Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Энхийг дэмжих ажиллагаанд оролцоод суманд оногдоогүй баатрууд эмнэлгийн орон дээр хумхаагаар нас барсаар байх уу DNN.mn

Монгол Улс 2002 оноос анх “Энхийг дэмжих ажиллагаа”-нд оролцож эхэлжээ. 21 дэх жилдээ буюу сүүлийн батальоны ээлж солилцох ажиллагаа энэ сарын 1-21-ний өдрүүдэд болсон байна. Энэ нь Өмнөд Судан улсад Монголын нэг баг буюу 850 хүнтэй батальон үүрэг гүйцэтгээд ирж буй хэрэг. 2023 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр арваннэгдүгээр ээлжийн дөрөв дэх хэсгийн бие бүрэлдэхүүн эх орондоо ирсэн юм байна. Энхийг сахиулагчид нэг жилд зургаан газар үүрэг гүйцэтгэдэг аж. Харин шинэ ээлжийн алба хаагчид таван ээлжээр хуваагдан явах юм байна.

Энхийг сахиулах олон улсын энэхүү том арга хэмжээнд олон жил явж үүргээ онц гүйцэтгэж ирсэн манай энхийг сахиулагчдын эрүүл мэндийн асуудалд эрсдэл гарах болсон талаар бид энэ удаа хөндөж байна.

2022 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр гуравдугаар ээлжээр эх орондоо ирсэн энхийг сахиулагч алба хаагчдаас хумхаа өвчний халдвар илэрсэн. Тэднийг ирсэн даруйд нь хумхаа өвчний тест аваагүйгээс өвчтөнүүд хүндрэх, шинж тэмдэг илэрсэн учраас өөрсдөө хумхаа өвчний халдвар авсан байх магадлалтай хэмээн үзэж Цэргийн төв эмнэлэгт хандсан байх юм. Эдгээр есөн алба хаагчаас долоо нь эдгэн, хоёр энхийг сахиулагч хумхаа өвчний хүндрэлээр нас бараад байна. Эх орондоо ирээд 14 хоносны дараа эхний шинж тэмдгүүд илэрч, алба хаагчид Цэргийн төв эмнэлэгт очин хумхаа өвчний тест өгчээ. Гэвч эмнэлэгт хэвтээд удаагүй 22 настай алба хаагч ходоод нь задарсны улмаас нас барсан байдаг. Нэг офицер нэн хүнд оноштой Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад мөн л нас барсан тухай мэдээлэл байна. Энэ талаар Цэргийн төв эмнэлгийн уг алба хаагчийг хариуцан эмчилж байсан эмч н.Өлзийтөөс лавлах гэсэн боловч “Зөвшөөрлийн бичиг явуулж, зөвшөөрөл авч байж мэдээлэл өгнө” хэмээн мэдээлэл өгөхөөс татгалзав.

Нэгдүгээр сарын 5-ны өдөр БХЯ-наас хумхаа өвчин тусан эмчилгээ хийлгэж байгаа алба хаагчдын талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Цэргийн төв эмнэлгийн дарга, хурандаа Б.Энх-Од ярихдаа “Ажиллагааны өмнөх бэлтгэлээс эхлэн дуусах хүртэл албан хаагчдын эрүүл мэндийг байнга хянадаг. Өнгөрсөн 21 жилийн хугацаанд тодорхой хэмжээнд хумхаа өвчний халдвар ёс мэт гарч ирсэн. Африк дахь 10 шумуул тутмын нэг нь хумхаагийн халдвартай гэж үздэг. Цэргийн төв эмнэлгийнхэн өнгөрсөн хугацаанд хумхааг маш сайн судалж, оношилж ирсэн. Үүнтэй холбоотойгоор оношилгоо, эмчилгээгээ маш сайн хийдэг. Энэ өвчин шумуулаас хүнд дамждаг. Африк хуурай, борооны улиралтай. Борооны улиралд тээгч шумуулууд идэвхиждэг. Хүнээс хүнд халдвар халдахгүй.Нийт есөн цэргийн албан хаагчаас хумхаагийн халдвар илэрч, долоо нь эдгэж, гарсан. Харамсалтай тохиолдлоор нэг албан хаагч хумхаа өвчний хүндрэлээр нас барсан.

Нөгөө албан хаагч нь биеийн байдал нь нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн 21 жилийн хугацаанд хумхаа өвчнөөр нас барсан тохиолдол гарч байгаагүй” хэмээн мэдээлж байсан юм. Үүнээс хойш нэн хүнд оноштой байсан алба хаагч мөн л нас барсан байдаг. Тэрбээр ганц хүүтэй, хүү нь хөгшин настай эцэг эхтэй нь цуг үлджээ. Урьд нь Энхийг дэмжих ажиллагаанд оролцоод ирсэн хэд хэдэн алба хаагчтай холбогдож энэ талаар тодруулахад “Мэдэгдсэн нь л сүүлийнх болохоос хумхаагаар нэг биш алба хаагч нас барсан” хэмээн хариулж байх юм. Үнэхээр байнгын хяналттай байсан юм бол эх орондоо ирээд 14 хоносны дараа шинж тэмдэг илэрч, хүндэрсний дараа яагаад эмнэлэгт хандав. Яагаад ирсэн даруйд нь алба хаагчдаас бүгдээс нь хумхаа өвчний тест авалгүй шууд гэр рүү нь явуулав. Жил гаруйн хугацаанд хүний нутагт хүнд алба хаасан эрс гэртээ харих хоногоо тоолон, нарийн чанд дэглэмийг зөрчсөн мартсан тохиолдол байж болох. Гэтэл ирсэн даруйд нь өвчний тест авч анхаарал хандуулаагүй БХЯ, Зэвсэгт хүчний жанжин штаб хариуцлага хүлээх үү.

Энхийг сахиулагчид энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд явахын өмнө хэд хэдэн тариа хийлгэдэг. Очоод ч эмчийн хяналт дор долоо хоног бүр элэг хамгаалах эмийг байнга уух ёстой байдаг аж. Гэтэл урьд нь Энхийг дэмжих ажиллагааны эмчилгээний төсвийг шамшигдуулсан дарга нар шүүхээр шийдвэрлүүлэн ял эдэлж байсан тохиолдол ч байдаг аж. Магадгүй энэ удаад ийм олон алба хаагчаас зэрэг хумхаа өвчин илэрсэн нь эмчилгээний төсөв мөнгийг шамшигдуулсан байж болох юм гэсэн хардалтыг төрүүлж буй юм. Учир нь хумхаа өвчний тестийг гурван удаа авч сөрөг гарсан тохиолдолд халдвар аваагүй гэж үздэг байна. Бас нэгэн албан бус мэдээлэл буй нь Монголд хумхаа өвчнөөр мэргэшсэн эмч ганцхан байдаг ч хугацаанаас нь өмнө тэтгэвэрт гаргасан байж болзошгүй тухай юм. Тийм олон алба хаагч халдвартай ирсэн байхад мэргэшсэн ганц эмч нь хаана байв. Энхийг дэмжих ажиллагаанд оролцоод дайны суманд оногдоогүй цэрэг эрс эмнэлгийн орон дээр хумхаагаар нас барсаар байх уу.

Хумхаа өвчин нь шумуулнаас хүнд халдварладаг аж. Энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин байхгүй. Харин эмчийн хяналт дор байнга уух эм байдаг. Дэлхий дээр ойролцоогоор 41 төрлийн 3600 зүйлийн шумуул тархсан байдаг. Халдвар авсан шумуул нь хүн ба амьтанд хумхаа, япон энцефалити, денгийн чичрэг, шар чичрэг, Баруун Нилийн чичрэг зэрэг өвчнүүдийг дамжуулдаг. Эдгээрээс хумхаа өвчин нь плазмод (Plasmodium)-ын төрлийн эгэл биетнээр үүсгэгддэг, дахилттай халууралт, цус багадалт, элэг дэлүү томрох шинжээр голчлон илэрдэг хурц халдварт өвчин юм.

Хумхаа өвчний гол дамжуулагч нь Anopheles төрлийн шумуул бөгөөд одоогоор мэдэгдээд байгаа 460 орчим зүйл байгаагаас 40 гаруй зүйл нь хүнд хумхаа өвчнийг дамжуулдаг аж. Мөн эхээс урагт, төрөх явцад, цус сэлбэлтийн үед, түүнчлэн бохирлогдсон зүү, шприцээр халдвар дамждаг байна. Дэлхий дээр 3.3 тэрбум хүн хумхаагийн халдвар авах магадлалтай бүсэд амьдарч, жил бүр 250 сая нь өвчилж, 1 сая гаруй хүний нас баралт тэмдэглэгддэг гэсэн судалгаа бий. Хэрэв хумхаа өвчний халдвар авсан бол дараахь шинж тэмдэг илэрнэ. Халуурах, чичрүүлэх, хөлрөх, толгой өвдөх, дотор муухайрах бөөлжих, бүх биеэр өвдөх, айдас төрөх, дэлүү томрох, элэг томрох зэрэг юм.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр морь өдөр DNN.mn

Аргын тооллын хоёрдугаар сарын 5, Ням гариг. Билгийн тооллын 15, Долоон улаан мэнгэтэй хөх морь өдөр. Өдрийн наран 8:15 цагт мандан, 17:57 цагт жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн DNN.mn

Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

2023 оны 2 дугаар сарын 4-8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 4-нд нийт нутгаар цас орохгүй, 5-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

Салхи 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -18…-23 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -11…-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -9…-14 градус, өдөртөө -2…+3 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Мэдүүлгээ шинэчлэн гаргах хугацаа дуусахад 12 хоног үлдлээ DNN.mn

Авлигын эсрэг хууль тогтоомжид зааснаар нийтийн албан тушаалтнуудын ХАСХОМ-ийг бүртгэх ажлыг зохион байгуулж байгаа билээ. 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 09.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 32,8 мянган албан тушаалтан буюу нийт мэдүүлэг гаргагчдын 65.8 хувь нь 2022 оны ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлээд байна.

2022 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргасан байдлаас үзэхэд Усны газар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдүүлэг гаргагчдын 90 ба түүнээс дээш хувь мэдүүлсэн үзүүлэлттэй байна.

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Улсын Дээд шүүх, Барилга, хот байгуулалтын яаманд мэдүүлэг гаргах явц 20-иос доош хувьтай байна.

Мэдүүлгээ шинэчлэн гаргах хугацаа дуусахад 12 хоног үлдсэн тул мэдүүлэг гаргагч Та бүхэн хуульд заасан үүргээ биелүүлж мэдүүлгээ үнэн зөв, бүрэн гүйцэд мэдүүлнэ үү.

Categories
мэдээ нийгэм

SMISHING БУЮУ МЕССЕЖ ЛУЙВАР ГЭЖ ЮУ ВЭ? DNN.mn

SMiShing (SMS Text Phishing) буюу мессеж луйвар нь олон улсад өргөн тархаад буй халдлагын нэг төрөл юм. Гар утсаараа мессеж бичих, хүлээн авах өргөн хэрэглээг ашиглан бусдыг залилах, цахим луйвар үйлдэх, хувийн мэдээлэлд нь халдах тохиолдол манай улсад ч гарах болсон нь хоёр хоногийн өмнө нийгмийн сүлжээгээр тархсан, байгууллагын нэрийн өмнөөс хуурамч мессеж иргэд рүү илгээсэн тохиолдлоос харагдаж байна. Банк хэзээ ч харилцагчаасаа хувийн нууцлалтай мэдээлэл буюу интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг оруулахыг шаардсан хүсэлт илгээдэггүй. Ямар нэг байдлаар ийм төрлийн мессеж танд ирсэн тохиолдолд та тухайн илгээсэн байгууллагын албан ёсны цахим хаяг, утасны дугаар үнэн зөв эсэхийг эхлээд заавал нягталж шалгаж байгаарай.

Утсанд тань “Мэдээллээ баталгаажуулаарай”, “Та мэдээллээ шинэчилнэ үү”, “Та азтан боллоо”, “Бэлгийн эзэн боллоо”, “Сугалаанд оролцож, азаа сориорой” зэрэг мессеж ирж байсан уу? Зарим мессежний хувьд зар сурталчилгааны шинж чанартай байдаг ч хэрэглэгчийн хувийн мэдээлэл, аль нэг аппликэйшн, цахим банкны нэвтрэх нэр, нууц үг зэргийг оруулахыг шаардсан бол энэ нь SMiShing буюу мессеж дээр суурилсан халдлага байх магадлалтай юм. Энэ төрлийн луйврын гол зорилго нь мессежээр ирсэн файл эсвэл линк дээр даруулж, цаашлаад таны цахим банкны нэвтрэх нэр, нууц үгийг бичүүлж, түүнийг нь хуулбарлан авч санхүүгийн хохиролд оруулах юм.

SMiShing нь хувь хүний сэтгэл хөдлөл, итгэл үнэмшил дээр тулгуурлан хууран мэхлэх зорилготой, мессеж хүлээн авсан хүмүүс маш хурдан хариу үйлдэл үзүүлэх магадлалтай байдгаараа бусад төрлийн халдлагуудаас илүү эрсдэлтэй юм. Иймд та гар утас, цахим шуудангаар ирсэн, сэжиг бүхий линк, хавсаргасан файлыг нээхгүй байх, хувийн мэдээллээ оруулахыг шаардсан мессежний хариуд нууцлалтай мэдээллээ илгээхгүй байх, тухайн байгууллагын албан ёсны утас, вэбсайт нь мөн эсэхийг нягталж шалгаж хэвшсэнээр цахим луйврын хохирогч болохоос урьдчилан сэргийлж чадах юм.

СИМ карт, гар утасныхаа аюулгүй байдлыг хангаарай

Технологи хурдацтай хөгжихийн хэрээр бид бүртгэлтэй утасны дугаар, и-мэйл хаягаараа олон тооны үйлчилгээ авах боломжтой болсон. Энэ нь бидний цаг, мөнгийг хэмнэх давуу талтай ч хувийн мэдээллийнхээ нууцлалыг буюу утасны дугаар, и-мэйл хаягийнхаа аюулгүй байдлыг бүрэн хамгаалаагүй тохиолдолд энэ нь сул тал болж болзошгүй юм.

Таны гар утсанд сошиал хаягуудын мэдээлэл, цахим банкны нууц үг, баталгаажуулах код, төрөл бүрийн аппликэйшний давхар танин баталгаажуулалтын код гэх мэт олон чухал хувийн мэдээллүүд мессеж, и-мэйлээр танд ирдэг гэдгийг битгий мартаарай!

Иймд хэрэглэгч та зайнаас авч байгаа аливаа бүтээгдэхүүн үйлчилгээний гэрээ, нөхцөлтэй сайтар танилцаж, бүртгүүлсэн и-мэйл хаяг болон утасны дугаарын нууцлал хамгаалалтыг хангах, төрийн үйлчилгээний цахим бүртгэлийн систем дэх өөрийн мэдээллийн нууцлал, хамгаалалтаа сайжруулан, нягталж хэвших нь учирч болох олон эрсдэлээс өөрийгөө хамгаалах ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААРХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО DNN.mn

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран Аялал жуулчлалын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төслийн талаарх хэлэлцүүлгийг өнөөдөр (2023.02.03) Төрийн ордонд зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон мэргэжлийн холбоодын төлөөлөл зэрэг 90 гаруй оролцогч оролцлоо.
Аялал жуулчлалын тухай хуулийг 2000 онд баталж байсан бөгөөд манай улс хамгийн ихдээ жилд 500 гаруй мянган жуулчин хүлээн авдаг байсан. Эдийн засагт оруулж буй хувь нэмрээр нь тооцвол экспортын орлогыг бүрдүүлж байгаа гол салбарын нэг. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, үндэсний өв, уламжлал, соёл, ёс заншил, түүх, дурсгалын үнэт зүйлсийг сурталчлан таниулах улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах үйлсэд чухал ач холбогдолтой. Иймд төрөөс энэ салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарын өмнө тулгамдсан асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан шийдвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор гарч байна. Хуулийн төслийг хэлэлцэхдээ тал бүрээс нь судалж, олон удаагийн судалгаа, шинжилгээ, хэлэлцүүлэг өрнүүлж нухацтай авч үзэн шинэчлэх шаардлагатай байгааг Улсын Их Хурлын гишүүн, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хуулийн төслийн талаар танилцуулав.

Төсөлд аялал жуулчлалыг эдийн засгийг тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд зориулан салбарын оролцогчдын эрх зүйн байдлыг сайжруулах зохицуулалтыг тусгажээ. Мөн аялал жуулчлалын салбарыг бие даасан санхүүгийн тогтвортой эх үүсвэрээр дэмжих зорилгоор “Аялал жуулчлалыг хөгжүүлэх сан” бий болгох, уг сангийн удирдлагад хувийн хэвшлийн оролцоог хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх зохицуулалтыг тусгасан байна.

Манай улсад ирсэн жуулчдын тоо цар тахлаас өмнө тогтмол өсөлттэй байсан бөгөөд 2019 онд 577,262 жуулчин хүлээн авч, оны эцсийн байдлаар 607,213,369 ам доллар буюу 1.7 их наяд төгрөгийн орлогыг аялал жуулчлалын салбараас төвлөрүүлсэн нь Монгол Улсын хувьд уул уурхай болон мал аж ахуйн дараа орох томоохон салбар нь аялал жуулчлал болохыг илтгэдэг. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл аялал жуулчлалын салбар, энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, хуулийн этгээдэд төрөөс бодит тусламж, дэмжлэгийг үзүүлж чадаагүй байгааг салбарын сайд танилцуулгадаа дурдсан.
Мөн аялал жуулчлалын байгууллагын тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага гэж ангилан экспортын үйлдвэрлэлд тооцох, татварын бодлогоор дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан. Аялал жуулчлалын стратегийн ач холбогдол бүхий бүсийг зарлан бүсийн хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын ойлголтыг нэвтрүүлж, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр холбогдох зохицуулалтыг тусгасан гэлээ.
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой зарим төрлийн ан агнах, барих тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар нээлттэй олгох зохицуулалтыг төсөлд тусгажээ. Хил орчмын аялал жуулчлалыг олон улстай улсын тусгай зөвшөөрөлтэй тур оператор компаниар гүйцэтгүүлэх тусгай нөхцөлийг тодорхойлсон байна.

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар үндэсний онцлог бүхий үндэсний соёл, байгаль, түүх, соёлын өвийг мэргэжлийн холбоод, тухайн орон нутгийн иргэдийн оролцоонд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж байгааг салбарын сайд хэллээ.Түүнчлэн хуулийн төсөлд аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд нь стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай байх, байгууламж барих, засварлах зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хасагдах зардалд тооцох зохицуулалтыг тусгаж, хил орчмын аялал жуулчлалыг олон улсын аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй тур оператор гүйцэтгэхээр зохицуулсан байна.

Хуулийн төслийг d.parliament.mn цахим хуудаст 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байршуулснаас хойш 1630 хүн хуулийн төсөлтэй танилцаж, 156 санал ирүүлжээ. Эдгээр саналын дийлэнх хувийг тусгай зөвшөөрөл, татварын хөнгөлөлт, тур оператор, аялал жуулчлалын байгууллагын үйлчилгээ, дэд бүтэц, хөтөч тайлбарлагчийн үйл ажиллагаатай холбоотой саналууд эзэлсэн байна.

Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төслийн зүйл, заалт бүр дээр саналаа илэрхийлсэн. Оролцогчдын зүгээс үйлчилгээний байгууллагын зааг ялгааг тодорхойлох, төрийн байгууллагуудын уялдааг сайжруулах, хүнд суртлыг арилгах, газрын төлбөрийн асуудалд уян хатан хандах, аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, бодлогоор дэмжих, “Аялал жуулчлалыг хөгжүүлэх сан”-гийн төсвийн зарцуулалтад тавих хяналтыг тодорхой тусгах, бусад салбарын бодлоготой уялдуулах зохицуулалтын хуулийн төсөлд тусгах шаардлагатай байгаа талаар байр сууриа илэрхийлж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан саналыг нэгтгэж, хуулийн төсөлд тусгахаа илэрхийлээд мөн бичгээр саналаа ирүүлэх боломжтойг хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Тэтгэвэр, насны хишгийг энэ сарын 14-нд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 16-нд олгоно DNN.mn

Сар шинийн баяртай холбогдуулан хүүхдийн мөнгө, насны хишиг, тэтгэвэр зэргийг цагаан сарын өмнө олгоно хэмээн Сангийн сайд мэдээлж байсан. Тэгвэл Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2023 оны хоёрдугаар сарын олголтын хуваарийг танилцууллаа.

Ахмад настнуудын гуравдугаар сарын 01-ний тэтгэврийг мөн насны хишгийг хоёрдугаар сарын 14-нд олгох бол хүүхдийн мөнгийн 16-нд олгох аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Малын өвс хулгайлж, 48,000 төгрөгийн хохирол учруулсан хоёр этгээдэд нэг жил хорих ял оноожээ DNN.mn

Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дахь тариан талбайгаас 12 боодол ногоон тэжээл хулгайлж, 48,000 төгрөгийн хохирол учруулсан хэрэг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гарчээ.

Өвс хулгайлсан хоёр этгээдийг бүлэглэж, бусдын эзэмшлийн талбай руу зөвшөөрөлгүйгээр орж, ногооны тэжээлийг тээврийн хэрэгсэлд ачиж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутай гэж Анхан шатны шүүхээс дүгнэсэн байна.

Улмаар тус бүрд нь нэг жилийн хорих ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураан улсын орлого болгон шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч нь “Бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй, тээврийн хэрэгслийг улсын орлого болгож шийдвэрлэсэн нь буруу учир хэргийг хэрэгсэхгүй болгуулах” гэсэн гомдол гаргасан ч шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн аж.

Эрүүгийн хуульд гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураахаар хуульчилсан тул шүүгдэгч нар бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Оны эхний нэг сарын байдлаар 519.8 кг алт худалдан авчээ DNN.mn

Монголбанк 2023 оны нэгдүгээр сард 519.8 кг үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1,139.2 кг үнэт металлаар багассан үзүүлэлт юм. 2019 онд 597 кг алт худалдаж авсан нь сүүлийн таван жилийн хамгийн бага болж байв.

Харин Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 44.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 28.9 кг үнэт металл тус тус худалдан авсан.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны нэгдүгээр сард алт худалдан авах дээд үнэ 216,205 төгрөг байсан бол дундаж үнэ 210,307 төгрөг байв.

Categories
мэдээ нийгэм

Орхон аймагт болох өвлийн спортын наадмын үеэр 60 хөтөч ажиллана DNN.mn

Энэ сарын 06-нд буюу даваа гарагт Орхон аймаг, Эрдэнэт хотод эхлэх Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмын үеэр ажиллах 60 хөтчийг бэлтгэжээ.

Наадмын өдрүүдэд долоо хоногийн турш чиглүүлэгчээр ажиллах хөтөч нарт нэгдүгээр сарын 28,29-ний өдрүүдэд зохион байгуулалт, чиг үүргийн талаар танилцуулах сургалтыг зохион байгуулж, хамтран ажиллах гэрээг байгуулсан байна.

Аймгийн Засаг даргын орлогч, зохион байгуулах хорооны дарга А.Түвшинжаргал “Аливаа спортын наадам, уралдаан тэмцээний үед хөтөч чиглүүлэгч хэрхэн ажилласнаар зохион байгуулалтын ажлыг дүгнэнэ. Иймд ёс зүйн алдаа дутагдал гаргахгүй хариуцлагатай ажиллах ёстой” гэлээ. Хөтөч нар наадамд оролцох баг тамирчдад зөвлөн туслах , чиглүүлэх мэдээ мэдээллээр хангах, хурдан шуурхай чирэгдэлгүй үйлчлэх, баг тамирчид болон зохион байгуулах хорооны уялдаа холбоог ханган ажиллах юм байна.