УИХ-ын гишүүн, УИХ-ын “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий түр хорооны дарга Г.Ганболдтой ярилцлаа.
-Та саяхан тойрогтоо ажиллаад ирэх шиг болсон. Орон нутаг, иргэдийн аж байдал ямаршуу байна вэ?
-Малын тоо толгой өссөн, зуншлага тааруу байсантай холбоотойгоор орон нутагт өвөлжилт хүнд байна. Өвөрхангай аймгийн хангайн сумд цас ихтэй, амаргүй байна. Малчдын зүгээс хөнгөлөлттэй үнээр олгож байгаа өвс, тэжээлийн хэмжээг нэмэгдүүлэхийг хүсч байна. Улсын онцгой комиссын шийдвэрээр сум бүрд 40-50 тонн өвс тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй олгож байгаа. Хэдийгээр нэг аймагт мянгаад тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй олгож байна гэж байгаа боловч нэг малчин өрхөд нэг шуудай тэжээл ногдож байна. Тиймээс Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Уянга зэрэг өвөлжилт хүндэрч байгаа сумдад хөнгөлөлттэй үнээр олгох өвс тэжээлийн дэмжлэгийг нэмж өгөхийг УОК, Шадар сайдад уламжилсан. УОК-ын дарга өвөлжилт гайгүй байгаа аймгуудын улсын нөөцөд байгаа тэжээлээс хүндэрсэн сумдад тодорхой хэмжээний тэжээлийг нэмж өгье гэсэн.
Төгрөгийн ханш суларч байгаатай холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байгааг, тэр дундаа гурилын үнэ болон өргөн хэрэглээний бараа материалын үнийг буулгах чиглэлд анхаарч ажиллахыг орон нутгийн иргэд хэлж байна. Орон нутгийн бизнес эрхлэгчид Эрээнээс бараа бүтээгдэхүүн татахад амаргүй болсон. Үүнд нэн тэргүүнд анхаарч ажиллахыг хүссэн. Хаврын чуулган эхлэхээр энэ асуудлуудыг Засгийн газар, Монголбанкны түвшинд ярина.
Түүнчлэн Сар шинэ болох гэж байгаатай холбогдуулж ахмадууд тэтгэврийн зээлийн хугацааг сунгаж өгөх хүсэлт их тавьж байна. Харин төрийн албан хаагчидтай уулзахад, орон нутгийн төрийн албан хаагчдын цалин тэр дундаа улс төрийн албан тушаалтан болох багийн дарга нар, сумын Засаг даргын цалин хамгийн бага байгааг хэлж байна. Босоо удирдлагатай төрийн захиргааны албан хаагчдын цалингийн нэмэгдлийг шийдэж өгөхгүй бол сумдад ажиллах төрийн албан хаагчид эрс буурч байгааг ч анхааруулсан. Төрийн албаны хуулийн босго өндөр, хариуцлага өндөр, цалин бага байгааг хэлж байна лээ. Ер нь Монгол Улсад сүүлийн хэдэн жил цалингийн нэгдсэн тогтолцоо гэдэг зүйл байхгүй болсон. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам улсын хэмжээнд цалингийн нэгдсэн бодлогыг барьж ажиллах ёстой. Харамсалтай нь уг яам цалингийн нэгдсэн бодлогыг алдсан. Сайд нар салбар салбартаа дур зоргын шийдвэр гаргадаг болсон. Хэн хүчтэй нь төсөв дээр урсгал зардал тавиулдаг, тэрийгээ өөрийнхөө тааллаар бараг журам гаргаж салбарынхныхаа цалинг нэмэх гэж уралддаг болсон. Үүнтэй холбоотой яамдын төрийн албан хаагчдын цалингийн шатлал үнэлэмж өөр болсон. Үүнээс гадна малын гаралтай түүхий эдийн үнэ өртгийг тогтвортой байлгахад анхаарах ёстойг хэлж байна лээ. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ноолуурыг түүхийгээр нь гаргахыг хориглосон. Энэ шийдвэрийг эргэж харахгүй бол ноолуурын үнэ хавар бага байх магадлалтайг хэлж байна лээ. Засгийн газраас угааж, самнасан ноолуур хилээр гаргахаар зохицуулсан. Монголд ноолуурыг угааж самнах үйлдвэрийн суурилагдсан хүчин чадал 60 орчим хувьтай байна. Тиймээс тэдгээр компаниуд Засгийн шийдвэрийг ашиглаж дотооддоо монопол болох гэсэн асуудал их байна. Дотоодын үйлдвэрийг дэмжих олон бодлогыг Засгийн газар, УИХ-аас гаргаж байгаа. Цемент, гурилын үйлдвэрийг дэмжих үүднээс гаалийн татварыг нэмсэн. Харамсалтай нь цементийн гаалийн татварыг нэммэгц дотоодын үйлдвэрүүд цементийн үнийг нэмчихсэн. Аргаа бараад цементийн татварыг хэсэг хугацаанд чөлөөлсөн шүү дээ. Үүнтэй адил гурилын үйлдвэрүүд монопол болчихоод байвал бид улаан буудайн гаалийн татварыг тэглэхээс өөр аргагүй болно. Ингэж зах зээлийнх нь жамаар явуулахгүй бол төрийн бодлогыг хувийн хэвшлийнхэн өөрсдийгөө дэмжих бодлого гэж харахаас илүү ашиг олох том боломж гэж хараад байна. Тиймээс үүнийг эргэж хармаар юм билээ. Үүнд Эдийн засаг, хөгжлийн яам тодорхой судалгаа хийх ёстой. Дотоодын цементийн үйлдвэрүүдийн нэг жилийн хүчин чадал нэг сая тонн хүрдэг эсэхийг тодорхой болгох хэрэгтэй. Ингээд дотоодын цементийн хэрэглээ хэр хэмжээнд байгаатай уялдуулж дутуугаа импортоор нөхөхгүй бол энэ жил цементийн үнэ өсөх магадлалтай. Гурилын үнэ ч адил.
-ҮХНӨ оруулах асуудалд иргэд ямар байр суурьтай байна?
-Орон нутгийн иргэд төрийн албан тушаалтнуудын хулгай зэлгийд бухимдалтай байна лээ. Иргэд төрд үл итгэсэн байдал ажиглагдаж байна. Тиймээс төрд үүрлэсэн хулгай зэлгийг яаралтай цэгцэлж, буруутай нөхдөд хариуцлага тооцож явах ёстой гэдгийг ойлгож байгаа.
-Намрын чуулганы үр дүнг та хэрхэн дүгнэж байна?
-Намрын чуулганаар баталсан гол хууль бол 2023 оны улсын нэгдсэн төсөв. Би УИХ-ын Төсвийн ажлын хэсэгт ажилласан. Энэ жилийн төсөв өмнөх жилүүдийнхээс онцлог болсон. Төсвийн орлогыг нэмэхийг шахсан. Гурван их наяд төгрөгөөр нэмсэн. Төсвийн хөрөнгө оруулалтуудыг тэглэсэн. Энэ жилийн төсөвт гуравхан зүйл л нэмэгдсэн. Нэгдүгээрт, элэгний Д вирусийн эсрэг эмийг оруулж ирэхэд тодорхой хэмжээний санхүүжилт тусгасан. Хоёрдугаарт, Боомтын сэргэлтийн яам байгуулагдсан учраас тус яаманд төсөв тавьсан. Гуравдугаарт, ой модоо хортон шавьжаас хамгаалах чиглэлд төсөв суулгасан. Мөн хүүхдийн асрамжийн газарт тодорхой хэмжээний мөнгө тавьсан. Эдгээрээс өөр ямар ч асуудалд хөрөнгө мөнгө нэмээгүй. 2023 оны нэгдсэн төсвийг баталсантай холбоотойгоор төсөв дагасан олон хуулийг чуулганаар баталлаа. Мөн хаврын чуулганаар томоохон хэд хэдэн багц хуулийг хэлэлцэнэ. Миний хувьд Газрын багц хууль, Боловсролын багц хуулийн ажлын хэсэгт ажиллаж байна.
-Та бид хоёрын ярилцах дараагийн сэдэв бол нүүрсний хулгай. Олны дунд хэлэгддэг нэршлээр бол та Нүүрсний хулгайг шалгах түр хорооны дарга. Тиймээс асуухад, түр хорооны ажлын явц ямар шатанд явна вэ?
-Хянан шалгах ажил үргэлжилж яваа. Маш олон хуудас материалууд байна. Тиймээс цаг хугацаа их орж байна. Ирэх гуравдугаар сард хяналтын сонсголоо хийнэ гэж төлөвлөж байна. Сонсголыг дөрвөн сэдвээр зохион байгуулна.
Нэгдүгээрт, нүүрсний 178 гэрээтэй холбоотой асуудлаар сонсгол зохион байгуулна. Уг сонсголын хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ямар шийдвэр гаргасан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Засгийн газар ямар шийдвэр гаргасан. Яагаад нууцад оруулсан. Нууцад аваад яагаад энэ компанитай гэрээ хийх болсон. Тендер зарласан эсэх. Уг гэрээг хийснээр тэрхүү гэрээний ямар заалт нь улс оронд ямар хохирол учруулсан гэдэг талаар хэлэлцэнэ. Мөн шинжээчдийн дүгнэлтийг гаргуулна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар, Эрдэнэс Таван толгойн ТУЗ, тухайн үед удирдлагаар ажиллаж байгаад өнөөдөр хоригдож буй хүмүүсийг болон Эрдэнэс Таван толгойтой гэрээ байгуулсан Бодь групп, бусад аж ахуйн нэгжүүдийг дуудаж асууна.
Хоёрдугаарт, нүүрсний бодит хулгайтай холбоотой нотлох баримтаа үнэлнэ. Тодруулбал, нүүрсний бодит хулгайтай холбоотой хянан шалгагчдын илрүүлсэн нотлох баримтууд, Гаалийн байгууллагуудын илрүүлсэн нотлох баримтууд, олон улсын сайтуудаас авсан нотлох баримтуудыг үнэлнэ. Нүүрсний бодит гэрээнүүдтэй холбоотойгоор нүүрс ачаагүй хоосон машин гаргасан гэх асуудлууд байна. Эсвэл Эрдэнэс Таван толгой болон бусад газруудаас гаалийн баталгаат талбай дээр нүүрсээ буулгачихаад цаашаа гаргахдаа түүнээс илүү хэмжээгээр нүүрс гаргасан асуудлууд байна.
Нүүрсний ангиллын зөрүү ч байна. Нэг тонн эрчим хүчний нүүрсийг 10 ам.доллараар зарсан асуудал ч байна. Тиймээс лабораторийн ангиллаар эрчим хүчний нүүрс гэдгийг яаж тогтоосон, гаргах явцдаа дээж авч хэдэн удаа лабораторийн шинжилгээ хийлгэсэн гэх зэргээр тодруулах зүйлс их байна. Энэ бүрийг тодруулах гэж оролдож байна. Тиймээс энэ хүрээнд гэрээ хийсэн талууд, гаалийнхан гэрчээр оролцоно. Тухайн үед гаалийн шалгалт хийж байсан болоод Хилийн шалган нэвтрүүлэх байгууллагын ажилчид гэрчээр оролцоно. Мөн “хоосон машин” гэсэн бичигтэйгээр хил гарсан жолоочдыг гэрчээр оролцуулна.
-“Хоосон машин” гэдгээр хичнээн тонн нүүрс хэр их машин гарчихсан байна вэ?
-Нэг машин 600 удаа хоосон гарсан байна. Үүн шиг 21 мянган машин таван мянган удаа хоосон гарсан байгаа юм. Хоосон машин гэдгээр халхавчилж гаргасан нүүрс нь дандаа нэг, хоёр л талбайгаас гарч байсан. Гаалийн хяналтын талбай, гаргадаг машинууд нь, тухайн үед гаргасан байцаагч нар бүгд уялдаа холбоотой схемчлэгдсэн байгаа юм. Тиймээс тэдгээр хүмүүсийг бүгдийг нь дуудаж асууна.
Гуравдугаарт, бөмбөлөг тээвэр, С зөвшөөрөл, PCR шинжилгээтэй холбоотой асуудлууд бий. Бөмбөлөг үүсчихээд байхад бөмбөлөгт оруулахгүйгээр гаргаж байсан тохиолдлууд ч их илэрч байна.
-Хэр их?
-Одоогийн байдлаар 50 гаруй машин тогтоогдсон. Хуулийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгээд шалгагдаж байна. Ер нь хяналт шалгалтын явцад эрүүгийн хэрэг үүсгэгдээд явж байгаа хэргүүд бий. Мөн төмөр замын тээвэртэй холбоотой асуудал ч байна. Хувийн компани, аж ахуйн нэгжүүдийг төмөр замаар явуулахын тулд төмөр замын байгууллага тодорхой рейсийг нь өөрсдөө ашигладаг байж. 50 вагонтой хүн байлаа гэхэд сард таван удаа явуулах зөвшөөрөл өгөөд гурван удаад нь хувийн компани ачаагаа зөөх, хоёрыг нь төмөр замынхан өөрсдөө ашигладаг нь илэрсэн. Энэ мэтээр олон зүйл бий. Үүнийг нийгэмд сонсголоор тодорхой болгоно. Үүний дараа үргэлжлүүлэн шалгах, эзэн холбогдогчийг тогтоож хэрэг үүсгэх, тухайн хүмүүсийн хамаарлыг тогтоох, дансны хуулгыг нь үзэх гэдэг ч юмуу илүү нарийвчилж тогтоох нь хуулийн байгууллагын ажил. Манай Түр хороо хуулиар өөрийн гэсэн хязгаартай. Тэрхүү хязгаараас давахгүйгээр өөрсдийн нотлох баримтын хэмжээнд ийм асуудлууд байна гэдгийг тогтооно.
-“Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг дуудаж асууна” гэлээ. Тухайн үеийн ҮАБЗ-д одоогийн Ерөнхийлөгч, одоогийн УИХ дарга байсан. Тэднийг дуудаж асуух юм уу…
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг үзнэ. ҮАБЗ-ийн шийдвэр нь нууцад ав гэсэн байдлаар гарсан бол өөр асуудал. Ер нь ҮАБЗ зөвлөмж гаргадаг. Тухайн зөвлөмжийг хэрэгжүүлэх эсэх нь Засгийн газар, ТУЗ-ын бүрэн эрхийн асуудал учир, гарсан шийдвэртэй холбогдуулж хэнийг дуудахаа тогтоно.
-Хэрвээ нууцад ав гэсэн байвал яах вэ?
-Тийм бол ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргыг ч юм уу дуудаж асууна. Улсын нууцтай танилцах эрх бүхий хүмүүс тухайн заалттай танилцаж байгаа. Хоёрдугаар сард багтааж хэнийг гэрчээр дуудахаа зарлана.
-Та бүхний шалгалтаар одоогоор ямар хэмжээний хохирол үүсчихээд байна вэ?
-Хэдэн төгрөгийн хохирол учруулсныг бид тооцох боломжгүй. Алдагдсан боломж ярина гэвэл асар их болно шүү дээ. Хувь хүн бидэнд ч алдагдсан боломж байна. Бидэнтэй адилхан л хувь хүмүүс тэрбумтан болчихоод явж байна. Бидэнд тийм боломж байсан уу гэвэл байсан. Энэ бол алдагдсан боломж. Хонконгийн хөрөнгийн бирж дээр зарсан бол ингэх байсан юм гэвэл хэцүү шүү дээ. Монголын тээвэр ложистикийн асуудал юу билээ гэдгээ бодох хэрэгтэй. Дэлхийн зах зээлд хүргэхийн тулд хил гааль хүртэл тээвэрлэх, Хятадын дотоод тээвэр ложистикийг хариуцна гэдэг амаргүй шүү дээ. Нэг сая нүүрсийг хулгайд алчихав уу, эсвэл хоёр саяыг уу гэдгийг нотлох гээд л бид нотлох баримт цуглуулж яваа шүү дээ.
-Хилийн шалганг гэрчээр оролцуулна гэлээ. Энэ байгууллага нүүрсний хулгайтай ямар холбоотой гэж харж байгаа вэ. Нүүрсний хэрэгт холбогдоод байгаа Ц.Сэргэлэн гишүүн Хилийн шалган оролцох ямар ч боломжгүй гээд байгаа шүү дээ?
-Хилийн шалган нэвтрүүлэх байгууллагаас хоосон гарсан машиныг бүртгэж байсан эсэх зэргээр асууж тодруулах зүйлүүд бий.
-Нотлох баримтыг цуглуулж байх явцад анхаарал татсан ямар баримтууд шинээр ил болов?
-Гаалийн талбай дээр буулгасан нүүрсний компаниудын нүүрс хилээр гарахдаа дутсан хэрэг олон байна. Эсрэгээрээ буусан хэмжээнээсээ илүү гаргасан хэрэг ч олон байна. Ярианы эхэнд хэлсэнчлэн нэг машин 600 удаа хоосон гарсан хэрэг ч байна. Энэ мэтээр олон зүйл бий. Хяналт шалгалтын ажил явж байгаа учраас одоогоор нарийн зүйлүүдийг ярих боломжгүй байна. Ажлын үр дүн гарсны дараа тайлангаа бид нийгэмд мэдээлнэ.
-Өнгөрөгч долоо хоногт та гааль дээр ажилласан юм билээ. Гаалиас ямар баримтууд илрэв?
-Гаалийн байгууллагад ажиллаж шинэ удирдлагуудад нь хүсэлт тавьсан. Цагаанхад дээр гаалийн баталгаат 32 талбай байна. Тэр талбай дээр Эрдэнэс Таван толгой гэхэд 170 гаруй гэрээ, Энержи Ресурс зэрэг бусад байгууллагын гэрээтэй буусан нүүрс, хилээр гарсан нүүрс зэргийг бүгдийг нь нийлүүлж шалгах шаардлагатай байна. Тиймээс энэ бүх тоог богино хугацаанд нэгтгэж, нягталж өгөөч гэсэн хүсэлт тавьсан.
Анхаарал татаж байгаа хоёр, гуравхан талбай дээр л хяналт хийхэд нэг талбай дээр наанаас буусан нүүрс цаашаа гарахдаа нэг сая 200 мянган тонн дутуу байна. Зарим талбай дээр наанаас буусан нүүрс нь сая тонноор илүү гарсан гэсэн гаалийн бүрдүүлэлт хийсэн гэх мэтээр олон зөрүү байна. Иймээс үүнийг зайлшгүй нотлох шаардлага үүсч байна. 32 талбайг бүгдийг нь шалгаж өгөх хүсэлт тавьсан. Гаалийнхан тусалъя гэсэн.
-Түр хорооны ажлыг удаашруулж, саад болж байгаа зүйл юу байна?
-Түр хорооны ажилд саад болж байгаа зүйл алга. Цаг хугацаа нэлээн орж байна. Нууц гэрээнд орсон есөн гэрээний Цагаанцавын усны гэрээ гэхэд л 900 хуудас гэрээ байгаа юм. Эдгээр гэрээнүүдийг үзэж, шинжээчийн дүгнэлт гаргахад төвөгтэй байна. 178 нүүрсний гэрээг үзэхэд ч мөн төвөгтэй байна. Гэрээнүүдийн хувьд жишээлбэл, Эрдэнэс Таван толгой дээр санхүүжилтийн ерөнхий гэрээ байдаг. Монголын төмөр зам дээр гэхэд ажлын гэрээ нь тусдаа гэх зэргээр цаг хугацаа шаардсан ажлууд олон бий. Цөөн хүнтэй ажиллаж байгааг ч хэлэх үү. Бусдаар саад болж байгаа зүйл байхгүй.