Categories
мэдээ нийгэм

Т.Дүүрэн: Катар, Кувейтэд болсон бизнес уулзалтууд монголчууд гуравдагч орны зах зээлд бүтээгдэхүүнээ шууд экспортлох боломжийг олгож байгаа DNN.mn

Монгол Улсаас Кувейт улсад суугаа Элчин сайдын яамны санаачилгаар гуравдугаар сарын 5-9-ний хооронд Катар, Кувейтэд бизнес эрхлэгчдийн уулзалт форум боллоо. Дээрх бизнес форумын үеэр МҮХАҮТ-ын дэд ерөнхийлөгч Т.Дүүрэнтэй ярилцлаа.


-Арабын орнуудад мах экспортлох боломжийн тухай хоёр талын төлөөлөгчид ярилцлаа. Энэ талаар дэлгэрүүлж мэдээлэл өгөөч…?

-Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас хамааралтай байдаг. Цар тахлын жилүүд эдийн засгаа солонгоруулах нь ямар ач холбогдолтойг бидэнд маш ихээр ойлгуулсан. МҮХААҮТ-ын зүгээс уул уурхайн бус экспортыг яаралтай хөгжүүлж, нэмүү өртөг шингээн Монголдоо боловсруулж экспортод гаргах нь богино хугацаанд өрхийн дундаж орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэсэн судалгааны дүгнэлт гаргасан. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс хамгийн ихээр экспортод гаргадаг ноолуур, мах, самар бол манай уул уурхайн бус экспортыг тодорхойлдог. Энэ гурвыгаа хямд өртгөөр Хятадад өгч байхаар өөрсдөө боловсруулдаг тогтолцоог бий болгох нь зүйтэй. Ингэхгүй бол уул уурхайгаас олж байгаа орлого жигд бус хуваарилагдаж, баян ядуугийн ялгаа улам бүр холдоод байна.

Өрхийн дундаж орлогыг хамгийн богино хугацаанд нэмэгдүүлэх ямар арга байна гэхээр хөдөө ах ахуйн бүтээгдэхүүнээ өөрсдөө боловсруулдаг болох, хүнс болон хөнгөн үйлдвэрийн салбараа хөгжүүлэх ёстой гэсэн стратегийг барьж Засгийн газарт зөвлөж ажиллаж байгаа. Арабын хойгийн орнууд бол манай бүтээгдэхүүнийг өндөр үнэтэй худалдаж авдаг. Ялангуяа Монголын мах, самар хямд үнээр, бүртгэлгүйгээр Монгол Улсаас Хятад улс руу гардаг.

Хятадаасаа Арабын орнууд болон бусад хөгжингүй зах зээл рүү өндөр үнээр зарагддаг. Бид өөрсдөө бүтээгдэхүүнээ өндөр үнээр борлуулдаг шууд гарах гарцыг нь нээх ёстой. Катар,Кувейтэд болсон бизнес форумын үеэр монгол махыг Кувейтэд долоон ам.доллараар авъя гэсэн саналыг илэрхийлж байна. Гэтэл бид ямар ч бүртгэлгүйгээр хятад руу 2-2,5 доллараар гаргаж байгаа. Ийм боломж байгаа юм бол үүнд нь таарсан, олон улсын түвшинд хүрсэн боловсруулалтыг нь хийж, хөрөнгө оруулалтыг нь дэмжээд өндөр үнээр махаа экспортлож болох нь. Тэгвэл бид цөөхөн малыг өндөр үнээр зарж болох нь. Заавал малын тоо толгойг нэмж мөнгө олох биш малынхаа үр өгөөжийг нэмж, боловсруулалтыг нэмэх замаар орлогоо нэмэгдүүлэх боломж байна. Түүгээрээ ач холбогдолтой юм. Ялангуяа Кувейт улс бол Монгол Улсад маш олон салбарт дэмжлэг туслалцаа үзүүлдэг, Арабын хойгийн орнуудаас хамгийн ойр дотно харилцаатай улс. Кувейтийг мэдэхгүй монгол хүн гэж байхгүй. Харин бид энэ тусламж дэмжлэгтэй нь дүйцсэн хариу, хамтын ажиллагааг санал болгож байсангүй. Өнөөдөр Кувейт улсад суугаа Монголын Элчин сайдын яам, МҮХАҮТ хамтран энэ олон жилийн дутуу ойлголцол, дутуу хамтын ажиллагааг нөхөж, харилцан ашигтай эдийн засаг, худалдааны орчныг өргөжүүлэх чиглэлийн чухал арга хэмжээ боллоо.

-Катар, Кувейтэд болсон бизнес форумын үр дүнг та яаж төсөөлж байна вэ?

-Өнөөдөр Монгол Улсын дундаж өрх нэг сард 70 мянган төгрөгийн алдагдалтай амьдарч байна. Монгол хүн өглөө босоод хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөөд, ажилдаа яваад орой гэртээ ирээд унтаад босоход сарын эцэст 70 мянган төгрөгийн алдагдалд орсон байдаг. Орлого нь зарлагаа нөхөхгүй байна гэсэн үг. Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4000$ байгаа ийм үед яаж ч мөрөөрөө ажлаа хийгээд зээл нь нэмэгдээд байдаг. Сарын 70 мянга буюу жилдээ 800 мянган төгрөгөөр зээл нь нэмэгдээд байна. Уул уурхайгаас олсон мөнгөний тодорхой хэсэг оффшор бүс рүү, авлигад явчихаад байгаа. Үлдсэн хэсэг нь төрийн томхон бүтээн байгуулалт руу ордог. Үүнийг дийлэнхдээ том компаниуд авч хийдэг. Ингэхдээ тэдгээр компаниуд зардалаа жижиг, дунд үйлдвэрүүд рүүгээ ижил хуваарилахгүй зөвхөн өөрсдийн танил, ах дүү хамаатнаараа хийлгэдэг. Том төсөлд зарцуулагдаж байгаа их мөнгөний зөвхөн 10 хувь нь л жинхэнэ жижиг, дунд компаниудад хуваарилагддаг. Эндээс юу харагдаж байна гэхээр уул уурхайгаас орж байгаа орлого маань дундаж амьдралтай иргэд рүү очдоггүй. Орлогын тэгш бус хуваарилалт явагдаад байгаа энэ тохиолдолд хамгийн богино хугацаанд яаж өрхийн орлого, цалинг нэмэгдүүлэх вэ гэвэл хөнгөн үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэлийг л хөгжүүлэх. Энэ нь манайд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн. Манайхаас ноолуур, мах, самрыг хамгийн ихээр авч байгаа зах зээл бол Хятад. Энэ боловсруулалтыг нэмэхийн тулд хөрөнгө оруулалтын орчныг нь сайжруулж өгөх ёстой. Хилийн цаана биш хилийн наана боловсруулахын тулд сэдэл, эдийн засгийн хөшүүргийг нь өгөх ёстой. Хөрөнгө оруулалтын орчныг нь сайжруулж өгвөл заавал хилийн цаана зөөж аваачаад боловсруулаад зарах биш Монголдоо боловсруулж экспортлох нөхцөл бүрдэнэ. Мөн манай татвар болон бусад төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжрах ёстой. Бүртгэл уялдаа холбоо сайнгүйгээс болоод манай бүтээгдэхүүнүүдийг татвараас нууж, эсвэл бага үнээр бүртгэн хямдаар гаргаад байгаа юм. Монгол компаниуд татвараа үнэнчээр төлдөг байхад Хятадын дамлан наймаалагчид буюу ченжүүд татвар төлөхгүйгээр хамаагүй бага өртгөөр авч байна. Тиймдээ дэлхийн зах зээлд бидний бараа бүтээгдэхүүнийг хятадууд биднээс хямдаар санал болгож чадаад байдаг.

Катар, Кувейтэд болсон энэ арга хэмжээ бол монголчууд бид өөрсдөө гуравдагч орны зах зээлд бүтээгдэхүүнээ шууд экспортлох боломжийг олгож байгаа. Тэгэхээр нэгд, хөрөнгө оруулалтын орчин сайжирч бид өөрсдөө бүтээгдэхүүнээ боловсруулдаг болох ёстой. Хоёрт, төрийн бүртгэлийн байгууллагуудын уялдаа холбоо сайжирснаар адилхан татварыг хятадуудаас авдаг болох хэрэгтэй. Жишээ нь, танхимын хийсэн ажлын үр дүнд самрын салбарт Монгол Улс 2022 онд өмнөх жилүүдээс 10 дахин илүү орлогыг бүртгэж авсан. Бид жаахан л анхаарал хандуулаад ажиллавал болдог юм байна. Одоо мах, ноолуурын салбар руугаа ингэж анхаарах хэрэгтэй. Манай танхимын дэргэдэх ноос ноолуурын зөвлөлөөс гаргасан тооцоогоор ойролцоогоор 600 тэрбум ноолуурыг Монгол Улс бүртгэлгүйгээр татвараас нууж Хятад руу алдаад байна гэсэн судалгааг гаргасан байсан. Мөн 500 тэрбум төгрөгийн махыг оргил үедээ бүртгэлгүйгээр алдаж байсан гэсэн үг. 300-гаар тэрбум төгрөгийн самрыг мөн бүртгэлгүйгээр Хятад улс руу гаргаж байсан. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Монголын зах зээлийн уул уурхайн бус экспортыг 500 сая доллар гэж албан ёсны тоо явдаг ч бодит амьдрал дээр багадаа 1,5 тэрбум ам.доллар байгаа юм байна. Тэгэхээр уул уурхайн бус экспортоо 1,5 тэрбум долларт хүргэе гэдэг зорилгыг засгийн газартай ярилцан хамтран хэрэгжүүлэхээр танхим ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Сургагч багш бэлтгэх сургалтад 11 төрийн албан хаагчийг хамруулав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны гуравдугаар сарын 6-10-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, ОБЕГ, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, “Монгол шуудан” ХК болон Хүүхдийн төлөө сан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Боловсролын зээлийн санд ажиллалаа.

Өнгөрсөн долоо хоногт Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын 11 ажилтныг сургагч багшаар бэлтгэх сургалтыг зохион байгуулж, гэрчилгээг олгов.

Categories
гадаад мэдээ

Америкийн нисгэгчгүй онгоц хар тэнгист уналаа DNN.mn

АНУ-ын Агаарын цэргийн хүчний MQ-9 тагнуул, цохилтын нисгэгчгүй онгоц /дрон/ Румын дахь цэргийн баазаас өчигдөр буюу гуравдугаар сарын 14-нд хөөрч, Хар тэнгис дээгүүр Крымээс баруун өмнө зүгт 100 км зайд, 7 км өндөрт тандалт хийж байх үед нь Оросын Су-27 сөнөөгч онгоцууд түүнд хэт ойртон шүргэсний улмаас унажээ.

Оросын энэхүү үйлдлийг АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден “аюултай, мэргэжлийн бус, бодлогогүй үйлдэл” хэмээн нэрлэсэн бөгөөд хэрэг явдалтай холбогдуулан АНУ дахь ОХУ-ын Элчин сайд Анатолий Антоновыг тус улсын Төрийн департамент дуудан эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Харин Оросын Батлан хамгаалах яам “АНУ-ын нисгэгчгүй онгоц огцом маневр хийсний улмаас өндрөө алдаж, хяналтгүй нислэг хийж, усны гадаргуутай өөрөө мөргөлдсөн” гэж мэдэгдэж байна.

Эх сурвалж: iss.gov.mn

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ҮСХ: Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өссөн байна DNN.mn

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны 2 дугаар сард өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар тус тус өссөн байна.

2023 оны 2 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.46 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 3.77 сая төгрөг байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байна DNN.mn

Өнөө маргаашдаа уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурч,

говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байна.

2023 оны 03-р сарын 14-ний 20 цагаас 03-р сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулс болон Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -21…-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -18…-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -11…-16 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7…-12 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө, Туул, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2…-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +7…+12 градус, Хангайн нурууны өвөр бэлээр +2…+7 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18…-20 градус, бусад хэсгээр -14…-16 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -18…-20 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -19…-21 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

2023 оны 03 дугаар сарын 16-наас 03 дугаар сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 19-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. 16, 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -5…-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -13…-18 градус хүйтэн, өдөртөө -4…+1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +9…+14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Хөгжлийн банк 1 их наяд 174.8 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ DNN.mn

Монгол Улсын Хөгжлийн банк 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны гуравдугаар сарын 13-ны хооронд нийт 1,174.8 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа.

Үүнээс:

– 818.8 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр,

– 175.4 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр,

– 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүллээ.

Нийт 19 төсөлд олгосон зээлийг хаасан.

– 14 зээл бэлнээр буюу 290.9 тэрбум төгрөгөөр,

– 4 зээл өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө,

– нэг зээлийг үнэт цаасаар төлсөн.

Хөгжлийн банк нь 2023 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн байдлаар 49 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна.

Зээл, хүүгийн үлдэгдлийг ангилбал:

– 29.5 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 787.9 тэрбум төгрөг,

– 70.5 хувь нь хувийн хэвшлийн 41 зээлдэгчийн 1.89 их наяд төгрөг байна гэж Монгол Улсын Хөгжлийн банкнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд таван багц зээлийн асуудлыг хэлэлцэнэ DNN.mn

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр /2023.03.15/ гурав дахь өдрөө үргэлжилнэ.

Өнөөдрийн сонсголд арилжааны банкуудаар дамжуулан олгосон таван багц зээлийн асуудлыг авч хэлэлцэх бөгөөд уг асуудалтай холбогдуулан оролцуулахаар 21 гэрчийг дуудсан байна.

Үдээс өмнө:

1.Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл олгох хөнгөлөлттэй зээл;

2.Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай олгосон “Ноолуур” хөтөлбөр /2018/;

Үдээс хойш:

1.Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай олгосон “Ноолуур” хөтөлбөр /2019/;

2.Ноолуурын салбарыг дэмжих хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл “Ноолуур” хөтөлбөр /2020 Ковидын үеийн хөнгөлөлттэй нөхцөлтэй/;

3.Экзим 300-Үйлдвэрлэлийн чиглэлийн экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл;

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

САЙН МЭДЭЭ: Монгол хушны самрыг нэг кг-ыг нь 800 гаруй мянган төгрөгөөр худалдан авчээ DNN.mn

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын санаачилгаар энэ сарын 4-9-ний өдрүүдэд Катар, Кувейтэд бизнес эрхлэгчдийн форум болсон талаар манай сонин өмнө нь мэдээлж байсан билээ. Уг арга хэмжээний үеэр Монголын мах махан бүтээгдэхүүн, самрыг Арабын орнуудад шууд экспортлох талаар ярилцан, эхний гэрээ хэлэлцээрүүдийг хийсэн юм. Мөн Монголын бизнес эрхлэгчид өөр өөрсдийн компанийн бүтээгдэхүүний дээжээс аваачин амталгаа, танилцуулга хийж байсан юм. Сайн мэдээ дуулгахад, “Арвис интернэшнл” компанийн танилцуулга болгон аваачсан хушны самрын үрийг кувейт бизнесмэн нэг кг-ыг нь 70 кувейт динараар худалдан авч, цаашид хамтран ажиллах санал тавьжээ. Өнөөдрийн байдлаар Монголбанкны ханшаар нэг кувейт динар 11.496.77 төгрөгийн ханштай байна. Үүгээр тооцвол нэг кг хушны самрын үр 800 гаруй мянган төгрөгөөр борлогдсон гэсэн үг. Ингэснээр цаашид манайхан хушны самрыг өндөр үнээр экспортлох боломж нээгдэж байна.

“Хамтран ажиллах яриа хэлэлцээр онлайн байдлаар үргэлжилж байгаа” талаар тус компанийн зүгээс мэдээлэл өгч байна. Өмнө нь манайх хушны самрыг БНХАУ руу хямд үнээр экспортолж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улсаас БНХАУ руу зорчих иргэдийг өнөөдрөөс эхлэн түргэвчилсэн тестийн хариугаар нэвтрүүлнэ DNN.mn

Ковид-19 цар тахлын нөхцөл байдал болон иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх хэрэгцээ шаардлагад нийцүүлэн 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс (орон нутгийн цагаар) эхлэн, Монгол Улсаас БНХАУ руу шууд нислэгээр зорчих иргэдийг нуклейн хүчлийн/PCR/ шинжилгээг эсрэгтөрөгчийн шинжилгээгээр (хамрын салст болон шүлсний түргэвчилсэн тест багтана) орлуулахыг зөвшөөрчээ.

Зорчигчдын явахын өмнөх бэлтгэл ажлыг хөнгөвчлөх үүднээс БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам “Монгол Улсаас БНХАУ руу зорчих иргэдийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэн хянах заавар”-ыг шинэчилсэн байна.

Монгол Улсаас БНХАУ руу зорчих иргэдийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэн хянах заавар:

1. Зайнаас илрүүлэх:

БНХАУ руу зорчих иргэд онгоцонд суухаас өмнө 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ эсвэл өөрөө түргэвчилсэн тест хийж, сөрөг хариу гарсан тохиолдолд БНХАУ руу зорчих боломжтой. Эерэг хариу гарсан тохиолдолд сөрөг хариу гарсны дараа зорчино уу.

2. Гаалийн мэдүүлэг:

Нуклейн хүчлийн шинжилгээ эсвэл эсрэгтөрөгчийн шинжилгээ (түргэвчилсэн тест)-ний хариу сөрөг гарсны дараа WeChat мини-программ “Гаалийн зорчигчдын үйлчилгээ”, гаалийн мэдүүлэг аппликэйшн эсвэл вэб сайт ашиглан (https://htdecl.chinaport.gov.cn) “БНХАУ-ын орох/гарах эрүүл мэндийн мэдүүлгийн карт”-ыг бөглөж мэдүүлгээ өгнө үү.

3. Онгоцон дахь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх журам:

Онгоцонд суухдаа амны хаалт зүүж, халдвар авах эрсдэлийг бууруулахын тулд хувийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтална уу.

4. Хилээр орох хорио цээрийн дэглэм:

Боомтод ирсний дараа гаалийн эрүүл мэндийн мэдүүлгийн кодоор шаардлагатай шалгалтыг гүйцэтгэнэ. Гаалийн байгууллага сонголтоор эрүүл мэндийн үзлэг шалгалт хийж, эрүүл мэндийн мэдүүлэг нь хэвийн бус, халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн хүмүүсээс шинжилгээ авна.

Шинжилгээний хариу эерэг гарсан хүмүүсийг гэртээ болон өөрийн оршин суугаа газарт тусгаарлах эсвэл эмнэлэгт хандахыг зөвлөнө. Хэрэв сөрөг хариу гарвал гаалийн байгууллага “Хилийн эрүүл мэнд, хорио цээрийн тухай хууль” болон бусад журмын дагуу хорио цээрийн дэглэм үргэлжлүүлнэ. Эрүүл мэндийн мэдүүлэг нь хэвийн, боомтод тогтоосон хорио цээрийн дэглэмийн зөрчилгүй зорчигч нийгмийн бүсэд нэвтэрч болно.

5. Орон нутгийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх журам:

Зорчигчид хилээр нэвтэрсний дараа орон нутгийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих журмыг чандлан мөрдөх шаардлагатай.

http://mn.china-embassy.gov.cn/…/t20230313_11039495.htm

БНХАУ руу зорчих визийн тухай:

БНХАУ-ын Элчин сайдын яамнаас утсаар тодруулснаар Монгол Улсын иргэд БНХАУ руу 30 хоногийн хугацаанд визгүй нэвтрэх боломжтой бөгөөд буцах тийзээ заавал авсан байх шаардлагатай.

Зарим гадаад улсууд БНХАУ-аар нэвтэрсэн болон дамжин өнгөрсөн иргэдэд тусгайлсан хилийн шаардлага тавьж байгаа учир зорчигч та тийз худалдан авсан газраасаа болон тухайн улсын албан ёсны сайтуудаас мэдээллийг авч олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ бүрэн эсэхийг шалгаж байхыг зөвлөлөө.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийж байна DNN.mn

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нээлт болж байна.

Энэ удаагийн чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал, Авлигын эсрэг багц хууль болон Сонгуулийн, Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэнэ.

Чуулганы нээлтийн дараа Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн мэдээллийг хаалттай сонсох юм.