Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Монгол Улсын Хошой аварга малчин, Монгол Улсын гавьяат малчин, Увс аймгийн Тэс сумын ахмад малчин Бүдээ овогтой Равагт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Month: February 2023
“Эрдэнэс Тавантолгой” ХК, орон нутгийн “Тавантолгой”, “Энержи Ресурс” ХХК-иас бусад боомтоор явж буй тээврийн С зөвшөөрлийг энэ оны хоёрдугаар улирлаас цахимаар олгоно.
Ачаа тээврийн С зөвшөөрлийг е-mongolia-д бүрэн холбосон тул хэрэглэгч, аж ахуйн нэгжийн хүсэлтийг тус системээр дамжуулан авч, зөвшөөрлийг нь хэвлэн өгөх юм. Улс, хот хоорондын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ, тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн үзлэг, мэргэшсэн жолоочийн мэдээлэл шалгах, улсын дугаар захиалах, дотоодын ачаа тээвэр, бүртгэлтэй холбоотой төлбөр төлөх гэсэн үндсэн үйл ажиллагааг цахимаар явуулж байгааг ЗТХЯ мэдээлэв.
Түүнчлэн, энэ онд хэрэглэгчдэд хүрдэг автотээврийн салбарын бүх үйлчилгээг цахимжуулахыг зорьж байна. Өнгөрсөн онд мэргэшсэн жолоочийн үнэмлэх сунгалтын шалгалтыг цахимжуулсан. Удахгүй, шинээр тээврийн хэрэгсэл бүртгүүлэх, шилжүүлэхдээ хэн нэгэн мэргэжилтний оролцоогүй бүрэн цахимжуулна. Хүлээн авагч, өмчлөгч нар харилцан зөвшилцсөний үндсэн дээр бүртгэлээ шинэчлэн тээврийн хэрэгслийн улсын дугаар, үнэмлэхээ шуудангийн хаягаар хүргүүлэн авах боломжтой болно. Эдгээр үйлчилгээг Autobox.mn, Autobox аппликэйшнээр дамжуулан авах бөгөөд аппликейшнийг нь хөгжүүлж байгаа аж.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар бүртгэлийн санд 1.267.000 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүнээс 797 мянга нь буюу 63 хувь нь техник, хяналтын үзлэгт хамрагджээ.
XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан, ажил үйлсээрээ ард олноо манлайлж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Энэ өдөр хөдөлмөр бүтээлээ төрд үнэлүүлэн эрхмүүдийн нэг нь нэвтрүүлэгч Г.Оюунцэцэг байв.
Тэрбээр соёл урлаг, хэвлэл мэдээллийн салбарт 26 жил хөдөлмөрлөсний үр дүнд өнөөдөр Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо.
Г.Оюунцэцэг нь өдгөө 25 дугаар суваг телевизийн Мэдээний албаны нэвтрүүлэгч, дуу оруулагчаар ажиллаж байна.
Улаанбаатар хотын орон сууцны үнэ энэ оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар, өмнөх сараас 0.3 хувиар тус тус өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Тодруулбал, тус сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.5 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.8 сая төгрөг байгаа аж.
График. Шинэ орон сууцны дундаж үнэ, 2023 оны нэгдүгээр сард, (Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргээр, сая төгрөгөөр, м2)
Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.33 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.07 сая төгрөг байна.
График. Хуучин орон сууцны дундаж үнэ, 2023 оны нэгдүгээр сард (Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргээр, сая төгрөгөөр, м2)
Дэлхий дахинд коронавируст халдвар (КОВИД-19)-ыг “цар тахал” хэмээн зарласан ч өнөөдрийн байдлаар улс орнуудад өвчлөл, нас баралт төдийлөн буурахгүй, SARS-CoV-2 вирус болон вирусийн шинэ хувилбарууд илэрсээр байгаа юм.
Энэхүү цар тахал нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээ, тогтолцоо, чадавхийг шалгасан том сорилт болсон төдийгүй эрүүл мэндийн салбарын ирээдүйн чиг хандлагад өөрчлөлт оруулсан, амьдралын шинэ хэв маягт дасан зохицох байдал үргэлжилсээр байна.
Тиймээс эрсдэлд суурилсан бодлого боловсруулж хэрэгжүүлэх, дараа дараагийн давалгаа, дэгдэлтийн бэлэн байдлыг хангах, урт хугацааны менежментийн тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай тул эрүүл мэндийн салбарын түвшинд “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дараах тогтвортой байдлыг хангах төлөвлөгөө” боловсруулах ажлыг эхлүүлэх, мэдээлэл солилцох уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Уулзалтад ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болон ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, ЦССҮТ, ЭСҮТ, СЭМҮТ, ЭМХТ, ЭЭХХЗГ-ынхнаас гадна ГЕГ-ын Гаалийн хорио цээрийн хэлтэс, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын төлөөлөл оролцож, саналаа солилцов.
Уулзалтын эхэндд халдварт өвчний 2008-2020 оны төлөв байдал, сургамж болон 2022-2040 он хүртэлх хэтийн төлөв, хандлагын тооцооллын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийсэн. Түүнчлэн хүн амын өртөмхий бүлгийг хамгаалах, эрүүл мэндийн тогтолцооны ачааллыг зохицуулах, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахад ДЭМБ-аас гишүүн улс орнуудад зориулж “Цар тахлын хариу арга хэмжээнээс Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тогтвортой менежмент рүү шилжих”-д чиглэсэн удирдамж, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ДЭМБ-ын Онцгой Комиссын хуралдааны зөвлөмжийн талаар ДЭМБ-аас мэдээлэл өглөө.
ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте КОВИД-19-ын эсрэг вакцины хамралт хамгийн өндөр орон бол Монгол Улс бөгөөд дэлхийн бусад улс оронд сайн туршлага болсныг тэмдэглээд цаашид шинэ вирусийг тандах, тандалтын тогтолцоог бэхжүүлэх, эрсдэлийн харилцааг өргөжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулж, олсон амжилтаа бататгахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэн.
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дараах тогтвортой байдлыг хангах төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, цаашид энэхүү урт хугацааны төлөвлөгөөг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажуулах нь зүйтэй гэж үзэв.
Д. Түвшинзаяа
Сар шинэ хаяанд ирсэнтэй холбоотойгоор иргэдийн хөдөө явах хөдөлгөөн эрс ихэсдэг. Энэ сарын 13-наас эхлэн нутгийн ихэнх хэсгээр дулаарч, хүйтний эрч суларч байгаа тул хөдөө орон нутгийг зорьж буй иргэд гол, нуурын мөсөн дээгүүр гарахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид он гарсаар улсын хэмжээнд гол, нуурын мөсөнд цөмөрсөн найман удаагийн дуудлагаар ажилласан. Алба хаагчид 13 иргэний аюулгүй байдлыг ханган, гурван иргэний амь насыг аварч, таван тээврийн хэрэгслийг татан гаргажээ.
Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа суух, осолдох тохиолдол гарсаар байна.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх 10 хоногоос 5-10 см нэмэгдсэн хэдий ч ихэнх голын мөсний зузаан өмнөх оны мөн үеийнхээс 10-60 см нимгэн байна. Нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, голын зарим хэсгээр мөс нимгэрч хэврэгших үзэгдэл ажиглагдаж эхэлжээ.
Иймд сар шинийн баярын өдрүүдэд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байж баталгаатай замаар зорчиж мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг ард иргэдэд онцгойлон анхааруулж байна.
Д. Түвшинзаяа
ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…..
МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Цэндийн Чимэддоржтой уулзаж ярилцлаа.
-Юуны өмнө танд зохиолчдын байгууллагынхаа 80 жилийн ойгоор соё- лын гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулсанд баяр хүргэе. Энэхүү шагналын үнэ цэнийг юу гэж ойлгож байгаа вэ?
-Монголын зохиолчдын эвлэлийн 80 жилийн ойн хишгийг хүртсэнд баяртай байна. Энэ онд Монголын радиогийн 70 жилийн ой болох юм. Хос морьтой хүн хол газрыг туулдаг гэдэг. Тиймээс яруу найрагчийн хувьд ч тэр, сэтгүүлчийн хувьд ч тэр аль алиныг нь үнэлсэн үнэлэлт боллоо хэмээн хүлээн авлаа. Би есийн тоонд их хүндэтгэлтэй ханддаг. Зохиолчдын эвлэл хэмээх өнөр өтгөн айл өрхөө татаж, гал голомтоо бадраасан өдөр нь есний өдөр. Мөн гавьяатын үнэмлэхний дугаар маань ч 2059 гээд есийн тоотой байсан нь бас л сонин. Би анх есөн настайдаа шүлэг бичиж эхэлсэн юм. Хүнд дотроо сүсэглэж явдаг зүйл байдаг даа. Тэр нь би 99 хүртлээ шүлэг бичнэ гэж боддог шүү. Есийн тоогоор далайлгаж хэлж байгаа юм биш л дээ. Гэхдээ л ингэж боддогоо юуг нь нууухав.
-Тэгэхээр та наад зах нь 100 наслах нь ээ? -Хэрвээ бодсоноор болдог бол 100 насалж, 99 хүртлээ шүлгээ бичих болоод байна.
-Хэдэн номтой болоод байна?
-Есөн номтой. Бас л есийн тоотой дуулдаж байгаа биз. Энэ жил дөрвөн ном гаргахаар зэхэж байна. -Бүгд яруу найргийнх уу?
-Тийм ээ. Өөрийгөө өгүүллэг бичихээр найтаах, тууж бичихээр бүдрэх, роман бичвэл хахаж үхэх биз гэж бодоод үргэлжилсэн үгээр нэг ч зохиолын мөр тавиагүй.
-Таныг эрхэм дээд шагнал хүртсэнд яруу найрагт дуртай олон ялангуяа хөдөөгийн малчид ихэд баярлаж байгаа болов уу?
-Тэгэлгүй яахав. Малын буян их юм. Түүнийг маллаж байгаа малчдын буян бүр ч их юм. Ер нь энэ Монголын амин зуулгыг малчид минь л авч явна. Монголын радиогийн “Малчин” нэврүүлгийн сурвалжлагчаар 30 дахь жилдээ ажиллаж байна. Нүднээс нь гал бадарч, нүнжгээс нь нар гэрэлтсэн малчдынхаа хийморь дунд 30 жил явсны минь хишиг буян ирлээ гэж бодном. Би чинь хүн гэхээсээ урьд малаа гэдэг хүн. Түүн дундаасаа өглөө бүр намайг [Цэндийн Чимэддорж: “Дэрэнгийн хар азарга” сүлдтэй найрагч болдог юм байна үүрсэн сэрээдэг адуу гэдэг амьтанд хайртай. Намайг сэрээдэг тэр адуу бол миний сүлдний морь юм. Тэгтэл өнөөдөр сүлднийхээ морийг энгэртээ зүүлээ. Сүлдтэй найрагч боллоо.
-Дуу хуурын өлгий Дундговьдоо, өөрийн өсч төрсөн нутаг Дэрэндээ хамгийн сүүлд хэзээ очив?
-Сүүлийн үед очиж амжихг үй л байна. Цаг зав олдохг үй юм. Би сумын төв орохынхоо өмнө төрсөн буурин дээрээ очиж хөрвөөдөг . Үүнийг хэн ч мэдэхгүй. Зүүн хөндлөндөө хөрвөөчихөөд явж байхад мөн ч хийморьтой шүү. Хойд талд Ерлөг хайрхан ханхайгаад. Энэ ууланд Чингэсийн есөн өрлөгийн нэгийг нутаглуулсан түүхтэй гэдэг юм. Газраар бус тэнгэрээр ирийтэл ярайсан Их газрын чулуундаа очих бахдалтай. Ерлөг хайрханы яг хүйн дээр нь миний Зүүн хөндлөн байдаг.
-Таныг хүний ганц хүү. Ээжээрээ овоглосон гэж дуулсан юм байна?
-Тийм ээ. Ээж маань их зөрүүд хүн байсан. Хөдөөний хүн байтлаа морь огт унадагг үй. Дандаа явган явна. Тэмээ ч унана гэж байхгүй. Насаараа хүнтэй ханилаагүй. 40 насандаа ганц хүү төрүүлсэн нь Чимэддорж гэдэг сэгсийсэн амьтан. Ээж хүүхэд огт гарахгүй болохоор нь ламд үзүүлсэн байгаа юм. Тэгтэл “Хүүхэд өргөж ав. Тэгвэл хүүхэдтэй болно” гэжээ. Ингээд нэг охин хүүхэд өргөж аваад түүндээ Дашчимэд гэсэн нэр хайрлав гэнэ. Эгчийг өргөж авснаас хойш гурван жилийн дараа би төрж ижийгээ баярлуулж. Ээж минь надад эгчийн Чимэд гэдэг нэрнээс нь сунтаглаад Чимэддорж гэх нэрийг хайрласан байгаа юм. Үндсэндээ би чинь Дашчимэддорж шүү дээ.
-Аавтайгаа уулзаж байсан болов уу?
-Нас залуу байхад аавын тухай бодогддоггүй юм билээ. Харин 40 нас руу дөхөөд ирэхэд яалт ч үгүй аав гэдэг хүний тухай бодож эхэлсэн дээ. Хулган байж ээжээс асуутал таг дуугүй. “А” ч гэсэнгүй. Арга ядаад эгчээсээ асуулаа. Тэгтэл эгч нэг чимээ анир авчээ. Надад хэлж байна. “Чиний эцэг Их газрын чулуунд суудаг Жанчив гэдэг нэртэй лам хүн гэнэ. Би мэдэж болох нутгийнхаа бүх л хүмүүсээс асуулаа. Хөгшид тийм нэг сэжүүр гаргалаа даа, дүү минь” гэдэг юм.
-Эгчийн тань сургийг нь гаргасан энэ хүн танай аав мөн байв уу?
-Мөн байлгүй яахав. Яг дүрээрээ байж байгаа юм чинь. Дундговийнхон Жаниа гэж авгайлдаг. Нутаг усныхан төдийгүй залгаа аймгийн иргэд ихэд сүсэлдэг нэртэй лам хүн байлаа. Хөөрөгний наймаа их хийдэг, одоогийнхоор хөөрөгний ченж гэж хэлж болохоор. Архинд жаахан дуртай нэгэн байв. Би радиогийн сурвалжлагч ухаантай болохоороо мөрөөр нь мөшгөсөөр яваад очиж уулзсан. -Хэдэн онд билээ? -1989 оны намар. Тэгэхэд аав 80 гарчихсан байв. “Аав минь өндөр настай болсон гэж дуулдана. Сэрүүн тунгалаг ахуйд нь сэгсгэр үсээ нэг үнэрлүүлэх сэн” гэж бодоод очсон хэрэг. Хэдэн өргөмөл хүүхэдтэй юм байна. Гарсан гэж хэлэх гэснээ болиод Мөнгөншагайг “Энэ таны ач хүү чинь шүү дээ” гээд аваад хаячихав. “Өө тийм үү” гээд энгэртээ зүүж байсан том эрхээр зулайд нь адис өглөө. Ингээд л өнөө асуудал нэг мөр шийдэгдсэн дээ.
-Таныг тэгж ирэхээс өмнө тэр хүн хүүгээ гэж мэдэж байсан болов уу?
-Үхтэл үр харам гэгчээр мэдэлгүй яахав. Сургийг минь дуулаад, сэтгэл дотроо юу эсийг бодож явах билээ дээ. Аав жаахан уужирсныхаа дараа “Тэр нэг жил Ерлөг, Их газрын чулууны орчмоор хэдэн тэмээ эрж яваад танайд үдэш буучихсан юм аа” гэснээс өөр юм хэлсэнгүй. Надад нэг хадаг өглөө. Түү- нийг нь нандигнан авчирч ээжид “Аав өгсөн юм” гээд өгтөл үг дуугүй авч бурхан тахилынхаа оройд залчихав. Хүлээн зөвшөөрч байгаа хэрэг л дээ. Аав ээж хоёр минь хоёулаа 82 настайдаа бурхан болцгоосон доо, хөөрхий.
-Та 1989 онд “Малчин” шүлгээрээ “Болор цом” авсан. Энэ үеэс л “Адуу Чимэддорж” гэгдэж эхэлсэн байх. Тухайн жилийн яруу найргийн наадмыг эргээд дурсвал ямар вэ?
-“Болор цом” наадамд би хоёр түрүүлж, гурав аман хүзүүдсэн. Зургаан настайгаасаа 12 нас хүртлээ зургаан жил хурдны морь унахдаа нэг ч удаа түрүү авч үзээгүй болохоор шазуураа зууж байгаад “Болор цом”-д Хадаа аварга шиг арван жилийн зайтай хоёр түрүүлсэн дээ. 1989, 1999 онуудад. Бас л баахан есийн тоо давхацсан жилүүд байгаа биз. 1989 оны найргийн наадмыг сайн санаж байна. Наадам эхлэчихээд байдаг. Шүлэг дуусч өгдөггүй. Мөнхтуяа минь “Цаад наадмаасаа хасагдлаа шүү дээ, түргэлээч” гэж яаруулаад. Сүүлчийн хэдэн бадгийг их л тэвдэж сандарч бичээд давхиад очив. Тухайн үед найрагчдыг нэрсийн дарааллаар нь дуудаж шүлгийг нь уншуулдаг байсан юм. Одоогийнх шиг олон даваа гүвээгүй ганц л шүлэг уншина. Намайг ид “үзэлцэж” байх үеийн “Болор цом”-д Д.Цоодол, Б.Лхагвас үрэн, П.Бадарч, Т.Галсан гээд яруу найргийн “дархан аваргууд” бүгд зодоглодог байлаа. 1989 онд “Малчин”, 1999 онд “Элсэн тасархай” шүлгүүдээрээ цом авсан. “Цагаан зээр”, “Майга”, “Хүү- хэдгүй морь”, “Ижийнхээ галын дэргэд бичсэн шүлэг”, “Сэлбэ” зэрэг олон агсамхан “морьдоо” “Болор цом”-ын тайзанд уралдуулж, олны халуун алга ташилтаар мялаалгаж байв.
-1999 оны “Болор цом”- д санагдана. “Пушкинтай тулгасан хундага” гэж шүлэг уншиж байсан байх аа?
-Тийм ээ. Пушкины яруу найргийн баяр Песьковт болоход Ламжавын Мягмарсү- рэн найрагч бид хоёр очсон. Пушкин байхгүй болохоор бид хоёр хөшөөтэй нь хундага тулгаж сархад хүртсэн юм. Тэр үед л тухайн шүлгийн санааг олсон.
-Шүлэг төрөх агшин нь би бололтой. Том хүү Мөнгөншагайгаа дагуулж очсон юм. Гэрээр нь дүүрэн айлчин гийчид. Аав зүүн талынхаа орон дээр завилаад суучихсан. Би хадагтай ганц нэг шил “юм” атгууллаа. Гэрт байсан хүмүүс уван цуван гарсаар байгаад хүү бид гурвуулахнаа үлддэг юм. Шилтэй архинаас аавд бор тагшаар нь нэг хийгээд өглөө. Явуулчихаж байна. Тэгснээ, миний хүү нэг татчих гээд өөрийнхөө бор тагшинд хийгээд өгөв. Би жаахан эмээсхийж байсан ч зоригоо чангалахаар бас л явуулж орхилоо. Зориг зүрх ороод ирэх шиг болов. Тэгээд шууд “Би таны хүү юм байна” найрагч бүрт өөр өөр байх нь мэдээж.
Та ямар үед ихэвчлэн шүлгээ бичдэг бол?
-Надад бусадтай адил шүлэг төрөх агшин эгшин гэж байхгүй. -Улирал нөлөөлдөг болов уу? -Намар их бичдэг. Хавар нь хавартайгаа хавсарч, зун нь зунтайгаа налайж байгаад намар л гэнэт сэрсэн юм шиг үзгээ шүүрдэг жамтай. Яг энэ үед миний сэтгэл хөхүүртэй айрагтай хамт исч, шарласан навчистай хамт газарт дэвсэгдэж, гэгээн өглөөний хяруу болон цавцайдаг.
-Таны “…Дэлхий дүүрэн янцгаасан Дэрэнгийн хар азарга…” хэмээх нэгэн сайхан шүлэг байдаг. Дуу ч болсон байх шүү?
-Дэрэнгийн хар азарга гэж би өөрийгөө хэлж байгаа юм. -Өөрийгөө хэлж байгаа юм гэснээс та нэг удаа “Эхнэрээ Дэрэнгийн хар азаргатай харддаг” гэсэн нь олны гайхашралыг төрүүлсэн?
-Өөртэйгээ л хардаж байгаа байхгүй юу. Би гэргийгээ өөртэйгээ л харддаг байсан даа.
-”Дэрэнгийн хар азарга”- ын дэл сүүл шингэрээд байх шиг?
-Ерөөсөө л шингэхэн юм шүү дээ. -Ааш зан нь ямар вэ?
-Хонь жилд төрсөн болоод ч тэр үү, энгийн үед над шиг номхон хүн байхгүй. Харин уяа сойлго нь таараад, торгон ирэндээ ирвэл над дошгин хүн байхгүй ээ. Би тийм л эрс, тэс хүн.
-Сүүлийн үед уяа сойлго тань хэр таарч байна. Энэ нь шүлэг их бичиж байна уу гэсэн үг л дээ?
-Шүлэг гэдэг адтай эд. Нэг л өдөр асгараад ороод ирнэ. Тэгснээ гэнэт алга болчихно. Ер нь сонин шүү.
-Алдарт дуучин П.Адарс үрэнтэй ойр дотно явсан хүмүүсийн нэг та. Тийм дээ ч, “Адраатай хундага тулгааг үй хүн бүхэнд хохь чинь” гэж хэлсэн байлгүй?
-Энэ хүний тухай олон ярьсан. Харин одоо нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Уншигч олон хошин ч гэж бодно уу, хашин ч гэж бодно уу, хашгирч байна ч гэж бодно уу, хамаа алга. Адраад өгөх гавьяатыг андуураад надад өгчихсөн юм биш биз дээ гэж бодох юм. Хэрвээ Адраад мандаж явах үед нь өгөх ёстой цолыг нь хүртээсэн бол өдийд амьд мэнд байх ч байсан юм болов уу, хэн мэдлээ. Шагнал гэдэг хүрэх ёстой эзэндээ хүрсэн бол хэрэгтэй зүйл. Харин муухан шагнаснаас сайн гэгч шийтгэчихсэн нь зарим үед дээр байдаг. Хүн хийж бүтээснийхээ төлөө шагнуулах ч хэрэгтэй, шийтгүүлэх ч ёстой. Хоёрын хооронд байна гэдэг холхиндог гутал шиг онцгүй.
-Хурдан морьдын тухай олон ном бичсэн үү?
-“Тэнгэрийн наадам”, “Хазаар дарсан шүлгүүд” гээд дан морьдын тухай шүлгээр бичсэн номууд бий.
Монгол Улсын эдийн засаг 2022 онд 4.8 хувь өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
Тодруулбал, дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 52.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 9.3 (21.4%) их наяд төгрөгөөр өсжээ. 2015 оны зэрэгцүүлэх үнээр 28.4 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.3 (4.8%) их наяд төгрөгөөр өссөн байна.
Дотоодын нийт бүтээгдэхүүн 4.8 хувиар өссөний
- 1.7 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар,
- 1.6 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар,
- 0.8 нэгж хувийг аж үйлдвэр, барилгын салбар,
- 2.6 нэгж хувийг үйлчилгээний салбар,
- 1.4 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна.
Түүнчлэн нэг ажиллагчид ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2022 оны IV улиралд 6.6 сая төгрөг, жилийн дүнгээр 23.2 сая төгрөг болж, өмнөх оноос 473.4 (2.1%) мянган төгрөгөөр өссөн байна.
Томсгосон дөрвөн салбараар авч үзвэл, нэг ажиллагчид ногдох ДНБ буюу хөдөлмөрийн бүтээмж 2022 онд өмнөх оноос хөдөө аж ахуйн салбар, аж үйлдвэр, барилгын салбар, үйлчилгээний салбарт өсөж, уул уурхай, олборлолтын салбарт буурсан байна.
ҮХС-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны 1-р сарын тайланг мэдээллээ. Тодруулбал, нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдсан хүний тоо өмнөх оны мөн үеийнхээс 600 мянгаар өсөж 1.5 сая болсон бөгөөд НДС-ын зарлага орлогоосоо 3 дахин их гарсан байна.
НДС-ын орлого 263 тэрбум төгрөг болж өмнөх оноос 110 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол зарлага 303 тэрбум төгрөг болж өмнөх оноос 87 хувиар өсжээ. Харин тэтгэвэр авагчдын тоо 19 мянгаар нэмэгдсэнийг мэдээллээ.
2023 оны нэгдүгээр сард нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдагчид 1.5 сая болж өмнөх оны мөн үеэс 675 мянган хүнээр буюу 77 хувиар өсжээ. Нэгдүгээр сард халамж үйлчилгээнд 149 тэрбум төгрөг олгосон байна.
Монгол Улсын 2023 оны нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн байдлын статистик үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцууллаа.
Энэ оны нэгдүгээр сард манай улс нийт 107 улстай худалдаа хийжээ.
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.8 тэрбум америк доллар, үүнээс экспорт 1.1 тэрбум америк доллар, импорт 688 сая америк доллар байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 669.5 (61.1%) сая америк доллароор, экспорт 538.1 (99.7%) сая америк доллароор, импорт 131.5 (23.6%) сая америк доллароор тус тус өсжээ.
Харин 2023 оны нэгдүгээр сард экспорт өмнөх сараас 318 (22.8%) сая америк доллароор, импорт 145.1 (17.4%) сая америк доллароор тус тус буурсныг мэдээлэв.
Гадаад худалдааны тэнцэл 2023 оны нэгдүгээр сард 389.7 сая америк долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 406.6 сая америк доллароор өсөж, өмнөх сараас 172.9 сая америк доллароор буурсан байна.
БНХАУ-тай өнгөрсөн нэгдүгээр сард 1.2 тэрбум америк долларын худалдааг хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 66.8 хувийг эзэлж буй аж.