ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС….
Монголын утга зохиол, хэл соёлын салбарт Ш.Гаадамба гэж эрхэмсэг нэгэн баавай байлаа. Тэр хүний гараар ороогүй зохиолч, эрдэмтэн доктор, багш, судлаач шүүмжлэгч гэж Монголд бараг үгүй. Ерээд оны эхэн хүртэл энэ гайхамшигтай хүн шавь нартаа ном эрдмээ хүртээгээд 1993 онд тэнгэрт хальсан юм. Монголын утга соёлын ертөнцөд түүнийг Га багш хэмээн нэн хүндэтгэн нэрлэдэг билээ. Түүний хүү, хэлбичгийн ухааны доктор Г.Билг үүдэйтэй ярилцлаа. Эрдэмтэн, зохиолч эцэг нь 1990 онд “Монголын нууц товчоо” хөлгөн сударт хандсан эрдэм шинжилгээний судалгааны бүтээлээрээ төрийн шагнал авч байсан бол үүнээс есөн жилийн дараа хүү нь мөн энэ чиглэлээрх судалгааны бүтээлээрээ докторын зэрэг хамгаалсан нь сонирхол татдаг. Түүний ярилцлагыг хүргэе.
-Гаадамба гуай ерээд оны эхээр утга зохиолын хувийн дээд сургуульд багшилдаг байсан. Шинжлэх ухааны томоохон зүтгэлтэн энэ хүнийг чухам яагаад тэр сургуульд багшлахыг зөвшөөрсөн юм бол гэж зарим хүн гайхдаг байсан л даа?
-Ер нь бол ерээд он гараад хувийн сургуулиуд байгуулагдаж эхэлсэн шүү дээ. “Цагаан лавай” гэж сургууль байгуулагдаад удалгүй дампуурчихсан юм. Тэднийх аавыг зөвлөх багшаар уриад, аав тэнд нэг хэсэг ажилласан юм. Хараад байхад бүх юмаа хийлгээд байгаа юм шиг тухайн үед надад санагдаж байсан л даа. Утга зохиолын онолч Жамъянгаравын зээ Ч.Пүрэвдорж, яруу найрагч Ч.Дагвадорж гуай, О.Дашбалбар гэхчилэн Үндэсний чөлөөт зохиолчдын холбооны хэсэг хүмүүс санаачлан тэр сургуулийг байгуулж байсан юм. Тэгэхэд аав ҮЧЗХ-ны тэргүүн байсан болохоор тэнд хичээл заасан байх. Оюутнуудад монгол ардын аман зохиол, харьцуулсан аман зохиолын хичээл заасан юм. Цаг үе нь ч нэг тийм үе таарч. Хувийн хэвшлийн сургуулиуд олноор байгуулагдаж байсан үе юм даа.
-“Монголын нууц товчоо” зохиолыг Гаадамба гуай нэлээн өргөн хэмжээнд судалсан хүн. Энэ рүү анх хэрхэн орсон юм бол?
-Аавыг би 1947 онд Ц.Дамдинс үрэн гуайн монгол бичгээр хэвлүүлсэн “Монголын нууц товчоо”-ны анхны хэвлэлээс нь уншиж анх танилцсан болов уу гэж боддог. Аав 1952 онд МУИС-ийг төгссөн хүн шүү дээ. Төгсөөд Монголын радиогийн гадаад нэвтрүүлгийн редактороор ганц, хоёр жил ажилласан. Тэнд ажиллаж байхдаа МУИС-д П.Хорлоо гуайн оронд хэсэг зуур хичээл заагаад удалгүй тус сургуулийн багш болж л дээ. Эртний уран зохиол, аман зохиол зааж байсан байх. 1957 оны үе юм байх аа даа, Да багш бас МУИС-д ирж багшилсан байгаа юм. Энэ үед аав Да багштай нэг хэсэг хамт ажилласан юм. Дараа жил нь аав Москва руу аспирантурт явлаа. Очоод монгол судлаач Г.И.Михайлов гэдэг хүний удирдлагад очсон байгаа юм. Уг нь аавын судалгааны анхны сэдэв нь “Монголын хүүхдийн уран зохиол” гэж байсан юм. Тэгээд нэлээнуудалж үзсэн чинь тэр үеийн хүүхдийн зохиол ер нь бага шиг санагдсан гэнэ лээ. Тэгэхээр нь аав удирдагч багшдаа хэлж л дээ, би сэдвээ солимоор байна, болох уу. Ер нь “Монголын нууц товчоо”-гоор дагнан ажиллавал ямар вэ гэж. Гэтэл багш нь “Танай “Нууц товчоо”-г голдуу гадаадынхан судалсан болохоос монголчууд өөрсдөө судалсан нь үгүй. Ганц Дамдинсүрэн л судалсан. Тэгэхээр чиний санаа маш зөв” гээд зөвшөөрсөн гэсэн. Тэгээд аав маань Москвагаас Дамдинс үрэн гуай руу захиа бичиж зөвшөөрөл хүссэн гэдэг юм. Тэр захиа нь МЗЭ-ээс эрхлэн гаргасан Монголын орчин үеийн уран зохиолын 108 ботийн арван долдугаар ботид орсон байна лээ. Ингээд аав энэ зохиолыг барьж авч, 1961 онд “Монголын нууц товчоо бол уран зохиолын дурсгалт бичиг мөн” гэсэн сэдвээр диссертаци орос хэлээр бичиж хэлбичгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалж байсан. Москвагаас эргэж ирээд МУИС-даа багшилсан даа. Тэгэхэд аав маань гучин тав, зургаан настай байж. Ид хийж бүтээх эрч хүчтэй нас шүү дээ. Тэр үед аав тав зургаан хичээл заадаг байлаа, өөр хүн заадаггүй. Хажуугаар нь сургууль дээрээ утга зохиолын дугуйлан хичээллүүлдэг байсан юм. МУИС-ийн дэргэдэх утга зохиолын дугуйлан гэж. Монголын бүх л нэртэй цолтой зохиолчид бүгд тэр дугуйлангаар дамжиж дээ. Энэ их ажлын хажуугаар аав “Монголын нууц товчоо”- ны элдэв үл ойлгогдох үг хэллэг үүдийн утгыг тайлсан судалгааны өгүүллээ бичсэн юм. Нууц товчооны олон үгийн учрыг тайлсан цуврал өгүүллээ арваад жил бичсэн дээ. 1976 онд тэр өгүүллүүдээ эмхэтгээд “Нууц товчооны нууцаас” нэртэйгээр хэвл үүлсэн юм. Аав далан хэдэн онд МУИС-аас шахагдаад гэх юм уу даа гарсан.
-Ер нь Га багш Монголын шинжлэх ухааныг төлөөлөх хэд гуравхан том эрдэмтний нэг шүү дээ. Гэтэл өнөөдөр энэ хүнийг ядаж дурсах нь ч тун цөөн байх шиг санагдах юм. Насныхаа сүүлээр ер нь хэрхэн амьдарч байв?
-МУИС-аас гараад л МЗЭ-д мэргэжлийн зохиолчоор ажиллах болсон л доо, аав. Тэнд нэг их хийгээд байх юмгүй болохоор гэртээ зохиол бүтээл дээрээ ажиллах болсон. Наяад оны сүүлээр аль нэг газар ажиллахаа болиод тэтгэврийн өвгөн болсон доо. Ингээд удаагүй юм аа, “Нууц товчоо”-ных нь ажлыг сэргээх тохиолдол болохгүй юу. Наян найман оны сүүлээр өвөр монголчууд “Нууц товчоо”- ны судалгаагаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан юм. Нэлээн том хурал. Манайхаас Ш.Нацагдорж, Д.Далай нарын дөрөв, таван хүнийг урьсан байна. Аав ч уригдсан. “Монголын нууц товчооны зохиогчийн тухай” гэж илтгэл тавьсан нь нэлээн шуугиан тарьсан гэдэг юм. Дараа нь “Га багш тэнд үндсэндээ баатар болсон шүү” гэж олон хүн ярьж байсан юм. Гэтэл манайх өөрсд өө ой тэмдэглэнэ гэж яригдаж байлаа. “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ой тэмдэглэнэ гэж Өвөр Монголын тэр хурлаас ч нэлээн өмн ө яригдаж эхэлсэн юм билээ. Энэ хүрээнд Т.Дашцэдэн, Д.Цэрэнсодном, аав гэсэн хэд хэдэн эрдэмтнийг хамтраад нэг ном хийгээч гэхэд нь бүгдээрээ татгалзсан. Харин бүгд тус тусдаа ном гаргасан л даа. Ард түмэн бол “Нууц товчоо”-ны ойг маш сайхан талархаж хүлээж авсан гэж би боддог. Ойд зориулсан их том даншиг наадам хийж байлаа шүү дээ. Тэр бараг шинэ цаг үед хийсэн анхны даншиг наадам байсан байх шүү. Наян есөн онд аав хоёр ч удаа мэс засалд ороод, бие нь жаахан тааруу байлаа. Тэр үедээ “Монголын нууц товчоо”- ны эхийг худам монгол бичгээр нь сэргээсэн. Удмын монгол бичиг юм л даа. Мөн 700-гаад үгийг нь тайлбарласан утгын тайлбарын хамт энэ бүтээлээ ерэн онд хэвл үүлсэн дээ. “Нууц товчоо”- ны ой болоход эрдэмтдээс хамгийн түрүүн аав маань энэ номоо гаргаж байлаа. Тэгээд ойн хүрээнд болсон олон улсын эрдэм шинжилгээний хуралд ирсэн гадаадын эрдэмтдэд бүгдэд нь бэлэглэсэн байгаа юм. “Нууц товчоо”-ны 750 жилийн ойг угтаж аав бас нэг ном гаргасан, “Монголын нууц товчооны зарим асуудал” гэж. Энэ бүтээл, бас “Нууц товчооны нууцаас” гэсэн судалгааны энэ хоёр бүтээлээр нь аавд ерэн онд төрийн шагнал өгсөн шүү дээ. Социализмын үеийг бодвол нийгэм арай нэг өөр өнгө аястай болсон үед “Монголын нууц товчоо”-ны ой болж, аав минь ч төрийн шагнал авсан.
-Таныг хэлбичгийн ухааны доктор гэж мэдэх юм. Харин судалгааны тань чиг хандлага чухам ямар вэ. Аавынхаа судалж байсан сэдэв рүү орсон уу?
-Би бас л “Монголын нууц товчоо”-той холбоотой сэдвээр докторын зэрэг хамгаалсан. “Аман уламжлал ба Монголын нууц товчоо” гэсэн сэдвээр. Сүүлд энэ ажлаа ном болгож гаргасан л даа. Товчхон хэлбэл, “Нууц товчоо” чинь маш өвөрмөц зохиол байгаа юм. Өрнө, дорнын хаана нь ч өөр ийм ном байдагг үй. Тэгэхээр энэ зохиолыг тийм өвөрмөц болгоод байгаа юм нь чухам юу вэ гэдэгт л би хариулт өгөхийг оролдсон. Миний судалгаа энэ тал руу нь хандсан л даа.
-“Нууц товчоо” гэх монголчуудын оюуны гайхамшигтай энэ бүтээлийг чухам юугаараа өвөрмөц гэж та үзсэн бэ?
-Маш товчоор базаад хэлэхэд, монголчуудын домог үлгэрийн баялаг уламжлал, баатарлаг туульсын уламжлал, монголчуудын хууч ярианы уламжлал гэсэн ийм гурван юм “Нууц товчоо”-нд хадгалагджээ гэсэн дүгнэлтэд хүрсэн. Цаашид “Нууц товчоо”- ны судалгааг хэр чадлаараа үргэлжлүүлэх бодолтой явна. “Нууц товчоо”-г англи хэл рүү орчуулсан Австралийн монголч эрдэмтэн Игорь де Рахевильцийн өгүүллүүдээс зарим нэгийг орчуулж гаргалаа. Өөрөө ч хэдэн өгүүлэл бичээд байгаа. Эмхэтгээд ном болгохоор төлөвлөж байгаа ч арай амжаагүй л байна.
-Таны өвөг дээдэс ямар хүмүүс байв?
-Бичгийн л хүмүүс байсан. Өвөө аав Шанжмятав маань хошууны бичээч, их гоё сайхан бичдэг хүн байсан. Өвөө бас хиа хийж явсан гэдэг юм. Өвөөгийн аав Цэвэг-Очир гэж хүн хошууны захирагч хийж явсан юм билээ. Манай өвөг дээдэс тэр үеийн хэллэгээр бол жаахан заргач маягийн улс байсан юм шиг байна лээ. Их шударга, тэр чанараараа тэмцэгч тийм л улс. Түшээт ханы баруун Со гүний хошууных. Одоогийн Булган аймаг юм даа.
-Ц.Дамдинсүрэн гуайн гэр музей гэж бий. Түүн шиг Га багшийн гэр музей ч юм уу бий болгоё гэсэн санаа төрдөг үү?
-Би Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн эрхлэгч л дээ. Гэр музей ажиллуулна гэдэг тийм амар ажил биш. Хүмүүс амар гэж боддог байж магадгүй. Тийм биш. Аавын хувьд бол Дамдинсүрэн гуайд хүрэхгүй шүү дээ.
-Номын өргөө нь бий биз дээ?
-Үгүй дээ. Ном бүтээлийнх нь хагас нь эгч дээр, хагас нь надад байдаг юм. Энэ жил аавын 85 жилийн ойг бид тэмдэглэх гэж байна. Өмнө нь 75, 80 жилийнх нь ойгоор бид эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Булган аймгийн Хишиг- Өндөр сумын арван жилийн сургууль аавын нэрэмжит юм л даа. Наян жилийнх нь ойгоор энэ сургуулийн ой бас давхцаад нутагт нь бэсрэг наадам хийж байсан. Харин энэ жил хот, хөдөөд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах байх. Уг нь миний бодож яваа нэг юм бий. Аавынхаа бүх зохиол, бүтээлийг нь давхардуулахг үйгээр ботилон хэвл үүлэх сэн гэж бодох юм. Наад зах нь арваад боть болох болов уу гэж би төсөөлж байгаа. Зөвхөн шүлэг, уран зохиол нь гэхэд хоёр боть болох болов уу. Дээр нь эрдэм шинжилгээний судалгаа нь байна, утга зохиолын шүүмжлэл, өрнөдийн утга зохиолын болон, утга зохиолын онолын орчуулга гээд төрөлжүүлэхэд нэлээд юм байгаа. Ийм бодол байгаа ч амжихгүй явна. Хөрөнгө мөнг ө ч их шаардагдах биз дээ. Гэсэн ч хүү нь юм чинь би хэзээ нэгэн цагт энэ бүгдийг хийх ёстой гэж санаж яваа даа. Ер нь Монголынхоо утга зохиолын түүхийг үнэн зөвөөр ойлгоход тэр хүний хийсэн бүтээснийг нухацтай судлах хэрэгтэй юм даа гэж би хүүгийнх нь хувьд төдий бус энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд боддог. -Та чинь эхээс хэдүүлээ билээ?
-Бид зургуулаа. Би тав дахь нь. Гурван эгч, нэг ахтай, нэг дүүтэй.
-Га багшийн хүүхдүүдээс эрдэм шинжилгээний ажлаар дагнан ажиллаж байгаа хүн танаас өөр бий юу?
-Үгүй дээ. Ах Бэрхээдэй маань зураач, Бүрэндэй дүү минь компьютерийн мэргэжилтэй. Дунд эгч Саранцэцэг нийтийн хоолны мэргэжилтэй, одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа. Том эгч маань настай хүн байна аа. Тэтгэвэртээ суудаг юм. Манай нэг эгчийг айлд өргүүлчихсэн юм л даа. Тэр маань бас тэтгэвэрт суугаа. Хөдөө амьдардаг юм. Аав тавин зургаан онд Солонгос улс руу төлөөлөгчөөр явж л дээ. Ирэхэд нь энэ эгч төрсөн болохоор Солонгос гэж нэр өгсөн гэсэн. Аав зохиолч, шүүмжлэгч гээд тавин хэдэн онд Куба, Солонгос, Чех болон бас бус гадаадын орнуудаар явж байсан юм билээ. Ер нь манай аав ажлыг эхэлбэл дуусгадаг, үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч, түүнийхээ төлөө тэмцэгч хүн байсан даа.
Н.ПАГМА