Categories
мэдээ нийгэм

Турк руу явсан аврах баг өнөөдөр эх орондоо ирнэ DNN.mn

Турк, Сири улсуудад 7.8 магниудын хүчтэй газар хөдлөлт болж олон барилга нурж, хамгийн сүүлийн байдлаар нас барагсдын тоо 40 мянгад хүрээд байна.

Тус үйл явдалтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох 35 алба хаагчдыг хоёрдугаар сарын 8-нд илгээсэн билээ. Улмаар аврах ажиллагаагаа амжилттай явуулж нийт найман хүн /үүнээс хоёр хүүхэд/-ийг нуранги дороос гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, 19 хүний цогцсыг гаргасан байна. Мөн хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан цэргийн 11 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй эмнэлгийн баг 72 хүүхэд, 359 эрэгтэй, 218 эмэгтэй, нийт 649 хүнд эмнэлгийн анхан болон лавлагаа шатны тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Тус багийн үүрэг гүйцэтгэх хугацаа дуусаж өнөөдөр эх орондоо ирнэ

Categories
мэдээ нийгэм цаг-үе энтертаймент-ертөнц

Баярын өдрүүдэд хүнсний хэрэглээндээ анхаарах зөвлөмж DNN.mn

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр ирэх долоо хоногт болно.

Баярын өдрүүдэд хүнсний хэрэглээндээ хэрхэн анхаарах зөвлөмжийг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамнаас өгч байна.

  • Хэвийн боовыг 75 хувиас ихгүй агаарын харьцангуй чийглэгтэй, +20 хэмээс доошгүй орчинд 15 хоног хадгалж, хэрэглэх
  • Салат, түргэн муудах бүтээгдэхүүнийг хэрэглэх хэмжээгээр тухай бүрд нь бэлтгэн хэрэглэх, бэлэн болсон бууз, баншийг хонуулж хэрэглэхгүй байх
  • Хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхой, чанарын баталгаажилттай бүтээгдэхүүн сонгон хэрэглэх
  • Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хаяг шошгод тусгасан нөхцөлд хадгалж, худалдаалж буй эсэхийг шалгаж худалдан авахыг тус тус зөвлөлөө. зураг
зураг

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Манай улсын нийт хүн амын 1.2 сая нь ажил хийж байна DNN.mn

Манай улс одоогийн байдлаар 3,409,900 гаруй хүн амтай.

Ажиллах хүчний судалгааны 2022 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.2 сая нь ажиллах хүч байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Ажиллах хүчний 1.2 (94.7%) сая нь ажиллагчид байна.

Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 31.1 (2.8%) мянгаар өсөж, өмнөх улирлаас 33.2 (2.8%) мянгаар буурсан байна.

Улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны хүн амын 888.2 мянга буюу 42.1% нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Тэдгээрийн 43.4 (4.9%) мянга нь цалин хөлс, орлого олох ажил хайх эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа боломжит ажиллах хүч аж.

Хөдөлмөрийн дутуу ашиглалтын

  • 43.4 мянга (36.8%) нь боломжит ажиллах хүч,
  • 64.6 мянга (54.8%) нь ажилгүй хүн,
  • 9.9 мянга (8.4%) нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид байна.

Хөдөлмөрийн дутуу ашиглалт өмнөх оны мөн үеэс 33.3 (22%) мянгаар, өмнөх улирлаас 5.6 (4.5%) мянган хүнээр буурчээ.

Ажилгүй хүн өмнөх оны мөн үеэс 34.8 (35%) мянгаар, өмнөх улирлаас 3.5 (5.2%) мянгаар буурсан байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулан харвал:

  • 20-24, 30-34, 40-44 насны бүлэгт 5.5-6.8 мянгаар,
  • 25-29, 35-39, 45-49 насны бүлэгт 3-4.3 мянгаар буурсан аж.

Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеэс 1,700-гаар (3.8%)-аар буурч, өмнөх улирлаас 2,000 (4.9%)-аар өссөн байна.

Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеэс буурахад 25-29, 40-49 насны бүлэгт 1,500-1,600-гаар буурсан нь голлон нөлөөлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гадаад худалдааны тэнцэл 389 сая ам.долларын ашигтай гарчээ DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцууллаа.

Манай улс энэ оны нэгдүгээр сард нийт 107 улстай худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.8 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 1.1 тэрбум ам.доллар, импорт 688 сая ам.доллар байна. Түүнчлэн гадаад худалдааны тэнцэл 389.7 сая ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 406.6 сая ам.доллароор өсөж, өмнөх сараас 172.9 сая америк доллароор буурчээ. Нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 61.1 хувиар өссөн. Үүнд экспорт 99.7 хувиар, импорт 23.6 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сар шинийн баярын өдрүүдэд зах худалдааны төв болон сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарь DNN.mn

Сар шинийн баяраар зах худалдааны төвүүд хоёрдугаар сарын 21-нээс амрах хуваарьтай байна.

Барс, Алтжин бөмбөгөр, Мишээл экспо худалдааны төв хоёрдугаар сарын 24-нийг хүртэл амрах бол Нарантуул ОУХТ гуравдугаар сарын 1-ээс ажиллана.

Сүлжээ дэлгүүрүүдийн хувьд Номин бүх салбар, Имарт, Миний дэлгүүр, Улаанбаатар их дэлгүүр дэх Сансар супермаркет хоёрдугаар сарын 21-нд амарна.

Дэлгэрэнгүй:

зураг

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Categories
мэдээ нийгэм цаг-үе эдийн-засаг

“Бэлтэс мөрөн” компанид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2,595 иргэнийг хохироосон “Бэлтэс мөрөн” ХХК-тай холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, “Бэлтэс Мөрөн” ХХК-ийг үүсгэн байгуулагч Г, гүйцэтгэх захирал Н нарын нэр бүхий есөн иргэн бүлэглэн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт тэтгэврийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, амьдралын түвшин доогуур гэх иргэдэд туслах нэрийдлээр “хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ” байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар 2,595 иргэнээс 45,484,419,600 төгрөгийг залилсан, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Дээрх хэрэгт Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, орон нутгийн цагдаагийн газрын хамтарсан гурван ажлын хэсгийн 50 гаруй мөрдөгч мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хяналт тавьж ажилласан бөгөөд нийт 618 хавтаст хэргийн материалыг шүүхэд шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгэл цэнгэгшихүй DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……


Бавуугийн Лхагвасүрэн найрагчийн хөвүүд уран бүтээлийн их олз омогтой байгаа ажээ. Хэдхэн хоногийн өмнө Хасар хөвүүн нь “Болор цом”-д түрүүлж, “Намайг төрүүлсэн ээждээ баярлалаа. Нас ахих тусам зовоож байгаа хүүгээ уучлаарай, ааваа…” хэмээн уярам сайхан үг хэлэв.

Тэр залуу үйл хөдлөл, алхаа гишгээ, толгойгоо ялимгүй сэжлэн ярих нь хүртэл эцгийгээ “авч” төржээ. Чингэж Монголын их утга зохиолын 80 жилийн ойн үеэр болсон хөлтэйхэн найргийн наадамд энэхүү хөвүүн нь торгон жолоо өргүүлснээс мөн хэд гуравхан хоногийн дараа Л.Саранхөхөө хөвүүн нь “Хөх мөнхийн уул” хэмээх бүтээлийн чуулганаа Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд толилуулав аа.

Хөвүүдийн нь энэ мэт дүнэгэр явах эцэгт ямархан гэгээн таашаалтайн тухайд яриангүй. Тэр аав үлэмжийн жаргалтай байгаа буй за. “Хөх мөнхийн уул” үнэхээр нэг сэтгэл татам үзэсгэлэн ажээ. Зураач Л.Саранх өхөөгийн үзэсгэлэнгийн хүрээнд орвоос, хамгийн тү- рүүнд олж харах зураг бол “Орой”. Нэгэнтээ ардын уран зохиолч аавын нь ажлын өрөөнд очиход “Зүүдний цагаан унага” нэртэй Л.Саранх өхөөгийн зургийг хоймортоо залсан нь машид үзэсгэлэнтэй. Хүүгийнхээ бүтээлээр эдлэнгээ гоёчихсон аав нь жаргалтайхан тамхиа баагиулж суусан билээ. Тэгж нэг харсан “Зүүдний цагаан унага”- ыг “Орой” зургаас дахин олж үзэв.

Л. Саранхөхөөгийн зургийн хамгийн бодитой илрэл нь өнгөний хурц тод биш байдал. Тэр өөрийн илэрхийлэл, өөрийн хилээ завсрын өнгөөр бүтээдэг уран бүтээлч шиг санагдана.

Цагаан унага… Энэ чинь тод биш үү гэж асууж болох. Цагаан бол ертөнцийн үнэний өнгө. Өсөхөд шүд нэг цагаан Өтлөхөд үс нэг цагаан Үхэхэд яс нэг цагаан Ертөнцийн гурван цагаан энэ. Өсөх, өтлөх, үхэх. Цагаанаас цагаанд хувирч байна. Цагаанаас цагаанд шилжиж, цаг тоог бүтээж, бий болгож, дуусгаж байна. Л.Саранхө- хөөгийн цагаан өнгө бол энэх үү өнгөрсөн, одоо, ирээдүйд зангидагдаж буй нь анзаарагдана. Түүний зургийн гол дүрслэгдэх үүн нь адуу юм. Гэхдээ тэр адуу нь ганцхан цагаан адуу байх түгээмэл.

Харин энэ цагаан адуу нь халиун саарал, эсвэл цагаан халиун, бүр хөх хонгор өнгөөр хувьсан бүтээгдсэн байдаг. Энэ нь л мөнөөх үнэний гурван цагаанд шилжин дамжих амьдралын хувирал өөрчлөлт, жаргал зовлон, үнэн худал, жам ёсыг илэрхийлж буй хэмээн бодогдоно.

Л.Саранхөхөөгийн “Хөх мөнхийн уул” бол Зоргол хайрхан уул, тодруулбал өвөө, аавын нь тоонот болсон тэр нутгийн утга уянга, гэрэл гэгээ юм аа.

Түүний “Монголын бага нас” гэж үнэнхүү сайхан зураг байна. Бүхий л орчлон хорвоог гэгээн цэнхэрлэг өнгөөр нэлд нь туурвиад, тэрхүү уудам төгөлдөр гэгээн цэнхэрлэгээс хошуу өлгөн өлгөн, туурай цөмрөн цөмрөн тэмүүлэх унаганы дүрслэгдэх үүнтэй энэ зургаас тулхтай уран бүтээлчийн тансагхан болоод чансаатайхан санаа шийдэл нэвт мэдрэгдэнэ.

Л.Саранхөхөөгийн эл үзэсгэлэн ерөөс ардын уран зохиолч аавынхаа бүтээл үүдтэй утга агуулгын болоод дүр дүрслэлийн хувьд гүнзгий ширэлдээтэй. Б.Лхагвасүрэн гуайн …Элгийг тань цөмлөн шингэнэ ээ, Боржигоны бор тал минь гэсэн мөр байдаг. Энд амирлаж эцэслэхийн тухайг гайхалтай урнаар өгүүлэн “цөмлөсөн” бол хүүгийн нь “Монголын бага нас” дахь унаганы уруул, туурайн цөмлөөн нь хэтийн гэгээн ирээдүй тийш оргилсон дүүлэлт гэж болом. Л.Саранхөхөөгийн “Реквием” нэртэй зураг байна.

Аавын нь мөн ийм нэртэй шүлэг бий. Харин хүүгийн “Реквием” аавынхаа “Элегия”- ийг санагдуулна. Одоо ингэж нэгэн гүү- ний унага мэт байвч Овоон дээр тавьсан алиныхаа толгойноос үргэлж явах бол доо гэж шү- лэглэсэн байдаг. Тэгвэл “Реквием”-д сул хатирах нэгэн цэгээн саарал адууг сийлэн зураад, сүүдрийг нь барлахдаа хэлхээтэй өгөр араг яс болгон шигтгэсэн байна. Шууд “Элегия” санаанд орж байгаа юм даа. Ингэж нэвчилцэх гэж, ингэж өвч нө- хөлдөн урлацгаах гэж . Энэ гүн бат нэвчилдээнийг “Жам”- аар бүр ч төгөлдрөөр гүйцээн нотолсон байна билээ. Бас л сайхнаас сайхан туурвил. Мөлчийтөл мөлжсөн тойг орхичихсон юм шиг дүрстэй “Хөх мөнхийн уул”. Л.Саранх өхөөгийн үзэсгэлэнгээ нэрлэсэн зураг. Алив уран бү- тээлчийн, ер хүний сэтгэлд нутгийн уул мөнх орших бөлг өө.

Тэр уулаа хайрлан санах, дүрслэн бодох, эгээрэн энэрэх нь өөрөө уулын чинээ аугаа их сэтгэл юм. Ийм аугаа их сэтгэлээр “Хөх мөнхийн уул” бүтээгдсэнд эргэлзэх юун. Тэлмэн зэрэглээнд эмнэг адуу шиг цовхчих Тэр хөх мөнхийн уулминий хүүгийн уул гэж аав нь бичсэн билээ. Ачит эцэг Бавуудаа гэж эхэнд нь бичсэн байдаг. Аавыгаа, өвөөгөө хайрлан дээдэлсэн хайраар жигүүрлэн эцэг, хүү хоёрын босгосон “Тэр хөх мөнхийн уул”-ыг бид үзэв. Уул мөнх. Хүн мөнх бус. Гэхдээ уулаан, эцгээн хайрлах сэтгэл мөнх аваас хүн бас мөнх үргэлжлэхийн илэрхийллийг эндээс олж харнам зэ. “Зорголын уул” гэж зураг байна. Мөн л нөгөө хөх мөнхийн уул. Цав цагаан бороо цайран нөмөрч, бүв бүрэнхий үүлс нүүгэлтэн лаглайжээ. Наад бэлд нь хонгор хондлойтой нэгэн унага. Тэр унаганы магнайнаа гийсэн саран адил толин сар гялалзана. Энд аанай л эх нутаг, эцэг үрийн элбэрэл хайр тунгаагаастай. Л.Саранхөхөөгийн хамгийн хайртай зураг нь болов уу даа, “Өөрийн хөрөг” гэж бүтээл байна.

Энэ бүтээлдээ тэрбээр эцгийнхээ Цаг тооны үргэлжлэл Цагаан сүүний ургамал хэмээх гүн ухааныг баримталжээ. Гэрийн хаалга нээлттэй. Гэрийн дотор зураач өөрийнхөө дүрийг, гадаа нь морь унасан өвөөгөө, тэртээд хөх мөнхийн уулаа дуниартан буйгаар дүрсэлжээ. Гэрийн хоймор цэгт өвөг, эцгийн оюун ухаан, түүний үрээр уламжлагдан ирсэн гоо зүй, урлагийн сэрэл мэдрэмж, үүнийгээ хүндэтгэн дээдэлснээ илэрхийлсэн байна буюу. Энэ зургийнхаа тулгын хэсгийг морь унасан өвөөгөөрөө дүрсэлсэн нь машид сайхан болжээ.

Тэр нэг зуны бороотой өдөр Б.Лхагвасүрэн гуайн аавынхаа тухай бичсэн “Нулимстай дурсамж”- ийг аваад сониндоо нийтлэхээр хөөрлөн явж билээ. Үнэхээр нэг тийм нулимстай дурсамж байсан даа. Тэрхүү бичлэгийн төгсг өлд “Алдар хүндээ дагаж би Алтан-Өлгийд очихгүй. Ажаагаан дагаж Өнжүүлдээ очно. Хөлийг минь өтөнд ойр, толгойг минь ууланд ойр тавиарай гэж хүүхдүүддээ би захидаг” гэсэн үг өгүүлбэрүүд байдаг.

Тэгэхдээ найрагч бээр “Энэ зургийг сайхан засаад тавьчихаарай” гэж эцгийнхээ нэгэн зураг өгсөн нь Л.Саранхөхөөгийн нь “Өөрийн хөрөг”-т яг тэр төрх өөрөө мөнхлөгдсөн нь гойд зохимжтой болсон санагдана. Л.Саранхөхөөгийн “Хөх мөнхийн уул“ нь эх нутаг, эцэг үрийн үргэлжлэхүйг, залгамжлахуйг элбэрүү сэтгэлийн хөрөнгөөр бүрсэн уран бүтээлийн цоморлиг ажээ. Өглөө үдэш, оройн өнгө аялгуу, баяр гуниг, хувьсал өөрчлөлтийг адууны цэгээн дэлний унах, норох, ургахаар илэрхийлэн өгүүлэх нь гайхалтай. Цайдмын худгийн асгар дээр Цангасан адууны тоосыг Бүүвэйн дуутай нийтгэн… хэмээн эцгийнхээ бичиж байсныг бас л өөрийнхөө хэлээр, бийрээр хөшсөн нь энэ ажгуу.

Ардын уран зохиолч өчигд өрхөн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Зураг бүрийнх нь дор шүлэг бичиж хүүдээ баярласнаа илэрхийлнэ” гэжээ. Энэ бол өөрийн нь хэлсэн “Мартагдашгүй мөчийг олж үнсч чаддаг эцэг байна гэдэг их чухал юм билээ” гэсэн үгийн нотолгоо бололтой. Тэгэхээр өнгөрөн буй өдрүүд энэ эцгийн хөвгүү- дийнхээ “Мартагдашгүй мө- чийг олж үнсэх” цаг тоо ажээ. Энэ эцэг бас “Сэтгэлийн тухыг дээдэлдэг” гэж өгүүлсэн байна лээ. Түүний сэтгэлийн тух дархлаажсан цаг тоо бас үргэлжилж байна. Энэ тух нь үргэлж дандаа орших болтугай. Тэр нэг өвөл үндэсний телевизийн “Хос багана” нэвтр үүлгийн анхны дугаарын зочноор Б.Лхагвасүрэн гуай гэргийн хамт оролцсон билээ. Нэвтрүүлэг сайхан болж, ардын уран зохиолч биднийг бялууртал дайллаа. Тэгээд “Саранхөхөө миний хүү нөгөө юмнаасаа эдэнд өгөх сөн” гээд удаагүй байтал энэхүү хөвүүн нь шив шинэ чаначихсан тарваганы мах уур савсуулсаар барин орж ирж, тэнд байгсдыг гайхашруулсан юм. Ардын уран зохиолчийн авдар чингэлэгт юм юм байдаг ажээ гээд нэг нь өгүүлж суусан тод санагдана. Тэднийхээс гараад явахад мө- нөөх Л.Саранхөхөө үүдний нэгэн өрөөнөө нэг их бодлогоширч бясалгасан төрхтэй, хүмүүсийн хөөр хөгжөөнөөс дайжсан байдалтай зургаа зурж ээ суусан нь санаанаас гардаггүй. Одоо эргээд бодоход бас л нэг халиун хонгор, цагаан халиун адуу зураад, тэр нь там тум, бүдэг бадаг хэрнээ, бий болчихсон төгс зураг шиг санаанд үлдсэн нь хачин. Л.Саранхөхөөгийн “Хөх мөнхийн уул”-аар зочлоод гарахуй санаа сэтгэл тунгалагшин цэнгэгшээд, Хөшөө- тийн дөрөлж, Хөх хайнагт, Хөх цав, Хөх оно маань санагдах нь юутай яруухан бэ.

Сэтгэл цэнгэгших шиг сайхан нь хаа байна. Тиймээ, сэтгэл цэнгэгших.

Б.ЗОЛБАЯР

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Батчулуун: Бүх малыг хавтгайруулж бүртгэлжүүлэх нь чухал биш гэж мэргэжлийнхэн үздэг DNN.mn


Булган аймгийн Бүрэгхангай сумын “Алтан бичигт цахт” ХХКийн мал зүйч, малын эмч Ж.Батчулуунтай ярилцлаа.


-Малыг цахим бүртгэлжүүлэх ажил хөдөө орон нутагт хэрэгжиж эхэлсэн үү. Ахиц хэр яваа бол?

-Өвчтэй, өвчингүй хамаагүй бүх малыг бүртгэлжүүлээд байх нь онц ажил биш гэж мэргэжлийнхэн үздэг. Хэрэгцээнд махлаад идчих эр малыг бүртгэж яах юм бэ. Хавтгайрсан бүртгэл бол хэрэггүй. Цөм сүрэг гэж бий. Үржлийн зориулалттай охин мал, овог үүлдэр нь баталгаажсан, шилмэл малыг л бүртгэлжүүлж нэгдсэн санд оруулбал сайн. Сая манай сайд 13 тэрбум төгрөгөөр 5.5 сая үхрийг ээмэгжүүлж бүртгэнэ гэж яриад байсан. Тэр санхүүжилт нь хаа ч яваа юм. Тэр бүх малыг бүртгэлжүүлэх албагүй байх аа. Гол нь цөм сүргийн, шилмэл, үржлийн малыг л мэдээллийн санд оруулж бүртгэлжүүлэх шаардлагатай байгаа юм.

-Манай улсад малын хулгай их байдаг. Хэрэглэгчид хулгайн мах гэж мэдэхгүй л авч байгаа. Түүнийг нь яаж мэдэх вэ. Мэдэх боломж бий болов уу?

-Мал эмнэлгийн хийх гол ажил энэ юм. Махны гарал үүслийн бичиг гэж бий. Тэр аймгийн тийм малчны, тийм зүсмийн мал гэсэн гарал үүслийн бичгийг тухайн аймаг, сум, багийн эрх бүхий эмч нар гаргаж өгч байгаа. Үүн дээр л хариуцлагатай хандмаар байгаа юм. Тэгж байж малын хулгайтай тэмцэх эхний алхам болох байх.

-Гэтэл малын хулгайчид нь ченжүүдтэйгээ хамтарчихсан гарал үүслийн бичгийг хуурамчаар үйлдээд гаргаад авчихдаг гэнэ…

-Түүнийг чинь л уг нь малын эмч нар хариуцаж хийх ёстой ганц ажил байгаа юм. Малын эмч газар дээр нь очиж үзээд ийм тооны, ийм зүсмийн мал гээд гадна талаас харж шинжинэ. Дараа нь лабораторийн шинжилгээ хийж үзнэ. Зөвхөн мал эмнэлгийн эмчийн үзлэгээр баг, сумын эрх бүхий мал эмнэлгийн улсын байцаагчийн баталгаажсан гарал үүслийн бичгийг үзэж байж махаа худалдан авах хэрэгтэй. Тэгж байж л малын хулгай багасах байх. Түүн дээр сайн хяналт тавих хэрэгтэй.

-“А” данс гэж зүйл малчин өрх болгонд байдаг уу?

-Жишээ нь, сумын малчдын малыг бүртгээд Дорж овогтой Чулуун гэдэг хүнд тэдэн тооны мал байна гээд “А” дансанд бүртгээд авна. Тэгж бүртгэлжүүлж, бүртгэж авсан малыг л “А” данс гээд байгаа юм. Түүнээс малчдад хүний тавиул мал зөндөө бий. Улаанбаатар хотын иргэний мал ч тэнд байж л байдаг. 1000 малтай өрх байлаа гэхэд 200-300 нь Улаанбаатар хотын иргэний тавиул мал байх жишээний. Тавиул малыг нь тоонд оруулах хэцүү, байх хэцүү. Арванхоёрдугаар сард нийт малын тоо гардаг шүү дээ. Түүнд бүрэн хамруулсан тоотой малаар л малын тоог тооцно. Одоо бол амаар л малын тоог авчихаад байгаа шүү дээ. Түүнээс яг үнэнээр -Вакцин хийлгэсэн малын махыг хэд хоногийн дараа хүнсэнд хэрэглэх ёстой байдаг билээ. Тэр хоног нь дуусаагүй байхад малын хулгайчид хулгайлаад махлаад зарчихсан тохиолдолд хүний биед ямар нөлөөтэй вэ?

-Ямар нэгэн өвчнөөр өвчилсөн малын махыг ерөөсөө идэж болохгүй. Гоц халдвартай, халдваргүй ямар өвчнөөс үл хамаараад. Вакцин хийлгэсэн малын махыг нэг сар хүнсэнд хэрэглэж болохгүй. Вакциныг 14 хоногийн давтамжтай сард хоёр удаа хийдэг. Түүнээс хойш сарын дотор тэр махыг идэж болохгүй. Ямар нэгэн тариа хийлгэсэн малын махыг 14 хоногийн дотор хүнсэнд хэрэглэх ёсгүй. Угаасаа тийм заалт бий. Сүү, мах, арьс шир зэрэг малын түүхий эд, бүтээгдэхүүнийг нэг сар хэрэглэхгүй, малын хөдөлгөөнийг хааж, хянах ёстой. 14-өөс нэг сарын хугацаанд хөл хорио тогтоож хянадаг. Тийм нарийн журамтай. Тэгж байж тэр тариа, вакцин хийлгэсэн малд дархлаа тогтдог. Хэрэв вакцин хийлгэснийг мэдэхгүй малын хулгайчид махлаад зарчих юм бол хүний удам зүй, үр хөврөлд сөргөөр нөлөөлнө. Генийн гажиг үүснэ.

Янз бүрийн өвчний бактери, вирусыг цааш нь халдаадаг. Хоёрдугаарт, малчид хариуцлагагүй болсон. Зуд боллоо л гэдэг. Мал өвс тэжээлгүй болчихлоо гээд л төр засгийг буруутгадаг. Гэтэл өөрсдөө бэлтгэлээ хангаагүй. Гаднаа түлээгүй, малдаа өвсгүй. Түлээ, өвс тэжээлээ өөрсдөө бэлдэхээ больсон. Түүнийхээ төлөө төр засгаас гуйгаад байна гэдэг чинь хариуцлагагүйн зуд болж байгаа биз дээ. Дээр үед зудыг даван туулах, зудын аюулаас хамгаалах төлөвлөгөө гаргаад долоогоос нэг сарын хугацаанд жилээ даван туулах өвсөө бэлдчихдэг байсан шүү дээ.

-Та өвчилсөн малын махыг идэж болохгүй гэсэн. Өвчлөөд эдгэсэн байсан ч тэр малын махыг идэж болохгүй гэсэн үг үү?

-Өвчлөөд эдгэсэн байсан ч тэр махыг идвэл түрүүний миний хэлсэн удам зүйн санд хүртэл нөлөөлнө. Малчид өөрсдөө дур мэдэн ямар ч хамаагүй тариа аваад малдаа шахаад байдаг. Тэр хамгийн буруу. Заавал малын эмчээс асууж байж, заавар зөвлөгөө авч байж малдаа тариа хийх ёстой. Вакцин хийх юм уу, тарилга хийх юм уу эмчээс асуух нь зүйтэй. Хяналтгүй болсноор янз бүрийн малын өвчин дэлгэрээд байна. Өвчтэй малын хөдөлгөөнийг хянаж хорих хэрэгтэй. Үүн дээр сум, аймгийн, улсын чанартай бодлогууд явж байх ёстой юм.

-Малын халдвартай болон халдваргүй өвчлөлүүд юунаас болж үүсдэг вэ?

-Халдварт өвчин бол газрын хөрсөнд байдаг нян микробууд ус өвсөөр дамжаад гараад ирдэг. Халдваргүй өвчин нь орон нутагт бэлчээр хомсодсонтой холбоотой. Ус тэжээлээр дамжаад зооны чанартай халдваргүй өвчлөлүүд дэлгэрээд байна. Манайхан хужир тэжээлээ бэлддэггүй. Дээрээс нь бэлчээрийн даац хоёр дахин хэтэрсэн. Монголын газар нутаг дээр 20-30 сая мал бэлчиж байх даацтай шүү дээ. Гэтэл 70 сая малтай гэхээр 2-3 дахин даац нь хэтэрсэн байгаа биз. Нэг бэлчээр нутагт 40-50 төрлийн ургамал ургадаг байсан бол одоо 2-3-хан төрлийн ургамал л ургадаг болсон.

Тэгээд нөгөө малд нь макро элемент давс хужир зэрэг нь дутагдаад эхэлдэг. Дээрээс нь малын эмчийн хүний нөөц дутмаг. Хүнийхээ менежмэнтийг манайхан сайн хийж чадахгүй байна. Гаднаас мэргэжилтэн ирээд энэ малын чинь үүлдэр угсааг сайжруулж чадахгүй шүү дээ. Тиймээс хүний нөөцийн бодлогоо дээрээсээ бодлогоор зөв хийх, хоёрдугаарт, мал эмнэлгийг зөв байршуулах хэрэгтэй. Мал эмнэлгүүдийн зарим нь хувийнх болчихсон шүү дээ. Төрийнх нь сумандаа байж байдаг. Хувийнх нь багтаа байдаг. Малын эмчийн ажлын хариуцлага, ур чадвар, хүний нөөц зэргийг сайжруулж байж малаа эрүүлжүүлэх, хүнсээ эрүүлжүүлэх асуудлыг ярина шүү дээ. Ингэж цогц арга хэмжээ л авах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр хонь өдөр DNN.mn

Аргын тооллын хоёрдугаар
сарын 18, Санчир гариг.
Билгийн тооллын 28, элдэв
тэнгэртэн одтой, улаагчин хонь
өдөр. Өдрийн наран 7:54 цагт
мандан, 18:18 цагт жаргана.
Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг
хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ
сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай
хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян
номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх,
худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг
дэвших, лус тахих, мал худалдан авах,
мал түгээх, хийморийн дарцаг хатгахад
сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр
хийлгэх, цөөрөм байгуулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой,
бич, нохой, гахай болой. Хол газар яваар
одогсод зүүн хойшоо мөрөө гаргавал
зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Иргэдэд учирч болох 865 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийллээ DNN.mn

Өнгөрсөн 7 хоногт Дорноговь аймгийн Замын-Үүд, Сүхбаатар аймгийн Наран, Онгон, Дорнод аймгийн Халхгол, Увс аймгийн Сагил, Баруунтуруун сумдын хил орчмын нутаг дэвсгэрийн иргэдийн 854 тооны мал бэлчээрээр улсын хилд тулсныг хилчид илрүүлжээ.

Хилчид иргэдэд учирч болох 865 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж, хилийн зурваст малаа хариулгагүй орхисон 14 хүнд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцож, малыг хүлээлгэн өгсөн гэж ХХЕГ-аас мэдээллээ.