Categories
мэдээ нийгэм цаг-үе

УЦУОШГ: Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст хүйтэн, салхитай байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хагаст хүйтэн, салхитай байна.

2023 оны 03 дугаар сарын 12-ноос 03 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ сарын 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн өмнөд хэсгээр өдөртөө дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -11…-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3…+2 градус , өдөртөө +10…+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан байна.14-нөөс нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Хоёрдугаар сард 701 кг үнэт металл худалдан авчээ DNN.mn

Мэдээ.МН

Монголбанк энэ оны хоёрдугаар сард 701.2 килограмм үнэт металл худалдан авчээ.

Ийнхүү оны эхнээс өссөн дүнгээр 1.2 тонн үнэт металл худалдан авсан болохыг Монголбанкнаас мэдээлэв.

Тодруулбал,

  • Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 75.8 кг
  • Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 139.8 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны хоёрдугаар сард дундаж үнэ 209,784 төгрөг байжээ.

Энэ оны нэгдүгээр сард 519 килограмм үнэт металл худалдан авч байв.

зураг

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинээр батална DNN.mn

Удахгүй эхлэх хаврын чуулганаар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, засаглалыг болон парламентын ардчиллыг боловсронгуй болгохтой холбоотой цогц асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр болон ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж санал солилцжээ.

Хаврын чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг холбогдох хууль, тогтоомжид зохих өөрчлөлт оруулах, Авилгатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг шинээр батлах зэргийг харилцан уялдаатай хийх, ялангуяа авилгатай тэмцэхтэй холбоотой эрх зүйн шинэчлэлийн асуудлыг иргэд, олон нийт, эрдэмтэн судлаач, мэргэжлийн хүмүүсийг хамруулан өргөн хүрээнд хэлэлцүүлэх нь зүйтэйг УИХ-ын дарга хэлсэн байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ирэх лхагва гаригт УИХ-ын хаврын чуулган нээнэ DNN.mn

Ирэх лхагва гаригт УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийнэ. Өнгөрөгч нэгдүгээр сард “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолыг баталсан бөгөөд үүнд дараах хууль тогтоомжууд багтжээ. Үүнд:

1/Автотээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

2/Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

3/Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

4/Байгаль орчныг хамгаалах тухай болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

5/Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

6/Байгаль орчны багц хуулийн төсөл;

7/Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

8/Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

9/Боловсролын ерөнхий хуулийн төсөл;

10/Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл;

11/Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл;

12/Газрын багц хуулийн төсөл;

13/Геодези, зураг зүйн тухай хуулийн төсөл;

14/Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл;

15/Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

16/Дээд боловсролын тухай хуулийн төсөл;

17/Женев хотноо 1958 онд батлагдсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

18/Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

19/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

20/Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

21/Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

22/Казиногийн тухай хуулийн төсөл;

23/“Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

24/Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл;

25/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

26/“Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

27/Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

28/Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

29/Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл;

30/Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

31/Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл;

32/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл;

33/Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл;

34/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

35/“Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

36/“Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

37/Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

38/Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл;

39/Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

40/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

41/Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

42/Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

43/Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

44/Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

45/Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

46/Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл;

47/“Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

48/Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

49/Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

50/Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл;

51/“Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

52/Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл;

53/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

54/Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

55/Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл;

56/Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл;

57/Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

58/Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл багтжээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 88 өргөдөл, гомдлыг хүлээн авав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 3-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 88 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 56.8 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 427 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Гадаад улсын эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэх ажиллагаан дахь мөрдөгчийн хараат бус, бие даасан байдлын талаарх судалгаа”-г хийх хүрээнд ОХУ, Сингапур, Финланд, Украин, Солонгос, Латви Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Эрүүгийн процессын хууль, Цагдаагийн тухай хууль, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, мөрдөгч, мөрдөгчийн эрх, үүрэг, мөрдөгчийн шууд удирдлага, шүүхийн өмнөх мөрдөн байцаах байгууллагууд, мөрдөн шалгах ажиллагааг дуусгавар болгох асуудал зэргийг Монгол Улсын эрх зүйн зохицуулалттай харьцуулан судлах ажлыг гүйцэтгэж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нөөцийн махыг энэ сарын 15-аас худалдаалж эхэлнэ DNN.mn

Жил бүрийн хавар нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангах зорилгоор худалдаанд гаргадаг нөөцийн махны бэлтгэл ажил хангагдаж дууссан талаар холбогдох албаны хүмүүс мэдээллээ. Тодруулбал, Нөөцийн махыг энэ сарын 15-аас эхлэн худалдаалахаар болжээ.

Тэгвэл энэ жилийн тухайд нийт 12 аж ахуйн нэгж 7300 тонн махыг нөөцөлсөн байна. Харин ирэх онд 10 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн байна.

Нөөцийн махыг найман нэрийн дэлгүүр болон томоохон сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалах юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМД-ын сангаас бөөрний даралт ихсэх өвчний эмчилгээний 85 хувийг хөнгөлнө DNN.mn

Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн 2022 оны нэгдүгээр тогтоолоор бөөрний даралт ихсэх өвчний эмчилгээг хөнгөлөхөөр болжээ. Ингэхдээ ЭМД-ын сангаас 85 хувийг хөнгөлөх бөгөөд уг өвчний эмийн эмчилгээний үнэ 514 мянган төгрөг байгаа аж.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 01,02-р тогтоолыг эндээс харах боломжтой. Бөөрний даралт ихсэх өвчинд эмчилгээ үзүүлэх гэрээт эрүүл мэндийн байгууллагуудыг энд дарж харна уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд 860 мянга гаруй иргэн хамрагджээ DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уламжлалт уулзалтаа эхлүүлж байна. Яг одоо нүүр амны тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж байна.

Эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд өнөөдрийн байдлаар 860 мянга гаруй хүн хамрагджээ.

Үзлэгт хамрагдсан нийт хүний 64.8 хувь нь 17 хүртэлх насны хүүхэд байгаа бол хүүхдийн өвчлөлийн 238,184 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.

Өвчлөл бүртгэгдсэн тохиолдлоос шүд цоорох өвчлөл 61.5 хувийг эзэлж байна. Тиймээс шүдний өвчлөлд анхаарах зайлшгүй шаардлага байгааг Ерөнхий сайд онцлов.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улсын 2023 оны эхний хоёр сарын нүүрсний экспорт өнгөрсөн оныхоос 288 хувиар өсчээ DNN.mn

Монгол Улсын 2023 оны эхний хоёр сарын нүүрсний экспорт 7.83 сая тонн болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.54 сая тонн буюу 504.01 хувиар өсжээ. Харин нийт экспортын хэмжээ мөн хугацаанд 1.27 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оныхоос 288.58 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Монгол Улс БНХАУ руу нийт 7.69 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны үеэс 536.80 хувиар өссөн. Хоёрдугаар сард 4.23 сая тонн нүүрс БНХАУ руу экспортолсон нь өнгөрсөн оныхоос 572 хувь, өмнөх сарынхаасаа 21.97 хувиар өсжээ. Мөн нүүрс тээвэрлэлтийн үнэ тонн тутамд 110 ам.доллароор буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

МЗЭ-ийн шагналт зохиолч Галсангийн Болормаа: Уран зохиолын ертөнцөд намайг Санжийн Пүрэв багш минь тосч авсан DNN.mn

Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт зохиолч, сэтгүүлч Галсангийн Болормаатай ярилцлаа.


-Саяхан таны шинэ уран бүтээл хэвлэгдсэн байна. Зохиолчдын тухай, гол нь бүтээлийнх нь судалгааны талаар та бичжээ. Сайхан санагдлаа. Эхлээд танаас Санжийн Пүрэв гэж тэр сайхан хүмүүний тухай асууя. Таны уран бүтээлийн багш хүн. Багшийнхаа тухай дурсахгүй юу?

-“Бийр бэхсийн тэмдэглэл” нэртэй баримтат уран сайхны нийтлэлийн номоо саяхан бүтээлээ. Би Санжийн Пүрэв багштайгаа төрсөн бууцанд нь гурван удаа хамт очиж байлаа. Алтай сайхан нутгаараа хамтдаа аялж явсан, азтай хүн. Миний багшийн олон олон бүтээл Алтай нутгийн түүхийг өгүүлдэг. “Хараат хайрхан” гэж төрсөн бууцыг нь хадгалсан сүрлэг сайхан хайрхан байдаг. Энэ мэт Алтай, Дарвийн нурууны үзэмж төгс байгалийн тухай, ухаант ард олны түүхийн тухай бичсэн зохиолынх нь уран сайхны дүр дүрслэлийн тухай энэхүү бүтээлдээ би бичсэн. Багшийн яруу тунгалаг, уран дүрслэлтэй, утга төгөлдөр бүтээлийг ялангуяа залуусыг шимтэн уншаасай гэж боддог.

“…Хэдэн жил голио царцаанд ноолуулан өнгө алдсан Хөх бүрд энэ намар өрөмтөн шаргалтаж, сул өвс нь алдуул сэвшээнд сугарч байлаа. Ийм цагийг үзэхгүй юм шиг бохирч суусан хөгшид бүү хэл, морины нуруу чилээж айлын ноход шуугиулж явдаг бид мэт ч намрын энэ өгөөмөрт хөөрч байв. Манайх Хүнчулуутын задгай намаржаанд буугаад хэд хонож байлаа… Нар хэвийж байхад манайхтай хаяа нийлэхээр ирсэн айл “хоёр тэмээт” Бөгөөнийх байлаа. Бөгөөн гэж номхон нүдэндээ гуниг хотлуулсан, цаг үргэлж ганцаардмал амьдралаа шүтэж явдаг нэгэн…” гэж гол баатрынхаа дотоод сэтгэлийг намрын өнгөтэй жишин харьцуулж бичсэн байдаг. Өгүүллэгийн дүр бүрийн дотоод болон гадаад шинжийг товойлгон гаргадаг онцлогтой Санжийн Пүрэв зохиолчийн “Өндөр Алтай”-нхаа тухай бичсэн хэсгээр нь дүр бүтээж энэ номдоо бичсэн дээ.

Чойсүрэнгийн Дагвадорж гуай бол олон сайхан дуутай, шүлэг найрагтай. Дээрээс нь Ш.Гаадамба гуайгаас аваад их утга зохиолын нэрт эрдэмтдийн гарын шавь, энэ цагийн нэрт эрдэмтэн хүн. Ч.Дагвадорж докторын ямар бүтээлийг нь судалсан бол?

-Би бас л азтай хүн гэж өөрийгөө хэлнэ. Яагаад гэвэл би их олон багштай хүн л дээ. Миний докторын судалгааны удирдагч багш маань доктор, профессор Ч. Дагвадорж. Энэ хүн Хотгойд хүн. Хотгойдын ард түмний дуу хуур, шүлэг найргийн онцлог их. Энэ номдоо багшийнхаа нэгэн дууны тухай бичсэн. “Цай тань боллоо, ээжээ” дууны шүлгийн тухай:

Зунд нь түүгээгүй шүүдрийг

Зудтайд цуглууллаа, ээж ээ.

Зуурханд ч ачлаагүйн гэмшлээ

Дуундаа шингээлээ, ээжээ… хэмээсэн нь ээж хүний ачлалыг зуны дэлгэр сайхан, санаа төвшин цагаар биш зудтай, цөхрөлтэй, сэтгэл гэгэлгэн цагт нь шүлгээр урласан цайгаа барин, бээрэгшлийг нь тайлан байх шиг. Энэ мөр шүлгээс мойногшсон гараараа дээлийнхээ хормойг хумин бариад аргал дүүргэн гэр өөдөө зугуу зугуухнаар алхаж явахдаа бөгтөр эмгэн алсаас ирэх хүүгээ саравчлан байгаа дүр аяндаа харагддаг өвөрмөц дүрслэлийн тухай энэхүү “Бийр бэхсийн тэмдэглэл”-дээ бичсэн юм.

-Навааннамжил гуайн тухай бас судалгаа хийсэн байна. Навааннамжил гэж энэ түүхэн хүнийг сүүлийн үед ярьдаг хүн цөөхөн болсон?

-Г.Навааннамжил 1882 онд Түшээт хан аймгийн ван Осорбазарын хошууны нутаг (одоогийн Төв аймгийн Өндөрширээт сум) “Үүдэн цөл” хэмээх хөндийн “Хэрлэн дэнж” нэртэй эртний хотын туурин дээр төржээ. Тэрээр эцгийн төрлийнхөө Галсанд үрчлэгдэн, хувь тохиолоо олсон нэгэн. Г.Навааннамжил бага наснаасаа хурга, тугал хариулж, хурдан морь унахаас эхлээд гэр зуурын ажилд оролцохын сацуу Ринчин хэмээгчээр монгол бичиг заалгаж, гойд сурч, 11 наснаас эхэлж, хошуу тамгын газарт дагалдах бичээчтэй эн зэрэгцэж, манж, төвд бичиг сурсан байна. Хошууны тамгын газарт сургууль хийж, бичиг үсэгт тайлагджээ. Улмаар орон нутгийн Тамгын газар, Их Хүрээнд Дотоод яамнаа ажиллаж байгаад 1921 оны хувьсгал ялахад Ардын засгийн анхны нарийн бичгийн даргаар томилогдсон байна. Ийм бичгийн өндөр авьяастай, улс төрийн өргөн мэдлэгтэй хүний бичсэн “Өвгөн бичээчийн өгүүлэл” машид сонирхолтой ном. “Өвгөн бичээчийн өгүүлэл” ном тухайн зохиолчийн намтар туурвил боловч, угтаа хүмүүний ухаан сууж эхэлсэн цагаас Монголын нийгмийн түүхийн тухай эргэцүүлэн тунгааж бичсэн, баримтат, судалгааны бүтээл юм.

Г.Навааннамжил Монголын шинэ утга зохиолын 1929 оны 1-р сарын 9-ний гол үйл явдал, тэр үеийн нэрлэж байснаар Хувьсгалын уран зохиолчдын бүлгэмийг үүсгэн байгуулагч, анхны 17 хүний нэг нь. Г. Навааннамжил XX зууны эхэн үеийн Монголын төр шинжлэх ухаан, соёл, соён гэгээрлийн ажилд тэргүүлэх үүрэгтэй оролцсон бичгийн гол хүн байсан. Улмаар намтар бүтээлээрээ тухайн үеийн нийгмийн монголчуудын аж төрөхүйн соёлыг хошин аясаар, уран сайхны өндөр түвшинд бичиж үлдээсэн нь өнөөдөр хуучирсангүй, улам ч үнэ цэнэтэй, үр өгөөж ихтэй болохоо харуулдаг. Мөн хошин хэлбэртэй ийм нэгэн бүтээлийн зохиогчийг бид мартахгүй ёсгүй юм.

-Манай “Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгч Соёлын гавьяат зүтгэлтэн нэрт сэтгүүлч Жамбалын Мягмарсүрэнгийн бүтээлүүд дээр та бас судалгаа хийжээ. Амьтдын тухай цувралуудад нь судалгаа хийв үү. “Жижиг гэрийн эмээ бид хоёр”-оос эхлээд олон гоё өгүүллэгүүд бас бий дээ?

-Тийм ээ, сонирхолтой олон өгүүллэг байдаг. Би сэтгүүлч болоод хамгийн түрүүнд Ж.Мягмарсүрэнгийн бүтээлийн тухай нэвтрүүлэг бэлтгэж, судалгаа бичсэн. Энэ хүний бүтээл эрхгүй сонирхол татдаг. Одоо ховор болсон хоёр ном нь миний ширээний ном. Хүүхдүүдтэй энэ тухай ярилцахаар бидний дунд хөгжилтэй агшин бүрддэг. Ж.Мягмарсүрэн зохиолчтой би нүүр тулж уулзаж байгаагүй. Бүтээл нь л ая зөндөө сонирхол татсан. “Эмээтэйгээ үзсэн ёлко” илүү хөгжилтэй. Дүүгийнхээ тухай дэгсдүүхэн байтлаа, маш сонирхолтой бичсэн байдаг. Уншихад инээд хүрээд байдаг юм. Сумын улаан буланд өрнөж буй үйл явдал инээдтэй. Биднийг хүүхэд байхад яг тийм шинэ жилийн баяр болдог байсан. Ер нь Ж.Мягмарсүрэн зохиолчийн ном дүрслэл сайтай, аль ч амьтны тухай бичихдээ маш их сонирхолтой хэлбэрээр бичдэг зохиолч юм. Одоо түүний өөр ном гараасай гэж их хүлээдэг.

-Шаравын Сүрэнжав гэж тэр агуу найрагчийн бүтээлийн тухай юу хэлэхсэн бол. Үнэхээр нэг онгодтой, яалт ч үгүй “Тэнгэрээс заяасан найрагч” байсан нь мэдрэгддэг?

-“Би тэнгэрийн хүү” маш гоё, тийм ээ. Уран зохиолын бүхий л төрлөөр олон, арван зохиол бичсэн Шаравын Сүрэнжавын баримтат уран сайхны зохиолын тухайд авч үзэхэд “Долгионт жилүүдийн туужис”, “Жараад оны яруу туульс” зэрэг бүтээлүүд голлох байр суурьтай байдаг. Баримтат уран сайхны зохиолын онцлогийн үүднээс авч үзвэл зохиолч ардынхаа дунд бодитой оршиж буй баримт, хүмүүсийн үйл амьдралын тухай бичихдээ уран сайхны аргаар дүрслэн үзүүлж, нэгтгэн дүгнэх замаар нийтлэг шинжийг илэрхийлсэн байдаг. Ер нь Монголын уран зохиолын судалгааны бүтээлд баримтат чиглэлийн зохиолын түүхэн хөгжлийн асуудалд зохиолч Ц.Дамбадоржийн “Толбо нуур”, Д.Сэнгээгийн “Аюуш”, Ц.Уламбаярын “Энх тайвны манаа”, Л.Түдэвийн “Бүгд найрамдах улсын анхдугаар он” /2002/, Т.Очирхүүгийн “Тоомой панз миний аав” зэрэг баримтат тууж олон байдаг. Эдгээр бүтээлтэй харьцуулахад Ш.Сүрэнжавын “Долгионт жилүүдийн туужис” бүтээл бүлэг бүхэндээ утга агуулгатай, олон янзын дүрийг бий болгож чадсан өвөрмөц бичлэгтэй. Ш.Сүрэнжавын зохиолын баримтат дүрийн хувьд авч үзэхэд амьдралд байгаа, байсан бодит түүхэн тодорхой бие хүний уран сайханжсан дүрүүд голлодог. Ийм нэгэн туужийнх нь тухай энэхүү бүтээлдээ шүүмж бичлээ.

-Гүр.Нямдорж гэж бас л сонин хувь тавилантай, онцгой ертөнц байсан. “Өнчин хоолой” өгүүллэг нь “Монголын сонгомол өгүүллэг” антологид багтсан бол “Олоон жил дэрлэсэн энэ дээлийг угааюу гэтэл саалийн үнэр нь хайран” хэмээх богино гурван мөртүүд нь сонгодог яруу найргийн номд багтаж байсан. Аргагүй л сонгодог зохиолч байж дээ, тэ?

-Тийм шүү, Гүр. Нямдорж онгодог зохиолч. Маш их авьяастай хүн байжээ. “Бэнсэн үлгэрч” ном нь бидэнд үлдэж. Гүр. Нямдоржийн зохиолын баатрууд амьд. Тэгээд эгэл энэ амьдрал дунд тэмцэл тулалдаанаа үргэлжлүүлж байгаа эртний баатрын хөрөг амилах шиг, басхүү шидэт шившлэгийнхээ шидийг үзүүлэхээр зориг шулуудсан гэгээнтэн шаргал дээлийн хормой дэрвэлзүүлэн, сэвэлзтэл алхан наашлах шиг болно. “Манай эриний хүн” өгүүллэг үүний нэг нь. Ийм сэтгэлгээний далдын нэгэн нууцлал шингэсэн өгүүллэг олон байгаа юм. Ер нь амьдралын үйл явдлыг маш их гярхай, хачирхалтай байдлаар дүрсэлж бичдэг зохиолч. Унших тусам их юм бодогдоно.

-Таны хувьд өгүүллэгийн номтой хүн. Дээрээс нь сэтгүүл зүйн бүтээлүүдтэй. Тэр бүгдийгээ бас ярихгүй юу. Одоо харин судалгааны бүтээл рүү орж байна уу гэж ойлголоо. Энэ тухай жаахан дэлгэрүүлбэл….?

-Би их сонин хүн шүү дээ. Азтай. Энд амьдралын түүхээсээ жаахан ярьчих уу.

-Тэг л дээ?

-Би малчин хүн байсан юм шүү дээ. “Өгөөмөрийн гол”-оор нутагтай, хонь хариулдаг хүн байлаа шүү дээ(инээнэ). Хувь заяа намайг эрдэм номын сургууль тийш хөтөлсөн гэж боддог. Ялангуяа ээж минь намайг заавал эрдэм боловсролтой болгоно гэдэг байлаа. Нэг шүлэг бичихэд хүртэл үнээ саахаас чөлөөлж, “Миний охин шүлгээ дуустал биччихээд гараад ирээрэй. Ээж нь үнээгээ сааж байя” гээд нэгэн намрын сэрүүн өдөр хэлэхэд би их санаа зовж, “өөдтэй шүлэг бичихгүй бол ээж гомдох нь байна” гэж бодож билээ. Аав минь ном их авч өгнө. Хөгшин ээж минь бидний багад үлгэр их ярьж өгдөг байлаа. Энэ бүгд намайг уран зохиолд дуртай болгосон. Жирийн нэг малчны охин, сүүлд жирийн нэг малчин хүн л МУИС-ийн сэтгүүл зүйд ангид 1998 онд хорин найман настайдаа, нөхөр, хүү, охиноо дагуулаад ирж байсан даа. Торгон дээлтэй малчин төрхтэй эмэгтэй л ирж байсан юм даа. Хамгийн түрүүнд доктор М.Зулькафил, Ч.Чойсамба хоёр багштайгаа уулзаж билээ. Зулькафил багш минь их дэмжсэн. Мөн сайн хүн шүү. Сүүлд доктор хамгаалахад Б.Болд-Эрдэнэ багш их дэмжиж билээ. Би багш нартаа маш их баярлаж явдаг юм. МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг 2002 онд төгсөөд МҮОНР-ийн “Уран зохиол”-ын албанд ажилласан. Санжийн Пүрэв багш минь тосч авсан. Өдгөө хорь гаруй жил болж байна. Энэ сайхан өгөөжтэй газарт ирээд олон уран бүтээлийн эзэн боллоо. “Монгол түгээмэл ёс заншлын тунгаамал өв” судалгаа шинжилгээ, сэтгүүлзүйн бүтээлээс гадна уран зохиолын “Арсайн цэнхэр зэрэглээ”,“Богцонд ирсэн шагай”, “Нойр хулжсан шөнө”, “Сэрүүн зүүдний амраг”, “Ув улаахан хацарт”, “Цэцэг сүлжсэн инээд” зэрэг өгүүллэгийн түүвэр, мөн Үлгэрийн долоон цуврал, “Туурайн тамгатай тал”, “Уулс ажрах аав”, “Хаяарах үүрийн туяа” хуурцаг, “Улаан Дамаагийн наадам”, “Бөгтөр хөх моддын дууль”, “Хөх тариан түрүү”, “Хөх уулсын бүсгүй” зэрэг радио жүжиг бичиж олны хүртээл болгосон. 2017 онд “Хотгойд яруу найраг, туурвилын зарим асуудал” сэдвээр Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. “Бийр бэхсийн тэмдэглэл” ном миний судалгааны анхны ном боллоо. Чансаатай уран бүтээл туурвиж аав, ээж, багш нарынхаа ачийг хариулах юм шүү гэж ямагт бодож явдаг даа. Холын зорилго өмнөө тавиад сэтгэл дүүрэн явбал амьдралд олз, хишиг дүүрэн байдаг юм байна аа.