Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр үхэр өдөр dnn.mn

Аргын тооллын хоёрдугаар сарын 12, Ням гариг. Билгийн тооллын 22, Есөн улаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 8:04 цагт мандан, 18:09 цагт жаргана.Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.

Categories
мэдээ нийгэм

Генийн өөрчлөлттэй хүүхдүүдийн талаар мэдээллээ DNN.mn

Хятадын эрдэмтэн Хэ Жианкуй 2018 онд дэлхийн анхны генийн өөрчлөлттэй хүүхдүүдийн талаар зарлаж байв. Тус ихэр хүүхдийн талаарх мэдээлэл олон улсын хамтын нийгэмлэгээс ихээхэн шүүмжлэл хүртсэн. Эрдэмтэн Хэ Жианкуй энэ хэргийнхээ төлөө гурван жил шоронд хоригдоод, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард суллагдсан юм. Түүнийг хувийн алдар нэр, ашиг хонжоо олох зорилгоор биоанагаах ухааны хуулийг санаатайгаар зөрчсөн хэрэгт буруутгаж байв. Хүүхдүүдийн эцэг ХДХВ-ийн халдвартай байсан тул гэр бүлийнхнийх нь зөвшөөрөлтэйгөөр хүүхдүүдийн генийг өөрчилсөн байна.

Тэгвэл дээрх хүүхдүүд өдгөө хэрхэн амьдарч буй талаарх мэдээллийг Хэ Жианкуй хүргэлээ. Хүүхдүүд одоо дөрвөн настай. “Тэд хэвийн, тайван амьдралаар амьдарч байгаа. Энэ бол тэдний хүсэл. Бид тэднийг хүндэтгэх ёстой. Хүүхэд болон тэдний гэр бүлийн аз жаргал хамгийн түрүүнд байх ёстой. Шинжлэх ухааны судалгаагаар тэдэнд саад учруулахгүй” гэж эрдэмтэн хэлэв. Мөн хүүхдүүдийн үлдсэн амьдралын туршид эмнэлгийн хяналтад байлгахаа амлажээ.

Лулу, Нана нэртэй ихэр хүүхэд “CCR5” гэх ховор генийн өөрчлөлттэй төрсөн. Энэ нь тэднийг ХДХВ-ийн эсрэг дархлаатай болгожээ. Хүүхдүүдийн ДНХ-ийн дарааллыг өөрчилж, генийн үйл ажиллагааг өөрчилсөн.

Хэ Жианкуй нь Шэньжэн хот дахь Өмнөдийн шинжлэх ухаан технологийн их сургуульд профессороор ажилладаг байсан. Тэрбээр дээрх хэрэгтэй холбоотойгоор ажлаасаа халагджээ. Гэхдээ энэ жил хэд хэдэн их сургуулиар зочилж, яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Начин дүүрэн Булганы багийг Баян-Өлгий дийлсэнгүй DNN.mn

Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний “Pepsi” алтан цомын төлөөх шигшээ барилдааны гуравдугаар тойргийн эхний барилдаанд Булган – Баян-Өлгий аймгууд учраа тааран өрсөлдсөнөөс Булган аймгийн баг 17-8-аар давуу ялалт байгуулав.

Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан /4/, улсын начин Х.Цогтгэрэл /1/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан улсын начин Д.Амаржаргал /2/ улсын начин Б.Түмэндэмбэрэл /4/, улсын начин Э.Сумъяабат /3/, улсын начин Б.Түвшинтөгс /3/ нийт 17 даваа авсан бол Баян-Өлгий аймгийн багт улсын заан Б.Серик /3/ улсын начин Н.Мустафа /1/, аймгийн хурц арслан М.Еркебулан /3/ аймгийн арслан Э.Тамираа /0/, аймгийн заан Е.Көптилек /1/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд барилдсан улсын начин Б.Баатарцол /0/, нийт 8 даваа авсан юм.

Ялсан баг шагналын 5 сая төгрөгөө гардаж авлаа.

Булган аймгийн багийн дасгалжуулагчаар улсын заан Д.Баасандорж, Баян-Өлгий аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Б.Баатарцол нар ажиллалаа. Мөн энэхүү барилдааныг ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Саамай сумын залуу аварга Соёлтын Төмөрбаатар хүрэлцэн ирж үзжээ. Түүний хувьд ирэх сар шинийн барилдаанд зодоглох хүсэлтэй гэнэ.

Өнөөдөр/2023.02.11/ 16:00 цагаас Төв-Өвөрхангай аймгууд шигшээ барилдааны гуравдугаар тойрогт барилдана.

Categories
мэдээ нийгэм

Эрт илрүүлгээр 5518 хавдрын тохиолдол илэрсний 2347 нь хортой хавдар байна DNN.mn

Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн оны тавдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн Эрт илрүүлэг кампанит ажил үргэлжилсээр байна. Энэхүү үзлэг оношлогоонд улсын хэмжээнд нийт хүн амын 25.7 хувь буюу 852834 хүн хамрагджээ.
Өвчлөлийн нийт 636360 сэжигтэй тохиолдол дунд хоол боловсруулах тогтолцооны өвчин (48.3 хувь) зонхилж байгаа бол хүүхдийн өвчлөл дунд амны хөндийн өвчлөл өндөр үзүүлэлтэй байна. Эрт илрүүлгээр 5518 хавдрын тохиолдол илэрснээс 2347 нь хортой хавдар юм байна.

Categories
мэдээ нийгэм

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтууд цахимжлаа DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа нар өнөөдөр Гаалийн ерөнхий газарт ажиллаж, “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд хийгдэж буй ажлуудтай танилцлаа. Энэ үеэр ГЕГ-ын Цахим удирдлагын төвийн үйл ажиллагааг албан ёсоор нээв. Тус төвийг ажиллуулснаар гаалийн 18 газар хороо, 29 боомт, 115 гаалийн хяналтын бүсийн камерын хяналтын системийг нэг дороос удирдлагаар хангах, хянах боломж бүрдэж байна. Дараа нь Гаалийн төв лабораторийн үйл ажиллагаатай танилцав.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх зорилтууд болох Боомтын болон Төрийн бүтээмжийн сэргэлтийн гол зорилтууд нь гаалийн байгууллагын үйл ажиллагаатай шууд холбоотой гэдгийг ГЕГ-ын ажилтнуудтай уулзахдаа Ерөнхий сайд онцолсон юм. Ялангуяа, 2019 оноос эхлүүлсэн “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 203.8 тэрбум төгрөг, гадаад худалдааны урсгалын голлох боомтуудыг шинэчлэх, дэд бүтэц, барилга байгууламжийг бүтээн байгуулах төслүүдийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, БНХАУ-ын Засгийн газарын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр тус тус хэрэгжүүлээд байна. Хилийн боомтууд дахь гаалийн байгууллагын үйл ажиллагааг шинэчлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, гадаад худалдааг хөнгөвчлөх, шат дамжлагыг цөөрүүлэх, иргэдийг чирэгдүүлдэг хүнд суртал, авлигыг таслан зогсооход чиглэсэн бодитой олон ажил хийгдэж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.

Мөн Засгийн газраас Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан бөгөөд төрийн үйлчилгээний хүнд суртал, авлига, далд эдийн засгийг хумихад чиглэсэн томоохон ажлуудыг ГЕГ-тай хамтран хэрэгжүүлнэ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомтуудыг цахимжуулах ажил амжилттай хийгдсэнд талархал илэрхийллээ. Өнөөдрийн уулзалтад гаалийн 1124 алба хаагч цахимаар болон танхимаар оролцсон юм.

Монгол Улсын гадаад худалдааны 2022 оны нийт бараа эргэлтийг 2018 оны гүйцэтгэлтэй харьцуулахад 64.9 хувиар, экспорт 78.8 хувиар, импорт 48.2 хувиар тус тус өссөн байна. Гаалийн байгууллага 2022 онд 4.6 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн нь 2018 онтой харьцуулахад 74.1 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.3 хувиар тус тус өссөн үзүүлэлт аж.

Төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч гаалийн байгууллага Боомтын сэргэлтийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт, Чингис хаан ОУНБ дахь хилийн хяналтын байгууллагын нэгдсэн байр, Замын-Үүд боомтын зорчигч тээврийн хэсгийн цогцолборын барилгуудыг хоёр оны заагт байнгын ашиглалтад оруулсан. Түүнчлэн Алтанбулаг, Боршоо, Гашуунсухайт, Замын-Үүд боомтын ачаа тээврийн хэсгийн бүтээн байгуулалтын ажлыг 2023 онд хүлээн авахаар ажиллаж байна. Мөн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт шинээр байгуулагдах Цагаандэл уул, Сүхбаатар аймгийн Бичигт боомтын бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт хийгдэж байгаа зэргийг ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал Ерөнхий сайдад танилцуулав.

Хилийн хяналт шалгалтын давхардлыг багасгах зорилгоор Засгийн газрын шийдвэрээр 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс улсын хилээр нэвтрүүлэх бараанд хорио цээр, эрүүл ахуйн хяналт тавьж, чанар стандартыг мөрдүүлэх чиг үүрэг гаалийн байгууллагад ирснээр үйл ажиллагааны цар хүрээ нь нэмэгдсэн байна. Гаалийн байгууллага өнөөдрийн байдлаар байнгын болон түр ажиллагаатай 39 боомт, ГЕГ болон харьяа 18 гаалийн газар, хороонд нийт 2326 албан хаагчтайгаар албан үүргээ хэрэгжүүлж байна.

Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, гадаад худалдааг хөнгөвчилж, хяналт, бүрдүүлэлтийг түргэн, шуурхай, худалдааны аюулгүй байдлыг хангаж ажиллах чиг үүргийг гаалийн байгууллага хэрэгжүүлдэг байна. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр ГЕГ, хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийг хэрэгжүүлж, гаалийн автоматжуулсан мэдээллийн систем буюу CAIS-ийг өргөтгөн шинэчилж, гаалийн үйлчилгээг бүрэн цахимжуулжээ. Энэ хүрээнд Gaali.mn цахим системийг нэвтрүүлснээр төрийн үйлчилгээний ХУР болон Дан системийг ашиглан иргэн, аж ахуйн нэгж заавал гаалийн байгууллагад биечлэн очиж гаалийн байцаагчтай биечлэн уулзах шаардлагагүй болсон байна. Гар утас, интернэт ашиглаад ажил, гэрээсээ экспорт, импортын бараа, бүтээгдэхүүнээ цахимаар мэдүүлэх, татвар тооцоогоо хийх, барааны байршлаа шалгах зэрэг бүх үйлчилгээг авах боломжийг үе шаттайгаар бүрдүүлж чадсан байна. Одоогоор GAALI.MN-д аж ахуйн нэгжийн 34, иргэний 13 үйлчилгээг нэвтрүүлснээр нийт 25,952 удаагийн давтамжтай үйлчилгээг үзүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Ноолуурын экспорт 2022 онд 19 хувиар өсжээ DNN.mn

Засгийн газраас ноолуурын боловсруулалтыг нэг шатаар нэмэгдүүлж экспортлох зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг хэрэгжүүлснээр 172 сая ам.долларын нэмэлт орлого олох боломжтой юм. Мөн үүний зэрэгцээ үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдэх ач холбогдолтой. Цаашлаад эцсийн бүтээгдэхүүн хийж экспортод гаргавал үүнээс ч их орлого боломжтой талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлсэн юм.

Тэрээр “Монгол Улс жилд 10000 тонн ноолуур цуглуулдаг бол үүнийгээ угаахаар 7000 тонн болж буурна. Энэ хэмжээний ноолуурыг өнөөгийн ханшаар экспортолно гэж тооцвол 500 сая ам.доллар олох боломж бий. Боловсруулалтыг дэмжиж, самнасан ноолуураа ээрэх, улмаар эцсийн бүтээгдэхүүн болгох юм бол олох орлого 1.5 тэрбум ам.доллар болох боломжтой. Оюутолгой орд нь 2022 онд 1.4 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олсон, тус төслийн хүрээнд Монгол Улсад 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулсан. Ноолуурын салбарыг дэмжин, эцсийн бүтээгдэхүүн экспортолж чадвал Оюутолгойн хөрөнгө оруулалттай дүйцэх хэмжээний орлого олох боломж бий” гэсэн юм.

Цар тахлын нөлөөгөөр нийт ноолуурын экспортын орлого 2020 онд 33 хувиар буурсан бол 2022 онд 19 хувиар өссөн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тэтгэвэр тогтоох жилийг тав болгох заалт тусгасан хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо DNN.mn

Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д 2023 оны нэгдүгээр сарын 9-нд өргөн мэдүүлсэн билээ.

Тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх, төлсөн шимтгэлтэй уялдаатай тэтгэвэр авах шударга тогтолцоо бүрдэх, хориос дээш шимтгэл төлсөн жил тутамд тэтгэвэр бодох хувийг 2029 оноос нэмэгдүүлэх, нас барсан тэтгэвэр авагчийн эхнэр, эсвэл нөхрийнх нь өндөр насны тэтгэврийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлэх, тэтгэвэр бодох сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцох дараалсан долоон жилийг таван жил болгох, нэрийн дансыг даатгалын сангийн орлого, зарлагын зохистой харьцаанд үндэслэн мөнгөжүүлэх зэрэг асуудлуудыг хуулийн төсөлд тусгажээ.

Уг хуулийн төслийг танилцуулах, санал авах уулзалт өнөөдөр боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин “1994 онд баталснаас хойш 26 жилийн хугацаанд 30 гаруй нэмэлт, өөрчлөлт орсон ч нийгэм, эдийн засгийн харилцаа өөрчлөгдөхийн хэрээр нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, даатгалын шимтгэлийн бодит хуримтлалыг бий болгох, тэтгэврийг шударга тогтоох, инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэгдүүлэх, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалж нийгмийн даатгалын сангийн чадавхыг сайжруулах, нийгмийн даатгалын үйлчилгээг шуурхай, ил тод болгож цахимжуулах зэрэг арга хэмжээг хуульчлах шаардлага тулгарч байгаа тул хуулийн шинэчлэлийг цаг алдалгүй хийх хэрэгтэй байгаа” гэдгийг дурдсан юм.

Уулзалтын үеэр иргэд тэтгэврийн насыг наашлуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр хүртэх үр шимийг иргэдэд ойлгуулах, тэтгэврийн зээлийг зогсоож зөвхөн ахмадууд тэтгэврээ өөртөө зарцуулах боломжоор хангах хэрэгтэй байгааг хэлж байлаа.

Байнгын хорооноос хуулийн төслийг танилцуулах, санал авах цуврал уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Манай улс жилд нэг тэрбум долларын хүнс, 1.7 тэрбум долларын шатахуун импортолдог DNN.mn

Монгол Улс жилд нэг тэрбум ам.долларын хүнсний бүтээгдэхүүн, 600 сая ам.долларын автомашин, 250 сая ам.долларын согтууруулах ундаа, тамхи, 1.7 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолдог байна. Энэ хэрээр валютын гадагшлах урсгал нэмэгддэг. Харин орлого үүнтэй дүйцэхгүй байгаа нь ханшийн савалгаа үүсэх гол шалтгаан болж байна.

Гэхдээ нүүрсээ төмөр замаар зөөж эхэлсэнтэй холбоотойгоор нүүрсний экспорт нэмэгдэх, дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ нэмэгдэж байгаа зэрэг нь манай улсын орлого нэмэгдэх таатай нөхцөл болоод байна. Зэсийн үнийг 2023 оны улсын төсөвт 8400 ам.доллар хэмээн төлөвлөсөн бол өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр 9000 орчим ам.долларт хүрсэн. Цашлаад ллон улсын нэр хүнд бүхий санхүүгийн байгууллагууд зэсийн үнийг 11000 орчим ам.долларт хүрэх таамаг гаргасан юм.

Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨГӨӨ: Яагаад тасалгааны ургамал тарих хэрэгтэй вэ? DNN.mn

Би гадаах орчны агаарын бохирдолд хамгийн их анхаарал хандуулаг ч хоногийн 24 цагийн 10хувьд л гадуур явдаг/ ажил,гэрлүүгээ явах, хүүхдээ хичээл сургууль хүргэж өгөх, авах гээд/. Харин үлдсэн 90% хаалганаас доторх орчинд өнгөрөөдөг байна.

Агаарын бохирдлын судалгаагаар дотоод орчны агаарын бохирдол гадаад орчны агаарын бохирдлоос 5-6 дахин их байдаг нь тогтоогдсон байдаг.
Тэгвэл та бүхэд дотоод орчны бохирдлыг хамгийн их цэвэршүүлдэг тасалгааны цэцэгнүүдийн мэдээлэлийг хүргэж байна.

Ногоодой

Эх Нялхасын Эрүүл Мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд шинэхэн аав, ээжүүдийг гэртээ Ногоодой цэцэг тарихыг зөвлөдөг. Учир нь энэхүү цэцэг хоёр өдрийн дотор тасалгааны агаар дахь хорт бодисын 90 хувийг арилгадаг юм. Ногоодой цэцгийн навч нь хортой бодисыг шүүж, хөгц, мөөгөнцрийг өөртөө шингээж, хивсний материал, тавилга зэргээс ялгардаг өнгөгүй хий болох нүүрстөрөгчийн монооксидыг маш сайн шүүж, ариутгадаг. Улмаар ногоодой цэцэгтэй орчинд хүмүүс толгой өвдөх, тархи манарах зэрэг таагүй үзэгдлүүдийг мартах болно. Мөн дөнгөж төрсөн хүүхдүүдийн цээж хэржигнэж байхыг та сонсож байсан байх. Тэгвэл ногоодой цэцэг үүнд ч мөн сайн тустай.

Авиргана

авиргана цэцэг хүний анхаарал төвлөрч, сэтгэн бодох чадвар нэмэгдүүлэхэд онц сайн тустай юм байна. Тиймээс авиргана цэцгийг бичгийн ширээний орчимд байрлуулах хэрэгтэй. Авиргана нь компьютер, принтер, цааснаас ялгарах өнгөгүй хорт бодисыг өөртөө шингээж саармагжуулдаг. Мөнхийн ногоон өнгөтэй, мөлхөж, авирч ургадаг энэхүү цэцэг нь агаар дахь формальдегид буюу ахуйн газ, дсп хавтан болон бусад барилгын материалаас ялгардаг хорт бодисыг цэвэрлэдэг. Тиймээс хийн зуух хэрэглэдэг эзэгтэй нар гал зуухны өрөөндөө гоёмсогоор зохиомжилж ургуулбал нэн тохиромжтой.

Драцена
NASA-гийн судалгаанд энэхүү цэцгийн нэг навч нь 24 цагт 7,5 см2 талбай дахь агаарыг цэвэршүүлдэг гэж тогтоосон байдаг. Энэ нь хамрах хүрээгээрээ эхний гуравт орох өндөр үзүүлэлт юм. Өндөр ургадаг, урт гоёмсог навчтай тул драцена (Луу мод) цэцэг гэрийн интерьер дизайнд гэгээлэг, байгалийн уур амьсгал оруулж өгдөг онцлогтой. Зочны өрөө болон бусад зай талбай ихтэй газруудад байршуулахад илүү тохиромжтой. Гол нь энэ ургамал гэрэлд маш дуртай гэдгийг анхаарч байрлуулах газраа сонгоорой. Мөн драцена төрлийн өөр олон цэцэг байдаг бөгөөд тэд бүгдээрээ агаар маш сайн цэвэршүүлэх чадвартай.

Нөмөргөнө
Бид нөмөргөнө цэцгийг хаа сайгүй л олж хардаг хамгийн түгээмэл ургамал. Учир нь тэр бол агаар дахь нянг 60 хувь хүртэл бууруулах онцгой чанартайн дээр эмэгтэйчүүдэд бүр ч илүү ач тустай цэцэг юм. Нөмөргөнө цэцэг агаарт ууршсан ацетон болон алкахоль агуулсан бодисыг шингээж авдаг учраас гоо сайхны бүтээгдэхүүн их байдаг толь болон угаалгын өрөө зэрэгт байршуулахад тохиромжтой. Угаалгын өрөөнд нөмөргөнө цэцэг тавьснаар хөгц, мөөгөнцөр үржихээс сэргийлж болдог. Энэхүү цэцгийг тарьж ургуулсан хүмүүс гэртээ байн байн найтаалгах, толгой эргэх зэрэг таагүй зүйлсээс ангижирч, эрүүл сайхан арьстай байх болно.

Мөнхрөө
Хамгийн шилдэг агаар цэвэршүүлэх чадвартай цэцэг гэх тодотголыг ногоодой цэцэгнээс гадна мөнхрөө цэцгийг нэрлэдэг. Агаар дахь элдэв химийн хорт бодисыг шүүж цэвэрлэхээс гадна мөнхрөө өдөр, шөнийн аль ч цагт хүчилтөрөгч ялгаруулдаг байна. Нарны шууд тусгалаас хол газар байрлуулах хэрэгтэй тул хүмүүс түүнийг чимэглэлийн зорилгоор цонхгүй орчинд олноор нь эгнүүлэн тарьж интерьер дизайны өвөрмөц шийдэл гаргадаг.

Зуун наст
Зуун наст цэцэгний анагаах чадварын тухай сонсож байгаагүй эмэгтэй хүн гэж үгүй биз ээ. Гоо сайханд, дотор эрхтэнд маш сайн нөлөөтэй энэхүү цэцгийг гэртээ олноор нь тарьвал ямар ч өндөр технологийн агаар шүүгчнээс илүү үр дүнтэй байх болно. Цахилгаанаар ажилладаг агаар шүүгч нар эдийн засгийн нэмэлт зардал шаарддаг бол зуун настыг тарихад гэрэл, ус хоёроос өөр нэмэлт зүйл бараг хэрэггүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​Саудын Арабын Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив DNN.mn

Саудын Арабын Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Абдулрахман Ахмад Аль-Харби Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч уулзан, Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэв.
Ерөнхийлөгч НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын ээлжит бага хурлуудыг Саудын Арабын Хаант Улс болон Монгол Улс тус тус хүлээн авч зохион байгуулах чиглэлээр олон улсын тавцанд харилцан уялдаатай ажиллаж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Цаашид хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй, байгаль орчин зэрэг салбарт хөгжүүлэх боломж байгааг тэмдэглэв.
Элчин сайд Абдулрахман Ахмад Аль-Харби Монгол Улсын Ерөнхийлөгчид Саудын Арабын Хаант Улсын Хаан, хоёр ариун сүмийг хамгаалагч Эрхэм дээд Салман бин Абдулазиз Аль-Сауд-ын халуун дотно мэндчилгээг уламжлав.
Мөн Монгол, Саудын Арабын харилцааг улам бэхжүүлэх, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв.