Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Бригадын генерал Б.Ууганбаяр: Хэрэвзээ өвлийн улиралд Улаанбаатарт газар хөдлөлтийн аюул тохиолдвол хавсарсан гамшиг болно DNN.mn


Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяртай ярилцлаа.


-Юуны өмнө Турк улсад тохиолдсон газар хөдлөлтийн гамшгаас аврах, хамгаалах ажилд амжилттай оролцоод ирсэнд баяр хүргэе. Газар хөдлөлтийн гамшгийн талаар товч мэдээллээр ярилцлагаа эхлэх үү?

-Туркийн газар хөдлөлтийн гамшгийн голомтод ажиллах үүрэг гүйцэтгэх шийдвэрийг Засгийн газар өгөөд, Монголын 35 хүний бүрэлдэхүүнтэй баг очсон. Газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед авран хамгаалах ажиллагааг явуулах алтан дүрэм байдаг. 72 цагийн хугацаанд хүн амьд байх боломжтой гэдэг. Ер нь ховор тохиолдолд хүн 72 цагаас дээш хугацаанд амьд байдаг. Хятадад болсон нэг газар хөдлөлтийн үеэр нэгэн настай эмээ 30 хоногийн дараа амьд гарсан байдаг. Тэр нь хөндий орон зайтай, агаартай газар байсан. Тэр эмээг дэлгүүрт явж байхад газар хөдлөлт болоод, хөндий орон зайд байхдаа дэлгүүрийн бүтээгдэхүүнээс идэж, 30 хоносон байсан. Энэ бол маш ховор тохиолдол. Монгол Улсын эрэн хайх, аврах баг шийдвэр гараад Турк улсын Хатай мужийн Хатай хотод очихдоо 68 цагийг зарцуулсан. Бид 72 цагаас өмнө амжиж очсон. Хатай хотод очсон даруйдаа AFAD буюу манайхаар онцгой байдлын байгууллагын удирдлагын байранд очин, Монгол Улсаас аврах баг ирсэн хэмээн хүнийхээ тоог хэлээд эхнийхээ мэдээллийг өгсөн. Бид байгалийн цаг хугацааны хувьд нэлээд орой бүрэнхий болж байх үед очсон. “Өнөөдөртөө та нар байрлах кемпээ байгуулж болно. Аврах ажиллагаа ч явуулсан болно. Гэхдээ цаг хугацааны хувьд оройтсон учир өнөөдөртөө байраа босгоод хоносон нь дээр” гэсэн хариу өгсөн л дөө. Ажиллагааг ахлаж яваа багийн ахлагчийн хувьд дотроо хэсэг бодсон. Тэгээд 72 цагийн алтан дүрэм байдаг. Ерөөсөө тактикийн хувьд ажиллагаанд оролцъё гэж бодоод бие бүрэлдэхүүнээ цуглуулаад, хоёр хувааж, “Нэг хэсэг нь ар талын асуудлаа хариуцаад байж бай. Би өөрийн биеэр аврагчдаа аваад голомтод очно. Нэг ч гэсэн хүний амь насыг авран хамгаалъя. Бүгдээрээ цаг хугацаа алдахгүй яаралтай ажиллагаанд оролцъё” гэдгээ хэлсэн. Тэгээд Хатай хотын төв рүү очсон. Нэлээн харанхуй болсон үед очсон. Төвд очоод тэнд аврах ажиллагаа зохион байгуулж байсан цөөн тооны хүмүүстэй хамтран ажиллаад, хоёр том хүн, нэг хүүхэд гаргасан. Бас хажууд нь цогцос байсан. Тэр дор нь нохойгоороо эрэн хайх ажиллагааг хийлгүүлсэн. Нохой цогцос байгаа газрыг олж бидэнд дохио өгөөд, цогцсыг гаргах ажлыг хийсэн. Монголын эрэн хайх баг 72 цаг дотроо эрэн хайх ажиллагааг амжиж зохион байгуулан, аврах ажиллагаанд оролцсон гэсэн үг.

-Нөхцөл байдал таны төсөөллөөс хэр байв?

-Нөхцөл байдлын мэдээллийг очтолоо байнга авч байсан. Ер нь Монголд болсон олон аюул ослын голомтод ажилласан. Гэхдээ Туркт байдал төсөөлж байснаас маш өөр байсан. Хатай хотын барилга байгууламжийг бүхэлдээ тэгээд нурчихсан байна гэж ерөөсөө бодоогүй. Телевизээр дайн байлдаантай холбоотой мэдээлэл үзэхэд их буугаар буудахаар орон сууцны барилгын цонхыг нь хагалаад, ханыг нь хэсэг газар цөмлөдөг шүү дээ. Байшинг тэр чигээр нь нураагаад овоолсон шороо болгоод хаячихдагийг тэнд л анх удаа харсан. Бид бүгдээрээ цочирдсон. Ийм юм болчихдог юм уу, ямар сонин юм бэ гээд бүр гайхширалд орсон. Ядаж шөнө үүрэг гүйцэтгэхээр очсон болохоор шөнө харанхуй тоосон дотор бужигнаад л байсан. Маргааш нь гэрэлтэйд хартал энд тэнд ганц нэг нураагүй байшин байгаа нь харагдсан. Гэтэл тэр байшингуудын нэг хоёр давхар газар доор ортол цөм дээрээс нь дараад, дээд давхар нураагүй мөртлөө доод давхрууд нь цөмрөөд орчихсон. Нурсан байшингуудын талаар дүрсэлж хэлэхэд үнэхээр хэцүү. Нураагаад овоолсон шороо л болчихсон байсан. Бүтэн тойроод хартал бүх байшин нь нурчихсан. Газар хөдлөлт гэдэг үнэхээр аймшигтай зүйл юм байна гэдгийг тэр үед мэдэрч, зүрх шимширсэн. Энэ шороон дотроос яаж амьд гарах юм бэ гэж л бодогдсон. Газар хөдлөлт үүрээр 04:00 цаг өнгөрч байх үед тохиолдсон байдаг. Тэр цагаар бүх хүмүүс орон сууцандаа амарч байж таарна. Кинон дээрээс ч тийм зүйлийг хараагүй. Үнэхээр зүрх шимширч тасралтгүй аврах ажиллагаанд оролцоод, олон хүний амь насыг аварлаа. Олон цогцос гаргаж ирсэн. Олон газар нохойгоороо энд хүн байна, цогцос байна гэдгийг илрүүлж таниулж өгсөн. Тасралтгүй ажилласан.

-Аврах багийнхан зорилгоо бүрэн гүйцэлдүүлж чадсан уу?

-Бид гурван зорилготой явсан. Нэгдүгээрт, газар хөдлөлтийн гамшгийн бүсэд эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулах, үүнийг онцгой байдлын алба хаагчид хийнэ. Хоёрдугаарт, газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх. Үүнийг зэвсэгт хүчний томилгоот бүрэлдэхүүн хийнэ. Цэргийн төв эмнэлгийн эмч нар гэсэн үг. Гуравдугаарт, Монголын ард түмнээс өгсөн хүмүүнлэгийн тусламжийг хүргэх зорилготой явсан. Хатай хотод үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын баг гурван зорилго, үүргээ нэр төртэй биелүүлээд буцаж ирсэн.

-Монголчууд энд тэнд газар хөдөллөө мэдэрсэнгүй, дахиулъя гэх мэтээр их тоглоом хийдэг. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээр тоглож болох уу?

-Хэзээ ч тоглож болохгүй. Хэзээ ч газар хөдлөлт гэдэг зүйлээр марзагнаж, тохиолдол болчихлоо, чичирхийлэл өнгөрчихлөө, яачихав, ийчив гэж тоглож болохгүй. Насан туршдаа тоглож болохгүй зүйл гэдгийг яс махандаа шингэтэл ойлгоод ирлээ. Нэг зүйлийг хатуу хэлэхэд хөрөнгөтэй байна уу, хөрөнгөгүй байна уу, албан тушаалтай байна уу, үгүй юу, хэн ч байсан хамаагүй адилхан л ийм тохиолдолд нас барна гэдгийг хэлье. Хатуу сануулъя. Ямар ч тохиолдолд тоглож болохгүй зүйл бол байгалийн давагдашгүй хүчин зүйл газар хөдлөлтийн гамшиг юм байна.

-Улаанбаатар хотыг тойрсон зургаан газар хөдлөлтийн идэвхжилтийн бүс байдаг гэсэн. Хэзээ нэгэн цагт аль нэг нь идэвхижвэл Улаанбаатар хот яах вэ?

-Эмээлтийн газар хөдлөлтийн голомт, Дэрэнгийн газар хөдлөлт гээд Улаанбаатар хотыг тойрсон зургаан газар хөдлөлтийн идэвхтэй бүс байгаа. Одон орон, геофизикийн хүрээлэнгээс сүүлд газар хөдлөлтийн мужлалын зураг гэж гаргасан. Улаанбаатар хотын газар хөдлөлтийн хүч 1 баллаар нэмэгдсэн. Хэрэвзээ 7 баллын нутаг дэвсгэрт байна гээд аль нэг дүүргийн газар нутаг байх юм бол тэр нь 8 балл болсон гэсэн үг. Газар хөдлөлтийн эрсдэл маш өндөр байгаа. Мэргэжлийн байгууллага Газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай зөвлөлөөс байнга л анхааруулж байна. Хатай мужид болсон шиг тийм хүчтэй газар хөдлөлт болоод, тийм хэмжээний нуранги үүсээд хор хохирол амсах юм бол бид эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулахад туйлын хүндрэл үүснэ. Газар дээр нь ажиллаад олон зүйлийг мэдэрч, сурч аваад ирсэн. Хамгийн наад зах нь тэнд нурангин дээр маш олон хүн хань ижил, үр хүүхэд, аав ээжийг хайгаад аврагч нартай зэрэг ажилладаг юм байна. Маш олон байгууллага ирж оролцдог юм байна. Энэ олон байгууллага, энэ олон хүмүүсийн ая занг нь олоод зохицуулна гэдэг хамгийн чухал юм байна. Зохицуулалт гэдэг зүйл бол газар хөдлөлтийн голомтод эхний ээлжинд авах ёстой маш том удирдлагын нэг шийдвэр. Тэгэхээр Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдвол миний төсөөлж байгаагаар бидэнд их л хүндрэл бий болно доо.

-Цаг агаарын хувьд тэнд ямар байв. Манай улс цаг агаарын эрс тэс уур амьсгалтай. Өвлийн эд хүйтэн үеэр тийм хэмжээний газар хөдлөлт болоод нурангиас амьд гарлаа ч гэсэн хөлдөж үхэх аюултай шүү дээ?

-Биднийг ажиллаж байх хугацаанд шөнөдөө сэрүүн. Өглөө босохоор Монголд намартаа ургамлын толгой дээр шүүдэр буугаад, цан цохидог шүү дээ. Яг тийм байдаг юм байна лээ. Өглөө, орой, шөнөдөө сэрүүн. Өдөртөө 3-4 градус дулаан байсан. Туркт 11 мужид газар хөдлөлтийн гамшиг болсон. 11 газар цаг агаарын өөр өөр нөхцөл байдалтай байна гэсэн мэдээлэл авсан. Зарим газар нь цастай бороотой, аврах ажиллагаа явуулахад маш хүндрэлтэй байна гэж дуулсан. Биднийг ажиллаж байх үед бороо цас ороогүй. Гэхдээ их сэрүүхэн юм байна лээ. Газар хөдлөлтийн гамшигт өртсөн айл өрхөөс амьд гарсан хүмүүс нь шөнөдөө нурангийнхаа хажууд гал түлээд, хононо. Ямар учиртай вэ гэвэл амьд үлдсэн хүн байж магадгүй гэж нэгдүгээрт, найдаж байгаа юм. Хоёрдугаарт, ядаж цогцсыг нь ч хамаагүй олоод авчих юмсан гэсэн итгэл найдвар тээн хоноод байсан. Манай орны хувьд хэрэвзээ өвлийн улиралд газар хөдлөлтийн аюул ингэж тохиолдох юм бол дулаан хангамжийн газар дээгүүр болон доогуур явж байгаа ил шугамууд, цахилгаан цэвэр усны хангамж, бохир ус энэ бүгд эвдрээд гудамжаар нэг цацагдаад, халуун ус нь энд тэндгүй зад тавина. Ингэх юм бол энэ хавсарсан гамшиг болно. Гал түймэр гарна. Тэр халуун усанд орон сууцанд дарагдсан хүмүүс шалз түлэгдэнэ шүү дээ. Дулаан хангамжууд паарнууд бүгд хагарна. Газар хөдлөлтөд байшингууд тэгж нурдаг гэж миний ой ухаанд хэзээ ч бууж байгаагүй. Тийм төсөөлөл байгаагүй. Эхнээсээ бид Газиантеп орохоор цааш 240 км явж байхад зам зуур ойртох тусам энд тэнд ганц нэг байшин нурчихсан харагдсан. Ийм л зүйл болсон байх нь гэсэн төсөөлөлтэй яваад л буугаад, хотын төв рүүгээ жинхэнэ нуранги дээр очиход бүр гайхашаа барсан. Шоконд орсон. Ямар сонин юм бэ, яаж ингэж байшин барилгын 90 гаруй хувийг нураагаад хаячихдаг юм бэ гэж үнэхээр гайхсан. Тэгэхээр Улаанбаатар хотод түүнээс илүү хүнд нөхцөл байдал үүснэ гэж төсөөлж бодон, урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлаа хангаж, хүн амаа бэлтгэн, энэ үед бид ямар хариу арга хэмжээ авах вэ, ямар ажлуудыг шат дараатай хийх вэ, юу хийх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Одоо тэр хот бол бүрэн сүйрчихсэн. Аврах ажиллагаа дуусгаад биднийг буцах гэж байхад зарим нэг албаны хүмүүстэй уулзсан. Туркийн засгийн газар тэр хотын нурангийг бүрэн цэвэрлэж байгаад шинэ хот байгуулна гэж ярьж байна лээ. Монгол Улсад ийм зүйл тохиолдвол манай нийгэм эдийн засгийн хөгжлийн хугацааг асар их хойш татна. Бид босч иртлээ их удна. Тиймээс тайван байгаа энэхүү цаг үед бусдад тохиолдсон хүндрэл бэрхшээл, уй гашуугаас сургамж аваад, эртнээс яг өнөөдрөөс эхлэн цаг алдахгүйгээр аятайхан хоттой л болж авах хэрэгтэй.

-Та хүртэл нүдээр үзээд шоконд орлоо гэхээр тэнд байсан энгийн иргэдийн сэтгэл санааны байдал ямар байсан бол?

-Тэр гамшигт өртсөн хүмүүсийн сэтгэл санаа эхний өдрүүдэд туйлын хүнд байна лээ. Хашхиралдаад л, энд ч үзээд өгөөч, тэнд ч үзээд өгөөч, энд манай эхнэр хүүхэд байсан, тэнд манай гэр бүл байсан гээд л гүйж ирцгээгээд. Манай цэргийн багт эхнэрээ зургаан хүүхэдтэйгээ нурангид даруулсан эрэгтэй ирээд, тайвшруулах тариа хийлгээд л явдаг юм. Буцаад нуранги дээр очоод, уйлалдаад, хашхиралдаад л. Ерөөсөө хөл толгой нь олдохгүй. Шороо бужигнаад л, эмнэлгийн машин, цагдаагийн машин байнгын ажиллагаатай. Юу болж байгаа учир нь олдохгүй. Тийм л зүйлийг үзэж, тэгтлээ цочирдсон. Очсон оройноо аврах ажиллагаа явуулаад үүрээр 04:00 цагийн үед кемпдээ ирсэн байх. Тэгээд би гадуур гараад, тэр хавиар жаахан явсан. Гэтэл хар ууттай юм л газраар нэг байх юм. Анзаарсан ч үгүй, шөнө байсан болохоор сайн харагдаа ч үгүй. Тэгээд замын хажуугийн бродюр дээр суугаад юм бодож байтал хажууд нэг хар ууттай юм байж л байсан. Маргааш өдөр нь гэрэлтэйд хартал тэр хар ууттай зүйлүүд хүмүүсийн цогцос байсан. Бүгдийг нь хар уутанд хийгээд тавьчихсан. Маргааш өдөр нь бүтэн байж байгаад нөгөөдөр нь тэр цогцсуудыг бүгдийг нь ачаад аваад явсан. Тэнд бол цогцостойгоо холилдоод л сууж байгаа юм. Бүгдийг нь уутанд хийгээд ил тавьчихсан. Тийм дүр төрхтэй байлаа. Бид могойн нүд гэж нарийхан камерыг хүн орж болохгүй нарийн хонгилоор гүйлгэн хардаг. Тэрүүгээр харж байтал нэг гэр бүлийн дөрвөн хүн насанд хүрсэн хоёр хүн, хоёр хүүхэдтэйгээ хавтанд цохиулаад толгойг нь цавччихсан байсан. Тийм зүйл л харж байгаа юм шүү дээ. Тэгээд л нурангийг ачиж цэвэрлэж зөөгөөд цогцсыг гаргаж ирээд, гэр бүлийнхэнд нь таниулаад хар уутанд хийгээд аваад явдаг. Тэр бүхэнд бид гар бие оролцсон. Үүнийг цааш нь задлаад ярих юм бол сэтгэл санааны бэлтгэл муутай хүн уншвал цочирдоно. Мэргэжлийн байгууллагын хүмүүс бид л хоорондоо ярьж цаашид яах вэ гэдэг стратегиа гаргаад шат шатны арга хэмжээг авч зохион байгуулна. Шадар сайд ч энэ тал дээр их анхаарч байгаа.

-Тэгэхээр байгалийн давагдашгүй ийм хүчин зүйлтэй нүүр тулбал яах вэ. Ард иргэдийг хэрхэн бэлдэх вэ. Яаж эр зоригтой байлгах вэ?

-Одооноос эхлээд ард иргэдийнхээ дунд аюул заналын талаар бодит зүйлийг хэлээд, сайн сургалтууд зохион байгуулж ойлгуулах хэрэгтэй. Нэг зүйл ажиглагдсан нь турк хүмүүс нэг талаар их тайван хүмүүс юм уу гэж бодогдсон. Засгийн газар, мэргэжлийн байгууллагадаа уур бухимдлаа гаргаад л байна лээ. Тэр нь ч зөв л дөө. Ерөнхийдөө их тайвандуу, хүлээцтэй хүмүүс шиг ажиглагдсан. Яг ийм үед, тийм хүнд агшинд аврах ажлыг зохион байгуулж байгаа ажлыг удирдаж буй хүмүүсийг хажуу талаас нь ямар нэгэн дарамт шахалт үзүүлэхгүйгээр ажиллах боломжийг бүрдүүлмээр юм байна лээ. Тэгэхгүйгээр энд тэнд зарим орны аврагч руу уур бухимдлаа гаргасан тухай маш хүлээцтэй ухаантай, бие биедээ тусалж дэмжиж,тэр үед л үндэстний эв нэгдэл, ухаан, соёл гэж зүйл чухал юм байна даа гэж би харсан.

-Японд цунами болоход Монголын аврах баг бас очиж ажилласан. Та тэр багт явсан бил үү?

-Тэгэхэд би яваагүй. Гэхдээ яг энэ удаагийн газар хөдлөлтийн жинхэнэ голомтод Монгол Улс анх удаа үүрэг гүйцэтгэлээ. Жинхэнэ газар хөдлөлтийн аюул заналын дунд Монгол Улсын баг олон улсын түвшинд ажиллагаа зохион байгууллаа.

-Үүнээс бид юу сургамжилж авах ёстой вэ?

-Онцгой байдлын ерөнхий газар Олон улсын хотын дотор эрэн хайх дунд түвшний багтай болох төсөл хэрэгжүүлээд ажиллаж байгаа. Бид ийм багтай болох гэж байгаа. Олон улсын стандарт байдаг. НҮБ-ын хүмүүнлэгийн хэргийн зохицуулах газраас албан ёсоор хүмүүс ирээд, шалгаад, хувь хүний ур чадвар, багийн бэлтгэл, хувийн иж бүрдэл хувцас хэрэглэлээс авахуулаад, агуулах, багаж тоног төхөөрөмж зэргээр бүгдийг шалгаж үзээд, “Та нар хотын дотор эрэн хайх шаардлага хангасан баг байна аа” гээд гэрчилгээ өгдөг. Тэр гэрчилгээ тодорхой хэмжээний хугацаатай. Хугацаа нь дуусвал дахиад шалгалтаа өгөөд явдаг. Монгол Улс дунд түвшний багтай болох гэж байгаа. Гурван түвшний баг байдаг. Хөнгөн, дунд, хүнд түвшний гэж. Манай урд хойд хоёр хөрш хоёулаа хүнд түвшний багтай. Тэр нь 100-гаас дээш хүнтэй. Өөрийн гэсэн онгоцтой. Өөрийн эмнэлэгтэй, бүх хүнд машин механизмаа аваад явдаг баг юм. Бидний багийн үйл ажиллагаа 50-60 хувьтай явж байна. Ковидын нөхцөл байдлаас болоод энэ ажил жаахан удааширсан. Саяхнаас эрчимжүүлээд эхэлсэн. Хамтран ажилладаг гадаад орны хүмүүс, Швейцарийн хамтын ажиллагааны багийн хүмүүстэй уулзаад, гэрээ хэлэлцээрээ хийж байтал Туркт газар хөдлөлт болоод тэр багтаа бэлтгэгдэж байгаа боловсон хүчин, залуусаа бүгдийг нь аваад явсан юм. Газар дээр нь үзэг гээд. Бид ойрын хугацаанд ийм багтай болно. Газар хөдлөлтийн гамшиг, байгалийн аюул хэзээ ч, ямар ч нөхцөлд тоглоом биш юм байна. Гэнэт тохиолддог юм байна. Асар их хор хохирол учруулдаг юм байна. Олон ч хүн амь насаа алддаг юм байна. Улс орны эдийн засгийн тогтвортой байдалд маш том дарамт, маш удаан жилийн ухралтыг бий болгодог юм байна. Тиймээс газар хөдлөлтийн аюулыг тоглоом гэхгүйгээр үндэсний хэмжээнд хүн болгон, хөдөөний уулын аманд байгаа малчин ч гэсэн сэтгэлээ зовоож чилээж, гар бие оролцож, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх гэдгийг бий болгомоор байна. Иргэдийн тэсвэрлэх суурь чадвар дээр үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бий болно. Үүнийг л яс махандаа шингэтэл ойлгоод ирлээ. Бусад байгалийн аюулыг цаг хугацаа байгаад, хоорондоо ширээ тойрч суугаад, ярилцаад тэмцэж болно. Ямар нэгэн халдварт өвчин байхад бидэнд цаг хугацаа олдоно. Зудын гамшиг тохиолдоход бидэнд цаг хугацаа олдоно. Газар дээр нь очоод эрсдэлийн үнэлгээ хийгээд, хариу арга хэмжээ зохион байгуулж болно. Газар хөдлөлт бол хэзээ ч тийм боломж олгохгүй юм байна. Ямар ч үед бэлэн байж байгаад л хариу арга хэмжээ авах юм байна. Ийм зүйлийг л бид бүхэн ойлгож аваад ирсэн. Үүнийг Засгийн газар, УИХ, Шадар сайд зэрэг удирдлагын түвшинд ойлгож байгаа. Одоо бидэнд хийх ажил их байна.

-Газар хөдлөлтийн талаар мэргэжилтнүүд хэлэхдээ “Газар хөдлөлт хүний аминд хүрдэггүй. Барилга байшин хүний амийг хөнөөдөг” гэх. Тэгэхээр Улаанбаатар хотын барилгын чанар хэр байгаа вэ?

-Яг энэ талаар надад мэдээлэл хомс байна. Гэхдээ хуучин байсан Мэргэжлийн хяналтын газар Улаанбаатар хотын нийтийн орон сууц, сургууль, цэцэрлэгийн эрсдэлийн үнэлгээг хийгээд, тайлан мэдээгээ Газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай зөвлөлд танилцуулаад, Засгийн газар болон УИХ-д танилцуулж байсан. Газар хөдлөлтийн эрсдэлтэй холбоотой байшин барилгаа хүчитгэх, нураах, шинээр барих, стандарт шаардлагыг хангуулах гээд шат дараатай арга хэмжээ хэрэгжээд байгаа. Эдгээр хийж буй ажлаа олон нийтэд таниулах, мэдээлэл хүргэх ажил дутмаг байх шиг санагдаад байгаа. Хуучны шар байшингуудыг нураагаад шинэ орон сууц бариад байгаа шүү дээ. Бүрэн цутгамал, угсармал байшингууд барьж байна. Энэ бол тэрхүү ажлын нэг хэсэг. Нэг зүйлээс болж их удаашралтай байгаа нь хөрөнгө санхүүгийн асуудал. Барилга байгууламж маш их хэмжээний хөрөнгө санхүү шаарддаг ажил. Одоо бид бусад улс оронд тохиолдож байгаа энэ том аюул заналтай холбогдуулаад, тоглоом биш юм аа, жинхэнэ аюул юм байна гэдгийг ойлгож ухамсарлах байх. Тэгвэл хувийн аж ахуй нэгж ч гэсэн барьж байгаа байшин барилгаа стандартын шаардлага хангасан, арматурын төмөр нь хэдэн ширхэг байх ёстой, барилгын зураг дээр яаж батлагдсан түүгээр нь хийдэг байх, тэр цемент барилгын материалынх нь чанар сайн байх, энэ бүгдийг хүмүүс сайн ойлгоосой гэж хүсч байна. Хичнээн хөрөнгө оруулж, барилга байгууламж барьчихаад нурах бол хормын дотор. Тэгээд үгүйрэн сүйднэ. Тиймээс ялангуяа нийтийн орон сууц, сургууль цэцэрлэгтэй холбоотой урьд нь хийсэн эрсдэлийн үнэлгээг, түүнтэй холбоотой хот төлөвлөлтийн үйл ажиллагааг дахин маш томоор ярилцана. Нэг мэдээллийг нэмж хэлэхэд Онцгой байдлын ерөнхий газар, Шадар сайдын ажлын алба, Үндэсний аюулгүй байдлын ажлын албатай хамтраад тавдугаар сард газар хөдлөлтийн сэдвээр стратегийн команд штабын сургалт зохион байгуулна. Бүр үндэсний хэмжээнд. Улаанбаатар хотод газар хөдлөлт тохиолдоход зөвхөн Улаанбаатар хотод байгаа бид ажиллаад барахгүй. Бид бүх аймгаас хүн хүч, онцгой байдлын алба хаагчид, машин техникээ, эмч цагдаа нараа, сайн дурынхан гээд бүх хүмүүсийг татаж ажиллана. Тэгж ажилладаг юм байна гэдгийг биеэрээ мэдрээд ирлээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 60 жолооч согтуугаар жолоо барьж, 132 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Энэ сарын 27-нд буюу Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1431, хулгайтай холбоотой 33, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 117, гэмт хэргийн шинжтэй 108 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 60, хүний биед халдсан 62, эрүүлжүүлэх байранд хоносон 132 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хаврын тариалалтын бэлтгэл ажил эхэлжээ DNN.mn

Хаврын тариалалтын бэлтгэл ажил эхэлсэн талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. Энэ жилийн хувьд цаг агаар эрт дулаарч, нэмэх хэм рүү орж буй үед тариаланчдад техникийн засвар үйлчилгээ хийх зэргээр бэлтгэл ажлыг хангах таатай нөхцөл бүрджээ.

Цаг уурын нөхцөл байдлаас хамаарч тариалалтын технологи өөр өөр байдаг. Үүний дагуу зөвлөмжүүд гаргаж буйг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ мэдээллээ. Тэрбээр, тариалалт эхэлж буйтай холбоотойгоор салбарын яамнаас Тариаланчдын улсын зөвлөгөөнийг зохион байгуулахаар бэлтгэж байгааг дуулгалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан дэвшүүлж, улс орон даяар өрнүүлж буй Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах хөдөлгөөний хүрээнд энэ жил мөн хүнсний ногооны тариалалтыг эрчимжүүлэх ажил үргэлжлэх аж.Өнгөрсөн жил тариаланчдад урамшуулал олгож, үрээр дэмжиж ирсэн. Ингэснээр иргэд, тариаланчдын хүнсний ногоо тариалах санаачилга, идэвх өрнөж ургацын хэмжээ 27.8 хувиар нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 97 гомдол, мэдээллийг шалгав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 2 дугаар сарын 20, 24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 97 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 62 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 823 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 2 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 818 хэрэг шалгагдаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

– Иргэн “Ц” нь “Аавуудын нэгдэл” ТББ-ын удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа өөртөө ашиг хонжоо олох зорилгоор “Хүүхдийн төв сувилал”-д туслах хандивын аянд иргэдээс шилжүүлсэн мөнгийг авч ашигласан гэх;

– Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Алтайн ундарга шанд чөлөөт бүс” ХХК-ийн газрын байршлыг өөрчилж тус компанийн захирал “С”-аас 5.000.000 төгрөгийг авсан, бусадтай хамтран төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх.

Categories
мэдээ цаг-үе

Нүд ба ухархайн мэс заслын эмчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө DNN.mn

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор нүд ба ухархайн мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 1-2.1 сая төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 01,02-р тогтоол
Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчуудын хорт хавдар дарга, эмч нарыг тэжээдэг болохоор шинэ эмнэлэг ойрын үед баригдахгүй DNN.mn

Хавдрын шинэ эмнэлэгтэй болох нь монголчуудын амин чухал асуудал юм. Яагаад гэвэл энэ аюулт өвчин жилээс жилд нэмэгдэх боллоо. Монгол Улс хавдрын өвчний нас баралтаар дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Статистикаас харахад жилд хорт хавдраар өвдөгсөд 6000-д хүрчээ. Ялангуяа элэгний хорт хавдар зонхилж, дийлэнхнь эрэгтэйчүүд байдаг юм билээ. Манай улс ганцхан жилийн дотор хорт хавдраар бүхэл бүтэн таван мянган иргэнээ алдаж байна. Цөөхөн хүн амтай бидэн шиг улсад үнэхээр харамсаад барахгүй тоо. Ингэж өвдсөн иргэдээ аварч чадахгүй, бөөн бөөнөөр нь алдаж байгаагийн гол шал тгаан эмнэл гийн хүртээмжийн асуудал дээр буудаг. Салбарынхан нь ч бүгд үүнтэй санал нэг байгаа. Энгийн логикоор хавдрын эмнэлэг багтаамж сайтай, хагалгааны өрөө нь олон байвал энэ өвчнөөр шаналж, зовж, тарчилж байгаа иргэд аврагдах боломжтой. Хагалгааны оочир дарааллаа хүлээж дийлэхгүй хорвоог орхисон тэр олон мянган иргэд төр засагтаа ямар их гомдол хурааж шаналсан байдаг бол. Том зургаараа хавдрын эмнэлэгтэй болох нь монголчуудын эрх ашиг байх ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэвлэлд ярилцага өгөх бүртээ дэлхийн стандартад нийцсэн хавдрын шинэ эмнэлэгтэй болно гээд л гоё юм яриад байдаг. Үнэн хэрэгтээ эмнэлэг барья гэхээр ганц ч сохор зоос байхгүй. Энэ оны төсөвт ширхэг ч төгрөг суулгаагүй байна лээ. Гадаадын зээл тусламж хөөцөлдлөө гэхэд тэр нь хэзээ бүтэх нь ч тодорхойгүй . Магадгүй хаврын чуулганаар төсвийн тодотгол хийгээд хөрөнгө мөнгө хуваарилсан ч энэ нь өнөө маргаашдаа шийдэгдчих асуудал биш. Үсрээд зураг төсөл хийх хэмжээний мөнгө л дусаах биз. Жил бүр багахан мөнгө тавьсаар дор хаяж хоёр парламентын нүүр үзэж таарна. Тэгэхээр Ж.Чинбүрэн гишүүний амаа цангатал яриад явдаг хавдрын шинэ эмнэлэг лав ойрын хугацаанд баригдах нь худлаа юм байна. Мань эр яагаад ингээд худлаа яриад яваа юм бол. Судлаад үзэхээр хувийн эрх ашгийнхаа төлөө гүйж яваа нөхөр бололтой. Тэрбээр ХСҮТ-ийн даргаар олон жил ажиллахдаа хувийнхаа бизнесийг тэнд дархлаад авчээ. Нэг хэсэг хэвлэлээр баахан нэр холбогдсон “Мед Портал” хэмээх хувийн эмнэлэг ХСҮТ-ийн амбулаторид 190 ам.метр талбай эзэгнэн дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа аж. Хавдрын эмнэлгийн коридортурт дараалал үүсгэсэн иргэд энд томографик, MRI хийлгэхийн тулд 210-290 мянган төгрөг төлдөг байна. Сардаа дөрвөн сая төгрөгийн түрээс төлчихөөд асар их мөнгөний судал дээр сууж байгаа уг эмнэлгийг ХСҮТ-өөс гаргаж, оронд нь Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, тусламжаар сүүлийн үеийн тоног төхөөрөмж авч өгөх асуудал хөндөгдөхөд Ж.Чинбүрэн гишүүн хамгийн их сандарч, цухалдсан тухай эх сурвалжууд зах зухаас нь ярьж байсан. Яагаад гэвэл эрүүл мэндийн салбарынхан дунд “Мед Портал” эмнэлэг нь Ж.Чинбүрэн, Н.Эрдэнэхүү нарынх гэдгийг одоо хүртэл ярьдаг юм билээ. Энэ тухай Ж.Чинбүрэнг гишүүн болсных нь дараа нэлээд шуугисан боловч тэрбээр өөрийнхөө нэрийг сугалж, Н.Эрдэнэхүүд данслуулсан гэж бишгүй л бичигдэж байсан. Тийм болохоор хууль хяналтын байгууллага яаж ч шалгаад Ж.Чинбүрэнтэй холбоотой юу ч олж чаддаггүй гэдэг.

Олны анхааралд өртсөн “Мед Портал” эмнэлгийг улс төрчид болон эрүүл мэндийн салбарынхантай нэр холбодог үнэндээ “Хишиг- Арвин индустриал” болон “ Люкс центр” компанийн эзэмшилд байдаг аж. Том эзэн нь “Хишиг-Арвин”-гийн Б.Хишигдорж гэнэ. Улсын бүртгэлд байгаа мэдээллээр “Мед Портал” эмнэлэг нь Б.Түвшинжаргалын нэр дээр б а й д а г . Одоогоос таван жилийн өмнө байгуулагджээ. Тэгвэл нөгөө эзэмшигч “Люкс центр” компани нь гадаад худалдаа, дүрс оношилгооны чиглэлээр ажилладаг . С.Батзориг нь гэдэг хүний нэрдээр бүртгэлтэй. Тэрбээр “Монголын яс үе мөчний дүрс оношилгооны нийгэмлэг” ТББ-ын тэргүүн аж .Давхар “Экспресс-Ассист” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладгаас гадна “Аффинити” ХХК, “Инно сайт” ХХК, “Мон орто мед” ХХК-д хувь эзэмшдэг гэх мэдээлэл ч бий. Бас С.Батзориг гадаад худалдааны “Азурион” ХХК- ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг гэнэ . Энэ компанийг “Мед Портал”-ын Б.Түвшинжаргал, Х.Ариунзаяа нар эзэмшдэг гэх юм билээ. Аалзны тор шиг сүлжилдсэн ийм том бизнесийн эрх ашиг эрүүл мэндийн салбарт оршиж байна. Өнгөн дээрээ хавдрын эмнэлэг барина гэдэг нь зүгээр л попрол юм байна. Үүний цаана хавдраар өвдөж шаналсан хүмүүсийн зовлон дээр зоологсод цадаж байгаа юм биш үү.

Categories
мэдээ нийгэм

Г.Батзориг: Бүтээмжээ өсгөснөөр эдийн засгийн гацаанаас гарч чадна DNN.mn

Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.


-Туулай жил гарлаа. Энэ жилийн эдийн засгийн төлөв байдал ямар таамагтай байхаар байна вэ?

-Эдийн засаг бол гадаад, дотоод гэсэн хоёр хүчин зүйлээс хамааралтай. Гадаад эдийн засаг нь манай эдийн засагт 50-60 хувиар шууд нөлөөлж чадах хүчтэй. Тэгэхээр бид урд талдаа Хятадаас, хойд талдаа Оросоос хамаарч байна. Нэгдүгээрт, Хятад Америкийн харилцаа нэлээд таагүй байгаа. Дээрээс нь Австрали коксжих нүүрсээ Хятад руу нийлүүлж эхэлсэн. Дайн эхэлснээс хойш коксжих нүүрсээ Хятад руу нийлүүлж байгаа Оросын экспорт нэмэгдсэн зэрэг хүчин зүйлээс хамаарч манай нүүрсний өрсөлдөх чадвар буурах шинжтэй харагдаж байна. Ийм үед дотоодын нүүрсний хулгай бас яригдлаа. Мөн биржтэй холбоотой нүүрсний экспорт удаашрах магадлалууд байгаа. Ер нь Хятад талдаа харах юм бол нүүрсний экспорт төдийлөн өсөхгүй байхаар харагдаж байна. Нөгөөтэйгүүр Орос дахиад Украин руу дайрна гээд нэлээд хүчтэй мэдэгдлүүд хийж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден Украинд очсон зэрэг нөхцөл байдлуудаас харахад манайд дизель, эрчим хүч хомсдож мэднэ. Оросоос хамаарах бүтээгдэхүүний импорт дээр нэлээд асуудал гарч ирэхээр байна. Мөн Оросоор дамждаг бүх тээвэр ложисткийн бараа бүтээгдэхүүн энэ нөхцөл байдалтай холбоотой бүгд хаагдаж байгаа учраас зардал нь өндөр байна. Энэ нь манайд экспорт буурахад нөлөөлнө. Импорт талдаа гол нь стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн тасалдахад нөлөөлж байна. Үүнээс хамаараад төгрөгийн ханш унах, валютын нөөц буурах, инфляци өндөр байх зэрэг манай дотоод эдийн засагт үзүүлж байгаа хэлбэр нь ийм байна. Бид дотооддоо хичнээн том том бодлого ярилаа ч гэсэн гадаад эдийн засгийн орчноос холдож чадахгүй. Алим модноосоо хол унахгүй гэдэг шиг.

-Монголд мөнгө орж ирэх ямар боломжууд харагдаж байна вэ?

-Дэлхий улс орнууд экспорт хийж байж л мөнгө олдог л доо. Зарим нь засаглал сайтай учраас том төслүүд дээрээ мөнгө олж ирдэг. Энэ нь валютын орох урсгалыг нэмэгдүүлээд, хүлээгдэж байгаа гарах урсгалуудыг хааж чадна. Валютын нөөц нь хангалттай байж чадна гэж боддог. Монголд мөнгө орж ирэх боломж одоогоор алга. Яагаад гэвэл дэлхий дээр хамгийн эрсдэлгүй бодлогын суурь хүү нь 4.5 хавьцаа байна. Тэгэхээр Монголд мөнгөө хийж, эрсдэлд орж байснаас Америкт хадгалвал хамаагүй ашигтай гэдэг логикоор явж байна л даа. Дэлхий нийтээр Америк, Европт мөнгө төвлөрсөн. Харин хөгжиж буй орноос валютын урсгал гарах буюу хөрөнгө оруулалт татарч байгаа.

Одоогийн нөхцөл байдалд хөгжингүй орнуудын хүү ийм байгаа нөхцөлд бид гаднаас ямар нэг шууд хөрөнгө оруулалт татна гэдэг бол хэцүү. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд гол сонирхох хүчин зүйл нь мега төслүүд байгаа л даа. Оюутолгой, Тавантолгой шиг мега төслүүд өөрөө том том хөрөнгө оруулагчдыг татахад нөлөөтэй. “Бид дахиад том мега төсөл хэрэгжүүлбэл, Оюутолгой шиг үргэлжлээд яваад байх юм байна” гэдэг итгэл найдварыг Оюутолгой өгч байгаа. Одоо явж байгаа мега төслүүдээ бид янз бүрийн байдлаар харлуулж болохгүй. Мэдээж, гэрээ контрактаа засч сайжруулах зүйлс байгаа. Сайжруулаад цааш үргэлжлүүлээд явах нь зөв болохоос биш тэрийг болиулна гэдэг нь өөрөө Монголд орж ирэх мөнгөний боломжийг тэр чигээр нь хаана.

-Энэ туулай жил аль салбарт илүү өгөөжтэй байх бол?

-Монгол Улсад аль нэг салбар нь тусдаа хөгжинө гэдэг бол амаргүй. Яагаад гэвэл уул уурхайгаас бүх салбар хүчтэй хамаардаг. Их хэмжээний мөнгө зөвхөн уул уурхай дээр л яригддаг. Уул уурхай нь орж ирсэн мөнгөө тоног төхөөрөмж авахдаа зарцуулна. Тэр нь худалдааны салбарыг дэмжинэ. Нөгөө талдаа уул уурхай маань тээврийн салбарыг 100 хувь дэмжиж байгаа. Нүүрсэн дээр жишээ аваад үзэхэд тээврийн салбарын 80-90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүний ачаа тээвэр эзэлж байна. Мөн худалдааны салбарын 50 хувийн импорт нь уул уурхайгаас хамааралтай орж ирж байгаа. Ингээд харвал эхлээд уул уурхай руу мөнгө орж ирнэ. Дараа нь худалдаа, тээврийн салбар руу хуваарилагдана. Цаашлаад үйлчилгээний салбарт очно гэсэн үг. Ийм байдлаар Монголд мөнгө хуваарилагддаг. Нөгөө талдаа уул уурхайгаас мөнгө орж ирэхгүй байлаа гэхэд бид дотоодын санхүүжилт ямар байлаа гэдгээ бодох ёстой. Дотоодын санхүүжилтээр аль салбарт илүү ээлтэй, өгөөжтэй байх нь тодорхой болдог. Дотоодын санхүүжилт гэдэг нь Засгийн газрын хөрөнгө оруулалтын зардал талдаа болон банкны зээл байдаг. Сая бодлогын хүү өсчихсөн учраас банкны хадгаламжийн хүү дагаад нэмэгдсэн. Хадгаламжийн хүү өндөр байгаа учраас зээлийн хүү дагаад өснө. Зээлийн хүү өсөхөөр аж ахуйн нэгжүүдийн зээл авах боломж хумигдана. Тэгэхээр худалдааны салбарт зээл олголт илүү явагдах болов уу. Жилийн жилд чанаргүй зээл нэлээд бага, төлөлт сайтай байдаг учраас худалдааны салбарынханд түлхүү зээл олгогддог. Харин уул уурхай, барилгын салбарынханд зээл хумигддаг талтай. Тэгэхээр уул уурхай бүрхэг байна. Дотоодын санхүүжилтийг худалдааны салбар хамгийн их дэмжиж байгаа учраас энэ секторт туулай жил илүү ээлтэй байх болов уу. Хөдөө аж ахуйн салбарын хувьд тоног төхөөрөмжөө Оросоос авдаг болохоор тасалдал өндөр. Тиймээс үйл ажиллагаанд нь нэлээд хүнд нөлөөлж магадгүй.

-Гацаанд орсон салбарууд сэргэх янз байна уу?

-Эдийн засгийн салбаруудыг эргэдэг араатай адилтгаж ойлгох хэрэгтэй. Нэг жижиг араа гацахад бүхэлдээ эргэдэггүй шүү дээ. Тэгэхээр салбарууд хоорондоо холбоотой учраас нэг нь хөдөлж байж нөгөөгөөг тэтгэдэг онцлогтой. Манай дээр гацаанд орсон хоёр хүчин зүйл бий. Эхнийх нь улстөрчидтэй холбоотой нүүрсний хулгайн асуудал байна. Хятадын талтай хийж байгаа нүүрсний экспортоо хурдан сэргээх нь хамгийн чухал. Бид нүүрсний гацаанаас гараад уул уурхайн салбараа сэргээх юм бол эндээс орж ирэх орлого бусад сектор руу татаад явчихна. Хоёрдугаарт, тээвэр ложистикийн хувьд дэлхий даяар асуудалтай байгаа учраас шийдэж чадахгүй байна. Наад зах нь бараа бүтээгдэхүүн оросоор орж ирдэг байсан бол больж байна. Энэ мэтчилэн ложистикийн зардал хугацаа зэрэг нь салбарын сэргэлтэд нэлээд саад болж байгаа. Тэгэхээр эргэдэг араа шиг уул уурхай сэргэж байж бусад салбар сэргэнэ.

-Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт хоёрдугаар улиралд бүрэн ашиглалтад орно. Эндээс эдийн засагт орж ирэх шууд орлого нэмэгдэх үү. Зарим эдийн засагчид 2028 оноос л өгөөжөө өгч эхэлнэ гэх юм билээ?

-Оюу толгойн далд уурхайд баялгийн 70 хувь оршдог. Энэ газраас зэсийн баяжмалаа экспортолно. Нэг талдаа Оюу толгойн зэсийн баяжмал төлбөрийн тэнцэл дээр бичигдэж байгаа. Гэхдээ манайд цэврээрээ экспортын орлого гэж орж ирэхгүй. Тэгвэл орлого нь яаж орж ирж байгаа вэ гэхээр бүтээн байгуулалттай холбоотой Оюутолгойн бэлтгэн нийлүүлэгчдэд зориулсан шилжүүлгээр сард 120 сая ам.доллар орж ирдэг. Далд уурхай ашиглалтад орлоо гээд экспортыг огцом нэмэгдүүлээд байхгүй. Яагаад гэвэл бодитоор доллар орж ирэхгүй. Зэсийн баяжмалын экспорт нэмэгдлээ гэж бодоход гадны компаниар бүртгэгдээд экспортын орлого нь гадагшаа явчихаж байгаа учраас Монголын эдийн засагт ерөөсөө орж ирэхгүй. Тиймээс валютын орж ирэх урсгал нь нэмэгдэхгүй, харин ч татрах эрсдэл байгаа.

-Яагаад тэр вэ?

-Оюу толгойн бүтээн байгуулалтад бэлтгэн нийлүүлэгчдийн ажил тодорхой хэмжээгээр дуусаад, тэдэнд зориулсан мөнгө нь багасна. Ингэснээр Оюутолгойгоос орж ирж байгаа доллар хумигдана гэсэн үг. Оюу толгой хамгийн найдвартай, тогтвортой валютын орлого олж ирдэг байлаа. Яг бүтээн байгуулалт дуусчихаар тэр олон аж ахуйн нэгж хаана ажлын байр бий болгох вэ. Бэлтгэн нийлүүлэгчид нь хаашаа ажиллах вэ гээд маш олон асуудал ургана. Мэдээж далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад орж байгаа учраас ажлын чиг үүрэг зэрэг нь өөрчлөгдөх байх л даа. Тэрэнд зориулаад шинэ бэлтгэн нийлүүлэгчид ч бас орж ирэх байх. Гэхдээ эндээс шууд валютын орлогод нөлөө үзүүлж чадахгүй.

-Бид ямар чиглэлээр зүтгэвэл эдийн засаг сайжрах бол. Жишээлбэл, цахилгаан эрчим хүч, төмөр зам, боомт, утаа, түгжрэл, төгрөгийн үнэгүйдэл зэрэг тулгамдсан асуудлуудынхаа яг алинаас нь эхэлбэл дээр вэ?

-Нийгмийн энэ бүх асуудлыг хүний өвчнөөр авч үзэх юм бол илэрч байгаа шинж тэмдэг нь юм. Тэгэхээр өвчний гол шалтгаан бол бүтээмж. Гол нь бид улс орныхоо, хувь хүнийхээ, аж ахуйн нэгжүүдийнхээ түвшинд бүтээмжийн хямралд орчихоод байна л даа. Ингээд ирэхээр бидний үйлдвэрлэж байгаа баялаг үнэлэгдэхгүй байна. Гадаад зах зээлд улс орны хэмжээнд харахаар бүтээмж багатай байна. Бүтээмжийг хязгаарладаг хүчин зүйлс бий. Улс орнууд бүтээмжээ өсгөснөөр нэг хүнд ногдох хөдөлмөрийн хөлс өсөөд хүмүүсийн дундаж давхарга сайжраад явна гэсэн үг. Бидний хувьд бүтээмжийг хязгаарлаж байгаа хүчин зүйл гэвэл газар зүйн байршил байна. Далайд гарцгүй, хоёрхон хөршөөр хязгаарлагддаг. Тиймээс боомтын сэргэлт, төмөр замаас эхлэх нь бүтээмжийг нэмэгдүүлэхэд маш үр дүнтэй. Ингэж чадвал бид хоёр хөрш рүүгээ хийх экспортоо нэмэгдүүлж чадна. Энэ нь мэдээж бүтээмжийг нэмэгдүүлж дараагийн түвшинд аваачна. Хоёрдугаарт, улирлын онцлог бидэнд сөрөг нөлөөтэй байна л даа. Бизнесийн хувьд хоёрхон улиралтай. Зуны сар богино учраас бизнес хийхэд маш хэцүү орчин. Тодорхой хугацаанд зогсоод, тодорхой хугацаанд идэвхждэг. Иймэрхүү улиралын шинж чанараас хамаарч бүтээмжийг хязгаарлахад нөлөөлж байна. Гуравдугаарт, бүтээмжийг хязгаарлахад авлига хамгийн их нөлөөтэй. Нэг компани талх үйлдвэрлэхэд татаас гээд дундаас нь авлига нэхээд ороод ирдэг. Тэр утгаараа манайх авлигын индексээр дэлхийн 176 орноос сүүл мушгидаг. Ингээд харахаар авлига нэлээд газар авчихсан, тэр нь бизнес рүү орчихсон. Эргээд бизнест том зардал болж гарч байгаа. Өртөг багатайгаар үйлдвэрлэх гэхээр төрийн хүнд суртал нэмээд саад болдог. Эргээд ашиг нь багасчихдаг. Тэгэхээр тухайн байгууллага тэлж чадахгүй, ажилчдынхаа цалинг өсгөж чаддаггүй. Гэх мэтчилэн иймэрхүү зардлууд төрийн институцитэй холбоотой авлигын асуудал, төрийн чадавхтай холбоотой бүтээмжийн хямрал нүүрлэсэн. Бүтээмжийг хязгаарлаж байгаа дөрөв дэх хүчин зүйл нь дэд бүтэц байна. Өргөн уудам газар нутагтай хэрнээ дэд бүтцээ хөгжүүлж чаддаггүй. “ТЭЦ-5”, Таван тогой, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц гээд томоохон дэд бүтцээ шийдэх ёстой. Жишээлбэл, “ТЭЦ-5” барья гэж олон жил ярилаа. Яг барихдаа тулахаар мөнгө байдаггүй. Мөнгө байгаад шийдье гэхээр улс төрийн нөлөө ороод явуулдаггүй. Энэ мэтчилэн бид дэд бүтцээ шийдэж чаддаггүй. Үүнээс болоод Улаанбаатарт нэмж барилга барихад асар хүнд болж байна. Дэд бүтэц нь хангалттай байвал хот тэлж хөгжих гээд байна. Тиймээс хотод байгаа хэдэн газар дээрээ алалцаад байна шүү дээ. Үүнээс болж орон сууцны үнэ өсөх, түгжрэл нэмэгдэх, утаа гээд нийгмийн суурь асуудлууд үүсээд байгаа юм.

-Тэгвэл бид энэ суурь асуудлуудын яг аль чиглэлийг нь барьж аваад зүтгэвэл эдийн засаг сайжрах юм бэ?

-Дээр таны дурдсан асуудлууд бол ердөө өвчний шинж тэмдэг хэлбэрээр гарч ирж байгаа. Үндсээр нь эмчилье гэвэл хүн ам багатай, байршлын хувьд давуу талгүй учраас мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох хэрэгтэй. Аж үйлдвэржиж, нэмүү өртөг шингээгээд явах нь чухал. Гэхдээ бидэнд ажиллах хангалттай хүч байгаа бил үү. Хөдөлмөр эрхлэх насны иргэд нэг сая гаруйхан байна. Ингээд бодохоор бидэнд хангалттай хүний нөөц алга. Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлье гэвэл IT салбар байж болж байна. Дэлхий ертөнцийг ирээдүйд технологигүйгээр төсөөлөхөд хэцүү. Энэ үүднээсээ IT-д суурилсан чадвартай боловсон хүчнүүд хэрэгтэй байна. Жишээлбэл, Энэтхэг улсаас харахад Гүүгл, Амазон зэргийн олж байгаа орлого нь манай улсын төлбөрийн тэнцэлтэй дүйцэх хэмжээний байна. Ингээд бодохоор мэдлэгт суурилсан үйлчилгээ үзүүлж байж бидний валютын гадагшлах урсгал, импортын хэт хамаарал, тэндээс үүдэлтэй инфляци, валютын ханшийн уналт зэрэг асуудлуудаас гарч чадна. Манайх шиг хүн ам багатай улсад мэдлэгт суурилсан валют олж ирдэг эдийн засаг чухал.

-Мэдээж энэ бол хугацаа шаардах ажил. Харин өдрөөс өдөрт суларч байгаа төгрөгийн уналтыг зогсоохын тулд хамгийн түрүүнд юу хийвэл үр дүнд хүрэх вэ?

-Нэгдүгээрт, эдийн засгийн чадамжийн асуудал бий. Дахиад хэлэхэд, түүхий эдээс гадна мэдлэгт суурилсан экспорт хийдэг байх ёстой. Тэгж байж хангалттай хэмжээний, тасралтгүй, уул уурхайн циклиэс хамаардаггүй валютын орлого олох юм. Ингэснээр манай валютын нөөц огцом багасаж, төлбөрийн тэнцлийн хүндрэлд ороод байхгүй гэсэн үг. Энэ бол дээр дурдсан эдийн засгийн хямралаас гарах гол гаргалгаа. Сайншандын аж үйлдвэрийн парк гэж олон жил ярилаа.

Гэхдээ энэ болгон дээр бидэнд хангалттай хүний нөөц байхгүй. Тодорхой хэмжээгээр хүний нөөцдөө тулгуурлаад гаргаж байгаа түүхий эдээ баяжуулаад экспортлох боломжтой. Жишээлбэл, зэсийн баяжмалын, нүүрс угаах үйлдвэрүүд байж болно. Одоо бид түүхий нүүрсээ тонн тутмыг нь 100 гаруй ам.доллараар зарж байгаа. Хэрэв угаагаад гаргах юм бол 3-4 дахин нэмэгдэнэ. Энэ мэтчилэн нэмүү өртгийг хүний нөөц болоод өөрсдийнхөө зардал дээр тулгуурлаад шийдэх ёстой. Гол үндэс нь гадаад зах зээлээс ахиу хэмжээний мөнгө олж авчиръя. Эргээд тэр нь эдийн засгийн импортоо хангаад, валютын нөөцөө хангалттай бүрдүүлээд төгрөг тогтвортой байх боломжийг бий болгоно. Гуравдугаарт, эдийн засгийн болоод улс төрийн маш тогтвортой бодлого хэрэгтэй байна. Энэ бодлого нь бидэнд төгрөгийн ханшийг огцом унагахгүй, инфляцийг огцом өсгөхгүй байх, эдийн засаг хэцүү үед дархлаатай байх, эсвэл гадаад өрөнд жил болгон нэг их наяд төгрөг төлдөггүй байх, өрийн зөв менежменттэй байх зэрэг маш олон зүйлд хэрэгтэй. Тэгэхээр бодлогын тогтвортой байдал гэдэг зүйлийг улс төр, эдийн засгийн хэмжээнд баримтлаад явах нь зүйтэй. Энэ бүхний үр дүнд гацсан байгаа эдийн засаг аажмаар өөрчлөгдөнө. Ингэж байж утаа, түгжрэл, төгрөгийн үнэгүйдэл гээд гарч ирсэн бүхнийг арилгана. Бүрэн гүйцэд арилгана гэж байхгүй ч бага түвшинд аваачиж чадна.

-Энэ онд ажилгүйдэл, ядуурал “шүдний өвчин” болно гэж статистик хэлээд байгаа. Орлого нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулах ямар боломж байна вэ?

-Засгийн газраас боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, төмөр зам тавьж байгаа нь маш зөв алхам. Ингэж байж бид мөнгөтэй болно. Улс орны түвшинд бүтээмж нэмэгдээд ирмэгц дараа дараагийн хөрөнгө оруулалтуудыг хийнэ гэсэн үг. Зам байгаа газарт хөгжил байдаг гэдэг дээ. Цаад логик нь дэд бүтэц байгаа газрыг тойрсон эдийн засаг бий болно. Өөрөөр хэлбэл, энэ нь эдийн засгийг тэлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх том давуу тал болно. Бүтээмж нэмэгдэх юм бол орлого өснө. Мөн улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах ёстой. Түүхийн явцад төр бол муу менежер гэдэг нь батлагдсан. Хувийн сектороос муу, үр ашиггүй хуваарилалт хийдэг. Тиймээс бүтээн байгуулалтыг аль болох хувийн хэвшлээр хийлгэснээр үр дүнтэй байна. Одоо бол бүхнийг төр хийх ёстой гэдэг давамгайлал маш буруу жишиг. Бүх юманд төр оролцдог байдлыг халснаар компанийн бүтээмжийг бид ярьж чадна. Хувь хүний бүтээмжийг сайжруулахын тулд дэлхийн түвшний боловсрол хэрэгтэй. Тэгж байж дэлхийн стандартыг хангасан гэрээ хэлцлийг ярих чадвартай болно. Тэгж байж бид дотоодын компаниа хөгжүүлнэ. Ингээд гурван түвшний бүтээмжийн асуудлаа шийдэх юм бол орлого нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулж болно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Оюун-Эрдэнэ сайд С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг нэрлэчих шиг боллоо DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн МҮОНТВ-д Сар шинийн өмнөхөн өгсөн бүрэн хэмжээний ярилцлага олон нийтийн дунд томоохон хэлэлцүүлгийг өрнүүлсээр байна. Тэрбээр нүүрсний хэрэг, Хөгжлийн банкны хэрэг зэрэг нийгэмд анхаарал татсан хэргүүдийн явц, энэ нь цаашлаад Монголын улс төр, шүүх засаглалд авлигын сүлжээг хэрхэн үргэлжлүүлж байгаа талаар гээд ноцтой баримтуудыг дэлгэв. Тэр дундаас Монголын улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой хэсэг нэлээд анхаарал татлаа.

Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярихдаа “…С.Зоригийн хэрэг ч Эрдэнэттэй холбоотой асуудал. Гайхахаар байгаа биз. 1998 онд би оюутан болж байсан жил. Буцаад тэр үеийн нөхцөл байдлыг бодоод, баримт бичгүүдийг хараад үзэхээр тэр үед Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоочихсон байсан. 1998 он, С.Зориг Дэд бүтцийн сайд байсан. Эрдэнэтийн удирдлага солигдох процесс явж байсан. Гэтэл тэнд зөрчлүүд үүссэн. Мэдээж би мөрдөн байцаагч биш, Ерөнхий сайд байгаа хүний хувьд логик дарааллаар нь хөөвөл нөгөө л баялгийн тэмцэл. Мэдээж энэ хэрэг нэг асуудал. Гэхдээ олон жил ээдрээтэй явж байна. Одоо бидний яриад байгаа авлигын систем үүсэх эхлэл нь бараг тэнд тавигдаж байсан юм биш үү гэж боддог. С.Зориг алагдсан 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр бол шинэ тогтолцооноос гараад өөр тогтолцоо руу орж, харьцангуй системтэй явж байсан тэр цаг үе өөрчлөгдсөн. Түүнээс хойш системийн авлига илүү явсан юм биш үү гэж боддог” гэв.
С.Зоригийг хөнөөснөөс хойшхи өнгөрсөн 25 жилийн хугацаанд хэргийн талаар хэдэн зуун таамаг, хувилбар яригдаж ирсэн байдаг. Түүний нэг бол Ерөнхий сайдын ярьсан энэ өнцөг. Бүр хамгийн анх гарсан таамаг ч гэж хэлж болно.
1998 он бол Дэд бүтцийн сайд С.Зориг Ерөнхий сайдад ид яригдаж, зам нь нэлээд шулуудчихсан үе байв. Түүнтэй зэрэгцэн Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоох Засгийн газрын шийдвэр нэлээд адармаатай, олон нийтийн анхаарал татаж өрнөсөн. Тухайн үед Засаг барьж байсан Ардчилсан холбоо эвслийн төр барьсан дөрвөн жилийн тэмдэглэлд “…1998 оны наймдугаар сарын 8-нд Засгийн газрын хуралдаанаас гарсан Ш.Отгонбилэг агсныг ерөнхий захирлын ажлаас нь түдгэлзүүлж, Д.Дорлигжавыг үүрэг гүйцэтгэгчээр томилохоор ЗГХЭГ-ын дарга Т.Лхагва, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд нар очиход тус үйлдвэрийн удирдлагууд өмнөх өдөр нь зугтсан хэмээн хэвлэлийн хуудаснаа тэмдэглэн үлджээ” гэсэн нь бий.
Тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэгийг
үйлдвэрийн эд хөрөнгийг шамшигдуулж байна гэх мэдээлэл олон нийтийн хэвлэлээр ид шуугьж байлаа. Засгийн газрын хуралдаанаар эл асуудал орж, Ш.Отгонбилэгийг захирлын суудлаас буулгах шийдвэр гаргав. Ардчилсан холбоо эвслийн байгуулсан Засгийн газрын энэ шийдвэрийн мөрөөр олон зүйл ил болсон байдаг. Ш.Отгонбилэг агсны байр суурь ганхах нь Оросын талд сайн мэдээ биш. Учир нь Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Оросын талд шилжүүлэх асуудал яригдаад эхэлчихсэн, үүнийг гүйцээх хүн нь тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн захирал байсан нь нэлээд тодорхой болчихсон үе юм. Харин энэ үед Дэд бүтцийн сайд С.Зориг өөрийн улсын үйлдвэрийн хувь заяаг Монголын төр шийднэ хэмээснээр талууд нэлээд зөрчилдөж эхэлсэн билээ. Гэтэл хэдхэн сарын дараа С.Зориг бусдын гарт амиа алдсан нь энэ зөрчлөөс үүдэлтэй гэж улс төрийн хүрээнд хүчтэй яригдаж эхэлсэн. Хэргийн мөрдөн байцаалтын явцад ч энэ агуулгын мөрөөр мөрдлөг явагдаж байсан тухай тулхтай хуульчид ярих юм билээ. Гэвч энэ таамаг нотлогдоогүй, нотлоогүй ч байж болох.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярилцлагаа үргэлжлүүлэхдээ “…Ингээд тэр өдрөөс хойш зэс гэдэг том гэнэ лээ гэдэг нь өнөөдрийн нүүрсний хулгайн анхдагч эх суурь” гэсэн нь ноцтой сонсогдож байгаа юм.
Энэ мэдэгдлээрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж нарыг шууд нэрлэчих шиг боллоо. Энэ хоёр эрхэм бол Монголын улс төрийн асар том “амтат бялуу” Эрдэнэт үйлдвэртэй нэн эртнээс нягт уялдаатай ажиллаж ирсэн. Ерөнхийлөгч асан гэхэд Засгийн газраас 1998 онд захирал Ш.Отгонбилэгийг сольж, Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтооход ОХУ-ын талд эсэргүүцлийн захидал бичиж, Монголын ардчилсан холбооноос Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Да.Ганболдыг долоон удаа буцааж байсан түүхүүд бий. Энэ тухай Да.Ганболд Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа “…Тухайн үед манай намынхан “Эрдэнэт”-ийн захирал Ш.Отгонбилэгийг огцруулсан юм. Түүний оронд Д.Дорлигжавыг тавьсан. Гэтэл Ш.Отгонбилэгийг зургаахан сараар ч болов буцаагаад “Эрдэнэт”-ийн захирлаар тавих шаардлагыг Ерөнхийлөгч Багабанди манай намаас нэр дэвшигчдэд тавьдаг байсан. Бид намаараа ярилцаад энэ саналыг хүлээж авахгүй байхаар тохирсон” гэсэн нь бий.
Нэг ёсондоо Эрдэнэт үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэг солигдох нь тухай үеийн Ерөнхийлөгчид таалагдаагүй. Тиймдээ ч зургаан сар ч болов захирлаар нь үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтийг Засгийн эрх баригч эвсэлд тулгаж байна гэдэг ард нь асар том сонирхол, эрх ашгийн зөрчил, бүлэглэл, хүч байгаагийн илрэл болж харагдаж байна. Үнэхээр Л.Оюун-Эрдэнэ сайдын хэлснээр “Зэсийг хянасан улс төрийн бүлэглэл хүчтэй. Тиймээс Эрдэнэтийн удирдлагуудын төлөөх үе, үеийн том тэмцлүүд явсан” гэсний баталгаа нь экс Ерөнхийлөгч Н.Багабандийн дээрх үйлдлүүд болж мэдэх.
Нэг зүйл тодорхой байгаа нь С.Зориг бусдын гарт амиа алдсан 1998 онд Эрдэнэт үйлдвэрийг тойрсон сонирхлын томоохон үйлдлүүд тухайн үеийн Засгийн эрхийг баригч Монголын ардчилсан холбоо эвсэл буюу өнөөдрийн АН-д ямар ч падлийгүй, харин эрх баригч МАН-ынхны эрх ашгийн төлөөх дайн байсныг өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ батлан ярилаа.
Гагцхүү С.Зоригийг хөнөөсөн хэрэг Эрдэнэт үйлдвэр, зэсийг хянасан улс төрийн бүлэглэлтэй холбоотой гэдгийг мэдээлэлд хамгийн ойр, цагдаа, прокурорыг томилдог, гүйцэтгэх засаглалын номер нэг хүн өнөөдөр ингэж ярьж байна гэдэг энэ хэргийн захиалагч хэн бэ гэдгийг илчилсэн нэг төрлийн нотолгоо юм аа. Ухаж хэлбэл, тухайн үеийн Ерөнхийлөгч, олон жил Хууль зүйн сайд байсан хүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэрлэчих шиг боллоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр могой өдөр DNN.mn

Аргын тооллын хоёрдугаар
сарын 28, Ангараг гариг.
Билгийн тооллын 9, гөрөөсөн
толгой одтой, улаагчин могой
өдөр. Өдрийн наран 7:36 цагт
мандан, 18:34 цагт жаргана. Тухайн өдөр
үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг
сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу
нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж,
биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын
үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх,
лам хувраг болох, багш шавьд барилдах,
номын абшиг авах, шинэ гэр ба байр авах,
хараал, жатхыг буцаах, газар лусын зан
үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд
сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх
зэрэг үйлд муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь,
хонь, нохой, гахай болой. Хол газар яваар
одогсод баруун хойш мөрөө гаргавал
зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Малын тэжээл үйлдвэрлэх нь Монголд хамгийн ашигтай бизнес баймаар юм” хэмээн өгүүллээ DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Бригадын генерал Б.Ууганбаяр “Хэрэвзээ
өвлийн улиралд Улаанбаатарт
газар хөдлөлтийн аюул тохиолдвол
хавсарсан гамшиг болно” гэснийг V нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

“Х Богдыг
ширээнд нь залах
ёслол болоогүй” гэв

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Малын тэжээл үйлдвэрлэх нь Монголд хамгийн ашигтай бизнес баймаар юм” хэмээн өгүүллээ.

Хууль зүйн ухааны
доктор, профессор,
хуульч, өмгөөлөгч “Үндсэн хуульд
нэмэлт,
өөрчлөлт
оруулахгүйгээр
УИХ-ын
гишүүдийн
тоог нэмэх
боломжгүй
Хууль зүйн ухаа”
гэв.

Зам, тээврийн
хөгжлийн яамны
Автотээврийн бодлогын
хэрэгжилтийг зохицуулах
газрын Тээвэр зохион
байгуулалтын хэлтсийн
дарга Э.Мөнхнасан “RFID tag өгөгдөл дамжуулах технологи учир мөнгө
байршуулах боломжгүй” гэлээ.

Монголчуудын хорт хавдар
дарга, эмч нарыг тэжээдэг
болохоор шинэ эмнэлэг
ойрын үед баригдахгүй


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ