Удирдлагын академийн докторант, татварын зөвлөх Ч.Батчимэгтэй ярилцлаа.
-Иргэд өнөөдөр нийт хэдэн төрлийн татвар төлж байна вэ. Энэ талаарх ойлголт манайханд хомс байх шиг санагддаг юм?
-Ийм асуулт түгээмэл ирдэг л дээ. Би хэдэн төрлийн татвар төлөх вэ ч гэж асуудаг. Тухай бүрд нь “Татварын ерөнхий хууль”-ийн 7.2 заалтыг хараарай гэж хариулмаар байдаг. Гэтэл энэ нь оновчтой биш, буруу гэдгийг сая анзаарлаа.
Татварын ерөнхий хуульд Монгол Улсын татвар нь 30 төрлийн албан татвар, төлбөр, хураамжаас бүрдэхээр заасан байдаг. Үүнээс 2023 оны нэгдүгээр сарын байдлаар 11 албан татвар, 14 төлбөр, гурван хураамжийг 20 хуулиар хэрэгжүүлж байна.
. Ингээд 28 төрлийн албан татвар, төлбөр, хураамжийг 20 тусдаа хуулиар ногдуулах, тайлагнах, төлөх, төлүүлэх харилцааг зохицуулдаг.
Эдгээр хуулийг дагаж мөрдөхтэй холбоотой дагалдан гарсан 16 хууль байдаг. Татварын багц хуульд одоогоор 34 хууль багтаж байгаа бөгөөд эдгээр хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газрын тогтоол, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Сангийн сайд болон Татварын ерөнхий газрын даргын баталсан нэлээн олон журам бас нэмэгддэг. Эдгээр хуулиуд бүгд татвар, төлбөр хураамжаа хэрхэн авах тухай байдаг. Гэхдээ эдгээр 20 хууль бүрд хэн төлөх вэ гэдэг нь ялгаатай. Тиймээс л татвар төлөгч гэсэн ойлголт хууль бүрд гарч ирдэг.
-Тухайн иргэний явуулж буй үйл ажиллагаанаас хамаарч аль хуульд хамрагдах нь тодорхойлогдох уу?
-Тийм, тухайн иргэн ямар үйл ажиллагаа явуулж орлого олдог вэ гэдгээс хамаарч эдгээр хуулиудын аль нь тухайн хүнд хамааралтай болох нь тодорхойлогдоно. Хөрөнгө эзэмшсэнээс шалтгаалж ногдуулдаг татвар бас бий.
Албан татварыг татвар төлөгч өөрөө тайлагнаж төлдөг бол зарим төлбөр хураамжуудыг үйлчилгээ үзүүлж буй төрийн байгууллага үйлчилгээний хөлс дээр нэмж хураан авч төлж тайлагнадаг. Энэ бүх хуулиудаас өөрт хамаарахаа мэдэх, төлөх ёстой татвараа зөв ногдуулж буй эсэхээ татвар төлөгч бүр зайлшгүй мэдэж байх ёстой болж хуулиар үүрэг хүлээсэн.
-Бизнес эрхлэгчид энэ бүх хуулиас өөрт хамаарахаа мэддэг болов уу. Энэ тал дээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага манайд бий юү?
-Тухайн байгууллагын нягтлангууд энэ ажлыг хийдэг ч ихэнхдээ бүртгэлийн бичилтэд анхаарч ажлаа хийдэг болохоос хэрхэн ногдуулж буй талаарх асуудалд анхаарал тавих цаг хугацаа, мэдлэг дутах нь түгээмэл харагддаг л юм. Нягтлан, захирал хоёр татварын тооцооллоос болж муудалцах нь хамгийн элбэг тохиолддог зөрчил.
Тиймээс татварын зөвлөх гэх мэргэшил дэлхий даяар бий болсон. Энэ чиглэлээр зөвхөн нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн хүн ажиллах ёстой мэтээр ойлгох нь бий. Тэр байтугай манайх хуулиндаа тэгж оруулсан заалттай.
Татварын зөвлөхийн албан тушаал дээр татварын багц хуулийг түүнийг дагалдан гарсан хууль, тогтоол, журмыг бүрэн эзэмшсэн нягтлан бодох бүртгэлийн мэдлэг бүхий хуульч, санхүүч, нягтлан бодогч хэн ч ажиллаж болох юм. Тэс өөр мэргэжлийн хүн ч дээрх мэдлэгийг эзэмшсэн бол ажиллаж болох талбар. Харин энэ мэдлэгийг хэрхэн эзэмшсэнээ шалгалт өгч байж тогтоолгох хэрэгтэй болно.
-Татварын зөвлөх олон улсад байдаг талаар та онцолж байна. Манайд энэ үйлчилгээ нэвтэрсэн үү?
-Татвар төлөгчдөд туслах зорилготой Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль 2012 онд батлагдаад хэрэгжиж байна. Гэхдээ энэ хууль хэрэгжих хугацаандаа нэрнээсээ шалтгаалаад татвар төлөгчдөд туслах зорилгодоо бүрэн хүрч чадаагүй.
Одоо нэмэлт өөрчлөлт оруулахаар Д.Цогтбаатар гишүүн УИХ-д өргөн барьсан ажиллаж байгаа бололтой. Хаврын чуулганаар хэлэлцэж эхлэх төлөвтэй байна. Нэмэлт өөрчлөлтийн төсөл нь энэ хуулийн орчинд насаараа ажиллаж буй хүмүүсийн дүгнэж буйгаар татвар төлөгч нарт дарамт болохоор, ашиг тустай байж чадахгүй зөвхөн хэсэг бүлэг этгээд болох Татварын мэргэшсэн зөвлөх цол олгодог төрийн бус байгууллагын үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөхөд зориулагджээ.
Татварын ерөнхий хуульд татвар төлөгч өөрөө татвараа ногдуулах, тайлагнах эрхийг баталгаажуулж өгсөн. Гэтэл мэргэшсэн зөвлөх үйлчилгээний хуулиар татвар төлөгч нарт олгосон энэ эрхийг дундаас нь “Мэргэшсэн зөвлөх” эрхийг ТББ-аас авсан этгээдэд хөлс төлж байж хийлгэхийг хуульчлах гэж оролдсоор ирлээ.
Татварын алба жил бүр л тайлангаа хэн ч гаргаж болохоор хялбарчилсаар ирсэн. Ирж буй тайлангийн тоо жилээс жилд нэмэгдэж буй учраас систем нь доголдох тал байдаг. Гэхдээ энэ асуудлыг төлөх. тайлагнах хугацааг ялгаатай тогтоож өгснөөр шийдэж болох санагддаг юм. Дэлхийн бүх орон татвар төлөгчдөөсөө тайлан хүлээж авдаг. Гэтэл манайх шиг цөөхөн татвар төлөгчтэй улс хамгийн эхний үүсэж буй асуудлаа уян хатан аргаар шийдэж чадахгүй явна. Энэ асуудлаар мэргэшсэн хүн ховор байгаатай холбоотой ч байж мэднэ.
Татвараар мэргэшнэ гэдэг нь хуулийг бичигдсэн утгаар нь хэрэгжүүлэхээс гадна хэрэгжих явцад үүсэж буй гажуудлаас алдааг нь олж, зөв шийдэл гаргаж чаддаг ур чадвар. Гэтэл аль нэг төрийн бус байгууллага хуулийн заалтаар шалгалт бэлдэж, түүндээ тэнцүүлэх зорилготой өндөр төлбөр авч сургадаг хэлбэрээр мэргэшүүлнэ гэдэг өрөөсгөл үйлдэл болсон байна.
Татварын тайланг татвар төлөгчийн өөрийнх нь бэлтгэж өгсөн мэдээллийн хүрээнд л бэлтгэж илгээснээр “мэргэшсэн зөвлөх”-ийн хүлээх үүрэг хариуцлага хязгаарлагдаж байгаа нь татвар төлөгчдөд бүрэн туслалцаа болж чадахгүй байна. Яагаад тайлан гаргах ажлыг “мэргэшсэн” гэх зөвлөхөөр гаргуулах ёстой юм бэ. Татвар төлөгч өөрөө эсвэл нягтлан бодогчоороо татварын тайлангаа гаргах, гаргуулах боломжийг татварын алба төсвийн хөрөнгөөр бий болгосоор байна шүү дээ.
-Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль энэ хэвээр батлагдвал гарах үр дагавар нь юу вэ?
-Цаашид компанийн нягтлангууд татварын тайлан гаргадаггүй болно. Яагаад гэвэл “хуулиар мэргэшсэн зөвлөхийн хийх ажлыг хийх ёсгүй” гэсэн тайлбарыг олон захирал сонсох байх. Эсвэл нягтлангууд нь “мэргэшсэн зөвлөх” болгох сургалтад суралцуулахыг шаардах, ТББ-д суралцаж эрх авснаа үзүүлж цалин хөлсөө нэмүүлэх гэх мэтээр “татварын дам дарамт”-нд өртөхүйц хууль болсон.
Татварын тайлан гаргах нь татварын зөвлөх байтугай өөрөө эсвэл нягтлан бодогчоороо хийлгэх хамгийн энгийн ажил байлгах гэж татварын алба ажиллаж ирсэн. Харин “мэргэшсэн зөвлөхүүд” үнэ цэнэ бүхий чухал ажил болгон хийхийг оролдож байна. Гэтэл цаана нь үүсэх бусад асуудалд татвар төлөгч нарт хэн туслах вэ. Тайлан гаргаснаараа л татварын албатай харилцаа дуусдаг бол болж л байна. Гэтэл тэгдэггүй биз дээ.
Нягтлан бодогчдын дунд “Х” тайлан гаргуулах үнэ цэнийн тухай яриа жилийн эцэс бүрд өрнөдөг. Зарим нягтлангууд “X” тайланг үнэгүй аль эсвэл 10 мянган төгрөгөөр хийж илгээнэ гэсэн нөхдүүддээ их л хатуухан үг шидэж цаг хугацааны үнэ цэнийг сануулж байгаа харагддаг юм. Хүнээр тайлангаа хийлгэж байгаа бол төлбөрөө төлөөд хийлгэх үүрэгтэй. Хүний тайланг хэдээр хийх нь үйлчилгээ үзүүлж буй хүний эрх.
Тиймээс үнэгүй хийх нэгэн байгаа бол тэр хүнээр хийлгэх сонголтоо эдлэх нь татвар төлөгчийн бас нэг эрх. Гэхдээ үнэгүй хийсэн хүнээс хариуцлага нэхэх боломжгүй. Хэн нэгнээр үнэгүй хийлгэх гэж оролдохын оронд оршин сууж буй дүүргийнхээ татварын албанаас өөрөө очиж чаддаггүй юм гэхэд цахим сүлжээнээс нь татварын хуулийг, тайлан гаргах сургалтыг аваад өөрөө хийх боломж байсаар байгаа. Бүх татварын албад үнэгүй сургалт. зөвлөгөө өгдөг.
Татварын харилцаанд оролцож буй бүх хүнд хүлээх үүрэг хариуцлага байдаг. Үүрэг хариуцлагаа бүрэн ойлгож байгаа тохиолдолд үнэгүй үйлчилгээ авах зөв эсэх нь цаг хугацааны явцад илэрнэ.
-Таны энд ярьж байгаагаар татварын тайлан гаргах үйлчилгээний үнэ тэнгэрт хадах нь дээ.
-Татварын тайлан гаргах үйлчилгээг хэт үнэжүүлэх гэж оролдох нь татвар төлөгчийг дарамтад оруулах хэлбэр гэж би үздэг. Улсад төлөх татвараа аль болох хямд өртгөөр тайлагнах нь татвар төлөгчдөд сэтгэл зүйн дарамт бий болгохгүй. Тэр ч байтугай татварын тайланг хугацаандаа илгээгүйгээс татвар төлөгчийг хэт өндөр дүнгээр торгох гэж хүчлэхгүй байх хэрэгтэй. Төлөх чадамжид нь таарсан торгуулийн хариуцлага байх ёстой. Торгуулиар айлгаж тайлан авдаг үе бидний үетэй хамт дууссан. Бүх мэдээлэл цахимжиж буй өнөө үед тайлагнахгүй байх боломжгүй нөхцөл татвар төлөгчдөд тулгарсан. Тиймээс тайлагнах үе шат хялбар, хөнгөн байхыг илүүд үздэг болж байж л төсөв бүрдүүлэх ажил эхлэх учиртай.
Харин тайлагнахаас бусад татварын үйлчилгээ илүү үнэ цэнтэй байх ёстой. Учир нь татвар төлөгчийн хариуцлагаас үүдэн гарах үйлчилгээнүүд энэ үнэ цэнийг бүрдүүлдэг. Гэтэл татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль татварын тайлан гаргах үйлчилгээг хэт өндөр төлбөртэй болгох зорилго агуулсан, татвар төлөгчийг дарамталсан. төрийн хуулийг хэрэгжүүлэх анхан шатны тайлагнах үйл ажиллагааг хүндрүүлсэн, хамгийн хялбараар хэсэг бүлэг этгээд мөнгө олох арга сэдсэн хууль болсон нь хамгийн харамсалтай.
-Өнөөдөр мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээг ААН- үүд түгээмэл хэрэглэж байна уу. Сэтгэл ханамжийн тухайд?
-Мэргэшсэн зөвлөх үйлчилгээг 2019 онд 1,791 аж ахуйн нэгж авсан гэх танилцуулга байна. Үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн 10 хувьд ч энэ үйлчилгээ хүрээгүй зөвхөн хоёр хувь нь мэргэшсэн зөвлөх үйлчилгээ авчээ.
Гэтэл гэсэн статистик байна.
Дээрх аж ахуйн нэгжийн 524 нь Бүртгэл, нягтлан бодох бүртгэл болон аудитын үйл ажиллагаа, татварын асуудлаар зөвлөгөө өгөх эдийн засгийн үйл ажиллагааны ангиллаар байнгын үйл ажиллагаа явуулж буй хэмээх статистик байна. Гэтэл улсын хэмжээнд аудитын эрхтэй 161, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхтэй 29 аж ахуйн нэгж Сангийн яамны сайтад бүртгэлтэй байна.
Зөрүү нь тусгай зөвшөөрөлгүй нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлж байна гэсэн үг юм даа. Нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ гэдэгт татварын тайлан илгээх үйлчилгээ багтдаг. Гэтэл энэ үйлчилгээг тусгай зөвшөөрөл авсан этгээд үзүүлэхээр хуульчилсан байдаг.
Хууль зөрчигсөд их байна уу, аль эсвэл тусгай зөвшөөрөл авахаар хуульчилж байгаа нь буруу байна уу.
Энэ тоог хүчээр нэмэх гэж хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахаар зүтгэж буй нь хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй гажуудлаа хүчээр засах гэж буй мугуйд арга гэлтэй.Энэ хууль яг хэнд хэрэгтэй хууль вэ гэдэгт ганцхан л хариулт олддог.
Одоогийн хэрэгжиж буй түвшинд ганцхан ТББ-ыг тэжээж. тэтгэдэг хууль болоод байна. Татварын мэргэшсэн зөвлөх гэдэг нь хэн нэгэнд олгож буй эрх юм бол татварын хуулиар мэргэшин ажиллаж буй хэн ч тэр шалгалтыг сургалтад заавал суулгүй өгөх боломжоор хангагдах ёстой. Гэхдээ энэ хуульд зааснаар заавал нэг ТББ-ын сургалтад сууж байж эрх олгох шалгалтад орох нь хуулийг өрөөсгөл, ашиг сонирхлын зөрчилтэй болгож байна.
Шалгуулагч шалгалт авах ТББ-ын явуулж буй сургалтад төлбөр төлж сууснаар шалгалтад орох эрх авч байгаа нь мэргэжил олгож буй сургалтын хэлбэрийг агуулж байна. Тэгвэл “мэргэшсэн” гэх нэршил нь зөрчил үүсгэнэ. “Зөвлөх” гэсэн үг ч бас мэргэжил байж болмооргүй. Тиймээс Төрийн албаны зөвлөл шиг аль эсвэл хуульчдын холбоо шиг зөвхөн шалгалт боловсруулж, авч. эрх олгодог нийтийн эрх зүйн хуулийн этгээд хэлбэртэй байх ёстой.
Эрх олгох шалгалтын сургалтыг хэдэн ч байгууллага хийдэг байж болно. Тэгснээр сайн өрсөлдөөн бий болж шалгалтад оролцогчдын чанар сайжрах болно.Тиймээс би Татварын албанд олон жил ажиллаж байж авсан “татварын зөвлөх” цолоо хүндэтгэж, татвар төлөгчдөд бидний үзүүлж буй үйлчилгээнээс юугаараа ялгарч. илүү үнэ цэнэ бүтээж “мэргэшсэн” зөвлөх болж ялгарч болохыг сануулж, ойлгуулах шаардлага үүсэх юм даа