Categories
гадаад мэдээ нийгэм

Тагнуулын бөмбөлөгтэй холбогдуулан тайлбар хийжээ DNN.mn

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин Бээжин хотод гадны сэтгүүлчдийг оролцуулсан хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгэндээ өнгөрсөн 2022 оноос хойш АНУ-ын өндөр нислэгийн агаарын бөмбөлөг 10 удаа БНХАУ-ын агаарын хилд хууль бусаар нэвтэрсэн гэсэн байна.

“АНУ-ын хувьд бусад орны агаарын орон зайд зөвшөөрөлгүй нэвтрэх нь ховор үзэгдэл биш бөгөөд манай улсын агаарын хилийг доод тал нь 10 удаа зөрчихдөө тодорхой тайлбар өгч байгаагүй. Үүний хариу болгож Бээжин хариуцлагатай, мэргэжлийн арга хэмжээ авсан” гэж Ван Вэнбин мэдэгдэлдээ дурдлаа. Харин Цагаан ордон БНХАУ-ын энэ мэдэгдлийг эрс няцааж, Хятадын дээгүүр тагнуулын ямар ч бөмбөлөг хөөргөөгүй гэжээ.

Энэ сарын 4-ний өдөр АНУ агаарын орон зайд нь нэвтэрсэн Хятадын агаарын бөмбөлгийг сөнөөгч онгоц ашиглан буудаж унаган тагнуулын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байсныг нь олж тогтоосон. Үүний дараа Хойд Америкийн агаарын орон зайд нэвтэрсэн гурван нисдэг биетийг АНУ унагасан гэдгээ мэдэгдсэн юм. Харин сүүлд унагасан гэх энэхүү гурван нисдэг биетийн талаар ямар ч мэдээлэлгүй байгаа ч тэдгээрийг устгахын тулд дэвшилтэд пуужинг ашиглаж байгаа нь хэт сүржигнэсэн хэрэг гэж БНХАУ үзжээ. Хоёр улсын хооронд үүсээд буй энэ асуудлаас болж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен БНХАУ-д хийхээр товлосон айлчлалаа цуцалсан юм.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Европын холбооны зөвлөл саарал жагсаалтаа шинэчилжээ DNN.mn

Европын холбооны зөвлөл татварын хуулийн хувьд асуудалтай, үүнийгээ арилгах талаар холбоотой хамтран ажилладаггүй улс, бүсийн саарал жагсаалтаа шинэчилжээ.

Жагсаалтад Орос, Британийн Виржинийн арлууд, Маршаллын арлууд, Коста-Рикаг нэмсэн. Мөн татварын хууль тогтоомжоо шинэчилсэн Барбадос, Ямайк, Умард Македон, Уругвай зэрэг хэд хэдэн улсыг саарал жагсаалтаас хассан байна.

Хонконг, Малайз, Катар татварын өрсөлдөөний олон улсын стандартын үл нийцлээ арилгах хугацаа авчээ. Ингээд саарал жагсаалтад нийт 16 улс багтсан байна. Ихэвчлэн Багамын арлууд, Панам, Тринидад ба Тобаго, Вануату зэрэг офшор бүсүүд үлджээ.

ОХУ өмнө нь “Асуудалтай хэдий ч Европын холбоотой хамтран ажиллаж, татварын хуульдаа олон улсын стандартын дагуу өөрчлөлт оруулахад бэлэн улс” гэсэн жагсаалтад байсан юм.

Гэвч 2022 онд татварын хууль тогтоомждоо өөрчлөлт оруулсан хэр нь олон улсын холдинг компаниудад тусгай горим хэрэгжүүлдэг хортой үйлдлээ арилгах үүргээ биелүүлээгүй гэнэ. Мөн татвартай холбоотой асуудлаар Оростой хийж байсан яриа хэлэлцээ Украины эсрэг Оросын түрэмгийллээс хойш мухардалд орсон гэж Европын холбооны зөвлөл тэмдэглэжээ.

Оросын Сангийн яам Европын холбоог ямар шалтгаанаар шийдвэр гаргасан нь тодорхойгүй, энэ асуудлаар огт зөвлөлдөөгүй гэж мэдэгджээ.

Саарал жагсаалтад орсноор Оросын компаниуд Европын холбоонд зарим төрлийн татварын хөнгөлөлт эдлэх боломжгүй болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр тохиож байна DNN.mn

Тайлбар байхгүй.

Өнөөдөр хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр тохиож байна.

Дэлхийд жил бүр 400 мянган хүүхэд хорт хавдартай гэж оношлуулж байна. Зонхилон тохиолдох өвчлөлд цусны, төв мэдрэл, элэг, ясны хорт хавдар орж байна.

Хүүхдийн хорт хавдар нь ямар ч насанд тохиолдож болдог. Манай улсад жилд дунджаар энэ төрлийн хавдрын 100 гаруй тохиолдол бүртгэгддэг гэж ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгийн эрхлэгч н.Дэлгэрцэцэг ярилаа.

Mongolian National Radio · Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр тохиож байна

ДЭМБ-аас 2030 он гэхэд хавдартай хүүхдүүдийн амьдрах чадварыг 60 хувьд хүргэх, эмчилгээний чанар хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилго тавьжээ.

Categories
мэдээ цаг-үе

Сар шинийн баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй DNN.mn

Сар шинийн баяр ойртсонтой холбогдуулан Замын Хөдөлгөөний Удирдлагын Төв(ЗХУТ), Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-наас замын хөдөлгөөний зохион байгуулалт ямар байгаа цаашид авах арга хэмжээ, ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.

ЗХУТ-ийн Хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэлтсийн дарга Н.Намуу “Энэ жил шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй” гэв.

Нэгдүгээр сарын 30-наас хойш буюу сурагчдын амралт дуусаж сар шинийн баяр ойртож байгаатай холбоотойгоор иргэдийн зорчих хөдөлгөөн ихсэн худалдаа үйлчилгээний томоохон захууд руу чиглэсэн зорчих хөдөлгөөн нэмэгдэж Намьяанжүгийн гудамж, Их тойруу, Нарны гүүр, Нарны зам, Чингэлтэйн өргөн чөлөө, Москвагийн гудамж, Энэбишийн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэргээр өдрийн турш ачаалалтай байгаа талаар мэдээллээ.

ТЦА болон ЗХУТ-өөс замын ачааллыг бууруулах ажлуудыг шат дараалалтайгаар хийж байгаа бөгөөд тэдгээр нь үр дүнтэй байгааг онцолж байв.

2023 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Зайсан тойруу, Дүнжингарав замын зарим хэсэг, ХААИС-ийн зүүн хойд уулзварт хөдөлгөөн зохион байгуулалт хийснээр дараах гудамж талбайнуудад сайн нөлөө үзүүлсэн байна.

  • МУБИС-ийн уулзвар /Зүүнээс баруун/
  • Яармагийн гүүр /Баруунаас зүүн/
  • Энхтайваны гүүр /Хойноос урагшаа/

Өмнө нь оргил ачааллын үеүдээр гол гудамж замуудад нэг талыг барьсан таталт их хийдэг байсан бол одоо замын голд тээврийн цагдаагийн албаны алба хаагчийг оруулахгүйгээр үндсэн чиг үүргийн дагуу буюу замын хөдөлгөөний хууль дүрмийг сахиулан биелүүлэх хяналтын ажлаа хийсэн нь илүү оновчтой гэж үзсэн байна.

Цаашид Зайсан тойргийн хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулахын тулд 21 хоногийн хугацаанд судалгаа хийсэн бөгөөд судалгааны үр дүнд “School police” хөтөлбөрийг идэвхжүүлэх, явган хүн болон тээврийн хэрэгсэлд зориулсан зорчих тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, Зайсан тойруу зүүн талын зорчих хэсгийн эгнээг өргөтгөн шинэчлэх, явган хүний зам, автобусны буудлуудыг засаж шинэчлэх ажлуудыг төлөвлөөд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн банкинд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулахаар боллоо DNN.mn

Хөгжлийн банкинд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатараас 14 өмгөөлөгч татгалзаж, үдээс өмнөх хэлэлцүүлгийг түр хойшлуулсан.

Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчдийн зөвлөгөөнөөс тухайн өмгөөлөгчдийн татгалзал үндэслэлгүй байна хэмээн үзэж, урьдчилсан хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр шийдсэн билээ.

Харин хуралдаанд оролцож буй өмгөөлөгч П.Одонтунгалаг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4.2 дахь хэсэгт үндэслэн хэлэлцүүлгийг хаалттай явуулах санал гаргасан. Энэхүү хүсэлтийг прокурорын зүгээс үндэслэлтэй гэж үзсэн байна.

Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар өмгөөлөгчийн саналыг хүлээн авч, хэлэлцүүлгийг хаалттай явуулахаар болов.

П.Одонтунгалаг нь Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярын өмгөөлөгчөөр уг хэлэлцүүлэгт оролцож буй.

“Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярыг яллагдагчаар татсан юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн тэргүүний тариаланчид тодорлоо DNN.mn

Сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ферм эрхлэгчид, тариланчдын нийгэмд оруулж буй хувь нэмрийг үнэлэн шагнаж, урамшууллаа.

Шагналыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нар гардууллаа.

Нийслэлийн тэргүүний тариаланч:

  • Хан-Уул дүүргийн тариаланч З.Эрдэнэчулуун, Т.Ламчин,
  • Чингэлтэй дүүргийн тариланч Ж.Нацагням,
  • Нийслэлийн тэргүүний тариаланч хамт олон:
    • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Хос Мөнхжин” ХХК \
    • Нийслэлийн аварга фермерч:
      • Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны оршин суугч А.Бат-Эрдэнэ
      • Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны оршин суугч Г.Чинболд
      • Баянзүрх дүүргийн 37-р хорооны оршин суугч П.Бат-Ирээдүй
      • Мөн Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулагдсан улс, бүсийн болон бусад наадам, хурдан морьдын уралдаанд уясан морьд нь амжилт гаргаж, цолны болзол хангасан Ө.Лхагвасүрэнг “Нийслэлийн алдарт уяач” цолоор шагналаа.
Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: ТҮЦ ажиллуулдаг иргэнийг дээрэмдсэн гэх хэргийг шалгаж байна DNN.mn

Зургаан залуу бүлэглэн ТҮЦ ажиллуулдаг иргэний мөнгийг дээрэмдсэн гэх хэрэг энэ сарын 15-ны өдөр гарчээ.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Хэргийг шалгаж байна” гэв.

Тэд дэлгүүрийн худалдагчийн анхаарлыг өөр тийш хандуулан орлогыг нь аваад зугтах гэсэн бичлэг цахим орчинд тавигдсан байна.

Categories
гадаад мэдээ

Нуранги дороос 8000 мянга гаруй хүнийг аварчээ DNN.mn

Эрэн хайх, аврах ажиллагааны алба хаагчид 8000 гаруй хүнийг нуранги дороос гаргажээ. Мөн бэртэж, гэмтсэн 81 мянга орчим иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна.Туркийн томоохон хотуудыг хамарсан газар хөдлөлт нь нийт 20 сая гаруй хүнд их, бага хэмжээний хохирол учруулаад байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ. Тухайн газар хөдлөлт 500 атомын бөмбөг дэлбэлсэнтэй тэнцэхүйц хэмжээний хүчтэй байсныг мэргэжилтнүүд мөн онцлоод буй.

ДЭМБ-аас газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо хоёр дахин нэмэгдэх магадлалтай анхааруулсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүрэгт “Сургуулийн автобус” төсөл хэрэгжиж эхэллээ DNN.mn

Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар хамтран “Сургуулийн автобус” төслийг 4 дэх жилдээ хэрэгжүүлж байна.

Тэгвэл энэхүү төсөл Баянгол дүүрэгт хэрэгжихээр болж, Нийслэлийн боловсролын газраас долоон автобус өгснийг сургуулийн захирлуудад хүлээлгэж өглөө.

Ингэснээр сар шинийн баярын дараагаас эхлэн дээрх автобуснууд 7 чиглэлд гэр-сургууль гэсэн маршрутаар хүүхэд багачуудад үйлчлэхээр болж байна.

Тухайлбал, хүн ам ихээр төвлөрсөн “Алтай хотхон”-оос 73-р сургууль чиглэлд нэг сургуулийн автобус үйлчлэх бол “Эрин хороолол”, “Хар хорин”, “Өнөр” хорооллоос Эрдмийн өргөө сургуульд сурдаг сурагчдад нэг автобус үйлчилнэ.

Мөн дүүргийн гэр хорооллын хороод буюу нийтийн тээврийн автобус явдаггүй 9, 10, 21, 22, 23 дугаар хорооны сурагчид маань эцэг, эх, асран хамгаалагчгүйгээр гэр-сургууль гэсэн чиглэлээр сургуулийн автобусаар үйлчлүүлэх боломж бүрдэж байна.

Манай дүүргийн хувьд байшин хороолол зонхилсон төвийн дүүрэг бөгөөд хамран сурах тойрог зэргийг харгалзан өмнө нь энэ төсөл хараахан хэрэгжээгүй байсан юм.

Улмаар сурагчдын аюулгүй зорчих эрхийг хангах, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах зэрэг зайлшгүй тулгамдаж байгаа олон асуудлын хүрээнд Нийслэлийн боловсролын байгууллага болон холбогдох бусад газруудад хүсэлт тавьснаар “Сургуулийн автобус” төсөл манай дүүрэгт хэрэгжихээр болж байна.

Мөн дээрх чиглэлүүдэд судалгаа хийхэд 11 сургуулийн 4900 гаруй сурагч нийтийн тээвэр болон бусад тээврийн хэрэгслээр гэр-сургууль чиглэлд зорчдог. Үүнээс хичээлийн 1, 2 дугаар ээлжид бага ангийн 2250, дунд ангийн 1800 гаруй сурагч зорчиж байна гэсэн судалгаа гарсан юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

НӨАТ: Гурван супер азтан тодорч, 5-30 сая төгрөгийн эзэн боллоо DNN.mn

2023 оны нэгдүгээр сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг оруулсан НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр Боловсрол суваг ТВ болон ebarimt аппликэйшнээр шууд явагдлаа.

Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 61,298,428 төлбөрийн баримт хэвлэгдсэнээс 37,032,515 сугалаанд өрсөлдлөө. Үүнээс 36,905 азтан тодорлоо.

Тохирлын дүн:

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 33,138
  • 4 орон таарсан /40,000-100,000/: 3,367
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 365
  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 30
  • 7 орон таарсан /500,000- 10 сая/: 2
  • 8 орон таарсан: 3 супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.

Супер азтаны сугалааны дугаар: 37744585

Супер азтан болсон тохиолдолд татварын газарт өөрийн биеэр очиж хүсэлтээ өгөх бөгөөд үүнээс хойш ажлын 15 хоногт урамшууллын мөнгө орох журамтай. Өнөөдөр Улаанбаатар хотод 29,872 азтан тодорлоо.

Сугалааны тохиролд ШӨХТГ, ЦЕГ, ТЕГ-ын төлөөлөл болон иргэд хяналт тавив.