Categories
мэдээ нийгэм цаг-үе

Экспорт 8.2 хувиар нэмэгдэж, импорт 25.8 хувиар буурчээ DNN.mn

Монгол Улс энэ оны эхний 2 сард 118 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 3.4 тэрбум ам.доллар боллоо.

Үүнээс экспорт 2.2 тэрбум, импорт 1.2 тэрбум ам.доллар байв. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1.2 (55.2 хувь) тэрбум, экспорт 1.1 (90.1 хувь) тэрбум, импорт 160.5 (15.5 хувь) сая ам.доллароор нэмэгджээ. Харин 2023 оны 2 дугаар сард экспорт өмнөх сарынхаас 88.1 (8.2 хувь) сая ам.доллароор нэмэгдсэн бол импорт 177.8 (25.8 хувь) сая ам.доллароор буурсан байна.

Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний 2 сард 1 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 902.8 (7.3 дахин) сая ам.доллароор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Мөн 2023 оны 2 дугаар сард 655.6 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 265.9 (68.2 хувь) сая ам.доллароор нэмэгдлээ. БНХАУ-тай 2023 оны эхний 2 сард 2.5 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны бараа эргэлтийн 71.4 хувийг эзэлж байна. БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 61.1 хувийг чулуун нүүрс, 18.3 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.9 хувийг алт эзэлжээ.

Экспорт 2023 оны эхний 2 сард өмнөх оны мөн үеийнхээс 1.1 тэрбум ам.доллароор нэмэгдэхэд нүүрс 955 сая, цайрын хүдэр, баяжмал 42.2 сая, төмрийн хүдэр, баяжмал 39.5 сая, жоншны хүдэр, баяжмал 22.4 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ. Зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ 2023 оны 2 дугаар сард өмнөх сарынхаас тонн тутамд 86.1, нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 3.8 ам.доллароор нэмэгдэж, алтны хилийн дундаж үнэ килограмм тутамд 2 мянган ам.доллароор багассан байна. Нүүрсний экспортын биет хэмжээ 2023 оны 2 дугаар сард 4.3 сая тонн болж, өмнөх сарынхаас 767.6 мянган тонноор, үнийн дүн 703.1 сая ам.доллар болж, 137.7 сая ам.доллароор нэмэгдлээ.

Импортын дүнд 2023 оны эхний 2 сарын байдлаар БНХАУ 35.5, ОХУ 28.1, Япон 8.7, БНСУ 4.3, АНУ 3.4, ХБНГУ 2.3 хувийг эзэлж, нийт импортын 82.4 хувийг бүрдүүлэв. ОХУ-аас импортолсон барааны 73.8 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 65.7 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 10.4 хувийг ачааны автомашин эзэлж байна. Импорт өмнөх оны мөн үеийнхээс 160.5 сая ам.доллароор өсөхөд дизелийн түлш 67.5 сая, ачааны автомашин 42.1 сая, нийтийн тээврийн хэрэгсэл 21.5 сая, бульдозер, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор18.6 сая ам.доллароор нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс, нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 93.4 хувийг эзэлж байгаа бол импортын 77 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монголын хоккейчид мөнгөн медалийн эзэн болов DNN.mn

Олон улсын хоккейн холбоо (IHHF)-ны IV дивизионы Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 23-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж өндөрлөлөө. Тэмцээнд Монгол, Филиппин, Энэтхэг, Иран, Макао, Сингапур, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират, Узбекистан улсын шигшээ есөн багийн 198 тамирчин өрсөлдсөн бөгөөд Монголын тамирчид мөнгөн медаль хүртсэн юм. Тодруулбал, Филиппинтэй тоглохдоо 6:7-гоор харамсалтай хожигдсон Монголын шигшээ баг өчигдөр сүүлийн тоглолтодоо Индонезийн шигшээ багтай тоглож 5:1-ээр ялсан юм.

Медаль хүртсэн орнууд:

  • Филиппин – 8 оноо
  • Монгол – 7 оноо
  • Кувейт – 3 оноо
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Шүгэл ажиллагаа” шүгэл үлээгчдийн алтан хараацайг хорьсноор эхэлж байх юм DNN.mn

Засгийн газраас авлигачдын эсрэг “5Ш” ажиллагааг эхлүүлж байгаагаа өнгөрсөн сард сүр дуулиантай зарласан. Тэрхүү “5Ш” ажиллагааны гол хэсэг нь “Шүгэл ажиллагаа” гэдгийг ч онцолж, энэ ажлын хүрээнд төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгах, иргэд, хувийн хэвшлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, хамтран ажиллана гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар олон нийтэд танилцуулсан билээ. Монголын төрийн албанд авлига, албан тушаалын мод цэцэглэсэн нь үнэн. Үүнийг батлах олон дуулиант хэргүүд ар, араасаа ил болсоор байгаа. Тиймдээ ч авлигыг таслан зогсооход чиглэсэн Засгийн газрын дээрх үйлдэлд олон нийт таатай хандаж эхлээд байв.

Гэтэл “Шүгэл ажиллагаа” нь шүгэл үлээгчдийн алтан хараацай, лайвчин Д.Мөнх-Эрдэнийг цагдан хорьсноор эхэлж байх юм. Одоо бодох нь ээ, Д.Мөнх-Эрдэнэ “Шүгэл ажиллагаа”-г л явуулж байсан байдаг шүү. Х.Нямбаатар сайдын ярьснаар “…Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгах…” гэдэг агуулгыг л тэр хөндөж, дарга сайд нарын албан тушаалаа ашигласан баримт нотолгоо ярьж, төрийн байгууллагуудын үүд сахиж, хөөгдөж туугдан, чичлэгдэж явсныг эрх биш олон нийт санаж байгаа.

Д.Мөнх-Эрдэнийн лайваараа ярьдаг сэдвийн агуулгыг эргэн саная л даа. Тэрбээр Монголын улс төр, хууль зүйн салбарт нэг насаараа ажилласан Ц.Нямдорж сайдыг 500 сая төгрөгөөр хаус барьсныг шалгуулъя. Түүний хүү Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярыг “Аавынхаа нэр хүндийг ашиглаж төрийн зардлаар гадаадад суралцсан, албан тушаал хашиж байна” гэсэн агуулгыг хөндөж ярьж байв. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг гэхэд өөрийнхөө ойр дотны хүмүүсийг цагдаагийн байгууллагад ажилд оруулсан гээд л нэрс зарлаж байсан байна.

Нийслэлийн Засаг даргаар томиглогдсоныхоо дараа Д.Сумъяабазарыг төрсөн дүү Д.Дагвадоржийн эхнэр М.Отгонцэцэг гэх бүсгүйн нэр дээр Улсын циркийн арын нийтийн эзэмшлийн газрыг олгосон явдалд ашиг сонирхлын зөрчил, албан тушаалаа урвуулан ашигласан зүйл байгаа эсэхийг шалгуулахаар АТГ-т өргөдөл гаргаж байв. Мөн тэрбээр “Херо” студийн найруулагч Л.Баатарыг төрийн мөнгөөр “Мэдээний урсгал” нэвтрүүлэг болон цахим наадам хийсэн, хүүхдийн фондын мөнгийг зориулалтын бусаар ашигласан гээд л хөндөж байсан удаатай. Түүгээр зогсохгүй цагдан хоригдохынхоо өмнөхөн “Надад АТГ-аас зохиомол хэрэг тохож, яллагдагчаар татсан. АТГ-ын дарга З.Дашдаваа намайг хорихыг санаархаж байна” гэж шууд бичлэгээрээ ярьж байсан нь анхаарал татна.

Шүгэл үлээнэ гэдэг энэ биш юм уу. “Шүгэл ажиллагаа”-ныхан олон нийт, иргэдээс ийм үйлдлийг нэхэж уриалаад байгаагүй хэрэг үү. Үнэндээ авлига, албан тушаалын хэрэгт энгийн нэг төрийн албан хаагч оролцдоггүй юм. Тэдний эрх мэдэл, зүрх зориг ч хүрдэггүй юм. Харин албан тушаалтнууд, дарга сайд нар авлига өгч, авалцдаг юм шүү дээ. Төрөө, төсвөө тонож байгаа тэднийг л хэлээд өг, илрүүлээд өг, баримт нотолгоо гаргаад өг гэж Засгийн газар зарлаагүй юм уу. Өөр ямар үг, үйлдлийг шүгэл үлээнэ гээд байгаа юм бэ. Эсвэл шал худлаа жүжиг байв уу?

БНХАУ-ын удирдагч асан Мао Зэдун 1957 онд ард түмэн, сэхээтнүүдээсээ улс төр, нийгмийн болохгүй байгаа асуудлыг эр зоригтой ярьж, ил болгохыг уриалсан “Зуун цэцэг дэлгэрч, зуун сургууль өрсөлдөх болтугай” гэсэн аяныг эхлүүлсэн байдаг. Мао Зэдун “Ард олны шүүмжлэлээр нийгмээ эрүүлжүүлнэ” гэсэн агуулгыг сурталчилж байсанд сэхээтнүүд, олон нийт нь алга ташин хүлээн авч, асуудлуудаа ярьж эхэлсэн гэдэг.

Гэвч үнэн хэрэгтээ нийгмээ засах, төр засгийн бодлогоо эрүүлжүүлэх бус эсрэгээр нь өөрсдийг нь шүүмжилдэг бүлгээ намнах ажиллагаа болж хувирсан түүхтэй. Шүүмжлэлд онцгой идэвх зүтгэлтэй байсан хүмүүсийг ихэвчлэн шүүх, мөрдөн байцаалтгүйгээр эрүүдэн шүүх, дээрэлхэх зэргээр шийтгэж эхэлсэн. Олонх нь хөдөлмөрийн дахин боловсрол олгохоор нутаг заагдсан тухай баримт түүхийн хуудсанд үлджээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын санаачилсан “5Ш” ажиллагаа Мао Зэдуны энэ түүхийг битүүхэн сануулаад байгаа хэрэг биш биз. Яг ингэж хардах үндэслэл Л.Оюун-Эрдэнийн багт ажиллаж байгаа сайд, дарга нарыг шүүмжилж, шүгэл үлээсэн Д.Мөнх-Эрдэнэ эрх чөлөөгөө хасуулж, шүүхийн шийдвэргүйгээр 70 гаруй хоног торны цаана сууж байгаагаас харагдана.

Монголын шүүх, прокурор шүгэл үлээсэн ганц хүнийг амыг нь хаах гэж яаж улайрч, хуулиа уландаа гишгэж байгааг хэдхэн хоногийн өмнө нийтээрээ харлаа шүү дээ. Д.Мөнх-Эрдэнийг цагдан хорих үндэслэлгүй хэмээн батлан даалтад гаргах хүсэлтийг өмгөөлөгч нь удаа дараа шүүхэд гаргаснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 15-нд шүүх хурал товлож, ЭХХШТХ-ийн 14.5 дугаар зүйлд зааснаар хязгаарлалт тогтоох арга хэмжээ авч, Д.Мөнх-Эрдэнийг сулласан байгаа юм. Ингэхдээ шүүгч захирамжиндаа хэн нэгэн оролцогч тал гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй гэж дурджээ. Гэтэл шүүгчийн гаргасан захирамжийг эсэргүүцэн прокурор гомдол гаргаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ерөнхий шүүгч тэр гомдлыг нь хүлээж аваад “Манай шүүгч буруу шийдвэр гаргажээ” гээд Д.Мөнх-Эрдэнийг тав хоногийн дараа буцаагаад хорьчихлоо. Монголын хуульчид үүнийг нийтээрээ гайхаж байна.Ерөнхий шүүгчийн эл үйлдэл шүүгч хараат бус байх үндсэн зарчим, цаашлаад шүүхийн бие даасан байдалд ноцтой халдсан үйлдэл болсон гэж тэд үзэж байна. Шүүхийн шийдвэргүйгээр хүнийг олон хоног сараар хорьж цагдан, залхаан цээрлүүлж амыг нь үдэх ажиллагаа ч гэж нэрлэх боллоо. Д.Мөнх-Эрдэнийг энэ удаагийн баривчилгаанаас өмнө ч нэг суллачихаад тун удалгүй “Хязгаарлалт тогтоосныг зөрчиж намынхаа хуралд очсон” гээд хорьчихсон шүү дээ. Нэг хүнийг ганц сарын хугацаанд гурван удаа суллаж, хорьж байгаа юм уу даа.

Хуулийнхан лайвчин Д.Мөнх-Эрдэнэд дөрвөн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн сүрийг үзүүлж байгаа. Товчхондоо, сайд асан Ц.Нямдоржийн нэр хүндийг гутааж, түүний хүү Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярын биед халдсан гэж буруутгаж байгаа юм билээ. Нэр нь ил болоогүй ч Х.Нямбаатар сайдаас эхлээд АТГ-ын дарга З.Дашдаваа, өөр ч олон дарга сайд нар шүд зууж, хуулийнханд гомдол хаягласан сурагтай.

“Одоо бид авлигыг таслан зогсооно. Шүгэлдээд байгаарай” гэж уриалчихаад шүүмжилж, шүгэл үлээсэн нэгнээ барьж хорьдог нь яаж ч бодсон айлгаж байгаа хэрэг бус уу. Эсвэл Засгийн газрын тэргүүнийхээ бодлогыг битүүхэндээ бойкот хийж эсэргүүцэж байгаа хэрэг юм уу.

Засаг нь сая нэг зөв замдаа орж, авлигачдаа намная, төрийн албаа цэвэршүүлье гээд зарлаж байхад доод шатны хүмүүс нь шүгэл үлээгчдийн алтан хараацайг намнаад байх нь наанадаж олон түмэнд тун итгэл төрүүлэхээргүй харагдаж байна. Цаанадаж гэрийн эзнийг нь торны цаана суулгаж нэг үзээд, чөлөөлж нэг үзээд л, дахиад баривчилж тоглохоор ард нь үлдсэн эхнэр, өсвөр насны гурван хүүхэд болон үүнийг харж шүгэл үлээхээр зориглож байгаа хүн бүрийн сэтгэл зүйгээр ёстой нэг “сигадна” гэдэг нь болж байна шүү дээ.

Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа бодлогын эсрэг хөдлөөд байгаа хуулийн байгууллагын удирдлагууд, сайд дарга нарыгаа эргэж харах хэрэгтэй болжээ.

Ерөөс өнөөдөр нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг ил болгож, хэлсэн бүхэнд халтай болж гүйцлээ. Сошиал сүлжээнд эрх баригч нам, Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилбэл Зөрчлийн хуулиар торгохоос эхлээд залхаан цээрлүүлдэг уламжлал тогтчихлоо. Энэ нь хуучны хэлц үгийг санагдуулах. Юу вэ гэхээр “Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг”, “Дааганаас унаж үхдэггүй, дарвагараасаа болж үхдэг” гээд л шүүмж өрнүүлсэн, болохгүй зүйлийг хэлээд олон түмнээ түүчээлсэн нэгнийг гоочилдог доо. Үнэндээ энэ бол нийгэмд болохгүй зүйлийг ярьж хэлсэн нэгнийгээ чимээгүйхэн байлгаж, дарлаж суух гэсэн сургаал юм уу даа. Яг өнөөдрийн Д.Мөнх-Эрдэнийг хорьж, амыг нь хаасан шиг.

Энэ сургаал, зарчмаар явж ирсэн Монголын нийгэм, төр засаг өнөөдөр хэрхэн бурангуй болж байгааг бид бэлхэнээ харж байна. Ноомой дуугүй, асуудлаа ярьж зүрхэлдэггүй салбар, нийгэм “загас толгойноосоо эхэлж өтдөг”-ийн үлгэрээр завхардаг. Угтаа аливаа нийгэм асуудлаа ил тод ярилцаж хэлэлцэж, уралцаж байж эрүүлждэг. Тиймээс “Шүгэл ажиллагаа”-гаа үр дүнтэй хэрэгжүүлж, ард түмнээсээ оноо авъя гэж байгаа бол шүгэл үлээгчдийн алтан хараацай Д.Мөнх-Эрдэнийг даруйхан сулла. Түүгээр зогсохгүй авлигачдын эсрэг бодлогыг нь боомилж байгаа багийн хүмүүстээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёо шүдээ зүгээр нэг харуулчихад гэмгүй байх.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр бич өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар
сарын 27, Сумъяа гариг. Билгийн
тооллын 6, чөлөөт эх одтой,
хөх бич өдөр. Өдрийн наран
6:42 цагт мандан, 19:14 цагт
жаргана. Тухайн өдөр хулгана,
луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр
эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим
хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн
зүйл авах, хараал, жатхыг буцаах, бүжиг
наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан
бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас
өмсөх, зөвлөгөө хийхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр,
луу, могой, хонь, нохой болой. Хол газар
яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал
зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
өнгө зүс сайжирна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна DNN.mn

2023 оны 03-р сарын 26-ны 20 цагаас 03-р сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11…-13 градус, бусад хэсгээр -5…-7 градус хүйтэн, өдөртөө +8…+10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -10…-12 градус хүйтэн, өдөртөө +7…+9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө -12…-14 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Оюу толгойн тунел 200 км, Улаанбаатарт метро баривал 20-хон км” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Зам,
тээврийн хөгжлийн сайд
С.Бямбацогт “Замаа чанартай барьж,
хяналтаа ч сайн тавина” гэснийг V нүүрээс дэлгэрүүлж уншаарай.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн
хандлага буюу Ж.Ханат,
С.Мурат хоёрын яриа…

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Оюу толгойн тунел 200 км, Улаанбаатарт метро баривал 20-хон км” хэмээн өгүүллээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “1996 онд хувьчлалаа гүйцэд
хийгээгүйгээс төрийн өмчит компаниуд нь
улсын төсвөөс ч том төсөвтэй болсон”гэлээ.

Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо” ГҮТББ-ын Гүйцэтгэх захирал
М.Буянбадрах “: Монгол Улсад нэмүү өртөг
шингээсэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэх
боломжийг улам хааж боогдуулж байна”
хэмээв.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Д.Отгонбаатар “Ирэх онд дүүргээ бүрэн камержуулна, үр дүнд нь
гэмт хэргийн гаралт 50 хувиар буурна” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнгөрсөн онд 11839 залилангийн гэмт хэрэг бүртгэгджээ DNN.mn

2021 онд улсын хэмжээнд нийт 6558 залилах гэмт хэрэг бүртгэгджээ. Харин өнгөрсөн онд 11839 хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44.6 хувиар өссөн байна. Түүнчлэн хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэргийн тоо өнгөрсөн онд 9315 болж, 18 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Орон нутагт залилангийн гэмт хэргийн тоо нэмэгдэх хандлагатай байна гэлээ.

Иймд иргэд олон нийтийг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас санууллаа.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрчим хүчний зориулалттай нүүрсний арилжаа явагдлаа DNN.mn

Энэ сарын 24-нд зохион байгуулагдсан экспортод гаргах нүүрсний цахим арилжаагаар эрчим хүчний зориулалттай нүүрс анх удаа арилжигдлаа. Тус арилжаагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 15 багц буюу нийт 96,000 тонн эрчим хүчний нүүрс арилжигдсан бөгөөд 4 компани оролцож, дуудах үнэ 68.30 ам.доллараас 7.32 хувь өсч, 73.30 ам.долларт хүрлээ.

Дараагийн дуудлага арилжаа 2023 оны 3 дугаар сарын 27-ний өдрийн 11:00 цагаас зохион байгуулагдах бөгөөд “Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 32,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс арилжина.

Арилжааны хуваарийг энд дарж үзнэ үү.

Арилжигдсан нүүрсний мэдээлэл

Цахим арилжаа зохион байгуулагдсан огноо

2023.03.24

Цахим арилжаанд оролцсон худалдан авах санал гаргагчдын тоо

4

Нүүрс худалдагч этгээдийн нэр

“Эрдэнэс Тавантолгой” ХК

Нүүрс худалдагч этгээдийн албан ёсны хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо. Жигжиджавын гудамж-8 Финанс төв

Захиалгын бүртгэлийн дугаар

23/01-ОХ

Дуудах доод үнэ, валютын төрөл

68.30 ам.доллар /тн

Хэлцэл хийгдсэн үнэ

73.30 ам.доллар/тн

Гэрээний нийт үнийн дүн

7,036,800 ам.доллар

Хэлцлийн дугаар

2023.03.24-01

Үнийн өсөлтийн хувь

7.32

Арилжсан нүүрсний багцын тоо хэмжээ /тонн/

15 багц буюу 96000 тонн

Арилжсан нүүрсний төрөл, ангилал

Эрчим хүчний нүүрс

Арилжсан нүүрсний чанарын үзүүлэлт

Ash (db): 17.71 (-3.8; +5.0)

Total moisture (ar): 3.95 (-1.7; +1.7)

Volatile (daf): 27.11 (-3.4; +3.4)

Total sulphur (db): 0.81 (-0.3; +0.3)

Calorific (cv): 6389 (-500;+200)

Худалдан авагчийн оршин байгаа улс

БНХАУ -Хонг Конг

Categories
мэдээ цаг-үе

Нийтийн тээврийн Ч:61 чиглэлийн маршрутыг өөрчилж, хоёр байршилд автобусны буудал байгуулна DNN.mn

Авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Нарны хороолол орчим, ТЭЦ-4, Саппорогийн урд уулзварын хөдөлгөөнийг нэг чигт оруулахаар болсон.

Уг өөрчлөлттэй холбоотойгоор нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орохоор болжээ.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир “Нарны гүүрний доод талын буцаж эргэх чигийг эсрэг хөдөлгөөнтэй болгосонтой холбогдуулан нийтийн тээвэрт дараах өөрчлөлтүүд орж байна.

Нийтийн тээврийн Ч:61 буюу Офицеруудын ордон, МУБИС, 120 мянгат, Алтай хотхон, ТЭЦ 3 чиглэлийн маршрут нь Нарны гүүрэн доогуур буцаж эргэдэг байсан бол шинэ төлөвлөлтөөр Чингисийн өргөн чөлөөнөөс хойшоогоо яваад Механик, тээврийн сургуулиар шууд зүүн тийшээгээ эргээд “River Stone” хотхоны урд талд зогсоод зорчигчдоо буулгаж суулгах үйлчилгээг үзүүлнэ.

Мөн Ажилчдын гудамжны чиглэлээр хойноосоо урагшаа яваад Мото буудлага спортын төвийн баруун талын автобусны буудал дээр зогсдог байсан бол шинэ төлөвлөлтөөр Олон улс бизнесийн дээд сургууль болон Дэлгэрэх хотхоны үүдэнд тус тус шинээр нийтийн тээврийн зогсоолыг байгуулна.

Өмнө нь зөвхөн ганцхан зогсоол байсан бол замын хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнд зохион байгуулснаараа Олон улс бизнесийн дээд сургууль болон Дэлгэрэх хотхоны урд зогсоолыг бий болгож иргэддээ илүү хүрч үйлчлэхээр зохион байгуулж байна.

Тухайн чиглэлд нийт 5 чиглэлийн 57 автобус 423 рэйсээр үйлчилгээ үзүүлдэг” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Өрх бүрийг орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэж хэвшихийг уриаллаа DNN.mn

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа холбогдох албаныхны хамтаар гэр хорооллын гудамж, талбайн хог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээг шалгав.

Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн даваа гэсэн төвлөрсөн хогийн гурван том цэг байдаг. Үүнээс гадна зуслангийн бүсүүдэд хур хог хаях цэг бий. Гэтэл иргэд, аж ахуй нэгж байгууллагууд зөвшөөрөлгүй газар барилгын болон бусад хог хаягдлыг төвлөрүүлэн, хур хогийн цэг үүсгэж байгаа аж. УБЗАА-наас 2022 онд хур хог үүссэн 10 орчим байршлыг цэвэрлэж, зөөвөрлөсөн бол энэ жил тус ажлаа үргэлжлүүлэхээр судалгаа хийж буй.

Уг асуудалтай холбогдуулан Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших үерийн далангийн бүсэд ажиллав. Тус үерийн далангийн хувьд ойролцоогоор хоёр га газрыг хамардаг бөгөөд томоохон компаниуд барилгын хог хаягдал, их хэмжээний шороог зөөвөрлөн асгажээ. Ийм байдлаар хур хогийн цэг үүсгэсэн иргэн, аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлэн цэвэрлүүлэх, цаашлаад бичил цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулахаар төлөвлөгөөнд тусгахаа албаныхан онцолж байв.

Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар 2023 онд найман удаагийн их цэвэрлэгээ хийхээр төлөвлөсөн. Хот тохижилтын газраас нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн тохижилтын ажлыг хариуцдаг бөгөөд гэр хорооллын гудамж талбайг цэвэрлэх хүн хүч дутмаг байгаа юм. НИТХ-ын 2012 оны 61 дүгээр тогтоолд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, арчилгааг хариуцахаар журамласан.

Тиймээс хороо бүрд ажилладаг хог хаягдлын олон нийтийн байцаагч нар айл өрх, иргэдийн бүлэгтэй хамтран уг журмыг мөрдөж, цаашид гудамж, хашааныхаа ойр орчмын 50 метр хүртэлх талбайн хог хаягдлыг цэвэрлэхийг УБЗАА-наас уриалж байлаа.