Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Уулчин Б.Золзаяа: Хуримтлагдсан ядаргаа, стресс, бухимдлыг байгальд явган алхалт хийж оргүй устгах боломжтой DNN.mn

Манай улсын уулчид удахгүй дэлхийн дээвэр хэмээгдэх Эверестэд багаараа авиралт хийхээр төлөвлөж байгаа талаар “Жаргалант уулчдын клуб”- ийн гүйцэтгэх захирал, уулчин, аялагч, орчуулагч Б.Золзаяатай ярилцлаа.

– Таны хувьд хичнээн жил уулын спортоор хичээллэж байна вэ?

-Юуны өмнө ярилцлагад урьсан баярлалаа. Миний хувьд өндөр уулын спортоор хичээллээд 10 гаруй жил болж

байна. Явган аялал, спорт аялал, мөн өөрийн үндсэн ажил мэргэжил болох франц хэлний хөтөч, орчуулагчийн ажлыг хийдэг. Ерөнхийдөө 2005 оноос аялах, ууланд алхалттай холбогдсон гэхээр өдгөө 17 жил болсон юм уу даа.

-17 жилийн турш аялсан, алхсан, уулын спорттой холбогдсон гэхээр чамгүй олон жил болжээ дээ. Таны хувьд нас залуу эмэгтэй хүн юм. Тэр утгаараа энэ олон жил уулын спортыг сонирхохын хажуугаар ажил, амьдралаа хэрхэн зохицуулж байна вэ?

-Мэдээж хэрэг хүн гэдэг сонирхсон хоббигоо хөгжүүлж явахаар өөрийн эрхгүй ажил, амьдрал дагаад ч гэх үү дасан зохицоод хамт өнгөрдөг юм билээ . Миний хувьд анх энэхүү спортыг сонирхон хичээллэхдээ, долоо хоног бүрийн бүтэн сайн өдөр явган алхах, ууланд алхах зэргээр өөртөө хэвшмэл зүйл болгон сургасан. Одоо ч гэсэн бүтэн сайн өдөр болгон алхдаг. Олон жил ингээд явчихсан учраас өөрийн эрхгүй дадал болоод суучихдаг юм билээ. Гэхдээ энэхүү зуршлыг миний хувьд хобби, чөлөөт цагаа өнгөрүүлэх арга гэж боддог. Харин эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж байна гэж төсөөлдөг. Өөрөөр хэлбэл өөртөө долоо хоног бүрийн бүтэн сайн өдөр эрүүл мэндийн хөрөнгө оруулалт хийж байна гэж ойлгодог гэсэн үг. Манайхан хобби сонирхол гэж ойлгохоор эрүүл мэнддээ оруулж буй хөрөнгө оруулалт гэж бодох хэрэгтэй юм шиг санагддаг. Тиймээс үүнийг амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгож, түүнийхээ хажуугаар ажил, амьдралаа зохицуулж сурах шаардлагатай.

-Ууланд алхах ер нь хөдөлгөөний и дэвхтэй байхын ач холбогдлыг та хэллээ. Тэгвэл таны хувьд ач холбогдол гэхээс илүү өөртөө авдаг хамгийн супер мэдрэмж гэвэл юуг хэлэх вэ?

-Байгальд хийгддэг спорт гэдэг утгаараа онцлогтой. Хүн гэдэг чинь байгалийн амьтан. Бусад амьтдаас ялгагдах ганцхан зүйл л байдаг . Түүнээс биш адилхан амьтан шүү дээ. Тиймээс хамгийн онцгой нь байгальд явагддаг спорт гэдэг утгаараа авч буй мэдрэмж нь супер байхаас өөр аргагүй л дээ. Өөрөөр хэлбэл уулын спорт гэлтгүй ер нь явган алхалт хийх, тэр дундаа байгальд алхах гэдэг маань өөрөө гайхамшиг шүү дээ. Нөгөөтэйгүүр байгальд алхахдаа миний хувьд хамгийн их аз жаргалтай байдаг. Хүний эрүүл байхын үндэс нь аз жаргалтай байх явдал гэж би боддог. Аз жаргалтай, сэтгэл өөдрөг, үргэлж баясаж, хүсэл мөрөөдөлдөө хүрч яваа хүн эрүүл л байна гэсэн үг. Тэр утгаараа энэхүү спортоос би аз жаргалыг давхар эрүүл мэндийг бодитоор олж авч чаддаг. Энэ л уулчин хүний супер мэдрэмж байх. Нөгөөтэйгүүр ажлын өдрүүдэд хуримтлагдсан ядаргаа, стресс, бухимдлаа байгальд явган алхалт хийж ор мөргүй устгаж байх хэрэгтэй. Ууланд алхалт хийнэ гэдэг өөрөө тийм ч амархан ажил биш. Байгаль цаг уурын маш олон нөхцөл байдалтай тулгарана. Цасан шуурга, усан бороо, халуун нар, хүйтэн салхи гээд. Тэр бүгдийг нэг дор мэдэрнэ гэдэг уулчин хүний супер мэдрэмж болов уу.

-Таны хувьд дэлхийн дээвэр хэмээгдэх ноён оргил руу авиралт хийх багийн гишүүн гэж сонслоо. Уулчдын хувьд Эверестэд гарна гэдэг том мөрөөдөл нь биз дээ…?

-Мэдээж том мөрөөдөл. Үүнийг үгээр хэлэх аргагүй. Бүх л уулчид энэхүү хайрхан дээр гарахсан хэмээн боддог. Миний хувьд “Жаргалант уулчдын клуб”-ийн гишүүн. Мөн 2021 оноос тус клубийнхээ гүйцэтгэх захиралаар ажиллаж явна. Тэр утгаараа манай клуб жилийн дөрвөн улиралд дотооддоо системтэйгээр уулан алхах, оргилуудад гарах үйл ажиллагааг тасралтгүй явуулсаар байгаа. Уулын спорт гэдэг нэг талдаа багийн спорт юм аа. Тэр утгаараа монголчууд яагаад баг бүрдүүлээд гадаадын өндөр том оргил өөд авиралт хийж болдоггүй юм бэ гэсэн зорилго тавин хичээсэн. Улмаар 2021 онд манай клубийн гишүүд нэгдээд Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуад гарсан байдаг. Цар тахлын үед нэгэн түүхэн амжилт гаргасан. Тухайн цаг үеийг ашиглаад манай уулчдын клуб зургаан сарын турш маш өндөр сахилга баттай сургалт, бэлтгэл хийсэн . Улмаар Монгол Улсын түүхэнд багаараа буюу хамгийн олуулаа дэлхийн өндөр оргилын нэг дээр гарсан байдаг. Тэр нь Киргиз улсын Памирын нурууны Ленин оргил. Далайн түвшнээс дээш 7143 метрийн өндөрт оршдог хайрхан юм. Тиймээс бид энэ удаад дахин багаараа, олуулаа дэлхийн дээвэр хэмээгдэх Эверестэд яагаад авиралт хийж болохгүй гэж. Тэр утгаараа бид ирэх сарын 2-нд нисэх хуваарьтайгаар ажиллаж байна.

-Дэлхийн дээвэр хэмээгдэх Эверестийн оргилд монголчууд цөөнгүй гарсан. Одоогийн байдлаар яг хэдэн хүн гарсан байдаг бол. Та хэдийн хувьд багаараа анх удаа авиралт хийх гэж байна уу?

-Эверестийн оргилд манай улсаас нийт есөн хүн хөл тавьсан гэж тооцдог юм билээ. Тэр утгаараа бидний хувьд есийн тоог бэлгэшээгээд багаа есөн гишүүнтэйгээр анх бүрдүүлсэн . Гэхдээ нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Хүссэн хүн эсвэл хүссэн уулчин бүр явдаг аялал биш. Энэ бол маш том төсөл. Тэр утгаараа мөнгө санхүүгийн асуудал гарч ирнэ. Өөрөөр хэлбэл эрсдэлтэй, санхүү шаардлагатай том төсөл учраас есүүлээ явах боломжгүй байна гэсэн үг. Энэ мэт олон шалтгаанаас үүдээд яг одоогийн байдлаар таван хүн явах урьдчилсан төлөвлөгөө гаргаад бэлдэж байна. Гэхдээ цаг нь тулаад ирвэл багийн гишүүдийн тоо нэмэгдэх, хасагдахыг хэлж мэдэхгүй байна.

-Эверест рүү эсвэл бусад ноён оргил өөд авиралт хийхээсээ өмнө ямар бэлтгэл сургуулилалт хийдэг юм бэ?

– Мэдээж маш сайн бэлтгэл хийхээс гадна хувийн зохион байгуулалт өндөр байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл шуурхай бэлтгэлийн хугацаанд архи, тамхи гэх мэт хорт зуршил хэрэглэхийг хатуу хориглодог. Мөн бэлтгэл сургуулилтыг нарийн системийн дагуу, жигд тууштай хангахад онцгой анхаардаг гэсэн үг. Бидний хувьд жил гаруй хугацаанд бэлтгэл хийж байна. Бэлтгэлээ долоо хоног бүрийн бүтэн сайн өдөр хийдэг. Ингэхдээ нэг долоо хоногт нь ачаалал ихтэй бэлтгэл хийх буюу Богд уулыг тойрч алхах. Энэ нь оройлцоогоор нэг өдөрт 45 км газар алхана гэсэн үг. Мөн тогтмол 25 км-ийн алхалтуудыг хийж бэлтгэл сургуулилтаа жигд явуулдаг онцлогтой. Мэдээж бэлтгэл сургуулилалт хангах бэлдүүлэх багш нар гэж бий. Биднийг бэлтгэдэг, зөвлөдөг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Ганбаатар түүний гэргий алдарт уулчин Ц.Цогзолмаа багш нар маань бий. Ц.Цогзолмаа багш маань өмнө нь Эверестийн оргилд амжилттай гарсан хүн.

-Эверест рүү авиралт хийхийн тулд мэдээж маш олон зөвшөөрөл авдаг байх аа. Мөн аль талаасаа гарах уу гэх мэт. Та бүхний хувьд энэ бүгдийг хэрхэн зохицуулж, төлөвлөж байна вэ?

– Ерөнхийдөө Эверест рүү гарах хоёр авиралтын зам бий. Непал талаасаа нөгөөх нь Хятад талаасаа гэж. Бидний хувьд Непал талаасаа авиралтыг хийхээр төлөвлөж байна. Хятад талаасаа гэхээр асуудал цөөнгүй тулгардаг учраас больсон гэж ойлгож болно. Мэдээж олон төрлийн зөвшөөрөл авах хэрэгтэй. Хамгийн түрүүнд эрүүл мэндтэй холбоотой асуудал тулгардаг.

Гэхдээ Непалд өндөр уулын авиралтын багц үйлчилгээ үзүүлдэг компани, аж ахуйн нэгжүүд цөөнгүй бий. Бидний хувьд нэг компанийг сонгон үйлчлүүлж байгаа. Тухайн компани нь зөвшөөрөл болон уулчдад шаардлагатай бүх зүйлийг бэлдэж, хангаж өгдөг. Тиймээс уулчид маань бэлтгэлээ сайн хийх, авиралтаа хэрхэн хийх вэ гэдэгтээ л санаагаа чилээх хэрэгтэй. Мэдээж санхүүгийн асуудал тулгарч байгаа. Гэхдээ түмэн олны буянаар болох байх гэсэн итгэлтэйгээр энэхүү аялалд багаараа зорьж байна даа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Оюунболор: Каргоны компанийн нэр барьж бусдыг залилах тохиолдол газар авч байна DNN.mn

Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч О.Оюунболортой ярилцлаа.


-Эхлээд залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар танаас тодруулмаар байна?

-Залилах гэмт хэрэг сүүлийн гурван жилийн хугацаанд өссөн үзүүлэлт харагдаж байна. Тодруулбал 2020 онд 6205, 2021 онд 7968, 2022 онд 14914 болж тус бүр өссөн байгаа юм. Багануур дүүрэгт л гэхэд энэ оны хоёр сарын байдлаар залилах төрлийн 49 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 14 хувиар өссөн үзүүлэлт.

-Залилагчдын арга барил цаг үеэ дагаад хувирч байдаг. Энэ цаг үед иргэдийг яаж залилж байна вэ?

-Цахим шуудангийн залилан түгээмэл гарч байна. Залилагч этгээдүүд каргоны компани үйлчлүүлэгч хоёрын голоор орж дундаас нь мөнгө завшиж байна. Иргэн гадаадаас бараа захиалаад каргоны компанитай харилцаа үүсгэхэд л гуравдагч этгээд голоор нь орж ирээд л “Манай байгууллагын данс өөрчлөгдсөн. Энэ данс руу урьдчиллаа шилжүүл” гэх байдлаар мөнгө завшина. Каргоны компанийн нэр барьж залилан хийж байна гэж ойлгож болно. Үүнээс гадна бага хүүтэй зээл олгоно гэж бусдыг залилна. Урт хугацаатай барьцаагүй зээл гаргана гэж худлаа хэлж шуналыг нь хөдөлгөөд л манайхныг залилчих юм. Сүүлийн гурван жилд үйлдэгдсэн цахим залилангийн хохирлын хэмжээ 16.1 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. -Бага хүүтэй зээл гаргана гэх энгийн зүйлд манайхан итгэсээр л байгаа хэрэг үү?

-Тийм. Ердөө өнөө өглөө (өчигдөр) гэхэд л хэдхэн цагийн дотор зургаан сая төгрөгөө залилуулсан иргэн манайд орж ирлээ. Тухайн иргэнийг зээл авахын тулд тодорхой хэмжээний шимтгэл төл гэж хэлээд л залилчихсан байх жишээтэй. Шимтгэлээс гадна илгээмжийн хураамж төл гэх мэтээр тухайн иргэнээс зургаан сая төгрөг залилсан тохиолдол байна.

-Гаргасан зээлээсээ шимтгэлээ ав гээд хэлэх тохиолдол манайханд алга уу?

-Яг ийм яриа өрнөсөн талаараа хохирогчид ярьдаг. Зээл гаргахын тулд эхлээд тодорхой хэмжээний шимтгэл төлөх шаардлагатай гэж хэлээд л залилчихаж байна. Маш бага хүүтэй, барьцаагүй зээл амлаж манайхны шуналыг хөдөлгөөд л залилчихаж байна л даа. Энэ төрлийн хэргийг судлаад үзэхэд гадаад хэлнээс хөрвүүлж илтэд утга найруулгын алдаатай харилцаа үүсгэж байхад л манайхан итгэж мөнгөө шилжүүлж байгаа нь харамсалтай. Энэ бол хилийн чанадаас үйлдэгдэж байгаа залилан.

-Ингэхдээ залилагчид олон улсын данс ашиглаж байна уу?

-Тийм. Бид хэргийн мөрөөр судлаад үзэхэд гадагшаа гарсныг нотолж байгаа юм. Ингээд эзэн холбогдогчийг тогтооход ээдрээтэй нөхцөл байдал үүснэ. Түүнчлэн иргэдэд та азтан боллоо гэх мэдээллийг цахим хаягт илгээж хувийн чанартай мэдээллийг нь авч байна. Тодруулбал “Та Iphone12” маркийн утас хожлоо гээд хувь хүний фэйсбүүк хаяг руу илгээдэг. Хожсон бараагаа авахын тулд гэрийн хаяг, утас, дансны дугаараа хэлэхийг шаардана. Ингэж хувийн мэдээллийг нь цуглуулаад дансан дахь мэдээллийг нь татаад авчихдаг. Дансан дахь мөнгийг нь хормын төдийд л хоосолчихно гэсэн үг шүү дээ. Дансны дугаар, утасны дугаараа танихгүй хүнд илгээх нь ийм л эрсдэл дагуулдаг.

Түүнчлэн ийм аргаар олж авсан дансандаа гэмт этгээдүүд залилсан мөнгөө байршуулах нь ч бий. Үүнээс гадна дансны мэдээллийг нь аваад банкнаас зээл авах ч тохиолдол байдаг. Багануурт үүнтэй төстэй тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал өдрийн 100 мянган төгрөг төлж бусдын данс ашиглана гэх зар байршуулаад тухайн дансандаа залилсан мөнгөө байршуулсан тохиолдол бий. 12 цагийн хугацаанд 42 сая төгрөг оруулаад гаргасан байгаа юм. Өөр нэг төрлийн залилан нь бусдын фэйсбүүк хаягт нэвтэрч ойр дотнын хэн нэгнээс нь мөнгө нэхдэг явдал. Онцлоод хэлэхэд хүн мөнгө нэхэхэд тухайн хүн рүү залгаж асуудаг болсон байна лээ, манайхан. Гэнэдээд л шууд шилжүүлдэг хүн бараг байхаа больж. Тодорхой хэмжээний ойлголттой болсон нь сайшаалтай.

-Романс төрлийн залилан түгээмэл гарч байсан. Одоо нөхцөл байдал ямар байна вэ?

-Гарч л байна. Огт танихгүй хүнтэй интернэт орчинд танилцаж харилцаа үүсгээд л мөнгийг нь авчихдаг. Хэд дахин өсгөөд буцааж өгнө гэж хэлээд л мөнгийг нь авчихаж байгаа юм. Ингэхдээ гоё ганган зургаар халхавч хийж сэтгэлийг нь хөдөлгөөд л залилах үйлдлээ хийнэ.

-Залилангийн гэмт хэрэг жилээс жилд өсч байгаа шалтгааныг та яаж харж байна вэ?

-Хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал манайд IT инженерүүдийг өндөр хэмжээнд бэлтгэдэг болсон байна. Бэлтгэгдэж байгаа инженерүүдийн заримынх нь тархи буруу тал руугаа ажиллаад байна л даа. Мэдлэгтээ тулгуурлаж бусдыг залилж байна. Цахим гэмт хэргийг энгийн иргэн биш IT -ийн мэдлэгтэй улс л үйлдэх нь түгээмэл. Аливаа зүйлийг сайн нягталдаггүй, шуналтай иргэдийн сонирхолд дөрөөлж үйлдэж байгаа нөхцөл байдал шалгалтын явцад тогтоогддог. Ингэхдээ эдийн засгийн хувьд чинээлэг сууриныг сонгож байгаа нь ажиглагддаг. Тухайлбал Багануур дүүрэг. Тухайн дүүрэг уурхайтай учраас санхүүгийн хувьд боломжтой хүмүүс амьдардаг. Байнгын орлоготой, чинээлэг гэсэн үг шүү дээ. Үүнд нь тулгуурлаж иргэдийг залилж байгаа нөхцөл байдал харагддаг. Багануур дүүрэгт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 50 орчим хувийг ерөөсөө залилан мэхлэх гэмт хэрэг эзэлж байгаагаас үүнийг харж болно.

Дээрээс нь манайханд барьцаагүй зээлийг бага хүүтэй авах сонирхол маш их байна. Цахимд бага хүүтэй зээл, барьцаагүй олгоно гэх зар байхад л сонирхсон иргэд хэдэн зуугаараа эргэлдэж байдаг. Урт хугацаатай, бага хүүтэй зээл хаана ч байхгүй гэдгийг манайхан сайтар ойлгох хэрэгтэй. Үүнийг илрүүлэхэд харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбар байгууллага цагдаагийн байгууллагатай хамтын ажиллагаагаа сайжруулах хэрэгтэй байна. Банкууд ч цагдаагийн байгууллагатай хамтрах шаардлага бий. Жишээ нь залилуулсан хүн манайд ханддаг. Кодыг нь авахаар банк руу хандахад 7-10 хоногийн хугацаа авна. Энэ хугацаанд өнөөх мөнгө нь долоон уул даваад алга болчихож байгаа юм. Банк руу шууд хандаад л дансыг нь түгждэг бол халуун мөрөөр нь илрүүлэхэд дөхөм болж ирнэ.

Сүүлд нь хэлэхэд хүн биедээ бэлэн мөнгө авч явахаа больсон. Үүнтэй холбоотойгоор хүний дансан дахь мөнгийг нь яаж авах талаар гэмт этгээдүүд тархиа гашилгах болсон. Иргэд маань хувийн мэдээллээ бусдад дамжуулах, данснаасаа мөнгө гаргахдаа болгоомжтой хандах хэрэгтэй. Бага хүүтэй барьцаагүй зээлийн мэдээ сонсоод л юу юуны духанд хүрэлгүй урьдчилгаа шилжүүлж болохгүй. Барааг нь хараагүй хүний данс руу шууд мөнгө шилжүүлдэг итгэмтгий байж болохгүй гэдгийг дахин онцолъё. Эрх зүйн мэдлэгтээ анхаарах хэрэгтэй байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр хонь өдөр DNN.mn

2023.3.26, НЯМ ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 5

ХАВРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТУУЛАЙ САР
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.3.26, Ням гариг
  • Наран ургах шингэх: 06.44-19.12
  • Үс засуулбал: Эд,мал арвижна
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.
Categories
мэдээ спорт

Л.Алтанцэцэг өнөөдөр алтан медалийн төлөө тулалдана DNN.mn

Боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын тамирчид түүхэндээ анх удаа хоёр медаль хүртэх нь тодорхой болоод байна. Манай тамирчдаас 54 кг-д М.Энхжаргал хүрэл медаль хүртэн, Л.Алтанцэцэг аваргын төлөө шалгараад буй.

Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны боксчин тэрбээр хүрэл медалийн төлөө Узбекистаны Ф.Фозиловаг 5:0-ээр ялсан.

Улмаар хагас шигшээд Мароккогийн боксчин, Африк тивийн аварга Ясмин Моутактитай өрсөлдөн мөн 5:0-ээр ялж, мөнгөн медалийн болзол хангасан юм. Ингэснээр Л.Алтанцэцэг Монголын эмэгтэй боксчдын түүхэнд ДАШТ-ий шигшээд анх удаа шалгарлаа.

Тэрбээр дэлхийн аваргын алтан медалийн төлөө Энэтхэгийн боксчин Ниту Гэнгэстэй өрсөлдөнө. Энэтхэг боксчин 22 настай, дэлхийн аваргаас Л.Алтанцэцэгийн адил анхны медалиа хүртэж буй. Хамтын нөхөрлөлийн наадамд өнгөрсөн жил түрүүлснийг нь эс тооцвол төдийлөн том амжилтгүй.

Л.Алтанцэцэг Монголын боксын спортоос мэндэлсэн анхны эмэгтэй дэлхийн аварга болоход ганцхан даваа үлдлээ. Дэлхийн аваргын төлөөх тулаан өнөөдөр 20.30 минутад болно, Premier Sports телевиз шууд дамжуулна.

Categories
мэдээ нийгэм

​Эзэнгүй нохой, муурын тооллого хийнэ DNN.mn

Энэ сарын 25-30-нд ЗӨСҮТ нийслэлийн хэмжээнд эзэнгүй нохой, муурын тооллогыг хийхээр болжээ.

Ингэснээр эзэнгүй, нохой, муурын тоо гарч, үүн дээр үндэслэж арга хэмжээ авах юм. Хамгийн сүүлд 2018 онд тооллого хийж, 300-350 мянган эзэнгүй нохой, муур байсан судалгаа гарсан байна.

Харин хаврын их цэвэрлэгээний аяны хүрээнд өнгөрсөн долоо хоногт 5579 автобусанд угаалга, цэвэрлэгээ хийж, үүнийг тогтмолжуулахаар ажиллаж байна. Мөн гэрэлтүүлгийн 3000 орчим шонг угааж, сурталчилгааны наалтыг арилгажээ. Монголын сууц өмчлөгчдийн холбоонд бүртгэлтэй 1300 орчим СӨХ-ны 280 орчим нь тоглоомын талбайд угаалга цэвэрлэгээ, засвар, үйлчилгээ хийсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулал олгоно DNN.mn

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Гэр хорооллын бүсэд цэцэрлэгт хүрээлэн хангалтгүй байна. Цаашид бүх хороог бичил цэцэрлэгт хүрээлэнтэй болгох ажлыг эхлүүллээ. Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулах журам боловсруулж байна. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд УБЗАА-наас дэргэдэх мод үржүүлэг, туршилт, судалгааны төвийг түшиглэн, мэргэжлийн байгууллагуудтай хамтран чимэглэлийн ургамлын төрөл, зүйл, сортыг нэмэгдүүлж, олон улсын Ботаникийн холбоо, гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллана” хэмээв.

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Нэг хүнд ногдож байгаа ногоон байгууламж дэлхийн дунджаас харьцангуй бага байдаг. Энэ нь тоосжилт, хөрс, агаарын бохирдолд ч нөлөөлдөг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд жишээ нь, зам тавихын тулд аж ахуйн нэгжүүд стандартаа худалдаж авдаг байсан. Тухайлбал, зам тавих 10 төрлийн стандарт байлаа гэхэд тэрийг энд, тэндээс цуглуулж авдаг. Үүнээс болж халтирдаг хавтангаар зам тавих гэх мэт асуудал үүсэж байсан. Өнгөрсөн онд Хотын есөн бүлгийн 38 стандартыг баталсан. Дараагийн стандартууд батлагдах шатандаа явж байна. Энэ стандартаар явган хүний замыг ямар материалаар, хэрхэн хийх тухай тодорхой заасан. Үүнийг хүссэн хэн боловч үнэгүй авах боломжтой” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Г.Тулга нарын таван хүний зорчих эрхийг хязгаарлав DNN.mn

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Банзрагч, Г.Тулга, Ц.Цэрэндорж, Д.Батсайхан, Т.Төмөрзориг нарт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, тус шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг 2023 оны 3 дугаар сарын 21-нээс 24-ний өдрүүдэд хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Банзрагч, Г.Тулга, Ц.Цэрэндорж, Д.Батсайхан, Т.Төмөрзориг нарыг “Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн” гэм буруутайд тооцож, тэдгээрт эрх бүхий байгууллагын хяналтад ажиллаж хөдөлмөрлөх, зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд өөрсдийн оршин суугаа дүүргээс өөр газар зорчихыг хориглох буюу “зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулж шийдвэрлэв.

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Categories
мэдээ спорт

Ё.Басхүү Тбилисийн татамид мөнгөн медаль хүртлээ DNN.mn

“Будапешт-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Алматы-2022” Азийн аварга, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү Тбилисийн татамид мөнгөн медалийн эзэн боллоо.

Тэрбээр өчигдөр үдээс өмнө эзэн орны Лаша Надиразе, Израилийн Даниэль Капелушник, Италийн Маттео Пирас, Украины Богдан Ядовыг ялж финалд шалгараад байсан юм. Харин алтан медалийн төлөөх барилдаанд Кыргызстаны Кубаничбек Нургази-Уулуд цэвэр ялагдав. Энэ нь ялагдал байсан хэдий ч түүнд Их дуулга ангиллын 10 дахь медалийг авчирлаа.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Д.Төгс-Эрдэнэ: ​Тухайн өдөр барилдаандаа хэр сайн төвлөрч чадсанаараа хүнийг давна DNN.mn


Орхонаймгийн Баян-Өндөр сумын харъяат сумын заан Д.Төгс-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр заануудын барилдаанд төдийгүй улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд ч амжилттай барилдаж байгаа шилдэг сумын заан юм.


-Юуны өмнө таны оролцож буй Монголын үндэсний телевизээс зохион байгуулж байгаа “Өв түгээ” нэвтрүүлгийн талаар ярилцлагаа эхэлье. Ямар шалгуураар тус нэвтрүүлэгт сумын заануудыг оролцуулж байна гол зорилго нь юу вэ?

-Уг нэвтрүүлгийг Улсын аварга О.Хангай, аварга Мөнхбат, Улсын гарьд Д.Рагчаа, Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй нар санаачлан зохион байгуулж байна. 21 аймгаас 24 сумын заануудыг үзүүлсэн амжилтуудыг харж авсан. Энэ 24 сумын заануудаа зургаа зургаагаар нь 2 аварга, гарди, харцагын дөрвөн багт хуваарилсан. Харин 4 сарын 23-нд багаараа бэлтгэл хийнэ. Үүнийхээ өмнө аваргуудтай бэлтгэлээ хийгээд зураг авалтдаа ороод явж байна. Энэхүү нэвтрүүлгийн гол санаа нь монгол бөхөө сурталчлах, таниулах, зорилготой. Тийм учраас арван жилийн сургуулиудаар явж монголын бөхийн гараа дэвээг үзүүлж таниулах юм билээ.

– Аль багт орсон бэ?

– Би О.Хангай аваргын багт орсон. Багаараа бэлтгэлээ хийгээд л байж байна даа. Дөрөвдүгээр сарын нэгнээс нэвтрүүлэг маань гарч эхэлнэ.

-Сонирхолтой сайхан нэвтрүүлэгт оролцож байгаа юм байна. Харин та хэдэн наснаасаа эхэлж бөхийн спортоор хичээллэх болов?

– Багаасаа л барилдах дуртай хүүхэд байсан. Анх 12 настайгаасаа чөлөөт бөхөөр барилдаж эхэлсэн. Ээжид би барилдаж үзмээр байна гэж хэлээд бэлтгэлд явж эхэлсэн дээ. Чөлөөт бөхөөр хичээллэсний учир нь чөлөөт бөх нь бөхийн бүх төрлөөр барилддаг. Тийм болохоор бөх болох хүн сууриа чөлөөт бөхөөр нь тавих нь их зөв гэж боддог. Чөлөөтөөр барилддаг бөхчүүд илүү мэх техниктэй байдаг. Илүү их уян хатан тэсвэр тэвчээртэй болгодог л доо. Барилдаж эхэлсэн үеэсээ эхлэн багагүй амжилт үзүүлж байлаа.

– Анхны тэмцээн уралдаанд орсон амжилтуудынхаа тухай дурсвал?

-Анхны тэмцээн гэвэл Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд Н.Саранцогт харцагын нэрэмжит тэмцээн оролцож байв. Тухайн тэмцээнээс хүрэл медаль хүртээд их л урамшиж байлаа. Аймагтаа зохиогддог уралдаан тэмцээнүүдэд ч амжилттай оролцож медаль хүртдэг байсан. Цаашлаад өсвөрийн улсын аваргад түрүүлж байлаа.

-Үүнээс өөр ямар тэмцээнүүдэд оролцож байв?

-Залуучуудын улсын аваргын тэмцээнд түрүүлж алтан медаль хүртэж мөн уг тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байлаа. Үүнээс гадна улсын аваргын тэмцээнд түрүүлж алт, мөнгөн медаль хүртсэн. Дэлхийн аваргын UI23-д оролцож гуравдугаар байранд орж байсан. Түүний дараа “Mongolia Open”-д сүүлд оролцсон 2017 оны дэлхийн аваргын барилдаанд эхний долдугаар байранд шалгарсан. 2022 онд олон улсын чөлөөт бөхийн мастер болсон. 2022 онд чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер болсон.

– Харин үндэсний бөхөөр барилдаж эхлээд ямар ямар амжилт үзүүлэв?

– Үндэсний бөхөөр зорьж барилдаад хоёр гурван жил л болж байна. Завхан аймгийн Алдархаан суманд 2014 түрүүлж сумын заан цолыг хүртсэн. Мөн 2017 онд Завхан аймгийн Асгат суманд мөн түрүүлсэн. Сумын заануудын барилдаанд 2014 оноос эхэлж хааяа нэг барилддаг байсан. Чөлөөт бөхдөө илүү анхаарлаа хандуулдаг байсан болохоор байнга барилдаж чаддаггүй байсан. Хоёр гурав шөвгөрч байсан.

-Үндэсний бөх, чөлөөт бөх хоёрын ялгаа нь юу вэ?

-Чөлөөтөөр барилддаг бөхчүүд илүү техниктэй байдаг. Илүү их уян хатан тэсвэр тэвчээртэй болгодог. Учир нь чөлөөт бөх чинь ямар ч барьцгүй барилддаг болохоор богино зайд тэсрэх тэсрэлтүүд шаарддаг. Тийм болохоор чөлөөт суурьтай бөх үндэсний бөхөөр барилдвал давуу тал ихтэй байдаг. Харин үндэсний бөх бол өвдөг тохой аль нэг нь хүрсэн тохиолдолд унасанд тооцдог.

-Өнгөрсөн намар Ардчилсан намын барилдаан дээр дөрвөн том цолтой бөхчүүдийг давсан. Үүнийхээ талаар ярьвал?

-Тухайн өдрийн барилдаан нэгийн даваанаасаа эхлээд аймгийн хурц арслан Б.Баянмөнх хоёрын даваанд улсын заан Б.Пүрэвсайханыг, гурвын даваанд Пүрэвдагва арсланг. Дөрвийн даваанд П.Бүрэнтөгс аваргыг давсан. Харин тавын даваанд Х.Гантулга харцагад өвдөг шороодсон. Тэр өдөр би барилдаандаа сайн төвлөрч чадсан. Их тайван юм бодолгүй барилдсан. Ер нь барилдаан болгон тухайн үеийнхээ мэдрэмж, моментоор үргэлжилнэ. Тухайн өдөр барилдаандаа хэр төвлөрч чадсанаараа хүнийг давна. Заримдаа яарч барилдаад алдаа гаргах тохиолдол ч байдаг. Тухайлбал нэг сургамжтай барилдаан байдаг. Улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд Н.Батсуурь аваргатай аваргатай барилдаад хөлийг нь аваад хоёр гурван секунд зогссон юм. Тэгээд л эргээд харсан чинь өөрөө түрүүлээд унаж байсан. Мөн 2021 оны улсын наадам Төв аймгийн Эрдэнэсантад зохиогдоход анх удаа улсын наадамд зодоглоод нэг даваад хоёрын даваанд улсын заан Ц.Мягмарсүрэнд унаж байсан. Ер нь улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд нэг хоёр давчихаад л байдаг байсан юм. Зурагтаар үзэж өссөн ах нартай хамт нэг дэвжээнд барилдаж заримд нь унаж бас заримдаа давах нь надад сайхан байдаг. Өөрөөсөө дээш цолтой бөх даваад ирэхээр би чадах юм байна гэсэн итгэл суудаг л даа. Би дээр даваанд барилдаж чадах юм байна гэж боддог.

-Таны үндсэн мэх юу вэ?

-Миний үндсэн мэх баруун зүүн хөлд орно. Мэхийг олон удаа давтах тусмаа дархан мэх түүнийгээ тэсрэлттэй хийж сурдаг. Тухайлбал барилдаан дээр сурсан дархан мэхээ барилдаан дээр өөрийн мэдэлгүй хүн давсан байдаг. Маш олон удаа давтсан болохоор хүчтэй тэсрэлттэй хийгддэг болохоор тэр байх даа.

-Өнөөгийн үндэсний бөхийн хөгжилийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Ер нь бөхийн хөгжил сайн явж байгаа гэж харж байгаа. Тухайлбал барьц сонгоог халчихлаа, хэн түргэн шуурхай идэвхтэй барилдаан хийж байна түүнийг давуулж байна. Одоогийн дүрэм бөхчүүдийг илүүтэй барилдаан үзүүлэхийг шаардаж байна л даа. Үзэгчид ч үүнд ч их дуртай байна. Дүрэм журмаа дагаад явчихвал болно. Аймгийн наадмуудад очоод сумын заануудыг барилдуулахгүй зэрэг маш олон асуудал байдаг л даа. Үүнийг аль ч аймгийн наадамд барилдах эрхтэй гээд үндэсний бөхийн холбоо шийдээд өгдөг байгаасай. Үүнээс гадна бөх хүн нэг нэгнээ хүндэлж хайрлаж байх хэрэгтэй санагддаг. Хэтэрхий амжилт гэж улайрахгүйгээр монгол эр хүний жудагтай байх хэрэгтэй болов уу гэж боддог.

А.Доржханд

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЕБС-ийн сурагчид ес хоног амарна DNN.mn

Нийслэл, орон нутгийн Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн бүх ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт гуравдугаар сарын 27-ны даваа гаригаас эхэлнэ. Сурагчид долоо хоног амраад дөрөвдүгээр сарын 3-ны даваа гаригт хичээл орно. Орон нутгийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй.

Зуны амралтын тухайд:

  • 1-3 ангийн сурагчид тавдугаар сарын 29-нөөс
  • 4-5 дугаар сангийн сурагчид зургадугаар сарын 5-наас
  • 6-12 дугаар ангийн сурагчид зургадугаар сарын 12-ноос амарч эхлэх хуваарьтай.