ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……
Чөлөөт бөхийн ОУХМ, улсын харцага Жамцын Бортой уулзаж ярилцлаа.
-Сайхан өвөлжиж байна уу, та. Сүүлийн жилүүдэд хаана ажиллаж, амьдарч байна вэ?
-Өвөлжөө тавлаг байна. Би чинь гурван жилийн өмнө дахиад гэр бүлтэй болсон. Одоо ханьтайгаа хашаа байшин хөлслөөд, их хотдоо аж төрж сууна. Солонгосын нэгэн компанид зуурмагийн тэрэг барьдаг юм. Өвлийн цагт гэртээ амарчихдаг. Хавар дөрв өн сараас ажил эхэлнэ дээ.
-Та Дорнод аймагт багаг үй олон жил амьдарсан. Үр хүүхдүүд чинь одоо том болоо биз дээ?
-12 жил Дорнодын тал нутагт аж төрж, амьдралынхаа нэгэн сайхан мөчлөг үеийг тэнд орхижээ. Анхны хань Л.Сувдаа маань Дорнодод замын цагдаагаар очиход амьдралын эрхээр бөхөө орхиод ханиа дагасан. Тэр чинь 1984 он юм. Сувдаа надтай нийлэхдээ нэг хүүхэдтэй байлаа. Бид хоёр ханилаад нэг хүү, хоёр охин төрсөн. Том охин Пүрэвсүрэн одоо Дорнод аймагт ажиллаж амьдарч байна. Дараагийн хүү Даваасүрэн ЦЕГ-ын тусгай албанд ажилладаг. Хүүгээ бөх болчих болов уу гэж их горьддог юм. Одоо ч өнгөрч байх шиг. Ажил болдоггүй биз.
Уул нь “Хүч” нийгэмлэгт Т.Нармандах харцагын удирдлагад бэлтгэл сургуулилт хийдэг байлаа. Тэгтэл Т.Нармандах тэтгэвэртээ гарсан дуулдана лээ. Бага охин Мягмарсүрэн Цэргийн дээд сургуульд суралцаж байна. Одоо төгсөх ангийн оюутан. Хичээлийнхээ хажуугаар Ц.Шийрэв багшийн самбо, жүдогийн секцэнд явдаг байснаа больсон дуулдана. Самбогоор цаашдаа “юм” дуулгана гэж бодож байтал бас л бэлтгэл сургуулилтаа орхижээ.
-Анхны ханьтайгаа уулздаг уу?
-Хааяа нэг уулзалддаг юм. Сүүлийн хоёр жил огт таарсанг үй. Цагдаагийнхаа ажлыг болиод жолооч болсон. Том тэрэгтэй. Дорнод аймагт, Улаанбаатар хот хоёрын хооронд тээвэрт явдаг юм. Би өөрийнхөө тэргийг бариулсаар байгаад жолооч болгочихсон л доо.
-Хүүхдүүд чинь аав дээрээ ирдэг үү?
-Ирэлгүй яахав. Саяхан хүү маань гэргий хүүхэдтэйгээ ирээд явсан. Харин бага охинтойгоо ойрдоо уулзаж амжихгүй байна.
-Таныг нэг хэсэг Өвөрхангайн алтны уурхайд ажиллаж байна гэж дуулдсан ?
-Тэгсэн. Хэдэн нөхөд маань Өвөрхангай аймгийн Уянга суманд эрээн гэр хийж зардаг. Тэр хэддээ тус дэм болох үүднээс том тэргээр мод чулууг нь дөхүүлж өгч байлаа. Тав, арван төгрөг олж амьдрал ахуйгаа залгуулахаар Уянгын алтны уурхай, мөн Баянхонгор аймгийн Бөмбөр сумаас 110 км-ийн зайд Нарийн гэдэг газар байх алтны уурхайд караз машин барьж байв.
-Ингэхэд хэдэн жил тэрэг барьж байна вэ?
-27 жил тасралтгүй том тэрэгний жолоо мушгиж байна.
-Дорнодод байхдаа том тэрэг барьдаг байв уу?
-Тэгэлгүй яахав. Хэнтийн Бэрхийн уурхай зэрэг олон газар тэрэг барьсан. Ер нь Дорнод аймаг гадны хүнд ээлтэй сайхан нутаг шиг санагддаг. Миний бие цагаан сарын шинийн нэгэн болгонд аймгийн төвийн урдхан байдаг Хан уулын орой дээр хонины ууцтай гардаг. Хаврын тэргүүн сарын шинийн нэгний нарнаас хийморь лундаа авч, Хан уулынхаа овоон дээр сэржим өргөөд буух мөн чиг хийморьтой шүү. Аймгийн Засаг дарга нь хүртэл арван хэдэн өрөө байргүй байхад манайх 16 зургаан өрөө байранд хангалуун амьдарч байсан даа.
-Аймгийнх нь наадамд хэд түрүүлсэн бэ?
-Долоо түрүүлсэн.
-Ер нь яагаад тэндээс явах болсон юм?
-Яахав дээ, гэр бүлийнхээ хүнтэй таарч тохирохгүй болоод л тус тусын амьдралаа хөөсөн хэрэг. Би чинь 1996 онд Дорнодоос явсан байх шүү.
-Та “Алдар” нийгэмлэгийн тамирчин байсан. Бөхийн гараагаа хаанаас эхэлсэн бол?
-Би Булган аймгийн Орхон сумынх. 1975 онд Улаанбаатар хотын 120 дугаар ангид цэрэгт татагдаж ирээд удалгүй Дорж генералын ачаар “Алдар”-т шилжсэнээр бөх болох гараа минь эхэлсэн. Сонирхуулахад, цэрэгт ирсэн минь их хөгтэй. Чац урттай байсан болохоор цэргийн нормын хувцас багтдагг үй. Ханцуй суга нь зад зад үсрээд. Орос бахиал бүр ордогг үй. Эхний хэдэн өдөр хөл нүцгэн жагсч байлаа. Тэгээд ангийн дарга нэг бахиал захиалгаар авчруулж байж хөл хоргоох юмтай болж байв.
-Хэдэн размер өмсдөг байсан бэ?
-43 размерын гутал арай чүү багтдаг хүнд чинь 41, 42 размерын гутал яаж орох вэ дээ.
-Тухайн үед таны өндөр хэд байв?
-Нэг метр 93 см. Цэрэгт ирээд ганц нэг см нэмэгдсэн.
-“Алдар” нийгэмлэгт хэний гар дээр очив?
-Ч.Дамдиншарав багшийн гар дээр ирсэн. Ч.Өвгөнхүү харцага дэслэгч цолтой залуухан дасгалжуулагч байлаа. Дамдингийн Баяраа гарьд бид хоёр нэг өдөр “Алдар”-ын босгоор алхсан юм. Д.Баяраа 107 дугаар ангид алба хааж байсан. Бид хоёрыг анх Хадаа аварга дагуулж “Алдар” нийгэмлэгт хүргэж билээ. Тэр жил Хадаа улсад түрүүлж арслан цол хүртсэн. Ид гарч ирж байсан үе нь. Тод шаргал дээл эгэлдэргэлж, үнэгэн лоовууз малгай духдуулсан Хад аваргыг анх хараад ихэд сүрдэж байсан сан.
-Хад аварга гэснээс Бандийн Ганбаатар арслан “Хадаа, Баянаа хоёрыг ид байхад Ж.Бор бид хоёр л унадаг байсан даа” гэж ярьсныг нь санаж байна?
-Халхын сайхан аваргуудыг ааглаж хаяж явсан үе надад бий.
-Цэрэгт ирэхээсээ өмнө та барилдаж байв уу?
-Би 1955 онд төрсөн юм. Арван хэдэн настайгаасаа хар бор ажилд нухлагдаж эхэлсэн. Өвс хадлан бэлтгэх, мод чулуу цагаалах, эмнэг адуу малтай ноцолдох зэрэгт хамгийн түрүүнд явдаг байлаа. Ингэж явснаараа буруудааг үй. Бригадын өдөрлөг ч юм уу, жижиг наадмуудад барилддаг байсан. Дээлтэйгээ навсганаад л гарна. Хоёр, гурав давбал тухайн үеийн Оросын пүүшиг тамхиар шагнуулна. Наддаа л том бай.
-Аав ээжийн талд чинь бөхийн удам бий юу?
-Би аавтайгаа амьдад нь уулзаж байсангүй. Олон түмнээс дуулах нь ээ, биеэр жижгэвтэр хүн байсан гэдэг. Харин ээж маань Сүрэнгийн Дэмбэрэл гэж бие том бадриун хүн байлаа. Би чинь “гуулин” Жамц гэдэг айлд өргүүлсэн. Манайд ээж ирснийг нутгийн олон андахгүй. “Жамцын гадаа түлээ овоолгоостой байх чинь. Дэмбэрэл ирж дээ” гэдэг байж. Учир нь ээж шөнө дөлөөр яваад ирдэг байсан. Тэгэхдээ “Гар хоосон очоод яахав” гээд замдаа уулнаас гишүү үүрээд ирнэ.
-Гаргасан ээжээс тань танаас өөр хүүхэд төрсөн үү?
-Ээж маань 11 хүүхэд төрүүлсэн. Түүнээс 10 нь банди. Би дээрээсээ гурав дахь нь юм. Том ах маань Эрдэнэбилэг гэж насаараа жолооч хийж байгаад одоо тэтгэвэрт гарсан. Хамгийн бага банди нь болох Ганхүү бид хоёрыг Жамц гэж хүнд өргүүлсэн юм билээ.
-Өргөж авсан аав ээжийн тухай ярихгүй?
-Аавыг маань Данзангийн Жамц гэдэг байлаа. Ус нутгийн олон нь “гуулин” гэж хочилдог байсан. Ан гөрөөнд дуртай, тээврийн жолооч, багийн дарга зэрэг ажил хийж яваад сүүлдээ малчин болсон. Аав минь 1978 онд өнгөрс өн юм. Тэр жил би жүдо бөхийн Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож түрүүлсэн байлаа. Энэ бол миний анхны хүртсэн медаль. Уг тэмцээн наадмын өмнөхөн болсон. “Аавын тань бие муу байна” гэсэн цахилгаан ирлээ. Сандарч тэвдсэн амьтан гэртээ яаран очтол аав минь өнгөрчихс өн байв. Тэгэхэд би “Алдар” нийгэмлэгийн бөхч үүдтэйгээ Дугана хаданд наадмын бэлтгэлд гараад байсан юм.
-Хэдэн онд анх улсад зодоглов?
-1976 оноос барилдаж эхэлсэн. Эхний жил бараг нэг ч давалгүй унасан байх. Харин дараа жилээс Ц.Улаанх үү, Д.Багахүү, А.Баатархүү, Б.Ганбаатар бид чангарч эхэлсэн дээ. Улсын цолтнуудыг орхиж, олны хэлдгээр зүрхэнд нь шар ус хуруулж байв. Би хүнтэй удаан ноцолдоод байдаггүй. Унасан ч, давсан ч түргэн шуурхай барилдахыг боддог байв. Хоёр гар сэнжгэнд хүрээд авбал учиртай. Солгой хөл маань эвгүй байсан юм болов уу даа. Ямар сайндаа Дүвчин, Бор хоёрын солгой хөлийг авах, цолдож байж давсан. Хоёр гар бүр бадайрчихсан, дэвэх гэтэл нэг л болж өгдөггүй. Яг тэрхэн агшинд “Би ингээд улсын цолд хүрлээ шүү дээ” гэж бодох ахуйд хамаг бие тавираад, сэтгэл ихэд хөдлөн тугийн мандал тойрч байлаа. Урьд жил нь би начин цолонд хүрчих байх, ямар ч байсан хувийн бэлтгэлтэй байя гээд гэртээ авдар архи аваад тавьчихсан байж билээ. Тэгтэл начин болж чадаагүй. Дөрвийн даваанд өвдөг шороодсон.
-Долоогийн даваанд таныг Ж.Мөнхбат аваргад бууж өгсөн гэх яриа бөхч үүдийн дунд байдаг юм билээ. Энэ үнэн үү?
-Би тэр үед гурав, дөрвийн даваанд дандаа “хатуу боорцог”-уудтай тунадаг байлаа. Даваа бүрт тунаж “махаа идэж” байхдаа С.Цэрэн аварга, Д.Лхагвасүрэн заан нарын нутгийнхаа өндөр цолтой бөхчүүдийг нэг удаа ч болов тунаанаас гаргана байх гэж горьддог байсан. Зургаагийн даваанд М.Мөнгөнийг хаячихад мөргөх хоёр ижил гэсэн яриа гарсан байхав. Миний голлож хийдэг мэх дотуур өхийлдөх. Энэ мэхийг би Д.Мягмар заанаас сурсан юм.
-Танд зааж өгсөн хэрэг үү?
-Үгүй ээ. Зааны энэ мэхэнд би наснаасаа олон унасан хүн. Босч ирээд тахимаа өгөхдөө яагаад уначихав гэж гайхдаг байлаа. Харин М.Мөнг өн арсланг энэ мэхээр би олон давсан даа. Төмөр замын наадамд түрүүлэхдээ, улсын наадмын зургаагийн даваанд ч тэр уг мэхээр л давж байв.
-Улсын цолд хүрсэн наадмынхаа тухай дурсаач?
-1983 он. Дөрөвт “цагаан” Л.Бадарч харцагыг, тавд Д.Цэнд-Аюуш зааныг, зургаад М.Мөнгөн арсланг давж “өсөх идэр” чимэгтэй улсын начин, одоогоор харцага цолын болзол хангасан. Тавын даваанд Д.Цэнд-Аюуштай удаан нохаад туг тойроод гүйж явтал Цэрэн аварга хөлийн цэцийн тэндээс том хүрэн дээлтэй, шувуу шиг юм өөдөөс тосоод гүйж явна шүү. “За, хүү минь баяр хүргэе. Наана чинь төрийн наадам эргэх гээд байна. Чамайг долоогийн даваанд Мөнхбат амлана шүү. Их шөвгийн дөрөвт Баянм өнхийг Цэрэнтогтохтой тунагахаар боллоо” гэдэг. Тэр жил Х.Баянмөнхийг Д.Цэрэнтогтохоор даруулах төлөвл өгөөг Мөөеө аварга, Цэрэн аварга нар хийсэн байжээ. -Долоогийн давааны өмнө Мөөеө аварга ирж ямар нэгэн зүйл хэлсэн болов уу? -Үгүй. С.Цэрэн аварга, Ц.Бадамсэрээжид, Л.Сосорбарам нарын арслангууд ирж ярилцаж байсан. Тэд “Ирэх жил Мөөеө зургаагийн даваанд гараад ирнэ. Тэгээд чамайг авч гар хөнгөн зургаа давуулна. Ирэх жилийн наадмын түрүү магадгүй миний дүү байж мэднэ шүү” гэж хэлж байсан санагдана.
-Барилдахаар өрөхдөө Мөөеө аварга юм хэлсэн үү?
-Доогуур ор гэж хэлж байлаа. Би ч хэлсэн ёсоор нь хоёр хөлийг нь авахаар зүтгэхэд намайг тумбарайд дараад авсан даа.
-Та тэр жилийнхээ намар бэртсэн гэдэг байх аа?
-Тийм. Ёстой үхээгүй минь л их юм. Улсын цол авчихаад Эрдэнэт очоод байж байтал Б.Түвдэндорж аваргын нутаг Хангал сум (хуучнаар Сэлэнгэбүрэн)-ын нэгдлийн дарга таараад “Начин минь аваргынхаа сумын ойд очиж барилдана биз дээ” гэхээр нь “Тэгэлгүй яахав” гээд урилга заллагыг нь авлаа. Хангал сум чинь Эрдэнэт хотоос ердөө арав гаруй км-ийн зайтай. Тэгтэл олимпийн мөнг өн медальт, Жамцын Даваажав начин Булганаас утсаар ярьсан.
-Юу гэж тэр вэ?
-Ж.Даваажав начин чинь манай Тэшиг сумынх. Тэгээд намайг сумандаа болох өөрийнхөө алдрыг тэмдэглэх баярт оролц гэж үүрэгдсэн хэрэг. Ингээд яалт ч үгүй Тэшиг явахаар болж найзтайгаа хамт, будаанд явдаг “ЗИЛ- 130”-тай нь гараад шидлээ. Замаараа Орхон сумаараа дайраад гармаар санагдаад. Шинэхэн улсын цол аваад байсныг ч хэлэх үү, ус нутгийн олон айраг цагаа, архи дарс л боллоо. Тэр бүгдийг зохицуулж чадаагүй миний буруу л байхгүй юу. Маргааш нь Тэшигт барилдаантай тул шөнөжингөө ууж наргиж байгаад шөнийн дөрвөн цагт хөдөллөө. Би жолоог барьж явсан.
-Хэдүүлээ явсан бол?
-Дөрвүүлээ. Буруу замаар ороод Хар хүрэм гэдэг нэртэй хясаан дээрээс ниссэн.
-Хэр өндрөөс унасан бэ?
– 44 метрээс унасан байна гэж аймгийн автын байцаагч Пүрэвжав тэргүүтэй мэргэжлийн хүмүүс хэмжиж гаргасан байсан. Машин маань авах юм алга. Хооронд нь хавсраад тавьчихсан улавч шиг юм л болчихсон байв. Хачирхалтай нь кабинд сууж явсан бид дөрөв сүйдтэй гэмтээгүй. Хугарч барьсан зүйл байхгүй. Гэхдээ миний хоёр хөл рүү төмөр шаачихсан. Цус алдах гээд. Хөлөө гуяар нь нарийн мяндсаар тас боосон. Хамгийн аймшигтай нь өнөө “ЗИЛ- 130”-ын банк дүүрэн бензин, тэвшин дээр 100-гийн хоёр “поошиг” дүүрэн бензин байлаа. Хэрвээ дэлбэрсэн бол тэгээд л өнгөрлөө. Нутгийн минь уул ус, бурхан тэнгэр л харсан байх даа.
-Таныг нуруундаа хүнд бэртэл авсан гэдэг?
-Би ер нь ууц нуруу муутай байсан. Аваарт орохдоо нуруундаа гэмтэл авсан. Толгой тархи доргилттой гарсан.
-Хэр удаан эмчлүүлсэн бэ?
-Яг гэмтсэнийхээ дараа арваад хоног эмчлүүлсэн. Дараа нь цэргийн госпитальд жил гаран хэвтсэн. Мэдрэлийн их эмч Рэнцэнханд гэж хүн намайг барилдаж болохг үй гэсэн шийдвэр гаргасан юм.
-Гэхдээ та 1984 оны наадамд дахин зааны даваанд өвдөг шороодсон санагдана?
-Тэр жил бэртлийн улмаас заал танхимын барилдаанд цөөхөн удаа зодоглож, бэлтгэл бараг хийгээгүй. 1984 оны наадамд тав З.Дүвчинг, зургаад О.Балжиннямыг тунаж даваад зааны даваанд Ёндонгийн Ишгэнтэй тунаж барилдаад өвдөг шороодсон. Ё.Ишгэн долоогийн даваанд надтай туначихаад “Би заан болох хувьгүй хүн юм байна. Булганы “дарваан”-ыг яаж барах вэ дээ гээд толгой сэгсэрч байсан гэдэг. Харин Ишгэнийг би яалт үгүй барааг үй. Баруун , зүүн аль ч хөлөөр цавчаад өнгөрнө. Цавчаанд нь ороод арай л хоёр хуваагдааг үй газар хэвтэж байлаа.
-Та үндэсний бөхөөс гадна чөлөөтөөр гайхагдаж байсан?
-Улсын аваргыг зургаан удаа хийсэн. 1979 онд манай оронд болсон Дэлхийн залуучуудын аваргаас хүрэл медаль хүртэж байлаа. Улаанбаатар хотын VI спартикиад, МБАТ-ний VII спартакаадын аварга, 1981 онд АНУ-ын Толидо хотод болсон Дэлхийн цомын тэмцээний хүрэл медаль, Тайланд улсын Бангкок хотноо болсон Азийн тоглолтын хүрэл медалийг эх орондоо авчирч байлаа. Энд нэг зүйлийг хэлэхэд, надтай ижил амжилттай О.Бахыт гавьяат болоод байхад би яагаад энэ цолыг авч болдогг үй юм гэсэн бодол хааяа төрдөг л юм. Гэхдээ бөхөд хайртай ард түмэн минь намайг хайрлаж, сэтгэлдээ хадгалж яваа нь юунаас ч илүү том шагнал юм даа.