Categories
мэдээ улс-төр

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг дэмжлээ DNN.mn

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар есөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Улсын Их Хурлын тогтоолыг батлав

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаас төслийг гүйцээн боловсруулах чиглэлийг Ажлын хэсэгт өгсний дагуу дахин боловсруулж, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулан, санал хураахад тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулгадаа дурдлаа.

Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асууж, хариулт авав. Тэрбээр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны асуудлыг нягтлан шийдэх шаардлагатай байгааг тэмдэглэж, ноогдол ашгаар байгуулагдсан бүтээн байгуулалтын хувьцааг иргэдийн хувьцаанд шингээж эзэмшүүлэх арга хэмжээг авах, цаашид иргэдийн хувьцааны ноогдол ашгийн зарцуулалтыг ил тод болгох хэрэгтэй гэсэн юм. Төрийн өмчит хувьцаат компанийн менежментийг сайжруулахад анхаарч ажиллах хэрэгтэйг ч дурдав. Түүний асуултад хариулахдаа Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, иргэдийн 1072 хувьцаа бирж дээр бүртгэгдэж, эдийн засгийн эргэлтэд орсноор “Эрдэнэс Тавантолгой” ХК нээлттэй, олон нийтийн хяналттай компани болно хэмээн хариуллаа.

Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, гишүүн О.Цогтгэрэл нар Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Засгийн газраас яаралтай өргөн мэдүүлэх талаар анхааруулав.

Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж батлав.

“Орхоны хөндийд хот байгуулах тухай” тогтоолыг анхны хэлэлцүүлгээр баталлаа

Монгол Улсын Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 03-нд өргөн мэдүүлсэн “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаас тогтоолын төслийг анхны хэлцүүлгээр батлах санал гаргасныг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, тогтоолын төслийг баталлаа.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан тухай Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь танилцууллаа. Хуулийн төслийг Засгийн газраас 2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн юм.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцээд дэмжсэн байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзэв. Иймд Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв.

Төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусаад, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 10-нд өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийн чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Аюурсайхан танилцуулсан. Хуулийн төсөлд, Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан тохиолдолд ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг хөнгөлөх, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэх, эсвэл дадлагажихад нь зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой эрхээ Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу шилжүүлэх харилцааг зохицуулахаар заасныг сайд Т.Аюурсайхан илтгэлдээ дурдлаа.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, С.Чинзориг, С.Одонтуяа, Б.Бейсен нар асуулт асууж, санал хэлснийг дурдав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ш.Адьшаа, Н.Ганибал, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нар асуулт асууж хариулт авлаа. Гишүүд, энэхүү хуулийн төслөөр зохицуулж байгаа харилцааг төлбөр хөнгөлөхөөс өөрөөр шийдвэрлэж боломж байсан эсэх, гадаадад зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэдийг албан ёсны зөвшөөрөлтэй болгох чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа болон дотоодын хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал, эрэлт, нийлүүлэлтийг судлах, тулгамдсан асуудлууд, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх чиглэлээр ямар ажил хийж байгаа талаар тодруулга авсан юм.

Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхээр санал хураахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.7 хувь нь дэмжлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг дэмжлээ

Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд, эдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх, асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн багц хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлүүдийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Аюурсайхан танилцуулсан юм.

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн зорилт нь нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, бие даасан, олон давхаргат тогтолцоонд шилжүүлэх, сангийн хөрөнгийг зохистой удирдаж, алдагдалгүй түвшинд хүргэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэж буй юм.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийгмийн даатгалын тогтолцоо, зарчим, төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, уг санг удирдах, хөрөнгийг хуваарилах, зарцуулах, тайлагнах, хяналт тавих, сангийн хэтийн тооцооллыг хийх, эрсдэлийг үнэлэх, нийгмийн даатгалд даатгуулах, шимтгэл төлөх, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын итгэлцүүр, шимтгэлийг нөхөн төлүүлэх, буцаан олгох, тэтгэврийн нөөц санг байгуулах, нэрийн дансны бүртгэлийг мөнгөжүүлэх, мөнгөжүүлсэн орлогыг өвлүүлэх, шимтгэлийн өр, хөөн хэлэлцэх хугацааг тогтоох, мэдээллийн нэгдсэн сан болон нийгмийн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлох харилцааг тусгасан талаар сайд танилцуулав. Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийн насыг жил бүр гурван сараар нэмэгдүүлж буйг хэвээр үргэлжлүүлэх, тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлдэг болгох, тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулах, олон жил шимтгэл төлөхийг урамшуулах, тэтгэвэр тогтоолгох дараалсан жилийг 84 сар байгааг 60 сар болгож бууруулах, өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт болон бусад нөхцөлийг тусгасан байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгохоор харин ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхээр өнөөдрийн мөрдөж буй хуулийн зохицуулалтыг хэвээр хадгалж, харин бөөрний хүнд хэлбэрийн дутагдал, эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн болон эрхтэний донор болсон даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь ажлын 66 хоног байгааг 132 хоног болгож нэмэгдүүлснийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Аюурсайхан дурдлаа. Нэг болон ихэр хүүхэд төрүүлсэн эхийн амаржсаны тэтгэмжийг одоо мөрдөж буй хуульд адил хугацаагаар бодохоор заасныг өөрчлөн ихэр хүүхэд төрүүлсэн эхчүүдэд тэтгэмжийг 20 хоног нэмэгдүүлэн олгохоор тусгажээ. Мөн ажилгүйдлийн даатгалын сангаас олгох тэтгэмжийг бодох хувийг нэмэгдүүлэн, даатгуулагчийг ажилгүй болохоос урьдчилан сэргийлэх, ажлын байранд нь тогтвор, суурьшилтай, урт хугацаанд ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ажил олгогчид таван жилд нэг удаа 10 хувиар шимтгэлийн хөнгөлөлт үзүүлж байсныг гурван жилд нэг удаа 15 хувиар үзүүлэхээр заасан байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үйлдвэрлэлийн ослын улмаас сул зогссон хугацаанд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон ажилтнаа тохирсон ажлын байраар хангасан тохиолдолд шимтгэлээс чөлөөлөхөөр, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын төлбөрийг даатгалын сангийн тухайн жилийн шимтгэлийн орлогын хоёр хувиас ихгүй байхаар, тэтгэвэр авагчдын протез, ортопедын үнийг таван жилд нэг удаа 100 хувиар, дараагийн удаа 50 хувиар тооцон сангаас хариуцаж байсныг гурван жил тутамд 100 хувиар хариуцахаар тусгасан байна. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулсан ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлтийг гурван жилд 10 хувиар тооцон үзүүлдэг байсныг 15 хувь болгон нэмэгдүүлсэн, даатгуулагч тэтгэвэр, тэтгэмж авах өргөдлөө цахимаар өгөх, үйлчилгээг түргэн шуурхай болгох боломжийг бүрдүүлсэн талаар сайд Т.Аюурсайхан танилцууллаа.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд, тэдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар уг төслүүдийг хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Б.Бейсен, Б.Жаргалмаа нар танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл, Ц.Туваан, М.Оюунчимэг, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, Ц.Мөнхцэцэг, Н.Учрал, Н.Наранбаатар, Б.Энхбаяр, Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар, С.Чинзориг нар асуулт асууж, санал хэлэв.

Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд, эдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв. Байнгын хороо хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл бүрээр Ажлын хэсэг байгуулж, нягт нямбай ажиллахыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чиглэл болгов.

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Засгийн газраас санаачилж, өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай хэлэлцүүлгийг явууллаа. Төсөл санаачлагчийн илтгэлийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Аюурсайхан танилцуулав.

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг 11 бүлэг, 60 зүйлтэйгээр боловсруулсан байна. Хуулийн төслөөр хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлэх, хуримтлал үүсгэх, хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, хувийн нэмэлт тэтгэвэр олгох, тэтгэврийг өвлүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан талаар сайд Т.Аюурсайхан танилцуулгадаа дурдав. Хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа нь сайн дурын шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлалын, засаглал нь ил тод, санхүүгийн хувьд тогтвортой, найдвартай, бие даасан, өвлөгддөг байх зарчмыг хуулийн төсөлд тусгасан байна.

Хуулийн төслийг хэлэлцэх, эсэх талаар Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат танилцууллаа.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ц.Туваан нар хувийн тэтгэврийн сангийн эрсдэлийг хэрхэн хаах талаар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен хувийн тэтгэврийн санг эрсдэлгүй ажиллуулах, мөн нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаанд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар тооцохыг Байнгын хороонд сануулав.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Зам ашигласны төлбөрөө төлөөгүй бол оношилгоонд оруулахгүй DNN.mn

Улаанбаатар хотыг тойрсон төлбөр авах зургаан цэг цахимжсанаар иргэд зам ашигласны төлбөрөө бэлэн мөнгөөр бус ROADPAY.MN сайтаар болон бусад хэлбэрээр төлөх болсон. Тэгвэл товчоодоор нэвтэрсэн иргэдийн ердөө таван хувь нь төлбөрөө хугацаанд нь төлж байгааг албаныхан мэдээллээ. Тиймээс энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн жолооч нар автомашины оношилгоонд орохдоо зам ашигласны төлбөрөө төлсөн байхыг шаардаж эхэлсэн байна. Жолооч оношилгоонд орохын өмнө дээрх сайтаар болон Ebarimt аппликэйшний хялбар бүртгэл хэсэгт хандан зам ашигласны төлбөрөө шалган төлөх боломжтой юм. Харин товчоодын цаана гэртэй айлууд буюу СХД-ийн 32-р хороо, ХУД-ийн 14-р хороо, Налайх дүүргийн оршин суугчид албан ёсны хаягаараа тухайн хороо, дүүрэгтээ бүртгэлтэй байснаар цагаан жагсаалтад хамрагдан үнэ төлбөргүй зорчих юм.

Categories
гадаад мэдээ

Хятад улс Австралийн нүүрсний экспортын хоригоо цуцалжээ DNN.mn

Хятад улс Австралийн нүүрсний экспортод тавьсан албан бус хоригоо цуцалж эхэлсэн тухай мэдээ энэ долоо хоногт цацагдсан юм. Тэгвэл Хятадын тал энэ мэдээллийг баталжээ. Австралид суугаа БНХАУ-ын элчин сайд Шиао ЧианьКанберра хотод сэтгүүлчидтэй уулзахдаа нүүрсний экспортын ямар нэг албан ёсны хориг үйлчлээгүй байгаа, нүүрсийг худалдаж авах эсэх нь Хятадын компаниудын шийдэх асуудал гэж тайлбарласан байна.

Коронавирусийн уг гарлыг олон улсын хэмжээнд судлах уриалгад Австрали улс нэгдсэний хариуд 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн Хятадын засгийн газар тус улсаас зарим бараа бүтээгдэхүүнийг импортлохоо зогсоосон. Үүнд нүүрснээс гадна зарим төрлийн үр тариа, далайн хүнс, дарс зэрэг бүтээгдэхүүнүүд багтаж байжээ. Өнгөрсөн онд Австралид шинэ засгийн газар байгуулагдаж, Энтони Албаниз ерөнхий сайдаар томилогдсоны дараа Хятадтай харилцах харилцаанд нь эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн юм.

Арван нэгдүгээр сард Индонезын Бали аралд болсон “Их 20”-ын чуулганы үеэр Хятадын төрийн тэргүүн Си Жиньпин, Австралийн ерөнхий сайд Энтони Албаниз нар уулзсан юм. Ингэснээр Хятадын засгийн газар төрийн өмчит компаниуддаа Австралиас нүүрс авахыг зөвшөөрсөн байна. Австралийн нүүрс олборлогчид ч Хятадын талаас Австралиас нүүрс нийлүүлэх хүсэлтүүд хүлээн авч эхэлсэн гэж Reuters мэдээлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Цахим арилжааны туршилтаар 12.8 мянган тонн нүүрс борлуулав DNN.mn

Засгийн газрын “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын хүрээнд нүүрсний арилжаанд оролцогч талууд болох нүүрс худалдах болон худалдан авах сонирхол бүхий этгээдүүдийг оролцуулсан туршилтын дуудлага арилжааг Монголын хөрөнгийн бирж өчигдөр зохион байгуулжээ.

Энэхүү туршилтын дуудлага арилжаагаар, худалдах талаас 2 багц буюу нийт 12,800 тонн нүүрсийг худалдах санал ирүүлсэн бөгөөд 1 удаагийн хэлцлээр 2 багц нүүрсийг амжилттай арилжлаа. Дуудлага арилжаагаар дуудах үнэ 12.2 хувиар өссөн байна.

Categories
мэдээ цаг-үе

Бүх нийтийн цэвэрлэгээнд 2186 ажилтан, албан хаагч оролцлоо DNN.mn

Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор “Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээг өнөөдөр зохион байгууллаа.

11:00-12:30 цагийн хооронд үргэлжилсэн уг цэвэрлэгээнд нийслэлийн нутгийн захиргааны 72 байгууллагын 2186 ажилтан, албан хаагч, мөн нийслэл, дүүргийн тохижилт, үйлчилгээний газар, хэлтсийн 1389 ажилтан 193 техник хэрэгсэлтэйгээр оролцов.

Categories
мэдээ цаг-үе

Өнгөрсөн онд гаалийн татварын хураамжийн орлого 22.1 тэрбум төгрөгөөр өсчээ DNN.mn

Монгол улсын 2022 оны төсвийн тухай хуулиар Гаалийн байгууллага нь 4.1 их наяд төгрөг Улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээсэн.Гаалийн байгууллага нь 4669.0 төгрөг төвлөрүүлснээр 113.9 хувийн гүйцэтгэлтэй, 570.4 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн байна.

Орлогын гүйцэтгэлийг өнгөрөгч онтой харьцуулбал нийт орлого өнгөрсөн оны гүйцэтгэлээс 1160.8 тэрбум төгрөгөөр 33.1 хувиар өссөн байна. Гаалийн албан татвар 349.1 тэрбум төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татвар 820.7 тэрбум, Архи, дарсны онцгой албан татвар 15.2 тэрбум төгрөг, Тамхины онцгой албан татвар 10.9 тэрбум төгрөг, Суудлын автомашины онцгой албан татвар 79.2 тэрбум төгрөг, Өөрийн орлого 9.7 тэрбум төгрөг, Автобензин, дизелийн түлшний албан татвар 2.8 тэрбум төгрөг, Хураамжийн орлого 22.1 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлтэй гарлаа. Авто бензин, дизелийн түлшний онцгой албан татвар 152.2 тэрбум төгрөг, экспортын орлого 18 сая төгрөгөөр тус тус буурсан байна.

Categories
мэдээ цаг-үе

Шинэ автобусыг энэ сард багтаан үйлчилгээнд явуулна DNN.mn

Нийслэлийн нийтийн тээврийн салбарт хийж буй парк шинэчлэлийн хүрээнд нэгдүгээр сард авах 100 шинэ автобусны эхний 30 нь Улаанбаатар хотод ирлээ. Үлдсэн 70 автобусыг энэ долоо хоногт багтаан үе шаттайгаар авч ирэх юм. Эдгээр автобусыг нэгдүгээр сардаа багтаан үе шаттайгаар үйлчилгээнд явуулж эхэлнэ.

Шинэ автобуснууд нь 2022 онд үйлдвэрлэсэн, евро стандартын шаардлага хангасан, 8400 cc хүчин чадалтай евро V дизель хөдөлгүүртэй. Мөн хана, тааз, шал нь гал, усанд тэсвэртэй, цонх нь бууралттай, хүйтний улиралд цантдаггүй, давхар /вакум/ шилтэй. Зааландаа зургаан ширхэг дулаацуулгын системтэй бөгөөд өвөл дулаан, агааржуулалтын систем (Air condition), салхивчтай учир зуны улиралд хүйтнээр үлээлгэх боломжтой. Түүнчлэн хийн нумтай, нам түвшний шалтай тул иргэдэд зорчих тухтай орчинг бүрдүүлснээс гадна жолоочийн суудлыг зөөлрүүлэгчтэй, зориулалтын арьсаар бүрсэн байна. Мөн тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан налуу шат болон тэргэнцрийн бэхэлгээтэй. Галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтайгаас гадна нийтийн тээвэрт тавигдах хотын стандартын дагуу өнгө үзэмж, өнгө төрх, уламжлалыг хадгалсан загвартай юм. Мөн ирэх хоёрдугаар сард дахин 124 автобусаар парк шинэчлэл хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний чиглэл өөрчлөгджээ DNN.mn

УБТЗ-аас зорчигчийн галт тэрэгний чиглэл өөрчилсөнтэй холбогдуулан мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд “Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан иргэдийн хүсэлтээр 2023 оны нэгдүгээр сарын 22-ноос эхлэн одоо аялж буй Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэрэг хоёр салж, Улаанбаатар-Замын-Үүд-Улаанбаатар болон Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар чиглэлд аялах болсныг мэдэгдье” гэжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Раш: Тогтолцооны өөрчлөлтөөр олноороо хэлэлцэж шийддэг зарчим руу явах ёстой DNN.mn

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ой өнөөдөр тохиож байна. АИХ- ын анхны депутатуудын нэг, УИХ-ын гишүүн, ЗТАЖ-ын сайд асан Р.Раштай ярилцлаа.


-Танд Үндсэн хуулийн өдрийн мэнд хүргэе. Үндсэн хуулийг батлах процесс хэрхэн өрнөж байсан түүхэн замналаас хуваалцахгүй юу?

-Шинэ Үндсэн хууль гарах болсон нь түүхэн нөхцөл байдал, улсын хөгжлийн захиалга байв. Тэрнээс гэнэтхэн нэг өглөө босч ирэнгүүтээ баталчихсан асуудал биш л дээ. МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнхийн албан даалгавар 1988 онд гарч байсан юм. Ингээд Б.Чимид гуайгаар ахлуулсан Үндсэн хуулийг шинэчлэн найруулах комисс байгуулагдаж билээ. Тэр үед би намын Төв хороонд ажиллаж байсан. Удалгүй 1990 онд нийгмийн шилжилтийн үе залгав. Иймд Үндсэн хуулийг зөвхөн шинэчлэн найруулах биш, шинэ нийгэмд хөл тавьснаар улсын хөгжил ямар янзтай явах юм бэ гэдэг тэр бичиг баримтыг боловсруулж, батлах хэрэгтэй гэсэн санаа манай сайчуудын толгойд орж ирсэн байх. Тухайн үед МАХН эрх барьж байлаа. Г.Очирбат, Л.Түдэв, Б.Даш-ёндон дарга нар Удирдах зөвлөлийн гишүүд байв. Л.Түдэв гуай зөвхөн Үндсэн хуулийг төдийгүй шинэчлэлийн уур амьсгалыг Монголд оруулж ирэхэд, цаашид аятайхан замаар өрнүүлэхэд “Үнэн” сониноороо дамжуулж их юм хийсэн гэж хүндэтгэж явдаг.

Ардчилсан хүчний нөхдүүдтэйгээ сайхан ярилцаад, “Ер нь Ардын их хурлын сонгуулийг явуулах хэрэгтэй. Сонгуулиа явуулаад АИХ- аа шинэчлэн байгуулчихъя. Тэгээд улсынхаа хөгжлийн үндсэн бичиг баримт болох Үндсэн хуулиа шинэчилж өөрчилье” гэсэн ийм тохироонд хүрээд энэ аянд мордоцгоосон. УИХ-ын сонгууль ч болсон. Дараагаар нь УБХ-аа ч байгуулсан. Өөрөөр хэлбэл, хоёр танхимтай парламентыг тэр үед бий болгсон юм. Гүнзгий аваад үзэхэд энэ чинь бүр Богд хаант Монгол Улсын үед байсан юм билээ. Тэгээд Үндсэн хуулийг судалж, боловсруулж, оруулж ир гэсэн үүргийг авсан УБХ маань маш сайн ажилласан. Гадна дотны зөвлөхүүд ч оролцсон байх.

-Яагаад “Үндсэн хууль” гэдэг нэрийг оноож өгсөн юм бол?

-Б.Чимид гуай нарын томчууд маань Үндсэн хуульт цаазат төрийнхөө түүхийг судалцгаасан юм билээ. Тэгээд ч “эцэг” хуульдаа “Их засаг” гэсэн нэр өгөх тухай хэлэлцүүлж байв. Мань мэтээс өгсүүлээд хуучин талыг баримталдаг, одоогийн мөрдөж байгаадаа дасчихсан тийм хүмүүс голлож байсан болохоор “Үндсэн хууль” гэдэг нэрээрээ явсан л даа. Үндсэн хуулийн хууль зүйн бичиг баримтыг боловсруулахад Б.Чимид гуай, Р.Гончигдорж, Л.Лүндээжанцан нар гол үүрэгтэй байв. Бас УИХ-ын гишүүн байсан С.Төмөр гээд их сүрхий хүн байсан даа. Энэ хэд маань л хууль зүйн бичиг баримтыг чамбайруулж хэлэлцүүлсэн юм шүү дээ. Урьдчилсан төслийг аймгуудын намын хороодоор нэлээд хэлэлцүүлсэн. Тэр үед англи хэл мэддэг хүн тоотой байсан цаг. Орос хэлээрээ дамжуулж л гадны өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг судалж байсан. Манай Үндсэн хуулийн том концепцийн шинж чанартай зүйл бол хүний эрхийн тухай асуудал. Энэ бол Үндсэн хуулийн улаан шугамаар диагнальдаж явсан зүйл. Үүрэг нь гүн агуулгаараа давхар холбоотой байх л даа. Иймд эрх, үүргийн харьцаа байх л ёстой. Гэхдээ шинэ Үндсэн хуульд үүргээ орхигдуулаад эрхийг нь түлхүү хийсэн тал бий.

-Өнөөдрөөс 31 жилийн өмнө шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж байхад таны хувьд ямар санаа дэвшүүлж байв?

-Би аж ахуйн удирдагч хүн. Төмөр замаасаа сонгогдсон депутат байв. Малчны гэрт төрж, малын захад өссөн юм болохоор газар хувьчлах тухай асуудалд анхаарч байлаа. Өөрийн санаанд орсноо хэлж байсан маань Б.Чимид гуайд тоогдож билээ. Бид бэлчээрийн газрын тухай ярилцаж, санаа оноогоо солилцож байсан шиг санаж байна. Ер нь бэлчээр хувьчлах асуудал миний санаанд огтхон ч багтахгүй байв. О.Дашбалбар маань хоолойныхоо чадлаар эсэргүүцэж байлаа. Өнөөдрийн харьцаанаас харж байхад газар хувийн өмч байх нь зөв юм байна гэж боддог. Би үндэсний үзэл тал руугаа нөхөр болохоор тухайн үед болгоомжлоод байсан хэрэг. Бэлчээрийг хамаагүй хувьчилбал ямар янзтай байх юм бол доо гэсэн бодол толгойд их л эргэлдэж байж билээ. Тэрийгээ Б.Чимид гуайд хэлж, мань хүн их л ойшоож үзэж байсан даа. Үндсэн хуулийг Б.Чимид гуай “Энэ бол гарын алганд багтах эх орон юм” гэж хэлж байсан.

Үндсэн хуулийг хэлэлцэж байсан тэртээх 30 гаруй жилийн өмнө эдийн засгийн харьцааг ярьж байхад “дэд бүтэц” гэдэг үг монгол хэлний зүйд орж ирээгүй байсан үе шүү дээ. Тэгээд “Зам тээвэр” гэдэг үгийг хавчуулъя гэж үзээд санал хураалт явуулсан боловч овоо дэмжлэг авсан хэрнээ 50 хувьдаа хүрч чадалгүй унаж байв. Ер нь салбарыг онцолж дурдсан асуудал Үндсэн хуульд байхгүй л дээ. “Зам тээвэр” гэдэг санаа нь өөрөө энэ өргөн уудам нутагт үнэхээр хамгийн чухал. Энийгээ л дөмөгхөн хөгжүүлж чадах юм бол улсын эдийн засаг үүн дээрээ сүндэрлэн босч чадна гэсэн логикийн үүднээс л дээрх санааг дэвшүүлж байснаа санаж байна.

-Сэтгэл зовниж байсан асуудал байв уу?

-Иргэн хүн оршин суух газраа өөрөө тодорхойлно гэж Үндсэн хуульд ёстой “Яана даа” гэдэг бодолд дарагдаж байв. Анх Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай дэвшүүлж байсан. Замын-Үүдийг өртөө байдлаар нь ойлгох биш улсын хөгжлийн фонон дээр ойлгох ёстой. Гэтэл Замын-Үүд маань хоёр дахь Улаанбаатар болсон. Хөгжлийн хувьд Эрээнээс дутмаг ч тэр үеэ бодвол Замын-Үүд сайхан болсон. Өөр нэг асуудал гэвэл салбарын шүүхүүдийг дэвсгэр нутгийн харьяалалд нь өгнө гэсэн концепци гараад шийдсэн. Уг нь Төмөр замын шүүх шиг салбарын тусгай шүүх байх хэрэгтэй гэж би ойлгож байсан. Ялануяа төмөр зам гэдэг бол олон улсын ачаа бараа зөөдөг болохоор тэр талаар ямар нэгэн маргаантай асуудал үүслээ гэхэд сумын шүүх яаж мэдэх юм бэ. Энэ бол олон улсын дүрэм журам, дэгтэй эрх зүйн харьцааны нарийн ойлголт. Тэрийг төмөр замын шүүх л гадарлана уу гэхээс малын хулгайн тухай ярьдаг хөдөөгийн шүүх мэдэхгүй. Ингэж нэлээд ярьсан боловч бас л бүтээгүй дээ. Хэлэлцүүлгийн сүүл тал руу орон нутгийн бүлгийг хэлэлцэж байхад тухайн үед Дорноговь аймгийн дарга Мижид гэж хүн “Одоогийнхоо энэ загвараар төрийн эрх барих дээд байгууллагаа авч явмаар байна” гэж их ярьж байсан. Түүний санаа олон депутатад таалагдаж байв. Эндээс хоёр танхимтай парламент байх нь зөв. Дээд танхим нь АИХ маягай. Доод танхим нь УБХ буюу мэргэжлийн тал руугаа хууль боловсруулдаг байя гэж үзэж байв. Энэ бол олон улсын сонгодог парламентын жишиг. Үүнийг би зөв гэж одоо хүртэл боддог. Нэгэнт дээд танхим гээд байгуулчих юм бол Үндсэн хуулийн төрийн тогтолцооны тэр хэсэг орвонгоороо эргэнэ гэсэн тийм юм болоод явчих байх л даа. Тэгэхээр Үндсэн хуулийг өөрчлөхдөө гишүүдийн тоог нь жаахан нэмчихье гэдэг байдлаар биш бүр том өөрчлөлт рүү гулсаад орох болов уу даа. Ухаантай олон түмэн хэлэлцээд нэг талдаа шийдлээ гаргах байх гэж харж байна.

-Та түрүүн Үндсэн хуульд үүргийг дутуудуулсан гэж хэлсэн. Нийгэм өөрөө хариуцлагын тогтолцоог нэхдэг шүү дээ?

-Ардын хянан шалгах хорооны дарга Молом гуай Хороогоо хэвээр үлдээх гэж мөн ч их үзэж билээ. Үнэндээ ганцаардсан. 200 гаруй нэгдлийн дарга нарын дунд чинь хяналтад дуртай хүн гэж байхгүй. Шалгалтгүй л явахыг хичээнэ. Үндсэн хуулийн төсөл нь ардын хяналтгүй орж ирсэн. Тэр чигээрээ ногоон гэрлээр явчихсанд нь би ч бас харамсдаг. Хэрэв ардын хяналт байсан бол өмч хувьчлал, өнөөдрийн эмх цэгцгүй, замбараагүй асуудлууд гарахгүй байх магадлалтай. Ер нь олон түмний хяналт гэдэг манай улсад үнэхээр ус агаар шиг дутагдаж байна. Харин сүүлийн үед сошиал гарч ирээд, залуусын дуу хоолой сүрхий болж, болохгүй бүтэхгүй асуудлууд яригдаж байгаа нь сайн хэрэг. Залуучууд улс орныхоо маргаашид сэтгэл зовж, яаж амьдрахаа бодно шүү дээ. Тэдний зөв. Гэхдээ ардын хяналт байхгүй болсон нь тоогүй. Тэр үед прокурорын ерөнхий хяналтыг хүртэл авчихсан шүү дээ. Ерөнхий прокурор өөрөө ирээд “Ерөнхий хяналт хэрэггүй” гэж хэлэхэд нь би гайхаж байв. Тийм болохоор үүрэг, хариуцлага гэдгээс бүрэн ангижирсан л даа. Хяналт байхгүйгээр өмч хувьчлал руу гулсаж орсон. Энэ нь өмч хувьчлал дээр нугалаа гарах үндэс суурь болсон. Үндсэн хуулийг бүхэлд нь аваад үзэх юм бол дэлхий нийтийн жишиг, өндөр хөгжилтэй орнуудад баримталдаг зарчимд тулгуурласан нь үнэхээр сайн. Гэвч нөгөө талд Үндсэн хуулиас гарсан салбар хуулиуд нь цоорхой ихтэй, олигтой болоогүй. Тийм болохоор өнөөдөр Монгол орон улс төрийн хямралтай, эдийн засгийн гүнзгий хямралтай, нийгмийн ядуурал их, баян хоосны ялгаа тамтаггүй болсон. Ийм үед бид сайхан гэж яриад алга ташаад суугаад байж бас болохгүй л дээ.

-Сүүлийн үед тогтолцооны өөрчлөлт хийх тухай идэвхтэй ярьж байгаа. Юуг анхаараасай гэж боддог вэ?

-Өөрчлөх нь зөв. Одоогийн Үндсэн хууль гурван сар, гурван жил ч биш, 31 жил боллоо. Ерөөсөө олон нийтийн хяналт улсад ч, байгууллагад ч байх хэрэгтэй байна. Энэ бол үйлдвэрчний эвлэлийн байгууллага биш шүү. Олноороо хэлэлцэж шийддэг зарчим руу явах ёстой.

-Төрийн хулгай хэрээс хэтэрлээ. Нийгмийн болохгүй бүтэхгүй бүхэнд Үндсэн хууль буруутай мэтээр ярьж байна. Хамгийн сүүлд гэхэд таны удирдаж байсан төмөр замын салбарын хурган даргын гэрээс 7.3 тэрбум төгрөг гарч ирлээ. Энэ юу болоод байгаа юм бэ. Тийм мөнгөний үүр уурхай болчихсон газар юм уу?

-“Гүзээгээ шороодно” гэдэг энэ л дээ. Төмөр зам бол Монголын үлгэр жишээ том байгууллага. Улсын нэртэй хамт олон. Өдийд ингэж муухай хэлүүлж байх газар биш. Энэ асуудал ган замчдын дургүйцлийг зүй ёсоор төрүүлж байгаа, бүр жигшиж байна. Тэр нэг хэлтсийн дарга л байх. Дээрээсээ дэмждэг барьдаг гээд үнэн худлыг нь мэдэхгүй байна. Олны яриа ортой ч байж мэднэ. Юм болгоныг зоосны нүдээр харж болохгүй. Ер нь “цайсан даалууч” шиг юм болж байна шүү дээ. Даалуу тоглож байхдаа доголон ширээний дор хүүхдээ ивдэг, мөнгө олохын төлөө дон шүглэсэн хүнийг ингэж хэлдэг юм. Ийм муухай улайрна гэж байх уу. Тэр сейфэнд ярайгаад байгаа мөнгө чинь төмөр замын бодит орлого биш нь биш л дээ. Гагцхүү цөөхөн вагоныг ачихын тулд оочер дайруулаад дундаас нь гардаг дамын наймаа юм билээ. Вагон худалдаж, дундаас нь гарч ирсэн хахууль. Яг бодит орлогыг хулгайлсан юм хараахан биш. Гэхдээ бодит орлогыг нэмэгдүүлэх тал дээр зөндөө ажил бодох хэрэгтэй л дээ. Ер нь бол онгорхой хаа сайгүй байна. Зөв нөхөөс тавихгүй л бол буруу юм шүглээд байна. Шударга бусыг цэцэглүүлж байна шүү дээ. Бас л зүйлийг нэмж хэлэхэд, бүх юмыг цахим гэдэг боллоо. Энэ зөв нь зөв л дөө. Гэхдээ бидэнд бодит юм, амьд яриа харилцан ойлголцол хэрэгтэй.

-Үндсэн хуулийг батлалцаж байсан хүний хувьд өнөөгийн нийгмийг хараад танд ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Зарим үед гутармаар ч юм шиг санагддагаа нуугаад яахав. Үндсэн хууль тунхагийн бичиг баримт. Гэхдээ хүзүүндээ зүүж явдаг сахиус биш. Сайхан ирээдүйг жирийтэл бичиж баталсан ч гэсэн тэрийг хэрэгжүүлэх тал дээр муухай алдаанууд гаргалаа л даа. Иймээс Үндсэн хуулийг зүхэхээс илүү өнөөдөр хэрэгжүүлж байгаа механизм нь юу билээ гэдгийг бодох хэрэгтэй. УИХ хууль гаргаад орхидог биш. Тэрийгээ хянадаг, шалгадаг байх ёстой. Харин намын дарга, Ерөнхий сайд хүүг овоо доо, зоригтой дуугарч, шийдэмгий ажиллаж байна даа гэж бодож байгаа. Аргагүй цаг үеийн шаардлага байлгүй дээ.


Categories
мэдээ цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна DNN.mn

Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа суух, осолдох тохиолдол гарсаар байна.

Он гарсаар Хөвсгөл, Баян-Өлгий, Завхан аймагт мөс цөмөрсөн гурван удаагийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, автомашиныг татан гаргалаа.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын эхний арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-65 см нэмэгдсэн хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна