Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Монгол Улс гадаад паспортын чансаагаараа 193 улсаас 82 дугаарт эрэмбэлэгдэв DNN.mn

Жил бүр дэлхийн улс орнуудын гадаад паспортын чансааг тодорхойлдог Henley Global байгууллага 2023 оны жагсаалтаа өчигдөр танилцуулжээ.

Жагсаалтыг гаргахдаа IATA (International Air Transport Associaton) байгууллагын тоо баримтыг ашигладаг ба НҮБ-ын гишүүн 193 улсаас гадна Тайвань, Макао, Хонконг, Косово, Палестин, Ватикан гэсэн зургаан бүс нутаг, нийт 199 чиглэлийн хэдэд визгүй зорчих боломжтойгоор нь үнэлдэг.

Энэ оны жагсаалтыг 193 чиглэлд визгүй зорчих эрхтэй Япон улсын паспорт тэргүүлжээ.

Дараа нь тус бүр 192 чиглэлд визгүй аялдаг Сингапур, Өмнөд Солонгосын паспорт жагссан байна.

Араас нь 190 улс, бүс нутагт визгүй зорчдог Герман, Испани, 189-тэй Финланд, Италийн паспортууд удаалсан байна.

Тавдугаар байрыг Австри, Дани, Нидерланд, Шведийн паспортууд хувааж эзэлсэн бол зургаа дугаарт Франц, Ирланд, Португал, Их Британи жагсжээ.

Харин дэлхийн 27 улс, бүс нутагт визгүй зорчих эрхтэй Афганистаны паспорт жагсаалтын сүүлийг энэ жил дахин мушгисан байна.

Монгол улсын гадаад паспортын хувьд 62 чиглэлд визгүй, 165 чиглэлд визтэй зорчдог үзүүлэлтээр чансаагаараа 82 дугаарт эрэмбэлэгджээ.

Монгол улсын паспортын чансаа 2021 онд 87, 2022 онд 85 дугаарт эрэмбэлэгдэж байсантайгаа харьцуулахад өссөн байна. Гэхдээ 2006 онд 72 дугаарт жагсаж байсантайгаа харьцуулахад буурчээ.

Эх сурвалж: Henley Global

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй байсан 6 өвчний эмчилгээг нэвтрүүлж чадлаа DNN.mn

ЭМЯ-наас оношийн дөрвөн бүлгийн зургаан өвчнийг оношлох, эмчлэх технологийг УНТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ-д нэвтрүүлж нутагшуулах шатандаа явж байна.

Үүнд цусны үүдэл эс, ясны чөмгийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгах эмчилгээ, хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс засал, зүрхний хавхлагуудын өөрчлөлт болон ишеми өвчний улмаас агших чадвар 25 хувиас доош болсон тохиолдлын эмчилгээ зэргийг УНТЭ-ийн Цусны эмгэг, чөмөг шилжүүлэн суулгах төв, Зүрх судасны төвүүд дээр төвлөрүүлэн хийж эхэлсэн бөгөөд эмч мэргэжилтнүүдийг бодлогоор Франц, БНСУ-д суралцуулж, АНУ, Япон, БНСУ-ын мэргэжлийн багуудын алсын зайн дэмжлэгтэй хийж эхэлсэн

Цусны үүдэл эс, ясны чөмгийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгах эмчилгээг хийхийн тулд 2021 онд ЭМЯ-наас 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эмчилгээний ариун орчин нөхцлийг бүрдүүлэх, тоног төхөөрөмжийн хангалтад зарцуулсан бол 600 сая төгрөгөөр өндөр хүчин чадалтай лабораторийн NGS технологийг нэвтрүүлсэн.

Монголд эмчлүүлэх боломжгүй байсан хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс засал, зүрхний хавхлагуудын өөрчлөлт болон ишеми өвчний улмаас агших чадвар 25 хувиас доош болсон тохиолдлын эмчилгээг нэвтрүүлэхийн тулд УНТЭ-ийн Зүрх судасны төвд хөрөнгө оруулалтаар Би-план ангиографийн аппарат, ЭКМО аппаратуудыг шийдвэрлэж, эмч мэргэжилтнүүдийг гадаад улсад дунд болон богино хугацааны сургалтад системтэй суралцуулсны үр дүнд дөрвөн тохиолдлыг амжилттай хийгээд байна.
Дутуу нярайн торлогийн эмгэгийн улмаас торлог ховхрох үеийн торлог шилэнцэрийн мэс засал, хүүхдийн хавсарсан хөх, хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс засал, ихэр жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээ, мэдрэлийн ёзоор тайрах ризотомын мэс заслуудыг ЭХЭМҮТ-д нэвтрүүлжээ. Ихэр жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээг нэвтрүүлэхийн тулд эх барихын хоёр эмч, ургийн мэдээгүйжүүлэг буюу гэдсэнд байгаа урагт мэдээгүйжүүлэг хийх хоёр унтуулгын эмч нарыг Япон улсад сургасан байна.
Хүүхдийн хавсарсан хөх, хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс заслыг нэвтрүүлэхдээ хоёр тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн хангалт хийж, цээжний хөндийн мэс заслын тасгийг тусад нь байгуулжээ.

Мөн нярайн торлогийн эмгэгийн улмаас торлог ховхрох үеийн торлог шилэнцэрийн мэс заслыг 5 хүүхдэд амжилттай хийгээд байна.
Тархи, нугасны хавдрын стериотактик туяа эмчилгээг ХСҮТ-д хийж эхэлсэн бөгөөд энэ чиглэлийн эмч нарыг сургах, тоног төхөөрөмжийн хангалтыг ЭМЯ-наас шийдвэрлэжээ.
ЭМЯ Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчний тоог бууруулах, гадаадад урсах мөнгөний зардлыг багасгах, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахтай холбоотой үүсэх санхүүгийн хүндрэлээс сэргийлэх бодлогыг баримтлан шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган, хүний нөөцийг бэлтгэн нэмэгдүүлснээр “Монголд эмчлэх боломжгүй 26 өвчний жагсаалт”-аас 6 өвчнийг эх орондоо эмчлэх боломжтой болсон юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Бямбажаргал: Улсын бүртгэлийн газрын шийдвэр хүчингүй болоогүй цагт АН-ын асуудлаар Дээд шүүх ч шийдвэр гаргаж чадахгүй DNN.mn

Ардчиллын анхдагчдын нэг, физикч Л.Бямбажаргалтай ярилцлаа.


-Нүүрсний гэх тодотголтой хэрэг сүүлийн үед Монголын нийгмийг доргиож байна. Энэ асуудал гарч ирснээр Монголд үүсч байгаа сайн, муу талыг та хэрхэн дүгнэж байна?

-Эерэг талыг ярихад, зөвхөн нүүрс бус манай улсын бусад эрдэс баялаг ямар замаар дэлхийн зах зээл дээр борлуулагдаж байна. Хаана нь хулгай, луйвар үүрлэчихээд байна. Үүнийг яаж засах юм бэ гэдэг асуудал иргэдийн анхаарлын төвд орох нь маш сайн. Нүүрс гэхээр хүмүүс өөрсдийнхөө түлдэг Багануурын нүүрсийг бодоод тоодоггүй байсан. Улсын хилээр хэдий хэмжээний нүүрс гарч байна, ямар орлого олж байна гэдэгт төдийлөн ач холбогдол өгдөггүй байсан.

Харин сөрөг талын тухайд, нүүрс олборлож, тээвэрлэж хил хүргэж байгаа хүмүүсийг бүгдийг нь хулгайч гэдэг саванд хийчихлээ. Зээлээр машин аваад кабиндаа хонон өнжин явсаар нүүрсээ хил хүргэж өгч байгаа жолооч ч байдаг юмуу, уул уурхайн компанитай тоног төхөөрөмж нийлүүлж байгаа хүн ч байдаг юмуу ялгаагүй бүгд хулгайч болчихлоо. Нэг талаас тэд бүгд татвар төлөгчид. Баялаг бүтээгч, татвар төлөгчид рүүгээ дайраад эхэлбэл татварын орлого байхгүй болно.

Муу тал нь энэ юм. Тиймээс ялгаж салгах ёстой. Бизнес хийж байгаа татвар төлөгч авлига авч хулгай хийдэггүй л байхгүй юу. Авлига, хулгай хаана гараад байна гэхээр төрийн албан тушаалтнуудтай холбогдохоор. Түүнээс нүүрс зөөж байгаа жолооч нар биш. Эрчимтэй арга хэмжээ авч байгаа юм шиг боловч тодорхой хэмжээнд улсын төсвийн орлого тасалдах байх. Учир нь нүүрсний экспортын оргил ачааллын энэ үед бүх зүйл жигдэрчихсэн байх ёстой. Гэтэл манайх шинэ журам гаргана, хилийн үнээр зарна, тээврийн тендер зарлана, биржээр арилжаална гэж байна. Өдийд ийм юм ярих ёсгүй байхгүй юу.

Уг нь асуудлаа цэгцлээд авбал сайн. Гэтэл хийж байгаа эхний алхмаас нь харахад төрийн эрх мэдлийг илүү өргөжүүлж байна. Урьд нь хялбархан байсан. Тухайлбал, нүүрсээ амны үнээр зарахад авч байгаа хүн нь ямар унаагаар, хэдэн төгрөгөөр хилээр гаргах нь бидэнд хамаагүй байлаа. Хил дээр очихоор нь дэлхийн зах зээлийн ханшаар бид АМНАТ-аа авна гэдэг байсан. Гэтэл одоо амны үнээр бус хилийн үнээр худалдахаар хил хүртэлх тээврийн зардлыг Эрдэнэс Таван толгой хариуцна. Өөрөөр хэлбэл, тээвэрлэлт хийхэд мөн л тусгай зөвшөөрөл, тендер рүү орж байна гэсэн үг. Хүргээд өгье гэж байснаас ирээд ав гэсэн нь дээр биз дээ. Төр, албан тушаалтны оролцоо нэмэгдээд байхаар тэр бүрийн цаана авлига, хүнд суртал байсаар л байна шүү дээ.

-Ер нь авлига, хүнд суртлыг хазаарлах хамгийн оновчтой арга нь юу байдаг юм бол?

-Авлига өгсөн хүнийг шийтгэхээ болчихмоор байгаа юм. Авлига авсныг нь шийтгэдэг больчихвол албан тушаалтнууд “Энэ нөхрөөс мөнгө авчихвал дараа нь намайг матчихна” гэж айгаад авлига авахгүй шүү дээ. Авсан, өгсөн хоёрыг хоёуланг нь шийтгэхээр тэр хоёр нэг талд орчихоод байна.

-Та бид хоёрын ярилцлагын нэг чухал сэдэв нь АН-ын асуудал. Та бол ардчиллын анхдагчдын нэг. Тиймээс өнөөдөр болно гэх ҮБХ-ны хурлын үр дүнг хэрхэн харж байгааг асуулгүй өнгөрч чадахгүй нь…

-Ийм хүнд үед АН ийм байгаа нь нэг сайн талтай. Тодорхой хэлбэл, МАН буруугаа хэнтэй ч хуваалцах эрхгүй. Өөрөөр хэлбэл, АН-ынхнаас болоод ажил гацлаа гэж шалтаглах боломжгүй. Тэдний ажилд саад болох сөхөөгүй хоёр байрандаа зодооноо хийгээд сууж байна шүү дээ. Харин муу тал нь хажуунаас нь эрх баригчдад хэлж ярих хүнгүй байгаа учраас иргэдийн амьдрал ингэж доройтож, хяналтгүй болоод байна.

АН-ын хэрүүлийн эх үүсвэр хаанаас тавигдсан юм бэ гэхээр саарал ордноос, эрх баригчдын зүгээс. С.Эрдэнэ гэдэг хүнд тамга хийж өгснөөс л бүх юм эхэлсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газар улс төрийн нам гэдэг ганцхан хуулийн этгээдийг бүртгэх эрхгүй байдаг. Улсын бүртгэлийн газар бол Засгийн газрын харьяа байгууллага. Энэ байгууллага улс төрийн намыг бүртгэж болохгүй гэдэг нь улс төрийн сөрөг хүчнээ яг одоогийнх шиг тоглоом болгож магадгүй учраас анхнаас нь сэрэмжлээд улс төрийн намын бүртгэлийг Дээд шүүх хөтлөхөөр зохицуулсан. Гэтэл Улсын бүртгэлийн газар өөрийн бүрэн эрх хэмжээнээс давсан үйлдэл хийж С.Эрдэнэд тамга үйлдвэрлэж өгсөн. Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн газар Дээд шүүхийн бүрэн эрхэд халдсан гэсэн үг. Ингээд Дээд шүүх шийдвэр гаргаж чадахаа байсан. Бүх юм ингэж эхэлсэн. Өнөөдөр намыг нэгтгэхээр янз бүрээр л үзэж байна. Намын гишүүний хувьд би ч гэсэн эвлэрээд нэг талдаа гарчихаасай билээ гэсэн чин хүсэлтэй байгаа. Гэтэл Улсын бүртгэлийн газрын шийдвэр хүчингүй болоогүй цагт АН-ын асуудлаар Дээд шүүх ч шийдвэр гаргаж чадахгүй, ҮБХ-ны хурал ч тодорхой үр дүнд хүрэхгүй. АН-ын өнөөгийн асуудал бол уг нь намын дотоод асуудал л даа. Гэтэл нэгэнт төрийн захиргааны байгууллага орчихсон учраас асуудлын уг сурвалжийг арилгаагүй цагт намын асуудал шийдэгдэхгүй. Эв нэгдлийн зөвлөгөөн, ҮБХ-гоор асуудлыг цэгцэлье гэсэн сайн тал байгаа боловч нөгөө талд сөрөг хүчний дуу хоолойг тодорхой хэмжээгээр саармагжуулах арга ч байж магадгүй. Одоо бүх юмыг аргалдаг болчихлоо шүү дээ. ҮБХ-ны хурал сайхан боллоо, эв нэгдэлтэй боллоо гээд явж байтал цагаан сар боллоо, гурван сар гарлаа Дээд шүүхээс та нарын хурлыг хэн хурал гэж үздэг юм бэ гэчихэж магадгүй л байхгүй юу.

-Тэгэхээр АН-д нэгдэх боломж хэзээ гарах юм бэ. Хэзээ улс төрийн тавцанд тоглолт хийх вэ?

-АН-д мөддөө нар үзүүлэхгүй байх.

-Хэзээ мөдгүй хаяанд ирчихээд байгаа УИХ-ын сонгуульд ч оролцуулахгүй гэж үү. Ядаж сонгуульд оролцсон нэр зүүлгэхгүй бол нэг намын тогтолцооноос ямар ялгаатай юм бэ?

-Манай улс ер нь нэг намын тогтолцоотой болчихоод байгаа. Учир нь олонх болсон нам Засгийн газраа байгуулдаг. Улсын бүртгэлийн газар чинь Ерөнхий сайдын шууд харьяа байгууллага. Улсын бүртгэлийн газар өнөөдрийг хүртэл “Уучлаарай манайх тамга хийж өгөх эрхгүй байж” гэж хэлэхгүй байна шүү дээ. Та нар хоорондоо хэрэлдээд бай гээд хэрэлдүүлээд байна. Үгүй байсан бол манай ажилтан буруу юм хийжээ, эсвэл манайх хуульд заасан эрх хэмжээнээс хэтэрсэн зүйл хийсэн байна гэж хэлэхгүй байна гэдэг нь карман дотроо дахиад юм байна гэсэн үг. Онц дэглэм тогтоодог хууль хэрэгтэй бол гаргаад ирж байна гэдэг шиг АН эвтэй боллоо гэхэд уучлаарай жинхэнэ тамгыг чинь С.Эрдэнэ авч зугтаагаад гэрт нь байгаа болохоос та нар хэн ч биш гэнэ ш дээ. Ингээд бүх хийсэн юмыг арчаад хаячихаж магадгүй.

Ер нь нэг намын тогтолцоо битгий хэл парламентын ардчиллыг үгүйсгэх тал руугаа явж байгаа шүү дээ.

-Тэр нь юугаар илэрч байгаа юм бэ?

-Энэ олон сайдаар. Яагаад сайд нэмээд байна гэж бодож байна. УИХ-аар Засгийн газрыг унагахгүйн тулд 39-өөс дээш гишүүний дэмжлэг авах ёстой. Болж өгвөл 39 сайдтай болчихмоор байгаа. Тэгвэл бусад гишүүдийг царайчлах шаардлагагүй болно. Тэгэхээр нэг намын битгий хэл нэг хүний гарт орохоор явж байгаа биз. Тиймээс л сайдын тоог нэмээд байгаа юм. Түүнээс манайх сайдын дутагдалд орчихоод олон сайд нэмээд байгаа юм биш.

-Тэгвэл ҮХНӨ-өөр УИХ-ын гишүүдийн тоог нэмнэ гэж байгаа нь ямар учиртай болж таарч байна. Парламентын засаглалыг хүчтэй болгох гээд байгаа арга биш юм уу?

-УИХ-ын гишүүдийн тоог нэмээд байдал сайжрахгүй ш дээ. Парламентын засаглалыг хүчтэй болгоё гэвэл манайх хоёр танхимтай л болох ёстой. Ер нь явж явж хал пал, харгүй дээрээ хийсэн ажил сайхан байдаг гэдэг шиг 1990-1992 оны буюу шилжилтийн үеийн Үндсэн хууль их хялбархан хууль байсан. Байнгын бус ажиллагаатай Ардын Их Хурал, байнгын ажиллагаатай хууль тогтоох Улсын Бага Хуралтай байсан. Ардын Их Хурал бүх томилгоог хийж өгдөг байсан. 400 орчим депутатууд нь томилгоогоо хийчихээд тарчихдаг, Бага хурал нь хуулиа баталдаг байсан. Өнөөдөр томилгоо хийх, хууль батлах хоёр нь нэг гарт орчихоод Засгийн газраа хүчтэй болгоно гээд Ерөнхий сайддаа нэлээн эрх мэдэл өгчихсөн. Ерөнхий сайд нь УИХ дотор нөлөөгөө бэхжүүлэхийн тулд сайдынхаа тоог нэмж байна. Тэгэхээр Ерөнхийлөгч жинхэнэ бэлгэ тэмдгийн чанартай болж манай улс нэг хүний гарт орж байна. Засгийн газраа тогтвортой болгох гээд Ерөнхий сайдад эрх мэдэл өгөөд байсан чинь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хамгийн тогтворгүй Засгийн газар болж байх шиг байна. Би сайдынхаа тоог ч бараг алдлаа, яамныхаа учрыг ч олохоо байлаа. Дөрвөн жилд хэнтэй хариуцлага тооцох юм бэ. Анх байгуулагдсан Засгийн газар хэвээр байх ёстой шүү дээ. Дөрвөн жилийн дараа Эрүүл мэндийн сайдтайгаа учраа олно гээд сууж байх ёстой биз дээ, бид. Зарим яам нь гурав, дөрөв болоод хуваагдчихлаа.

-Та түрүүн сөрөг хүчний дуу хоолойг тодорхой хэмжээгээр саармагжуулах арга ч байж магадгүй гэсэн. Үүнийг тодорхой ярьж өгөөч. С.Эрдэнэ дарга энэ үйл ажиллагаанд нэгдээд яваа юм уу?

-Аливаа хүн сайн, муу янз бүрийн чанартай учраас хүнд биш дүрэмд нь суулгаж өгдөг. АН хатуу дүрэмтэй шүү дээ. Сонгуульд ялагдсан бол автоматаар буудаг дүрэмтэй байхад энэ хүн буухгүй өдийг хүрч байна. Тэр дүрмийнхээ дагуу буугаагүй хүн өөрт олдсон давуу байдлаа хэзээ ч тавьж өгөхгүй. Тэгэхээр бид тал талаасаа яриад эвтэй байя, нэгдье гээд хоолойгоо хаттал яриад байдаг, С.Эрдэнэ гарч ирээд тамгаа ганц дараад л дуусаа ш дээ. Гэтэл үүний цаана МАН-д өрсөлдөгч хүчнээ сул байлгаж өрсөлдөгчгүй байх сонирхол байна. Үнийн өсөлт, дээр нь төрөл бүрийн татвар гээд асуудал улам даамжирч, ирэх хавар нийгмийн уур амьсгал нэлээн хүнд болох байх. Түүнчлэн маш олон хэргүүд мэдээж шийдэгдэхгүй. Салан баавгайн үлгэр шиг нэг хэргийг нөгөөхөөр нь дараад яваа болохоос биш эхнээс нь шийдээд авчихсан юм ерөөсөө байхгүй. Ийм байгаа учраас анхаарлыг нь сарниулах ажил хийгээд байна. Магадгүй дөрвөн сард АН-ын эв нэгдлийн их хурал ч гэдэг юмуу нэг хурал хийгээд овоо боллоо гэхээр нь Дээд шүүх ч байдаг юм уу нэг газар нь очоод хүчингүй болгоод хаячихна. Тэгээд зунтай золгуулаад наадам гээд сарниулчихна. Ингээд ирэх намартай золгоход байдал яг хэвэндээ л байж байна.

-Нэг намын тогтолцоотой болсноор Монголын цаашдын байдал ямар болохыг мэдэж байж ийм зүйл хийнэ гэж үү. Эсвэл гадны нөлөө байна уу?

-Манайхан жаахан юмтай юм шиг хэрнээ муу юм бодож олохдоо их сайн. Гадны зөвлөгөө, нөлөө байхыг үгүйсгэхгүй. Манай улсыг тойроод нэг намын системтэй, иймэрхүү дэглэмтэй хөршүүд манайхтай зэрэгцэж оршиж байна. Тиймээс нөлөөлөх нөлөө байхыг үгүйсгэхгүй. Учир нь эд нар муу юм бодож олохдоо их сайн. Сайн юм бодохдоо муу. Тоо мэддэггүй. 400 сая жуулчин ирнэ гэхээр нь итгэсэн. 400 сая хуушуурыг 50 центээр зарахад 200 сая ам.доллар. Энэ бол 700 тэрбум төгрөг гэсэн үг. Энэ нь манай улсын томоохон үйлдвэрлэгчийн жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүн. Нэг жуулчин нэг хуушуур авахад шүү дээ. Нэг жуулчин хоёр хуушуур идвэл Монгол Улс өөр юу ч хийх хэрэггүй болчих гээд байна. Ийм юм хийхдээ толгой нь тоо бодож хүрдэггүй. Тэгсэн хэрнээ хэрэгтэй хэрэггүй муу аргадаа сайн. Өрсөлдөгч намаа хэрэлдүүлээд байж байя гэж байна. Уг нь ардчилсан байя гэж бодож байгаа бол хоёр гол намын нэгээр нь тоглоод байгаа Улсын бүртгэлийн газрын даргыг дор нь дуудаж ирээд арга хэмжээ авч хуульд заасан хэм хэмжээнээс хэтэрсэн шийдвэрийг нь болиулах боломжтой.

АН УИХ-ын түвшинд сул байгаа ч орон нутгийн түвшинд сайн байгаа. Тиймээс эрх баригчид АН-ыг хоёр тал болгож байгаад салгачихъя гээд бүр хорлонтой юм бодож байгаа биз. Орон нутгийнханд нам чинь байхгүй болчихсон учраас танай Иргэдийн хуралд нэр дэвшсэн хүмүүс хүчингүй болно гэж хэлээд орон нутагт байгаа АН-ын төлөөлөгчдийн бүрэн эрхэд халдаж болзошгүй гэж би харж байна. Ингээд орон нутгийн ИТХ ганцхан МАН-ын бүлэгтэй, хэдэн бие дааж сонгогдсон төлөөлөгчтэй үлдэнэ. Хэдэн жилийн өмнө Ерөнхий сайд Засаг даргыг гаднаас оруулж ирээд ИТХ-д санал болгож томилуулдаг болгоно гэж нэг хэсэг явсан. Ингэвэл орон нутагт ч ялгаагүй нэг намын тогтолцоотой болно. Ийм зам руу явах гээд бэлтгэл хийгээд байх шиг байна. Манай зарим гишүүд залхдаг юм шиг байгаа юм. С.Эрдэнэтэй ингэж махаа идэж байхаар бүгдээрээ шинэ нам байгуулбал яадаг юм бэ гэдэг. Тэгэхээр наадуул чинь биднээр яг ийм юм хийлгүүлэх гээд хүлээгээд сууж байгаа. тиймээс ядаж орон нутагт сонгогдсон намын төлөөллөө хадгалж ингэж зүтгэхээс өөр аргагүй гэж хэлсэн.

-Тэгвэл одоо ямар гарц байгаа юм бэ?

-Миний бодлоор улс төрийн намуудыг шинэчлэн байгуулагдахыг шахах ёстой. Өөрөөр хэлбэл, дахин бүртгүүлэх. Учир нь 2019 оны ҮХНӨ-өөс өмнө улс төрийн намын тодорхойлолт Үндсэн хуульд байгаагүй. 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр улс төрийн намын тодорхойлолтыг оруулж өгсөн. 2019 оны ҮХНӨ-ийг уншвал улс төрийн намууд өөр өөр дүрэмтэй байж болохооргүй шахуу байна лээ. Улс төрийн намын дүрмийг хуулиар тогтоож өгөх юм байна гэж харсан. Тэгэхгүй бол зарим нам нь хоёр даргатай. Зарим намынх нь дарга бүгдийг шийддэг. Заримынх нь хурлаараа бүгдийг шийддэг гээд янз бүр байгаа юм. ҮХНӨ-өөр улс төрийн намын дотоод үйл ажиллагааг хуулиар заахаар тогтоочихсон байгаа юм. Энэ бол их чухал заалт л даа. Логикоор бол энэ заалт 2024 оноос хэрэгжиж эхлэх ёстой. 2020 оноос хэрэгжүүлье гэхээр сонгууль тулчихсан учраас намууд бэлэн биш. Тиймээс 2024 оноос гэж болох байсан. Гэтэл 2028 оноос хэрэгжиж эхлэхээр заасан байгаа юм. 2028 он гэдгийг яаж гаргаж ирснийг ойлгохгүй байгаа юм, У.Хүрэлсүхийг буусных нь дараа хэрэгжихээр зохицуулж байгаа юмуу, бүү мэд.

Иргэдийн зүгээс нүүрсний хулгай энэ тэр гэж байхаар хамгийн нэгдүгээрт, улс төрийн намтай холбоотой Үндсэн хуулийн заалтыг хэрэгжих хугацааг наашлуулахыг шахах хэрэгтэй. Тэгэхгүй бол 2028 он гэхэд нам ч байхгүй болох нь.

-Үндсэн хуульд нэмэлт оруулахаар Зөвлөлдөх зөвлөгөөнийг байгууллаа. Та үүнд ямар байр суурьтай байна?

-Нэгдүгээрт, Үндсэн хуулиар дахин дахин оролдож болдоггүй юм. Хоёрдугаарт, Үндсэн хуульд гар хүрэх гэж байгаа бол асуултаа тодорхой болгоод шууд ард түмнээс асуух ёстой. Ингэхдээ толгой эргүүлсэн асуулт асуухгүй, тийм үгүй гэсэн хоёрхон л хариулттайгаар асуултаа тавих ёстой. Жишээлбэл, Монгол Улс хоёр танхимтай парламенттай байхыг дэмжих үү? гэж асуултаа тавиад “Тийм, Үгүй” гэсэн хариулт өгөхөөр хийх ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа ард түмнээс асуухдаа хоёроос илүү асуулт тавьдаггүй л дээ.

Эрдэм шинжилгээний хурал биш дээ, тэр 11 хүнийг хаанаас ч гаргаад ирсэн юм бэ. Нөгөөдүүл нь ч толгой эргэсэн юм ярих юм. Зарим нь Үндсэн хуульд өөрчлөлт хийхээр бэлтгэл ажил хийх гэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлээд. Зарим нь үхсэн ч Үндсэн хуульд гар хүргэхгүй гээд байна. Тиймээс ард нийтийн санал асуулгаар шийдвэл шийднэ. Уг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь хуулийн дархлаатай. Нэг асуудлаар тэдэн жилийн дотор өөрчлөлт оруулахгүй гэсэн дархлаа бий. Эд нарт тэр хамаа алга л даа. 62-уулаа яриад гар өргөөд шийдчихээд байна. Энэ бол алиалал. Зөвлөлдөх зөвлөгөөний тэр хүмүүс нь ч ямар завтай юм бэ. Тэр 11 хүн нь эрдэм шинжилгээний хуралд бэлдэх гэж байгаа юм уу, Их Хуралд бэлдэх гэж байгаа юм уу, эсвэл ард нийтийн санал асуулгад бэлдэх гэж байгаа юм уу гэдэг нь маш ойлгомжгүй. Өмнөх ҮХНӨ-ийг мөн ингэж хийсэн. ҮХНӨ оруулахдаа дэлхий нийтийн туршлага нэг бол иргэдийн олонхоор шийддэг. Нэг бол маш цөөхүүлээ буюу УИХ-д суугаа төлөөлөл шийддэг. Гэхдээ дэлхий нийт 100-с дээш хүн асуудал шийдэж чадахгүй гэдгийг тогтоочихсон шүү дээ. 100-гаас дээш хүн суугаад хуралдаж байгаа хурал бол хурал биш шоу, хам хэрэгтэн татах гэж байгаа оролдлого. Манайх гишүүдээ 100-гаас дээш болгоё гэж байгаа нь хэдэн амьгүй албат оруулъя гэж байгаа болохоос асуудлыг шийдье гэж байгаа юм биш. Монголын парламент 76 гишүүнтэй ч 76-уулаа суугаад хуралдаж байхыг би үзээгүй. Сайндаа 40 хүргэж аваад хурлаа эхэлж байна. 1996 онд чуулганы хуралдаан 51 гишүүн байснаар хурал эхэлдэг байсан.

Үргэлжлэл бий.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын нам Ерөнхий сайдаа дэмжихгүй бол ард түмэн нь дэмжих хэрэгтэй байна DNN.mn

44 их наядын нүүрсний хулгай ил болж, Монголын нийгэм үндэс ёзоороороо ганхаж, шударга бусын эсрэг монголчууд бүхлээрээ тэмцэж, өвлийн тэсгим хүйтнийг эс ажран хулгайч нарын нэрсийг зарлахыг шаардаж төрд шахалт үзүүлсэн. Энэ том хулгайтай тэмцэж буй гол хүн бол Ерөнхий сайд. Төрийн ордны гадна иргэд “Хулгайч нарын нэрийг зарла” хэмээн хашхирахтай зэрэгцэн Ерөнхий сайд ч тэмцлийн замаасаа ухрахгүй гэдгээ илэрхийлсэн. Тийм ч болохоор хулгайтай тэмцэж буй Л.Оюун-Эрдэнийг ард түмэн дэмжиж байгаа. Хулгайг дэлгэж, хулгайч нарт хариуцлага тооцож, төрд дахин шургалах боломж олгохгүй зайлуулснаар ард түмний амьдрал сайжирна гэдэгт итгэж горьдож байгаа болохоор л ийнхүү Ерөнхий сайдтайгаа хамжаад байгаа болов уу гэж харагдаж байна.

Монгол Улсын сүүлийн 30 жилийн түүхэнд хулгайтай ингэж тууштай тэмцэж байсан Ерөнхий сайд байгаагүй. Анхааруулга, сануулгаа ковидын жилүүдийн үеэс л өгч, хулгай зэлгийтэй чинь тэмцэнэ шүү гэдгээ нэр бүхий хүмүүс рүү чиглүүлэн хэлж, ард түмэндээ амлаж байсан удаатай. Амлалтдаа хүрч эхлэв бололтой. Харин Ерөнхий сайдын энэ алхам намынхных нь таалалд нийцэхгүй байгаа нь илт. Ардын намынхан хулгайтай тэмцэж буй үйл хэрэг, нүүрсний хулгайн эсрэг зогсож байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжихгүй байгаа нь олон зүйл дээр ажиглагдах болсон. Ялангуяа жагсаалын үеэр ард түмэн Ерөнхий сайдыг дэмжиж, хулгайг хамтран илрүүлье хэмээн хүчээ хамтатгах гэтэл зориудаар Засгийн газар, Л.Оюун-Эрдэнийг харлуулах гэсэн явуулга хийж, турхирч, тайван жагсаалыг үймээн самуун болгож, эмх замбараагүй байдал үүсгэх гэж оролдсоныг намынх нь нөхдийн зүгээс хийсэн зүйл гэдгийг бүгд таамаглаж чадсан учир жагсагчид харин ч байдлыг гартаа авч аюулаас зайлсхийж чадсан. Энэ мэтээр нүүрсний хулгайг илрүүлэх ажил, тэмцлийн эсрэг хийж буй ил далд явуулга, ажиллагаа зөндөө болж байна. Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар баригдсан нэгэн дарга залууг баривчилж, гэрээс нь их хэмжээний бэлэн мөнгө хурааж авлаа гэсэн мэдээ нийгэмд тархаж амжаагүй байхад шахуу хэргийг нь шүүхээр яаран шийдэж, гэм буруугүй хэмээн суллачих жишээний. Нүүрсний хулгайг илрүүлэх хүсэл зорилгыг ингэж унтраах гэсэн сөрөг үйлдэл цаашид ч гарч мэдэх нь гэдэг нь энэ үйл явдлаас харагдаж байна. Нийгэмд өндрөө авсан хулгайн хэрэг учир энэ хэргээс хэн ч тийм амархан мултрахгүй гэдгийг нотолж, тэр суллагдсан гэх даргыг буцаад баривчилснаар шударга ёс жаахан ч атугай байгаа шүү гэдэг итгэл үнэмшлийг иргэдэд өглөө. Нүүрсний хулгайтай холбоотой хэргийг илрүүлэх тусам баривчилгаа, саатуулах ажиллагаа олон болно. Тэр тоолонгоор хамсаатнуудаа шүүхээр гялс оруулж мултлах гэсэн оролдлого энэ мэт гарах учир анхааралтай байхыг Засгийн газрын тэргүүнээс эхлүүлээд ард түмэнд энэ хэрэг сануулав.
44 их наяд бол ил гарсан л тоо. Түүний цаана ямар дүнтэй хулгайнууд байсныг мэдэх аргагүй. Энэ их мөнгөн дүнгүүдийг сонсохоор Монгол Улс их мөнгөтэй юм байна гэсэн дүгнэлт гарч байна. Монгол Улсын газрын баялаг их гэдгийг анхны Ерөнхийлөгч П.Очирбат хэлж байсан нь үнэн байжээ. 1997 онд Ерөнхийлөгч П.Очирбат Дорнод аймгийн Тамсагийн газрын тос өрөмдөх талбайд цэгээн дээлнийхээ энгэрийг газрын тосоор мялааж байхдаа “Бид дараагийн Азийн бар улс болно” гэж хэлж байсан нь огт үндэслэлгүй, худлаа үг байгаагүй юм байна. Газрын баялгийн тооцоолол дээр үндэслээд тивдээ төдийгүй дэлхийд цойлох хэмжээний хурдацтай эдийн засагтай болох боломж, нөөц нь байгааг цаагуураа хэлсэн санаа байж. Харин түүний энэ санаа, төлөвлөгөө дараачийн Ерөнхийлөгч нарт өвлөгдөөгүй. Орыг нь залгасан Ерөнхийлөгч нар харин ч тэр бар болгох баялгийг дээгүүрээ хувааж идээд ард түмэндээ юу ч амсуулахгүй 2023 онтой золгууллаа. Юун Азийн бар мар. Бүр дордоод Азийн байтугай, дэлхийн хамгийн ядуу орны нэг болчихлоо.
Тос дотроосоо өтвөл аюултай гэдэг шиг төр дээрээсээ өтвөл иргэд нь, улс нь бүхэлдээ ядуурдаг юм байна. Төрийн толгойд гарсан хүмүүс улсаасаа хулгай хийгээд эх орноо 30 жил хөгжүүлсэнгүй. Өнөөдөр ард түмнээ өр, зээлэнд уяж, үнийн өсөлт, валютын цоройлтод “шидэж” өгчихөөд “Би хулгайч биш” гэж дор дороо өөрийгөө уснаас хуурай авч гарах гэж ойр зуураар тэмцэлдэж байна. Ядуу оронд ганц нэг баян хүн гарч ирээд бүгдийг чирч авч явна гэдэг хэзээ ч биелшгүй мөрөөдөл, үлгэр байжээ. Стратегийн орд бүхий уурхай, том том үйлдвэрүүд улсдаа байж байсан нь дээр юм биш үү. Хувьд байснаар татвар л төлөхөөс улс эх орон, ард түмэндээ хэрэгтэй юм хийдэггүй юм байна гэдгийг та бид хангалттай харлаа. Хармаа халаасаа хоослуулсны дараа л үүнийг ойлгоцгоож байна.
Хэрвээ Ардын нам авлига, хулгайтай тэмцэж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжихгүй бол ард түмэн түүнийг дэмжих хэрэгтэй байна. Ардын намаас ард түмэн арав байтугай хэд дахин их хүчтэй. Одоогийн Ерөнхий сайдаа үлдээж хулгайг цэгцлүүлээд авмаар байна. Ерөнхий сайдыг огцруулъя гэсэн ташаа лоозон самбар барьж биш харин ч Ерөнхий сайдыг дэмжиж жагсаж байх нь гар гараасаа барьсан нүүрсний хулгайч нарын гинжин холбоог тасалж, тэднийг системээр нь устгах том хүч болох юм. Ер нь аль ч нам гэлтгүй ард түмэнтэйгээ дуу хоолой, хүчээ нэгтгээд хулгайтай тэмцэж байгаа Ерөнхий сайд байвал хэнийг ч дэмждэг эрүүл сэтгэхүйтэй байя. Үүний цаад санаа бол хувь хүний биш Монгол Улсыг хулгайгаас салгах том агуулга явж байгаа юм. Бид хөгжих хэрэгтэй, хөгжих цаг нь болсон. Аль юм болгон ингэж дэлхийн ул болж явах юм бэ. Бидэнд хөгжөөд дэгжээд хүний дайтай амьдрах боломжийг өвөг дээдсүүд маань байгалийн баялаг болгож үлдээсэн байсан юм байна шүү дээ. Даанч хулгайч нарт алдчихсанаас биш. Харин одоо хулгайг таслан зогсоож, гадагшаа, оффшор, мөнгө угаалт, энд тэнд бэлнээрээ овоолоостой байгаа, хууль бус зүйл рүү орж байсан мөнгөн урсгалыг зөв голдирол руу оруулбал манай эдийн засаг харьцангуй эрүүл, залуу учир дорхноо л босоод ирнэ. Тэр хэрээр эдийн засгийн сэргэлтээ дагаж иргэдийн амьжиргаа дээшилнэ.
Хэрвээ Ерөнхий сайд замаасаа няцахгүйгээр үргэлжлүүлэн хулгайтай бүрэн тэмцэж чадвал Монгол Улсын түүхэнд нэрээ алтан үсгээр бичүүлж үлдээх гавьяатан болно гэдгийг Л.Оюун-Эрдэнэ санаарай. Залуу хүн зоригтой, нэгэнт эхэлсэн бол эцсийг нь үзэх хэрэгтэй. Ард түмэн Ерөнхий сайдынхаа талд байгаа. Ард түмний талд байгаа хүн ямар ч талбарт ганцаддаггүй. Ард түмэн өөрсдийнх нь төлөө зогсож байгаа хэнийг ч ганцаардуулдаггүй.
Categories
мэдээ цаг-үе

Шарагчин могой өдөр DNN.mn

2023.1.11, ЛХАГВА ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 19

ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.1.11, Лхагва гариг
  • Наран ургах шингэх: 08.39-17.20
  • Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “ЖИЧ: Яаралтай мөнгө явуул” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Онц бөгөөд Бүрэн
эрхт Элчин сайд, доктор
Б.Энхмандах “ҮХНӨ Монголын улс
төрийн тогтолцооны хувь заяаны
нэн тулгамдсан асуудал болоод
байна” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Гандантэгчинлэн
хийдийн лам сүсэгтэн
олны ном уншуулахаар
тушаасан 35.2 сая
төгрөгийг хувьдаа
завшжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “ЖИЧ: Яаралтай мөнгө явуул” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Ардчиллын анх дагчдын нэг, физикч
Л.Бямбажаргал “Байгууллагууд
НДШ төлж
байгаа учраас
ажилчдынхаа
цалинг нэмж
чадахгүй байна” гэв.

“Аз транс” компанийн
захирал П.Жорж “С зөвшөөрлийг эхлээд монгол компаниуддаа
олгох ёстой” гэлээ.

Дэд хурандаа Б.Ганчулуун “С.Батдөлийн хэрэгт хэчнээн
хүн, ААН холбогдох нь тодорхойгүй байна” хэмээв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн хүн амын 90 гаруй хувь нь хэт халалт, ган гачигтай нүүр тулна гэжээ DNN.mn

ОКСФОРД. /Nature Sustainability/. Дэлхийн хүн амын 90 гаруй хувь нь хэт халалт, ган гачигт зэрэг нэрвэгдэнэ гэж Их Британийн Оксфордын их сургуулийн эрдэмтэд урьдчилан таамаглаж байна.

Уур амьсгалын энэхүү хямрал нь нийгмийн тэгш бус байдлыг улам нэмэгдүүлж, агаар мандалд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах хүчин чармайлтыг сулруулна гэж эрдэмтдийн судалгааны өгүүлэлд дурджээ.

Хэт халалт, ган гачиг хосолсон үзэгдэл нь (compound drought–heatwave, CDHW) хүн төрөлхтний тогтвортой хөгжилд заналхийлж буй уур амьсгалын хамгийн муу хүчин зүйлүүдийн нэгд тооцогддог байна. Дэлхийн дулаарал нь хэт халалт, ган гачигт хэрхэн нөлөөлөхийг урьдчилан таамаглахын тулд судлаачид 111 элементээс бүрдсэн уур амьсгал-ус судлалын томоохон загварчлалыг ашиглажээ.

Нүүрстөрөгчийн ялгарал дээд цэгтээ хүрч, байдал хамгийн муугаар эргэсэн тохиолдолд дэлхий даяар хэт халалт, ган гачиг хосолсон үзэгдлийн давтамж 10 дахин нэмэгдэж, XXI зууны эцэс гэхэд хөдөө аж ахуйн эко систем болон нийгэм-эдийн засгийн бүтээмжид жигд бус сөрөг нөлөө дагуулахаар байгааг дээрх загварчлал харуулсан байна.

Түүнчлэн чийгийн дутагдал болон халуун цаг агаар нь хуурай газрын экосистемийн нүүрстөрөгчийн шингээлтийг удаашруулж, хүчилтөрөгчийн үйлдвэрлэлийг ихээхэн хэмжээгээр бууруулах аж. Үүнээс гадна, ядуу хүмүүс ихэвчлэн эрсдэлтэй бүсэд амьдардаг, дасан зохицох чадвар нь хязгаарлагдмал байдаг тул тэд чинээлэг хүмүүсээс илүү их байгалийн гамшигт өртөж болзошгүй байгаа нь нийгмийн тэгш бус байдлыг улам нэмэгдүүлэх гэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Дизелийн түлшний албан татварын хувь хэмжээг “0” хувь хэмжээгээр тогтоожээ DNN.mn

Засгийн газраас дизелийн түлшний Онцгой албан татварыг “0” хувь хэмжээгээр тогтоосон тогтоолын хугацааг энэ оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгажээ.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 496 тогтоолоор Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 161 тогтоолын 2 дахь заалтын 1 дэх дэд заалт болох

“Дизелийн түлшний Онцгой албан татварын хувь хэмжээг “0” хувь хэмжээгээр тогтоосон тогтоолын хугацааг 2023 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл гэж сунгасан талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Маргааш -4 хэм дулаан байна DNN.mn

Маргааш /2023.01.11/ шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -20…-22 градус, бусад хэсгээр -15…-17 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -23…-25 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Avatar: The Way of Water” кино дээд амжилт тогтоов DNN.mn

“Avatar: The Way of Water” кино дэлхий дахины кинотеатруудын дэлгэцнээ гарч эхэлсэн гурав дахь долоо хоногтоо “Maverick” киноны 2022 онд тогтоосон амжилтыг эвдэж, дэлхийн зах зээлээс 1.51 тэрбум ам.долларын орлого олоод байгааг “Box Office Mojo” цахим хуудасны мэдээлэл харуулжээ. Ингэснээр “Avatar 2” 2022 оны хамгийн их ашиг орлоготой кино болж, бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кинонуудын жагсаалтын эхний 10-т бичигдэж эхэлжээ. Харин 2015 онд үзэгчдийн хүртээл болсон “Furious 7” уран сайхны кино 11 дүгээр байр луу ухарсан байна.

Соёл урлагийн салбарын шинжээчид, “Avatar”-ын шинэ ангийг ойрын хугацаанд эрчээ алдахгүй гэж таамаглаж байгаа бөгөөд ирэх сард “Ant-Man and the Wasp: Quantumania” киног нээлтээ хийх хүртэл тасалбарын борлуулалтаараа тэргүүлсэн хэвээр байна гэсэн таамаглалыг дэвшүүлж байгаа ажээ.

Энэхүү киноныхоо нээлтийг хийхийн өмнөхөн өгсөн ярилцлагадаа “зардлаа нөхөхийн тулд наад зах нь хоёр тэрбум ам.долларын орлого олох шаардлагатай” гэж хэлж байсан Ж.Камероны хувьд энэ нь таатай мэдээ юм.

Г.АМАРСАНАА