Categories
мэдээ цаг-үе

Хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь DNN.mn

Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн мөнгө олгох энэ сарын хуваарийг Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газраас танилцууллаа. Тухайлбал,

  • Нийгмийн халамжийн тэтгэврийг нэгдүгээр сарын 12, 24-нд,
  • Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг 13-нд
  • Насны хишиг (өмнөх оны нөхөн олголт) 24-нд
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 20-нд олгохоор байна.
Categories
мэдээ нийгэм

Монгол, Вьтнамын хооронд шууд нислэгийн тоог нэмэгдүүлэхээр болжээ DNN.mn

  1. Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зоан Хань Дамыг хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр Монгол, Вьетнам хоорондын шууд нислэгийн тоог нэмэгдүүлэх, харилцан сурталчилгааг идэвхжүүлж, соёлын өдрүүдийг хамтран зохион байгуулах зэргээр аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцсон байна.

Мөн уулзалтаар НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтран 2023 оны гуравдугаар сарын 2-3-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах Ази, Номхон далайн Агаарын бохирдлын эсрэг Өндөр хэмжээний уулзалтын урилгыг гардуулан өгчээ.

Өндөр хэмжээний уг уулзалтад НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн 53 орны төлөөлөгчид оролцох ба бүс нутгийн хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах хүчин чармайлтыг нэгтгэж, энэ чиглэлээрх хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой юм гэж Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас мэдээллээ.

Түүнчлэн 2023 оны гуравдугаар сарын 3-4-нд Хөвсгөл аймагт зохион байгуулагдах “Хөх сувд” мөсний баярт Элчин сайд Зоан Хань Дамыг урьжээ

Categories
мэдээ цаг-үе

Зөвлөлдөх зөвлөлийн даргаар Г.Чулуунбаатар, орлогч даргаар Б.Отгонтөгс сонгогджээ DNN.mn

“Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийн анхдугаар хуралдаан өчигдөр болж, дарга болон орлогч даргаа сонгожээ.

Хувь иргэнээр нэр дэвшиж сонгогдсон, радио электроникийн инженер Д.Моондой, МУИС-ийн Үндсэн хуулийн эрхзүйн хүрээлэнгээс нэр дэвшиж сонгогдсон, судлаач О.Мөнхсайхан нар ШУА-аас нэр дэвшиж сонгогдсон, академич Г.Чулуунбаатарыг, хувь иргэнээр нэр дэвшиж сонгогдсон багш, нийтлэлч Г.Галбадрах, эдийн засагч Б.Отгонтөгс нар хувь иргэнээр нэр дэвшиж сонгогдсон Б.Отгонтөгсийг Зөвлөлийн даргад нэр дэвшүүлсэн байна.

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн Зөвлөлийн даргад нэр дэвшигчдийн талаар хэлэлцэж, олонхын саналаар академич Г.Чулуунбаатарыг даргаар сонгов. Энэ үеэр Зөвлөлдөх зөвлөл орлогч даргатай байхаар тогтож, эдийн засагч Б.Отгонтөгсийг сонголоо.

Мөн Зөвлөлдөх зөвлөлийн хуралдааны дэгийн төслийг хэлэлцэн баталжээ. Зөвлөлийн хуралдааны дэгийн төсөлд, хэлэлцэх асуудлын дараалал, тов, асуудал хэлэлцэхэд албан тушаалтан, иргэнийг оролцуулах болон хуралдааны ирц, санал хураалт, гишүүдийн оролцоо, Зөвлөлийн даргын эзгүй үед орлох, асуудал хэлэлцэх үед гишүүдээс асуулт асуух, үг хэлэх, хуралдааны явцыг баримтжуулах, шийдвэрийг ёсчлох зэрэг асуудлуудыг нарийвчлан тусгасан байна.

Хуралдаанд Үндэсний статистикийн хорооны Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ш.Ариунболд түүврийн арга зүй, түүний дизайны талаар танилцуулсан юм.

Танилцуулга, мэдээллийг сонссоны дараа Зөвлөлдөх зөвлөл санал асуулгад оролцох иргэний тоог тогтоох, Улсын Их Хурлын сонгуульд оролцсон сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй 18-19 настай иргэд болон гадаадад оршин суугч иргэдийг хамруулах, эсэх асуудлуудыг хэлэлцлээ.

зураг

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 11.6-д “Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатанд оролцох иргэнийг энэ хуулийн 11.5-д заасан тоонд багтаан хамгийн сүүлийн удаа явагдсан Улсын Их Хурлын болон аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтаас тохиолдлын зарчмаар сонгож авна” гэж заасан. Энэ заалтын дагуу хамгийн сүүлд буюу 2020 онд явагдсан Улсын Их Хурлын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтаас Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатанд оролцох иргэнийг сонгохоор тогтов.

Үндэсний статистикийн хорооны саналыг харгалзан, энэ удаагийн Зөвлөлдөх санал асуулгад оролцох иргэдийн тоог 1,570-аар тогтоов. Улсын Их Хурлын 2020 оны сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн гадаад улсад оршин амьдарч буй иргэдийн үндсэн баримт бичгийг үндэслэн, Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатанд оролцуулах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ: Хэн ч тэдэнд хуулиар зөвшөөрөгдөөгүй ямар нэгэн эрхийг эдэлж АН-ын төлөөллийн төв байгууллагын хурлыг зарлах эрхийг олгоогүй DNN.mn

Ардчилсан намын ахмад, дунд үеийн тодорхой төлөөллүүд өнгөрөгч лхагва гаригт “Эв нэгдэл” зөвлөгөөнийг зохион байгуулсан. Уг зөвлөгөөнөөр маргааш буюу 10-нд Ардчилсан намын Үндэсний бодлогыг хороог хуралдуулахаар санал нэгдсэн. Тэгвэл уг зөвлөгөөнийг хууль бус хэмээн мээдэлж буй АН-ын дарга С.Эрдэнэтэй энэ талаар ярилцлаа.


-Өнгөрөгч долоо хоногт зохион байгуулагдсан “Эв нэгдэл” зөвлөгөөнийг та хууль бус хэмээн мэдэгдсэн. Хууль бус гэж үзэж байгаа үндэслэл тань юу вэ?

-Аливаа эрх бүхий байгууллага хурал, зөвлөгөөнийг хийхдээ тодорхой дүрэм журмын хүрээнд зохион байгуулдаг. Иргэд юмуу, тухайн намын нөхдүүд сайн дураараа цуглаж зөвлөгөөн хийх, хэлэлцүүлэг зохион байгуулах нь нээлттэй. Энэ бол хаана ч байдаг ажил. Төрийн болон төрийн бус байгууллагууд хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг хийж л байдаг. Үүний нэг хэлбэр нь “Эв нэгдэл” зөвлөгөөн гэж ойлгож байгаа. Түүнээс биш АН-ын үндсэн дүрэмд заасан, Улс төрийн намын тухай хуулиар зохицуулсан хууль ёсны хурал биш. Тиймээс нэгэнт хууль дүрмээр зохицуулагдаагүй учраас энэ бол хууль бус хурал. Сайн дурын үндсэн дээр хэсэг бүлэг сонирхсон этгээдүүд цуглаж АН-ын асуудлаар хоорондоо хэлэлцүүлэг зохион байгуулж зөвлөлдсөн зөвлөлдөх цугларалт гэж ойлгох хэрэгтэй.

-АН-ын тодорхой лидерүүд намынхаа эв нэгдлийг хангах үүднээс янз бүрийн ажил зохион байгуулж байх шиг байна. Та Эв нэгдлийн ажлын хэсэгт нэгдэж болдоггүй юм уу?

-АН-ын лидерүүд гэж яг хэнийг хэлээд байгаа юм бэ. АН-ын лидер гэж тусгай тодорхойлсон тодорхойлолт нэгдүгээрт байхгүй. Хүн бүр л өөрийгөө лидер гэж бодож байгаа шүү дээ. Аль нь лидер, аль нь лодер юм. Лидер, лодер хоёрыг юугаар ялгах юм бэ. Хэсэг бүлэг хүмүүс өөрсдийгөө лидер, лодер гэж нэрлээд тэр хүрээнд асуудлыг ярих ёстой гэж байгаа бол туйлын буруу. Ардчилсан нам өөрийн гэсэн үндсэн дүрэм, журамтай. Улс төрийн намын тухай хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн, Улс төрийн намын тухай хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагддаг үндэсний хэмжээний хоёр гол намын нэг нь Ардчилсан нам. Энэ нам хүссэн ч, эс хүссэн ч Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой. Улсын бүртгэлд бүртгэлтэй өөрийн үндсэн дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой. Түүнээс хальсан үйл ажиллагаа явуулах боломжгүй. Сайн дурын зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулж болно. Гэхдээ тэр зөвлөгөөн хурлаас хууль бус ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй. Хуулиар хүлээн зөвшөөрөгдөөгүй ямар нэгэн эрхийг эдэлж, түүнээс АН-ын төлөөллийн төв байгууллагын хурлыг зарлах эрхийг тэдэнд хэн ч олгоогүй.

-ҮБХ-ны одоогийн болон үе үеийн гишүүд нэг шийдэлд хүрсэн бол үүнийг нь хүлээж авах зохицуулалт танай намын дүрэмд бий юү?

-Үндэсний бодлогын хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа гэж бий. Дөрвөн жилийн хугацаатай бүрэн эрх нь хэрэгждэг. Тухайн сонгуулийн цикль дуусахаар дараагийн Үндэсний бодлогын хороо сонгогдож гарч ирдэг. Дөрвөн жилийн хугацаанд ҮБХ-ны гишүүдийн дунд ратоцийн сонгууль гэж жил бүр явагддаг. Ингээд ҮБХ-ны гишүүдийн зохих хувь нь ратоцийн сонгуулиар шинэчлэгддэг. Ийм л журамтай. Жишээ нь бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон юм уу, эсвэл үндсэн дүрэмд заасан тодорхой дүрмийн шаардлагын дагуу ҮБХ-ноос чөлөөлөгдсөн, хасагдсан гишүүдийг ҮБХ-ны гишүүн мэтээр тооцож тэдгээр гишүүдийн оролцоотой хурал зохион байгуулж байгаа нь өөрөө дүрмийн бус бөгөөд хууль бус үйл ажиллагаа.

Жишээлж хэлбэл, 1992 онд анхны парламент үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тэгвэл 1992, 1996 юм уу, эсвэл 2008 онд УИХ-ын гишүүн байсан хүн 2020 онд сонгогдож бүрэн эрх нь хэрэгжиж байгаа одоогийн парламент руу гүйж ороод би 2000 онд УИХ-ын гишүүн байсан. Би санал өгнө. Би Ерөнхий сайдыг сонгох үүрэгтэй, эрхтэй гэвэл энэ хууль ёсных байж чадах уу. Үүнтэй яг адилхан шүү дээ. Тухайн үедээ бүрэн эрх нь дууссан хүн ҮБХ-ны гишүүний эрх эдэлнэ гээд өнөөдөр хүчин төгөлдөр эрхээ хэрэгжүүлж яваа ҮБХ-ны гишүүдтэй эн тэнцүү намын удирдлагыг сонгоно, намын дүрэмд өөрчлөлт оруулна гээд явах эрх байхгүй. Дараагийн Ерөнхийлөгч ч юмуу, дараагийн УИХ-ын гишүүн сонгогдсоноор өмнөх Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болдог зохицуулалттай. Үүнтэй адил Ардчилсан намын дараагийн ҮБХ-ны гишүүн сонгогдож үүрэгт ажилдаа орсноор өмнөх ҮБХ-ны гишүүний бүрэн эрх дуусгавар болдог зохицуулалттай. Ийм ойлгомжтой асуудлыг хаа байсан 2016 онд сонгогдоод 2020 онд бүрэн эрх нь дуусгавар болсон гишүүдийг 2022 онд үйл ажиллагаа явуулж байсан гишүүдтэй хамтруулаад нэг ҮБХ-ны бүтэц мэтээр тоог нь нэмээд тэр дундаас хувь гаргаад хүчин төгөлдөр хурал гэж хуралдаж байгаа нь хагарсан шаазанг хүчээр нааж байгаатай адил. Өөрөөр хэлбэл, нэг нь бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон, нөгөө нь бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа ийм тэс өөр эрх зүйн чадамжтай хүмүүсийг нийлүүлж хуралдуулна гэж болохгүй. Ийм зүйл байдаггүй юм. Ийм харанхуй бүдүүлэг, хууль дүрмийн бус үйл ажиллагааг хийх гэж С.Баярцогт тэргүүтэй нөхдүүд арга ядсан оролдлого хийж байна.

-“Эв нэгдэл” зөвлөгөөнд таны талд явж байсан ҮБХ-ны гишүүд их очсон байна лээ. Тэд бүгд эвлэж нэгдэхийг хүсээд энэ сарын 10-нд ҮБХ хуралдуулъя гэж 100 хувь санал нэгдсэн шүү дээ?

-Миний талд гэснийг юугаар нотолж байгаа юм бэ. Юмыг шууд нааж болохгүй. Миний талд ч байсан юм уу, нөгөө талд ч байсан юм уу яаж мэдэж байгаа юм бэ. Тэр зөвлөгөөнд бүртгэл хийгээгүй. Шаардлага гэдэг зүйл дээр гарын үсэг зуруулсан юм билээ. Түүн дээр нь нэг хэсэг нь зурсан, нэг хэсэг нь зураагүй. Ямар ч бүртгэл хийгдээгүй, ямар ч мандат тараагдаагүй. Мандатын тайлан илтгэл тавигдаагүй. Хууль ёсны зохион байгуулалттай хурал болоогүй. Сайн дурын үндсэн дээр хүмүүс цуглаж хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулсан юм билээ. Албан ёсны, хууль ёсны хурал биш учраас тэр зөвлөгөөн нь ямар нэгэн шийдвэр гаргах эрхгүй. Хуулийн хүрээнд зохион байгуулагдсан шийдвэр гаргах эрх бүхий хурал байсан бол болно.

Хурлын дараа над руу маш олон хүн холбогдсон. Утсаар ярьсан, ирж уулзсан, Толгой эргүүлсэн юм л болж өнгөрлөө. Юу болоод өнгөрснийг нь ч сайн ойлгосонгүй гэж ихэнх нь ярьж байна лээ. Ийм хурал зөвлөгөөнийг хууль ёсных гэж үзэх үү. Үгүй ш дээ. Гудамжинд таван хүн цуглаад аль нэг байгууллагын өмнөөс шийдвэр гаргаж б уу. Жишээ нь, Сүхбаатарын талбай дээр 100 хүн цуглаад УИХ-ын гишүүдийн өмнөөс хууль баталж болох уу. “Эв нэгдэл” зөвлөгөөнд АН-ыг төлөөлөх эрх зүйн чадамжтай хэн оролцсон юм бэ.

-Таныг ингээд гөжөөд байхаар Ардчилсан нам хэзээ нэгдэх юм бэ?

-Ардчилсан нам хуваагдаагүй. АН-ыг хуваагдалтай мэт харуулах оролдлого явж байгаа. АН-ын үйл ажиллагаа өнөөдөр хэвийн явж байгаа. Жишээ нь, АН намын даргын сунгаагаа явуулаад Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр гурван удаа өгсөн. Гэтэл Улсын дээд шүүх танай нам дотооддоо маргаантай байгаа учраас уг асуудлыг хүлээж авах боломжгүй гэдэг хууль бус үндэслэлээр гурван удаа буцаасан. Маргаантай гэж юуг хэлээд байгаа юм бэ. Улс төрийн намын тухай хуулиар тухайн намын дээд дүрмээр зохицуулагддаг үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулахтай холбоотой аливаа маргааныг шүүх хянан хэлэлцэхгүй гэж байгаа шүү дээ. Уг маргааныг тухайн улс төрийн намын эрх бүхий байгууллага шийдвэрлэнэ гэж заасан. Тухайн намын эрх бүхий байгууллага гэдгийг хуулиар тогтоож өгсөн. Тэр нь манай намын Үндэсний бодлогын хороо, манай намын эрх бүхий байгууллага. Үндэсний бодлогын хороо удаа дараа тогтоол шийдвэрээ гаргаж Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Урдаас маргаантай байгаа учраас гэдэг хариу өгдөг. Яг ямар маргаантай байгаа юм бэ, тэр маргааныг Дээд шүүх яагаад хянаж хэлэлцээд байгаа юм бэ. Хянан хэлэлцэхгүй гээд хуульчилчихсан байгаа ш дээ. Улсын дээд шүүх Улс төрийн намын тухай хуулиар зөвхөн бүртгэлийн чиг үүрэг хэрэгжүүлдэг. Тухайн намын үндсэн дүрэм, холбогдох журам нь нэгдүгээрт, хуульд нийцэж байгаа эсэх, хоёрдугаарт, тухайн улс төрийн намын бүрдүүлбэрээ бүрэн бүрдүүлж өгсэн эсэхийг үзээд бүрдүүлбэр хангалттай гэж үзвэл ямар нэгэн тайлбаргүйгээр шууд бүртгэх ёстой. Бүрдүүлбэр дутуу байна гэвэл буцаах ёстой. Түүнээс танай нам дотооддоо маргаантай байна. Танай нам ингэж болно тэгж болно гэсэн хяналт зохицуулалтыг хийх эрх Улсын дээд шүүхэд байхгүй.

-АН-ыг хуваагдсан мэт харагдуулах оролдлого явж байгаа гэлээ. Ингэж харагдуулах хэнд, ямар ашигтай юм бэ?

-Өнөөдөр Монголын улс төрд, тэр дундаа ардчилал, шударга ёсны туг болсон Ардчилсан намыг тараачихъя, байхгүй болгочихъё гэсэн гадна дотны сонирхолтой байгууллагууд байна. Шулуухан хэлэхэд, манай хойд хөрш Монголын ардчилал, шударга ёсыг устгая гэж бодож байгаа. Тэр дундаа ардчилал, шударга ёсны дуу хоолой болсон Ардчилсан намыг усгтгах оролдлого хийсэн ш дээ. Төлөөнийхөө хүнээр дамжуулж Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрд хор хохиролтой маш олон үйл ажиллагааг явуулсан. Энэ бүгдийн эсрэг бид зогссон. Түүнээс сандал суудлаа хадгалсандаа энд суугаад байгаа юм биш. Би ардчиллын төлөө ухамсарт амьдралынхаа 33 жилийг зориулсан. Өнөөдөр харсаар байж энэ намыг устгуулах юм уу. Харсаар байтал ардчиллыг үгүйсгэдэг, ардчиллыг нугачин дарах гэж оролддог фашист, нацист этгээдүүдэд энэ намыг өгөх юм уу. Тэдэнд өгөх байсан юм бол яах гэж өөрийнхөө амьдралын 33 жилийг үүнд зориулах юм бэ. Монгол Улс тусгаар тогтносон улс байя гэвэл ардчиллыг хөнөөлгөх ёстой. Ардчилал байгаа цагт л Монгол тусгаар тогтносон улс байна. Ардчилал хэзээ устана тэр цагт Монголын тусгаар тогтнол устана. Би Монголын ирээдүй болсон үр хүүхдээ тусгаар Монгол Улсын иргэн байгаасай гэж хүсч байна. Шар шүдтэй хятад юмуу, бүдүүн оросын боол болчихоосой гэж би хүсэхгүй байна. Би ядаж үхэхдээ тайван үхмээр байна. Монголын ирээдүй гишгэх газартай, амьсгалах агаартай, өөрийн гэсэн нутаг дэвсгэртэй, ийм л нутагт туурга тусгаар Монгол Улсын бүрэн эрхт иргэн болж, миний үр хүүхдүүд минь үлдээсэй гэж хүсч байна. Энэ л миний мөрөөдөл.

-АН-ын удирдлагын түвшин дэх маргаан намын гишүүд рүүгээ ч халдах эрсдэл бий болчихлоо. Саяхан намын асуудлаас болоод Бүлгийн дарга Д.Ганбат, О.Цогтгэрэл нар барьцалдаж авлаа шүү дээ?

-Ний нуугүй хэлэхэд, Д.Ганбат гишүүн бол АН-ын нэрээр УИХ-д сууж байгаа 11 гишүүний дотор огт худалдагдаагүй өөрийнхөө байр суурь, ардчилсан үзэл санаан дээр зогсож байгаа цорын ганц гишүүн. Ямар нэгэн хуйвалдаанд ороогүй, нүүрсний наймаанд оролцоогүй, янз бүрийн төсөв, тендерт орооцолдоогүй нэр цэвэр яваа цорын ганц улстөрч бол Д.Ганбат. Өнөөдөр Д.Ганбатын нэр холбогдсон ямар луйвар байгаа юм бэ. Байхгүй ш дээ. Бусад нь бүгд холбогдсон. Б.Пүрэвдорж гэж нөхрийг Гадаадын харьяатад байхдаа баахан мөнгө төгрөг идсэн гэдэг. О.Цогтгэрэлийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг. Прокурор байсан Увсын Д.Дорлигжав Чоно группийн захирал Т.Энхболдыг шоронд хийж байгаад Sky garden-ний газрыг О.Цогтгэрэлийн ах О.Сайнбуянд өгсөн. Тэр газар дээр нь Sky garden гэж хотхон барьчихсан зараад сууж байна ш дээ. Содон хорооллыг ямар мөнгөөр авсан юм бэ. Монголд аарц, мөхөөлдөс хийгээд тэрбум болдог юм уу. Үгүй л байхгүй юу. Тэр битгий хэл ах нь Н.Алтанхуягийн эдийн засгийн зөвлөх байсан. Эрдэнэс Таван толгой компанийн захирал байсан. Увсын гэдэг нэрийн доор асар том луйвар булхай явдаг ш дээ. Үүнийг хэн ч хаана ч хэлнэ. Тиймээс шулуухан хэлэхэд, өнөөдөр ийм нөхцөл байдал дунд ямар нэгэн асуудалд нэр холбогдоогүй, өөрийнхөө байр суурь дээр 100 хувь зогсож чадаж байгаа хүн бол Д.Ганбат гишүүн.

-Гэхдээ л бүлгийн гишүүдээ нэгтгэж, даргалж чадахгүй байна шүү дээ. Гишүүнгүй бүлэг, бүлгийн дарга гэж байдаг юм уу?

-Тэгвэл харьяалалгүй гишүүн гэж байдаг юм уу. Намынхаа бодлого шийдвэрээс гадуур явдаг УИХ-ын гишүүн гэж байдаг юм уу. Үгүй л байхгүй юу. Өнөөдөр АН-ын хууль ёсны бүлгийн дарга Д.Ганбат ш дээ. Луйвраар гарч ирээд өөрийгөө бүлгийн дарга мэтээр өргөмжлөөд явж байгаа хүн бол О.Цогтгэрэл. Өнөөдөр О.Цогтгэрэлийн толгойлж байгаа бүлгийг Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүсчихсэн хянагдаж байгаа. Үндсэн хуулийн Цэц хууль зөрчсөн байна гэсэн шийдвэр гарвал О.Цогтгэрэл гэж хүн болон түүнийг дэмжсэн олонх өнөөдөр бүгд буруутан болно. Үндэслэлгүй байсан бол Цэц маргаан үүсгэх үү. Үгүй биз дээ. УИХ-ын гишүүн өөрийнхөө ашиг сонирхлыг хангаж өөртөө давуу байдал бий болгохын тулд хууль санаачлах, боловсруулах, батлахыг хориглодог. Өөртөө зориулсан хууль батлаад байж болохгүй биз дээ. Тэгвэл УИХ-ын тухай хуулийн 31.12 дугаар зүйлийг О.Цогтгэрэл тэргүүтэй гишүүд санаачлаад түүнийг нь олонх дэмжээд, дэмжсэнийх нь хариуд Үндсэн хуулийн хамгийн сүүлийн өөрчлөлтөд АН-ын нэр бүхий гишүүд гарын үсэг зурж кноп дарсан. Үүнийг юу гэж ойлгох уу. Энэ улс төрийн наймаа биш юм уу. Энэ шударга ёс уу. Энэ бүгдэд Д.Ганбат оролцоогүй. Нүүрс, ЖДҮ, Хөгжлийн банкны гээд хэдэн их наядаар яригдаж байгаа энэ олон луйварт Д.Ганбат огт оролцоогүй. Огт нэр нь холбогдоогүй. Миний ч нэр холбогдоогүй. Би УИХ-д гурван удаа сонгогдсон. Гэхдээ надад тийм луйвар булхайтай холбогдсон түүх байхгүй. Шударга явсан нь хохирдог, шударга бус явсан нь хождог нийгэм байж болохгүй ш дээ. Шударга ёсны төлөө явж байгаа нь хохироод шударга бус зүйлийн төлөө явж байгаа нь хожоод байж болохгүй. Яахав нэг хэсэгтээ хэмжээлшгүй баян, тансаг явж болно. Тэр үйлийн лайг хэн үүрэх вэ. Өөрөө биш юм аа гэхэд үр хүүхэд нь үүрнэ. Цаашилбал Монголын ард түмэн үүрнэ ш дээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайд болоод хяналтаа алдан хөөрцөглөж, биесээ барьж аван озолцох улстөрчдийг хараад сэжиг төрөх юм DNN.mn

Засгийн газрын шинэ сайдуудын томилгоо ойрын өдрүүдийн гол дуулиан байлаа. Тэдний талаар урьд хожид байгаагүйгээр л шуугьж байна. Мэргэжлийн, мэргэжлийн бус, ур чадвартай, чадваргүй эсэхийг нь огт анхаарсангүй. Харин сайд болчихоод яаж баярлаж, хөөрч байгаад нь нийгэм фокуслав.Тэр олон камер, хүний өмнө эр, эмгүй биеэ барьж үнэхээр дийлсэнгүй. Тас тэврэлдэж байгаад л эрээ цээргүй авирлав. Хошуу амаа нийлүүлэх шахам үнсэлцэж, үнгэлдэцгээх нь эхлэл, өрнөлтэйгөө дуранд тод буужээ. Үнэн голоосоо нэг нэгэндээ баяр хүргэж, шаагилдахыг бодоход хүн болж төрснийх нь хэрэг жинхнээсээ бүтсэн бололтой.

Төрийн түшээдийнхээ тэгж их жарган цэнгэж буй дүр зургийг улны бид нь юу ч гэж ойлгомоор юм бэ дээ. Тэдний харц, мишээлт царай, үйл хөдлөл зэргээс харвал хүний хүрдэггүй өндөрлөгт хүрч, хүссэн зүйлсээ өөрийнх болгосондоо хяналтаа алдан хөөрцөглөж байх шиг. Биднийг ноёлох болсондоо ингэж баярлаж бахдаж байгаа нь ард түмнийг тэгтэл нь ангайлгаж байна шүү дээ. Улсаараа дампуурахад ойрхон, өрнөөс өрний хоорондох өлмөн зэлмүүн амьдрал ноёлж байхад сайд боллоо гээд “малгайгаа хөөргөх” нь ухамсарт хүний үйлдэл мөн үү. Бас ямар нэг юмыг чадаж, хорлож байгаад санасандаа хүрсэн хүний хэлэмж тэдний энэ ухаангүй аяглалаас нэвт мэдрэгдээд байна. Үүнийг чинь ард түмэн совингоороо мэдээд байна. Бас юу ч хийхгүй чинь шууд л уншигдаад байх юм. Юм хийхгүй байж сайд болоод, тэгээд ингэж их баярлаж байгаа чинь сонин юм. Энийг чинь л улны ард түмэн ойлгохгүй байгаа юм. Чаддагаар нь сошиалаар баахан шоолох шив. УИХ-ын гишүүдийн нялуурч байгаа зургуудыг хэдэн янзаар эвлүүлж, элдэвлэнэ лээ. Босгож нэг, хэвтүүлж өөрөөр дээш, доош харуулан өрж байгаад янз бүрээр тайлбарласан хошигнолууд цахим сүлжээнд хөвөрч байна. Хэсэгтээ ч энэ зугаа явах л байх. “Хамар нь хугарчихаагүй байгаа даа”, “Эхнэр, нөхрөө ингэж үнсэж үзээгүй байж ямар шунаг юм бэ”, “Ховх сорох нь ээ”, “Яасан их норгож үнсдэг юм бэ, ар араасаа нэгнийхээ шүлсийг долоогоод сурчихаж” гэх тайлбаруудын зэрэгцээ ороо нь орсон нохдын зургийг үнсэлцэж байгаа гишүүдийн агшинтай харьцуулахдаа “Ордонд болсон озолцоон” гэж гарчигласан байх жишээний. Ард түмний ганц чадах зүйл нь тэднийг ингэж шоглох юм даа.

Манай УИХ-ын гишүүд, улстөрчид сайд болох гэж үнэхээр үхэн хатан зүтгэж сүнсээ чөтгөрт ч худалдахад бэлэн байх юм. Сайдын суудал горилохын тулд хов жив, холион бантан, хорны хутгуур гээд юу эсийг хийдэг гэлцдэг. Ингэж их хичээл зүтгэл гаргаж байгаа юм чинь сайд болоод магнайгаа хагартал баярлаж цэнгэх нь арга ч үгүй биз. Уг нь энэ хүнд цаг үед сайдын албан тушаал тийм хүсмээр ажил биш л баймаар. Цар тахал, дайны улбаа дэлхийн эдийн засгийг бүхэлд нь хямраасан. Дэлхий дахинд өрийн хэмжээ өсч, инфляци доошлохгүй байна. Өндөр хөгжилтэй орнуудыг эрсдэл хүлээж байхад манайх шиг ядуу улсад бүр ч хүндээр тусах зураглалыг эдийн засагчид сануулж байгаа. Харин манай шинэ сайдууд юун дээр бууснаа огт ойлгохгүй бөөн баяр л болоод байх юм. Хэрэвзээ, ажиллах хүнд бол энэ баярлах үйл явдал биш.

Ядарсан орныг байтугай ажил нь уначихсан албан байгууллагыг даргална гэдэг маш хүнд хариуцлага байдаг. Юун ингэж баярлаж, хөөрөх манатай. Хар ухаанаар бодоход харин ч уйлж, шаналж байх ёстой юм биш үү. Ажил нь уруудсан албан газрыг босгож ирэхэд нойр, хоолоо мартдаг. Хэн дуртай нь тийшээ зүглэхгүй. Өөрийгөө золин байж тамлуулаад юухэв гэнэ. Жинхнээсээ ажил хийе гэсэн бодолтой улсууд албан тушаалаас ингэж халгаж, халширдаг. Тэгвэл манай гишүүд, сайд нар хагартлаа баярлаж байхыг бодвол ажил хийдэггүй юм байна л даа. Улс эх орноо өөд нь татъя гэж үнэн сэтгэлээсээ боддоггүй байх. Зүгээр л хаана боломж, мөнгөний үнэр байна тийшээ ханардаг. Ерөөсөө хулгай хийх гэж л төрд үүрлэдэг юм байна. Хэрэв тэд хулгай хийхийнхээ хажуугаар жаахан ч гэсэн ажил хийдэг байсан бол ингэж хөл хөөр болж чадахгүй. “Сайд болъё ч” гэж бодохгүй. “Өөртөө лай хураагаад юүхэв” гээд зугтахын түүс болно доо.

Эрх баригчдын энгүй их баярт үйл явдлаас бид нэг зүйлийг ойлгомоор байна. Сайдын албан тушаал чинь үнэхээр сайхан юм аа. Тэнд очвол шууд л ноён болж баяжиж, эрх мэдэлтэй болж хүмүүсийг боол болгон мөлхүүлдэг аж. Тэгэхлээр хэдүүлээ сайд болцгоохын төлөө зүтгэцгээе. Сайд гэдэг тусдаа хүн төрж, энэ албан тушаалд очдог ч юм биш. Тэр өндөр сэнтий гэж зүрх алдаж, өмнөө хана босгоод байх ч хэрэггүй. Үндсэн хуулиар олгосон эрхээ тэгш эдэлж сайд болох боломж хүн бүрд бий. Ажиглаад байхад ард түмний дунд нэг ийм яриа яваад байдгийг та нар өөрсдөө анзаардаг уу. Аливаа уулзалт, яриа хэлэлцээ, хурал цуглаан, гудамж талбай, малын бэлчээр дээр ч “Хэдүүлээ улстөржихгүй шүү”, “Би ёстой наад улс төрийг чинь сонирхдоггүй” гээд л донгосцгоодог. Бараг амтай болгон нь энэ үгийг хэлдэг. Угтаа сайд болохын тулд улс төрийг хамгийн их сонирхох ёстой юм шүү. Эхлээд улс төр сонирхож байж сайд болдог. Тэгвэл яагаад бид дандаа ингэж ярьдаг, улс төр сонирхдог хүн биш болох гэж жүжиглэдэг, улс төрөөс бушуухан зугтаадаг вэ. Сайдын суудал булаацалдуулахгүй гэж биднийг ийм болгож сургасан юм шүү дээ.

Энэ улсын эзэд нь эрх баригчид биш, эгэл жилийн ард түмэн бид. Тиймээс мөлхөж буй эдийн засгаа хурдны зам дээр гаргая гэвэл улс төр хамгийн ихээр сонирх. Намуудад идэвхтэй хамрагдаж болно. Эсвэл үзэл санаагаараа нэгдэж, нам байгуулцгаа л даа. Утасны цаанаас хэдэн жиргээ нисгээд улстөрч болчихдоггүй юм. Сошиалаар улс төр хийгээд ч амжилт олохгүй. Ядаж л улс төрийн сонин унш. Биечлэн очиж намынхаа хуралд суу. Хоёр хөлөөрөө явж улсуудыг ухуулж, өөрийгөө танилцуулж, палкатаа наадаг юм. Сонин, телевизэд биеэрээ очиж ярилцлага өгч, олонд танигддаг юм. Гэтэл манайхан бүгд сошиалаар улстөрч болчихсон юм шиг үзэл бодлоо илэрхийлээд л, шүгэл үлээдэг. Энэ нь өөрийгөө л дэмий хуураад байгаа хэрэг. Бүх юманд биеэрээ явж туулж байж асуудлыг ойлгож, уур амьсгалыг мэдэрдэг юм. Ингэж байж улстөрч болж чадна. Тэгээд дараа нь хэдүүлээ сайд болцгооё. Сайд болох нь сайхан юм байна. Улс эх орныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байя, ард түмэн минь.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шар луу өдөр DNN.mn

2023.1.10, МЯГМАР ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 18

ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САР
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР ЛУУ ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.1.10, Мягмар гариг
  • Наран ургах шингэх: 08.40-17.19
  • Үс засуулбал: Эд малын гарлагатай
  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэхэд сайн, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.
Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -2 хэм хүйтэн DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32…-34 градус, бусад хэсгээр -25…-27 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -34…-39 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -29…-34 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -13…-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр -19…-24 градус, бусад нутгаар -24…-29 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх орчмоор -26…-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -19…-24 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -15…-20 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -32…-34 градус, өдөртөө -21…-23 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -31…-33 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Ардын нам Ерөнхий сайдаа дэмжихгүй бол ард түмэн нь дэмжих хэрэгтэй байна” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ардчиллын анхдагчдын нэг, физикч
Л.Бямбажаргал “Улсын бүртгэлийн
газрын шийдвэр хүчингүй болоогүй
цагт АН-ын асуудлаар Дээд шүүх ч
шийдвэр гаргаж чадахгүй
” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Хуульч, өмгөөлөгч Н.Ариунболд “С.Батдөлийг цагдан
хорих асуудал Мөрдөх
байгууллагуудын тогтолцооны
гажуудлыг харууллаа” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Ардын нам Ерөнхий сайдаа дэмжихгүй бол ард түмэн нь дэмжих хэрэгтэй байна” хэмээн өгүүллээ.

БНХАУ-ын Эрээн хотноо
зорчоод ирсэн иргэн Д.Мөнхбат “Эрээнд “Шинэ
зээл”, “Хуучин
зээл” гэж хоёр
захаар ороход
бараагаа
үүдэндээ
овоолсон
байна лээ” гэв.

“Вакцин андуурч шахуулсан иргэд бүгд
сүрьеэгээр өвчлөх нь тодорхой бололтой” гэснийг “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс үргэлжлүүлж уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Умард Солонгос цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлнэ DNN.mn

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгос болон АНУ-аас ирж буй заналхийллийн хариуд улсынхаа цөмийн зэвсгийн нөөцийг нэмэгдүүлэхийг уриалсан тухай тус улсын хэвлэл мэдээлэл онцлов. Ким Жон Ун “Өмнөд Солонгос “эргэлзээгүй манай дайсан” болсон бөгөөд түүний гол холбоотон болох АНУ өнгөрсөн жилийн хугацаанд Солонгосын хойгт өөрийн цэргийн зэвсэг, тоног төхөөрөмжөө байршуулж, заналхийлж ирсэн нь байдлыг өнөөдрийн түвшинд буюу дээд зэрэгт хүргэхэд нөлөөлсөн. Тиймээс ирэх онд Пхеньян шинэ тив алгасагч баллистик пуужин бүтээхийн зэрэгцээ тактикийн цөмийн зэвсгийг олноор нь үйлдвэрлэнэ. Ингэснээр “хурдан хариу цохилт” өгөх чадварыг улам дээшлүүлнэ” хэмээн өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр болсон нэгдсэн хуралдааны төгсгөлд мэдэгдсэн.

Умард Солонгос өнгөрсөн онд түүхэндээ байгаагүй олон тооны пуужин туршсан бөгөөд АНУ-ын эх газарт хүрэх боломжтой гэх тив алгасагч баллистик пуужин хүртэл туршаад байгаа билээ.

Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам түүний мэдэгдлийг өдөөн хатгасан өнгө аястай хэмээн шүүмжилж, солонгосын хойгийн тогтвортой байдалд халтай гэж буруушаав. Мөн цаашид цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ зогсоохыг шаардаж, хэрэв ямарваа нэгэн байдлаар хэрэглэхийг завдвал Умард Солонгосын дэглэмийн төгсгөл ирнэ хэмээв.

Эх сурвалж: iss.gov.mn

Categories
гадаад мэдээ

АНУ-аас ОХУ-д суух шинэ Элчин сайд Лин Трейси DNN.mn

Уберите Трейси»: американские армяне разочаровались в после США в Ереване —  EADaily, 2 декабря 2020 — Новости политики, Новости Большого Кавказа

Америкийн Төрийн департаментын албаны төлөөлөгч Нэд Прайс тус улсаас ОХУ-д суух шинэ Элчин сайдыг ойрын өдрүүдэд илгээх талаар мэдэгдлээ.

Шинэ Элчин сайд Линн Трейс нь Москва, Туркменистан, Кыргызстан, Армен зэрэг хуучин зөвлөлтийн болон Төв Азийн орнуудад ажиллаж байснаас гадна АНУ-ын ҮАБЗ-ийн Төв Азийг хариуцсан хэлтсийн захирал байсан туршлагатай дипломатч аж. Хоёр орны харилцаа хурцдаж буй өнөө үед Америкийн зүгээс мэргэшсэн зөвлөлт судлаачийг Орост суух Элчин сайдаар илгээж байгаа бөгөөд тус улсад сууж буй анхны эмэгтэй Элчин сайд болж байна.

Тэрээр 2014 онд Москва дахь АНУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байсан бөгөөд тэрээр энэ тухайгаа “… Орост дадлагаар ажилласан маань цаашдын мэргэжлээ сонгоход дөхөм болсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Орос орон намайг дипломатч болгосон. Оросын дотоод улс төрийн нөхцөл байдал, баялаг түүх, соёл хийгээд олон төрлийн амьдралын хэв маяг нь намайг гайхшруулсан юм” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ.

Эх сурвалж: iss.gov.mn