Categories
мэдээ нийгэм

Р.Онончимэг: Иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг төлөвшүүлэхийг зорьж байна DNN.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэгтэй ярилцлаа.


-Сүүлийн үед шүүх дээр хэргийн шийдвэрлэлт харилцан адилгүй, ижил төстэй хэргүүдэд эрс тэс ял шийтгэл оногдуулж байгаа талаар нэлээд шүүмжлэл өрнөж байна. Хэн байхаас үл хамаарч шүүгч тохирсон ял шийтгэл оногдуулах ёстой биз дээ?

-ШЕЗ бол шүүхийн захиргааны дээд байгууллага. Үндсэн чиг үүрэг нь шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хуульчаас шүүгчийг шилж олох. Таны асуулт бол хэрэг хянан шийдвэрлэх, шүүн таслах ажиллагаатай холбоотой асуулт учраас энд ямар нэгэн албан ёсны хариулт өгөх боломжгүй.

Харин хуульч хүний хувьд ийм шүүмж яриаг мэдээж анхааралтай сонсдог. Шүүгч ял оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзаж үздэг. Гэмт хэрэг үйлдэгдсэн орчин, нөхцөл байдал, тухайн хэргийг анх удаа үйлдсэн үү, давтан юм уу, насанд хүрсэн, хүрээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, эсвэл хохирлоо төлсөн үү гээд хуульд заагдсан олон нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд шүүгч шийдвэрээ гаргадаг. Нэг ёсондоо яг ижил төстэй гэх ойлголт харьцангуй учраас хариуцлага хуульд заагдсан хүрээнд харилцан адилгүй байна гэж хуульчийн хувьд хардаг.

ШЕЗ оны өмнөхөн “Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх бодлогын баримт бичиг”-ийг баталсан юм. Түүнтэй холбоотойгоор суурь судалгааг хийж байхад шүүхээр үйлчлүүлж байсан иргэд шүүхийн талаар илүү бодит мэдээлэлтэй, шүүхэд итгэх итгэл харьцангуй өндөр хувьтай байдаг нь анзаарагдсан. Харин шүүхээр үйлчлүүлж байгаагүй иргэдээс судалгаа авахад “Шүүхэд итгэхгүй байна” гэсэн хандлага нэлээд өндөр байгаа нь ажиглагдсан. Тэгэхээр бид мэдээллийг бодит эх үүсвэрээс авдаг уу, өөрт нь тохиолдсон асуудалд тулгуурлан дүн шинжилгээ хийж байна уу гэдэгт анхаарах ёстой юм байна даа гэж харж байлаа.

-Бас шүүх дээр хэрэг удааширч, сунжирдаг. Өндөр албан тушаалтан, авлигын хэргүүд сунжирсаар сүүлдээ сураг алдардаг. Шүүгчид нөлөөнд автаад байна гэж олон нийт үздэг. Хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх тал дээр ШЕЗ анхаарч байна уу?

-Энэ бол олон шалтгаантай. Нэг талаасаа нийслэлийн хувьд шүүх, шүүгчийн ачаалал маш өндөр байна. Бид Улсын дээд шүүхтэй зөвшилцөн Шүүх байгуулах тухай хуулийн төслийн саналаа Засгийн газарт хүргүүлсэн. Энэ саналыг хүргүүлэхтэй холбоотойгоор хуульд заасан шалгуур үзүүлэлтийн хүрээнд гурван төрлийн судалгаа хийхэд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нэг шүүгчийн ачаалал 50-150 хувиар давсан үзүүлэлттэй байгаа юм. Мөн шүүхийн байрны асуудал, шүүх танхимын хүрэлцээгүй байдлаас шалтгаалдаг. Сүүлийн үед Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал болж байгаатай холбоотойгоор өмгөөлөгчид шүүхийн байрны талаар шүүмжлэл өрнүүлж байна. Манайх ч бас шүүхийн байрны талаар бодит байдлыг олон нийтэд мэдээлэхэд анхаарч ирсэн. Шүүх танхимын хүрэлцээ хүлээн авч байгаа хэрэгтэй харьцуулахад үнэхээр бага байна. Улсын хэмжээнд ганц гайгүй шүүх нь Нийслэлийн захиргааны шүүхийн байр л байна. Бусдад нь стандарт хангасан байр талбай хэцүү юм билээ.

Хэргийн шийдвэрлэлт удааширч байгаа өөр нэг шалтгаан бол шүүгчийн болон шүүхийн захиргааны ажилтны орон тоо, цалингийн сантай холбоотой. Шүүгчийн сонгон шалгаруулалтыг үе шаттай зарлаж байгаа ч хангалттай нөхөж чадахгүй байна. Энэ нь хуульчдын бэлтгэл, шалгалтын босго, нөгөө талаасаа үнэхээр шилдэг хуульчид өрсөлдөх нөхцөл байдлыг шүүх бүрдүүлж чадсан уу зэрэг олон зүйлээс улбаатай болов уу.

Дээр нь хуульчийн зүгээс харахад хэргийн оролцогчид хэргээ шийдвэрлүүлэх зорилгогүйгээр сунжруулах тактикийн ажиллагааг ихээр явуулдаг нь нууц биш. Ямар нэгэн шалтгаан хэлж хэргийг хойшлуулна. Ийм олон янзын шалтгаанаархэрэг удааширдаг. Эдгээр хүндрэлүүдийг шийдвэрлэхийн тулд Шүүх байгуулах тухай хуулийн саналын төслөө Засгийн газарт хүргүүлсэн. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яам процессын хуулиудад өөрчлөлт оруулах замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбар, шуурхай болгох тал дээр эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм билээ.

-Шүүхэд нөлөөлж байна гэж их ярьдаг болж. Ийм оролдлогыг ч хийдэг болсныг харж байна. Шүүх хүчгүй байх нь улстөрчдөд ашигтай. Үүнийг яаж засч залруулах боломжтой вэ?

-ШЕЗ-ийн нэг үндсэн чиг үүрэг шүүгчийн хараат бус байдлыг хангах ёстой. Үндсэн хуулийн 49.2-т Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэж заасан байдаг. Үүнийг 2021 оноос хүчин төгөлдөр мөрдөгдсөн Шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлд илүү тодорхой болгож, хэрвээ ийм байдал үүсвэл хэрхэх талаар зохицуулсан. Мэдээж ШЕЗ-өөс энэ талаарх мэдээ, мэдээлэлд тухай бүр дүн шинжилгээ хийж, хэрхэх талаар шийдвэр гарган ажиллаж байна. Хуулийг УИХ-аас баталдаг. Тиймээс УИХ гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдөө батлагдсан хуулиа мөрдөж, энэ талаарх соёлыг төлөвшүүлэхэд манлайлах хэрэгтэй.

-Шүүгчдийн мэргэжлийн шалгалтаар хуруу дарам шүүгч тэнцдэг. Шүүгчдийн мэдлэг ур чадвар хангалтгүй тухай хуульчид ярьж байгаа. Энэ нь хэргийг үнэн зөв, шударга шийдвэрлэхэд нөлөөлдөг болов уу?

-Бид бүрэлдэхүүнээрээ ажилласан жил гаруйн хугацаанд гурван удаагийн сонгон шалгаруулалт зарлаж, хуульчдаас шүүгчийн сонгон шалгаруулалтыг авлаа. Гурван удаагийн шалгалтаас харахад шалгалт өгч байгаа хүмүүсийн 20-25 хувь нь тэнцэж байна. Шүүгч өөрөө насан туршдаа томилогддог албан тушаал, хүний амьдралын хувь заяаг шийдэж байдаг. Тиймээс тэд мэргэжил ур чадвар, зан төлөвийн хувьд чадвартай хүмүүс байх ёстой. Энэ ч үүднээс 2021 оны Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар энэ чиглэл рүү нэлээд нарийн өөрчлөлт орж ирсэн. Тодруулбал шалгалтын босго оноо өндөрссөн, мөн зан төлөв, ёс зүйн шалгалтын тодорхой шалгууртай болсон. Сонгон шалгаруулалтын даалгавар, жишгийг боломжийн гэж бид үзэж байгаа. Харин яагаад шилдэг чадвартай хуульчид шүүгч болохыг хүсэхгүй байна вэ гэдэгт илүү анхаарах ёстой болов уу.

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн тухайд анхан, давж заалдах шатны шүүхэд шүүгчийн ачаалал маш өндөртэй талаар өмнө дурдсан. Нийтэд түгээмэл болчихсон нэг ойлголт шүүгчид өндөр цалин авдаг л гэдэг. Би ч гэсэн тийм ойлголттойгоор энэ салбарт орж ирсэн. Гэтэл 10 жилийн өмнө цалингаа нэмүүлсэн. 10 жил өндөр цалинтай гээд нэр зүүчихсэн яваа. Үнэндээ арван жилийн өмнө нэмэгдсэн цалин нь дундаж, бага талдаа л болчихсон юм билээ. Чадвартай хүний үнэ цэнийг үнэлж байж л ажиллуулна. Тийм орчин байна уу гэдэгт асуудал байна. Цаашдаа шүүгч болох шалгуурыг өндөр тавьж байгаа хэрээрээ шүүхийн байр сав, орчин нөхцөл, шүүгчдийн ахуй хангамжийг бодолцохоос өөр аргагүй. Хувийн хэвшилд 10 сая төгрөгийн цалин авч байгаа хуульч гурав дахин бага цалинтай шүүгч болохоор ирнэ ч гэж юу байх вэ дээ. Чадвартай хуульчид олон улсын хуулийн фирмийн түвшинд ажиллаад явчихаж байна шүү дээ.

-Шүүхийн байрны хүрэлцээгүй талаар та хөндлөө. Өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа юм бэ?

-Шүүх эрх мэдэл засаглалын салаа мөчир гэж үздэг боловч харилцан хяналттай, тэнцвэртэй байхын тулд төсвийн хувьд нөгөө хоёр засаглалаасаа бие даасан, хараат бус байж чадаж байна уу гэвэл миний хувьд хараахан үгүй гэж хэлнэ. ШЕЗ-ийн үе үеийн удирдлагууд төсвийн хувьд бие даасан байхаар үе шаттай ажлууд хийж ирсний дүнд 2021 оны Шүүхийн тухай хуулиар УДШ-ээс бусад шүүхийн төсвийг ШЕЗ-өөс төлөвлөн Байнгын хороонд хянуулж, хянагдсан төсвийн төслийг Засгийн газар төсөвт нэгтгэн УИХ-д өргөн мэдүүлэхээр зохицуулалт хийгдсэн.

Гэсэн хэдий ч энэ жилийн тухайд шүүхийн хөрөнгө оруулалтын зардал тавигдаагүй. Энэ нь мэдээж ковидын дараах хүндрэлийг улс орон даяараа даван туулж байгаатай холбоотой. Төсвийн хэмнэлттэй байгааг ойлгож байгаа. Гэхдээ төр иргэнийхээ шүүхэд хандах эрхийг баталгаатай эдлүүлэх ёстой л юм бол шүүхийн төсөв дээр илүү тодорхой нөхцөлийг бий болгож, шийдвэрлэх шаардлагатай.

Өнгөрсөн гуравдугаар сард Европын холбооны дэмжлэгээр ШЕЗ, ШСХ-той хамтран Хууль, шүүхийн байгууллагын цахимжуулалт сэдвээр олон улсын хурал зохион байгуулсан. Тус хуралд шүүхийн цахимжуулалт ярихын зэрэгцээ шүүхийн төсвийн талаар бусад орны жишгийг ярилцсан.Нилээд улс оронд шүүх нь гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоог тодорхой нөхцөл байдлаар хэрэгжүүлсэн байдаг юм байна. Монгол Улсад эрүүл мэндийн салбар анхдагч байдлаар 2020 оноос үүнийг хэрэгжүүлээд явж байгаа юм байна. Үр дүнтэй байгаа талаар эрх бүхий албан тушаалтнууд ярьцгааж байна. Шүүхэд ч үүнийг хэрэгжүүлэх боломжтойг тус хуралд оролцсон Сангийн яамны зөвлөх хэлж байгаа нь сайн хэрэг.

Тэгэхээр шүүхийн байрны асуудал бол шүүхийн төсөвтэй л шууд холбоотой юм.

-Шүүх дээр хэрэг сунжирдаг шалтгааныг та шүүхийн байр савны хүрэлцээ ачаалалтай холбосон шүү дээ. Тэгэхээр өнөөдөр манайд шүүх ямар байдлаар өөрчлөгдөж шинэчлэгдэх ёстой болчихоод байна вэ?

-Шүүх байгуулах тухай хуулийн саналын төслийг өргөн барихдаа шүүх байгуулах шалгуур үзүүлэлтийг үндэслэхээс гадна нэгд, иргэн шүүхэд хандах эрхээ баталгаатай эдлэх нөхцөлийг харж, хоёрт, шүүх, шүүгчийн ачааллыг тэнцвэржүүлэх, гуравт, шүүхийн үйлчилгээ хэн болгонд хүртээмжтэй байх нөхцөлийг харгалзан шүүхийг тойргийн журмаар байгуулах боломжуудыг судалсан. Ачаалал, төвлөрөл, дэд бүтцийг харж шүүхийг тойргийн журмаар байгуулах, төрийн үйлчилгээг цахимжуулах бодлогыг дэмжиж саналын төслийг боловсруулж хүргүүлсэн. Ингэхдээ шүүхийн байр, дэд бүтэц, хүний нөөцийн асуудлыг давхар шийдвэрлүүлэхээр тусгасан. Ингэснээр Алсын хараа 2050-д тусгагдсан шүүхийн үйлчилгээ иргэн төвтэй болох суурь нөхцлүүд бүрдэх юм.

-ХЭҮК-ын 2022 оны хүний эрхийн нөхцөл байдлын талаарх илтгэлд нийт баривчилгааны 99 хувь нь шүүхийн шийдвэргүй байсан талаар онцолсон байсан. Шүүхийн шийдвэргүй баривчлах нь хүний эрхийн зөрчил үүсэх том нөхцөл гэж үздэг. Үүнийг бууруулах тал дээр ямар алхам байх ёстой вэ?

-Бид шүүн таслах ажиллагаанд оролцдоггүй гэдгийг дээр хэлсэн учраас энэ тал дээр тодорхой хариулт алга. Сая нэг хэлэлцүүлэг дээр энэ асуудал хөндөгдөж байсан. Хорих зөвшөөрөл олгодог зөвшөөрлийн шүүгч бий болгох гэх мэтээр хүний эрхийн зөрчил гаргахгүй, шуурхай байх талаар яригдаж байгаа болов уу.

-Шүүхийн шинэчлэл гэж олон жил ярьж ирлээ. Ер нь шүүхийн ирээдүйн төлөв ШЕЗ яаж зураглаж байгаа юм бол?

-Алсын хараа 2050 гээд бодлогын баримт бичгийг Монгол Улсын Их Хурлаас 2020 онд баталсан. Үүн дээр арав, арван жилээр хэрэгжихээр 30 жилийн хөгжлийнтөлөвлөгөөг баталсан байгаа юм. 2030 он хүртэл шүүхийн хараат бус байдал хангагдаж, хариуцлагатай иргэн төвтэй шүүх тогтолцоог төлөвшүүлнэ гэж, 2040 он хүртэл иргэдийн итгэлийг бүрэн хүлээсэн шүүхтэй болно гэж, 2050 онд хариуцлагатай иргэн төвтэй шүүх төлөвшсөн байна гэж тодорхойлсон.

Өнөөдрийн ШЕЗ-ийнхөн бол анхны 10 жилийн эхний шанг татаж байгаа хүмүүс. Мэдээж бүх өөрчлөлт алдаа, оноотой ч сайн зүг рүүгээ явж байдаг жамтай. “Алсын хараа 2050” бодлогын баримт бичиг, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн Шүүх эрх мэдлийн бодлогын баримт бичгийн төслийг УИХ-д батлуулахаар өргөн барихаар төлөвлөн ажиллаж байна. Түүнийг дэмжсэн богино хугацааны бодлогыг бид өөрсдөө батлаад хэрэгжүүлээд эхэлсэн. Анхны жил бид энэ баримт бичгүүдээ нэг ойлголт стандартаар хэрэгжүүлэх зорилготой бүх дүрэм, журмаа баталлаа. Хоёр дахь жилд хэрэгжүүлэлт талдаа анхаарч, үйл ажиллагаагаа чиглүүлж байна,шүүхийн үйлчилгээг хялбар, шуурхай, чанартай хүргэхийн тулд цахимжуулалтыг дэмжих бодлого түлхүү хэрэгжих ёстой. ШЕЗ шүүхийн ирээдүйн төлөвийг Алсын хараа 2050 бодлогодоо нийцүүлэн харж байна, тэгэхээр иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг төлөвшүүлэхийн тулд сайн хүний нөөц, шуурхай, чанартай үйлчилгээний орчныг л бүрдүүлэхэд өнөөдрийн үйл ажиллагаа бүр чиглэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь DNN.mn

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 26-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

Дэлгэрэнгүйг https://www.tog.mn/account/5 холбоосоор үзнэ үү.

Жич: Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг хөнцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье.

Тодорхой шалтгааны улмаас засварын хуваарьт өөрчлөлт орох тохиолдолд хангагч байгууллагаас зарыг дахин хүргэнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Манай улс хүнсний бүтээгдэхүүний 50 хувийг импортоор авдаг DNN.mn

Манай улс хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнийхээ 50 орчим хувийг импортоор авдаг. 2022 онд 1.1 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий хүнсний бүтээгдэхүүнийг импортоор худалдаж авсан нь нийт импортын 13-14 хувийг эзэлж байгаа юм.

Сонирхуулахад, энэ оны эхний улирлын байдлаар импорт өмнөх оны мөн үеэс 248.9 сая ам.доллараар өссөн байна. Импорт өсөхөд дизелийн түлш 109.8 сая ам доллар, ачааны авто машин 56.6 сая, нийтийн тээврийн импорт 22.3 сая ам доллараар өмнөх оны мөн үеэс тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

ЗГ: Энэ онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийн нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцэж байна DNN.mn

Засгийн газар долоо хоног бүрийн Лхагва гарагт хуралддаг. Өнөөдрийн хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:

– Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,

– Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар,

– Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн олон улсын аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайлан болон тус банкны 2023 онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийн нарийвчилсан төлөвлөгөө,

– Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр замын суурь бүтэц барих зөвшөөрлийн тухай зэрэг 24 асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Орчин үеийн төр засаг түм буман камерын дор ажиллаж байгаагаа санаж явмаар байна DNN.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдийн шуугианыг бид бэлээхэн мэдэж байгаа. Төрийн ордны ногоон будагтай хашаа, Польшийн хөгжмийн зохиолч Шопений хөшөөн дээр өөр хүний хөгжмийг бичсэн явдал, Нийгмийн сүлжээнд Элийрэгч хэмээн танигдсан Уянгын ОХУ-ын Элчингийн өмнө хийсэн жагсаал гурав юм. Энэ гурван шуугиан нь үнэндээ нийгмийн хэлэлцүүлэг болтлоо өрнөх үйл явдлууд биш билээ. Гэтэл болж чадлаа. Үүний хор хохирол юу вэ. Монголын төрд асар сэвтэй, асар хортой тусч, улам муухай харагдуулахад нэмэр болов. Энэ хэрээрээ төр хүчгүй болж байна. “Муу дээр муу нэмэр, муухай дээр улцан нэмэр” гэдэг шиг үйл явц болж хувирав. Өнөөдөр төрийн нэр хүнд ямар байгааг бүгдээрээ мэдэж байгаа шүү дээ. Ингэж сошиалд олзлогдохгүй байх боломж ажил хийсэн хүмүүст байсан. Гэвч тэдний хэн нь ч цаг үеэ мэдрэхгүй, хөгжилтэй хөл нийлүүлэн үйл ажиллагаагаа явуулж чадсангүй. Ер нь ч тийм байгаа. Монголын төр засаг, Улаанбаатар хотын захиргаа, Уянгатай бүдүүлэг харьцаж байгаа цагдаагийн байгууллагын нэр хүндийг ингэж унагах ямар шаардлага байгаа юм бэ. Төрийн зарим нэгний зүгээс энэ ер юу болдог юм, “Жингийн цуваа явдагаараа явна, жингэрийн гөлөгнүүд хуцдагаараа хуцна” гэсэн алдарт үгээ хэлцгээж байгаа биз. Бодит байдал дээрээ тийм биш байна шүү.

Монголын төрийг үл хүндэтгэх үзэл санаа, үл тоох үзэл санаа дэврэн бэхжиж байна. Саяын гурван шуугиан дээр зүй нь яах ёстой байв. Хамгийн эхлээд Монголын гурван сая иргэн, гурван сая камертай болсныг сана. Сайн ойлгож авцгаа, төрийнхөөн. Жишээлбэл, төрийн ордныг тойруулсан ногоон будагтай хашааг барихынхаа өмнө урьдчилаад түм буман камер цуглуулж байгаад “Хөрөнгө мөнгө, санхүүгийн боломжоос шалтгаалан, төрийн өндөр түвшний айлчлалын өмнө, нэг удаадаа ийм өнгөөр будахаас өөр аргагүй нөхцөл байдал үүслээ. Цаг хугацаа давчуу байна. Тийм учраас та бүгдэдээ урьдчилан мэдээлж байгаа юм аа” гээд хариуцсан албан тушаалтан нь мэдээлчихсэн бол өнөөдрийнх шиг ийм шүүмжлэл, муутгал сошиалд явахгүй байх байлаа. Үүнд жаахан сэтгэл гаргах, мэдрэх, сошиал ашиглан зөв мэдээллийг богино хугацаанд хүргэх л байсан. Энэ л дутсаных. Урьдчилан сэргийлэх мэдрэмж. Ингэсэн тохиолдолд бэлээхэн хүлээгээд авчих гурван сая камертай, гурван сая гар утас цаана чинь бэлэн байна шүү дээ.

Хөгжмийн суут зохиолч Шопений хөшөө байна. Польшийн Ерөнхийлөгчийн айлчлалд зориулсан бэлэг байсан байлгүй дээ. Буруу юм байхгүй. Үүнд Улаанбаатар хотын төр захиргааны байгууллага хариуцлагатай хандах ёстой байлаа. Хөшөөн дээр буруу бичсэн байсныг хөгжмийн боловсролтой хэн нэгэн хажуугаар нь өнгөрч явахдаа хараад, гар утсаараа бичиж сошиалд цацлаа. Өнөөх түм буман камерын нэг нь. Ингээд л бөөн шуугиан, цохилтын төв нь өнөөх л төр засаг. Улаанбаатар хотын удирдлага. Хариуцлагагүй хандсан нэг түшмэлээс чинь болж хийсэн бүтээснийг чинь матарлаж байгааг харав уу. Өнөөх л төрийн бүх ажил, цаг минут тутам гурван сая камерын хяналтад байгаагийн нэгэн тод илрэл. Бөөн асуудал дунд байдаг Нийслэлийн төр захиргааны байгууллагын нэр хүндэд улам нэрмээс болж байх жишээтэй. Цаашид ажилдаа хайхрамжгүй хандсан хүн бүрт ард түмний гурван сая камер ингэж хандана, төрийг ингэж гутаана.

Тэгэхээр төр засгийнхан минь хуучин цаг үе биш болсныг үргэлж сана. Улаанбаатар хотын 1,5 сая иргэний нялх хүүхдээс бусдыг нь оруулахад 1,2 сая иргэн нь камертай гар утастай. Тэр бүгдийн хараан дор та бүгдийн үйл ажиллагаа явагдаж байна. Урьд бол Үндэсний телевиз, Өдрийн сонин… бас бус мэдээллийн хэрэгслүүдийг байлгаад үйл ажиллагаагаа танилцуулаад болчихдог байсан. Одоо бол огт өөр. Бүр санаанд оромгүй мэдээллийн урсгал бий болсон. Түм буман камер цаана чинь өдөр шөнөгүй ажиллаж байна.

Уянга хэмээх бүсгүй ОХУ-ын Элчин сайдын яамны үүдэнд дайныг эсэргүүцсэн жагсаал хийхэд хүн цөөхөн цугласан байж магадгүй. Цагдаа нар үүнийг нь олз болгож, “Энэ муу тэнэг хүүхэн ганцаараа…” гэсэн байдлаар түүнд ямар дээрэлхүү хандана вэ. Ганц хүүхэн дээр гурав, дөрвөн цагдаа овоороод л, татаж чангаагаад, чирээд, түлхээд… элдэвлэж байна. Гэтэл тэр Элийрэгч чинь 120 мянган дагагчтай юм билээ шүү дээ. Түүний үг үйлдэл, хэлсэн ярьсан бүгдийг 120 мянган хүн тэр дор нь харж байгаа. Дор хаяж 80 мянган дагагч нь цаг алдалгүй мэдээллийг нь хүлээн авч, цагдаа нарыг харж, эгдүүцэж байгааг тэд яагаад мэдэхгүй, мэдрэхгүй, ойлгохгүй цагдаагийн нэр хүндээ гутаагаад байгаа юм бэ. Угтаа 120 мянган камер Уянгыг элдэвлэж байгааг харж байгаа шүү дээ. Наад захын ийм аюултай, хурдтай, халтайг мэддэггүй юм уу. Энэ хэрээр Монголын цагдаагийн байгууллагын нэр хүнд шороотой хутгалдаж байна шүү дээ.

Өнөөдөр Монголын төр засаг энэ бүгдийг тооцож ажил төрлөө явуулмаар байна. Сошиалд юу гэж байна, яг түүгээр ажлаа явуул гэсэн үг огтхон ч биш шүү. Харин эсрэгээрээ сошиалыг өөрсдийн үйл ажиллагаандаа хэрхэн зөв ашиглах тухай энд ярьж байна. Монголын гурван сая иргэний, гурван сая камертай Монголын төр хэрхэн зохицож ажиллах, харилцан ашигтай ажиллах, ажлаа хэрхэн ойлгуулах, эрх ашгаа нэгтгэх, эцэстээ улс орны сайн сайхны төлөө, нийгмийн сайн сайхны төлөө хамтдаа хэрхэн зүтгэх тухай л асуудал юм. Ийм л үзэл санаагаар энд бичиж байна. Тэрнээс тэнд нийтийн эзэмшлийн талбайг хотын захиргаа хуулийн дагуу, ард иргэдийн эрх ашгийн төлөөнөөс авч ашигласныг сошиалд шүүмжилмэгц “Аа ерөөсөө болохгүй юм байна. Бид муухай харагдах нь” гээд шийдвэрээ цуцалдаг байж болохгүй. Төр засгийн шийдвэр сошиал дахь шүүмжлэлээс болж цуцлагддаг, тийм хүчгүй, арчаагүй байж болохгүй. Харин эсрэгээрээ тэрхүү хүчирхэг сошиал нөлөөг ашиглаж, урьдчилсан байдлаар, ухаалгаар ажлаа ойлгуулах, хийх гэж байгаа ажлаа танилцуулах тухай юм.

Энэ бүгдээс харахад Төрийн ордны ногоон хашааны талаар урьдчилсан байдлаар түм буман камер цуглуулаад нөхцөл байдлыг ойлгуулчихсан бол тэднээс 10 нь л шүүмжилнэ, үлдсэн 90 хувь нь зөвөөр ойлгох байлаа. Шопений хөшөөг ч гэсэн хариуцсан түшмэл нь Шопен биш Францын хөгжмийн зохиолчийн нотыг биччихэж гэдгийг анзаарахад, тийм нягт нямбай хандахад болчих байлаа. Тэгсэн бол өнөөдөр нийгмийн сүлжээнд “Ийм гоё хөшөө босчээ” гээд Улаанбаатар хотын ажил сайнаар үнэлэгдэх байсан. Элийрэгч хэмээх Уянгыг цагдаагийн байгууллагын зүгээс “Нэг муу тэнэг” гэж харахгүйгээр, цаана нь 120 мянган хаяг харж байгааг тооцож, түүнтэй цагдаагийн ажилтан соёлтой, боловсон, хүндэтгэлтэй харьцсан бол Монголын 120 мянган иргэнд цагдаагийн нэр хүнд өсөх байлаа. Өнөөдрийн технологийн ололтууд нь нийгэмд нэг хүний нөлөөг асар их болгосныг харуулж байна. Үүний нэг тод жишээ бол сошиалд Элийрэгч хэмээх хаягаар танигдсан Уянгаас харж болно. Энэ мэтчилэн орчин үеийн төр засаг түм буман камерын дор ажиллаж байгаагаа цаг үргэлж санаж явмаар байна. Ингэж л ажиллахгүй бол төрийн нэр хүнд шат шатандаа улам унасаар, гишгэгдсээр байгааг ойлгоно уу. Төр хүчгүй бол улс орон ч хүчгүй. Хүч чадалгүй эх орны иргэд ямар байх вэ…

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг: Хавтаст хэрэгт Т.Чимгээг буруутгах нотлох баримт байдаггүй DNN.mn

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдож, 20-25 жилийн хорих ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шүүхээс цагаатгаад байгаа юм. Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэгтэй ярилцлаа.


-Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг 2015 онд баривчилснаар С.Зоригийг хөнөөсөн хэрэг дахиж олны анхааралд гарч ирсэн. Та Т.Чимгээгийн хэрэг дээр анхнаас нь орж ирсэн үү?

-Би Т.Чимгээгийн өмгөөлөгчөөр 2015 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр ах Хүрэлбаттай нь гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн. Анх Төв аймаг дахь Цагдан хорих байранд гурав, дөрвөн удаа очиход “ТЕГ-аас таныг оруулж болохгүй гэсэн” гээд уулзуулахгүй байсан. “Хэн тэгээд байна вэ” гээд Хорихын дарга дээр ороод уулзахад “ТЕГ-ын Бархасбадь хурандаа таныг уулзуулж болохгүй гэсэн үүрэг чиглэл өгсөн” гэж байв.

Эцэст нь Нийслэлийн прокурорын газарт гомдол гаргаж байж, тэндээс Тагнуул дээр очиж гэрээгээ үзүүлж, нууцын баталгаа гаргаж өгсний дараа өмгөөлөгчөөр орохыг зөвшөөрсөн. Угтаа хуульд зааснаар хэнбугай ч өмгөөлөгчөө өөрөө сонгох ёстой. Гэтэл ТЕГ-аас үүрэг чиглэл авч байж, тэд зөвшөөрч байж Т.Чимгээг өмгөөлөх болсон.

Хорих ангид Т.Чимгээтэй анх уулзахад эрэгтэй, эмэгтэй хүний том жижиг углааш хөлөндөө углачихсан, богино өмдтэй, дан подвалктай, үс нь сэгсийчихсэн гарч ирсэн.

-Арванэгдүгээр сар гэдэг намрын сэрүү орсон үе байх нь?

-“Ийм хүйтэнд нимгэн хувцастай юу болж байна вэ” гэж намайг асуухад “Гурван сарын өмнө буюу наймдугаар сарын 31-нд ийм хувцастай гудамжнаас кинон дээр гардаг шиг нүүрээ битүү халхалсан, масктай хүмүүс миний толгойд даавуу углаад машинд хүчээр суулгасан. Нэг мэдэхэд Төв аймгийн Цагдан хорих байранд байсан. Ийм хувцастайгаа гурван сар болж байна. Подвалийн өрөөнд хоригддог. Тэнд ямар ч гэрэл гэгээ ордоггүй, цонхгүй. Цементэн шалтай, бетонон ханатай хүнд нөхцөлд байна” гэж байсан. Эмэгтэй хүн гурван сар усанд ороогүй, маш хүнд нөхцөлд байсан. Чимгээ бас “Чам шиг юм өмгөөлөгч авахгүй шүү дээ. Чамайг өмгөөлөх өмгөөлөгч ч олдохгүй” гэж дарамтлаад байсан. Би хийгээгүй хэргийнхээ төлөө сууж байна. Та намайг өмгөөлөх гэж байгаа юм уу” гэж итгэж ядаад зөндөө уйлсан.

Би тэр үед хэлсэн. “За миний хүү битгий уйл. Энэ хорвоо дээр амьд л явж байвал юмны учир нь олдоно” гэж яриад д түүнээс хойш бүх байцаалтад хамт орж байсан. Намайг өмгөөлж эхлэхээс өмнө маш олон ажиллагаа явагдчихсан байсан. Чимгээгийн гэр, ах дүү нарынх нь гэр, ээжийнх нь гэрийг нэгжээд 1998 онд байсан зурагтай альбомыг тэр чигээр нь хурааж авч явсан.

Ах дүүгийнх нь гэрээс алт мөнгөн эдлэлийг нь хүртэл хураагаад авчихсан байсан. Тэр үеийн ам зураг гардаг шүү дээ.

-Тийм ээ, одоо хүртэл яригдаж байгаа ам зураг. Тэр зураг Т.Чимгээгийн зурагтай нэлээд төстэй харагддаг байх аа?

-Т.Чимгээгийн 1998 оных нь зурагнаас дахиж зурсан гэж би боддог. Тэр зургийг дахиад сайн хараарай. Т.Чимгээгийн 1998 оны үеийн залуугийн зураг, Б.Содномдаржаагийн 40 настайгийнх нь зураг зэрэгцэж байгаа. Хэрэг гарах үед Б.Содномдаржаа 23 настай, Т.Чимгээ 29 настай байсан. Гэтэл 1998 оны ам зураг гэхэд Б.Содномдаржаагийн 40 насны зураг байх жишээтэй.

Түүнээс гадна шүүх хурал болоход нотлох баримт цуглуулах хэрэгтэй болно шүү дээ. Тиймээс 1998 оны аравдугаар сарын 2-нд Т.Чимгээ хаана байсныг батлах хэрэгтэй болно. Дорноговь аймагт 1998 онд миний үйлчлүүлэгч өндөр настай эмээгээ асарч байсан. Тэр хөгшний гар дээр Т.Чимгээ өссөн учраас гурав болон нэгдүгээр ангийн охидтойгоо, мөн хоёр настай хөхүүл хүүтэйгээ хамт эмээгээ асардаг. “Тэр үед хүүхдүүдээ сургуульд зөөгөөд эмээгээ сахиад гэрээс ч гардаггүй. Юун Эрдэнэтэд тогооч хийх манатай. Тэнд ер очиж байгаагүй. Саяхнаас тогооч хийх болсон. 1998 оны үед бүжигчин байсан хүн. Тиймээс хамаагүй” гэж Т.Чимгээ ярьдаг.

-Тэгээд хэрэг гардаг өдөр тэнд байгаагүй гэдгийг та баталж чадсан уу?

-Тийм баримт олохын тулд Т.Чимгээгийн хоёр охин сурч байсан сургууль дээрээс очиж шүүлгэсэн. Хоёр охины ангийн журналыг олсон. Хүүхдүүд нь 1998 оны есдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын дунд хүртэл өдөр бүр хичээлдээ явсан байдаг. Бага насны хүүхдийг Т.Чимгээ өөрөө л зөөж таарна шүү дээ. Хоёрт, эмээ нь хэвтэрт байсан талаар тэндхийн эмнэлгээс тодорхойлолт авсан. Эдгээр нь бүгд хуулийн дагуу тамга тэмдэгтэй, архивын баримтууд.

Ингээд 20 орчим хуудас баримт цуглуулаад анхан шатны шүүх хуралд очиход бүх баримтыг маань хурааж аваад, хуультайгаа л ор гэдэг юм. Би анхан шатны шүүх хуралд орж байгаа учраас нотлох баримтаа өгөхгүй бол болохгүй, шинэ нотлох баримт гэж хэлсэн боловч хурааж авах гэж маргаан үүссэн. Түүнээс болж миний даралт ихсээд түргэн дуудагддаг шүү дээ. Ингээд анхны шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны арванхоёрдугаар сарын 27-нд болж, үүнээс 03 дугаартай шийтгэх тогтоол гарсан. Бид үүнийг эсэргүүцэж Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандахад, 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдөр бидний давж заалдах гомдлыг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг бодитой гэж үзсэн.

-Анхан шатны шүүхээс Т.Чимгээд 25 жилийн оноочихсон байдаг…?

-Тийм, 25 жилийн ял. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаан 2017 оны наймдугаар 4-нд ороод тогтоол гарсан. Тогтоолд “Т.Чимгээг шунахайн сэдэлтэйгээр бусдын захиалгаар Б.Содномдаржаа, Б.Отгонбаатар, насанд хүрээгүй Амгаланбаатар нартай бүлэглэж УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр гэрт нь олон удаа хутгалж, онц харгис хэрцгий аргаар урьдчилан төлөвлөж санаатай алсан үйлдэл нь тогтоогдсон” гэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.5, 2.11 дүгээр зүйлд зааснаар 20 жилийн хугацаатайгаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдсэн.

-С.Зоригийг хөнөөсөн хэргийн хавтаст хэргийг уншсан цөөн хүний нэг бол та. Хуульчийн хувьд хавтаст хэргийг уншихад юу харагдаж байв?

– 61 хавтаст хэрэг байсан. Би 46 хоног уншсан. Өмгөөлөгч би битгий хэл хохирогчийн тал С.Зоригийн дүү С.Оюун хэргийг уншаад “Ийм хэргээр хүнийг яллана гэж байхгүй. Энэ хүмүүс хэрэг үйлдсэн гэж итгэл үнэмшил төрөхгүй байна” гээд хуралд орохоос татгалзсан байдаг.

Би 61 хавтаст хэргийг яагаад 46 хоног сууж уншсан бэ гэхээр биднийг Тагнуулын ерөнхий газар руу юу ч үгүй оруулаад л гаргадаг. Тэндээс дэвтрээ авч юм бичээд л хураалгаад гарна. Юмнуудаа бичиж тэмдэглэж авахгүй бол болохгүй учраас нэг бүрчлэн үзэх хэрэгтэй. Хавтаст хэрэг уншиж суухад буутай хүн хажууд суучихна. 30 минут тутамд солигдоно. Хажууд буу барьчихсан, битүү масктай хүн хараад суучихаар маш дарамттай. Би 1978 онд МУИС-ийн хуулийн ангийг төгссөнөөс хойш тийм аймаар дарамттай, түгшүүртэйгээр хэрэг уншиж байсан удаагүй.

Хавтаст хэрэгт Т.Чимгээг буруутгах нотлох баримт байдаггүй. Яах аргагүй хурууны хээ нь илэрчихсэн юм байна, гэрээс нь эд зүйл нь олдсон байна, аман зураг нь таарч байна гэх юмгүй. Хэргийн газраас 19 ширхэг үс олдсон. Тэрний нэг хэсэг нь амьтных, нэг хэсэг талийгаачийн үс, Булганы үс зэрэг байдаг. Т.Чимгээгийн үс байдаггүй. Түүгээр зогсохгүй хурууны хээ, гутлын хээ нь ч таараагүй. Уг нь мөрдөн шалгах ажиллагааг мундаг л хийсэн. Жишээ нь, Д.Амгаланбаатар “Би морины зурагтай марк толин дээр нь наачихсан” гэж хэлэхэд л түүний мөрөөр гурван сар мөрдсөн байх жишээтэй. Ер нь Амгаланбаатарын ярьсан, харсан, үзсэн, тэр тэгсэн, энэ ингэсэн гэдэг хүмүүсийн 90 хувь нь нас барчихсан байдаг. Байгаа хүмүүс нь ч таардаггүй. Д.Амгаланбаатар н.Энхтуяа гээд хүний нөхөртэй “Бид хоёр цуг архи ууж байхад тэр нөхөр С.Зоригийг алсан гэж хашхирч байсан” гэж ярьдаг. Энхтуяа нь “Манай нөхөр хэзээ ч Амгаланбаатартай архи ууж байгаагүй” гэхэд л хоёр хоногийн дараа Амгаланбаатарыг шоронгоос гав дөнгөтэй нь аваачаад нүүрлэдүүлдэг. Айж сандарсан эмэгтэй “Нээрээ тийм юм байна. Би мартчихсан байна” гэх маягаар мэдүүлэг авагдсан байдаг юм.

-Олон нийтэд ил болсон баримтуудад ч Д.Амгаланбаатарын мэдүүлгээр нэлээд өргөн ажиллагаа хийгдсэн юм уу гэж харагддаг. Ер нь ийм хүний үгээр мөрдлөг хийх нь хэр үр дагавартай юм бол?

-Д.Амгаланбаатар, н.Марууш гэж “Хан хараацай” зочид буудалд үйлчлэгч хийж байсан гэсэн хоёр хүний мэдүүлэг Т.Чимгээг яллах дүгнэлтийн гол үндэслэл болоод байсан. Гэтэл шүүх хуралдаанд н.Маруушийг оруулж ирээд Т.Чимгээтэй нүүрэлдүүлэхээр “Энэ хүн өндөр биш байна. Хацар нь улаан биш байна. Сэвх нь таарахгүй байна. Энэ хүн миний харсан хүн биш” гээд өмнө нь өгсөн мэдүүлгээ үгүйсгэдэг.

-Д.Амгаланбаатар юу гэх юм?

-Шүүх хурал дээр би гурван ч удаа асуусан. “Д.Амгаланбаатар аа, чиний яриад байгаа зүйлс яагаад бодит байдалтай нийцдэггүй юм бэ. Чиний харсан үзсэн гэсэн гэрчүүд ихэнх нь нас барчихсан байна” гэхээр хариуд нь “Өмгөөлөгч өө, би муу хүн л дээ. Би олон жилийн хорих ял авсан хүн. Би нар салхинд явмаар байна. Цаг хугацаа хожмоор байна шүү дээ” гээд шүүх хуралдааны танхимд хэлдэг.

1980-аад оны дундуур гарсан Дугархорлоогийн хэрэг гэж сонссон байх. Нас барсан хүнийг Улсын ерөнхий прокурорын орлогч Отгонбаяр яллаад хүмүүсийг хилсдүүлсэн хэрэг. Б.Чимэд багш маань “Ийм нотлогдоогүй хэрэг яллахгүй” гэж маргалдаад Шүүх яамны сайдын суудлаасаа бууж байсан гэнэ лээ. Багшийг маань хүртэл хэлмэгдүүлж байсан. Тэгвэл Т.Чимгээд холбогдох энэ хэрэг бол Монгол Улсын хувьд хүнийг амьдралаар нь сүйрүүлж, харгис хэрцгий эрүүдэн шүүсэн хоёр дахь хэрэг гэж би хэлнэ.

-Эрүү шүүлтийн хэрэг мандсан. Тагнуулын газрын дарга Б.Хурц, орлогч прокурор Г.Эрдэнэбат нар энэ хэргийг арай өөрөөр тайлбарладаг. Та эрүү шүүлтийн талаарх баримтуудаас ярьж болох уу?

-Тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 180 дугаар зүйлд хэрэг гарсан газарт л хүнийг шалгах ёстой гэж заасан. С.Зоригийг хөнөөсөн газар бол 40 мянгат. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот. Тэгэхээр хэргийг Улаанбаатар хотод шалгахгүйгээр Төв аймгийн Цагдан хорих байранд Т.Чимгээг аваачаад подвальд хорьж байгаа нь эрүүдэн шүүж байгаа нэг хэлбэр. Мөн тэр хүн эргэлт уулзалт авах ёстой. Гэр бүлийн хүмүүсийг огт уулзуулаагүй, эргэлт авах эрхийг олгоогүй. Эмэгтэй хүний наад захын хэрэгцээтэй хэрэгсэл нэг ч өгөхгүй, хэцүү байдалд хорьж байсан нь эрүү шүүлт. Мөн сэтгэл санааны дарамт маш их. Чимгээгийн өрөөний үүдэнд эмэгтэй хүн хэдэн цагаар мэгшиж уйлдаг. Хүүхэд уйлуулдаг. Ингэж сэтгэл зүйн дарамт үзүүлж байсан. Т.Чимгээ энэ тухай “Өмгөөлөгч өө, үнэхээр хэцүү байна. Эмэгтэй хүн, хүүхэд хэдэн цагаар уйлахыг сонсох тэсэхийн аргагүй байна” гэж байлаа.

Түүнээс гадна нэг хэргийн холбогдогчид хоорондоо уулзах ёсгүй. Гэтэл өрөөнд нь Д.Амгаланбаатарыг оруулдаг шүү дээ. Та бүхэн ил болсон бичлэгээс харсан байх. Д.Амгаланбаатар Т.Чимгээг “П… минь, маргааш байцаагч ирэхээр чи хэргээ хүлээхгүй бол ална шүү” гэдэг. Нээрээ л маргааш нь мөрдөн байцаагч нь ирдэг. Т.Чимгээг болсон явдлыг хэлэхээр “Та сүүдэр хараа биз” гэсэн. Өрөөнд нь Д.Амгаланбаатарын татаж хаясан тамхины ишийг гарсан хойгуур нь авчихдаг жишээтэй. Дээр нь эмэгтэй хүнийг 24 цагийн хугацаагаар камераар хянасан. Өмгөөлөгчтэй уулзсан бүх яриаг хянасан.

Хамгийн харамсалтай нь Т.Чимгээ хоригдож байхад охин нь нас барсан. 29 настай, ээжийнхээ төлөө явдаг ганц охин нь. Оршуулдаг өдөр нь Бархасбадь над руу яриад “Одоо байцаалт авмаар байна” гэж байгаа юм. Охиныг нь оршуулж байгаа нь хамаагүй, төрийн ажил цаг нартай гэж зандарч байсан. Би “Бие муу байна” гэж хэлж байж хойшлуулсан. Маргааш нь байцаалтанд оруулаад Бархасбадь Т.Чимгээг “Нүгэл чинь нүдээрээ гарч байна, харав уу” гээд тавласан байгаа юм. Тагнуулын Бямбажав байцаагч дээр байцаалт өгч байхад Т.Чимгээ “Та нар намайг охинтой минь салах ёс хийлгэчихгүй яав даа” гэхэд “Одоо очих юм уу, овоолоотой шороог нь харах юм уу, чи” гэж даапаалсан байдаг. Ийм л процессууд болсон.

-За ямартай ч үйлчлүүлэгчийн тань хэрэг хэрэгсэхгүй боллоо. Нийгэм олон янзаар хүлээж авч байна. Та өмгөөлөгчийн хувьд юу хэлэх вэ?

-Улсын ерөнхий прокурорын газар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянах хүсэлт гаргасан. Тэндээс Улсын дээд шүүхэд хүсэлт өгөөд албан тоот илгээж хурал болсон байдаг.

Энэ үед эрүүдэн шүүсэн хэрэг мандан, Амгаланбаатар хуулийн олон газар руу “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хилсээр гүтгэсэндээ харамсч байна” гэдэг хүсэлтийг явуулсан байсан. Д.Амгаланбаатар энэ тухай ”Б.Содномдаржаатай нэг газарт хоригдож байхад жаахан олон хүүхэд нь ирж уулзаад аав, аав аа гээд байхаар хэцүү юм. Надад 500 сая төгрөг өгнө, гадаадад гаргана гэж ятгасан учраас би тэр хүмүүсийг гүтгэсэн” гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Энэ хэрэг хэрэгсэхгүй болж, хэргийн үнэн зөв олдоход Ц.Нямдорж сайдын үүрэг маш их. Тэр хүн байгаагүй бол бид мянга яриад гурван шатны шийдвэр хүчин төгөлдөр болчихсон байхад юу ч хийж чадахгүй байсан.

-Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас прокурорт таван удаа хэрэгсэхгүй болгох санал хүргүүлсэн гэдэг нь анхаарал татаад байгаа л даа?

-Мөрдөгч нар энэ хэргийн нотлох баримт хангалттай бүрдэхгүй байна гэж байсан. Эрүүдэн шүүж хүмүүсээс мэдүүлэг авсан. Энэ хүмүүсийн гэм буруутай гэдгийг тогтоох хангалттай нотлох баримт байхгүй байна гэдгээр л явуулж байсан. Ер нь ЭХХШТ-ийн 1.7 дугаар зүйлийн 2-т нотлох баримтыг эргэлзээгүй тогтооно гэдэг. Хэрэв нотлох баримт эргэлзээтэй бол хүнийг яллаж болохгүй. Эргэлзээ бүхий нотлох баримтаар яллачихсан. Тиймээс эцэстээ энэ хэргийг прокурорын байгууллага бодитой шийдлээ гэж үзэж байна.

-Т.Чимгээ шүүхийн шийдвэрийг сонсоод юу гэх юм бэ?

-“Та надад анх хэлж байсан. Тэвчээрэй, тэсээрэй, амьд явбал учир нь олдоно гэж байсан. Үнэн юм байна. Төр түмэн гэж байдаг юм байна. Шударга сайн хуульчид байдаг юм байна, баярлаад хэлэх үг алга” л гэж байсан.

-Хохирол нэхэмжлэх боломжтой гэв үү?

-Хохирол нэхэмжлэлгүй яахав. Нотлох баримтаа бүрдүүлж байгаад Эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргаад явна даа.

-Д.Булгантай та уулзаж байв уу?

-Д.Булган хэлдэг. “Энэ хэргийг үнэн бодитой шийдээсэй. Ямар нэгэн гэм буруугүй хүмүүсийг хэлмэгдүүлж байгаад харамсч байна. Манайд хүүхэд орж ирээгүй. Тэр үед Д.Амгаланбаатар 16 настай байсан. Гурав дөрвүүлээ орж ирсэн гээд яриад байгаа. Манайд эрэгтэй, эмэгтэй хоёр л хүн орж ирсэн. Эмэгтэй нь эрэгтэйгээсээ өндөр. Д.Амгаланбаатар худлаа ярьж байна. Би эмч хүн. Энэ хүний сэтгэхүйг шалгуулмаар байна” гэдэг хүсэлт гаргаж байсан. Эмэгтэй нь эрэгтэйгээсээ өндөр байсан гэхээр 180 см өндөртэй Б.Содномдаржаагаас 160 см хүрэхгүй Т.Чимгээ яаж өндөр байхав дээ.

-Энэ хэргийн материалыг нууцаас гаргасан гэж байгаа. Гэхдээ бүгд биш. Ямар хэсэг нь нууцад хэвээр байгаа юм бэ?

-Бүгд нууцаас гарчихсан гэдэг шүү дээ. Бүхэлд нь гаргалаа гэдэг шийдвэр гарсан.

-С.Зоригийг хөнөөсөн хамтрагч Б.Отгонбаатар гэр бүлээрээ галд өртсөн гэдэг. Энэ хэргийн тухайд Т.Чимгээ юу гэдэг вэ?

-Манай үйлчлүүлэгч оролцоогүй ганц хэрэг бол энэ хэрэг. Сонин нь хэргийн материалыг уншиж байхад гал нь цахилгааны холболтоос болж гарсан гэдэг шинжээчийн дүгнэлт байдаг. Гэтэл хуулийнхан Б.Содномдаржаа, Д.Амгаланбаатар хоёр шатаасан болгож яллах дүгнэлт үйлдээд шүүх хуралд орсон. Онцгой байдлын газрын галын шинжээчид ч оролцсон. Д.Амгаланбаатар хэлэхдээ “Би ороод баллонтай бензинийг үүдэнд нь цацаад гал тавьсан” гэдэг. Гэтэл шинжээчид бол “Битүү орчинд гал тавьсан бол энэ хүн өөрөө шатах байсан. Энэ бол худлаа. Гал цахилгаанаас болсон” гэдэг. Б.Отгонбаатарын эгч нь ч үүнийг хүлээн зөвшөөрдөг.

-Т.Чимгээ нарын хэргийг хэрэгсэхгүй болсноор С.Зоригийг хөнөөсөн хэрэг задарч байна. Энэ хэрэг хэзээ илрэх бол гэсэн хүлээлт дахиад л үүслээ?

-С.Зоригийн ах дүү нарын ярьдгаар “Энэ бол улс төрийн захиалгат хэрэг”гэдэг юм билээ. Гэтэл захиалагч нь тодорхой болоогүй байхад миний үйлчлүүлэгчийг захиалгаар хэрэг үйлдсэн гэж ялласан. Ер нь ядарсан, араас нь гүйх ах дүү муутай, бэл бэлчингүй, хөдөөний хүмүүст хэргийг үүрүүлж даръя гэсэн санаа байжээ л гэж хуульч хүний хувьд эцэст нь харж байна даа.

Б.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Р.Гончигдорж: Зөв сэтгэлээр зөв хийвэл зөвд хүрнэ… DNN.mn

Монгол Улсын Дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын дарга асан, академич Р.Гончигдоржтой ярилцлаа.


-Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлээд байгаа. Тэгвэл энэ өөрчлөлтөөр иргэний Үндсэн эрхийн гомдлыг Цэц хянадаг болох нь том дэвшил гэж зарим хуульчид дүгнэж буй. Энэ талаар таны дүгнэлтийг сонсмоор байна?

-Эхлээд харахад тийм юм шиг сайхан санагдаж болох юм. Харин одоогийн хүчин төгөлдөр байгаа Үндсэн хуулийн 66.1, 66.2-ыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 66.1, 66.2-той харьцуулж үзвэл огт өөр дүгнэлт гарахаар байна. Нэгдүгээрт, 66.1-д Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргаан гэсэн нийтлэг агуулгатай, үүнд Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөө зөрчигдсөн тухай маргаан багтана.Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 66.1-д үүнээс өөр маргаан багтаагүй буюу Үндсэн хууль зөрчсөн бусад маргаанаар иргэд өргөдөл, мэдээлэл Үндсэн хуулийн Цэцэд гаргах боломжгүй болж байсан эрхүүд нь хязгаарлагдаж байна. Энэ нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд 16.12-д “Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол гарган шийдвэрлүүлэх эрхтэй…” гэсэнтэй зөрчилдөх Үндсэн хуулийн дотоод зөрчлийг бий болгохоор байна.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 66.2-т нэмэгдэж орж байгаа “УИХ-ын 10 хувиас доошгүй гишүүн”, “Хүний эрхийн үндэсний комисс” болон бусад субъектүүд Үндсэн хууль зөрчсөн тухай хүсэлтүүд нь Үндсэн хуулийн 66.2-ын 1, 2, 3, 4-т заасан, Цэцийн дүгнэлт УИХ-д орж, Цэц эцсийн шийдвэрээ гаргадаг асуудлуудаар л байхаар болж хязгаарлагдсан. Мөн хуульчдын хэлдгээр “actio popularis”-аас татгалзсан буюу иргэд нийтийн эрх ашиг зөрчигдөж буй асуудлаар Цэцэд хандахыг хассанаар иргэнийг “үндсэн эрхээ зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд л түүнийгээ Цэцэд өөрөө л асуудлаа тавь даа” гэсэн л байдалтай боллоо. Бас түүнийг нь хуульд заасан ямар үндэслэл журмаар хүлээн авч, хэлэлцэх нь тодрох юм байна.

Өнөөдөр хүн бүр ялангуяа үндсэн эрх, эрх чөлөөгөө зөрчигдсөнийг мэдэх, мэдээд Цэцэд хандаж чадах бил үү. Цэц маань хүний эрхийн талаар хэр мэргэшсэн билээ. Хуульч Н.Энхцэцэг танай сонинд өгсөн ярилцлагадаа Унгар улсыг жишээ болгосон байна лээ. Тэд манайх шиг “иргэдийн өргөдөл, мэдээллээр” гэсэн “actio pop­ularis” зарчмыг 1990-1992 онуудад хэрэглээд больсон. Тухайн үед Унгар улс үүнийг юу гэж зөвтгөж байсан гэхээр нэгдүгээрт, Үндсэн хуулийн шүүхийнхээ практикийг хөгжүүлэхэд тустай. Мөн хүчин төгөлдөр байгаа хуулиудыг Үндсэн хуульдаа нийцүүлэн өөрчлөх боломж гэж үзсэн байсан” хэмээн Өдрийн сонины дөрөвдүгээр сарын 20-ны дугаарт ярьсан байна. Чухамхүү Унгар улс “actio popularis”-ыг хэрэглэж байсан шалтгаанууд одоо манайд байсаар байгаа шүү! Мөн хуульч “өөрт хамаарахгүй асуудлаар иргэд гомдол гаргахаа больчихвол хэн Цэцэд хандах вэ” гэсэн асуултад Хүний эрхийн комисс гэж хариулсан байна лээ. Гэтэл дээр хэлснээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 66.1-д энэ тухай байхгүй. Цэцэд хандсан асуудал нь 66.2 дахь асуудлууд л байгааг хуульч анзаарсан л баймаар. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 66.1-д тэр иргэний өмнөөс өөр этгээд Цэцэд хандахыг зөвшөөрөөгүй.

-Цэцэд хандах субъектүүд цөөрсөн, мөн хандах маргааны төрөл нь багассан гэж ойлголоо. Гэсэн ч үндсэн эрх нь зөрчигдсөн иргэн Цэцэд хандаж эцсийн шийд гаргуулах болсон нь чухал биш үү?

-Тэгж бодогдох боловч ийм маргаан шийдвэрлэх процесс нь яаж явагдаж, бусад эрх мэдэлтэй зөрчилдөхгүй үр дүнд хүрэх вэ гэдгийг бодоод үз дээ. Иргэний үндсэн эрхийг зөрчсөн этгээд нь хувь хүн үү. Хуулийн этгээд үү. Төрийн албан тушаалтан уу. Төрийн байгууллагууд уу. Тэр этгээд яаж, юугаар үндсэн эрхийг нь зөрчсөн бэ гээд задлаад үз дээ. Цааш нь ямар үйлдэл, эс үйлдлээр зөрчсөн бэ, түүнийг нь хэрхэн нотлох вэ.

Ингээд задлаад үзэхээр хоёр л хариулт надад гарч байна. Нэгдүгээрт, үндсэн эрхээ зөрчигдсөн гэсэн маргааныг шүүхэд тавьж, шүүх эцсийн шийдвэрээрээ (Дээд шүүх) зөрчилдөөгүй гэж гаргасан учир шүүхийн хэрэглэсэн хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэсэн маргаан Үндсэн хуулийн Цэцэд гаргаж Цэц эцсийн шийдвэр гаргуулна.

Цэцээс хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн гэж гаргавал Үндсэн хуулийн 50.3-т зааснаар шүүх Үндсэн хуульд харшилсан хууль хэрэглэхгүй зарчмын дагуу иргэн заргаа авна. Энэ боломж нь одоо хүчинтэй Үндсэн хуулийн 66.1-ээр бүрэн бололцоотой.

Хоёрдугаарт, Үлдсэн тохиолдол нь одоогийн шүүхийн тогтолцоогоор явна. Хэрэв Цэц энэхүү шүүхийн ажиллагааг явуулж эцэслэн шийддэг болно гэвэл хэдийгээр Цэцийг Үндсэн хуулийн шүүх гэдэг ч Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэгт багтах шүүх биш учир энэ ажиллагаа нь Үндсэн хуулийн 47 дугаар зүйл (шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ, ямар ч нөхцөлд… шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно) 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ…)-ийг зөрчих тул энэ нь Үндсэн хуулийн (дотоод) зөрчилд хүргэнэ. Ийм л байна.

Энэ бүхнээс дүгнээд би ҮХНӨ-ийн энэ хэсгийг хүний эрхийг хангах талд ухралт болж байна гэж хэлмээр байна.

Харин хуулиар шүүхийн бүрэлдэхүүнд Хүний эрхийн шүүх байгуулбал нэг ахиц болох биз ээ. Дахин хэлье, Цэц хүний эрхийн шүүхийн ажиллагааг эрхлэх, түүнийг орлох Үндсэн хуулийн боломж байхгүй. Ийм болгоё гэвэл Үндсэн хуулийн 4, 5 дугаар бүлгүүдийг нэгтгэсэн Үндсэн хуулийн том нэмэлт, өөрчлөлт хийх хэрэгтэй болно.

Харин энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд 66.2-ыг хэвээр үлдээж 66.1-д “Улсын Их Хурал” гэсний дараа “түүний 10 хувиас доошгүй гишүүд”, “прокурорын” гэсний дараа “болон Хүний эрхийн үндэсний комиссын” гэж өөрчлөх гэсэн нэмэлт оруулбал дэвшил болно. Мөн ХЭҮК-ыг Үндсэн хуулийн байгууллага болгож байгаа нь ач холбогдолтой. Энэ тохиолдолд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Шүүхийн сахилгын хороог Үндсэн хуулийн байгууллага болгосны адил ХЭҮК-ын Үндсэн хуулийн чиг үүргийг болон холбогдох зохицуулалтыг Үндсэн хуулийн хүний эрхийн 19 дүгээр зүйлд нэг хэсэг болгон нэмэлт оруулах хэрэгтэй байх. Учир нь Үндсэн хууль нь ердийн хуулиас эшлэхгүй, харин ердийн хууль нь Үндсэн хуулиас эшэлдэг. Дашрамд хэлэхэд, 2019 оны ҮХНӨ-өөр Үндсэн хуульд орсон “стратегийн орд” гэж ямар ордыг хэлэх нь Үндсэн хуулийн түвшинд тодорхойгүй байгаа.

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, УИХ-ын сонгуулийг холимог хэлбэрээр явуулах өөрчлөлтүүдэд та ямар дүгнэлттэй байгаа вэ. Хоёрдугаар сарын 3-ны манай сонинд таны бичсэн “Үндсэн хуулийг өөрчлөх бус, үзэл санааг нь хөгжүүлэн батжуулъя” гэсэн нийтлэл гарсан. Нийтлэлд Үндсэн хуулийн нэмэлтийн болон сонгуулийн зарим өөрчлөлтийн төслийн саналаа гаргасан байсан. Одоогийн ҮХНӨ-ийн төсөлд мөн тэр санал туссан юм шиг ойлгогдож байна?

-Тийм ээ.Үндсэн хуулийн 21.1-д УИХ нэг танхимтай, УИХ-ын гишүүдийн 76 нь мажоритар, 76 нь пропорциональ хэлбэрээр сонгогдоно” гэсэн өөрчлөлтийг оруулах төсөл байна. Гишүүдийн тоог нэмэх, сонгуулийг холимог хэлбэрээр явуулах үндсэн үзэл санааг дэмжиж байна. Цаг нь болсон. Хэдийгээр Цэц холимог хэлбэрээр сонгууль явуулах нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр хүчингүй болгосон ч “Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг” гэдэг шиг Цэц энэ шийдвэрээ дахин цуцлахгүй гэсэн баталгаа байхгүй тул Үндсэн хуульдаа ингэж оруулахаас аргагүй.

Харин томьёоллын хувьд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа, сонгогдох эрхийн хязгаар хоёрыг нэгтгэсэн “будилаантай” адил байдал байна. Уг нь 2019 онд Үндсэн хуулийн 30.2-т “дөрөв” гэснийг “зургаа” гэж, 31.7 дахь “зөвхөн нэг удаа улиран сонгогдож болно” гэснийг “Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа сонгогдоно” гэж тус тус өөрчлөх байсан юм. Цэц дур нь хүрвэл одоо ч дөрвөн жилээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж болохоор болгочихож мэдэх юм.

Одоогийн 21.1-д оруулж байгаа өөрчлөлтийг хоёр салгаж “21.1 дэх 76 гэснийг “152” (би 120 гэх саналтай л даа) гэж”, 21.2 дахь “гишүүнийг” гэснийг “76 гишүүнийг мажоритар, 76 гишүүнийг пропорциональ хэлбэрээр” гэж тус тус өөрчлөх” гэж томьёолбол зүйтэй болно. Нэг нь танхимаа бүрэлдэхүүнтэй нь тодорхойлсон, нөгөө нь сонгуультай холбогдсон хоёр өөр харилцаа шүү дээ!

152 гэсэн цочмог өөрчлөлтийн оронд 1992 онд 28-30 мянган иргэдээс нэг суудал байхаар тооцож 76 гэсэн тоог гаргаж ирсэн үзэл баримтлалын дагуу гишүүдийн тоог 120 гэж нэмэгдүүлбэл зохистой санагдана. Бас 120=2*2*2*3*5 учраас сонгогчдын тэгш эрхийг хангахаар тойрог, түүний мандатыг тодорхойлоход их тустай. Бас 120 гишүүн нь одоогийн чуулганыхаа танхимд багтаад хуралдаж болохоор байгаа нь олон талын ач холбогдолтой.

Шууд сонгох гэснийг сонгуулийн хэлбэр гэж үзээд Цэц дүгнэлтээ гаргаж байсныг санаад “нийтээрээ, чөлөөтэй, шууд” гэсэн сонгуулийн зарчмуудыг тодотгон, мөн Цэц дээр үүсч байсан сонгогчдын сонгох тэгш эрхийн зарчмыг энэ удаа нэг мөр 21.2-т “шууд сонгох” гэсний дараа “зарчмаар тэгш” гэсэн нэмэлт оруулбал тун төгс болохсон.

-Тэгэхээр ямар томьёололтой болно гэсэн үг вэ?

-Үндсэн хуулийн 21.2 нь “УИХ-ын 76 гишүүнийг мажоритар, 76 гишүүнийг пропорциональ хэлбэрээр Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох зарчим, тэгш эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн томьёололтой болно. Минийхээр бол “УИХ-ын 60 гишүүнийг мажоритар, 60 гишүүнийг пропорциональ хэлбэрээр Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох зарчим, тэгш эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн үг.

-Тэгэхээр энэ ҮХНӨ Сонгуулийн хуулийн гол чигийг тодорхойлж байна. Та урьд нь одоо яригдаж байгаа сонгуулийн хуулийн талаар манай сонинд байр сууриа илэрхийлж байсан гэлээ. Уншигчдад санаагаа товчхон хэлж өгөөч?

-Хүн амын амьдралын түвшин доогуур байгааг ашиглан сонгууль ил, далд мөнгө хөрөнгө цацсан “мөнгөний сонгууль” болж байна, Улсын төсөв, хөрөнгө оруулалт хөгжлийн нэгдсэн бодлого алдагдаж жижиг тойрог- (жалга довны гэдэг)-уудад үр дүнгүй цацагдан хөгжлийг боомилж байна гэдгийг дээр, дооргүй ярьдаг, зөвшөөрдөг боллоо. Ядаж л тус тусдаа засаг захиргааны нэгжээр биш бүс нутгийн хэмжээнд цаашлаад улс орны хэмжээнд уялдсан нэгдсэн бодлоготой байхын тулд УИХ-ын сонгуулийн тогтолцоог (хэлбэр журам, тойрог зохион байгуулалт) нэг мөр өөрчлөх цаг үе болсныг хүлээн зөвшөөрч байх шиг байна. Энэ нь дараах зарчимд тулгуурлан хийгдвэл болохоор санагддаг юм.

Нэгдүгээрт, тойрог бүр адил тооны мандаттай. Хоёрт, тойргуудын хүн амын тоо харьцангуй тэнцүү. Гурав, тойргийн нутаг дэвсгэр нэгдмэл (салангид хэсгүүдээс бүрдэхгүй) байх. Дөрөв, тойргийн нутаг дэвсгэр хоёроос доошгүй аймгийн нутаг дэвсгэрийг (орон нутагт) хамарсан байх. Тав, сонгууль холимог хэлбэрээр явагдах.

Нөгөө талаас сонгуулийн пропорциональ хэлбэр гэдэг маань сонгогчид намуудад санал өгч, намуудад авсан саналын хувьтай нь хувь тэнцүүлэх пропорционалиар сонгох суудлын тоог хуваарилах гэсэн үг шүү дээ. Харин тэр суудалд хэн сонгогдох вэ гэдгийг олон янзаар тогтоодог. Одоохондоо иргэдийн намд, түүний дотоод ардчилалд итгэх итгэл сул, “буруу хүн” намын жагсаалт нэрийн дор сонгогчдоос ямар ч санал авалгүй их хуралд ороод ирэх вий гэсэн хандлага хүчтэй байна. Иймд намын тухай шинэ хууль батлагдаж, түүний дагуу намууд зүй зохистой болж, иргэдийн итгэл дээшилтэл намын суудлаар УИХ-д сонгогдох гишүүд ч хатуу жагсаалтаар биш, сонгогчийн өгсөн саналын хувиар эрэмбэлэгдэж сонгогддог байх нь нийт ард түмний хүсэл зоригт нийлж байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй байх аа.

Иймд УИХ-д сонгогдохоор нэр дэвшигчид бүгдээрээ тэгш тооны холимог мандаттай тойргуудад нэр дэвшиж мандатын хоёрны нэгтэй тэнцүү нэр дэвшигчид мажоритараар сонгогдож, бусад нь сонгогчдоос авсан саналын хувиараа нам, намдаа эрэмбэлэгдэн жагсаж пропорционалиар хуваарилагдсан суудалд эхнээсээ гишүүнээр сонгогддог байх нь зүйтэй гэсэн саналтай байгаа. Одоогийн төсөлд байгаа хатуу жагсаалтыг дэмжихгүй.

-Сонгуулийн хуулийн төсөлд намд санал өгөхгүй гэвэл намын жагсаалтад байгаа аль нэг нэр дэвшигчид саналаа өгч болно. Энэ саналыг нь намд санал өгснөөр тооцно гэсэн заалт байгаа шүү дээ. Тэгэхээр таны хэлээд байгаа санаа төсөлд байгаа юм биш үү?

-Шал өөр гэдгийг мэдсээр байж надаар хэлүүлэх гээд байна аа даа. Нэгдүгээрт, сонгогчийг хуулиар залилж болохгүй! “Намд санал өгөхгүй бол жагсаалт дотроос аль нэг хүнд нь санал өгч болно” гэж бичсэнийг уншаад жагсаалт дотроос үнэлж явдаг Доржид саналаа өгчихлөө. Гэтэл сонгуулийн дүн гарахад тэр санал нь намд өгсөн санал болоод Доржид шууд хамааралгүй. Жагсаалтын байрыг ч өөрчлөхгүй. Ингээд намд саналаа өгөхгүй гэсэн чинь намд саналаа өгчихжээ.

Хоёрдугаарт, энэ нь рейтингээрээ намынхаа рейтингээс хол илүү хүнийг ашиглах, намдаа суудал нэмэх гэсэн далд санаа. Коммунизмын үед хотын гудманд томоос том “Ленин гээд намаа, нам гээд Ленинээ” гэсэн уриа байдаг байж билээ. Наад заалт чинь үүн шиг бодогдоод байна.

-ҮХНӨ-ийн бусад асуудалд ямар саналтай байна вэ?

-Онцгойлсон санал байхгүй дээ. Харин сонирхуулж хэлэхэд 1992 оны Үндсэн хуулиа боловсруулж баталж байхдаа гадаад үг оруулахгүй байхыг ихэд хичээсэн юм. “Хүн бүр хуулийн субъект байна” гэсэн үг нэг орж ирээд, тэгээд эцэст нь “хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна” гэдэг томьёололд хүрч байсан юм. Түрүүн 21.2-т “тэгш” гэсэн үг нэмээд оруулах гэсэн нь энэ заалттай нийцүүлэх гэсэн юм шүү дээ. Харин прокурор” гэсэн ганц гадаад үг үлдсэн. “Хууль сахиулагч”, “хууль мэдүүлэгч” гэсэн хувилбарууд нэг л тохирч өгөөгүй юм. Харин 2019 онд “стратегийн” гэсэн үг орж ирсэн. Одоо “мажоритар, пропорциональ” гэсэн үгс орж ирэх гээд байна. Уг нь “олонхын”, “хувь тэнцүүлсэн” гээд сольчиход будилах юмгүй л дээ.

-Баярлалаа. Ярилцлагын төгсгөлд танд нэмж хэлэх зүйл байгаа болов уу?

-Урт яриа л болж байна. Гэхдээ нэг юм хэлье. ҮХНӨ-ийг дагаж гаргадаг, түүнтэй адил хүчинтэй, уг ҮХНӨ-ийг дагаж мөрдөхөд шилжих тухай хавсралт хууль их чухал шүү. 2019 оны хавсралт хууль дутуу, нарийвчилсан зохицуулалт дутуудуулснаар том л маргаан болсон. Би хүртэл Цэцэд мэдээлэл гаргаад, мэдээж хариултгүй үлдсэн. Ийм хавсралтад Үндсэн хуулийн 70.1-ийн дагуу “хүчин төгөлдөр болсноос хойш энэхүү нэмэлт өөрчлөлтөд харшилсан хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр хүчингүй болно” гэж зааж өгөх ёстой байдаг. 2019 оны хавсралт хуульд (товчхон хэллээ) энэ байхгүй байснаас одоо болтол 2019 оны ҮХНӨ-ийн нэлээд заалтууд нь хэрэгжээгүй байгаа юм. Хатуу хэлбэл, Үндсэн хуулиа зөрчсөөр байна.

Одоогийн ҮХНӨ батлагдзвал энэ хавсралт заавал хөндөгдөнө. Тухайлбал, 3 дугаар зүйлийг хавсралт хуулиараа хүчингүй болгоно. Далимд нь 2020 оны эхний хагас жилд (өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн хуультай зэрэгцэн) багтаан Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох хэсгийг хүчингүй болгож Үндсэн хуультай адил хүчинтэй хуулиа зөрчсөн байдлаа зогсоовол зүйтэй санагдаж байна. Үндсэн хуулийн зөрчилтэй адил шүү дээ.

-Иргэн Д.Төмөрбаатар та хоёрын 2022 оны ҮХНӨ-ийн талаар Цэцэд гаргасан мэдээлэл юу болсон бэ?

-2022 оны наймдугаар сард мэдээлэл гаргаад есдүгээр сард нь гомдол гаргаад, уг нь нэг сарын дотор хариу ирүүлэх хуулийн заалттай байтал зургаан сарын дараа буюу саяхан 2023 оны гуравдугаар сард “маргаан үүсгэж хянан хэлэлцэх үндэслэлгүй” гэсэн татгалзсан хариу ирүүлсэн.

-Ямар мэдээлэл байсан талаар та уншигчдад дахин оруулах юу?

-Цэц иргэний мэдээллээр Үндсэн хуулийн 39.1-д 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр орсон “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн хэсгийг Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц эцсийн шийдвэр гаргаж, энэ хэсэг хүчингүй болон Үндсэн хуулиас хасагдсан юм. Гэтэл УИХ зарим хуульд нэмэлт оруулан Цэцийн эцсийн шийдвэрээр хасагдсан энэ хэсгийг “дахин” хасах тухай ҮХНӨ-ийг хэлэлцсэн. 2022 онд Үндсэн хуульд “өөрчлөлт” оруулсан юм. Тэгээд энэ өөрчлөлтийг нь бус Цэцийн эцсийн байх, гармагцаа хүчин төгөлдөр байх Үндсэн хуулийн заалт зөрчигдсөнөөр Цэцэд мэдээлэл гаргасан юм.

УИХ яалт ч үгүй Цэцийн эцсийн шийдвэрийг үл зөвшөөрч хасагдсан заалтыг хасах өөрчлөлт хэлэлцсэн. Хэрэв энэ өөрчлөлт батлагдаагүй бол Цэцийн хассан заалт хасагдаагүй мэт болно. Уг нь Цэц хүссэн шийдвэрийг нь л гаргаж өгсөн. Гэхдээ Цэц энэ шийдвэрээ хүчингүй болгочихвол “балрах” учраас Цэцэд тууштай байхад нь итгэдэггүй учраас л ийм үйлдэл хийсэн. Цэц бидний мэдээллээр маргаан үүсгэх үндэслэлгүй гэсэн нь “бид буруутай” гэж УИХ-ын өмнө бөхийж, бид Үндсэн хуулиа зөрчлөө гэдгээ хүлээсэн хэрэг. Үндсэн хуулиа зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн Цэцийн бүрэлдэхүүн байсаар л байх уу?!

Гэтэл одоо шинэ Үндсэн хууль яаж хэрэгжих нь тодорхойгүй хүний эрхийг хамгаалах “шинэ эрхийг” Цэцэд өгөх гээд байдаг!

-Та бүхнийг засч сайжруулаад батлагдаад гараад ирнэ гэж их л өөдрөгөөр бодож байна уу?

-Заримдаа ч улс төрийн хардлага төрөөд л байх юм. ҮХНӨ, Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслүүдийг харьцуулаад байхад, нэгдүгээрт, Цэцийн гишүүдийг улираан томилогдохгүй болгоод шинэ бүрэлдэхүүнийг бэлтгэж, тэр шинэ бүрэлдэхүүнд Шүүх эрх мэдлээс тасалж өгсөн өргөн эрх мэдэлтэй Цэцийг бэлтгээд. “Аctio popularis”-ыг халаад буюу Цэцийг “зовоогчдоос” нь салгаад. Хоёрдугаарт, гишүүдийн тоог 76+76 болгоод мажоритар сонгогдох 76-г сурсан (эзэмшсэн) хуучин тойргуудаасаа сонгуулаад, пропорциональ 76-даа хатуу жагсаалт хийж намдаа Л.Оюун-Эрдэнэ даргынхаа нэрийг дугуйлуулах замаар намынхаа рейтингээс дээгүүр хувиар суудал авах, дахин дийлэнх олонх болох гэсэн зорилго бүхий санаа яваад байгаа юм биш байгаа. Бяртай үедээ бярдах гээд байгаа юм биш байгаа гэж хардах л юм. Гэхдээ л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Тогтолцоогоо өөрчилж, гажуудлаа засъя” гэсэн үгэнд итгэмээр байна. Тийм учраас л би яавал зөв болох вэ гэдэг саналаа ний нуугүй хэллээ. Зөв сэтгэлээр зөв хийвэл зөвд хүрнэ…

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 26, Буд гариг. Билгийн тооллын 6, өглөгт охин одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 5:43 цагт мандан, 19:57 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө ялимгүй хур тунадас орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0…+2 градус дулаан, өдөртөө +9…+11 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, говь, хээрийн нутгаар секундэд 18 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх орчмоор -8…-13 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Тэс, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7…+12 градус, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр +2…+7 градус дулаан, бусад нутгаар -3…+2 градус дулаан, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хараа, Ерөө голын хөндийгөөр +1…-4 градус хүйтэн, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон-Сэлэнгийн голын сав газраар +1…+6 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +13…+18 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +18…+23 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө +10…+12 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орно.Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +6…+8 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Хийрхэлээс гуйранчлал хүртэл” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа “Улс төрийн зорилготой
дайралтууд ирдэг ч үүнд нь
эмзэглэхээсээ илүү харамсдаг” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Т.Чимгээгийн өмгөөлөгч
С.Оюунцэцэг “Хавтаст хэрэгт Т.Чимгээг
буруутгах нотлох баримт
байдаггүй” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Хийрхэлээс гуйранчлал хүртэл” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Мобикомын “Дуут мессеж”
нэртэй луйвар мянга мянган
хэрэглэгчийг шулж байна.

Монгол Улсын Ерөнхий
сайд асан Д.Содном “Засгийн бүх эрхийг ард түмний
мэдэлд өгөх ёстой” гэснийг I болон V нүүрээс уншаарай.

“Хөтөл цемент шохой”
ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар “Шахааг
эсэргүүцээд
зогсохоор
маш олон
дайсантай
болдог юм
байна” хэмээв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ