Categories
мэдээ нийгэм

Дурангийн оношилгооны 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө DNN.mn

Дурангийн оношилгооны 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор дурангийн оношилгоог 60 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
ЭМДҮЗ-ийн 2022 оны 01,02-р тогтоол
https://online.fliphtml5.com/scory/iaqv/
Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд
https://emd.gov.mn/pages/5
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

XIV Далай Лам: Халх Жавзандамбын хувилгаан энд заларсан байна DNN.mn

Дэмчог Нагбува/Хэрүга Кришначаряа уламжлалын авшиг хүртээх ёслол. Мандал өргөх үеэр. 2023.03.08


Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам энэ сарын 8, 9-ний өдрүүдэд Энэтхэгийн Дарамсала хотын Зүглаг Хан дуганд Монголын Гандантэгчэнлин хийд болон Төвөдийн зарим хутагт хувилгаадын хүсэлтээр Дэмчог Нагбува/Хэрүга Кришначаряа уламжлалын авшиг хүртээсэн том ёслол боллоо. 8-ны өдөр авшигийн бэлтгэл номын айлдвар айлдсан бол 9-нд гол авшиг хүртээсэн юм. 8-ны өдөр XIV Далай Лам дуганд морилохын урьд уламжлал ёсоор сүсэгтнүүдийн дэргэдүүр өнгөрч ойр байгаад нь адис хүртээж, хол байгаатай нь гар даллан мэндчилэв.

Энэ үеэр Монголын сүсэгтнүүдийн төлөөлөл болох Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат, өндөр настан Дашдондов нутгийн брэнд болсон Монгол өргөө цагаан гэрийг Дээрхийн гэгээн Далай багшид ард түмнээ даатган өргөж буйгаа илэрхийллээ. Тэрбээр гэрт урьж, хадаг, мөнгөн аягатай хорхой ааруул барьж байгаа нь шууд бичлэгээс харагдсан. Хөвсгөл аймгийн Жаргалант сум гэрийн мод үйлдвэрлэлээрээ дээгүүрт ордог аж.

Ингээд номын бэлтгэл ажил жигдэрч Далай Лам суудал эзэлмэгцээ ном тавихаасаа өмнө өөрсдийнх нь дунд Халхын Х Богд заларч буйг зарласан нь тэнд цугласан болон лайваар шууд үзэж байсан сүсэгтнүүдийн хувьд гэнэтийн сонин мэдээ байлаа. Далай лам “Халх Жавзандамбын хувилгаан энд заларсан байна” гэхэд дуган даяараа чимээгүй болов. Далай Лам “Ойлгож байна уу” хэмээн номд суугаа сүсэгтнүүдэд хандан хэлэхэд хариу болгож хурайлцгаав. Далай Лам инээснээ “Халх Жавзандамба бол Нагбува ёсны Дэмчигийн бясалгалыг төрөл тутамдаа хийж байсан, энэ бясалгалтай машид холбоотой ийм лам юм аа”

хэмээв. Тэрбээр Х Богдыг товч танилцуулж, түүний тухай цөөн өгүүлбэр ийн хэлсэн нь ялангуяа монголчууд, Монголын сүсэгтнүүдийн хувьд гэнэтийн сайхан мэдээ байсан юм. Х Богдын хойд дүр тодорсон тухай сураг 2016 оноос дуулдаж, элдэв таамаг явж байсан нь ийнхүү эцэслэгдэж, Далай Лам дэлхий даяар Монголын Х Богд тодорсныг албан ёсоор зарлачихлаа.

Х Богдын хойно “Монполимент” группийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав сууж байгаа нь бичлэгээс тод харагдсан. Түүний зээ хүүг IХ Богдын хойд дүрээр тодорсон гэх сураг ажиг олон жил явж байсан нь ийнхүү баттай болчих шиг боллоо.

Харин Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлэн хийдийн зүгээс Х Богдын талаар ямар нэгэн албаны байр суурь илэрхийлээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Зодуулсан хүүгийн 6 настай ах нь эмээ, өвөөгийнхөө хамгаалалтад, аюулгүй байгаа DNN.mn

Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, ГССҮТ-д ухаангүй байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл уг асуудлаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл өглөө. Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Г.Мөнхбаяр,

“Гурван настай хүүгийн ах болох зургаан настай хүү одоогоор эмээ, өвөөгийнхөө гэрт буюу хууль ёсны асран хамгаалагчийн хамгаалалтад, аюулгүй байгаа” гэв

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гурван настай хүүг зодсоноос хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэсэн байна DNN.mn

Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагч залууд зодуулж, ухаангүй ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Хүүгийн биеийн байдал хүнд, одоог хүртэл ухаан ороогүй гэх мэдээллийг ГССҮТ-өөс өгсөн. Тэгвэл уг мэдээллийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Г.Мөнхбаяр “Цагдаагийн байгууллагад энэ сарын 8-ны өдөр гэмтлийн байгууллагаас бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй ухаангүй ирсэн гэх мэдээлэл бүртгэгдсэн. Гурван насны Б нь бусдад зодуулсан байдалтай ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Шалгалтын явц нь хүүгийн ээж болох Л-ын хамтран амьдрагч Э нь 3-6 насны хүүхдүүдийг харж үлдэхдээ 3 настай Б-г зодсон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон.

Гурван настай Б-г түүний ээж Л, хамтран амьдрагч Э нар эмнэлэгт хүргэсэн бөгөөд Э нь эмнэлэгт хүргэсэн даруйдаа зугтсан байна. Цагдаагийн байгууллага шуурхай эрэн сурвалжилж, холбогдогч Э-г олж тогтоон хойшлуулшгүйгээр баривчилсан. Эмнэлгийн байгууллагаас хүүгийн биеийн байдал хүнд, одоогоор ухаангүй эмчлэгдэж байгаа талаар мэдээлсэн.

Гэмтлийн зэргийг тогтоохоор шинжээч эмч ажиллаж байна. Яллагдагч Э нь өмнө нь ял шийтгэл эдэлж байсан. Хүүг гуравдугаар сарын 6-нд зодсон. Улмаар хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэсэн. Хүүгийн ээж Л нь тус эрэгтэйтэй энэ оны нэгдүгээр сараас хойш хамтран амьдарсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн” гэлээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн хэмжээнд стандартын шаардлага хангахгүй 976 хүүхдийн тоглоомын талбай байна DNN.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Энэ үеэр Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам Иргэдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд хууль, норм дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах тухай асуудлыг танилцуулав.

Энэ хүрээнд нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан стандарт мөрдүүлэх чиглэлээр 99, сургалтын чиглэлээр 10, судалгааны чиглэлээр долоо, хяналтын чиглэлээр 32, нийт 148 ажлыг 23 байгууллага, долоон дүүрэгтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ. Улмаар урьдчилан сэргийлэх чиглэлээр 1083, төлөвлөгөөтэй 221 объектод хяналт шалгалт хийнэ.

Нийслэлийн хэмжээнд стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй хүүхдийн тоглоомын 976 талбай байна. Үүнээс энэ онд 487 талбайд стандарт хангуулах арга хэмжээ авна. Мөн үерийн усны 126 км далан сувгийн орчны аюулгүй байдлыг хангуулах юм.

Улаанбаатар хотын ундны усны 11 эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд 3782 нэгж талбар бүртгэлтэй байна. Энэ нь Ундны усны тухай хууль болон БХБЯ, БОАЖ-ийн сайдын хамтарсан тушаалаар баталсан дэглэмийг зөрчиж байгаа юм. Иймд Ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд байрлах байгууллагад шалгалт хийхээр төлөвлөжээ.

Түүнчлэн худалдаа, үйлчилгээний газрын гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжийг стандартын шаардлагад нийцүүлэх, 1837 зогсоолд Тээврийн хэрэгслийн ил зогсоолыг төлөвлөх, байгуулахад тавигдах ерөнхий шаардлагын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авах юм.

Categories
гадаад мэдээ

Өмнөд туйлын мөс хайлсаар байна DNN.mn

Дэлхийн өмнөд туйлын мөсөн бүрхүүлийн талбай 1979 оноос хойш хамгийн доод хэмжээнд хүрч багасжээ. Сансрын хиймэл дагуулын зургаас харахад “Антарктид тивийн мөсөн бүрхүүл хайлах явц үргэлжилж байгаа бөгөөд хоёрдугаар сарын 25-ны байдлаар мөсөн бүрхүүлийн талбай 1.79 сая хавтгай дөрвөлжин км буюу хамгийн доод хэмжээнд хүрч багассан байна. Энэ нь өмнөх доод хэмжээний үзүүлэлтээс 136 мянган хавтгай дөрвөлжин км-ээр багассан буюу Тасманийн арлаас хоёр дахин их талбайтай тэнцэхүйц хэмжээний мөсөн бүрхүүл хайлсан гэсэн үг юм.

Австрали улсын Тасманийн Их сургуулийн судлаач Уилл Хоббс хэлэхдээ, “Мөсөн бүрхүүл улам бүр багассаар байгааг бид харж байна. Энэ бол дэлхийн бөмбөрцгийн өмнөд туйлд болж буй эргэж буцахгүй үзэгдэл юм” гэжээ.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Суудлын автомашины импорт 2 дахин өсчээ DNN.mn

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр “Төлбөрийн тэнцлийг сайжруулж, эдийн засгийг тогтворжуулах нь” сэдвээр мэдээлэл өглөө.

Төлбөрийн тэнцэл 2022 онд 727 сая долларын алдагдалтай гараад буй. Үүнээс импортын барааны задаргааг харвал суудлын автомашины импорт хоёр дахин өссөн үзүүлэлттэй гарчээ.

Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монголбанк суудлын автомашин оруулж ирэхэд импортын татвар тавьж чадах эрх бүхий газар биш. Бид өнгөрсөн онд хэрэглээний зээлийн хугацааг 30 сар болгож багасгасан. Ингэснээр хэрэглээ талд нь чадахаараа хязгаарлаж байгаа зохицуулалт юм. Гэтэл ийнхүү арга хэмжээ авсан ч автомашины импорт нэмэгдсээр байгаа юм. Тухайлбал 2023 оны наймдугаар сар хүртэл Land Cruiser 300, Lexus 600 зэрэг тансаг зэрэглэлийн автомашины захиалга дууссан гэх мэдээлэл байна. Лизингийн хугацааг 30 сар болгоод байхад автомашины импорт нэмэгдсээр байгаа нь бэлнээр төлж байгаатай холбоотой. Мөн нөгөө талдаа иргэд банкнаас лизинг авахаа больж, банк бусаар зээлээ гаргах нь илбэг байна. Мөн оруулж ирж буй компаниуд нь өөрсдөө лизинг хийдэг болсон. Ийнхүү лизинг хийхэд заавал зөвшөөрөл авах шаардлагагүй гээд банкны салбарт авах арга хэмжээг чангаруулсан ч үр дүнд хүрэхгүй байна. Иймд хуулиа өөрчлөх шаардлага үүсэж буй юм” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Самар түүх хугацаа дууссан тул иргэдийг уулнаас буулгав DNN.mn

Цагдаагийн байгууллагаас Хил хамгаалах байгууллагатай хамтран хууль бусаар хуш модны самар бэлтгэсэн иргэдийн үйлдлийг таслан зогсоож, тэднийг аврах ажлыг зохион байгуулжээ.

Монгол орны ой сав бүхий нутаг дэвсгэрийн долоон хувийг эзлэн ургадаг хуш модны самрыг Засгийн газрын 2015 оны 410-р тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан байдаг байна.

Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2022 оны 282-р тушаал ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах журмыг шинэчилж хуш модны самрыг жил бүрийн есдүгээр сарын 20-ны өдрөөс дараа оны хоёрдугаар сарын 1-ний дотор түүж бэлтгэхээр тогтоожээ.

Тиймээс Экологийн цагдаагийн алба, Хил хамгаалах ерөнхий газар хамтарсан хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж самар түүх хугацаа дууссан тул иргэдийг уулнаас буулгах ажлыг гүйцэтгэсэн тухай Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээлэв.

Экологийн цагдаагийн албаны зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Шинэбаатар “Өнгөрсөн онд зөвхөн Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутагт нийт самарт явсан иргэдийн 12 нь золгүй байдлаар амь насаа алдсан байна. Үүнээс Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт 6, Хэнтийд 2, Төв аймагт 4 тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс иргэдийн хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж байна” гэжээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8-р зүйлд байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал тэдгээрийн үр эрхтнийг түүсэн бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол 5,400 нэгжээс 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл нэгээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсвэл нэгээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг байна.

Иргэд хуш модны самрыг хууль бусаар түүхдээ модыг хүчтэй цохих, сүхдэх зэргээр холтсыг нь ихээр гэмтээдэг байна. Мөн хуш модны самрын болц гүйцээгүй байхад нь түүснээс болж мод мөхөх экологийн тэнцвэр алдагдах аюултай байдаг аж.

Цагдаагийн байгууллагаас дээрх журмыг зөрчсөн иргэдийн аюулгүй байдлыг хангах, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах зорилгоор энэ оны хоёрдугаар сарын 11-13-ны өдрүүдэд Хэнтий аймгийн тусгай хамгаалалттай газраас Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн харьяат нийт 23 иргэнийг саатуулан шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

С.Батдөлийг цагдан хорих хугацааг дахин 1 сар сунгажээ DNN.mn

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч С.Батдөлд авсан “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

Уг саналыг 2023 оны гуравдугаар сарын 7-ны өдөр прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих …” гэсэн заалтыг үндэслэн яллагдагч С.Батдөлд авсан “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.

Яллагдагч С.Батдөлийг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа олсон орлогын эх үүсвэрээ хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан, эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зэргээр байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдуулан

Эрүүгийн хуулийн тусгай ангийн

  • 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт /Мөнгө угаах/
  • 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/ зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа юм.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн Тамгын газар

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Өлзийцэцэг: Ч.Маралмаагийн гэмт хэрэг нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн тул хөнгөн ял шийтгэлтэй DNN.mn

“Legal service center”-ийн хуульч, өмгөөлөгч М.Өлзийцэцэгтэй ярилцлаа.


-Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт аравдугаар сарын 10-ны өдөр Ланд 200 маркийн автомашин урсгал сөрөн долоон автомашиныг мөргөж, хоёр хүүхдийг гэмтээсэн хэрэг гарсан. Уг хэргийг хууль зүйн талаас нь авч үзэхэд ямар шийтгэл ногдуулах ёстой вэ?

-Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хүний биед хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан, хохирогч нас барсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээдэг. Зам тээврийн ослын улмаас хүний биед хөнгөн гэмтэл учруулах, мөн замын хөдөлгөөний дүрэм зөрчих, жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох нь гэмт хэрэг биш харин зөрчил болно. Олон тооны машин мөргөсөн, олон хүн гэмтээсэн учраас хорих ял оногдуулна гэсэн асуудал байхгүй. Машин мөргөсний улмаас хичнээн төгрөгийн хохирол учирсан, хохирогчдын биед ямар гэмтэл учирсан бэ гэдэг нь хэргийн зүйлчлэл цаашлаад ял шийтгэлд нөлөөлнө.

-Хэрэг үйлдсэн этгээд Ч.Маралмаа нь тухайн үед жолооны үнэмлэхгүй байсан нь хэргийг хүндрүүлэх шалтгаан мөн үү?

-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр машин жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлдэг.Өөрөөр хэлбэл, зам тээврийн осол гаргаж үүний улмаас бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэдэг бол жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.

-Түүний хэргийн шүүх хурал энэ сарын 6-ны өдөр болж шийдвэр нь гарсан. Хохирогчдын хохирлыг төлсөн тохиолдолд ял шийтгэл хөнгөрөх үү?

-Хэрэгт холбогдсон хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн байдал эмнэлгийн тусламж үзүүлсэн байдал… гэх мэт зүйлсийг харгалзан шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл ялаас чөлөөлж ч болно. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн холимог (санаатай, болгоомжгүй) хэлбэрээр үйлдэгддэг.

Өөрөөр хэлбэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргахаас бусад тохиолдолд энэ зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Ч.Маралмаагийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг тул бусад төрлийн гэмт хэргээс хөнгөн ял шийтгэлтэй.

-Ч.Маралмаа хохирогчдодоо нэг тэрбум гаруй төгрөг төлсөн. Хохирогч насанд хүрээгүй охины асран хамгаалагч нь “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлээч” гэсэн хүсэлт гаргасан байна лээ. Энэ нь дангаараа бусад хохирогчдоос хүсэлт ирээгүй тохиолдолд шийдвэрт нөлөөлж болох уу?

-Хохирол төлбөрөө нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг шүүх ял оногдуулахдаа харгалзсан болов уу гэж бодож байна. Харин хохирогч заавал хорих ял оногдуулж өгнө үү, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг шүүх харгалзаж ял оноох хуулийн зохицуулалт байхгүй. Тэгэхээр бусад хохирогчдоос хүсэлт ирээгүй нь ял шийтгэлд нөлөөлөхгүй.

-Хохирсон иргэний нэхэмжлэгчид нь цаашид гарах хохирлыг жич нэхэмжлэх эрхтэй гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Тэгэхээр хохирогч охинд цаашид ямар нэгэн байдлаар ослоос улбаалсан эрүүл мэндийн асуудал тулгарвал хохироосон этгээд тухай бүрд зардал мөнгийг гаргаж өгөх ёстой гэсэн үг үү?

-Иргэний хуульд зааснаар тухайн зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо хохирогч хэдийд ч нэхэмжлэх эрхтэй. Энэ эрхийг нь нээлттэй үлдээж байгаагаа тогтоолдоо бичсэн гэсэн үг.

-Хэрэв энэ үүргээ биелүүлэхгүй бол ямар арга хэмжээ авах вэ?

-Хохирогч эмчилгээ хийлгэсэн тухай баримтаа бүрдүүлээд Ч.Маралмаагийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргана. Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан гүйцэтгэнэ. Хохирогч тал хохирол төлбөрийнхөө баримтыг шүүхэд хандахаасаа өмнө Ч.Маралмаад гаргаж өгөөд, төлбөр төлөгч буюу Ч.Маралмаа нь хохирлыг нь төлсөн тохиолдолд заавал шүүхэд хандах шаардлагагүй.

-Үнэхээр хохирогчдын хохирлыг барагдуулж, ямар нэгэн гомдолгүй болгосон бол заавал хорих ял үүрүүлэх хэрэгтэй юу?

-Хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал, тухайн гэмт хэргийн шинж (санаатай, болгоомжгүй), учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, холбогдогчийн хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулдаг. Ч.Маралмаагийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Тэгэхээр Ч.Маралмаа жолоодох эрхийн үнэмлэхгүй ч гэсэн түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, зорчих эрхийг хязгаарлах эсхүл хорих ялын аль нэгийг сонгож оногдуулах боломжтой тул шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд ял оногдуулсан гэж үзэж байна.