Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Мөнгөн завьяа” автобусны буудал дээрх ТҮЦ-үүдийг нүүлгэжээ DNN.mn

Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, “Мөнгөн завьяа” автобусны буудал дээр байршуулсан зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг албадан нүүлгэн, газар чөлөөлөлтийн ажил явагджээ.

Зөвшөөрөлгүй байрлуулсан түргэн үйлчилгээний цэгүүд нь гудамж, зам талбай, автобусны буудлын үзэгдэх орчныг хааж, зорчигчдын хөдөлгөөнд саад учруулж, нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэд осол аваарт өртөх эрсдэлийг дагуулж, орчны бохирдол ихээр үүсгэж, Тамхины хяналтын тухай хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж ирсэн байна.

Цаашид үе шаттайгаар зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэж, газрыг чөлөөлөхөөр ажиллаж байгааг Чингэлтэй дүүргээс мэдээлэв.зураг

Чингэлтэй дүүрэг
зураг

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Дэлгэрсайхан: Хүчинтэй энгийн хоёр гадаад паспорттой байхыг зөвшөөрөхгүй DNN.mn

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Иргэдэд гуравдугаар сарын 1-нээс Үндэсний энгийн паспортын шинэ загвар болон цахим гадаад паспортыг олгож эхэлсэн. Энэ ажлын талаар тодруулахгүй юу?

– Тийм ээ. Улсын бүртгэлийн байгууллагын нэг онцлог бүртгэл бол гадаадад зорчих эрхийн бүртгэл буюу гадаад паспортны бүртгэл байдаг. Зөвхөн 2023 он гарснаас хойш өдөрт л 2300-аад гадаад паспортын бүртгэл хийгдэж байна. Нийгэм эдийн засгийн байдлаас ч тэр “Ковид-19” цар тахлын үед хөл хориотой байснаас ч тэр гадагшаа явах урсгал нэмэгдэж байна гэж харж байгаа. Тус бүртгэлийн онцлог нь энэ бүртгэлийг хийснээр үр дүнд нь иргэдийн гар дээр бичиг баримт гарч очдог.

Энэхүү бичиг баримт нь олон улсын стандартад нийцсэн байх ёстой гэсэн шаардлага тавигдаад нэлээд хугацаа өнгөрч байгаа юм. Өөрөөр хэлбэл, улсын эрхийн бүртгэлийг баталгаажуулж иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ, гэрлэсний гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ, хуулийн этгээдийн

гэрчилгээ зэрэг иргэд өөрийн гар дээр бичиг баримтууд авдаг юм. Гадаад паспорт бол гадагшаа чиглэлтэй хамгийн чухал бичиг баримт. Монгол Улс дотроо хэрэглэгддэг биш гадаадад аялах, зорчиход тухайн улсуудын хил гаалийн ажилтан дээр л шалгагддаг бичиг баримт учраас чухал бичиг баримт юм.

Бидний хувьд сүүлийн жилүүдэд, 2020 оноос хойш бэлтгэл ажлыг сайн хангасны үндсэнд цахим гадаад паспорт бичиг баримтын захиалгыг гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн авч эхэллээ. Мэдээж иргэдээс захиалга авах, хянаж баталгаажуулах, үйлдвэрт бичилт хийх, түгээж хүргэх, олголт хийхэд тодорхой хугацаа зайлшгүй байдаг. Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн хугацаанд гадаад паспорт бичиг баримтыг гурав, таван жил гэсэн хугацаатайгаар олгодог, резинен тамгаар сунгадаг байсан. Зөвхөн энэ л сунгадаг байсан асуудал гэхэд л стандартыг хангахгүй байгаа талаар маш их зөвлөмжийг бид олон улсын байгууллагуудаас авдаг байсан. Тодруулбал, Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас (ИКАО) иргэдийн зорчих хөдөлгөөн буюу гадаад паспорт дээр ямар стандарттай байхыг маш тодорхой зааж өгсөн байдаг.

Тиймээс бид 2019 оны нэгдүгээр сараас хойш гадаад паспортыг сунгалтгүй болгосон. Үүний дараа буюу өнгөрсөн жилийн тавдугаар сард цахим хуулиуд батлагдсан бөгөөд цахим хуулиуд дотор Улсын бүртгэлийн байгууллагын нэгэн онцлогтой ажил болох тоон гарын үсгийг иргэдэд олгож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, иргэний цахим үнэмлэх болон бусад төхөөрөмжүүд болох гар утас, таблет, компьютер дээр иргэд тоон гарын үсгийг авах бололцоогоор хангагдсан юм. Тэгэхээр энэ тоон гарын үсгийг олгоход хэрэглэсэн дэд бүтэц, техник хангамж, программ хангамж нь өнөөдөр цахим гадаад паспорттой холбогдож, гадаад паспортын чип дээр тоон гарын үсэг шивэгдэж байна гэж ойлгож болно. Түүнчлэн өнгөрсөн аравдугаар сараас гадаад паспортын зургийг иргэдээс цахимаар авдаг болсон. Өмнө нь иргэд аль нэг зурагчин дээр зургаа угаалган цаасан зургаа авчирдаг байсан бол иргэдээс тодорхой хэрэгслүүд болон веб сайтаар дамжуулан файл хэлбэрээр зургийг нь авах, эсвэл газар дээр нь шууд зургийг нь аван үйлчилдэг болсон. Ерөөсөө эдгээр бүх ажил нь цахим гадаад паспортын бэлтгэл ажлууд байсан юм.

-Шинэ цахим гадаад паспорт ямар давуу талтай вэ?

-Цахим гадаад паспорт гэж юу вэ гэвэл чипэн дээрээ тухайн иргэний өөрийн мэдээллийг хадгалах учир хамгийн сайн таньж баталгаажуулах, олон улсын стандартыг хангасан найдвартай баталгаатай бичиг баримт юм аа гэж ойлгож болно. Гадаад паспортын хуудасны тоо өмнө нь 32 байсан бол одоо цахим гадаад паспорт 48 хуудастай болон нэмэгдсэн. Мөн иргэдэд сонгох бололцоог нь хангах үүднээс чипгүй буюу цахим биш энгийн гадаад паспортын шинэ загварыг гаргаж, хоёр төрлийн паспортыг иргэддээ олгож эхэлж байгаа юм. Цахим гадаад паспорт дотор чип байрлаж байгаа юм. Энэхүү чип нь дээр хэлснээр тухайн иргэний өөрийнх нь мэдээллийг хадгалснаар ямар нэгэн гадаад улс, эсвэл өөрийн улсын ч тэр хилээр саадгүй, хурдан шуурхай зорчих гол үндэс нь болж байгаа юм. Өөрөөр хэлбэл ийм чухал бичиг баримтын хувьд нууцлал, мэдээллийн аюулгүй байдал, хууль бусаар дуурайлган хийхгүй байх, тухайн цаг үед газар дээр нь иргэнийг таньж баталгаажуулах талаас нь стандартын нарийвчилсан түвшинд шалгадаг учраас л цахим паспорт нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага зүй ёсоор үүссэн юм. Өөрийн ч тэр, бусад улсын нь ч тэр хил гаалиар түргэн нэвтрэх асуудалд илүү давуу талтай. Мэдээллийн нууцлал, аюулгүй байдал гэдэг асуудлыг бид сүүлийн үед маш их ярьдаг болсон. Бид хуучин зөвхөн гадаад паспорт дээрх мэдээлэл дээр тулгуурлан иргэдтэй харьцдаг байсан бол одоо чип дотор бичигдсэн мэдээллээр иргэнтэйгээ харьцана. Мөн энэхүү чиптэй паспорт буюу цахим гадаад паспорт нь өөрөө олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөд олон шаардлагууд байдаг юм аа. 2021 оны арванхоёрдугаар сард Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ИКАО) салбар байгууллага Нийтийн түлхүүрийн санд Монгол Улс 82 дахь улс болон элссэн юм. Бид аливаа олон улсад хэрэглэгдэх чухал бичиг баримтанд шинэ технологи, загварыг нутагшуулж хийхдээ заавал олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудтай харьцаж, түүнд элсэн орж тэдний заавар зөвлөмжөөр ажилладаг учиртай юм. Одоо энэ байгууллагад 90 гаруй улс элсэн ороод явж байгаа. Тэгэхээр иргэдийн гар дээр очсон цахим паспорт энэ 90 улсын хооронд ямар нэгэн саадгүй зорчих боломжийг нээсэн л гэсэн үг. Энэ байгууллагад элссэнээрээ бусад гишүүн улсууд манай гадаад паспортын ямар стандарттай, хүчин чадлын мэдээллийг бусад байгууллагууд руу хуваалцан, ашигладаг. Ингэснээр Монгол Улс Олон улсын байгууллагад нь элссэн юм байна, стандартын паспорттой гэдгийг холбогдох байгууллагууд нотолж, баталсан учраас энэ хүмүүсийн паспорт найдвартай гэдэг дээр иргэдэд илүү боломж олгогдоно. Сонирхуулж хэлэхэд паспортын хуудсууд дээр Бурхан Халдун, Алтан-Овоо, Говь гурвансайхан, Богд Хан, Сутай хайрхан гээд төрийн тахилгат хайрхдаас гадна монгол ахуйг харуулсан мэдээллүүдтэй. Энэ мэдээллийг бид санамсаргүй хийгээгүй юм. Олон улсад ингэж улсаа сурталчилж ийм мэдээллээр хангасан хуудсуудтай байдаг л юм байна. Ямар ч улсад зорчсон монголчууд маань олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн паспорттой байх ёстой гэсэн сэтгэлээр л сүүлийн жилүүдэд бэлтгэл ажлыг хангасны үүднээс хэрэгжүүлж байгаа ажил гэдгийг л иргэд маань сайн ойлгоосой гэж хүсэж байна.

-Иргэд гадаад паспортоо хэрхэн авах вэ?

-Иргэд нэгдүгээрт, уламжлалт аргаар авна. Энэ нь Нийслэлийн есөн дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, болон иргэн өөртөө хамгийн ойр буй үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Мишээл, Драгон, Баянхошуу, Оргил, Баянгол зэрэг төвүүдээс биеэр очиж захиалан авах боломжтой. Орон нутгийн иргэд 21 аймгийн улсын бүртгэлийн хэлтэст өөрийн биеэр очиж захиалж авна. Цахим гадаад паспорт гэдгээрээ өмнө нь захиалж байснаас ялгарах зүйл байхгүй ээ хуучнаараа явагдана. Хоёрдугаарт, бид e-mongolia систем дээр улсын бүртгэлийн байгууллага одоогийн байдлаар 90 төрлийн үйлчилгээг оруулсан байна. Энэ бол манай байгууллагын нийт үзүүлдэг үйлчилгээний хувьд харьцангуй өндөр тоо юм. Бид нийт үйлчилгээнийхээ 87 хувийг цахимжуулж, цахимаар үйлчилгээ авах бололцоотой болгосон. Үүнээс иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг үйлчилгээ бол гадаад паспорттой холбоотой үйлчилгээ. Тэгэхээр бид одоогийн явагдаж буй процессыг илүү баталгаажуулж, зүгшрүүлсний дараа буюу гуравдугаар сарын 15-наас хойш e-mongolia дээр цахим гадаад паспортыг захиалах бололцоогоор хангана. Тодорхой хэмжээнд системийн зүгшрүүлэлт хийгдэх юм. Гуравдугаарт, гадаадад амьдарч ажиллаж буй монголчуудын хувьд хэрхэн авах вэ гэвэл Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын консулын ажилчдаар дамжуулан захиалга авна. Нэг сайн зүйл гэвэл өнгөрсөн жилүүдэд цахимжилттай холбоотойгоор явагдаж буй үйл ажиллагааны үе шат дарааллыг бууруулах зорилт тавьсан. Аливаа цахимжилт бол зүгээр л компьютер, программ хангамж, дэд бүтэц, сүлжээг хэрэглэхдээ биш хамгийн гол нь улсын бүртгэлийн байгууллагаас иргэддээ үйлчилж буй үйлчилгээний шат дараалал багассан байх ёстой юм. Тийм ч учраас өнгөрсөн жил Монгол Улсаас АНУ, Канад, БНСУ-д суух дипломат төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлийн байгууллагын сүлжээтэй шууд холбосон. VPN буюу хязгаарлагдмал, хаалттай сүлжээг бид ашиглаж чадсан. Ингэснээр яг л улсын бүртгэлийн аль нэг нэгж дээр буй мэт үйлчлүүлэх бололцоо энэ улсуудад гарсан. Бид цаашдаа энэ тоог нэмж гадаадад сууж буй иргэд тэндээсээ шууд улсын бүртгэлийн үйлчилгээг хурдан шуурхай, найдвартай авах тал дээр онцгой анхаарч ажиллах болно. Хуучин зөвхөн шуудангаар явуулж, хугацаа алддаг байсан.

-Иргэд хоёр гадаад паспорттой байж болох уу. Өмнөх гадаад паспортынх нь хугацаа дуусаагүй бол яах вэ?

-Тэгэхээр яг одоо иргэдийн гар дээр буй хүрэн өнгөтэй паспорт хүчинтэй хэвээр байна. Өмнө хэлсэнчлэн бид 2020 оноос хойш паспортоо 10 жилийн хугацаатайгаар олгосон. Магадгүй сарын өмнө паспортоо авсан хүн байвал 2033 он хүртэл хүчинтэй хэвээр байна. Иргэдийн сонголт юм. Иргэд надад цахим гадаад паспорт шаардлагатай байна, энэ паспортоо цахимаар сольё гэвэл манай байгууллага дээр ирж солиулах юм. Гэхдээ хүчинтэй энгийн хоёр гадаад паспорттой байхыг зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл, паспортын хугацаа нь дууссаны дараа шинэ паспорт авах үед сольж олгоно. Харин өмнөх паспорт, цахим гадаад паспорт бүгдээрээ надад хүчинтэй хэвээрээ байна гэж болохгүй. Яагаад болохгүй вэ гэвэл энэ нь бидний гаргасан дүрэм журам биш юм. Олон улсад иргэд хил гаалиар гарах, улс хооронд нэвтрэхэд яригдаж буй томоохон асуудал бол мөнгө угаах, терроризмтой тэмцэх асуудал юм. Ер нь улс болгон гадаад паспортын олголт дээрээ онцгой анхааралтай ханддаг юм. Ямар ч улсын хувьд аль нэг улсын иргэд орж ирэхэд хамгийн баталгаатай хүмүүсийг оруулахыг шаарддаг. Тэгэхээр хоёр, гурван паспортыг тухайн улс олгож эхэлбэл муу талын л бололцоог нь нэмж өгч байна гэж хардаг учраас олон улсад төдийлөн хүлээн зөвшөөрдөггүй юм.

-Үндэсний энгийн цахим гадаад паспортын төлбөр нэмэгдсэн байсан. Энэ талаар тодруулаач?

Манай улсад нийтдээ энгийн, албан, дипломат гэсэн гурван паспорт хэрэглэгддэг. Өнөөдөр аль ч паспорт маань чиптэй болж байгаа юм. Цахим энгийн гадаад паспорт 82500 төгрөг, цахим биш энгийн паспорт 35 мянган төгрөг. Үнийн хувьд үнэтэй, хямд байна гэсэн асуудал их яригддаг. 2022 онд 50 гаруй улсын гадаад паспорт олгох хугацаа, үнийн хувьд судалгаа хийсэн юм. Бүгд найрамдах ардчилсан Лаос 35 ам.доллар, Украин 37 евро, Литва 43 евро, Япон 112 евро, Чили 111 евро зэрэг үндсэндээ 30 еврогоос дээш үнэтэй байна. Бид цахим гадаад паспортын 82500 төгрөгийг ойролцоогоор ам.доллараар тооцоход 23.5 ам.доллар, энгийн паспорт 10 ам.долларын паспорт юм.

Тэгэхээр бидний хувьд дунджаас бага үнэтэй паспорт хэрэглэж байна. Зарим иргэд гадаадын хөгжилтэй, амьдралын түвшин өндөр улсуудтай харьцуулж хэлж болохгүй, тэдэнд 1000 ам.доллар харьцангуй бага байхад Монголд өндөр үнэ гэж ярьдаг. Гэтэл паспортод хэрэглэгдэж буй бүх бүтээгдэхүүнийг бид олон улсаас л авч хэрэглэдэг. Энэ цахим болон энгийн шинэ загварын гадаад паспортын бэлдэцийг анх удаа дотооддоо үйлдвэрлэж эхэллээ. Ингэснээр мэдээллийн аюулгүй байдал, үнэ зэрэгт маш том давуу тал гарч байгаа юм. Ийм учраас үнийг харьцангуй багаар олгох бололцоотой болсон. Бид дотооддоо үйлдвэрлэл хийж байна гэдэг нь үнийг тогтвортой, харьцангуй бага байх бололцоогоор хангаж байна гэж харж байгаа юм. Тэгэхээр 82500 төгрөг бол дэлхийд, ийм стандартын түвшинд хэрэглэхэд харьцангуй бага үнэ юм. Өмнө дурдсанчлан Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ИКАО) 9303 DOC гэсэн стандарт бий. Энэ стандартыг хангахын төлөө ажиллаж буйг би дээр дурдсан. Иргэдийнхээ хувьд сонголтыг олгож байгааг дурдах нь зүйтэй. Яг одоо таны гар дээр байгаа хүчинтэй паспортаа хэрэглэж болно, шинэ цахим паспортаа авч болно, мөн шинэ энгийн паспортаа авч болно. Яагаад ийм олон паспорт гаргаад ирэв ээ гэж их асууж байгаа. Ерөөсөө л олон улсын шаадлага, стандарт хангасан паспортыг л сонголттойгоор нэвтрүүлж байгаа юм аа. Улсын бүртгэлийн ерөнхий газар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Тийм ч учраас Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт орсон цахимжилттай холбоотой, мөн найдвартай бичиг баримт бий болгох тал дээр олон ажил хийж буйн нэг жишээ гэж харж байна.

Иргэд цахим паспорт учраас цахимын бүх зүйлийг дэмждэг байх ёстой гээд цахим гэдэг үг дээр нэлээн их ач холбогдол өгч байна. Бид ярьж сурснаараа л цахим гэдэг асуудлыг ярьж байгаа юм. Түүнээс чиптэй паспорт. Бид иргэний үнэмлэхээ чиптэй учраас цахим үнэмлэх гэж ярьж сурсан. Энэ нь өөр дээрээ мэдээлэл агуулж болох технологийг шингээсэн бичиг баримт юм. Цахим гэж яривал цахимын асуудал дээр ялгаж салгаж ойлгох шаардлагатай байна. Иргэний үнэмлэх дээрх чип өөр дээрээ мэдээлэл агуулж, хадгалж байдаг учраас бид жил бүр сайжруулж явдаг. Харагдах байдлыг тодорхой хэмжээнд өөрчилж явж болох ч чип нь өөр дээрээ мэдээлэл хадгалах технологи учраас найдвартай бичиг баримт болж буйгаараа давуу талтай. Үүнийг цахим гэж хэлж болохгүй, харин цахимыг дэмжиж буй технологи юм. Энэ нь өөр дээрээ үйлдлийн системтэй, программчлагдах бололцоотой учраас технологи гэж ярьж байна.

Иргэний үнэмлэх дээр жишээ авахад саяхнаас ил харагдах хаяггүй болгосон, энэ хаягийг чип дотор бичиж, эргэн уншдаг, тодорхой хэмжээний мэдээллийг хадгалдаг хэрэгсэл болж хөгжиж байна. Аливаа бичиг баримт өөр дээрээ иргэнийг таньж баталгаажуулахад маш өндөр түвшний нарийвчлал, шаардлагатай байх ёстой. Тэгэхээр иргэнээ таньж баталгаажуулах өндөр түвшний шаардлагад нийцэж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Гадаад паспортын үнэ, харагдах байдал нэгдүгээр ач холбогдол биш юм. Хамгийн чухал нэгдүгээр ач холбогдол нь үүнийг барьж хэрэглэж буй иргэн өөрийгөө таньж баталгаажуулах боломж нь илүү гарч буй учраас хэрэгтэй газартаа өөрийгөө таниулах, бусад үйлчилгээнд хамрагдахад илүү бололцоотой болж байгаа юм.

-Иргэний үнэмлэх дээр байх чипийг иргэд хэрхэн хэрэглэх боломжтой вэ?

-Яг өнөөдөр бид иргэний үнэмлэхний чипээ программчлан тоон гарын үсэг суулгах бололцоотой болсон бол гадаад паспорт дээрх чип дээр тоон гарын үсгийг нэвтрүүлж олгож байна. Энэ нэвтрүүлж олгож буй тоон гарын үсгээр иргэдээ таньж баталгаажуулж байна гэж ойлгож болно. Тийм ч учраас үүнийг дэлхий нийтэд хамгийн сайн технологи гэж ярьж байна. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ИКАО) салбар байгууллага Нийтийн түлхүүрийн санд Монгол Улс 82 дахь улс болон элссэн бол одоо 90 гарсан. Чиптэй ч тэнд элсээгүй 190 гаруй улс байгаа юм. Тэгэхээр манай улс түрүүлж яваа 90 улстай мөр зэрэгцэн дунд нь орж байна гэж ойлгож болно.

-Иргэний бүртгэлийн дугаар ямар давуу талтай вэ?

-Одоо шинэ иргэний үнэмлэх дээр бид иргэний бүртгэлийн дугаарыг регистрийн дугаарын оронд ил гаргаж өгсөн. Регистрийн дугаарын хэрэглээг халаагүй, иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд илүү түлхүү ашиглах юм. Хуулиар регистрийн дугаар өөрчлөгдөх боломж бий. Тухайлбал, хүйс сольсны бүртгэл гэж байдаг, хүйсээ солиход регистрийн араасаа хоёр дахь орон хүйсийг тэгш сондгойгоор зааж байдаг. Тухайн хүн хүйсээ солих үед араасаа хоёр дахь орон солигдож буй учраас регистрийн дугаар солигддог. Шүүхээр насаа тогтоолгодог хүмүүс байдаг шүү дээ. Гэтэл иргэний бүртгэлийн дугаар хэзээ ч солигдохгүй. Бид төрөхөд нь шууд бүртгэлийн дугаарыг олгож, цаашдаа бүх мэдээллийн санд энэ дугаар огт өөрчлөгдөхгүй хэрэглэгдэнэ. Өнөөдөр хэрэглээнд нэлээн нэвтэрсэн байна. Татвар төлөгчийн дугаар, E-Barimt зэргийг иргэний бүртгэлийн дугаараараа хэрэглэж болно.

Тэгэхээр цаашдын зорилго нь зөвхөн энэ дугаараараа жолооны үнэмлэх, бусад нийгмийн үйлчилгээнүүдэд харьцаж явах боломжийг олгож байгаа юм. Банк, санхүү хувийн хэвшлийнхэн иргэний бүртгэлийн дугаарыг ашиглаж эхэлсэн. Тэгэхээр иргэний бүртгэлийн дугаарыг зөвхөн төрийн байгууллагаас гадна хувийн хэвшлүүд өргөн хэрэглэж байна. Энэ нь цахимжилтад хэрэг болох чухал өгөгдөл юм.

Ц.УЯНГА

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Нүүрсэн яндангийн хулгайч нар зөвхөн “Приус” 20, 30-ийн янданг л “онилж” байна DNN.mn

ЦЕГ-аас бусад байгууллагуудтай хамтарч тээврийн хэрэгслийн яндангаас ялгарч буй бохирдуулах бодисын хэмжээг судалжээ. Ингэхдээ үйлдвэрийн яндантай, БНХАУ-д үйлдвэрлэсэн дуураймал яндантай, эсхүл яндангүй гэсэн гурван төрлийн нөхцөлөөр хэмжиж, харьцуулсан байна.

Хэмжилтийн үр дүнгээс үзэхэд үйлдвэрийн яндантай тээврийн хэрэгслээс агаарт хаягдах СО (нүүрстөрөгчийн дутуу исэл)-ийн хэмжээ бага эргэлттэй үед яндангүй тээврийн хэрэгслээс хаягдаж буй хэмжээнээс 4.5 дахин бага гэх үр дүн гарчээ. Мөн БНХАУ-д үйлдвэрлэсэн дуураймлаас 3.2 дахин бага байсан бол их эргэлттэй үед СО (нүүрстөрөгчийн дутуу исэл) үйлдвэрийн яндангаас ялгарах хэмжээ яндангүй тээврийн хэрэгслээс 6.8, дуураймал яндангаас 4.3 тус тус бага ялгаралтай байсан гэнэ.

НС буюу нүүрс-ус төрөгчийн хувьд бага эргэлттэй үед огт яндангүй тээврийн хэрэгслээс хаягдах хэмжээнээс найман хувиар, БНХАУ-д үйлдвэрлэсэн дуураймлаас 12,6 хувиар, их эргэлттэй үед үйлдвэрийн яндангаас ялгарах хэмжээ яндангүй тээврийн хэрэгслээс 10 хувиар тус тус бага, Хятад дуураймал яндангаас 1.6 дахин бага ялгаралтай байжээ. Дээрх судалгаа үйлдвэрийн яндангүй приус маркын тээврийн хэрэгсэл агаарт ямар хэмжээний хор хохирол учруулж байгааг харуулж байна. Өнөөдөр улсын хэмжээнд 1.2 сая автомашин хөдөлгөөнд оролцож байна. Үүнээс Улаанбаатар хотод 676 мянган буюу 53.7 хувь орон нутагт 582 мянга буюу нийт автомашины 46.3 хувь нь нь замын хөдөлгөөнд оролцож байна.

Үүнээс нийслэл хотын хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй автомашины 10.5 хувь нь буюу 133 мянган нь “Приус” маркийн тээврийн хэрэгсэл.

Тодруулбал:

Toyota Prius -20 маркийн тээврийн хэрэгсэл 67.456 буюу 50.6 хувь,

Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгсэл 50.631 буюу 38.0 хувь,

Toyota Prius-40 маркийн тээврийн хэрэгсэл 15.148 буюу 11.3 хувийг эзэлж байгаа юм. Эдгээрийн хэд нь үйлдвэрийн яндантай, хэд нь хятад яндан суурилуулаад агаар бохирдуулаад явж байгааг одоогоор нарийвчилж тооцоолох боломжгүй байгаа юм байна.

Саяхан ЦЕГ-аас автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлддэг дөрвөн бүлэг, 13 этгээдийг илрүүлэн баривчилж, шалгалтын ажиллагааг явуулж байна. Гэмт этгээдүүд 2022 оны арваннэгдүгээр сараас хойш энэ төрлийн 45 гэмт хэрэг үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогджээ. Уг бүлэг этгээд нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн болон автомашин түрээсэлдэг аж ахуй нэгж, хувь хүнээс автомашин түрээслэн хуурамч улсын дугаар ашиглан нийслэлийн гудамж, талбай, автомашины ил зогсоолд байршуулсан “Приус” маркийн тээврийн хэрэгслийг сонгож нүүрсэн янданг нь хулгайлдаг байсан гэнэ.

Мөн хулгайлсан нүүрсэн янданг худалдан авдаг гэх найман этгээдийг мөнгө угаах төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм байна. Нүүрсэн яндангийн хулгайч этгээдүүд гол төлөв “Приус” 20 маркийн тээврийн хэрэгслийг сонгож янданг нь хулгайлдаг талаар ЦЕГ-аас онцолж байна. Зарим тохиодолд “Приус” 30-ийн янданг авах нь байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, энэ зах зах зээлд “Приус” 20 болон 30-ын яндан л эрэлттэй байдаг юм байна.

Шалтгааныг “Болор” авто засварын инженер Л.Даваахүүгээс тодрууллаа.

-Танаас “Приус” маркийн тээврийн хэрэгслийн үйлдвэрийн яндангийн талаар тодруулах гэсэн юм. Үйлдвэрийн янданг хулгайлах тохиолдол түгээмэл гарах юм. “Приус”-ийн яндан үнэ хүрч байгаа шалтгаан нь юу вэ?

-Нүүрсэн яндан гэдэг нь автомашины катализатор. Энэ нь дотроо хатуу ган болох цагаан алт, паллади, хөнгөн цагааны исэл зэрэг үнэт металл агуулдаг учраас түргэн хугацаанд азотын ислийн долоон нэгдэл, угаарын хий, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгах зориулалттай.

Нүүрсэн янданд цагаан алттай маш нарийн технологи бүхий яндангийн нүүрсэн шүүлтүүр байдаг. Энэ нь төрөл бүрийн хорт хий, тэр дундаа хүхрийн хийг шүүх үүрэгтэй. Энэ нь л хүмүүсийн шуналыг хөдөлгөдөг хэрэг л дээ. Ийм үйлдвэрийн янданг нь авчихаар хөдөлгүүрийн утааг дутуу шүүнэ. Хүхрийн хий агаарт ялгарна гэсэн үг. Хүний эрүүл мэндэд асар хортой. Яг үүний талаар бол эрүүл мэндийн чиглэлийн хүн илүү тодорхой тайлбарлах болов уу. Үүний хор уршиг хэдэн жилийн дараа л илүү тодорхой илрэх болов уу гэж хардаг. Гудамжаар дүүрэн саажилттай хүүхдүүдтэй болох вий гэж санаа зовдог юм.

-Нүүрсэн янданг задлаад урагш нь экспортлоод байгаа харагддаг?

-Хятадууд агаарын бохирдол, утаатай тэмцэх зорилгоор замын хөдөлгөөнд утаа их хаядаг автомашин оролцуулахгүй байх, нэг бол өндөр торгууль тавих хуультай. Япон автомашины яндангийн шүүлтүүрт шаардлагатай бүх элемент байдаг учир маш сайн шүүдэг. Урд хөршид үйлдвэрийн яндан эрэлттэй болсон шалтгаан нь товчхондоо ийм. Нэг яндан дангаараа бараг таван сая төгрөгийн ханштай ч Японоос дангаар нь авахад хэцүү. Ингээд л Монголоос авч, оргиналь янданг хятад яндангаар солиод зөрүүнд нь цөөхөн хэдэн төгрөг өгч байна. Бид өөрсдийн машинаа тоноод л эрүүл мэндээ эрсдэлд оруулж байна л даа.

-Зөвхөн “Приус”-ийн нүүрсэн янданг онцолж хулгайлж байгаа нь ямар шалтгаантай юм бэ. Японд үйлдвэрлэсэн олон машин байна шүү дээ. Тэр бүрийн яндан алдагдлаа гэж дуулаагүй юм байна?

-Урд зах зээлд “Приус” 20-ийн нүүрсэн яндангийн орц л эрэлттэй байдаг. Зарим тохиолдолд 30-ийнх. Энэ нь орц найрлагатай л холбоотой. Энгийнээр тайлбарлавал 2008-аас өмнөх онд үйлдвэрлэгдсэн “Приус”-ийн нүүрсэн яндангийн орц л урд хөршийн зах зээлд эрэлттэй. Тэгээд л бид бие биенийхээ нүүрсэн янданг сугалж, задлаад урагш нь гаргаад байгаа юм.

-Гааль дээр шинэ машин буухад л янданг нь сольчих тохиолдол байдаг юм билээ. Үйлдвэрийн янданг дуураймал яндангаас яаж ялгах вэ?

-Энгийн нүдээр хараад ялгахад амар биш л дээ. Үйлдвэрийн янданд нунтаг үнс шиг бодис бий. Үүгээрээ л ялгаатай. Суурилуулсан байхад нь ялгах бараг боломжгүй” гэв.

Энэ төрлийн гэмт хэргийг судлаад үзэхэд нүүрсэн янданг задлаад нүүрсэн шүүлтүүрийг нь авч хилээр гаргадаг талаар ЦЕГ-аас мэдээлж байна. Нүүрсэн яндангийн зах зээлийн ханш одоогоор 1.2 саяас 3.6 саяын хооронд хэлбэлзэж байгааг нь цахимд нүүрсэн яндан авах зар байршуулсан ченжүүдийн мэдээллээс харагдаж байна.

Нүүрсэн яндангийн хулгайн асуудал зөвхөн манайд нүүрлэсэн асуудал биш бөгөөд сүүлийн дөрвөн ч жилийн хугацаанд олон улсад гарах болсон гэнэ. Тэд бүгд БНХАУ-ын зах зээл рүү шингэдэг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр луу өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар
сарын 11, Санчир гариг.
Билгийн тооллын 19, салхины
эх одтой, шар луу өдөр. Өдрийн
наран 7:14 цагт мандан,18:50
цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич
жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба
жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд
хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл
өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх,
хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг
шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг
даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх,
зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг
урлахад сайн. Гүүр тавих, газар ухах,
эрдэнийг гадагш өгөхөд муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой,
бич, тахиа, гахай болой. Хол газар яваар
одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
“Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Categories
мэдээ утга-зоxиол цаг-үе

Аяланхан дуулмаар Алиа саарал DNN.mn

Алиа сааралыг уная гэсэн юм хө

Айлын адуунд хулжаагаад алдав аа х

Амраг хүүдээ очъё гэсэн юм хө

Айлын шоолоод горьгүйдээ хэмээн шуранхайлах “Алиа саарал” уртын дуу ард түмний дунд тасралтгүй хөг тасралтгүй явж ирсэн сайхан дуунуудын маань нэг билээ. Адуун сүрэгт сондгойрон зүслэх саарал морь бол эздийнхээ гангарааны хүлэг юм. Дуулагч сэтгэл алдарсан бүсгүйдээ очихоор алиа саарлыг сойвч,айлын адуунд алдасанаар дууны үг эхэлнэ. Ерөнхийдөө ийм морь зэхэх нь тэр чинээгээр хүчтэй хайр сэтгэлийг илчилнэ. Энэхүү аялгуут дууг алдарт дуучин Солийн Цоодол гуай анх дуулжээ. Алдарт дуучны дуулсанаар сонсоход нээрээ л алиа саарал морийг хулжаагаад алдаж байгаа юм шиг, түүндээ баярлаж байгаа юм шиг гомдож байгаа юм шиг сонсогдох аж. Үүнээс гадна энэ дууг нутаг нутагт дуулдаг бөгөөд энэ дууны талаар адуу судлаач,ахмад сэтгүүлч, түүхийн ухааны доктор А. Баярмагнай нэгэн дурсамжыг надад хүүрнэсэн юм. А.Баярмагнай ярихдаа “Би 1992 оны үед Монголын үндэсний телевизийн цагаан сарын нэвтрүүлгийг хөтөлсөн юм. Тус нэвтрүүлэгт Монгол улсын хөдөлмөрийн баатар. Ардын жүжигчин,төрийн соёрхолт Н.Норовбанзад гуай оролцсон юм.Уг нэвтрүүлэгт Н. Норовбанзад гуай“ Алиа саарал” уртын дууг дуулж билээ. Дуулахыг нь сонсож суухад дээшээ олгойдож тайз цоолчих нь уу гэлтэй цангинаж билээ.” uэж дурсч байв. Энэхүү дууг олон сайхан дуучин дуулсан байх ба орчин цагт Монгол улсын гавъяат жүжигчин Г.Энхбаатар хамгийн сайхан дуулжээ. Дуучин маань энэ дууны талаар “ Би багадаа энэ дууг сурч байлаа . Учир нь энэ дууны үгэнд нь их дурлаж дуулж сурсан хэрэг л дээ. Манай аав уртын дууны үг их мэднэ. Сайхан дуулна. Тийм учираас энэ дууг сурсан хэрэг л дээ. Тэр тусмаа “ амраг түүндээ очъё гэхээр , айлын хүүхдүүд шоолоод горьгүй нь” гэдэг мөр их сонирхол татсан л даа. Яагаад амраг хайртай хүндээ очих гэхээр “ айлын хүүхдүүд” шоолдог юм бол гэж бодогдсон л доо. Хөдөөний хүүхэд учир багаасаа л хурдан морины нуруун дээр адууны захад ээжийнхээ хийж өгсөн шинэ дээлийг ханзартал үеийнхээ хүүхдүүдтэй барилдаж өслөө шүү дээ.Хурдан моринд хүнддэж унахаа больсоноосоо хойш 15 жил хурдан морь уясан. Тийм болохоор уртын дуу сурахад надад их ойр байсан л даа.Би үндэсний бөхийн аварга хүний удам боловч удмыг нь үргэлжилүүлж барилдаагүй ч “уртын дуугаар барилдаж” явна даа.Харин 2004 онд Соёл урлагийн их сургуулийн оюутан болоод уртын дуучины арга барилаар “ Алиа саарал” уртын дууг уртын дуучин Л.Нямлхагвын арга барилаар сурсан. Энэ дууг дуулахад “Хөдөө өсөж төрсөн хүүхэд нас минь их санагддаг. Энэ дууг аялаад л адуундаа мордоно, үеийнхээ охидыг шохоорхдог байсан үе минь бодогдоно. “Алиа саарал” уртын дуу бол төв халх уртын дуу. Сүүлийн үед хүмүүс “Алиа саарал”-ыг шуранхай хийж дуулаад байх шиг байна лээ. Энэ бол уг дууны “ай”-голоогүй байна гэсэн үг. Шуранхай хийдэг дуу бол өөрийн үндсэн цараа дууссаныг илтгэсэний дараа хийгддэг аялгуу юм.Харин “ ай” гэдгийг маш энгийнээр тайлбарлавал “хурдан адуунд сайхан хэлбэр хийцтэй зэрэг шинжүүд байдаг. Тэгэхдээ хурдан шинжид жороо явдалтай адуу байлаа гэхэд тухайн морийг хурдан морийг жороолуулж болохгүй. Жороо морийг хурдан морь шиг битгий давхиул гэсэн үг. Тийм учираас багш маань надад “ миний хүү дуулж болноо ”харин дууныхаа “ ай”-г нь олж, аагийг нь олж байгаарай гэж захьдаг байлаа “ гэж байв..

Үүлэн борыг уная гэсэн юм

Үүрийн шөнөө хулжаагаад алдав аа хө

Үнэнч хүүдээ очъё гэсэн юм

Үеийн залуус шоолоод горьгүй дээ хө хэмээх нь үнэхээр л нэгэн сайхан идэр залуу дурлалт бүсгүйдээ сэтгэлийн жолоо алдан тэмүүлж. Хайртай бүсгүйдээ газрын хол усны уртыг үл анзааран тухайн залуу очих гэж тэмүүлэхдээ адуунаасаа хамгийн сайхан хийцтэй зүс сайхантай морийг сонгон унах гэж тэмүүлж буй нь илт. Дурлал гэдэг хэзээд хүрэн зүрхийг догдлуулан булгилуулж байдаг билээ. Яг л Д. Нацагдоржийн “ Шувуун саарал” өгүүллэгт “, Шувуун саарал морь нь Сүрэнхүүгийн унаа, Сүүмэлзэн сүүмэлзэн харагдах нь Сүнжидмаагийн нутаг” хэмээн гардаг шиг санагдах аж. Чухамхүү “ Шувуун саарал” өгүүллэгт дурьдсанаар “ Үүрийн хаяа гэгээрэхэд, хөмсөг мэт сар далд ороогүй,дэргэдүүр намрын хяруу гялтагнаж, эрвийн сэрвийн үзэгдэнэ” хэмээхтээ энэ мөр утга дүйж байна. Угтаа их зохиолч маань “ Алиа саарал” хэмээх дуунд дуртай байж энэхүү өгүүллэгээ бичсэн юм болов уу гэж өөрийн эрхгүй бодогдоно. Их зохиолч энэхүү өгүүллэгтээ “Шувуун саарал морины шинжийг бичихдээ ташаа нь тэвхийж,хавирганы яс ярайсан, ялгуун саарал морь нь тогтож ядан гоо сайхан толгойгоо ийш тийш нь агаарт дэгдэж. Үүлэнд умбан алдмаар. Хоёр чихээ солбилзуулан хааяа нэг эзнийхээ сэтгэлийг баясгана гэжээ “ . Үүнээс үзвэл их зохиолчын өгүүллэгт гардаг шувуун саарал морь жигүүртэн язгуурт хүлэг бололтой. Жигүүртэн язгуурт хүлгийн талаар Монгол улсын манлай уяач Г. Батчулуунаас сонирхон тодруулвал тэрээр “жигүүртэн язгууртай адуу гэдэг бол бүх юм нь урагшаа хийцтэй, дээд яс хөнгөн, чихний үзүүр шовх босоо,сэрэвгэр,яс хөнгөнтэй, мах багатай бийрэн сүүлтэй байдаг. Эртнээс монголчууд гоёмсог хийцтэй мориор наадам болон хүндэтгэлийн арга хэмжээнд гангардаг байсан шүү дээ” гэж байлаа.

Харин хамгийн сүүлийн мөр нь

Мэнэрэнхэн харагдах нь

Мэдэхгүйхөндий байна

Мэдэл муутай төрсөнөөс хойш

Ингэлгүй ч яах вэ

Унасанхан морь минь

Ундаар муудаад байна

Учирсан хонгор минь

Санагдаад горьгүй дээ хэмээх аж. Аль эртнээс ардын дуундаа амраг хайрын сэтгэлээ шингээн дуулдаг түмэн минь . Алс нутгаас амрагаа мөрөөдсөн аль сайхан морио унан галгиулж яваа дурлалт залуу энэхүү “ Алиа саарал” хэмээх аялгуут дууг зохион дуулжээ хэмээн бодогдоно.

Аръяа.Доржханд

Categories
мэдээ цаг-үе

Интернэт хэрэглэгчдийн тоо 50.2 мянгаар нэмэгджээ DNN.mn

Интернэт хэрэглэгчдийн тоо 2022 оны эцэст 4.2 сая болж, өмнөх оныхоос 50.2 (1.2 хувь) мянган хэрэглэгчээр нэмэгджээ.

Үүнд гэрээт интернэт хэрэглэгчид 15.8 хувиар нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Нийт шуудан, илгээмжийн хэмжээ 2022 онд 8.8 сая ширхэг болж, өмнөх оныхоос 2.8 (45.7 хувь) сая ширхгээр нэмэгдсэн байна. Үүнд дотоодын шуудан, илгээмж 27 хувиар өссөн нь нөлөөлөв.

Шуудангийн үйлчилгээний салбар 2022 онд 1 591.1 мянган ширхэг бичиг захидал, 677.2 мянган ширхэг боодол, 1 128.1 мянган ширхэг илгээлт, 414.8 мянган ширхэг буухиа, 1 637.6 мянган ширхэг бизнес захидал, 303.4 мянган ширхэг гибрид шуудан, 264.2 мянган ширхэг цахим худалдааны илгээмж, 2 750.5 мянган ширхэг тогтмол хэвлэлийг хэрэглэгчдэд хүргэжээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Долоо хоногт 88 мэдээлэл хүлээн авсны тал нь гэмт хэргийн шинжтэй байна DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба хоёрд угаар сарын 27-ноос энэ сарын 3-нд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 88 өргөдөл, гомдлыг хүлээн авчээ. Тэдгээрийг харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлсэн байна.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 56.8 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 427 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Гадаад улсын эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаан дахь мөрдөгчийн хараат бус, бие даасан байдлын талаарх судалгаа”-г хийх хүрээнд ОХУ, Сингапур, Финланд, Украин, Солонгос, Латви Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Эрүүгийн процессын хууль, Цагдаагийн тухай хууль, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, мөрдөгч, мөрдөгчийн эрх, үүрэг, мөрдөгчийн шууд удирдлага, шүүхийн өмнөх мөрдөн байцаах байгууллагууд, мөрдөн шалгах ажиллагааг дуусгавар болгох асуудал зэргийг Монгол Улсын эрх зүйн зохицуулалттай харьцуулан судлах ажлыг гүйцэтгэж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн автобуснуудыг цэвэрлэж, ариутгалаа DNN.mn

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа өнөөдөр /2023.03.10/ хаврын их цэвэрлэгээний аяны талаар мэдээлэл өглөө.


Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зургаан 7 хоногийн турш үргэлжлэх Хаврын цэвэрлэгээний аяныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/ бусад байгууллагатай хамтран зохион байгуулж буй. Энэ хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд үйлчилгээнд явж буй автобуснуудын дотор, гадна угаалга, ариутгал, цэвэрлэгээг хийлээ.

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит хоёр, хувийн хэвшлийн 16 буюу нийт 18 аж ахуйн нэгжийн үндсэн чиглэлийн 996 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явдаг. Энэ долоо хоногт эдгээр байгууллагын 2078 автобусанд угаалга цэвэрлэгээ, ариутгал хийж, 188 автобусны суудлын бүрээсийг сольсон байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа “Нийтийн тээврийн ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага, стандартад заасны дагуу эдгээр байгууллага тээврийн хэрэгслээ үйлчилгээнд гаргахын өмнө дотор, гадна талыг угаалгаж, зорчигчдын суудал, түшлэг, бариул зэргийг арчиж, шаардлагатай тохиолдолд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх үүрэгтэй” хэмээлээ.

Мөн Хаврын цэвэрлэгээний аяны хүрээнд УБЗАА залуусын нэгдэлтэй хамтран МУБИС-ийн урд замын нүхэн гарцыг угаах ажлыг зохион байгуулсныг онцоллоо.

Өнгөрөгч долоо хоногийн хугацаанд айл өрх, аж ахуйн нэгж байгууллагаас гарсан 20,227 тонн хог хаягдлыг 914 машинаар 5000 удаагийн рейсээр тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргэжээ. Ингэхдээ замын түгжрэл үүсгэхгүй, ачаалал нэмэхгүй байх үүднээс хог тээврийн байгууллагын 30 хувь нь шөнийн цагаар хог тээвэрлэлтийг хийж байгааг дурдав.

Түүнчлэн эзэнгүй нохой, муур устгалын ажлыг гүйцэтгэгч байгууллагууд төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт ажиллаж, энэ сарын 4-9-ний хооронд эзэнгүй нохой, муур устгах ажлыг зохион байгуулжээ. Одоогоор эзэнгүй, нохой муурын тоо толгойг хязгаарлахад галт зэвсэг ашиглаж байна. Цаашид унтуулах арга, үржил хязгаарлах ажилбар зэрэг боловсронгуй аргуудыг ашиглахаар судалгаа хийж байна.

Categories
мэдээ цаг-үе

Хүчтэй шуурганы улмаас цахилгаан дамжуулах тулгуур гэмтэж, Өмнөговь аймгийн сумдад тог тасарчээ DNN.mn

Цаг агаарын онц аюултай үзэгдлийн улмаас Өмнөговь аймагт цахилгаан эрчим хүч тасалдсан байна.

Тодруулбал, энэ сарын 9-10-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Булган, Гурвантэс, Цогт-Овоо, Мандал-Овоо, Баян-Овоо, Номгон, Манлай сумын нутгаар салхи секундэд 13-18 метр хүрч шороон шуурга шуурчээ.

Мөн Дундговь аймгийн төв болон Сайнцагаан суманд салхи секундэд 25 метр, зарим үед 34 метр секунд бусад сумдын нутгаар 16-21 м/с, түр зуур 20-26 м/с болж цаг агаарын онц аюултай хэмжээнд хүрсэн юм.

Цаг агаарын энэхүү онц аюултай үзэгдлийн улмаас Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ(ЦДҮС) ТӨХК Говийн бүсийн салбарын 220 кВ-ын Мандалговь-Тавантолгой чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын үзлэгээр 220кВ дундын 32 дугаар тулгуурт гэмтэл гарсан. Иймд ЦДҮС ТӨХК-ийн засварын бригад Улаанбаатар хотоос очиж ажиллаж байгааг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэв.

Гэмтлийг арилгах ажил өглөөний 06:00 цагаас эхэлсэн бөгөөд 36 цагийн дотор гэмтлийг бүрэн арилгахаар ажиллаж байна. Өмнөговь аймгийн баруун гурван сумаас бусад хэрэглэгчийн цахилгаан эрчим хүч дээрх гэмтлийн улмаас тасарсан тухай аймгийн Засаг дарга нь өөрийн цахим хуудсандаа бичсэн байна.

Мөн аймгийн Засаг даргын Тамгын газраас өгсөн мэдээллээр, Ухаа Худаг ДЦС, Даланзадгадын ДЦС-аас Даланзадгад, Номгон, Хүрмэн, Баяндалай, Булган, Ханхонгор сумын хэрэглэгчдийг, Оюу Толгой ХХК-аас Ханбогд, Баян-Овоо сумын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах техник зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Д.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал хойшилжээ

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэнбайна.

Тус эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагт товлосон боловч шүүгдэгч Б.Ганбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарын өмгөөлөгчид шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2023 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн 10.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.