Categories
мэдээ нийгэм

Есөн аймгийн 24 суманд 33 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ DNN.mn

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Архангай, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл Баян-Өлгий, Увс зэрэг 9 аймгийн 24 суманд 33 удаагийн ой, хээрийн гал түймрийн дуудлага бүртгэгдлээ.

Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 16 гэр, (сууц) 17 хашаа (саравч), 1 автомашин, 3250 мал, ойн 3294 га, хээрийн 255,404 га, нийт 258,698 га талбай өртсөн байна.

Ой, хээрийн түймэр унтраах ажиллагаанд Онцгой, Хил, Цагдаагийн байгууллага болон орон нутгийн нийт 1980 гаруй ажилтан, алба хаагч, 250 орчим автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа.

Иймд:

-Ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Ж.Золбаярыг нэг сарын хугацаатай цагдан хорино DNN.mn

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Ж.Золбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан /шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа/ үндэслэлээр Ж.Золбаярт 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Тувааны Цолмон: Өвөөгийнхөө байранд олон жил амьдарсан даа DNN.mn


Баруун талаас Б.Ринчен, гэргий О.Раднаа. Арын эгнээнд Р.Нямаа(Т.Цолмонгийн ээж), охин Т.Булган, Б.Лэгдэн А.Хабаева(Р.Барсболдын гэргий), Р.Шинза. 3 дахь эгнээнд Кара Семрита(Шинзагийн охин), Б.Дэнзэн(Р.Барсболдын хүү), Кара Дёрдин(Шинзагийн хүү).

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…


Соёл урлагийн их сургуулийн төгөлдөр хуурын багш, ардын жүжигчин Тувааны Цолмонтой ярилцлаа.


-Таныг Бямбын Ринчен гуайн зээ охин гэдгийг хүмүүс мэдэх байх. Эндээс яриагаа эхэлбэл ямар вэ?

-Бололгүй яах вэ. Өвөөгөө бодсон ч тэр, аав ээжээ бодсон ч тэр, би сэхээтний гэр бүлд төрсөн хүн. Өвөөг минь хэл шинжлэлийн нэртэй эрдэмтэн, зохиолч гэдгийг Монголын ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэднэ. Багад аав ээж гадагшаа ажлаар үе үе явдаг байв. Биднийг өвөө эмээ дээр л орхино шүү дээ. Өвөөгийнх зундаа Жаргалантын сангийн аж ахуйн орчим гардаг байсан. Гэрийн хоймор олбог дэвсчихээд бичгийн машин чанга цохин зохиолоо бичээд сууна. Дэргэд нь бид үймүүлээд, бужигналдаад л байна. Түүнд огтхон ч сатаарахгүй. Тоосон шинжгүй суугаад л байдаг сан. Инээдэмтэй нэг зүйл санаанаас гардаггүй юм. Өвөө зохиолоо бичиж байгаад өдрийн цагаар нэг хажуулдаг. Урт, гоё намирсан цагаан гэзэгтэй хүн шүү дээ. Нэг удаа өвөөг унтаж байхад би үсийг нь шүлсдэж байгаад олон салаа сүлжчихсэн. Зүггүйтэж байгаа минь тэр. Тэгтэл өвөө удсан ч үгүй “Академи дээр хуралтай” гээд яарч тэвдсээр босч ирдэг юм.

-Үсээ олон салаа сүлж- чихсэнийг мэдээд яасан бол?

-Ямар ч байсан муухай харж, уурлаж, загнаагүй юм даг. Ер нь их тайван хүн байсан. Ихэд яарч байсан болохоор бид үснийх нь олон салаа сүлжээг задлах гэж багагүй тэвдсэн санагдана. Зарим нэг сүлжээг нь задалж гүйцээгүй байхад самаар хүчтэй самнаад, дугуй хар малгайгаа дарж өмсөөд гарч билээ. Үс нь хими хийлгүүлсэн юм шиг буржийж долгиотоод, бид шоолж инээлдэн хоцорч байсан минь мартагддаггүй.

-Таныг хэдэн настай байхад өвөө тань бурхан болсон бэ?

-27-той байхад 1977 онд өнгөрсөн. Би чинь Москвад 10 жил хөгжмийн боловсрол эзэмшсэн. Энэ хугацаанд өвөөтэйгөө цөөхөн уулзсан даа. Өвөөг өнгөрөхөд нь Индра эгч дэргэд нь байж асарч байсан юм.

Өвөөгөө бие нь дор орчихож гэдгийг хэдийнээс мэдэрч байв?

-1975 онд өвөөгийн тухай маш муухай материал сонинд гарч байсан. Хэн гэдэг хүн, ямар зорилгоор юу гэж бичиж байсныг мэдэх нэг нь мэдэх болов уу. Би энэ тухай одоо яриад яахав. “Аав минь сайхан цагийн сэжүүрээс атгаж чадалгүй өнгөрсөнд нь харамсдаг” гэж манай нэртэй палентологич Р.Барсболд ах танай сонинд ярьсныг уншаад “Нээрээ ч тийм дээ” гэж санагдаж байлаа. Өвөө ходоодны хорт хавдраар өнгөрсөн. Ер нь сэтгэл санааны өвчин. Түүнийгээ нууж олон жил явсан. Хэрвээ эртхэн хэлж ярьсан бол тэр дор нь арга хэмжээ авч болох л байсан. Өвдөлтөө сүүлчийн мөч хүртлээ хэлээгүй шүд зууж явсан хүн дээ.

-Танай аавыг “Эрүүлийг хамгаалах яам”-ны сайд байсан Г.Туваан гэдгийг мэдэх хүмүүс цөөнгүй?

-Саяхан аавынхаа 100 насны ойг үр хүүхэд нь тэмдэглэсэн. Аавыг минь маш олон хүн таньдаг юм байна. Монголын ард түмэн мартаагүй юм байна гэдгийг мэдэрлээ. Аавын тухай яривал бас л барагдахгүй. Домог түүх болсон хүн.

-Ээж тань бас эмч хүн байсан?

-Тийм ээ. Р.Нямаа гэж Монголдоо нүдний анхны өндөр боловсролтой эрдэмтэн, ардын эмч хүн байсан. Бямбын Ринчений том охин.

-Ээжийнхээ дүү нартай харилцаа холбоотой байдаг биз дээ?

-Тэгэлгүй яахав. Ээжийн яг доод талын дүү Индра ХААИС-д насаараа багшилсан. Бас л доктор, профессор. Гурав дахь охин нь Шинза. Унгарт амьдарч байгаад хэдэн жилийн өмнө өөд болсон. Хар Дорж гэж нэртэй монголч эрдэмтэн байлаа. Түүний гэр бүлийн хүн байсан юм. Тэгээд бага нь Барсболд ах.

-Таныг өсч торних үед аав тань сайд байсан. Тэгэхээр “Сайдын охин” гэх ойлголттой бага нас чинь хамааралтай байсан нь мэдээж?

-Тэр үнэн. Намайг ухаан орж эхлэхэд л аав минь сайд байсан. Гэхдээ би сайдын охин гэж толгой дээгүүр өсөөгүй. Цаг үе болоод гэр бүлийн хүмүүжил ч өөр байсан. Манайх тийм ч баян цатгалан айл байсангүй. Нүхтэд зуслантай. Зундаа тэнд гарчихна. Засгийн ордны ар талын ягаан байрууд Улаанбаатарт анх баригдсан юм. Намайг төрөхөд манайх тэнд амьдарч байсан. Энэ чинь 1950-иад оны үе юм даа. Тэгээд дараа нь Дөчин мянгатын шинэ байранд орсон.

-Та эхээс хэдүүлээ вэ?

-Гурвуулаа. Том эгч Аминаа МУИС-ийн Гадаад харилцааны сургуульд багшилдаг. Дунд ах маань Баясгалан гэж хүн байсан. Мөн бага дүү Тувааны Булган гэж байна.

-Өргөж авсан юм уу?

-Үгүй ээ. Том эгчийн ууган охин нь. Өвөөгийнхөө гал голомтод мэндлэхгүй юу. Эгч сургуульд явахдаа аав ээж дээр орхиж. Булган ээжийн мэргэжлийг өвлөж авсан. Нүдний их эмч.

-Анх сургуульд орсон үеэ дурсвал?

-Багаасаа л урлагт дуртай байлаа. Бага байхад Москвагийн Большой театрын хамт олон манайд ирж Дуурийн театрт уран бүтээлээ толилуулдаг байв. Тэдний тоглолтыг үзээд сонгодог урлаг гэж юу болохыг зах зухаас нь мэдэрсэн. Ялангуяа Оросын сонгодог балетын бүжиг. Зургаан настай жаалхан охин шүтэн биширч байсан балетчныхаа бүжгийг үзээд багагүй цохилтод орж билээ.

-Та тэгэхээр балетын урлагт зүрх сэтгэлээ өгч байжээ?

-Тийм шүү. Балетын урлагтай холбоотой ном сэтгүүл, сонин, зураг юу л байна бүгдийг цуглуулна. Өрөөнийхөө ханаар дүүрэн наачихна. Тэгээд л тэрхүү зургуудаа хараад өнжинө шүү дээ. Энэ л надад урлагийн дотоод мөн чанарыг мэдрэх унаган мэдрэмжийг өгсөн байх. Ээж намайг урлагийн хүн болгох дургүй байсан юм. -Яагаад? -Амьдралыг бодитоор харахгүй, тийм нэг хөнгөмсөг хүн болчих вий гэж эмээж байсан болов уу. Харин аав урлагт чин сэтгэлээсээ хайртай гэдгийг минь ойлгоод ээжийг хөдөө явсан хойгуур Хөгжим бүжгийн сургуульд нууцаар аваачиж өгч байлаа. С.А.Ипатов хэмээх Оросын нэртэй төгөлдөр хуурын багш тосч авсан.

-Ээж тань яваандаа зөвшөөрсөн үү?

-Зөвшөөрөхөөс аргагүй болсон. Бүр дэмжсэн. Өөрөө унаган орос хэлтэй хүн байсан болохоор орос багш нартай зөвлөлдөж, нарийн ширийн зүйл ярьдаг байв. Надтай хамт орсон хүүхдүүд орос хэл мэдэхгүй. Би муухан гадарлана. Пүрэвдаваа гэж багшаар хөтөч хийж орос багш нартайгаа ойлголцдог байлаа.

-Орост 10 жил хөгжмийн боловсрол эзэмшсэн гэж дээр өгүүлсэн. Энэ тухайгаа жаахан дэлгэрүүлэхгүй юу?

-Хөгжим бүжгийн сургуульд 1958 онд орж суралцаад 1966 онд Орос явсан. Сонгодог урлагийн чиглэлээр суралцахаар арван хүүхэд явсан юм. Тав нь Москвад үлдэж, тав нь Ленинградад очсон. Би Ленинградын багт нь багтсан байлаа. Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Намсрайжавын Бүтэнбаяр, Чулууны Чинбат, Хөгжим бүжгийн сургуулийн багш, хийлч Алимаа, ардын жүжигчин Юндэндоржийн Оюун гээд Монголын сонгодог урлагт өөрийн нэр, мөртэй олон алдартнууд Оросыг зорьж байв. Цэдэнбал Филатова гуайн урилгаар явсан. Одоо эргээд бодох нь ээ, тэр хүн Монголын сонгодог урлагт асар том хөрөнгө оруулалт хийсэн байгаа юм. Биднийг дэлхийд цуутай тэр том том сургуулийн босгоор алхуулж, агуу их гүрний соёлтой танилцуулж, нүдийг минь нээсэн дээ. Тухайн үед Соё- лын яамны сайд нь Болд гуай байсан. Маш зоримог, хурц дайчин, хатуу шийдвэртэй хүн байв. Айлын эрх жаахан хүүхдүүдийг эцэг эхээс нь салгаад гадагшаа явуулах амаргүй байсан нь мэдээж.

-Та нар арван хэдэн настай байв уу?

-Би тавдугаар ангийн сурагч. 16 нас хүрч байсан. Бусад нь хоёр, гуравдугаар ангийнх. Галт тэрэгний буудал дээр бөөн уйлаан, майлаан болж байгаа юм. Тэр үед сүү их өргөдөг байж. Энд тэндгүй сүү өргөсөн, нулимсаа арчсан хүмүүс байж билээ. Ээж аав өвөл зуны хувцас, хоол хүнс гээд олон зүйл бэлдчихсэн. Ачаа дийлдэх арга алга. Сэмжид хэмээх гавьяат багш биднийг ганцаараа авч явж байв. Ачаагаа дийлэхгүй ядаж байхад олон галт тэрэг дамжсаныг яана. Аав намайг явуулахдаа их хямарсан. Тэгтэл мунгинаж байгаад гадаад паспортыг минь надад өгөлгүй өөрөө халаасалчихаж. Энэ тухай ээж дараа нь ярьдаг юм. Нүхтэд гэртээ ирээд гадуур гунихран алхаж байснаа гэнэтхэн дэвхцэж гүйгээд ирэв гэнэ. Паспорт өгөөгүйгээ мэдэж. Машин байхгүй. Эрүүлийг хамгаалах яамны жижүү- рийн машиныг гуйж Сүхбаатар хот руу давхисан гэдэг.

-Паспортоо орхисноо мэдээд яав?

-Гадаад паспортгүй хүн чинь яалт ч үгүй Сэлэнгийн Сүхбаатар хотод буухаар боллоо. Авч явсан хоол унд, хуушуур буузаа бүгдийг нь хамт яваа хүүхдүүддээ тараагаад өгчихөв. Сургуульд явна гэж гэрээсээ догдолж гарсан хүн чинь замд буух болсондоо гомдолтой байлгүй яахав. Ингээд хүссэн сургуульдаа явж чадсангүйдээ л гэж бодоход уйлмаар санагдаж байсан. Сүхбаатар хотод галт тэрэг зогсч, чемодантай хувцсаа барьсаар буутал аав өөдөөс паспортыг минь баруун гартаа дээр өргөчихсөн зогсч байж билээ. Тэрхүү дүр зураг одоо ч нүдэнд минь харагддаг.

Ленинградын Хөгжмийн их сургуульд очоод гэр орноо санах, хичээлээсээ шантрах үе гарч байв уу?

-Ленинградын их сургууль гэдэг хэний ч хүү зориглоод орж чаддаггүй өндөр босготой. Тэр том гүрний жинхэнэ авьяастай, шалгарсан, үндсэндээ гоц хүүхдүүд л суралцдаг. Тэдэн дунд ороод цочирдох, бараг чадахгүй нь гэж халшрах ч үе олон байсан. А.Е.Рубина гэж бурхан шиг багш анх хүлээж авсан. Сургуулийн танхим, орчин, багш нарынх нь хичээлээ заах арга барил, хэн хэнээ хүндэтгэх соёл, уур амьсгал огт өөр. Сургуулийнхаа үнэмлэхийг үзүүлээд Ленинградын алдарт Марийнский гээд том театруудад орж концерт үздэг байсан. Тэнд суралцсан зургаан жилийн хугацаа мэргэжил болон хувь амьдралд минь маш том дэвсгэр суурь болсон доо. Ингээд 1971-1975 онд Москвагийн сонгодог урлагийн академид төгөлдөр хуурынхаа мэргэжлээр дөрвөн жил суралцсан. Энэ үед ханьтайгаа учирсан юм.

-Гэр бүлийн тань хүнийг 1996 оны Ардчилсан холбоо эвсэл төрийн эрхийг барьж байхад Гадаад харилцааны сайд байсан Шүхэртийн Алтангэрэл гэдгийг олон түмэн мэдэх байх. Ханийнхаа тухай яриач. Анх танилцаж байсан үеэ дурсвал сонин болов уу?

-Манай хүн Ломоносовын их сургуульд хэл утга зохиолын чиглэлээр суралцсан. Төгсөхдөө нэрт зохиолч Ф.М.Достоевскийн шилдэг бүтээлийн судалгаагаар дипломын ажлаа онц хамгаалсан. Ш.Алтангэрэл өөрөө л надтай танилцахаар хүрээд ирсэн. Хөгжимд их дуртай. Оюутан байхдаа гитар тоглодог залуу байлаа. Мөн уран зурагт дуртай. Бид хоёр хамтдаа театрт очиж кино, жүжиг үзнэ. Орос бол үзэх юм ихтэй газар.

-Хань тань анх ямар бэлэг өгч байсныг санадаг уу?

-Ядуу оюутнууд байсан болохоор үнэтэй бэлэг өгч яаж чадах вэ. Цэцэг өгч байсан санагдана. Ш.Алтангэрэл ганц нэг хичээлдээ дургүй. Уул нь би өөртэйгээ ижил бүх хичээлд онц сургах санаатай. Тэгтэл манай хүн надад бүх анхаарлаа хандуулаад хи- чээлээ орхичих гээд байдаг. Ер нь залуучууд тийм л байдаг шүү дээ. Нэг удаа ямар ч баяр тохиолдоогүй байтал том баглаа цэцэг аваад ирдэг юм. “Яагаад өгч байгаа юм” гэхэд би нэг хичээлдээ уначихлаа гэж байсан. Тэр нь ямар хи- чээл байсныг санахгүй байна.

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Анхны хүүхэд хэдийд төрөв?

-Манайх ерөөсөө ганц охинтой. Охин Норжинбадам маань бид хоёрыг оюутан байхад төрсөн. 1973 онд. Аав Алтангэрэл бид хоёрт Элчин сайдын яаманд нэг өрөө байр авч өгсөн. Тухайн үед аав минь тэтгэвэртээ суусан байсан ч нэр нүүрээ ашиглаж охин, хүргэн хоёртоо байр авч өгсөн нь тэр. Хэрвээ аав минь байр авч өгөөгүй бол бид хоёр балрах байв.

-Хүүхдээ тэр байранд төрүүлсэн үү?

-Тэгсэн. Тухайн үед бүх юм хатуу байж. Алтангэрэлийн байранд очихоор гадны хүн гээд оруулахгүй. Манай сургууль бас тийм. Байр хөлсөлж сууя гэхээр мөнгө байдаггүй. Ийм үед аав минь байртай болгосон. Нэг өрөө байраа дундуур нь тасалгаа хийгээд гал тогооныхоо өрөөнд төгөлдөр хуураа байрлуулав. Прокатнаас авсан хуур л даа. Аав охиныг харахаар бид хоёр дээр хэсэг хугацаанд байсан. Дөрвүүлээ нэг өрөө байрандаа багтаж шахаж байхад манайхаар хүмүүс их ирнэ. Ялангуяа оюутнууд. Учир нь бид хоёр шиг баян оюутан байхгүй болохоор. Зарим үед хүмүүс багтахгүй ширээн доогуур орж хүртэл унтдаг сан.

-Та академи төгсч ирээд Хөгжим бүжгийн сургуульд багшилсан уу?

-Тийм. Мэргэжлийн төгөлдөр хуурын багшаар шууд томилогдож байгаа юм. Надаас өмнө С.Гончигсумлаа гуайн охин Эрдэнэчимэг багшилж байсан. Одоо Польшт амьдарч байгаа. 1981 онд сургуулийнхаа уран сайхны удирдагч болов. Ачаалал маш их нэмэгдэж байгаа юм. 1990 он хүртэл зүтгэсэн. 1990 онд СУИС дээр төгөлдөр хуурын мэргэжлийн анги анх нээсэн.

-Гавьяат жүжигчин цолыг хэдэн онд хүртсэн бэ?

-1981 онд. Тэгээд 28 жилийн дараа ардын жүжигчин боллоо. Би чинь анхны төгөлдөр хуурын профессор, ардын жүжигчин болж байна.

-Асуулгүй өнгөрч боломгүй нэг зүйл байна. Ханийгаа улс төрд ороход хэрхэн хүлээж авсан бэ?

-Баярлаж байсан. Яагаад гэвэл, эр хүн өөрийн гэсэн том орон зайг бий болгох ёстой. Энгийнээр хэлбэл, ачааны хүндийг үүрч сурах. Манай хүн Москвад сургууль төгсч ирээд хуучин Орос хэлний дээд сургууль (одоогийн Хүмүүнлэгийн ухааны их сургууль)-д гадаадын уран зохиолын хичээл заадаг байв. 18 жил багшилсан хүн шүү дээ. Өндөр боловсрол, өргөн мэдлэгтээ дулдуйдсан түү- ний лекцүүд тун сонирхолтой. Намайг бодоход олон шавьтай.

-Гэр бүлийн тань хүн сайд болоход амьдралд чинь ямар өөрчлөлт гарсан бэ?

-Хувь амьдралд өөрчлөлт орсон зүйл ховор. Манайх 1979 онд Ринчен өвөөгийнхөө байранд орсон. Сайд болоход уг байрандаа л байлаа.

-Сайдыг дагаж олон орноор явсан уу?

-Амьдралд минь өөрчлөлт мэдрэгдээгүй ч уулзах хү- мүүсийн хүрээ тэлээд ирж байгаа юм. Ханийгаа дагаж олон орноор явсан. АНУ-д НҮБ-ийн чуулганд үг хэлэхэд нь тухайн танхимд сууж ханиараа бахархаж байлаа. Бид хоёр хэн хэнээрээ өдөр бүр бахархдаг. Миний шавь нараас дэлхийн нэртэй театруудад уригдаж, төгөлдөр хуураа тоглоход Ш.Алтангэрэл надаас илүүтэйгээр баярладаг.

Categories
мэдээ спорт

Какүрюү М.Анандын зодог тайлах ёслол зургадугаар сард болно DNN.mn

Монгол Улсын гавьяат тамирчин, ёкозүна Какүрюү М.Ананд 2021 оны Хаврын тэмцээнд зодог тайлсан билээ. Түүний зодог тайлах ёслол ирэх зургаадугаар сарын 3-нд Кокүгикан сүмогийн ордонд болно.

Тэрбээр хамгийн сүүлийн удаа ёкозүнагийн дохёнд гарах ёслолоо хийж, сүмо бөхийн магэ үстэйгээ салах ёслол хийх юм. Энэ ёслолд хэрэглэх аваргын цүна олсыг Мичинокү дэвжээнийхэн бэлтгэлээ.

Какүрюү “Ёслол хийгээгүй удсан байна. Бие хаа ч суларчээ. Зургаадугаар сарын 3 хүртэл хүчний бэлтгэл хийж, булчин шөрмөсөө чангалахгүй бол олон хүний өмнө ичгэвтэр зүйл болно. Сүүлчийн ёслолдоо нутгийн дүү Кирибаямагаа дагуулан гарна. Тавдугаар сарын тэмцээнд Кирибаяма озэки болчихвол ёстой сайхан. Озэки дүүтэйгээ цуг дохёнд гарах болно” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Зээлийн өрийн үлдэгдэл 1.1 их наяд төгрөгөөр нэмэгдэв DNN.mn

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 3 дугаар сарын эцэст 23.2 их наяд төгрөг болжээ.

Энэ нь өмнөх сарынхаас 603.9 (2.7 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.1 (5.2 хувь) их наяд төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хорооноос сар бүр гаргадаг нийгэм, эдийн засгийн тайланд тэмдэглэсэн байна.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 54 хувь нь иргэд, 44.8 хувь нь хувийн байгууллага, 0.6 хувь нь санхүүгийн болон бусад байгууллага, 0.6 хувь нь төрийн байгууллагынх аж. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 3 дугаар сарын эцэст 19.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 624.2 (3.3 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 628.9 (3.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 84.5 хувийг эзэлж байна.

Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл энэ оны 3 дугаар сарын эцэст 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 1.2 (0.1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 414.3 (42.7 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ. Тус зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6 хувийг эзэлж байна.

Банкны системийн хэмжээнд чанаргүй зээл 2023 оны 3 дугаар сарын эцэст 2.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 21.6 (1 хувь) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеийнхээс 101.1 (4.8 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.6 хувийг эзэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Мягмар: Их наядаар хэмжигдэх борлуулалт бүхий бизнесийн орчин бүрдэнэ DNN.mn

“Шинэ сэргэлт-Улаанбаатар” Олон Улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форумын үеэр НИТХ-ын Төлөөлөгч, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн захирал Б.Мягмартай ярилцлаа.


-1990 оноос хойш малын түүхий эдийн бодлого алдагдаж бүхэлдээ БНХАУ-ын мэдэлд шилжсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөх үү.

– Хятадын бизнес эрхлэгчид эхлээд түүхий эдийн үнийг тэнгэрт гартал хөөрөгдөж арьс шир, ноос, ноолуурын ченжүүд бий болсон. Тэгээд зогсохгүй өндөр үнээр авах болсон түүхий эд дотоодын үйлдвэр эрхлэгч нарт хүртээмжгүй болж арьс ширний үйлдвэр, савхин эдлэлийн үнэ унаж хэрэгцээ багассан. Үүний оронд хятадын чанар муутай савхин куртик, гутал орлон экспортоор орж ирэх болсон түүхтэй. Арьс ширний том үйлдвэрүүд уналтад орж тоног төхөөрөмж нь Хятадын төмрийн хогонд явсан түүхтэй. Энэ үеэс түүхий эдийн бодлого бүрэн алдагдаж Манжийн хааны үе рүүгээ бүрэн ухарсан гэхэд болно. Харин 2023 оноос эхлэн малын түүхий эдийн салбар сэргэх гэж чармайж байна.

-Арьс ширний үйлдвэр барих ажлыг эсэргүүцэх хүн байхгүй болов уу?

-Монгол хүн бүр арьсаа элдээд гутлаа хийж чадахаа больсон, ноос ноолуураа угаагаад даавуу хийдэг уламж­лалаа мартсан гэж шүүмжилдэг. Энэ шүүмжийг хүлээн авахад эмзэглэх зүйл үгүй л дээ. Засгийн газар бодлогоор арьс ширний үйлдвэр барих асуудлыг дэмжсээр байгаа. Гэтэл санаатай, санаагүй арьс ширний үйлдвэрийн байгуулах газрыг өөрчилсөн нь санхүүжилт босгоход бэрхшээл болсон асуудал бий. Жишээлбэл V цахилгаан станцыг Эмээлтэд, Улиастайд, Багануурт, IV цахилгаан станцын дэргэд, Хөлийн голд барина гээд төөрүүлж байгаад орхидог. Үүнийг бид давтмааргүй байна.

-Арьс ширний үйлд­вэрүүдийг Дархан руу нүүлгэх асуудал яригддаг энэ талаар?

-“Бүх зам Ром хүрдэг” гэсэн эртний үг байдаг даа. Бүх борлуулалт, зах зээл, дэд бүтэц, аж үйлдвэрүүд Улаанбаатар хотод төвлөрч байна. Энэ талаар Дэлхийн банкнаас Санхүү, эдийн засгийн судалгаа хийхэд Эмээлт ”өгөөж”-тэй гэсэн дүн гарсан. Олон жилийн турш Эмээлтэд дагуул хот байгуулна аж үйлдвэрийн парк байгуулна гэж газраа хүртэл төлөвлөж, “Аргалант-Эмээлт” дагуул хотын эдийн засгийн тусгай бүс байгуулах зорилтыг хэрэгжүүлэхээр хөдөө аж ахуйн паркийг хөгжүүлэхээр 539 га тал­байн ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг хийгээд байна. Санхүүжилтийн хувьд Нийслэлийн зүгээс “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих” төслөөр суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хийж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэж, бохирдож үлдсэн газрыг нөхөн сэргээж, дахин төлөвлөх зорилготой төслийг хэрэгжүүлэхээр Дэлхийн банктай хамтран ажиллаж байна. Энэ төслийг УИХ, Засгийн газар, салбарын яам дэмжсэнээр арьс ширний үйлдвэрлэлд “шинэ сэргэлт” бий болох юм. Энэ хүрээнд Эмээлтэд хэдий хэмжээний арьс шир болон завод ноос үйлдвэрлэх хүчин чадал болон төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийн талаар ХХААХҮЯ болон мэргэжлийн холбоотой зөвшилцөн хамтран ажиллаж байна.

-Дэлхий дээр савхин эдлэлийн бизнес хэр ашигтай байгаа вэ?

-Арьсан эдлэл эд материалаас гоо сайхан, бараа бүтээгдэхүүнээс эхлээд эрүүл мэнд, шинжлэх ухааны ололт нээлтэд орж бай­на. Техник технологи нь хүртэл өндөр түвшинд гарсан. Нэг үхрийн арьсыг гэхэд арван удаа хуулж байх жишээтэй. Ажил хариуцсан цагаасаа эхлэн Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой хамтран ажиллаж үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцсан. Манай дотоодын үйлд­вэрүүд барууны шаардлага хангахуйц түүхий эд бэлдэж, олон оронд экспортолж байгааг хараад бахархах сэтгэл төрсөн. Энэ бол ахиц шүү. Цаашид үйлдвэрүүд Эмээлт рүү нүүснээр үйлдвэрлэлээ өргөжүүлж, шинэ техник технологи нэвтрүүлж, өрсөл­дөх чад­вараа нэмэгдүүлж, улмаар бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх өргөн боломжийг бий болгох юм.


-Дотоодын үйлдвэр­лэгчид нүүх сонирхолтой байгаа юу?

– Хан-Уул дүүргийн 20-р хороо орчимд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос ноолуурын үйлдвэр болон Харгиа цэвэрлэх бай­гуу­ламжийн нөхцөл байдал хүндрээд удаж байна. Дээр нь тэр орчмын ус, хөрсний бохирдол, Туул голоо хамгаалах зэр­гээс гадна үйлдвэрүүд нүүнэ гэсэн хүлээлтээс болж олон жил өргөтгөл шинэчлэл хийж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж чадахгүй, дээр нь үйлдвэрээс гарах хаягдал ус нь стандарт шаардлага хангахгүйн улмаас 30 орчим үйлдвэрээс дөнгөж бага оврын урьдчилсан цэвэрлэх байгууламжтай 6 үйлдвэр нь үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн тэр орчимд амьдарч буй иргэдийн зүгээс эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар гомдол санал гаргах зэрэг тоочоод байвал зайлшгүй нүүх хэрэгцээ шаардлага маш олон бий. Мэдээж төвхнөсөн, ажлын байраа бэлдсэн үйлдвэрлэгчид нүүхэд өртөг зардал их гарах нь ойлгомжтой. Гэхдээ үүнийг үл хайхран Монголын арьс ширний үйлдвэрлэлийн хол­боо болон үйлдвэрлэгч нар Эмээлт рүү нүүх хүсэлтээ илэрхийлсээр байна. Тийм учраас энэ удаагийн форумаар бид зоригтой шийдвэр гаргаж “Нүүх суух” гэсэн асуултад цэг тавих хэрэгтэй гэж үзэж хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ерөнхийдөө Эмээлт эко аж үйлдвэрийн парк барина гэсэн дээд түвшний тогтоол гарахад үйлдвэрлэгчид бизнесмэнүүд үйлдвэрээ өөрсдөө босго­чихно, төрийн зүгээс шаард­лагатай дэд бүтцийг бий болгож, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд парк үйл ажиллагааны чиглэл бүрээрээ хөгжих боломж бүрдэх юм. Иймээс үзэл санаа, итгэл дутагдаад байгааг хэлэх хэрэгтэй. Эмээлт эко аж үйлд­вэрийн парк нь нийт 539 га талбайд улс, нийслэлийн төсөв, гадаадын хөнгөлөлттэй зээл, хувийн хэвшлийн эх үүс­вэрээр 1.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай тооцоо гарсан. Энэ нь арьс шир, завод ноос, ноолуур, мах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах, хүлэмж, ойн аж ахуй, олон улсын худалдааны төв, бизнес инкубатор, үйлдвэр сургалтын төв зэрэг чиглэлээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэхийг төлөвлөж байна. Ингэснээр их наядын борлуулалт эргэлдэх бизнесийн орчин бүрдэнэ гэсэн судалгаа тооцоо гарсан.

Д.САРУУЛ

Categories
мэдээ нийгэм

1025.4 га талбайд хийх уул уурхайн нөхөн сэргээлтийг эхлүүлжээ DNN.mn

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт энэ онд хийхээр үлдсэн 224.7 га талбайн нөхөн сэргээлтийг эхлүүллээ.

Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажлын хэсэгтэй хамтран Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Харганат, Могой гол нэртэй газарт 800.7 га талбайн техникийн нөхөн сэргээлтийг эхлүүлээд байна.

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэхээр ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн БОАЖГ, “Оюу толгой” ХХК-ийн байгаль орчны ажлын хэсэгтэй хамтран Ерөө сумын Ялбаг нэртэй газарт өнгөрсөн онд хийсэн 110 га талбайн техникийн нөхөн сэргээлтийн байдалтай танилцлаа. Энэ үеэр тус сумын нутаг уул уурхайн аж ахуйн нэгжүүд 2021, 2022 онд Толгойтын голын 58 га, Их Өлөнт нэртэй газарт хийсэн 129 га талбайн нөхөн сэргээлт хийсэн талбайд ажиллажээ.

Түүнчлэн, PlanetGOLD Монгол-Филиппиний “Алтны бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг зогсооход оруулах хувь нэмэр” олборлогчоос боловсруулагч руу төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал суманд байгуулсан бичил уурхайн цехийн үйл ажиллагаатай танилцан, санал солилцсоныг БОАЖЯ мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Б.Болортуяа Алматыд Дадашеватай өрсөлдөнө DNN.mn

Иван Поддубныйгийн бөхийн лигийн тэмцээн дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Казахстаны Алматы хотын “Балуан Шолак” аренад болно. Дөрөв дэх удаагийн “PWL”-т эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын Болортуяа Дагестаны анхны эмэгтэй бөх, Европын хошой хүрэл медальт Милана Дадашеватай өрсөлдөхөөр болжээ.

Сонирхуулахад, Б.Болортуяа өнгөрсөн жил “PWL” анхдугаар лиг болон Яшар Догугийн нэрэмжит дэлхийн чансааны оноо олгох тэмцээний финалд түүнийг ялж түрүүлж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Сонсголын гуурс хийлэх шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө DNN.mn

Сонсголын гуурс хийлэх шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

ЭМДЕГ-ын даргын 2022 оны “Жагсаалт батлах тухай” А/53-р тушаалаар Сонсголын гуурс хийлэх шинжилгээ 35 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
“Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт”
Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд
Categories
мэдээ улс-төр

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2023 оны Хаврын ээлжит чуулганы 2023 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээр эхэлсэн юм. Төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлаарх уг хэлэлцүүлэг үдээс өмнөх хуралдаанд бүтэн өрнөж, үдээс хойш үргэлжиллээ.

Үдээс хойших нэгдсэн хуралдаан дээрх асуудлаарх Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, хариултаар үргэлжилсэн юм. Асуулт асууж, саналаа хэлсэн Улсын Их Хурлын гишүүд хуулийн төслүүдийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ хоёр сонгуульд дараалан нэр дэвшүүлээгүй төдийгүй парламентад суудал аваагүй намыг идэвхгүй байдалд оруулах зохицуулалтыг хэрэглэж болох эсэх, улс төрийн намыг бодлого, хөтөлбөр боловсруулдаг, судалгаа хийдэг институц болж төлөвшихөд түлхэц үзүүлэх хуулийн зохицуулалтыг илүү тодорхой оруулах, нам дэргэдээ сантай байх талаар байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа хуулийн төслүүдийг боловсруулахдаа Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтэй нийцүүлэх, намуудыг ил тод болгох, цахимжуулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд намуудын хүлээх үүрэг хариуцлагыг сайжруулах зэрэг асуудлыг хөндөв. Мөн намын гишүүний татварын дээд хэмжээг хэрхэн тогтоосон, хууль батлагдсанаар Монголын улс төрийн салбарын хөгжлийн хандлага хэрхэн тогтох зэргийг асууж, хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал намуудыг хариуцлагатай болгоход чиглэсэн зарим босго, шалгуур нь хэт өндөр буюу зөвхөн эрх барьж байгаа нам л хангаж чадахуйц түвшинд байна хэмээн үзэж буйгаа илэрхийлж, улс төрийн харилцаанд төрийн оролцоог хэт нэмэгдүүлсэн байгааг шүүмжилсэн юм. Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, П.Анужин, Ц.Идэрбат нар жендерийн тэгш байдлыг хангаж буй болон улс төрийн намын дотоод ардчилал, бүтцийн төлөөллийг хүлээн зөвшөөрөхтэй холбоотой нарийвчилсан зохицуулалтуудыг хэрхэн хэрэгжүүлэх, хянах, төрөөс буюу улсын төсвөөс санхүүжүүлэх сонгогчдын саналын болон суудлын санхүүжилтыг тооцох аргачлал зэрэг асуудлаар асуулт асууж, хариулт авсан юм.

Улсын Их Хурлын гишүүдийн асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хариулт өгөв. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон холбогдох хуулийн төслүүдийг боловсруулахдаа Улсын Их Хуралд суудалтай, суудалгүй бүх намаас санал авч, эрдэмтэн, судлаачдын багийг ажиллуулсан гэдгийг хэлж, намуудыг хариуцлагажуулах, хатуу гишүүнчлэлээс татгалзах, бодлого, судалгааны институциуддээ нийт санхүүжилтийнхээ 30 хувийг зарцуулах, тодорхой хүрээнд хандив, тусламжийг хориглох, нэр дэвшүүлэх гишүүдээсээ хандив авахгүй байх, сонгогчдын 2.0 хувийн санал авсан байх, шинээр нам байгуулах шат дамжлагыг нэмэгдүүлж, сонгуулийн байгууллагаар хянуулах замаар Дээд шүүхэд бүртгүүлдэг болох зэрэг нарийвчилсан зохицуулалт нь улс төрийн намуудыг төлөвшүүлэх, чадавхжуулах, улс төрийн салбарыг эрүүлжүүлэхэд чиглэж буйг онцолж байлаа.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Т.Доржханд нар хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, улс төрийн нам бол өөрөө өөрийгөө засагладаг, олон нийтийн байгууллагын статустай, эрдэмтэн, судлаачдын нотолгоонд суурилсан байр суурийг хүчтэй илэрхийлдэг байгууллага болохыг дурдан, төсөлд төрийн буюу хөндлөнгийн байгууллагын оролцоог түлхүү оруулж, намын гишүүд өөрсдөө өөрсдийгөө хэрхэн засаглах тухай зохицуулалт бага байгааг анхааруулсан юм. Түүнчлэн Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжид нийцүүлэх шаардлагатайг зөвлөсөн бол Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд хатуу гишүүнчлэлийг нэгмөсөн халах, сонгуулийн байгууллагаар дамжуулан дээд шүүхэд бүртгүүлдэг болох шат дамжлагыг эргэж харах нь зүйтэй гэлээ.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжлээ. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.