Categories
мэдээ нийгэм

Гурван улсын ачаа, зорчигч тээвэрлэлтийг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэнэ DNN.mn

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын төлөөлөгчдийн болон хилийн төмөр замуудын комиссын ээлжит зөвлөгөөн энэ сарын 6-7-нд цахимаар зохион байгуулагдах гэж байна.

Сүүлийн жилүүдэд Эрээн-Замын-Үүд, Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьёвск төмөр замын хилийн гарцаар тээвэрлэх экспорт, импорт, мөн Монгол Улсаар дамжин өнгөрөх ачааны хэмжээ эрс өсөн нэмэгдэж байна.

Энэ удаагийн зөвлөгөөнөөр төмөр замын хилийн гарцуудаар ачаа болон зорчигч тээвэрлэлтийг хэрхэн зохион байгуулах, тухайлбал: хилийн Замын-Үүд-Эрээний хилийн гарцаар хоногт 14 галт тэрэг солилцдог байсан бол 20 хүртэл болгох, галт тэрэгний жин болон уртыг нэмэгдүүлэн тогтмол аялуулах зэрэг болон бусад техникийн асуудлуудын талаар Хятадын талтай зөвлөлдөнө. Ингэснээр экспорт болон Монгол улсаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэх боломж бүрдэнэ. Монгол Улсын экспорт, импортын ачааны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар төмөр зам нь 2022 онд нарийн царигийн хоёрдогч замыг барьж ашиглалтад өгсөн ба Хятадын талтай тус замыг холбосноор өмнө нь хоногт импортын 6 галт тэрэг хүлээн авдаг байсан бол 8-10 хүртэл нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Энэхүү асуудлын талаар мөн зөвлөлдөнө.

Сүхбаатар-Наушкийн хилийн гарцаар импортын болон дамжин өнгөрөх 10 галт тэрэг хүлээн авдаг байсан бол 14 хүртэл галт тэрэг хүлээн авах боломжийн талаар Оросын талтай хэлэлцэнэ.

Categories
мэдээ нийгэм

Торгуулиа хугацаандаа төлөхгүй бол алданги тооцно DNN.mn

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг цахим гэрчилгээтэй болгох ажил болон RFID технологи болон замын түгжрэлийн эсрэг хийхээр төлөвлөсөн ажлын талаар өнөөдөр /2023.02.06/ албаныхан мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслүүдийн захирал Ч.Батзориг “Авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны төлөвлөгөөт ажлын нэг нь удирдлагын ухаалаг системийг нэвтрүүлэх юм. Нийслэлийн хэмжээнд 650 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүнээс 400-500 мянга нь өдөр тутам хөдөлгөөнд оролцдог. Нийслэлийн 61 байршилд уншигч байрлуулж эхэлсэн, одоогоор 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Уншигчийн унших tag буюу тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг энэ оны нэгдүгээр улиралд багтаан олгож дуусгана. Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс бүрэн хэрэглэж эхлэхээр төлөвлөж байна. Энэ систем бий болсноор нийтийн тээврийн төлбөр тооцоо болоод тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг цахимжуулах нөхцөл бүрдэнэ. Торгуулийн төлбөр тооцоог уян хатан болгож төлснийхөө дагуу хөнгөлөлт авдаг, төлөхгүй удвал алданги тооцдог болно. Татвар хураамж нь одоогийн хуулийн дагуу хэвээр байна. Одоогоор бүсчлэлийн асуудал байхгүй. Тээврийн хэрэгслийн зорчилтыг хянахгүй, хувийн мэдээлэлд халдахгүй” гэв.

Зам тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга н.Мөнхнасан “Монгол Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож буй 1 сая тээврийн хэрэгсэлд RFID чип наана. Энэ цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт баталсан. Жолооч албан татварын нөөц сангаас 10, нийслэлийн төсвөөс 3 тэрбумыг гаргана” гэсэн юм.

Нийслэлийн цахим хөгжил мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “RFID нь зам тээврийн нэгдсэн систем бий болгох ажлын нэг хэсэг. Нийслэлийн бүх замуудад мөшгөх төхөөрөмжийг байгуулсан. Цахим гэрчилгээг ирэх гуравдугаар сарын 1-ээс олгож эхэлнэ. Зорчих хөдөлгөөнд хязгаар байхгүй. Иргэдийг мэдээлэлтэй байх боломж олгохын тулд цахим гэрчилгээгээр дамжуулан тогтмол зорчдог замын нөхцөл байдал болоод торгуулийн мэдээллийг хүргүүлдэг болно. Дээрх арга хэмжээний дүнд автомашины түгжрэл буурна. Одоогоор хэдэн хувьтай буурах вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна” гэсэн юм.

Categories
гадаад мэдээ

​Япончууд таталцлын долгион илрүүлнэ DNN.mn

Токиогийн Их Сургуулийн Сансар судлалын хүрээлэнгийн эрдэмтэд “KAGRA” огторгуйн дурангаар Орчлон ертөнц дэх таталцлын долгионыг илрүүлэх оролдлогыг ирэх тавдугаар сараас үргэлжлүүлэхээр болсноо мэдэгджээ. Японы төв хэсгийн Гифу мужид байрладаг “KAGRA” ажиглалтын төв нь хар нүх, нейтрон оддын нэгдэл зэрэгүйл явдлуудаас үүссэн орон зай, цаг хугацааны өчүүхэн гажуудлыг илрүүлэх зориулалттай юм.

“KAGRA” төслийнхөн 2020 онд хийсэн анхны ажиглалтынхаа үеэр таталцлын долгионыг илрүүлж чадаагүй юм байна. Уг телескопын мэдрэгчийг хангалттай түвшинд хүргэн тохируулга хийхэд коронавирусний цар тахал саад болсон гэж хүрээлэнгийн захирал, Нобелийн шагналт физикч Такааки Казита ярьжээ. Тэрбээр төслийн оролцогчид энэ гурван жилийн хугацаанд дахь анхны ажиглалтаа тавдугаар сард хийх гэж байгааг нэмж хэлсэн байна. Судлаачид ирэх хавар гэхэд “KAGRA” дурангийн мэдрэгчийн хүчин чадлыг арав дахин нэмэгдүүлнэ гэж найдаж байгаа аж. Тус багийнхан энэ чиглэлээр ажилладаг туршлагатай гадаадын байгууллагуудтай хамтран 18 сарын хугацаанд хийх ажиглалтынхаа үеэр таталцлын долгион илрүүлэхийг зорьж байна гэж “NHK” мэдээлэв.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

О.Мөнхжинг үргэлжлүүлэн хорих саналаас татгалзаж, хилийн хориг тавьжээ DNN.mn

“IHC” койныг зах зээлд нэвтрүүлсэн О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг хоёрдугаар сарын 1-ний шөнө баривчлан 461 дүгээр хорих ангид саатуулсан тухай мэдээлсэн.

Тэднийг үргэлжлүүлэн хорих прокурорын саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хэлэлцлээ.

Шүүхээс О.Мөнхжинд хилийн хориг тавьж, үргэлжлүүлэн хорих саналыг хүлээж аваагүй байна. Одоо Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцэж байгааг эх сурвалж мэдээлэв.

Уг койныг зах зээлд гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн “Их бит” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь хөрөнгөө зориулалтын бусаар зарцуулсан болон зах зээлд манифуляц хийж олсон орлогыг угаасан гэх хэргээр тэднийг цагдан хорьжээ.

Categories
мэдээ нийгэм

Шатрын насанд хүрэгчдийн улсын аваргууд тодорлоо DNN.mn

Шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 61, эмэгтэйчүүдийн 53 дахь удаагийн тэмцээний анхан шатны тэмцээн Сүхбаатар дүүрэгт байрлах “Дүүрэн” төвийн байранд боллоо.

Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 167, эмэгтэйчүүдийн ангилалд 81 шатарчин швейцарь системээр есөн өрөгт оюун ухаанаа уралдуулав. Эрэгтэйчүүдийн ангилалд Н.Содбилэгт, Б.Дүүрэнхишиг, Р.Энхбат, Б.Болд-Эрдэнэ, А.Дөлгөөн, эмэгтэйчүүдийн ангилалд Э.Төгстөгөлдөр, Г.Лхагважэд, Б.Буянхишиг, Э.Энхжин, А.Марал эхний таван байрыг эзэлсэн.

Тус тэмцээний эхний 30 байр эзэлсэн шатарчид ирэх гуравдугаар сард зохион байгуулагдах Улсын аварга шалгаруулах хагас шигшээ шатны тэмцээнд оролцох эрх авсан юм.

Categories
мэдээ нийгэм

Ихэнхи гол мөрнүүдийн мөсний зузаан өмнөх 10 хоногоос 0-30 см-ээр нэмэгдээд байна DNN.mn

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Хөвсгөл нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан Хатгал тосгон болон Ханх сум орчимд 85-15 см байгаа нь Хатгал тосгон орчимд энэ үеийн олон жилийн дунджийн орчим, Ханх сум орчимд 10 см-ээр ахиу байна. Мөн мөсөн дээр 5 см зузаан цасан бүрхүүлтэй байна.

Хөвсгөлийн уулсаас эх авсан: Дэлгэрмөрөн, Үүр, Шишгэд, Бүгсий зэрэг томоохон гол мөрнүүд ажиглалт хийдэг хэсэгт битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 40-120 см байгаа нь энэ үеийн олон жилийн дунджаас 5-10 см-ээр ахиу байна.

Хангайн нуруунаас усжих Идэр гол, Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн голын бэлчирээс Сэлэнгэ мөрөн гэж нэрлэгдэх Сэлэнгэ гол Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд битүү мөсөн бүрхүүлтэй, харзтай байгаа бөгөөд мөсний зузаан 50 см байгаа нь мөн үеийн олон жилийн дунджаас 5 см-ээр бага байна.

Хөвсгөл нуураас усжих: Эг гол Эрдэнэбулган сум орчимд битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 35 см байгаа нь энэ үеийн олон жилийн дунджаас 15-25 см-ээр бага байна. Эг голын эх буюу Хатгал тосгон орчимд нуурын хоолой хэсэг битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан маш нимгэн байна.

Хангайн нуруунаас эх авсан: Идэр гол Галт сумын Зүрх баг орчимд битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 100 см байгаа нь энэ үеийн олон жилийн дунджаас 10 см-ээр бага байна.

Анхааруулга: Битүү мөсөн бүрхүүл тогтсон гол мөрнүүдийн нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж, мөсний даац хүн, мал болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй байгаа тул нийт ард иргэд болон малчид, тээвэрчдийг цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулж, баталгаат зам гүүр, гармаар зорчихыг зөвлөж байна гэж Хөвсгөл аймгийн онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Казахстан улс руу зорчих иргэдийн анхааралд DNN.mn

Бүгд Найрамдах Казахстан Улс “Гадаадын иргэний оршин суух журам”-даа өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, тус улсад визгүй зорчдог гадаад улсын иргэдийн Казахстаны нутаг дэвсгэрт байх нийт хугацаа нь 180 хоногийн хугацаанд 90 хоногоос хэтрэхгүй байх шинэ зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн нэмэлт, өөрчлөлт нь 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Монгол Улсын иргэд тус улсад визгүй зорчих зохицуулалт хэвээрээ бөгөөд дээрх зохицуулалттай холбогдуулан Казахстаны хилээр нэвтрэх, байрлах, буцаж гарах хугацаагаа зөв тооцоолон зорчихыг ГХЯ-ны Консулын газраас анхаарууллаа.
Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох цогц ажилд 13 тэрбум төгрөг баталжээ DNN.mn

“Монгол Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлд RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээ наах ажил үргэлжилж байна.

Энэ хүрээнд нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу техникийн хяналтын цахим гэрчилгээ наах, суурилуулах ажлын хэсэг байгуулагдсан. Үүнтэй холбоотой санхүүжилтийн задаргааг батлуулах ажлыг хийж байна.

2023 оны гуравдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд RFID чипийг тээврийн хэрэгсэлд наана” хэмээн ЗТХЯ-ны хэлтсийн дарга мэдээллээ.

Нийслэлийн мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг RFID технологи нь Улаанбаатарын зам тээврийн нэгдсэн системийн тогтолцоог бий болгох ажил юм. АНУ, БНСУ, Сингапур технологийн дэвшлийг ашиглан тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хянаж, иргэддээ мэдээлэл өгдөг.

Иргэддээ түгжрэлийн болон зам тээвэртэй холбоотой мэдээллийг өгдөг болно. Тухайлбал, та энэ сард оношилгоонд орох нь байна, таны явдаг зам дээр өнөөдөр засвар хийж байна зэрэг мэдээллийг иргэнд өгдөг болно. Ингэснээр түгжрэлийг бууруулахад тодорхой үр дүн гарна.

Товчоодоор ороход хүлээх шаардлагагүй болсныг та бүхэн мэдэж байгаа. Цаашид авто зогсоол, авто тээвэртэй холбоотой үйлчилгээг авахад иргэдэд хялбар болгох юм” хэмээн ярилаа.

Мэдээллийн дараа холбогдох албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

  1. RFID чиптэй болсноор мөнгөний болон зорчих хөдөлгөөний лимит байхгүй.
  2. Гуравдугаар сарын 1-нээс цахим гэрчилгээг тараах журмаа танилцуулна. Цахим гэрчилгээг хаанаас ч авч болно.
  3. RFID чипэд аль улсын тоног төхөөрөмжийг худалдан авахаа ажлын хэсэг тодорхой болгосон.
  4. Нийслэлийн авто зам ашигласны төлбөрт өөрчлөлт ороогүй. Хуучин тарифаараа байгаа.
  5. RFID уншигчийг холбогдох байгууллагын хяналт дор урд болон хойд хөрш, Сингапурын төхөөрөмжтэйгөөр технологийн шийдлүүдийг гаргасан.
  6. Цахим гэрчилгээтэй болсноор түгжрэл хэдэн хувиар буурахыг одоогоор судалгаа, шинжилгээ хийж байна.
  7. Импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгсэлд гуравдугаар сарын 1-нээс цахим гэрчилгээг олгоно. Одоогоор тээврийн хэрэгслийн гэрчилгээг 14,700 төгрөгөөр олгож байгаа.
  8. Тээврийн хэрэгсэлдээ цахим гэрчилгээ аваагүй бол Улаанбаатарын хөдөлгөөнд оролцох хязгаарлалтыг хийнэ.
  9. Ажлын хэсгийн хүрээнд тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын тооцоо гаргасан. Одоогоор 13 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг батлаад байна. НЗДТГ-ын хөрөнгөөс гурван тэрбум төгрөг, жолоочийн албан журмын нөөц сангаас 10 тэрбум төгрөгийг баталсан. Үүнд RFID чип суурилуулах, мэдээллийн нэгдсэн сан, олон улс, улсын чанартай авто зам дагуух төлбөр авах цэгүүдийг цахимжуулах ажлууд багтсан.
  10. 2022 оны жилийн эцсийн мэдээгээр 103 тэрбум төгрөгийн торгуультай тээврийн хэрэгсэл зорчиж байна. 103 тэрбум төгрөг улсын санд ороогүй. Өнөөдрийн үйлчилж буй хуулиар торгуультай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох эсэх нь тодорхойгүй учраас хуульд өөрчлөлт орсны дараа шийдэгдэнэ.
Categories
мэдээ цаг-үе

Д.Амарбаясгалан: Цагаан сараас өмнө 1072 хувьцааны ноогдол ашгийг иргэдэд өгөх боломжгүй DNN.mn

Эрдэнэс Монгол ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт дууссантай холбоотой мэдээлэл хийж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: “Өнөөдөр Эрдэнэс Тавантолгой компани дотооддоо 500 гаруй тэрбум төгрөгний бонд босгосон өр байж байна. Төмөр замын төслийн хэрэгжүүлсэн санхүүжилтийн үлдэгдэл өр байж байна. Эдгээр өрүүдийг төлж барагдуулахгүй бол дараа жилээс алдагдалтай ажиллах нөхцөл бүрдэх учраас Засгийн газрын зүгээс нэгдүгээр өр төлбөрийг нь барагдуулах, иргэдийн хувьцааг илүү үнэ цэнэтэй байлгах зөв юм гэж үзсэн.

Тухайлбал, 2021 оны цэвэр ашиг нь 190 гаруй тэрбум төгрөг байсан. Үүнийг хувьцаа хэлбэрээр нэг хүнд тараахад 15 мянга орчим ноогдоно. 2022 оны ноогдол ашиг хэлбэрээр өгөхөөр нэг хүнд 10 гаруй мянган төгрөг ноогдохоор байгаа юм.

Нэг иргэн энэ хэмжээний мөнгийг хувьцаа хэлбэрээр олгох нь ач холбогдолтой биш, харин эсрэгээрээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орж, инфляци хөөрөгдөх магадлалтай байдаг учир Эдийн засаг, хөгжлийн яам нэн тэргүүний зорилгоо болгохгүй. Харин хувьцааг илүү өгөөжтэй болгох, өнөөдөр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг алдагдалгүйгээр ажиллах нөхцөл бололцоогоор бүрдүүлнэ. Эрдэнэ Тавантолгойг өр төлбөрийг нь барагдуулахаар анхаарлаа хандуулъя гэж ажиллаж байна.

Эрдэнэс Тавантолгой компанийн жилийн нийт орлого нь 6-7 их наяд төгрөг. Иргэн бүрт хоёр сая төгрөг өгье гэж бодох юм бол нэг ч төгрөг зарлагадахгүйгээр ЭТТ орлогыг хувааж өгөхөөр болж байгаа юм. Тийм бодит боломж байхгүй” гэв.

Categories
мэдээ нийгэм

ХХААХҮЯ: Малчдын түвшинд бэлтгэсэн өвс тэжээл 60 хувийн зарцуулалттай байна DNN.mn

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд “Улсын хэмжээнд малчдын түвшинд өвс 1.1 сая тонн, сүрэл 15 мянган тонн, ногоон тэжээл 88 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 32.4 мянган тонн, гар тэжээл 47.9 мянган тонн, дарш 13.1 мянган тонн, хужир, шүү 92.2 мянган тонныг тус тус бэлтгэсэн. Өнөөдрийн байдлаар малчдын түвшинд бэлтгэгдсэн өвс, тэжээл 60 хувийн зарцуулалттай байна.

Аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц 2022 оны аравдугаар сарын 25-ны байдлаар 21.3 мянган тонн өвс, 8.4 мянган тонн тэжээлтэй байсан бол борлуулалтаас 27.3 мянган тонн өвс, 10.8 мянган тонн тэжээлийг нэмж татан авч өвсний 70 хувь, тэжээлийн 64 хувийг зарцуулжээ. Одоогийн байдлаар 8.1 мянган тонн өвс, 4 мянган тонн тэжээлийн нөөцтэй байна.

Малын хорогдол: Он гарсаар 233,213 толгой том малын зүй бусын хорогдол гарсан нь өмнөх 7 хоногоос 92,603 толгойгоор нэмэгдлээ. Энэ нь оны эхний 71.1 сая малын 0.3 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Архангай /33426/, Сүхбаатар /24809/, Завхан /23769/, Увс /21023/, Ховд /16229/ аймгууд байна.