдох судалгааг хийж байна. Ингэхдээ сонгон шалгаруулалтын үндсэн дээр зохих хууль, журмын дагуу тэнцсэн иргэн, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах юм.

Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх үйлчилгээнд дараах ажлууд хамаарна. Үүнд:

  • Нийтийн бие засах газрын үйлчилгээ
  • Гудамжны дүрс бичлэгийн техник хэрэгслийн арчилгаа, засварын үйлчилгээ
  • Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хог цуглуулалт, тээвэрлэлтийн үйлчилгээ
  • Хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээ
  • Хог ачих, буулгах, ангилан ялгах, хогийн сав байршуулах
  • Дахин боловсруулахтай холбоотой сургалт зохион байгуулах зэрэг орох юм.

Тухайлбал, УБЗАА-наас автобусны эцсийн болон дундын буудлуудын орчны тохижилт, нийтийн бие засах газрын үйлчилгээ, үйл ажиллагааг сайжруулахын тулд үйлчилгээ эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг сонгон шалгаруулж байгаа. Тус чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд нь нийтийн бие засах газар, автобусны эцсийн болон дундын буудлуудыг түшиглэн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, реклам, сурталчилгаа явуулж, ашиг орлого олох, олсон орлогоосоо тус объектын ашиглалтын зардлыг санхүүжүүлэх юм. Мөн үйл ажиллагаа явуулж байгаа байгууламжийг өргөтгөх, сэргээн засварлах, буулгаж газар дээр нь шинээр байгууламж барих боломжтой. Гэхдээ тухайн газар нь нийслэлийн өмчлөлд байх бөгөөд газар ашиглалтын урт хугацааны гэрээ байгуулах юм. Түүнчлэн нийтийн бие засах газар байхгүй, хүн ихээр зорчдог газруудад нийтийн бие засах газар шинээр барьж, хамтран ажиллаж болно.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтэс /11-315333/-т хандан дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Эрхэмбаяр: Цөлжилтөөс сэргийлэх хамгийн эхний ажил нь бэлчээрийг хуваарилах юм DNN.mn



Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбооны тэргүүн, Хөдөө аж ахуйн ухааны доктор Л.Эрхэмбаяртай ярилцлаа.


-Та сошиалд “Мал аж ахуй хаашаа явах вэ” хэмээх нийтлэл бичсэн байна лээ. Түүнд малын тоо толгойг бууруулах шаардлагатай гэсэн байсан. Малын тоо толгойг бууруулахын тулд ямар ажил хийх шаардлагатай вэ?

-Энэ бол үр ашгийг нэмэгдүүлж, байгаль орчинд ээлтэйгээр мал аж ахуйн салбарыг эрхлэх цогц асуудал юм. Энэхүү цогц асуудлын нэгийг нь онцолж ярихаар хүмүүс түүн рүү туйлширч ойлгоод байна. Мал аж ахуйн салбарыг эрчимжүүлэх хэрэгтэй. Бэлчээрийн мал аж ахуйгаа эрчимжсэн мал ахуйтайгаа хослуулах ёстой. Ингээд бодохоор хаа байсан Алтайн баруун хязгаарын малчдыг хүртэл хэлж байна, Ховдын хязгаарт нутагладаг хүнийг хүртэл хамруулж байна гэж ойлгодог. Нийгэм үүнийг савлагаатай, боловсруулалтгүй хүлээж авах тал байна. Хаанаас эхлэх ёстой вэ гэхээр Бэлчээрийн тухай хуулиасаа эхлэх ёстой. Газар бол бүх юмны эхлэл. Газраа зөв хуваарилан, бэлчээрээ талхлахгүй ажлаа зөв эхлүүлэх ёстой. “Хаяа багтахаараа бууж, хамар хатгахаараа иднэ” гэдэг хуучны үг цаг үеэсээ хоцроод, өнөөгийн нийгэмд нийцэхээ больсон. Бэлчээр эзэнтэй болохоор газрыг цөлжүүлэхгүй байх, талхагдалд оруулахгүй байх үүргийг эзэн нь хүлээнэ. Энэ ажлаас л эхэлнэ гэсэн үг л дээ. Хүнд бэлчээрийг нь заагаад, гаргаад өгчихөөр түүндээ багтсан хамгийн өндөр үр ашигтай мал аж ахуйг эрхлээд эхэлнэ.

-Энэ асуудлыг малчин дангаараа хийнэ гэхээр нэг бодлын өрөөсгөл байх л даа?

-Энэ ажлыг жирийн малчдад даатгаад, тэдний үгээр явбал нэлээд их хохирол, зовлон үзнэ. 10, 20, 30 жилийн хойно хохирлоо үзээд өнгөрсний дараа сэргээхээс эхлээд дахиад л явна гэсэн үг. Тиймээс нөхцөл байдлыг том зургаар нь харж, эрдэмтэн судлаачид, бусад улс оронд очиж юм үзэж нүд тайлсан хүмүүсээрээ удирдуулан, зарим зүйлүүдийг захиргааны маягаар шийдэж явах нь зүйн хэрэг. Дан малчдад даатгаад, тэдний санаагаар явна гэвэл 40-50 жил орно. Тиймээс малчдаа соён гэгээрүүлэх, ойлгуулах ажлаас эхлэх хэрэгтэй.

-Малчдыг яаж соён гэгээрүүлж боловсруулах вэ?

-Бодит байдал дээр өөрсдөө хохироод, хор нөлөөг нь үзээд эхнээсээ мэдрээд байна л даа. Дээрээс нь энэ маягаараа үргэлжлээд байвал бид байгаль орчноо улам сүйтгэнэ гэдгийг ойлгуулах, таниулах нь зүйтэй. Тал талаасаа ажиллах л хэрэгтэй.

-Нөгөө талаасаа “Мянгат малчин, Аймгийн сайн малчин, Улсын сайн малчин” гэх мэт шагналд дулдуйдаад малаа олон л болгох ёстой гэх ухагдахуун суугаад байна шүү дээ. Энэ байдлыг яаж засах вэ?

-Аливаа шинэчлэл өөрчлөлт зохих хэмжээний хохирол амсах, маш их хөдөлмөр зарцуулах, тогтоосон журмыг биелүүлэхээс өөр аргагүй байдалд орох, эцэстээ тулах гээд зөндөө юм байна.

Мэдээж хэрэг үүнийг нүд ирмэхийн зуурт 1-2 жилийн дотор хийх гэж байгаа юм биш. Аажим алгуур, хууль эрх зүйгээ зөв болгоод, 5-10 жилийн дотор байгаль орчиндоо ээлтэй мал аж ахуй руу шилжих тал руугаа хандах ёстой. Хүмүүс уламжлалт мал ахуйгаа байхгүй болгочих юм шиг яриад байдаг. Тийм зүйл огт байхгүй. Тэр тусмаа хангайн өндөр ууланд, Алтайн өндөр ууланд, говь талд байгаа хүмүүс байдгаараа л байна. Эхлээд нягтрал их үүсч буй, төв суурин руугаа тэмүүлж байгаа, малын урсгал хэтэрхий их, малын бөөгнөрөл үүссэн газрууддаа хосолсон мал ахуйг эхлүүлэх ёстой. Тэртээ тэргүй бэлчээрийн хомсдолтой юм чинь сайн тариалсан таримал тэжээлээр малаа тэжээгээд өвөл, хавраа ав. Энэ хооронд зарим нь бордоод таргалуул. Хавар нь маханд борлуул. Борлуулах үйл ажиллагаа ганцхан намар болдог биш жилийн дөрвөн улирлын туршид нойтон, шинэ махтай баймаар байна. Энэ хэрэглээ рүү Монгол Улс шилжих ёстой.

-Эдгээр асуудлаа шийдчихсэн ферм болон хосолсон мал аж ахуйтай иргэдэд хугацаа хожих боломжтой л юм байна. Тийм үү?

-Боломжтой. Тэжээлийн хангамжаа шийдчихсэн, малын үүлдэр угсаагаа шийдэж байгаа, хөрөнгө оруулалт, техник тоног төхөөрөмжөөс авахуулаад шийдчихсэн малчид, мал бүхий иргэд, аж ахуйн нэгжид шууд бэлчээрийг нь хуваарилж өгөөд, ажлыг нь эхлүүлэх нь зүйтэй. Үүнээс санаа аваад, бусад нь даган дуурайгаад хийдэг. Тиймээс даган дуурайлгах, үлгэрлүүлэх, манлайлуулах, түүчээлүүлэх асуудлыг зэрэг зэрэг авч явна. Мянга сонссоноос нэг үз гэдэг. Бэлчээрийн мал ахуйг намар, зундаа хийгээд, эрчимжсэн мал аж ахуйг өвөл, хавартаа хийхийг хослуулна гээд байгаа юм. Энэ нь эрчимжээд байгаа юм огт биш. Өвөл, хавартаа малаа тураахгүй сайн тэжээгээд, байнгын зуны мал шиг байлгаж чадаж байгаа л асуудал. Ийм үед хэзээ ч малынхаа махыг борлуулж болно.

-Бэлчээр хуваарилна гэхээр маргаан үүсэх байх даа?

-Монголчуудад уул уурхайн хайгуулын лиценз авдаг шиг 50-60 мянган га талбай авчихаад юмаа хийдэггүй шунаг сэтгэлгээ бий. Хүн л юм хойно зөв л дөө. Тэгсэн хэрнээ түүнийгээ хүнд ч ашиглуулахгүй, өөрөө ч хэрэглээд гавьсан юмгүй, газрынхаа хэмжээнд таарсан үйлдвэрлэл явуулахгүй хашчихдаг. Журмаар үүнийг маш сайн зохицуулж өгөх ёстой. Танд бэлчээр ашиглах эрх олголоо. Та энд ажлаа хийхгүй нэг жил боллоо. Хоёр дахь жилээс багасгалаа. Таны газар ихэджээ. Энэ хэсгийг шилжүүлье гэх мэтээр зохицуулж болно. Үүнийг дамлан худалддаг, хоорондоо наймаалцдаг хэрэгсэл болгож огт болохгүй. Нэг ёсондоо цөлжилтөөс сэргийлэх хамгийн эхний ажил нь бэлчээрийг хуваарилах юм. Баг, сумын Засаг даргаас авахуулаад төрд ажиллаж байгаа дунд шатны ажилтан, дээд албан тушаалтан хүртэл үүнийгээ ерөнхий нэг бодлоготой, том зургаар нь ойлгосон байх шаардлага тулгарна. Тэгэхээр энэ зөвхөн малчдыг гэгээрүүлэх ажил биш. Шийдвэр гаргадаг, төрд ажилладаг, анхан шатны нэгжүүдийн удирдлага, төрийн албаныхныг ч гэсэн маш сайн гэгээрүүлж, ойлгуулах ажил бий. Үүнийгээ хийхдээ нэг долгион дээр, нэг бодолтой, нэг амаар ярьдаг байх хэрэгтэй. Багийн Засаг даргаас эхлээд Ерөнхий сайд хүртлээ бодлогоо ойлгочихсон байна гэсэн үг. Ингэхийн тулд нэг том стратегич байх ёстой. Түүнийхээ үгэнд ороод л, шийдвэр тушаалыг нь гүйцэтгээд явах нь зүйтэй.

-Сүүлийн үед мал махан тарга биш өөхөн тарга авах боллоо гэх болсон. Тэжээл, бордоогоор тэжээхэд мал яаж тарга авдаг вэ?

-Уургаар дутагдсан, өвөл хавартаа дан ганц бэлчээрээр хооллоод уураггүй болчихсон, хагд өвсөөр өлмөн зэлмэн бэлчээрлэсэн мал намрын авсан амьдын жин буюу махныхаа 30 хувийг алддаг. Зундаа бэлчээрлэсэн ч таргаа гүйцэд авч чадалгүй, махлаагүй байтал байгалийн өвс ургамал нь тослог тал руугаа болоод явахаар жаахан махан дээрээ өөх давхарлаад байдаг. Махан таргагүй. Тэгэхээр өвөл, хавар нэмэгдэл тэжээлээр сайн тэжээвэл махан таргаа алддаггүй. Өвөл, хавартаа тэжээлээр тордох нь нөгөө талдаа бэлчээрээ гамнаж байна гэсэн үг. Өвөлдөө өнжсөн бэлчээр дараа жил нь сайн ургана. Борог өвс чийг, ялзмагийг хадгалж байдаг. Хөрснийх нь улыг гартал идчихээр л цөлжилт болоод байгаа шүү дээ. Мал боргийг үлдээхгүйгээр идчихдэг. Алтай, Ховдын газар тариалангүй нутгуудад энэ нь хол сонсогдох байх. Яваандаа тэр бүс нутгийн нам дор газруудад нь малын ногоон тэжээл тариалдаг бизнесийг цэцэглүүлэх ёстой. Хаа байсан Говь-Алтай, Завхан, Ховдын өвөл хэрэглэх жаахан өвсийг Улаанбаатар, Дорнодоос татна гэдэг эмгэнэл. Ургуулдаг компаниудыг бойжуулж, өсгөх ёстой. Бидэнд хийх ажил маш их байна.

-Үүнд хэр хугацаа зарцуулах бол?

-Хүмүүс үүнийг ойрын 1-2 жилдээ хийчихнэ гэж хараад байгаа. Гэтэл маш сайн төлөвлөж, нарийн зохион байгуулалттай ажиллахад, үргэлжилсэн 5-10 жилийн хөдөлмөр орно.

-Малчид өөрсдөө тэжээл бордоогоо бэлтгэх боломжтой юу?

-Бусад оронд тэжээл бордоог бэлтгэдэг тусдаа компаниуд байдаг. Манайд нэг л хүн тэжээлээ ч тавьдаг, малаа ч хариулдаг, худгаа ч гаргадаг. Гэтэл дэлхийн бусад оронд энэ ажлууд бүгд төрөлжсөн. Тэжээл хийх хүн зөвхөн тэжээлээ л хийнэ. Малаа хариулдаг нь зөвхөн малаа л хариулна. Шилмэл хээлтүүлэг гэх мэтийг зөвхөн үржлийн фермээс авна. Юм болгоны эзэн байж болохгүй. Малчин хүн мянган мэргэжлийн эзэн гэж үг бий. Өнөөдрийн түвшнээс харвал энэ үг хоцрогдсон. Одоо чиглэл бүр нь мэргэшиж нарийсч байгаа. Энэ төрлийн компаниудыг төрөөс дэмжих хэрэгтэй. Олон компани гараад ирэхээр өрсөлдөөнөөс гадна төрийн зохицуулалт байх хэрэгтэй. Малчид компаниуд хорших ёстой. Хөдөлмөрөө, эд хөрөнгөөрөө хоршвол дундын үйлчилгээ бий болно. Солонгос, Япон, Ази, Европын орнуудад тэжээлийнхээ асуудлыг шийддэг өч төчнөөн аргууд байна. Түүнд суралцахаас ч өөр аргагүй. Бид үүнийг шийдэхгүй бол дэлхийн хөгжлөөс хоцрох гээд байна.

-Ямаа бас бэлчээрийн даацад их нөлөөлдөг гэх. Гэтэл төр бодлогоор өсгө гээд байдаг шүү дээ?

-Бог, бод мал хоёулаа байгаа бол бог мал нь нийт малын 30 хувиас хэтрэхгүй байх ёстой гэдэг. Үүнийг детальчилж яривал маш том асуудал л даа. Одоогоор детальчилж нарийн юм руу орж чадахгүй л явна.

-Бэлчээр, тэжээл бордоо, мал маллагаа гээд асуудлуудыг шийдээд ирэхээр малын махыг экспортод гаргах боломжууд нь хэр нээгдэх вэ?

-Бэлчээр хуваарилах гэдгийг хатуугаар ойлгож болохгүй. Өнөөгийн нөхцөлд хуваарилалт байхгүй учраас эрүүл өвчтэй нь мэдэхгүй айл болгоны мал хоорондоо холилдоод байдгийг л гадаадынхан дургүйцдэг юм шүү дээ. Тэгэхээр бэлчээрээ зөв зохистой хуваарилж өгөөд, тэр дотроо мал нь ямар ч өвчин эмгэггүй, хэдэн жил малын гаралтай ямар ч өвчин гараагүй, өөр айлын мал орж ирээгүй байхад л гадаад руу махаа экспортлох үүд хаалга улам бүр нээгдэх боломжтой. Ингэвэл махаа экспортлох гарц маш хялбар болно.

-Та дээр дурдахдаа тэжээл хийдэг хүн нь тэжээлээ, хариулдаг хариулгаа гэх мэтээр тус тусад нь хариуцаж хийнэ гэсэн. Тэгэхээр малыг өсгөхдөө нас насаар нь бас өсгөх ёстой юу?

-Бас л төрөлжинө. Жишээ нь, малчид ашиг орлогоо нэмэгдүүлье гэвэл хургыг 5-6 сартайд нь ялгаад, хурга борддог аж ахуй руу өгөөд мөнгөө авчихдаг. Тэр нь одооны нас бие гүйцсэн эм хонийг борлуулсан өртөгийн хэмжээнд хүрэх жишээний. Дараагийнх нь хурга бордох аж ахуй нь дахин арай үнэ цэнэтэй хонины мах үйлдвэрлэж, гадаадад гаргаж болно. Дотооддоо хэцүү л дээ. Гадаадад гаргахдаа ингэж үнэ цэнэ нэмэгдсэн бүтээгдэхүүн гаргах ёстой. Одоо манай малын мах Иран руу гурван ам.доллараар гарч байхад, Австрали хонины мах 7-8 ам.доллараар гарч байна. Хоёр дахин үнэтэй. Нэг төрлийн ижил чанартай, ижил стандарттай, ижил махан бүтээгдэхүүн гаргаад ирэхээр үнэ цэнэ нь нэмэгддэг. Бидний гаргаж буй хонины мах нэг бол тарган эсвэл туранхай, нэг бол зөөлөн шүүслэг эсвэл хатуу, нэг бол дандаа өөх эсвэл дан хар мах гэх мэтээр ямар ч стандартгүй. Стандартад нийцүүлж жигдлээгүй ийм бүтээгдэхүүн үнэд хүрдэггүй. Ер нь ямар ч бүтээгдэхүүн. Бид нэгэн жигд үнэ цэнэтэй мах болгохын тулд малчид заасан стандартын дагуу хургаа өсгөж, махлуулаад дараагийн мал бордох аж ахуй руу нийлүүлдэг. Мал бордох аж ахуй нь дахин дээд түвшинд хүргээд борлуулвал үнэд хүрнэ шүү дээ. Өртөг нэмсэн үнэ цэнэтэй бүтээгдэхүүн хамтаараа кластраараа үйлдвэрлэж чадахгүй байгаагаас болоод малчдаасаа авахуулаад, мах боловсруулах үйлдвэр, экспортод гаргаж байгаа компани хүртэл бүгд “боолын хөдөлмөр” хийж байна. Үүнийг бизнес гэж хэлэхэд хэцүү. Үнэнийг хатуу хэлэхээр доромжилж байна, худлаа гэж ойлгох гээд байдаг. Хатуу хэлсэн үг эмзэг ч гэсэн хүнд буудаг.

-Манайд бордоо тэжээл үйлдвэрлэдэг үйлдвэрүүд хэр бий вэ. Малынхаа хэдэн хувийг тэжээлээр хангах боломжтой вэ?

-Шууд тэдэн үйлдвэр гэж хэлэхээсээ илүү яг өнөөдрийн байдлаар тэжээл хэрэглэж үзээгүй малчид олон бий. Тэжээл хэрэглэхээр махных нь үнэ нэмэгдчихнэ. Тэгээд л байгальдаа найдаж хямдхан мах үйлдвэрлэж, гадаадад гаргах гэхээр стандартын жигдэрсэн шаардлага хангадаггүй. Ийм учраас тэжээлийн үйлдвэрүүд нь зарим жил ажиллаж чадахгүй, бүтээгдэхүүн нь борлогддоггүй. Бэлчээр өвс хадлан муу жил тэжээл авах гэхээр тэжээлийнхээ үнийг дийлэхгүй. Манай монголчууд малдаа мөнгө зарж үзээгүй. Дандаа л авдаг. Байгалиасаа ч тэр, малаасаа ч тэр. Энэ байгаа байдал нь байгаль цаг уур, дэлхийн уур амьсгалд нийцэхээ больчихоод байна. Хэдхэн цөөхөн тэжээлийн үйлдвэртэй мөртлөө бүтээгдэхүүн нь борлогддоггүй. Нөгөө талдаа тэжээлгүй учраас олон саяараа мал хиардаг. Ийм том эрсдэлтэй. Тэжээлийн үйлдвэр малчин хоёр хоорондоо авцалддаггүй. Иймэрхүү тохиргоон дотор л ажиллаж байна даа.

-Дэлхийн бусад орнуудад манайх шиг ингэж бэлчээрийн даац нь хэтрээд, эрчимжсэн мал ахуй руу шилжсэн туршлага бий байх. Та жишээ дурдахгүй юу?

-XVIII зуунд Англид “Хонь нь хүнээ барьж идэв” гэх хэлц гарч байсан. Энэ нь хонины тоо толгой маш ихээр өсч, цөлжилт явагдаад, ус бэлчээргүй болоод талхлагдаж, түүнээс нь болоод ийм хэллэг гарсан. Австралид гэхэд хонин сүргийн тоо толгой өсч, бэлчээрийн даац хэтрээд, жимс ногооны үр тариагаар хооллодог тоть нь хонины сэг зэмээр хооллодог махчин болсон ч гэж яригддаг. Эдгээр улс гэхдээ үйлдвэржилтээрээ ч тэр, давж гарсан туршлагаараа ч тэр 200 жилээр манайхаас түрүүлж яваа. Одоо тэдний техник технологийн хөгжлийг шууд л копидож авахаас өөр гарцгүй. Хоцрогдлоо давуу тал болгож, 200 жил зовж зүдэрсэн тэр туршлагыг нь бид 20 жилийн дотор суурьшуулах боломж байна. Канад улс бэлчээр нь маш их цөлжиж, доройтолд орж эхэлсэн. Тэд 1960-1970 оны хооронд бэлчээрийг хуваарилж, эзэнтэй болгох ажлыг хийсэн. Одоо маш сайхан болсон шүү дээ. Англи, Австрали гээд мал аж ахуйгаараа дэлхийд тэргүүлдэг орнууд бүгд л энэ зүйлийг даван туулаад, амсаад ирсэн. Ганцхан манайх ийм байдалд ороод байгаа зүйл биш л дээ.