Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 3 дугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.971, мөрдөн байцаалтын 3017 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 91, Өмчлөх эрхийн эсрэг 80, Хүрээлэн байгаа орчны эсрэг 11, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 10, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 7, Авлига, албан тушаалын эсрэг 4, Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах, Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших, Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах тус тус 1, нийт 209 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:
-Нийслэлийн прокурорын газраас Гашуунсухайт дахь боомтын Хилийн шалган нэвтрүүлэх албаны орлогч даргаар ажиллаж байсан Т, Гашуунсухайт дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан Д.Б, У, Э.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий 18 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нүүрс тээвэрлэж явсан тээврийн хэрэгслүүдийн гаргасан зөрчилд арга хэмжээ аваагүй, шалгаж шийдвэрлэх албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, мөн тээврийн хэрэгслийн мэдээллийг нөхөж бүртгэсэн, дарааллын журам зөрчиж тээвэр хийх зөвшөөрөл олгосон, хилийн бүсэд зогсоож бусдад давуу байдал олгосон, хахууль авсан гэх үйлдэлтэй, нийт 22 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
-Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын замын ашиглалт, засварын хэлтсийн дарга О нь Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон, хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
-Говьсүмбэр аймгийн прокурорын газраас тус аймгийн Баянтал сумын Засаг дарга А нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 30 сая төгрөгийн төсөвт өртөгтэй инженерийн хийцтэй худгийн байршлыг сольж, тогтсон цэгээс 24 км-ийн зайд, өөрийн малыг малалдаг малчингийн өвөлжөөнд өрөмдлөг хийлгэж, өөрт давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
-Хэнтий аймгийн прокурорын газраас иргэн А, Х нар нь Оросын Холбооны Улсад уул уурхайн зориулалттай үйлдвэрлэгдсэн эмульсийн тэсрэх бодисыг худалдан борлуулах зорилготойгоор хадгалсан, тээвэрлэсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.