Categories
мэдээ спорт цаг-үе

Б.Энх-Оргил холимог тулааны “One championship” холбооны анхны тулаандаа яллаа DNN.mn

Азийн холимог тулааны “One championship” холбооны “ONE Lumpinee-13” арга хамжээ Бангкок хотын Лумпини цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр боллоо.

“Road to ONE Mongolia” шоуны ялагч, “MGL-1” Холбооны аварга, “Team Tunga” баг, “Шандас ММА” клубийн тамирчин Баатархүүгийн Энх-Оргил анхны тулаанаа Филиппин улсын тамирчин Адонис Севилленотой хийлээ.

Манай улсын тамирчин гурван үеийн турш илүүрхэж шүүгчдийн саналаар ялалт байгуулжээ.

Б.Энх-Оргил нь “One championship” холбоотой зургаан тоглолтын 100 мянган долларын гэрээ байгуулсан юм.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

Ж.Вердийн “Макбет” дуурийг анх удаа ДБЭТ-ын тайзнаа тоглоно DNN.mn

Алдарт зохиолч Уиллиам Шекспирийн “Макбет” зохиолоос сэдэвлэсэн Ж.Вердийн “Макбет” эмгэнэлт дуурийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа анх удаа толилуулахаар болжээ.

Тус бүтээлийг ДБЭТ-ын Ерөнхий найруулагч С.Баттулгын найруулгаар 2023 оны дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд 17:00 цагаас үзэгчдийн хүртээл болгоно.

Хөгжим: Ж.Верди
Цомнол:
Франческо Мария Пиав
Удирдаач: Стефано Торболи
Найруулагч: С.Баттулга
Ерөнхий зураач: О.Баярмагнай

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тужийн нарсан ойг ажиглах цамхгийг тохижуулжээ DNN.mn

Экологийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд Тужийн нарсан ойн ажиглах цамхгийг тохижуулжээ.

Тохижилтын ажлын хүрээнд цамхагт нарны зайн гэрлүүд суурилуулж, иргэд амрагчдад зориулсан амрах сандлыг байршуулсан байна. Мөн ажиглах цамхгийн орчны бүсийн хогийг цэвэрлэж, ариутган устгал хийсэн байна.

Түүнчлэн Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын ан амьтны тоо толгой, сүргийн бүтэц, тархалтыг тогтоох ажлын хүрээнд Алтанбулаг сумын Хадагтай мод, Худгийн гуу, Ганц мод, Тэмээн хүзүүний зам, Устай шаамар, Тужийн нарсны ажиглах цамхагт байрлуулсан хяналт шалгалтын камеруудын хэвийн ажиллагааг шалгажээ.

Тухайн орчны бүсийн сумдын байгаль хамгаалагчид хариуцсан газар нутагтаа байнгын хяналт тавин, урин дулааны улирлыг угтан шалгалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Ганбат: Хүссэн хүсээгүй УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал Үндсэн хуультай холбогдож яригдана DNN.mn

-НАМЫН ЖАГСААЛТАД ЯМАР ХҮН ОРУУЛЖ, ЭРЭМБЭЛЭХ ВЭ ГЭДЭГ ЭРХИЙГ АРД ТҮМЭНД ОЛГОХ ШААРДЛАГАТАЙ-

УИХ-ын гишүүн Д.Ганбаттай цаг үеийн асуудлаар товчхон ярилцлаа.


-Чуулганаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж эхэллээ. Танай намын хувьд сонгуулийг холимог тогтолцоогоор буюу 42-ыг нь тойргоор, 28-ыг нь намаас гаргаж ирье гэдэг хуулийн төслийг боловсруулсан. Энэ тогтолцоог угтаа 2012 онд ашиглласан шүү дээ. Тэр утгаараа дахиад намын томилгоогоор иргэдийн сонгоогүй улс төрчид орж ирэх боломжийг та бүхэн нээж байгаа юм уу?

-Ерөнхийдөө 1992 оноос өдийг хүртэл УИХ-ын найман удаагийн сонгууль явж өнгөрсөн. Үүнээс ганцхан сонгуулийг буюу 2012 оны сонгуулийг холимог системээр явуулсан нь үнэн. Бусад үед нь дандаа мажоратиораар явуулсан байгаа. Энийг та бүхэн нэг анхаараад харчихаарай. Энэ удаагийн буюу 2024 оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь зөв гэдгийг улс төрийн ихэнх намууд байр сууриа нэгтгэсэн байгаа. Учир нь холимог тогтолцоогоор явуулбал сонгогчдын санал гээгдэхгүй, сонгуулийн ирцийг идэвхжүүлэх гээд олон давуу талтай. Та бүхэн санаж байгаа бол хамгийн анхны УИХ-ын сонгуулиудын ирц 90 гаруй хувьтай буюу маш өргөн оролцоог хамааруулж байсан. Гэтэл өнгөрсөн оны сонгууль бараг 60 хүрэхгүй хувьтай байсан уу даа. Тиймээс энэ сонгогчдын ирцийн асуудлыг бид бүхэн анхааран авч үзэх ёстой. Нөгөөтэйгүүр сонгуульд хамгийн их идэвхтэй оролцдог хэсэг болох залуучуудын ихэнх нь гадагшаа гарчихлаа. Нөгөөтэйгүүр дандаа мажиратораар явсанаас болоод улс орны эдийн засаг, улс төр, нийгмийн байдал яаж уруудсаныг бид бүхэн ил тод харж байгаа. Тиймээс энэ бүгдийг залруулахын тулд сонгуулийн тогтолцоог өөрчилөхөөс өөр сонголтгүй юм аа.

-Танай намын хувьд өнгөрсөн сонгуулийн өмнөх жилүүдэд сонгуулийн тогтолцоог холимог болгох асуудлыг хөндөж ирсэн түүхтэй. Тэр утгаараа энэ жил ч гэсэн сонгуулийг холимог болгохоор зүтгэж байх шиг байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ, тэр дундаа эрх баригчид чинь гаргана шүү дээ…?

-Ардчилсан намын хувьд үеийн үед сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж ирсэн гэдэг нь үнэн. Тэр утгаараа энэ жил Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг миний бие өргөн барьсан байгаа. Улс төрийн намуудын ихэнх нь холимогт тогтолцоог дэмжсэн учраас цаашид энэ асуудал дэмжигдээд явах нь тодорхой байх.

-Холимог тогтолцоонд мөн адил асуудал бий гэдэг шүү дээ. Тухайлбал, намын жагсаалтаар улс төрчид орж ирнэ. Энэ үйл явцыг иргэд, сонгогчид мэдээгүй, хүсээгүй байх, үүнээсээ болоод нийгмийн хувьд ч тэр улс төрийн намуудын дотоод зохион байгуулалтын хувьд ч тэр маргаан гарч ирдэг шүү дээ. Энэ асуудлыг та хууль санаачлагчийн хувьд хэрхэн тусгаж, төслөө боловсруулсан юм бэ?

-Мэдээж намын жагсаалт гэж ярьдаг. Гэхдээ энэ удаад энэ жагсаалтыг Монгол Улсын иргэд өөрсдөө шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Өөрөөр хэлбэл сонгогчид саналаа шууд өгч, хэнийг оруулах уу, хэнийг эрэмбэлэх үү гэдэг эрхийг нь олгох ёстой. Тэр утгаараа намын жагсаалтад ямар хүн оруулж, эрэмбэлэх вэ гэдэг эрхийг нь ард түмэнд олгох шаардлагатай. Яг энэ агуулгаар миний бие энэхүү Сонгуулийн тухай хуулийг өргөн барьсан байгаа. Мэдээж 2012 онд энэхүү системээр сонгуулийг явуулсан. Тухайн үед алдаа хаа хаанаа гарсан нь үнэн. Намын дарга нар жагсаалт гаргаж, намууд нь өөрсдөө жагсаалтаа баталсан. Үүнээс болоод сонгогчдын хүссэн улс төрчид орж ирээгүй. Иймэрхүү байдалтай явуулсан гэдэг нь үнэн. Тиймээс энэ алдаагаа давтахгүйн тулд бид намын жагсаалтыг ард түмнээрээ хийлгэе гэж байгаа юм. Нөгөөтэйгүүр жижиг тойргуудын зовлон их байгаа. Ард түмэн, нийт нийгмээрээ бид өнөөдөр ядуу байна. Тиймээс сонгуулиар мөнгө, санхүүгийн асуудал гарч ирдэг. Өөрөөр хэлбэл мөнгө тарааж, жижиг тойргуудыг худалдан авдаг үзэгдэл гарахыг үгүйсгэхгүй. Холимогт тогтолцоогоор сонгууль явуулахын нэг даваа тал бий. Монгол Улс өөрөө өргөн уудам нутагтай. Хүн амын тал нь тархаж байршсан онцлогтой. Тэр утгаараа бага ард түмэн гэгдэх УИХ-д эдгээр ард түмний төлөөлөлийг бүрэн хангасан байх шаардлагатай байгаа юм. Ингэхийн тулд мэдээж сонгуулийн холимог тогтолцоотой байх нь хамгийн зөв.

-Одоо хэлэлцэгдэж буй Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт нь гишүүдийн тоог нэмэх чиглэл рүү явчихлаа. Тэр утгаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээс өөр сонголтгүй болчихож байгаа юм биш үү?

-Үндсэн хуулийн өөрчлөлт рүү хүссэн хүсээгүй явуулахаар болчихлоо. Учир нь 2018 онд ээлжит бус чуулган хуралдаад 2019 оны Үндсэн хуулийг баталсан. Үүндээ дөрвөөс дээшгүй гишүүн нь давхар дээлтэй байж болно гэж заасан. Гэтэл энэхүү хуулийн өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц нь өөрөө хууль тогтоогч юм шигээр шууд аваад хаячихсан. Үүнээс болоод УИХ, Засгийн газар хоорондын харилцан хяналт алдагдсан, алга болсон. Засгийн газарт УИХ хариуцлага тооцох боломжгүй болсон. Нөгөөтэйгүүр УИХ-ын ихэнх гишүүд нь эрх баригч намын гишүүд байгаа. Тэдгээр гишүүдийнх нь мөн ихэнх нь дарга нар болчихсон байна. Өөрөөр хэлбэл УИХ гэдэг бүтэц нь өөрөө чадамжгүй, хяналтаа тавьж чадахгүй хэмжээнд хүрчихээд байна гэсэн үг шүү дээ. Нөгөөтэйгүүр манай улс хоёр их гүрний дунд оршдог. Тэр утгаараа нэг УИХ-ын гишүүний өөрийнх нь нөлөөлөх цар хүрээ өндөр байна. Мөн бид удахгүй дөрвөн сая хүн амтай болно. Энэ бүх зүйлийг дүгнэн үзвэл УИХ нь 100-аас дээш гишүүдтэй байхгүй бол болохгүй байгаа юм. Гэхдээ хэтэрхий их олон тоотой байх нь зохимжгүй. Хамгийн гол нь улсынхаа хэм хэмжээнд тохирсон, эрх мэдлийн зарчмыг хуваасан орон тоо бүтэцтэйгээр УИХ бүрэлдэх ёстой. Тэр утгаараа хүссэн хүсээгүй УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал Үндсэн хуультай холбогдож яригдана.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Дарьхүү: Хувийн аминч үзэл, өөрийгөө зөвтгөх зан, шунал гэх мэтийг эмчилдэг зүйл нь ёс суртахуун, ёс зүйн боловсрол DNN.mn


-ЁС СУРТАХУУНЫ ХУВЬД ӨӨРЧЛӨГДӨЖ ШИНЭЧЛЭГДЭХГҮЙГЭЭР ХҮН Ч, НИЙГЭМ Ч ХӨГЖИХГҮЙ-


МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн хүмүүнлэгийн ухааны салбарын философи, шашин судлалын тэнхимийн зөвлөх профессор Р.Дарьхүүтэй ярилцлаа. Тэрбээр МУИС-ийн дугуй танхимд “Ёс зүй ба ёс суртахуун” сэдвээр лекц уншсан юм.


-Лекцийг яагаад тавих болов. Хүмүүст энэ талын боловсрол, мэдлэгийн хэрэгцээ шаардлага дутагдаад байна уу?

-Лекцийг МУИС-ийн ахмад багш ажилчдын нэгдсэн холбоо, Соён гэгээрүүлэгч телевиз хамтран цувралаар явуулж байгаа. Намайг “Ёс зүй-Ёс суртахуун”-ы чиглэлээр лекц уншиж өгөөч гэсэн урилгын дагуу уншлаа. Нөгөө талаас, ёс зүй ёс суртахууны асуудал ганц Монгол ч биш дэлхий нийтээрээ анхаарал татсан тулгамдсан асуудал мөн үү гэвэл мөн. Ёс суртахууны уналт доройтол хүн төрөлхтөн өөрөө орших уу, эс орших уу гэдэг дээр тулаад байгаа. Яагаад гэхээр ёс суртахуун гэдэг нь өөрөө хүнийг хүн болгодог. Хүний мөн чанарыг тодорхойлдог.

Хүний хөгжил нийгмийн хөгжлийн суурь, үнэт зүйл учраас судлаачдын ч төдийгүй хүмүүсийн анхаарлын төвд бий. Мөн ёс зүй ёс суртахууны асуудал нь анги давхарга, нас хүйс, ажил мэргэжил хамаарахгүй бүгдэд хамаатай. Бүх мэргэжилд мэргэжлийн ёс зүйг ярьж байгаа. Ахмад, залуу, хүүхэд гээд бүх хүнд ёс суртахууны төлөвшил, зан харилцаа, ёс зүйн ээдрээтэй асуудал тулгарах зүйл гарна. Тэр болгонд ёс зүй, ёс суртахуун гэж юу юм бэ гэж гараад л ирнэ. Нэр томьёоныхоо утга учрыг зөв ойлгож байж зөв сонголт хийж, зөв үр дүн гарч, өөрийнхөө болоод бусдын сайн сайхны төлөө ажиллах боломжтой болно. Тэр утгаараа энэ бол мөнхийн сэдэв. Философичид үеийн үед ёс зүй, ёс суртахууны асуудлыг онцгой анхаарч ном, сурах бичиг бичиж ирсэн. Аль ч үеийн алдартай философичид ёс зүйн асуудлаар тусгайлан ном бүтээл бичсэн байдаг. Жишээлбэл, эртний грекийн философич Аристотель “Дээд суртахуун”, “Никомахын ёс зүй”, “Евдемийн ёс зүй” гээд гурван том бүтээл бий. Германы философич Кант бас хэд хэдэн алдартай ёс зүй, ёс суртахууны алдартай бүтээл туурвисан. Ёс зүй, ёс суртахуун нь хүний мөн чанарыг тодорхойлдог. Тэр нь хувь хүний ёс суртахууны ахиц дэвшлээр нийгэм өөрөө оршин тогтнож, хөгждөг гэдгийг гаргасан байдаг.

-Монголчууд ёс зүй, ёс суртахууны хувьд бусад улсаас өөр үү. Үндэстний ёс зүйн зарчим тусдаа байдаг уу?

-Ёс суртахууны хувьд бол тийм. Үндэсний онцлог болон тухайн нийгмийн онцлог гэж байна. Ёс суртахуун гэдэг зүйл чинь тухайн нийгмийн харилцааны тусгал. Эргээд нийгмийн харилцааг тохируулдаг янз бүрийн эсрэг тэсрэг ашиг сонирхол, хувийн эрх ашиг, нийтийн эрх ашгийг зохицуулах гол хүчин зүйлийг бүрдүүлдэг. Эдгээрийг тэр болгон хуулиар зохицуулж чадахгүй. Хууль гаргаад байдаг, гаргаад байдаг. Хууль гэхээсээ ёс суртахуунаар илүү зохицуулагдах ёстой асуудлууд гэж байна. Тэгэхээр иргэд ёс суртахууны хэм хэмжээ, зарчмуудыг ойлгож, түүнийгээ өдөр тутмынхаа ажил амьдрал, үйл ажиллагаанд хэрэгжүүлээд явахад аяндаа тэр хүний хөгжил, нийгмийн хөгжил цэгцрээд зөв замаараа явна. Хүнлэг, шударга, хариуцлагатай байх гэдэг нь ёс суртахууны хамгийн чухал суурь зарчмууд юм. Уламжлалаараа манай Монголд ийм зүйлүүд байгаа нь байгаа.

Дашжамц гуай, Золзаяа бид гурвын бичсэн “Монголчуудын ёс зүйн сэтгэлгээний түүх” гэж номд монголчууд эртнээс эдүгээг хүртэл өөрийн гэсэн ёс суртахууны үзэл сургаалтай, үнэт зүйлтэй ард түмэн байсан гэдгийг бичсэн. Гэхдээ шилжилтийн нийгэмд тэр үнэт зүйлүүд алдагдсан. Хүнлэг ёс, хүн чанар байхгүй боллоо. Шударга ёс сураггүй боллоо. Хариуцлага гэж байхгүй боллоо. Алхам тутамдаа бид тийм зүйлтэй таарч байгаа шүү дээ. Сүүлийн гучаад жил ёс зүй, ёс суртахуун гэдэг үнэт зүйлээ дутуу үнэлээд, ач холбогдлыг нь ойлгохгүйгээс болж сургалт судалгааны ажлыг цалгардуулсантай холбоотой.

Цөөхөн мэргэжлийн судлаачид судалгаа хийж байна уу гэвэл хийж байгаа. Түүнийг төрийн бодлого, хууль дүрэм боловсруулах, өөр мэргэжлийн судлаачид хийж байгаа ажилдаа онол арга зүйг нь ашиглах ёстой юм. Тэгдэггүй. Ойлгодоггүй, ойшоодоггүй, түүнийг мэддэггүй гэж би боддог.

-Монголчуудыг зовлон үзээгүй ард түмэн гэдэг. Ёс зүй, ёс суртахуун яг аль үед алдагдчихав. Манжийн дарлалд байсан 200 жил, Оросын хамааралд байсан 70-аад жилд энэ үнэт зүйлээ гээсэн гэх хүмүүс байдаг шүү дээ. Бусад орны дарлалд байна гэдэг нь ёс суртахуунд нөлөөлөх үү?

-Мэдээж тодорхой хэмжээнд нөлөөлнө. Би өөрөө социализмын нийгмийн үед амьдарч, сурч байсан хүн. Социалист, коммунист ёс суртахуун гэж хичээл бидэнд ордог байлаа. Уламжлалт ёс зүй, ёс суртахууны хичээлийг өнгөрсөн нийгмийн үлдэгдэл хоцрогдсон зүйл гэх мэтээр үгүйсгэдэг. Тэгэхээр тэр чинь үнэт зүйл алдагдаж байгаагийн нэг хэлбэр мөн л дөө. Гэхдээ бүр хаячихсан уу гэхээр бас тийм биш. Тэр үед жишээ нь, Дашжамц гуай “Монголчуудын ёс суртахууны дэвшилтэт өв уламжлалаас” гэж ном бичсэн. Уламжлалаас бид дэвшилтэт зүйлийг нь авах ёстой гэж. Огт бас хаяагүй л дээ. Би Манжийн дарлалын үеийг мэдэхгүй юм. Социализмын үед өөрөө амьдарч, сурч байсан хүний хувьд нөлөөлөх нь нөлөөлсөн. Гэхдээ бүр мөсөн хаячихаагүй.

-Та лекцэндээ ерөнхий боловсролын хичээлд “Иргэний ёс зүйн боловсрол” хичээлд агуулгыг нь өөрчилсөн гэж хэлнэ лээ. Яаж өөрчилсөн юм бол?

-2019 онд Боловсрол шинжлэх ухааны сайдын тушаал гараад 1-12 дугаар ангид “Иргэний ёс зүйн боловсрол” гэдэг хичээлийг заавал үзнэ гэж заасан. Тэр сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа философи, ёс зүйн чиглэлээр сургалт судалгаа хийдэг хүмүүсээр хийлгэх ёстой байсан. Яагаад гэхээр ёс зүй философи хоёр хамт үүсч хөгжсөн салбар ухаан. Гэтэл тэр сургалтын хөтөлбөрийг Боловсролын яам мэргэжлийн биш хүмүүсээр хийлгэсэн нь гол алдаа болсон. Хэн хийсэн бэ гэхээр академич хүн хийсэн. Төрийн соёрхолт хүн хийсэн гээд байдаг. Академич, Төрийн соёрхолт ч байсан мэргэжлийн хүн байх ёстой. Тэгэнгүүт яасан гэхээр тэр хичээлийн гол агуулгыг монгол өв соёл гээд явчихсан. Гэтэл монгол өв соёл нь маш өргөн хүрээтэй ойлголт. Тэгэхээр суурь өөрийнх нь ойлголт сайн муу, нэр төр, аз жаргал, амьдралын утга учир, хүнлэг ёс, шударга ёс, хариуцлагын тухай ойлголтуудыг нас насанд нь тохируулан хийх байтал тэгээгүй. Монгол ёс заншлын юмнууд баахан оруулчихсан. Хурдан морины шинж, эрийн гурван наадам, дахиад баахан буддын шашны сэтгэл судлалын зүйлүүдийг их оруулсан. Бясалгал, зовлонгийн тухай гэх мэтээр. Нэг дунд сургуулийн хүүхэд ярьж байна л даа. Энэ хичээл дээр нэг улирлын турш зовлон ярилаа гэж. Тэгсэн Буддын сургаалд Дөрвөн үнэний сургаал гээд хүний амьдрал зовлонгоор дүүрэн, зовлонгийн шалтгаан байдаг нь үнэн. Зовлонг гэтлэх нь үнэн гэх мэтээр хичээлүүд оруулсан юм билээ. Гэтэл шашин судлал гээд тусдаа, ёс зүй гэж тусдаа шинжлэх ухаан. Тэр хөтөлбөр доторх хамгийн гол алдаа нь яг ёс зүйн хувьд шинжлэх ухааных нь агуулга нь бага. Оронд нь тэр монгол ёс заншил орчихсон. Монгол ёс заншлыг чинь Монгол хэл, Уран зохиол эсвэл Монголын түүхийн хичээлээр ордог биз дээ. Тэгээд Буддын шашин, сэтгэл судлалын зүйлүүд нь илүү яваад, аргыг дадуулна, билгийг дадуулна гэх мэтээр зүйлүүд оруулчихсан. Миний гол шүүмжлэлтэй хандаад байгаа зүйл нь хөтөлбөрийн нэр агуулга хоёр нь зөрсөн. Гол агуулга нь яг тэр ёс зүйн агуулгаа л хадгалах ёстой байсан. Ёс зүйн гол сургаал, үзэл баримтлалаа ойлгох, зарчим хэм хэмжээг өнөөдрийн амьдралтай холбож оруулах ёстой. Жишээ нь, бага ангийн хүүхдэд нүгэл буян гэж зааснаас юу сайн юм, юу муу юм, харилцааны ёс зүй дээр мэндлэх ёс, талархах ёс, хүндлэх ёс зэргээ хэвшүүлэх хэрэгтэй шүү дээ. Хүнийг яагаад хүндлэх ёстой юм бэ гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

-Тэгэхээр таны лекцэнд дурдагдсан нас насны ёс суртахуун өөр өөр байдаг гэдэгтэйгээ уялдах нь ээ?

-Тийм. Бага, дунд, ахлах анги өөр шүү дээ. Нас насны хэрэгцээ шаардлага, сэтгэхүйн онцлог, хүүхдийн өөрийн төлөвшил хандлага, хэрэгцээ бүгд өөр өөр. Тэр бүхэнд тохирсон шинжлэх ухааных нь агуулгаар л явах ёстой. Боловсрол шинжлэх ухааны яам гэж байгаа биз дээ нэр нь. Гэтэл шашны байгууллага нь шашны сургаалаараа ёс зүйгээ төлөвшүүлнэ биз. Заавал түүнийг ерөнхий боловсролд оруулах хэрэгцээ шаардлага байсан уу. Ёс суртахууны боловсрол гэж байгаа бол өөр хэрэг. Эндээс л тэр ёс зүй, ёс суртахуун гэдэг ойлголтыг яагаад ялгах ёстой гэдэг эхлэл нь тавигдана. Ёс суртахууны боловсролыг шашнаар, шинжлэх ухаанаар, сэтгэл судлалаар олгож байна. Олон шинжлэх ухаантай холбогддог. Үндсэн нэр томьёоныхоо утгыг тэр хөтөлбөр дээр алдагдуулсан. Нэр томьёог буруу хэрэглэсэн.

-Монголчуудын ёс зүй маш дордсон гэж ярих болсон. Бид яавал ёс зүйтэй болох вэ. Яавал дэлхийн хүн болох вэ. Яавал дэлхийтэй хөл нийлүүлэн алхах вэ?

-Ёс суртахууны доройтох шалтгаан олон зүйлтэй холбоотой. Түүнээс гарах арга зам ч олон зүйлтэй холбогдоно. Жишээ нь, энэ асуудал нийгмийн тогтолцоотой ч хамаатай. Гараад л ёс бус зүйлүүд дүүрэн. Түүнийг хэвийн үзэгдэл шиг хүлээж аваад эвлэрчихсэн. Гэртээ хичнээн ээж аав нь үлгэр дуурайл үзүүлээд, сайхан авч явдаг, сургууль дээр багш нар мянга сайхан юм яриад байхад гадаа гараад л нөгөөх дээрэлхэлт, хэрүүл зодоон янз бүрийн зүйлүүд нь ил байна. Тэгэхээр нийгмийн тогтолцоогоо өөрчилж, шинэчлэх хэрэгтэй. Жинхэнэ ардчиллаа жинхэнээр хэрэгжүүлэх ёстой. Одоо хуурмаг ардчилал яваад байна шүү дээ. Жинхэнэ ардчилал биш. Хамгийн гол нь ёс суртахууны боловсролыг шинжлэх ухааных нь утга агуулгаар заах ёстой. Шашны байгууллага нь бас жинхэнэ утгаар нь таниулмаар байгаа юм. Шашин нь бизнесийн байгууллага болчихлоо. Иргэнээ энэрэнгүй хүлцэнгүй нигүүлсэнгүй үзлээр хүмүүжүүлэх юмаа хийх хэрэгтэй байна. Тийм зүйлээ хийхгүй байна шүү дээ. Хувь хүмүүс ч гэсэн өөрсдөө бие даагаад ёс зүйд, ёс суртахуунд суралцаж болно шүү дээ. Мэдээлэл, мэдлэгийн нийгэмд интернэтээр дүүрэн ном зохиол, сурах бичиг байна. Ёс зүй гэж юу вэ, ёс суртахуун гэж юу вэ. Энэ хоёр ямар ялгаатай ямар онцлогтой. Ямар харилцан хамааралтай вэ гээд монгол, орос, англи хэл дээр өчнөөнөөрөө мэдээлэл байгаа.

Монгол хэл дээр гэхдээ харьцангуй бага. Заримдаа хуурамч мэдээлэл биччихсэн байдаг. Түүнийг мэдэхгүй хүмүүс илтгэл бичээд байгаа. Би Боловсролын хүрээлэнд 30 илтгэл хоёр өдөр шүүгээд сууж байхад буруу зүйл бичсэн багш нар байсан. Хөдөөний багш нарыг буруутгах арга ч байхгүй л дээ. Ном байхгүй интернэтэд байгаа мэдээллийг ашигладаг. Тэр нь буруу. Интернэтэд байгаа юм болгон үнэн биш шүү дээ. Хогийн сав шиг зүйлүүд их байна. Түүнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр их дээд сургуулиудын мэргэжлийн багш нарын бичсэн ном сурах бичгийг уншвал илүү зөв замаараа явна. Мэргэжлийн бус хүмүүст би хэлдэг. Энэ олон жил би ёс зүйг судалчихаад нэг сайн сурах бичиг бичье гээд зүрх хүрдэггүй. Тийм ээдрээтэй нарийн асуудлууд их бий. Тэгэхэд мэргэжлийн биш хүмүүс ёс зүй гэсэн ном зохиол гаргаад, бичээд энд тэнд очоод лекц уншиж байна гэж будилаантуулаад яваад байдаг. Түүнд би их харамсдаг. Аливаа юм мэргэжил шаардана шүү дээ.

-Энэ тал дээр хэлэх шүүмж юу байна вэ?

-Төрийн бодлого л их алдагдсан. Ёс зүй, ёс суртахууны боловсрол олгох бодлого алга. Ёс суртахуун гэдэг чинь нийгмийн бас нэгэн институт байхгүй юу. Бүх юмны суурь. Суурь байхгүй бол барилга нурж унадаг шиг. Ёс суртахууны уналт доройтолд орсон энэ үед аль ч салбар хөгжихгүй. Хүн ч хөгжихгүй. Сайн үйлийг эрхэмлээд, хүн болгон сайн сайхан зүйл хийгээд, бие биенийхээ сайн сайхныг дэмжээд явбал өөр шүү дээ. Тэгэхгүй бие биенийхээ улыг шагайгаад, сайн зүйл хийж байгаадаа атаархаж хорсоод, үгүйсгээд байхаар хөгжихгүй байгаа юм шүү дээ. Атаархал гэдэг хүнд байдаг сөрөг аюултай зүйл. Хувийн аминч үзэл, өөрийгөө зөвтгөх зан, шунал гэх мэт. Эднийг эмчилдэг зүйл нь хувийн ёс суртахуун, ёс зүйн боловсрол байхгүй юу.

-Нэгэн япон эмэгтэй “Ёс зүйтэй нийгэм хөгждөг. Монголчуудыг харахад хөгжих нийгэм биш” гэх утгатай зүйл хэлсэн байдаг. Бид ингэж харагдаж байгаа нь үнэн үү?

-Тийм. Үнэний хувьтай. Ёс суртахууны хувьд өөрчлөгдөж шинэчлэгдэхгүйгээр хүн ч хөгжихгүй, нийгэм ч хөгжихгүй. Эхлээд ямар ч мэргэжилтэн хүн болох ёстой. Хүн болъё гэвэл ёс зүй, ёс суртахууны боловсрол эзэмших ёстой. Яагаад гэвэл хүнлэг, шударга, хариуцлагатай хүн л жинхэнэ хүн биз дээ. Тийм хүмүүс үгүйлэгдээд байна. Байх нь байна л даа. Гэхдээ алхам тутамд хүнлэг бус, шударга бус, хариуцлагагүй зүйлтэй таараад байна шүү дээ.

-Гэр бүлийн боловсролд ёс суртахууныг хэрхэн суулгах вэ?

-Гэр бүлийн боловсрол үүнтэй шууд холбоотой, маш чухал асуудал. Эцэг эхчүүдийн ёс суртахууны үлгэр дуурайл гэж бий. Үглэж биш үлгэрлэж хүмүүжүүл гэдэг шүү дээ. Тиймээс эцэг эх болж байгаа, гэр бүл болж буй хүмүүс гэр бүлийн ёс суртахууны боловсрол, ёс суртахууны харилцааны ёс зүйн хэм хэмжээнд суралцмаар байгаа юм. Бие биенээ хүндэлдэг, бие биедээ шударга ханддаг, хариуцлагатай байвал элдэв төрлийн маргаан зөрчил гарахгүй. Гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл гэдэг юм байхгүй болно. Хичнээн хууль байгаад буурахгүй байгаа биз дээ. Гол зүйл нь хаягдчихаар тийм байдалд хүрч байна. Аль ч салбарт тийм л байна шүү дээ.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 22, Санчир гариг. Билгийн тооллын 2, нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 5:51 цагт мандан, 19:51 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан DNN.mn


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8…-10 градус, бусад хэсгээр -4…-6 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна.

Хур тунадас: Шөнөдөө нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -12…-17 градус, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -7…-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0…+5 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн, өдөртөө Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -1…+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14..+19 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +8…+13 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -7…-9 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна . Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -9…-11 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна

Categories
мэдээ нийгэм

Эрдэмтэн Д.Доржготовт хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өгчээ DNN.mn

Монгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, Монгол орны газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийсэн нэрт эрдэмтэн Д.Доржготовт өнгөрсөн жил “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээж байсан билээ.

Тухайн үед Боловсрол, Шинжлэх Ухааны яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар хамтран хөрс судлалын шинжлэх ухаанд оруулсан түүний хувь нэмрийг үнэлж, хоёр өрөө байр олгохоор шийдвэрлэсэн гэдгээ дуулгаж байсан юм. Тэгвэл өнөөдөр түүнд байрны түлхүүрийг нь хүлээлгэн өгчээ.

Д.Доржготов гуай өдгөө 84 насны босго давсан ч хөрс судлалын шинжлэх ухаанд түүний хүчин зүтгэл чухал хэвээр болохыг энэ арга хэмжээний үеэр салбарын сайд онцолжээ.

Categories
мэдээ нийгэм

Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг 2024 онд ашиглалтад оруулна DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан цахилгаан станц баригдах газарт ажиллах үеэр Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эрчим хүчний хангамжийн өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар товч танилцуулав.

Монгол Улс хэрэгцээт эрчим хүчнийхээ 80 хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдэх хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор худалдан авдаг бөгөөд эрчим хүч хэрэглэгчийн тоо дунджаар 7-8 хувь, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 6-7 хувиар өсжээ.

Дулааны IV цахилгаан станц, Эрдэнэт, Дарханы дулааны цахилгаан станцын өргөтгөлүүд ашиглалтад орсон нь сүүлийн жилүүдийн оргил ачааллыг давахад чухал үүрэг гүйцэтгэж байна.2022-2023 оны өвлийн оргил ачаалал 1,476 МВт хүрсэн. Ирэх өвлийн оргил ачааллыг давахын тулд Сонгино дэд станцыг түшиглэн цэнэгт хураагуур барьж, шаардлагатай тохиолдолд БНХАУ-аас эрчим хүч авах талаар яриа хэлцэл хийж эхэлжээ.

Үүний зэрэгцээ 300 МВт-ын Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг 2024 онд ашиглалтад оруулах бөгөөд мөн оноос эрчим хүчний дутагдлаас гарч эхлэх юм байна.

Ховд аймгийн хувьд Эрдэнэбүрэний усан цахилгаан станц ашиглалтад орсноор 100 гаруй байнгын ажлын байр бий болохоос гадна усалгаатай газар тариалан, байгалийн аялал жуулчлал хөгжиж, энэ хэрээр орон нутаг, иргэдийн ахуй амьдралд олон эерэг нөлөө үзүүлнэ.

Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ жилд 160 сая кВт.ц бөгөөд үүний 40 хувийг Дөргөний цахилгаан станц үйлдвэрлэдэг. Үлдэх эрчим хүчийг ОХУ болон БНХАУ-аас авахад 20 орчим тэрбум төгрөг зарцуулдаг байна.

Эрдэнэбүрэний усан цахилгаан станц 90 МВт бөгөөд жилд 360 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Ашиглалтад орсноор баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангахаас гадна төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх юм.

Categories
гадаад мэдээ

“Hyundai Motor” компани Сарыг судлах аппарат бүтээнэ DNN.mn

БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor” компани ирээдүйн техник хэрэгслүүдийн ханган нийлүүлэгч болох зорилтын хүрээнд Сарыг судлах аппарат бүтээнэ гэдгээ мэдэгджээ.Өнгөрсөн оны долоодугаар сард “Hyundai” Солонгосын сансар судлалын хүрээлэн, Солонгосын автомашины технологийн хүрээлэн зэрэг зургаан судалгааны хүрээлэнтэй уг төслийн талаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан гэж уг мэдэгдэлд дурдсан байна.

“Hyundai” болон дээр дурдсан хүрээлэнгүүдийн мэргэжилтнүүд судалгааны аппаратаа Сарны өмнөд туйлд амжилттай газардуулсны дараа эрдэс бодис цуглуулж, хүрээлэн буй орчны шинжилгээ хийн бусад шинжлэх ухааны төслүүдийг хэрэгжүүлэхийг зорьж байгаа аж.БНСУ-ын автомашин үйлдвэрлэгч тус компани 70 кг жинтэй, сарнаа явагчийнхаа концепт зургийг өнөөдөр олон нийтэд танилцуулжээ. “Hyundai” судалгааны аппаратаа ирэх оны хоёрдугаар хагаст хийж дуусгахаар төлөвлөж байна. Улмаар эцсийн хувилбарыг 2027 онд танилцуулах зорилт тавьжээ.

Г.АМАРСАНАА