Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Баасансүрэн: Миний нэг танил талархлын бясалгал хийгээд цоо эрүүл болж байсан DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……….


“Эрдэнэзуу” хий­дийн хамба лам Х.Баасан­сүрэнтэй ярилцлаа.

-Ууланд гурван сар орчим бясалгаад бууж ирсэн байх аа?

-Хоёр сар гаруй бясалгал хийлээ.

-Гэр бариад бясалгадаг уу, эсвэл агуйд уу?

– Би 2009 онд Эрдэнэзуугаас арваад км-ийн зайтай газар, ууланд бясалгалын жижигхэн сүм барьсан юм. Байнга очиж чадахгүй болохоор хашаандаа, газар дор бясалгадаг өрөө барьсан. “Эрдэнэ зуу”-даа байхдаа тэндээ суудаг. Бясалгал тогтмол байж үр дүн нь гардаг, ахидаг зүйл л дээ. Цагаан сараас хойш уулын сүмдээ суусан. Ер нь бясалгалд орчин их чухал байдаг. Тэр дундаа эхний шат ч юм уу, ахиж байгаа шатанд. Ийм үед зохистой орчин байхгүй бол үр дүнгүй болдог. Урьдын лам нар бясалгах гэж агуй руу явдаг байсан нь ийм учиртай.

-Лам нар бясалгах үедээ модон тагшинд хооллодог, өдөр бүр аяганыхаа амсрыг чулуунд үрж жижигсгэдэг, сүүлдээ бүр огт хоол идэх шаардлагагүй болдог гэж ирээд ярьцгаадаг. Урт хугацааны бясалгалын үед хоолон дээр ийм хатуу дэг барьдаг уу?

-Идэж байгаа зүйлс биед тодорхой хэмжээгээр үлддэг. Жишээ нь үхрийн мах идсэн бол үхрийн нэг хэсэг нь, хонины мах идсэн бол хонины нэг хэсэг нь гэх мэтээр ямар нэг байдлаар тодорхой мэдээллүүд биед үлддэг. Нөгөө талаасаа мах ч юм уу, хэт хүнд хоол идвэл бясалгалын үед сэргэг байж чаддаггүй. Тийм учраас хөнгөн хооллодог. Бясалгалын үед хоолыг хэт хүчилж хорьж болохгүй л дээ. Хүсвэл идэж болно. Гэхдээ бясалгал хийгээд байхаар хоолноос авах энергиэ өөр юмнаас авах боломжтой болдог. Түвшин ахиад ирвэл махнаас татгалзаж цагаан хоол руу, цагаан хоолноосоо дээшлээд зөвхөн жимс иддэг хэлбэр рүү ч орж болно. Эсвэл бүр ахиж ч болно.

-Та яаж хооллож байсан бэ?

-Миний хувьд элдэв хорио цээр байхгүй. Өдөрт нэг удаа хооллож байсан. Дан цагаан хоол идсэн. Бясалгалын хувьд хоол нэг номерын асуудал биш л дээ. Гэхдээ хоолоо зөв байлгавал үр дүн нь хурдан, бясалгал ахицтай явах бололцоотой. Номонд хоёр цагаас хойш хоол идэхийг хориглодог ёс бий. Энэ цагаас хойш шүдэнд торохоор зүйл идэхийг цаг бусын идээ гэж үздэг. Нөгөө талаар бага иднэ гэдэг маань цаад утгаараа буян. Маш олон амьтны амь аварч байгаа буян. Учир нь бидний хэрэглэж байгаа бүхэн хэмжээ хязгаартай. Зуун грамм мах идлээ гэж бодъё. Тэр махыг бүрдүүлэхийн тулд үхрийг тугал байхаас нь эхлээд усалсан байж таарна. Багахан хэмжээний ийм мах идэхэд л 15 тонн ус зарцуулсан гэсэн тооцоо байдаг. Ийм тоо сонссон хүн идэхгүй байж ширээ дүүрэн хоол авчихаад хаядгаа болино шүү дээ. Хоолоо ч бясалгал болгож болно. Бие доторх хорхойгоо хооллож байна шүү гэж бодоод идэх нь өөрөө бясалгал. Энэ мэтээр үйлдэж байгаа бүхнээ ухамсартай, сайн сайхан юмны төлөө зориулж хийх л юм бол бясалгал болчихож байгаа юм.

-Тэгвэл бясалгалыг энгийнээр ердөө л ухамсартайгаар бүх юмыг хийх гэж ойлгож болох нь ээ?

-Тэгж ойлгож болно. Энгийнээр хэлбэл хийж байгаа юмаа мэдэж хийнэ гэсэн үг. Аягаа угааж байгаа бол огт өөр юм бодохгүйгээр “Би аяга угааж байна” хэмээн мэдэж хийхийг хэлээд байгаа юм. Өглөө босох, нүүр гараа угаах, ажилдаа явахдаа ч бясалгал хийж болно. Хийж байгаа үйлдэл бүрээ ажиглаж, ухамсартай үйлдэл хийж байвал, ямар бодол урсаад байгаагаа таньдаг бол тэр чинь бясалгал. Хүмүүс автобусанд явж байхдаа юу ч бодохгүйгээр зам дагуух хаягнуудыг харж явдаг. Би ийм хаяг уншиж байна даа гэж мэдэхгүйгээр дадал болгочихсон байдаг л даа. Тэр үйлдлээ л ухамсартай, мэдэж хийвэл бясалгал болно.

-Гэхдээ хүмүүс бясалгалыг огт өөрөөр ойлгоод дөлөөд байдаг. Наад зах нь нүдээ аниад нам гүм суух ёстой гэж төсөөлдөг. Ер нь бясалгал энгийн хүмүүст яагаад, ямар учраас хэрэгтэй вэ?

-Муу дадал, шунал, санаа зовнилоос зовлон эхэлдэг. Бүгд л бодол, сэтгэл хөдлөлөөс хамааралтай. Засъя гээд өөрчлөх боломжгүй л дээ. Сэтгэлээ өөрчлөх ганц л арга бий. Тэр нь бясалгал. Бясалгал бол хүнийг өөрчлөх, сэтгэл зүйг нь засах, тайван сайхан болгох хамгийн зөв зам.

Таны хэлснээр хүмүүс бясалгалыг нүдээ аниад юу ч бодохгүй суудаг мэтээр ойлгодог. Удаан сууж чадахгүй байх гэх мэт шалтгаан бодож олоод шантардаг. Бясалгал бол заавал нүдээ аньж суугаад хийх зүйл биш. Мэдээж тэгж чаддаг бол сайн. Өнөөгийн зав зайгүй нийгэмд амьдралынхаа хэв маягийг бясалгалын хэв маяг руу оруулж болно.

-Таны бясалгалын нэг өдрийг сонирхмоор байна. Өдрийн турш бясалгах уу?

-Ямар бясалгалаасаа хамаараад тунгаар хийдэг л дээ.

-Тунгаар хийнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Өглөөний бясалгалаа хийчихээд өдөр хооллох үедээ завсарладаг. Тэгээд үдээс хойшийн бясалгалаа хийнэ. Үдээс хойшийн бясалгалын дараа алхах ч юм уу, түр завсарлаж байгаад оройны бясалгалаа эхлэхийг тунгаар хийнэ гэдэг юм.

-Ууланд ганцаараа удаан хугацаанд бясалгал хийхээр эвгүйцэх үе гарах уу. Чононоос эхлээд…?

-Чоно зөндөө л дөө. Тэр бол нэг их чухал биш. Өөртөө гэхээс илүү тэр хавийн малд их санаа зовдог байсан. Чоно ирээд унагыг нь түүчих нь их хэцүү. Өөдөөс нь дуу гаргаад дөхөхөөр үргээд явчихдаг юм. Түүнээс биш хүн рүү дайрч ирнэ гэж байхгүй л дээ. Эсвэл оройдоо жаахан хашгирчихаад унтахад чоно дахиж ирдэггүй. Элдэв айдас гэхээс илүү харин ч байгальдаа байгаа учраас илүү жаргалтай шүү дээ. Бид хүнсээ сонгохдоо хүртэл аль болох дахин боловсруулаагүй, цэвэр байгалийнхийг сонгохыг хүсдэг. Хүн төрөлхтөн байгалийн амьтан гэдгийн л нэг жишээ. Та бодоод үз дээ. Хаалга онгойгоод л уул, хаалга онгойгоод л тал, үүд цэлсхийтэл нээгдээд л цэцэг жимс. Сонсоход хүртэл гоё байгаа биз. Гэтэл суурин газарт өөр. Хаалга онгойгоод л байшин, түгжрэл.

-Бясалгалын түвшин ахиад ирэхээр айдас гэх мэт таагүй мэдрэмжээс салдаг байх нь л дээ?

-Ер нь сэтгэл хөдлөл өндөр байх тусам зовлон ихэсдэг. Амархан баясч, гуньж, айх зэрэг бол сэтгэлийн савлагаанууд. Бясалгал хийнэ гэдэг дүүжин шиг савлаж буй сэтгэл хөдлөлийг луужин шиг тогтоон барьж байгаа хэрэг. Бид бусдаас хамаарч амьдардаг. Өнөөдөр нэг хүнээс муу үг сонсоод өдөржин гуньдаг, маргааш өөр нэгнээс магтаал дуулаад хөөрч дэвдэг. Хэн дуртай нь муу үг хэлээд уйлуулж байна гэхээр та өөрөө хэн болж таарах вэ, зовлон, жаргалаа бусдаас хамааралтай болгочихоор цаашдаа яах вэ. Жаргалын шалтгаан болсон зүйл чинь алга болбол жаргахаа байна гээд төсөөлөөд үз дээ. Мэдээж хэн ч ийм зүйл хүсэхгүй. Бясалгал хийх тусам хүн өөрийгөө илүү анзаарч эхэлдэг. Бусдаас хамаарахаа болино гэсэн үг. Тэр хэрээр гаднаас хамаарсан зовлон багасна. Аз жаргалын мэдрэмж дотроос чинь урсаж, гаднах зүйлс тэр мэдрэмжийг чинь улам хөглөж өгдөг байж л жинхэнэ аз жаргал ирнэ.

-Таны бясалгалын хи­чээлд суусан хэн ч бясалгалыг маш энгийнээр ойлгож, амьдралынхаа жи­рийн л нэг дадал болго­ход төвөггүй юм шиг санагд­сан. Бясалгалын курс хичээл­лүүлье гэж боддог уу?

-Би бясалгал заах дургүй. Өндөр түвшинд хүрч, хүнд заах хэмжээнд очсон гэж өөрийгөө үнэлдэггүй. Хүмүүсийн хүсэлтээр заадаг. Төрийн бус байгууллага маань хүүхэд рүү чиглэсэн хөтөлбөр, нийгмийн сайн сайхны төлөө ажил хийдэг юм. Бясалгалаас олсон орлогоороо тэр ажлаа санхүүжүүлэхийн тухайд гэдэг юм уу, хүнд үнэхээр хэрэгтэй гэдэг утгаар нь заадаг. Зорьж ирж байгаа хүмүүсийн хувьд үр дүн гарах магадлалтай учраас заадаг л даа. Алсдаа нийтэд зарлаад том хэмжээний бясалгалын курс явуулах бодол байхгүй. Зовлонгоо хуваалцаж, асуудлаа ярья гэж хүссэн хүнтэй бол ганцаарчлаад ч хамаагүй уулздаг.

Хэдэн цагаар ч хамаагүй сонсч, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх дуртай. Сэтгэл чинь яг эндээ очоод байна, үүнийгээ засахгүй бол ингэнэ гэх мэтээр зөвлөдөг. Энэ чиглэлээр ажиллавал үр дүнтэй юм болов уу гэж боддог. Хоригдлууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, сэтгэл санааны хувьд хүнд байдалд орсон гэх мэт асуудалтай хүмүүст зөвлөгөө өгдөг юм. Ер нь лам хүн чинь сэтгэл зүйч. Одооны лам нар сэтгэл зүйчийн хэмжээнд ажиллахгүй байгааг үгүйсгэхгүй. Үүнээс болж бөө удган, үздэг хардаг гэх мэт олон хүн гарч ирж хүмүүсийг хуурч, хөрөнгө мөнгөөр нь хохироогоод байх шиг санагддаг. Уг нь сэтгэл дотор нь болж байгаа зүйлсийг сайн ойлгуулж зөвлөгөө өгчихөд л асуудал шийдэгдчихнэ.

-Сүүлийн үед бясалгалын маш олон хэлбэр орж ирж, өчнөөн янзын курс хичээллэж байна. Ер нь бясалгалын хичнээн арга байдаг вэ?

-Хүн болгон тус бүрдээ давтагдашгүй бүтээл. Тийм болохоор яг танд тохирсон бясалгал өөр хүнд тохирох албагүй. Хүн бүрд тохирсон бясалгалын арга байж болно. Долоон тэрбум хүнд долоон тэрбум бясалгалын арга байхыг үгүйсгэхгүй. Хүн бүрийн сэтгэл зүй өөр учраас хүн бүрд тохирсон бясалгалын арга барил байх хэрэгтэй. Өөрт тохирсон бясалгалын арга барилаа олбол үр дүн нь хурдан гардаг. Монголд маш олон бясалгал орж ирж байгаа нь зөв гэж боддог. Хэчнээн доод зэрэглэлийн бясалгал байсан ч хүмүүсийг өөрчилдөг. Бясалгаж байгаа тохиолдолд хүн өөрчлөгдөх боломжтой. Манайх л зөв, миний сонгосон бясалгал л төгс гэсэн хандлага байдаг. Ийм хандлага төрж л байвал болоогүй байна гэсэн үг.

-Очир завилгаагаар суулган занданшуулсан шарил хэдэн сарын өмнө олдсон. Урьд цагт самадид орсон ийм лам, гэгээнтэн олон байсан гэдэг. Өндөр түвшинд бясалгадаг тэр уламжлал тасарсан уу, одоо ч бий юу?

-Тасраагүй. Лам нараас гадна бясалгаж байгаа энгийн хүмүүсийн дунд ч өндөр түвшинд хүрсэн хүн зөндөө бий. Бясалгах тусам хүний би гэх үзэл улам багасах учиртай. Өндөр түвшинд хүрсэн хүмүүст би гэсэн үзэл байхгүй учраас чимээгүй байдаг. Миний мэдэхийн өндөр түвшинд бясалгадаг гуч, дөчөөр тоологдох хүмүүс бий. Энгийн хүмүүсийн хувьд зарим нь өөрсдийгөө мэдэхгүй байх нь бий. Зүгээр ярьж суухад хүртэл мэдрэгддэг. Тийм хүмүүстэй ярилцаад сууж байхдаа би ийм түвшинд хүрээгүй байна даа гэж боддог. Над шиг даруу бус, эгондоо баригдсан хүн л ярилцлага өгөөд ч юм уу, иймэрхүү байдалд орж байгаа юм. Өндөр түвшинд хүрсэн бол өгөхгүй гээд зугтаана шүү дээ. Тэгэхээр би болоогүй л байна гэсэн үг.

-Гэхдээ нийгэмд сайныг түгээнэ, эерэгээр нөлөөлнө гэдэг талаас нь харвал харин ч зөв үйл хийж байгаа юм биш үү?

-Хэцүү л дээ. Ярвигтай асуудал. Бүдүүн түвшинд бол “Нээрээ тийм тал ч бий шүү” гээд тоохгүй байж болно л доо. Гэхдээ нарийн түвшинд бол өөр. Бусдад үнэхээр тус болж чадаж байвал хайраараа шалгуур тавих ёстой. Тэр хүнийг энэрч хайрлаж, тусалж, өөрчлөгдөх боломж олгож байвал “Би зүгээр сууж, дуугүй байж болохгүй дээ” гэж бодож болох юм. Ийм шалтгаанаар өөрийгөө өмөөрч болох л байх.

-Хүмүүс бясалгалыг эрүүл мэнд талаас нь харж, их сонирхдог болж. Эрүүлжихийн тулд хийдэг тусгай бясалгал гэж байх уу?

-Бясалгал бол дандаа сэтгэл дээр тулгуурладаг. Сэтгэл амгалан тайван байвал бие махбоди дагаад эрүүлжих боломжтой. Бие өвдөхөд сэтгэл хямардаг, сэтгэл хямрахаар бие өвддөг гэдэг дээ. Тэгэхээр бясалгал сэтгэлийг тайвшруулдаг гэдэг утгаараа биед ч нөлөөлнө. Рейки гэх мэт бие махбодьтой хамаатай бясалгал өчнөөн бий.

-Хорт хавдраар өвчилсөн хүн бясалгаад эрүүлжсэн жишээ нэлээд сонсогддог. Ийм боломж бясалгалд үнэхээр бий юу?

-Боломжтой. Магадлалын хувьд бясалгал хийсэн бүхэн эрүүлжих албагүй л дээ. Гэхдээ хүнээсээ, хавдрын байдлаасаа, оролдлого, зөв арга барилаасаа хамаарч эерэг өөрчлөлт гарах бололцоотой. Сэтгэл амгалан байхаар дагаад бие эрүүлжсэн жишээ олон бий. Миний нэг таньдаг хүн талархлын бясалгалыг жил хийсэн юм. Хүчний байгууллагад ажилладаг хүн л дээ. Байгууллагаараа эрүүл мэндийн үзлэгт орсон чинь их олон өвчтэй гарсан юм билээ. Гэхдээ аминд хүрэхээр ноцтой өвчнүүд байгаагүй. Тэр хүн надтай лекцэн дээр таарсны дараахнаас талархлын бясалгал хийсэн гэсэн. Өдөр бүр дуртай аялгуугаа сонсоод талархаад байж. Жилийн дараа эрүүл мэндийн үзлэгт дахиад ортол ганцаараа цоо эрүүл гарсан үр дүн бий. Ямар ч эмчилгээ хийгээгүй хэрнээ эрүүл гарсан гэж надад хэлж байсан.

-Талархлын бясалгалаа манай уншигчдад зааж өгөх боломжтой юу?

-Бололгүй яахав, их энгийн бясалгал. Миний хамгийн хийх дуртай бясалгал. Юм бүхэнд талархсан, баярласан сэтгэлээр хандаж сурна гэсэн үг л дээ. Дуртай аялгуугаа тавиад аялгуундаа уусангаа талархахад л болно. “Баярлалаа аав, ээж минь. Ямар их хүч чармайлт, хайр энэрлээр намайг хүн болгосон юм бэ, та хоёр минь” гэж ирээд таларх. Талархмаар хүмүүс амьдралд зөндөө бий. Талархлаа хэлж чаддаггүй гэм бидэнд бий. Тэр дундаа монгол хүмүүс. Дотроо бодож явдаг хэрнээ баярласан сэтгэлээ илэрхийлж чаддаггүй. Би эхлээд бурханд талархдаг юм. Тэгээд багш нартаа, аав ээждээ, найзууддаа талархдаг. Хүн үлдээчих вий дээ гэж талархдаг. Дараа нь эд зүйлсдээ талархдаг. Биед эвтэйхэн байдаг хувцсандаа талархаад үзээрэй, үр дүнд нь та сайхан харагдана. Тэгээд дараа нь оршихуй руу, таньдаг мэддэг бүх хүн, нар сар, уулс, үүлс гээд энэ орчлонд талархах зүйл өчнөөн бий. Сайндаа л 10, 15 минутаар өдөр бүр хийгээд байвал гайхалтай үр дүн мэдрэгдэнэ. Амлаж байна. Чин сэтгэлээсээ хийж чадвал сарын дотор маш олон өөрчлөлт гарна.

-Та “Эрдэнэ зуу руу хэзээ явах вэ?

-Маргааш(өнөөдөр) явна.

-Ер нь цаашдаа Эрдэнэ зуудаа л байх хүсэлтэй юу?

-Ямар нэгэн төлөвлөгөө байхгүй. Би хаана байхаас хамаарахгүйгээр тухайн агшин хоромд аз жаргалтай байхыг хүсдэг. Өнгөрсний харуусал, ирээдүйн мөрөөсөл хоёроос болж л бид зовдог. Би тэгсэндээ гэж өнгөрснөөр өөрийгөө дарамталж, эсвэл ирээдүйд тийм юмтай л болбол жаргана гэж аз жаргалд маш том шалгуур тавьчихдаг. Тэгээд тэрэндээ хүрэхгүй дандаа сэтгэл дундуур амьдардаг. Зүй нь бүх юм яг одоо, энэ мөчид л болж байгаа. Тэгэхээр би Эрдэнэзууд байна уу, гадаадад байна уу, хаанаас ч хамаарахгүйгээр тэр мөчдөө л уусч байвал аз жаргалтай амьдарч чадна. Ажлаа ч аз жаргалтай хийх ёстой. Өглөө бүр хүнд ажил хийж өгч байгаа мэт хандаж ажил руугаа явдаг хүмүүс олон бий.

Гэтэл таны амьдралын үнэтэй мөч хором бүр урссаар байдаг. Хүн дунджаар 20 жил ажиллалаа гэхэд бүтэн таван жил буюу 40 мянган цагийг зөвхөн ажил дээрээ өнгөрөөдөг гэсэн тооцоо бий. Хүнд ажил хийж өгч байгаа мэт сэтгэлээр өнгөрөөсөн бол амьдралын үнэтэй цаг чинь тэр хэрээр хорогдохоос биш даргын чинь цаг хорогдохгүй гэдгийг ухаарах хэрэгтэй л дээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 56 жолооч согтуугаар жолоо барьж, 141 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1275, хулгайтай холбоотой 24, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 89, гэмт хэргийн шинжтэй 81 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 56, хүний биед халдсан 56, эрүүлжүүлэх байранд хоносон 141 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ: Хүнсний чанар, аюулгүй байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлах Түр хорооны тайланг сонсоно DNN.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байна.

Энэ үеэр хууль санаачлагч Ш.Адьшаа “Монгол Улсын хөгжлийн мега төслүүдэд хөрөнгө оруулах чиглэлээр Монгол Улсын Хөгжлийн банкийг байгуулсан билээ.

Гэвч энэхүү хөрөнгө оруулалтууд зорилтот салбартаа, зорилтот бүлэгтээ тэр бүр хүртэхгүйгээр улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлоор завшсан, зээл олгоход баримтлах хууль тогтоомжийг зөрчин нөлөөлж өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд олгуулсан, улмаар энэ хэрэгтээ улс төрийн болон эрүүгийн хариуцлага хүлээсэн явдал удаа дараа гараад байна.

Хуулийн төсөл батлагдсанаар

  • Төрийн албан тушаалтны ёс зүй, хууль дээдлэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ
  • Иргэд, бизнесийн байгууллагын төр, төрийн байгууллагад итгэх итгэлийг нэмэгдүүлнэ
  • Хууль дээдлэх ёсны зарчимд нийцсэн авлигатай тэмцэх хууль эрх зүйн орчинд ахиц дэвшил гарна
  • Авлигын эсрэг хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх эерэг үр дагавар гарна” гэлээ.
Categories
мэдээ цаг-үе

ОБЕГ: Цасанд суусан 17 автомашиныг татан гаргаж, 56 хүний аюулгүй байдлыг хангав DNN.mn

Баруун аймгуудын нутгийн зүүн, говь аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар өнгөрсөн хоногт цас орсонтой холбогдуулан Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Төв аймгийн Эрдэнэ, Дорнод аймгийн Баянтүмэн, Говь-Алтай аймгийн Цогт сум, болон нийслэлийн Налайх, Багануур дүүрэгт нийт зургаан удаагийн цасанд суусан дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 17 автомашиныг татан гаргаж, 56 хүний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Тухайлбал, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Залаатын даваа” гэдэг газар ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагаар нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 5 зорчигчтой “Бонго-3” загварын ачааны автомашиныг, буцах замдаа “Цагаан давааны хөтөл” гэдэг газар цасанд суусан 38 зорчигчтой, 11 автомашиныг татан гаргасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ цаг-үе

Завханы Баянтэс суманд -47 хэм хүйтэн хонолоо DNN.mn

Өнгөрсөн шөнө -40 хэмээс дээш хүйтэн хоносон сумдын мэдээллийг хүргэе.

Сэлэнгийн Орхонтуул, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Баянзүрх, Хатгалд -40 хэм, Завханы Нөмрөгт -41 хэм, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Увсын Тэс сумд -42 хэм, Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ, Цэцэрлэг суманд -43 хэм, Завханы Отгон, Тосонцэнгэл, Цэцэн-Уул суманд -45 хэм хоножээ. Хамгийн хүйтэн хоносон нь Завханы Баянтэс сум байсан бөгөөд тэнд 47 хэм хүйтэн хонолоо.

Categories
мэдээ нийгэм

Г.Батдэлгэр: Х.Болорчулуун сайдын “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагыг уншаад надад ийм санаа төрлөө DNN.mn

Монгол Улсын Зөвлөх инженер, Хөдөө аж ахуйн техник эзэмшигчдийн холбооны тэргүүн, ХААИС-ийн доктор Г.Батдэлгэртэй ярилцлаа.


-Х.Болорчулуун сайдын ярилцлагатай холбогдуулж та санал хэлмээр байна гэсэн. Тэр тухайгаа хэлэхгүй юү?

-Тийм ээ, шинэ оны өмнө танай сонины №246(7119) дугаарт салбарын сайд Х.Болорчулууны ярилцлага нийтлэгджээ. Бид нэгэн цагт ХААИС-ийн дээвэр дор нэг нь оюутан, нөгөө нь багш хэмээгдэн явж байсан сайхан түүхтэй хүмүүс. Ажиллаж, амьдарч байсан сургуулийн маань бүтээгдэхүүн, төрийн сайд хийж байгаад талархаад, зөвлөх мэргэжилтэн хүний хувьд нийтлэлтэй холбоотой саналаа хуваалцъя гэж бодлоо. Аливаа асуудал, алдаа онооны дэнсэн дээр хэлэлцэгдэн шийдлээ олдог. Нийгмийн бэрхшээлтэй асуудлын гаргалгаа ч болдог. Ярилцлага ойлгомжтой сайн болж. Гэхдээ дараагийн ярилцлага, цаашдын ажилд илүү амжилт ерөөгөөд, буруугаар намайг ойлгохгүй байхыг хүсье. Сайдын ярилцлагад “Мал эмнэлгийн хорио цээрт дэглэм бүхий эрүүл бүс байгуулах тухай” Засгийн газрын тогтоол батлуулсан гэх. Өмнөх нийгмийн үед бараг бүх нэгдэл, САА-д Эмчилгээ, тэжээлийн цэг (ЭТЦ) гэж байлаа. Онд орохооргүй малаа ялган ЭТЦ-т хүргэж өгнө. Тэнд ариутгал, халдваргүйжүүлэх бүх ажил цогцоороо хийгдэн, эмчилгээ, сувилгаа, тэжээх ажлыг мал зүйч, малын эмчийн хяналт дор 1.5-2 сар хийгээд, мал эсвэл мах болгохыг шийддэг байсан.

ЭТЦ-ийн хамгийн сүүлчийн хувилбар хотоос баруун тийш 22-ын товчоо орох замд байв. Японы 100 хувийн хөрөнгө оруулалттай Макамарү компани 1996-2003 оны хооронд, 1000 адууны жүчээ бүхий байранд үйл ажиллагаа явуулж байлаа. Японы хойд хэсгийн хүмүүс адууны махан таташ түүхий чигээр нь иддэг заншилтай. Тэдний хэрэгцээт махыг 100 гр савлаж, битүүмжлэн, хөргөлтгүй контейнерээр зөөн, онгоцоор тээвэрлэдэг байв. Мах комбинат хувьчлагдан, нядалгааны зардал нэмэгдсэн, хотын захиргаанаас мал бүхий аж ахуй хотод байлгахгүй гэх мэт шалтгаанаар тус аж ахуйн үйл ажиллагаа зогссон байдаг.

-Монголын эдийн засагт их л хэрэгтэй зүйл байж дээ?

-Тус аж ахуй адууг хивэг, байгалийн өвсөөр тэжээн, шимэгчийг устгах, ариутгалын ажлыг үе шаттай хийн, жилдээ хоёроос доошгүй удаа бой хийж, махаа эко аппаратаар шинжилж, өөх, мах тэнцүү цэвэр махыг, дэлхийн бүтээгдэхүүний стандарт тодорхойлогч Япон улсад экспортод гаргадаг байж. Гэтэл өнөө цагт манайхан Хятад руу мал, мах гаргах гэж сандрах юм. Харин монголчууд бидэнд хаалгаа бариулсан Макамарү компани Бразил, Швейцарь улсад үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн, Японд мах экспортолж байна

Сонирхуулахад, Макамарү компанийнхан явахдаа “Монголчууд хөгжихгүй. Учир нь хөгжил, дэвшлийг бий болгодог ёс суртахуун Та нарт байхгүй” гэдэг Кимура Аяакогийн үгийг хэлсэн байдаг шүү. Бид малыг орчноос тусгаарлахын тулд бэлчээр, тэжээлээ орчин цагийн хэллэгээр “тултал” бэлтгэх ёстой.

-Гадны орнуудад ямар байдаг бол?

-Төрийн буянаар ЭТЦ-ийн олон хувилбарыг ОХУ, Канада, БНСУ, БНХАУ зэрэг улсад харж явлаа. Тэр газруудад экспортын махны зориулалтаар малаа эрүүлжүүлж, тэжээж байгаа тохиолдолд малаа сэлгүүцүүлэх байтугай гадны хүн ойртуулахгүй нарийн дэг журамтай, зөвхөн зөвшөөрсөн хэсэгт шилний цаанаас харуулдаг юм билээ. Тэжээл бэлтгэх технологид сайн анхаарч, зөвхөн малчин биш хөдөлмөрийн чадвартай бүх хүмүүсийг өвс, халгай, модны навч бусад тэжээл бэлтгэхэд хэн хүссэнийг оролцуулах ёстой. Тухайлбал, намрын цагт яг хадлангийн үеэр бороо элбэг тул нидрүүлэгт хадуур (КПВ-3) хэрэглэвэл цаг хожих боломжтой. Мөн өвсний гурил, витаминт тэжээл хийх боломж бүрдүүлэх чухал. Өвсний чанарыг алдуулахгүй удаан хадгалах технологид сургах шаардлага байна. Ядаж гурван жилийн хугацаанд өвсөө муутгахгүй хадгалж чадвал, өвс, ногоон тэжээлийн үнэ савлахгүй. Тэжээлийг дан ганц хадлангаар төсөөлж болохгүй. Буурцагт ургамлыг үр тарианы сэлгээнд оруулж, дарш бэлтгэх, ногоон бордуур ашиглах цаг болсон. Мөн элдэншүүлэггүй технологид зугуухан шилжих хэрэгтэй. Махны чанар, стандартын шаардлага ярихаас өмнө тэжээлийн олон төрлийн таримлыг бий болгох юу юунаас эрхэм. Тэжээлийн рационоор дамжуулан махны бүтцийг удирдах ёстой. Бид уламжлалт технологио бариад хонио төлөг, шүдлэнгээс эхлэн эргэлтэд оруулна гэвэл цаг алдана. Шилийн голын мах комбинат хаврын хургыг намар 9 сард нядалгаанд оруулж байсан. Гулууз махны жин 15 кг, түүнээс ч илүү . Үүнд хүрэхийн тулд ЭТЦ хэрэгтэй. Канадад улаан ангус үүлдэрийн тугалыг 18 сартайд нь төхөөрдөг. Энэ үедээ 350 кг татна. Цэвэр гулууз махны жин багадаа 170 кг. Тэд, мал эрүүлжүүлэх, бордох цогцолбороо Feedlot гэнэ. Манай монгол үхрээс ийм хэмжээний мах авахын тулд дор хаяж 4 жилийн маллагаа шаардагдана. Үхрийн аж ахуй дээр очиход -30 хэм хүйтэн байсан ч спиртийн шаар ууж, сүрэл идсэн сүрэг даарсан шинжгүй гадаа хэвтэж байсан. Тэдэнд зориулсан хашаа, хороо байгаагүй. Үхэр тэжээх цэгээс 100 м хүрэхгүй газарт спиртийн үйлдвэр байх. Том 100 тн орчим багтаамжтай бортгон савны дээд хэсэг таггүй.

Эссэн буудай угаалгын машин ажиллаж байгаа мэт айхтар боргио үүсгэн, шуугина. Байшин дотор биш гадаа ил, шатаар гараад л тэр бүгдийг үзэж болохоор. Соёлтой, өндөр хөгжилтэй улс гаргаж авсан этилийн спиртээ том хотуудад такси, автобусны түлш болгон ашиглана. Спиртээр ажилладаг машинаас утаа, үнэр ялгарахгүй, зөвхөн ус л яндангаас урсана. Манай тариаланчид нийлээд ийм үхэр бордох, спирт үйлдвэрлэх цогцолбор хийж болохоор л энгийн хийцтэй. Жаахан хугацаа хожъё гэвэл бид малаа эрүүлжүүлнэ, тэжээнэ, үүлдэр угсааг сайжруулах ажил хийх хэрэгтэй.

-Бидэнд өөр гарц бий юү?

-За даа шуудхан хэлэхэд, байхгүй. Махны чиглэлийн үүлдэр Сэлэнгэ шиг үхэр, Ерөө хонь адил нутагшсан шилмэл сүргийн тоог нэмэгдүүлэх чухал. БНСУ-д 250 нохойтой аж ахуйн үйл ажиллагаатай танилцсан. Америкийн цэргийн баазын ойр учраас нохойн хоолонд санаа зовох юмгүй. Хиам, котлет, талхаар хооллодог. Бүгд битүүжлэгдсэн, 72 цагийн дотор хэрэглэхийг зөвлөсөн бичигтэй. Нохойгоо өглөө, орой усална, хооллоно. Нэг өдөр өнжөөд орчиндоо Фумгатороор ариутгал хийнэ. Нохойгоо яг манай хонь шиг төхөөрнө. Гэдэс, дотрыг нь арилгаад, цус цутгана, толгойг хуйхалж чанаад, хүндтэй зочиндоо барина. Нохойн кг мах 10 доллар. Нэг нохойн гулууз дунджаар 17 кг. Бид тэнд долоо хоног нохойн мах идсэн. Уушгинд үнэхээр сайн юм билээ. Ирээд Зайсан толгой өөд гүйгээд гарахад түүртэх зүйлгүй байсан. Манайхан энэ их утаанаас хүмүүсээ эрүүлжүүлэх хамгийн хялбар арга бол хүнсэндээ нохойн мах хэрэглэх. Хүмүүст таагүй мэдрэмж төрөх байх л даа. Гэхдээ үүнийг мэдсэн монгол хүн олон.

Энэ бүгдийг хэлж байгаа минь “эрүүл бүс“-ийн хүрээнд юу хийж байсан, одоо юу хийх ёстойг хүмүүст илүү тодорхой болгохыг зорьсонд юм л даа. Эрүүл бүсийг оновчтой зохион байгуулж чадвал зоо, мал эмнэлгийн хараа хяналтгүй мал, мах байхгүй болж, дундын ченж үгүй болно. Монголчууд өөрсдөө экспортын зориулалттай махнаас дутахгүй шаардлага хангасан мах идэх ёстойгоо мэдэж, энэ, тэнд портер дээрх махыг сонирхохоо болино. Ченжүүд илүү ашигтай, цэвэр, улирлын чанартай тэжээл бэлтгэх ажилд оролцон, ЭТЦ ажиллуулдаг болно. Мах дотоодын зах зээлд бас

“нэг цонх”-оор “борлуулагдах тул үний савлагаа багасна. Манай салбарт нэн даруй хийх шаардлагатай хоёр зүйл байна. Нэгд, Зайсангийн аманд байгаа хүрээлэнгүүдээс үйлдвэрлэлд хэрэгжүүлж болохуйц инновацийн санааг ихээр шаардах. Мөн мах, сүү, гурил, ноос, ноолуурын өөрийн өртгийг тогтоолгох. Хоёрт, Гадаадын улс оронд байдаг ашгийн тухай хууль Монголд хэрэгтэй байна.

-Тэр тухайгаа сонирхуулахгүй юу?

-Америк, Канадад ашгийн хэмжээ 10 хувиас илүү хэтрэхгүй хууль үйлчилдэг. Адууны махны өөрийн өртөг 8000 төгрөг гэж төр баталгаажуулсан бол хэн нэгэн жуучлагч 9000 төгрөгөөс дээш зарвал хариуцлагад татагдана гэсэн үг. Бид алиь юм болгон гурил, будаа, мах, сүүний үнэ дээр хэрүүл хийх юм бэ? Таних мэдэх тариаланчид улаанбуудай тарихаас залхлаа, биднийг гурил үйлдвэрлэгчид дээрэлхэж байна гэдэг. Энэ хэл, амыг дээрх үйлдэлээр арилгаж болохгүй гэж үү.

ХАА-н салбарыг хөгжүүлнэ гэдэг зөвхөн сайдын хийх ажил ч биш. Олон мянган хүмүүс тэр дундаа ногоочин, тариаланч, инженер, техникч, агрономич, малчин, малын эмч гээд бүхэл бүтэн хөдөлмөрийн арми, 100 гаруй улсын болон ТБ байгууллагын оролцоотой хийгдэх ажил. Тэдгээрийн нэг Монголын Хүнс, Хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци (МХХААҮА). Энэ байгууллага олон чиглэлээр салбартаа танигдсан болно. Зөвхөн хүлэмжийн аж ахуйгаар танилцах аялал зохион байгуулан, Хөх хотод 600 хүнийг сургасан байдаг. Энэ байгууллага ашгийн бус бөгөөд, санаа нийлсэн хэдэн хүн сэтгэлээрээ байгууллагаа авч явдаг. Өнгөрсөн ковидын жилүүдэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, салбарын сайдын нэр дээр хүнсний ногооны үйлдвэрлэлийг хэрхэн сайжруулах талаар албан бичиг үйлдэж, дөрвөн улирлын хүлэмж барих төслөө явуулсан. Тэр цагаас хойш хоёр жил өнгөрлөө хариу байхгүй. Харин Ерөнхий сайдын зөвлөх асан Э.Болормаа (Ховд аймгийн засаг дарга) хүлээн авч уулзан, зөвлөх Д.Дашнямыг бидэнтэй ажиллахыг зөвлөсөн. Бид хамтран Төв аймгийн болон хот орчимын хүлэмжийн аж ахуйнуудаар дүн өвлийн хүйтэнд явж, ногоочдын санал, бодлыг тусган, “Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг гаргуулах бэлтгэлийг хангасан болно. Мөн миний “Өдрийн сонин”-д өгсөн “Хүнсний ногоог дотоодоос бүрэн хангахгүй бол монголчууд коронагаас дутахгүй аюулыг гэтэлж байна”, “Дампуурсан аж ахуйгаас сургамж авч, төвлөрсөн ногооны аж ахуйг эрчимтэй хөгжүүлэх хэрэгтэй” гарчиг бүхий ярилцлагууд нөлөөлсөн биз ээ. Эл байдалд дүгнэлт хийхэд, сайд Та ганцаараа энэ тогтоолыг гаргуулаагүй болно. Хүн албан тушаал ахих тусам “би“-гээр өвчлөх аюултай. Мөн попрох гэдэг өвчин бас байдаг. Салбарын өмнөх сайд, Монголд цагаан будаа тарьж, 10тн хураан авсан гээд бөөн сенсаци дэгдээсэн. Сэтгүүлч Б.Отгон, ассоциацийн тэргүүн Б.Мөнхбат нар цагаан будааны талбай болох Баянхонгорын Баянлиг суманд очиж, газар дээрээс шууд сурвалжилга хийсэн.

Үнэндээ 10 тн бүү хэл, 10 ширхэг ч ургаагүй. Төрийн сайд хүн олон нийтэд хандаж ярилцлага өгөхдөө энгийн, ойлгоход хялбар, жишээ баримттай, тухайн ажлыг хийх гаргалгаатай байх зарчмыг баримтлах зүйтэй болов уу. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг copy, paste хийхтэй адил зүйлээр уншигчдыг хуурч болохгүй. Төрийн бодлого гэж чавганцын санааг цаасан дээр буулгаж, төрийн тамгаар албажуулахыг хэлнэ гэсэн утгатай Х.Чойбалсангийн үг байдаг. Манай нийгмийн тогтолцоо болохгүй байгааг олон жишээгээр тайлбарлаж болно. Тухайлбал, сүүлийн хоёр жилд ХАА-н салбараас олон гавьяат төрлөө. Энэ маш сайшаалтай, баяр хүргэх зүйл. Харамсалтай нь тэдний олонх худалч, хулгайч, байгууллага дампууруулж устгасан нөхөд байна. Тэдний дунд 10 тн цагаан будаа “амаараа”хураасан нөхөд ч бий. Үүнийг л газар авахуулахгүй зогсоох юмсан.

.

Categories
мэдээ цаг-үе

Шинэ Үндсэн хуулиа баталсны 31 жилийн ой тохиож байна DNN.mn

Манай улс шинэ Үндсэн хуулиа баталсны 31 жилийн ой өнөөдөр тохиож байна. БНМАУ-ын Ардын их хурлаас сонгогдсон депутатууд 76 хоног хуралдаж 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Монгол Улсын дөрөв дэх Үндсэн хуулийг баталсан түүхтэй. Нэг танхимтай парламент, Ерөнхийлөгчийн институт бүхий олон намын тогтолцоотой болсон нь энэ. Түүнээс хойш 31 жилийн хугацаанд Үндсэн хуульдаа гурван удаа өөрчлөлт оруулаад байна. Гэвч энэ нь ч хангалтгүй гэж үзэн энэ цаг үед Үндсэн хуулийн өөрчлөлт дахин яригдаж эхэллээ. Бүр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бус шинэчлэн найруулж батлах ёстой гэсэн байр суурь давамгайлах болов. Тодруулбал, эрх баригчид хоёр танхим бүхий парламенттай болж парламентын засаглалаа улам төгөлдөржүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Гантөмөр: АН эмхрэх нь монголчуудын ашиг сонирхол DNN.mn

АН-ын ҮБХ-ны гишүүн Л.Гантөмөртэй ярилцлаа.


-АН-ын Үндэсний бодлогын хороо(ҮБХ) маргааш хуралдахаар болжээ. Танай нам бүтэн болоход ямар шийдэл байна вэ?

-Эвлэрэхийн тулд эхлээд тойрч суугаад ярилцах шаардлагатай. Тиймээс 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг УИХ дахь АН-ын бүлэг санаачлан зохион байгуулсан. Хэд хэдэн удаагийн уулзалт боллоо. Гишүүд маань гомдол, саналаа ярилцаж байна. Аль болох хоорондоо шийдвэрлэж болох асуудлууд руугаа орж байгаа. Маргааш буюу нэгдүгээр сарын 13-нд ҮБХ-ны хурлаа хийнэ. Эндээс шийдвэр гаргах ёстой. Шийдвэрээ Улсын дээд шүүх(УДШ)-ээр зөвшөөрүүлэх процесс үргэлжилнэ. Тоймлоод хэлбэл, тойрч суугаад санал бодлоо хэлж, албан ёсны хурал зохион байгуулж, гарц шийдлээ ярилцана. Мэдээж АН үнэт зүйл дээрээ нэгдэнэ. Энэ бол хүний эрх, эрх чөлөө. Монголын ард түмэн Монголын төрийг барих гэсэн хоёр зарчим байгаа. Ийм хоёр үнэт зүйлээ цаашлаад ардчиллаа хамгаалахын тулд бид Монгол Улсынхаа хөгжил дээр төвлөрч байна. Монгол ядуу, буурай байгаагаас ардчилал эрсдэлд ороод зогсохгүй унах аюултай болллоо гэж дүгнэсэн. Тиймээс бид Монгол Улсынхаа хөгжлийн гарц, гаргалгааг тойрч суугаад ярина. Орлогоо нэмэгдүүлнэ, эдийн засгаа өсгөнө. Орлого нэмэгдүүлэх, эдийн засаг өсгөх дээр бид юу хийх хэрэгтэйгээ ч ярилцаад явна. Энэ бол бидний итгэл үнэмшил гэж ойлгож болно

-Сөрөг хүчингүй эрх баригчид ямар байдгийг өнөөдрийн улс орны байгаа байдал, том, том мөнгөн дүнтэй хэргүүд бэлхнээ харуулж байна. Тэгэхээр АН даруйхан эвлэлдэж сөрөг хүчний үүргээ гүйцэтгэх чинь л нийгмийн захиалга болчихоод байна шүү дээ?

-Сөрөг хүчин гэдэг бол аль ч нам эрх барьж байх үед алдаа засах, хяналт тавихад хэрэгтэй. Цар тахлын үеэр манай улс мэдээллийн хаалттай орчин руу шилжсэн. Хил хаагдсан. Хойно дайн гарсан. Ерөнхийдөө ийм хаалттай систем рүү шилжихээр үр дагавар нь маш их авлига дэлгэрдэг юм байна. Төмөр зам, нүүрс, банкны зээл дээр ямар их авлига үүрлэсэн нь ил болсон. Мэдээлэл байхгүй, бүх юм хаалттай байхаар Монголын нүүрс, зэсийг яг хэн худалдаж аваад байгаа нь бүү мэд.

Монголын алт яг хаана зарагдаад байгаа нь бүрхэг. Мөнгө нь яаж орж ирээд, хаашаа гараад байгаа нь хүртэл таг. Энэ нөхцөл байдал баахан хүмүүс хулгай хийх том боломжийг олгосон. Нөгөө талд нь ард түмэн ядуурдаг.

Сөрөг хүчин гэдэг бол зүгээр нэг сөрөгч биш. Сайн зүйлийг дэмжих хэрэгтэй. Муухай урсгалыг сөрж зогсож сурах хэрэгтэй юм байна л даа. Сөрөг хүчин бол ард түмнийхээ талд байж, дуу хоолойг нь парламент, засаг дээр илэрхийлж байх учиртай. Энэ дутагдахаар хаалттай нийгэмд шилжиж ямар аюултай болдгийг нэг байгууллагын албаны даргын гэрээс гарч байгаа мөнгөн дүнгээс харж болно. Цаашлаад нэг хурган даргын гадаадад оруулсан хөрөнгө оруулалтын дүн зэргээс гээд харахад энэ бол тоо тоймшгүй дүр зураг. Яг хаалттай нийгэмд ийм л зүйл болж байгаа. Тэр нь Монголд ч бэлэн байгаа юм байна. Иймд ирэх сонгуульд аль нам нь ялахаас үл хамаараад сөрөг хүчин нэлээд хүчтэй байх хэрэгтэй. Сөрөг хүчин гэж муу муухай урсгалыг сөрж чаддаг хүчийг хэлж байгаа юм. Авлига, ядуурал, ажилгүйдлийн урсгал, хариуцлагагүйн зуд ирэх юм бол сөрөөд зогс. Ард түмнийхээ талд сөрөөд зогсох ийм функц байхгүй болохоор нөгөө талд авлигын үерт бүгдээрээ живж байна шүү дээ. Өнөөдөр нүүрсний хулгай, хил гаалийн хяналт замбараагүй хэвээр байна. Дунд шатны албан тушаалтнууд дураараа архидан цэнгэж, ард түмний зовлон дээр бүжиглэж байна.Тиймээс АН эмхрэх нь монголчуудын ашиг сонирхол. Эмхрүүлэх нь бидний үүрэг хариуцлага.

-Манай нийгмийн болохгүй бүтэхгүйд Үндсэн хууль буруутай байна. Тогтолцооны өөрчлөлт хийх хэрэгтэй гэж эрчимтэй ярих болжээ. Энэ онд ээлжит бус сонгууль явуулах сууриа тавиад байна уу?

-Эрх баригч хүчний монголчуудад гай болж байгаа зүйлүүдийг дээр нэрлэлээ шүү дээ. Тэрийгээ өөрсдөө зогсоож чаддаггүй юм байна. Тиймээс сонгууль руу яарч магадгүй. Бид тогтолцоо ярих юм бол ардчилсан нийгмээ аварч үлдэнэ гэдэг алтан зарчим дээр асуудлыг хөндөх хэрэгтэй. Алтан зарчим нь ард түмэн төр барих. Үүнээс хэзээ ч гуйвж болохгүй. Төлөөллөөрөө төр барина. Үүнээс дайжиж болохгүй. Энэ хоёрын хажуугаар тогтолцоо гээд өөр юм сэдэж байгаа хүмүүс байна шүү дээ. Коммунистууд, марксистууд, социалист гээд олон ургальч үзэлтэй хүмүүс байна. Гэхдээ бидний зарчим бол ард түмэн төлөөллөөрөө төрөө барина аа. Тэр төр барих хугацаа хэмжээ хязгаартай байна. Хариуцлага алдвал хариуцлага хүлээлгэдэг тэр тогтолцоог авч үлдэнэ. Энэ бол суурь зарчим. Яагаад авлига, албан тушаал, ядуурал, ажилгүйдэл гаарсан нь төрийн албаны ёс суртахуунгүйн ноёрхолд өртөөд байгаа юм.

-Ёс суртахуунлаг төрийг яаж бий болгох вэ?

-Ёс суртахууныг баталгаажуулах зүйл бол хариуцлага. Өмнө нь ёс суртахууны алдаа гаргаад хулгай дээрэмд холбогдсон хүмүүс дахиад дарга болгодгийг зогсоох ёстой. Монголд нууц юм байхгүй, бүгдээрээ л мэдэж, харж байгаа. Систем хүнийг гоё сайхан болгодог гээд байдаг. Хүний түүхийг харвал системээс илүү ухамсар нь аварсан. Ухамсарлах хамгийн чухал. Ядаж л боддог баймаар байна. Гэтэл манайхан бодохоосоо өмнө хэрэлдэж, зодолдоод байдаг. Өнөөдөр энд жагслаа, маргааш нь хууль батлагдлаа. Ямар ч бодохгүй байгаа биз дээ. Бүх зүйл сэтгэл хөдлөлөөр явж байна. Монголын нийгмийг сэтгэл хөдлөлөөр удирддаг болгох гээд байгаа юм. Өнөөдөр Үндсэн хуулиа өөрчлөөд дахин сонгууль явуулж, бид дахиад төрийн эрх барья гээд байгаа нь МАН-ын вакум. Хөгжлийн зорилгоо мартаад дарга болох, тамгатай байх сонирхол дээрээ хөтлөгдөөд байна. Иймд вакумнаасаа гарахын тулд буцаад зорилгоо сайн ярьцгаа. Дээр нь хариуцлага тооцдог системээ хар. Боддог механизм яаж бүрдүүлэхээ хар. Зөвшилцөл яаж явахаа хар. Ёс суртахуунлаг төрийг яаж бүтээхээ хар. Ингэж логиктойгоор харах хэрэгтэй. Юу юугүй шуураад байх юм.

-Сая шинээр томилогдсон сайдууд ямар их жаргал хөөртэй байв аа. Тэд ажил хийх гэж биш, хулгай хийх гэж төрд очдог юм биш үү?

-Тэнд бодолд орж байгаа хүнийг харсан уу. Уг нь энэ цаг үед “Яана даа. Би сайдын ажлыг яаж хийнэ дээ” гэж бодолд дарагдаж, шаналж байх ёстой. Бидний үед дөрвөн жил сайд хийсэн хүний үс нь халцраад, цал буурал толгойтой болоод буудаг байлаа шүү дээ. Тэгтэл одоо баярын шампанск тулгадаг албан тушаал болгож хувиргаж байгаа нь аюул. Хариуцлагын систем байхгүйтэй л холбоотой. Ард түмэн рүүгээ орохгүй байна. Очиж уулзахгүй байна. Мөн чанарыг нь олж харахгүй байна. Ямар амьдралтай, яаж амь зууж байгааг нь олж харахыг хүсэхгүй байна. “Арчаагүйдээ ингэж амьдарч байгаа нь тэд нар” гэж хэлэх гээд байна. Хүнийг шахаад байвал хүн ямар ч амьтанд хувирч болдог. Хүнийг дэлгэрүүлээд байвал гэгээнтэн болж болдог. Төр нь ард түмнээ шахаж, боломжуудыг булааж аваад байна. Албаны даргын гэрээс гарч байгаа 7.3 тэрбум төгрөг компаниуддаа үлдсэн бол хичнээн хүн ажилтай байх уу. Хичнээн хүн цалинтай байх уу.

-Гэтэл цалингаас хүртэл татвар авдаг боллоо…

-Энэ бол Монголд хариуцлага хүлээгээд өндөр цалин авдаг хүнгүй байгаасай гэж хүсч байгаа хэрэг. Хариуцлага хүлээж, баялаг бүтээж байгаа хүн л өндөр цалин авна биз дээ. Сайн хөдөлмөрлөж байгаа хүн Монголын хөгжил. Харин ч арван саяас дээш цалинтай иргэдээ урамшуулдаг систем бодохын оронд торгодог механизм руу орж байгаа нь нөгөө л бодохгүй байгаагийн тод жишээ. Арван саяын цалин авч байгаа хүн ямар их хөдөлмөрлөж, яасан их юм бодож, хичнээн зөв шийдвэр гаргаж, ямар их баялаг бүтээж байна гээч. Тийм учраас түүнд компани өндөр цалин өгч байна. Цалингаас нь татвар аваад байхаар хөдөлмөрөө сайхан үнэлүүлээд явъя гэсэн зорилготой залуучуудын замд чулуун хана өрж эхэлж байна. НДШ-ийг бас нэмж байгаа нь цалин битгий өг гэсэн үг. Бид яавал өндөр орлоготой болох тухай л бодох ёстой. Өндөр орлого гэдэг бол бүтээмжээ л дагадаг зүйл. Яаж бүтээмжийг нь дээшлүүлэх тухай л бодож байх хэрэгтэй.

-Халамжийн сэтгэлгээгээр хүмүүжүүлэх сонирхол эрх баригчдад бий?

-Энэ бол үндэстнээ мөхөөх л бодлого. Жишээлбэл, Монгол төрийг нураадаг хэд хэдэн жишээ байдаг. Халх, ойрадаар нь хуваадаг манж, оросуудын технологи байна. Яс үндсийг нь төрсний гэрчилгээн дээр бичдэг нь бас л монголчуудыг талцуулж, хагалах бодлого. Үнэгүй юм тараадаг нь бас л монголчуудыг ядууруулдаг бодлого. Зүгээр л түүхий эдийн орон байлгах сонирхолтой. Гадны нөлөөтэй ажиллагаа нь зогсохгүй байгаа юм. Түүнээс ажил бүтээе гэсэн өчнөөн зуун мянган залуус бий. Тэдэндээ сайхан урам өгөөд, тус дэм үзүүлээд, хань болоод явахын оронд НДШ-ээс нь идэлцэнэ. Авч байгаа цалингаас нь татвар авах санаа хэний толгойд оров оо. Аймшгтай тэнэглэл. Харин ч зуун сая төгрөгийн цалин авч байгаа хүнээ ерөөгөөд сууж байх ёстой. Тэр мөнгөөрөө буцаагаад байшин худалдаж авна, зөндөө хөрөнгө оруулалт хийнэ шүү дээ. НДШ-ийг харин ч яаж бууруулах тухай бодмоор байгаа юм. НДШ буурвал хүмүүс цалингаа илүү өгдөг болно. Хөдөлмөр жинхнээсээ үнэлэгдэж эхэлнэ. Өнөөдрийнхөө тоонд баригдаад халамж руугаа яваад, сайн нэр олоод нөгөө гараараа хөгжлөө боомилоод байдаг байж болохгүй. Хөгжил дээрээ түлхэцээ өгөөд нөгөө гараараа ядарсан улсууддаа туслах нь зөв. Гэхдээ хөгжлөө боомилсон хавтгайрсан халамж гэж хэзээ ч байж болохгүй. Гадны тусгай байгууллагын ажиллагаа ороод байгаа шүү гэдгийг харах ёстой.

-Танай намын дотоод асуудал руу эргээд оръё. ҮБХ-ны маргаашийн хурлаас ямар үр дүн хүлээж болох вэ. УДШ рүү бичиг цаас хүргүүлнэ гэж байсан. Өмнө хоёр талаас баахан хүргүүлсэн нь буцсан гээд байгаа. Одоо та бүхний хүргүүлэх хүсэлт эрх зүйн хувьд хүчин төгөлдөр байж чадах уу?

-Дахиж буцаахгүйн тулд их эвлэрэл хийе гэдэг санаачилга гаргасан. Үүнийг бүгд зөвшөөрчихмөөр байгаа юм. Зөвшөөрөхгүй гэсэн хүмүүс дараагийн сонгуульд Ардын нам ялаасай, монголчууд сөрөг хүчингүй байгаасай, энэ амьдрал доройтоосой гэж байгаатай яг адилхан. Ардчилсан нам эмхрээд монголчуудынхаа төлөө байж чадах уу. Эсвэл тархай бутархай хэвээр МАН-ыг ялуулж өгдөг улс төрийн хүчнээр үлдэх үү гэдэг сонголтын өмнө байна. Үүнийг ард түмэн харж байгаа. Тиймээс миний хувьд ҮБХ-ны хурал АН-ын эцсийн шийдвэр болоод явах байх гэдэгт итгэж байгаа.

-С.Эрдэнэ, Х.Баттулга нар нэг талд гарчихаад Эв нэгдэл ажлын хэсгийг хууль бус гэж үзээд байгаа юм биш үү?

-Ер нь бол эсрэг зүйл байхгүй. Хувь хүмүүсийн сүүдрээс гарч байгаа. Бие даасан хүн хэн хэн байна вэ. Ядаж УИХ-д сууж байсан хүмүүс нь хариуцлагаа хүлээе л дээ. Аймаг, дүүргийн ИТХ-д байсан улсууд хариуцлагаа хүлээх ёстой. Тэр улсуудыгаа хэн ч биш гээд “Би ганцаараа мундаг” гэвэл жинхэнэ солиорол биз дээ. Тэгэхээр солиорол, АН-ын олонх хаана байгаа хоёр бол ялгаатай. Маш их ялгаатай. Олонхын шийдвэр гаргах нь ардчиллын зарчим. Бид гишүүдийнхээ төлөө энэ намыг амь оруулах гэж байгаа. Цаашлаад Монголын төлөө амь оруулна. Том зургаараа улсаа хөгжүүлнэ. Гэтэл тархай бутархай, хуваагдалтай байлгая, олонх цуглаж болохгүй, би шийднэ гээд байж болохгүй л дээ. Арай ч ийм эсрэг үйл ажиллагаа хийхгүй байх. Ер нь АН-ын хуваагдал бол ковидын үеийн хаалттай нийгмийн үр дүн. Уулзаж чадахгүй болохоороо 2020 оны сонгуульд АН ялагдчихлаа шүү дээ. Хаалттай нийгмийн үр дагаврыг ардчиллын лидерүүдийн зохиомлоор бий болгосон зодоон юм шигээр хармааргүй байгаа юм. Энэ улсууд бол бурууг цааш өөгшүүлээд явахгүй байх. Улс төрийн эр зориг гаргах байх. Намаа гэсэн багахан бодол байгаа байх. Сэтгэл зүрх нь хаачихав дээ. Уруул дордойвч элэг дордойхгүй гэдэг дээ. Тиймээс намаа эв цаванд нь оруулах ажил маань бүтчихвэл бүгд л баярлах байх.

-Сүүлийн үед АН-ын тамганы асуудал дахиад сөхөгдсөн. С.Эрдэнэ Ц.Туваанд тамгаа шууд шилжүүлж өгсөн нь хууль зөрчсөн юм биш үү. Гишүүдээ цуглуулж, хурлын шийдвэрээр асуудлыг шийдэх ёстой байсан уу?

-Хуулийн үг үсэг тойрч яриад байвал яг л еэвэнгийн хоёр тал шиг. Яриад байх юм бол яриад л байна. Цаг ухраагаад байвал энэ маргаан, мэтгэлцээнд ялагч байхгүй. Улс төрийн нам бол үнэт зүйл дээрээ нэгдсэн хүмүүсийн эвлэрэл. Энэ эв нэгдэл улс төрийн намын хуулиараа даргатай байна. Дарга нь сонгогдоно. Сонгогдсон хүнийг нь УДШ бүртгэдэг юм байна. Өнөөдөр АН даргагүй байна. Даргаа сонгоё гэж байгаа. тиймээс би тэр хуралд н оролцъё гэж байгаа юм. АН даргатай болчихвол Монголын ард түмний тодорхой хэсгийнх нь санаа амарна. Амьдрах урам зоригтой болно.

-Өнгөрсөн хугацаанд АН эмх цэгцэндээ орох гэж нэлээд үзлээ. Гэвч фракциудын ашиг сонирхол нэгдэж чадаагүй. Энэ удаад заавал ажил хэрэг болгохгүй бол сонгууль ч хаяанд ирлээ?

-Үр дүн чухал. Ардчилал бол олонхийн зарчимтай. Тодорхой үр дүн гарчихвал олонхоо дагана. Үр дүн гарахгүй бол хүн болгон “Би чухал хүн шүү” гэж хэлэх байх. Миний хүсэл бол “Би” гэдэг өвчнөөсөө манай намынхан салах хэрэгтэй. “Миний юм” гэдэг шуналаасаа ангижрах хэрэгтэй. Монголчуудынхаа саруул ухаанд итгэх хэрэгтэй. Сонгогчид болон АН-ын гишүүд хэрсүү болсон. Өнөөдрийн маргаан мэтгэлцээн байлгүй л яахав. Ямар ч байсан хэдүүлээ эхлээд даргатай болоод авъя. Даргатай болоод авах юм бол бүх өвчин илааршина. Бүх хүмүүс байр байрандаа очно. АН-ынхныг толгой дээгүүр алхахыг хармаар байна. 30 жилийн улс төрийн өрсөлдөөн гэдэг бол хүний амьдралын бараг тал хугацаа. Ардын намынхнаар чичлүүлээд баймааргүй байна шүү дээ.

-Ардын нам бас танайхыг нэгдүүлэхгүй байх сонирхолтой. Дээд шүүхэд нөлөөлөл үзүүлж ирсэн гэдэг. Тийм боломжтой юу?

-Хэрэв тэгэх юм бол Монголын ардчиллыг жинхэнэ булшилна гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Энэ хүмүүс Монголын зовлонг ганц намаараа даахгүй. Эрх баригчид бас тэнэг хүмүүс биш. Ур ухаанаа гаргаж байж төрийн толгойд очсон улсууд биз дээ. Эд нарын саруул ухаан бол байгаа байх. Хэрэв мулгуу байдлаар хандвал болно. Мулгуу байх уу, саруул ухаантай байх уу гэдэг нь сонголт. Сонгууль хаяанд ирсэн учраас энэ хүмүүс сонголтоо хийх байх. Дахиад 60 суудалтай засаглахыг Монголын ард түмэн зөвшөөрөхгүй. МАН ч өөрөө энэ ачаагаа даахгүй бутарч унана. Нийгэм буруудаад байвал бүгд буруудна. Зөв тийшээ алхах юм бол зөв дээрээ очно. Нуур амгалан бол нугас амгалан гэдэг дээ. Монголчууд элэг бүтэн, сэтгэл зүйн хувьд тогтвортой байхын тулд парламент дээр хоёр том улс төрийн хүчин мэтгэлцэж, маргалдаж байх хэрэгтэй. Сөрөг хүчин сөрөөд муу үйлийг таслан зогсоох чадалтай байх нь Монгол төрийн аврал, тусгаар тогтнолын баталгаа болчихоод байна шүү дээ. Гэтэл хоёр хөрш хүнд байдалтай байна. Хойд талд цөмийн дайн, 2023 оны хамгийн том эрсдэл ирж болзошгүй байдал. Ингээд харах юм бол Монгол дотооддоо зодолдох ямар ч шаардлага байхгүй. Нэг аюул нь МАН дотор гадны явуулга ороод нөгөө л монголчуудыг жалга довоор нь хуваадаг шиг “АН-ыг устга” гэдэг явуулгад өртөж магадгүй. Тэгж өртсөн тохиолдолд бид дахиад 20 жил Монголын хөгжил дэвшлийн талаар ярих боломжгүй. Сая хаалттай нөхцөл байдал дотор гадны гар хөлүүд ямар их шургалсныг олоод харчихсан шүү дээ. Заримдаа бид дийлдэг л байхгүй юу. Амархан, Төрийн гурван өндөрлөгийг хооронд нь хов зөөгөөд зодолдуулчихна. МАН ганцаараа ноёрхоод АН үхээнц байдалтай байх нь Монголд асар хохиролтой байна, өдөр тутамд гарч байгаа том, том гэмт хэргүүд нотолж байна. Үүнээс том нотолгоо байхгүй. Хичнээн их мөнгө тараалаа даа. Гэтэл ард түмний амьдрал улам их унаж байна. Энэ ард түмэн чинь ирээдүйгээ хараад, хөрөнгө зоорио нэмье гэсэн зорилготой ажил хийнэ. Цаашид нэг намын дарангуйлалд байх юм бол хэн ажил эрхлэх, бизнес хийхийг хүсэх юм бэ. Хэн Монголд хөрөнгө оруулж баялаг бүтээхийг зорих юм бэ. Тиймээс бид монголчуудынхаа, намынхаа гишүүдийн саруул ухаанд итгэнэ. Бидэнд үлдсэн зүйл бол итгэл. Итгэл, сэтгэл хоёр мохоогүй болохоор миний бие ажлын хэсэгт оролцоод явж байгаа.

-Ямар ч дайралт, галыг өөртөө авч чадах хүн АН-ыг цааш авч явна гэж улс төрийн хүрээнийхэн, судлаачид ярьдаг л даа. Иймд АН-ын даргад хэд хэдэн хувилбар яригдсаар ирсэн. Таны хувд нэр дэвших үү?

-Манай нам Монгол Улсын хөгжил дээр фокуслаад үүнийгээ ашиг сонирхол, итгэл үнэмшлээ болгосон. Би АН-ын их эвлэрлийн төлөө нэр дэвшинэ. Энэ суудлыг албан тушаал гэж харахгүй байгаа. Очлоо гэхэд хэн нэгэнтэй тэврэлдэж үнсэлцэхгүй. Үнэт зүйлээ хамгаалахын тулд би хойшоо суухгүй. Ачаа үүрнэ. Даргын суудалд шунаж байгаа юм огт алга. Энэ хэцүү цагт дарга байх шиг зовлонтой юм байхгүй. Гэхдээ Монголынхоо хөгжил дэвшил, бидний итгэл үнэмшил болсон ардчилсан нийгэм, ард түмэн төр барьдаг эрх зүйт төрийг хамгаалахын төлөө өрсөлдөхөд бэлэн байгаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цагаагчин хонь өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр
сарын 13, Сугар гариг. Билгийн
тооллын 21, тугчин одтой,
цагаагчин хонь өдөр. Өдрийн
наран 8:38 цагт мандан, 17:23
цагт жаргана. Тухайн өдөр гахай
жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй
тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах,
батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох,
гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах,
лус тахих, мал худалдан авах, мал түгээх,
огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад
сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах,
хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих,
нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой,
бич, нохой, гахай болой. Хол газар яваар
одогсод урд зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Эсэргүүний хүүхэд гэж нулимж хөөж гаргадаг сэтгэхүй яг хэвээрээ байна” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт АИХ-ын анхны
депутатуудын нэг, УИХ-ын гишүүн, ЗТАЖ-ын сайд
асан Р.Раш “Тогтолцооны өөрчлөлтөөр
олноороо хэлэлцэж шийддэг
зарчим руу явах ёстой
гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

УИХ-ын гишүүн Т.Доржханд “Зарим улстөрчид,
“хулгайчид” Таван толгойн
хувьцаанаас ногдол ашиг
тараах замаар иргэдээс
оноо авах тоглолтоо хийгээд
эхэлчихэж гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Эсэргүүний хүүхэд гэж нулимж хөөж гаргадаг сэтгэхүй яг хэвээрээ байна” хэмээн өгүүллээ.

Монголын Хуульчдын
холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, МУИСийн докторант, хуульч
Д.Оросоот “Манайх шиг үг хэлэх эрх, иргэний хэргийн шинжтэй бүх
мэдээллийг эрүүгийн гэмт хэргийн үүднээс шалгадаг улс байхгүй
гэв.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан “7.3 тэрбумыг нуучихаад үл
хөдлөх хөрөнгийн бизнес ч гэх шиг. Ковидын
үед тийм бизнес байх боломжгүй” гэснийг II нүүрээс үргэлжлүүлж уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ