Categories
мэдээ цаг-үе

Өнгөрсөн шөнө Нисэх, Яармаг орчмоор -41 хэм хүрч хүйтэрчээ DNN.mn

Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын төв хэсгээр – 31 хэм, Туул голын дагуу Нисэх Яармаг орчмоор -41 хэм хүйтэн хоносон талаар УЦУОШГ-аас мэдээллээ. Харин өмнөх шөнө нь Сэлэнгийн Зэлтэр, Орхонтуул, Завханы Идэр, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Баянзүрх, Хатгалд -40 хэм, Завханы Яруу, Тэс, Баянхайрхан, Нөмрөгт -41 хэм, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Цагааннуур, Завханы Их-Уул, Тэлмэн, Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэсд -42 хэм, Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ, Цэцэрлэг суманд -43 хэм, Завханы Отгон, Тосонцэнгэл, Цэцэн-Уул суманд -45 хэм, Увсын Зүүнговьд -46 хэм хоносон бол хамгийн хүйтэн хоносон нь Завханы Баянтэсд -47 хэм хүйтэн хоносон юм.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Үндсэн хуулийн барилдаанд Э.Оюунболд түрүүлэв DNN.mn

Шинэ үндсэн хуулийн батлагдсаны 31 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын заан Ц.Одбаяр, М.Лхагвагэрэл, улсын харцага Ш.Пүрэвгарьд, Г.Бадрах, улсын өсөх идэр начин Б.Эрдэнэхүү, С.Батчулуун, Н.Мустафа тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдав.

Тус барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Хан Хэнтий аварга” дэвжээний бөх улсын арслан Энхтөгсийн Оюунболд түрүүллээ. Харин Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Даян” дэвжээ, “Хилчин” спорт хороо, “Жем интернашиональ” компанийн бөх улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл үзүүрлэсэн юм.

Үзүүр, түрүүнд үлдсэн бөхчүүд бараг 40 гаруй минут барилдаж хаялцаагүй тул хөлийн цэцүүдийн шийдвэрийн дагуу идэвхээр арслан Э.Оюунболд давуулсан юм.

Их шөвөгт Архангай аймгийн Булган сумын харьяат “Бөх Билэгт” дэвжээ, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” компанийн бөх улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат “Таван хан” дэвжээ, “Аврагч” спорт хорооны бөх улсын начин Насанцогтын Баярбаатар нар шалгарлаа.

Categories
мэдээ цаг-үе

НӨАТ-ын сугалааны тохирол ирэх лхагва гаригт явагдана DNN.mn

НӨАТ-ын урамшууллын арванхоёрдугаар сарын сугалааны тохирлыг ирэх Лхагва гаригт /2023.01.18/ 13:00 цагаас Боловсрол суваг телевиз болон Ebarimt аппликэйшнээр шууд дамжуулна. Тус тохиролд 2022 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг нэгдүгээр сарын 8-ны 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн бол сугалаандаа хамрагдах юм.

НӨАТ-ын сугалааны тохиролд:

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
  • 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авахаар шинэчилсэн билээ.

НӨАТ-ын баримттай холбоотой Сангийн сайд Б.Жавхлан, “НӨАТ-ын сугалааны системийг цахимжуулж, ил тод болгосон. Иргэдийн зүгээс зарим сар супер азтан таарсангүй гэдэг шүүмжлэлийг өгдөг. Одоо бүх азтан тодорно. Олон баримт уншуулах тусам таны хожих магадлал өндөрсөнө. Уншуулсан баримтын хэмжээгээр сар бүр сугалаанд өгөх хонжворын сан нэмэгдэнэ гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Лодойсамбуу: Монгол Улсын төр хоёр сая төгрөгтэй өрхийг хүүхдүүдээ тэжээх хангалттай орлогын эх үүсвэр гэж үзэж байна DNN.mn

“Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбуутай УИХ, ЗГ-ын зарим шийдвэр, хууль, тогтоомж Үндсэн хуулийг зөрчсөн талаарх Үндсэн хуулийн Цэцэд хандсан асуудлаар нь ярилцлаа.


-Та Үндсэн хуулийн Цэцэд иргэнийхээ хувиар хандлаа. Ямар учир шалтгаанаар Цэцэд хандах болов гэдгээ тодорхой тайлбарлаад өгөхгүй юү?

-УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсад сүүлийн найман парламентын туршид 700 гаруй хууль батлагдсан. Үүнээс идэвхтэй мөрдөгддөг 400 хуулиас 180 орчим хууль нь хүний эрхийн зөрчилтэй зүйл байна” гэж хэлсэн байдаг. Хүний эрхийн зөрчил гэдэг бол Үндсэн хуулийн зөрчил. Ер нь Үндсэн хуулийн зөрчилтэй органик болон процессын маш олон хууль бий. Үүний бодит жишээг бид бүгдгийг нь мэднэ. Харин нийтэд шууд хамааралтай шийдвэрүүд оны өмнө буюу өнгөрсөн 11 дүгээр сараас эхлээд батлагдаад шинэ оны эхнээс хэрэгжиж байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрч болохгүй. Энэ цаг мөчид бид Үндсэн хуулиа өөрчлөх асуудлыг ярьж байгаа. Гэхдээ төр нь өөрөө хууль дээдлэх зарчмыг мөрддөггүй ийм үед Үндсэн хуулиа өөрчлөх шаардлага байна уу. Одоо байгаа Үндсэн хууль болон өнгөрсөн 2019 онд нэмэлт оруулсан өөрчлөлтүүдээ төгөлдөржүүлэх алхмуудыг огт хийсэнгүй. Эдгээр дагалдах хуулиудыг улстөрчид өргөн бариагүй, зүгээр сууж байна. Эсрэгээрээ Үндсэн хуулиа зөрчсөн шийдвэрүүдийг олон гаргаж байна. Тиймээс энэ бүх асуудлыг нотлох баримттай, үндэслэлтэйгээр Үндсэн хуулийн Цэцэд хандсан.

-Яагаад Үндсэн хуулийн Цэцэд хандах болов оо. Мэргэжлийнхээ буюу сэтгүүлчийнхээ чиг хүрээнд энэ асуудлыг хэлж болохгүй байв уу?

-Асуудал гараад байгааг сэтгүүлчид бид чимээгүй хараад суудаггүй. Бүх талаас нь мэдээлж, олон нийтэд ил болгодог. Зохих ёсны хүмүүст нь ч хэлдэг. Гэвч эцсийн байдлаар бид ямар ч үр дүнд хүрсэнгүй.

Миний хувьд мэргэжлийнхээ чиг хүрээнд Сангийн сайдтай хүүхдийн мөнгө, татвартай холбоотой асуудлаар ярилцсан. Дараа нь Хууль зүйн сайдтай, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргатай гээд шат дараалалтай ярилцаж, шаардлагаа тавьсан. Удаа дараа тойм нэвтрүүлгүүдээ хийж байна. Гэтэл ямар ч үр дүн гарч ирэхгүй байна. Хий хоосон хадан дунд хашхирчихсан болоод л өнгөрч байна. Ингээд ирэхээр яах уу. Үндсэн хууль, хүний эрхийн зөрчилтэй өчнөөн алдаатай шийдвэр гараад байхад хуульчид, эдийн засагчид, нөгөө сэхээтнүүд гэгдэх хүмүүсийн нэг нь ч дуугарахгүй байна. Өөрөөр хэлбэл, мэдлэг хуримтлуулсан, биднийг түүчээлээд аваад явж байх ёстой хүмүүс нь чимээгүй байсан гэсэн үг. Тиймээс л энэ хүмүүсийг уриалъя, улмаар иргэнийхээ хувиар Цэцэд хандъя гэж шийдсэн, ийм л зүйл. УИХ, Засгийн газар нь улс төрийн шийдвэрээр Үндсэн хуулиа зөрчөөд байгаагаа мэдсэн атлаа эргэж харахгүй байна. Тиймээс л Ч.Лодойсамбуу гэх хүн иргэнийхээ хувиар энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандахаас өөр аргагүй байдалд орсон.

-Мэдээж иргэний хүсэлтийн дагуу Цэц холбогдох асуудлыг хуулийн хүрээнд шийдэх нь тодорхой. Гэхдээ таны хүссэн ч гэх юм уу, Цэц нэг тийм шийдвэр гаргачих болов уу гэсэн ямар итгэл үнэмшил байна вэ?

-Юутай ч 14 хоногийн дотор уг асуудлаар маргаан үүсгэх эсэх талаараа нэг шийдвэр гаргах байх. Цэц бол Үндсэн хуулийн хамгаалагч. Үнэхээр хамгаалагч л юм бол уг асуудлыг хэлэлцээд маргаан үүсгэж, мухарлах зайлшгүй шаардлагатай.

-Таны тавьж байгаа үндсэн асуудлууд юу байна. Энэ талаараа товч, тодорхой тайлбарлаад өгөхгүй юү?

-Гурван үндсэн асуудал тавьж байгаа юм. Нэгдүгээрт, хүүхдийн мөнгийг эцэг эхийн орлогоос нь хамаарч ялгавартай байдлаар өгч байна. Өөрөөр хэлбэл баячуудад мөнгө өгөх хэрэггүй гэх шударга ёсны эсрэг ойлголтыг эрх баригчид олон нийтэд өгөөд байна гэсэн үг. Хуульдаа хүүхдийн хуримтлал гэж байсныг болиод хүүхдийн тэтгэмж болгосон. Халамж гэсэн үг. Өмнө нь хуримтлал гээд бүгдэд нь өгдөг байсан бол одоо тэтгэмж гээд хэсэг бүлэгт нь өгдөг боллоо. Жилийн дотор төр гаргасан шийдвэрээ хэд хэд өөрчилчихөж байна. Монгол Улсын төр хоёр сая төгрөгтэй өрхийг хүүхдүүдээ тэжээх хангалттай орлогын эх үүсвэр гэж үзэж байна. Хуульдаа хүүхдийн гээд онцлоод заачихсан л бол хүүхэд болгонд л мөнгийг нь олгох ёстой. Түүнээс биш хүүхэд эцэг эхээ сонгож төрөхгүй нь тодорхой. Үнэхээр айл өрхүүдийн орлогоор хэмжээ зааж хүүхдийн мөнгийг олгож байгаа бол хуулиа өөрчил. Хүүхдийн мөнгө биш бага дунд орлоготой өрхийг дэмжих мөнгө ч гэдэг юм уу, тийм биз. Манай Үндсэн хууль тэгш шударга байх зарчимтай. Гэтэл төрийн зүгээс гаргасан энэхүү шийдвэр нь тэгш шударга байх зарчмыг алдагдуулсан.

-Хүүхдийн мөнгөнөөс гадна татварын асуудлаар мөн Үндсэн хуулийн Цэцэд хандсан байсан. Татварын хувьд ямар асуудал тавьсан бэ?

-Хувь хүний орлогын албан татварын хуулиар татварын шаталсан тогтолцоотой болж байгаа. Гэтэл уг тогтолцоо нь өөрөө мөн адил Үндсэн хуулийн тэгш, шударга байх зарчимтай зөрчилдсөн шийдвэр болсон. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар 1.5 тэрбумаас дээш орлоготой аж ахуйн нэгжээс нэг хувийн татвартай. Гэтэл 11 сая төгрөгийн орлоготой хувь хүн 11 хувийн татвар төлөх болж байна. Энэ нь нэгдүгээрт, Үндсэн хуулийн тэгш, шударга байх зарчмыг алдагдуулсан үйлдэл. Хоёрдугаарт, орлогоор нь мөн адил ялгаварлаж байна гэсэн үг. Үүгээрээ Монголын төр иргэдээ өндөр орлого олж амьдарч болохгүй гээд шууд зарлачихлаа. Энэ нь Үндсэн хуулийн суурь үзэл санааны эсрэг зүйл. Манай Үндсэн хууль бол хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээлийг дээдэлдэг. Хөдөлмөрлөсөн хүн боломжоо ашиглаад илүү хөдөлмөрлөх боломжийг нь нээж өгсөн Үндсэн хууль. Гэтэл үүний эсрэг шийдвэрийг төр нь мэдсээр байж гаргаад байгаа юм. Хүн өнөөдөр өндөр орлоготой байж болохгүй юм байна. Өндөр орлоготой байхын тулд орлогоо нуух шаардлагатай болж байна. Эсвэл орлогоо бага байхыг тулгаж байна. Өөрөөр хэлбэл, бүх хүнийг тэгш байдалтай байлгах санаархал төрд байна гэсэн үг. Энэ бол социализм ч биш бүр коммунизм. Гэтэл бид коммунизм орон биш. Монгол Улс бол ардчилсан улс.

-Нөгөөтэйгүүр эрх баригч нам татвар нэмэхгүй гэж гарч ирсэн. Гэтэл ингээд нэмээд байгааг л та асуудал болгож хөндөв үү?

-Татварын ерөнхий хуульд өөрчлөлт орсон. Уг хуулиар татварын албанаас гадна 17 орчим байгууллага банкинд шаардлага хүргүүлээд л хувь хүний дансны мэдээллийг шууд авах эрхтэй болгож өгсөн. Сая Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт ороод 10 сая төгрөгөөс дээш болбол татвар нэмэгдэх, тэрхүү орлого нь 10 саяас дээш болж байна уу гэдгийг шалгах шаардлагатай болсон. Уг хуулийг харахаар цалин болон түүнтэй дүйх орлогыг гэж байгаа. Дансаар орж ирж байгаа бүх орлогын тухай ярьж байна. Тэгэхээр хувь хүнд ямар ч байдлаар хэчнээн ч орлого орж ирж болно. Тэгэхээр уг хууль бол эдийн засгийг тэлэх, чөлөөт зах зээлийг төгөлдөржүүлэх бодлогынхоо эсрэг хууль болсон гэсэн үг. Далд эдийн засаг гэж байнга ярьдаг. Гэтэл эдгээр хуулиудаараа далд эдийн засгийг жинхэнэ утгаараа бий болгох гэж байна. Хоёрдугаарт, хүний өмчид дураараа халдаж эхэлж байна. Хүн өмчтэй байх, өмчөө хамгаалах, хамгаалуулах Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй. Өөрөөр хэлбэл, төр нь иргэнээ нэгждэг болсон гэсэн үг. Энэ үйлдлээ хуулиар зөвшөөрүүлээд өглөө. Татвар гэдэг бол бусад оронд албан бус байдаг. Сайн дурын ажил. Татвар төлснөөрөө төрийн үйлчилгээг чанартай сайн авдаг. Тийм учраас тэд татвар төлөхдөө маш их аз жаргалтай байдаг. Харин Монголд энэ зүйл эсрэгээрээ байна. Татвар төлөөд байгаа атлаа л төрийн үйлчилгээг авч чадахгүй. Төрийн үйлчилгээ гэж дампуу л зүйл байна шүү дээ. Тэгэхээр төрийн үйлчилгээгээ сайн авч чадахгүй энэ үед татварыг нэмнэ гэдэг иргэдээ дээрэмдэж байгаатай агаар нэг.

-Ардчиллын эсрэг зүгт л явж байна гэж ойлголоо. Нөгөөтэйгүүр хувь хүний мэдээлэл алдагдаж байна гэж та хэллээ. Тэгэхээр хуулийн цоорхойг ашиглаад хууль бус үйлдэл гарах бүрэн боломжтой болжээ?

-Нэг энгийн жишээ ярья л даа. Нэг гэмт этгээд, хулгайч нөхөр татварын байцаагчтай танил байлаа гэж бодъё. Тэр нөхөр татварын байцаагчаас хэн нэгэн хүний дансны мэдээллийг авахуулчих боломжтой болж байгаа юм. Татварын байцаагч хувь хүний дансны мэдээллийг зарж ч болж байна. Иймэрхүү маягийн үндсэн гурван шаардлагатай хүсэлтээр Цэцэд хандсан. Одоо Цэцийн шийдвэрийг л хүлээж сууя.

-Энэ асуудлаар мэргэжлийн хуульчид, эдийн засагчид, иргэний нийгэм, сөрөг хүчин гээд танаас өөр хүмүүс яагаад дуугарахгүй байна вэ. Тэд энэ асуудлыг олж харахгүй байгаа юм уу?

-Олж харж чадаж байгаа. Бүгд л энэ асуудлыг мэдэж, ойлгож байгаа. Гол нь дуугарахгүй байна. Яагаад гэвэл манайд төрийн ажлаас дээгүүр улс төрийн үйл ажиллагаа, улс төрийн өрсөлдөөн илүү байна. Төрийн ажлаа даваад, дэвсэлж байна. Өөрөөр хэлбэл, төрийн үйл хэрэг нь улс төрийн үйл ажиллагаагаа дийлэхгүй болтлоо улстөржиж байна гэсэн үг. Өмгөөлөгч, хуульчид ярихгүй байна. Засгийн газрын бодлогыг эсэргүүцдэг, шүүмжилдэг эдийн засагчид ховор болсон. Яриа өгөх хүн бидэнд олддоггүй, зугтаадаг болсон. Монгол Улсад мэргэжлийн гэх хүмүүс нь хувь хувьдаа айгаад суучихаар ямар тэгш эрх, ямар шударга ёс ярих юм бэ. Тэр дундаа хуульчид нь айгаад таг суучихсан байна шүү дээ. Хуульчид хууль, эрх зүйн тогтолцоогоо хамгаалах чадамжгүй болчихсон байна. Тэд хамгаалахаасаа айдаг болчихсон.

-Цэц таны хүсэлтийг хэрэгсэхгүй болгочихвол яах вэ?

-Хэрэгсэхгүй болгох үндэслэл уг нь байхгүй л юм. Үнэхээр хэрэгсэхгүй болгочихвол одоо заяа нь тэр юм байлгүй дээ. Өөр яах билээ. Ямар ч нэмэр алга байна шүү дээ. Жагсаал хийх юм уу. Би хувьдаа тэмцэгч, жагсагч болмооргүй л байна.

-Таныг улстөрчдийн гаргасан шийдвэрийн эсрэг тэмцээд, улмаар Цэцэд очиж асуудлаа тавьж байгааг зарим хүмүүс улс төр лүү орох гэсэн ажлаа эхэлж байна гэж шүүмжилж байх юм. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?

-Тэгж ярьж байгаа хүмүүс субьектив хандлагаасаа огт гараагүй. Өөрөөр хэлбэл, оюун санааны ухамсарт түвшинд очих хаа ч байсан хүмүүс нэг иймэрхүү зүйл ярьж, бичиж байна лээ. Эдгээр хүмүүс юун тухай ярьж байна вэ гэж анхаарахаас илүү хэн ярьж байгааг нь анхаардаг. Энэ бол ямар ч улс төрийн үйл ажиллагаа огт биш. Эцсийн үр дүндээ ирээдүйд бид хоорондоо мөнгө, хутга, махан биеэрээ тулалддаггүй байх нийгмийн төлөө л явж байгаа зүйл. Одоо бид хууль дээдэлдэг зарчмыг л барьж явахаас өөр арга байхгүй. Эрдэнэбат прокурорын нэг үг бий. “Хуульч хүн байна даа, хуульдаа л найдна даа” гэсэн. Энэ үг бол үнэн. Тиймээс л хууль дээдэлдэг зарчмыг улам төгөлдөржүүлэх, хамгаалах шаардлагатай.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​С.Батдөлийн хүүхдүүд цахим гадуурхалд өртөж эрх нь зөрчигдөж байгаа юу? DNN.mn

Гэрээс нь их хэмжээний мөнгө олдсон УБТЗ-ын албаны орлогч дарга С.Батдөлийг цагдан хорих шийдвэрийг шүүхээс танилцуулах үеэр түүний хэлсэн үг анхаарал татахаар байгаа билээ. Тэрээр “13 настай охиныг минь миний хэргээс болж анги хамт олон нь гадуурхаж, бүхий л зүйлээс нь хасч байна. Цахимаар өрнөж байгаа асуудлыг охин маань уншаад нүдээ бүлцийтэл уйлж байна. Шилжилтийн насны охиныхоо сэтгэл зүйд маш их санаа зовж байна” гэсэн агуулгыг ярьсан юм. Хүүхдийн эрх, цахим гадуурхлын талаар Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын Хүүхдийн хэлтсийн дарга Г.Мөнхнасантай ярилцлаа.


-Гэрээс нь их хэмжээний мөнгө олдсон УБТЗ-ын албан тушаалтны хэргийн талаар та дуулсан байх. Тэрээр өөрийнх нь хэрэгтэй холбогдуулж өсвөр насны хүүхэд нь цахим гадуурхалд өртсөн тухай шүүх хурлын үеэр онцолж байсан. Түүний холбогдсон хэрэг тусдаа асуудал. Гол нь хүүхэд эцэг эх нь хэн байхаас хамаарч ялгаварлан гадуурхалд өртөж болох уу?

-Сошиал мэдээллийн сувгууд үүсч хөгжсөнөөр үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчны гадуурхалттай холбоотой

гэмт хэрэг маш их гарч байгаа.

Үүнээс болж амиа хорлох хүртэл хэмжээнд хүрдэг асуудал бий болсон. Энэ агуулгын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулиас эхэлж ярих хэрэгтэй. Энэ хуульд аливаа хүнийг шашин шүтлэг, үзэл бодол, гарал үүслээс үл хамаарч эрх тэгш хандах ёстой гэдэг. Эцэг эх нь, эсвэл эхнэр нөхөр нь аливаа хэрэгт холбогдлоо гэхэд үр хүүхдэд нь, эхнэр нөхөрт нь, аав ээжид нь хэргийг нялзааж, шууд яллах нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хориотой.

-Энэ тохиолдол хүүхдийн эрхийн зөрчил мөн үү. Та бүхэн хүүхэдтэй тулж ажилладаг хүмүүс. Ийм кейс хэр их гардаг вэ?

-Энэ тохиолдол нь тухайн хүн шүүх хурлын үеэр дурдсанаас биш албан ёсоор манайд өргөдөл гомдол гаргаагүй байгаа. Олон нийтийн сүлжээнд гарсан мэдээллийг бид хараад “Ийм асуудал байна шүү. Мэдээж энэ бол хүүхдийн эрхийн ноцтой зөрчил.

Сүүлийн үед гэр бүлийн салалт юм уу, өөр бусад шалтгаанаар томчууд хүүхдээ ашиглаж ярих, эд хэрэгсэл болгодог буруу хандлагууд ихээр гарах болсон. Бид ч тодорхой кейсүүд дээр ажилласаар ирсэн. Гэхдээ хувь хүний нууцтай холбоотой учраас дэлгэрэнгүй ярьж болохгүй байна.

-Цахим гадуурхалд өртсөн хүүхдэд ямар нөлөөлөл үүсдэг юм бэ?

-Цахим орчныг хүүхдүүд өөрийн амьдралын аль түвшинд хүлээж авч байгааг үнэлж дүгнэх шаардлагатай болсон. Жишээ нь, тухайн нэг хүүхэд сонирхлынхоо дагуу группэд нэгддэг. Түүндээ маш их анхаарал төвлөрүүлж, нэг ёсондоо донтдог. Гэтэл тэр группээс нь хэн нэгэн хасчихад л хүүхэд өөрийгөө маш том гадуурхалд өртлөө гэж хүлээж авдаг. Сэтгэл зүйн хувьд маш ноцтой үр дагавар үүснэ.

Насанд хүрэгчид бол өөр шүү дээ. Харин хүүхдийн сэтгэхүй маш эмзэгээр хүлээж авдаг. Таны хэлсэн кейсээр бол хүүхдийн сургууль, анги хамт олны группээс гаргачихсан байна гэдэг маш ноцтой.

-Тийм хүүхдийг яаж мэдэх вэ. Томчууд тэр бүр хүүхдээ анзаардаггүй шүү дээ. Ямар зан авир түлхүү гаргадаг юм бол?

-Янз бүр. Дуугаа хураана. Тийм үед нь ээж аавууд нь мэдэхгүй “Чи яагаад дуугүй болчихов” гээд л уурлаад, өөр зүйлээс шалтгаан хайгаад байдаг. Эсвэл хүүхэд маш догшин ааш авиртай ч болдог.

-Нийгмийн сүлжээнд хүнийг гэр бүлээр нь ялладаг хандлагыг яаж өөрчлөх ёстой вэ?

-Сошиал сүлжээнд нийтлэг нэг асуудал гарч байгаа. Гэм буруу нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хүнийг шууд ялладаг, гэмт хэрэгтэнээр дууддаг. Хоёр дахь нь томчууд хоорондын маргаан тэмцлээ шууд лайваар үзүүлдэг. Бие биен рүүгээ болох болохгүй үг хэлнэ, тэр битгий хэл барилцаж авдаг. Энэ нь тэднийг харж байгаа хүүхдүүдэд маш сөрөг үр дагавар үзүүлж байдаг. Бид сургуулийн орчинд чадлаараа ажиллаж байгаа. Гэтэл нөгөө талд томчуудын хандлагыг өөрчлөх асуудал ч чухал байна. Тухайлбал, олон нийтийн сүлжээтэй яаж харилцах вэ, яаж эерэг мэдээлэл түгээх вэ гэх мэт соён гэгээрүүлэх ажил чухал байгаа юм.

-Хүүхдийг цахим гадуурхалтаас сэргийлэх талаар та бүхэн ямар ажил хийж байна?

-Хүүхэдтэй холбоотой цахим сүлжээнд асуудал үүсэхэд бид тухай бүрт нь баримтжуулж холбогдох аймаг, дүүргийн хүүхдийн улсын байцаагч руу шилжүүлээд хяналт шалгалт хийдэг.

Сүүлийн үед ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газартай манай “108” хүүхдийн дуудлагын утас хамтарч ажиллаж байгаа. Мөн Харилцаа холбоо, технологийн газартай энэ чиглэлээр хамтарч “ekids.mn” тусгай мэдээллийн сайт нээгдсэн. Өнөөдрийн байдлаар 200 орчим төрлийн контент мэдээлэл нийлүүлсэн байгаа. Өнгөрсөн 2022 онд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 330 гаруй нийгмийн ажилтнуудад Харилцаа холбоо технологийн газартай хамтраад онлайнаар яг энэ цахим гадуурхалттай холбоотой сургалтыг хийсэн. Нийгмийн ажилтнуудыг энэ чиглэлээр чадавхжуулах шаардлагатай. Энэ жилийн хувьд ч энэ чиглэлээр үргэлжлүүлэн ажиллана гэв.

Хуульч, өмгөөлөгч Б.Буянжаргал: Цахим гадуурхагчдад хариуцлага тооцоххууль эрхзүйнорчинхэрэгтэй

Тэгвэл хүүхдийн цахим гадуурхалтаас сэргийлэх хууль эрх зүйн орчны талаар хуульч, өмгөөлөгч Б.Буянжаргалаас тодруулсан юм. Тэрээр “Сүүлийн үед ганц энэ тохиолдол биш хүүхэдтэй холбоотой цахим гадуурхалтын маш олон кейсүүд бий болсоор байгаа. Жишээ нь, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын хүүхэдтэйгээ харьцаж байгаа бичлэг ил болсон. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй маш онцлогтой. Цочромтгой, хэн намайг юу гээд хэлчихэв гэж нухацтай авч үздэг, түүнээс улбаалаад би муу хүн юм байна гэж өөртөө итгүүлдэг. Сэтгэл зүйгээ удирдах учраа олоогүй үе байдаг. Үүн дээр хоёр гаргалгаа байх ёстой. Нэгд, эцэг эхийн хүүхдүүдийнхээ цахим орчны хэрэглээг хянах. Энэ байдал маш их алдагдсан. Хэрэв хянаж чадвал хүүхдийг цахим гадуурхалтаас сэргийлэх боломжтой. Нөгөө талд нийгэм хөгжихийн хэрээр цахим хэрэглээ нэмэгдэж байна. Гэтэл манайд үүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин байхгүй. Цахим гадуурхалтаас үүдэж хүүхдэд гэм хор учирсан тохиолдолд хариуцлага тооцох боломжгүй. Тиймдээ ч цагдаад хандсан хэргүүд хаагддаг. Хүүхэд битгий хэл томчууд ч цахим гадуурхалд өртөж сэтгэл зүйн хохирол амсдаг. Үүнийг шийдвэрлэх арга бол хууль эрх зүйн орчныг бий болгох ёстой” гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Саруул: Сүрьеэ, галзуугийн вакциныг мэргэжлийн сувилагч андуурах үндэслэл байхгүй DNN.mn

Нохойд хазуулсан есөн иргэнд андуурч сүрьеэгийн вакцин тарьсан зөрчил Сүхбаатар аймагт гарсан. Дээрх зөрчлийн хүрээнд нэгэн эмнэлгийн сувилагч О.Саруулаас тодруулга авлаа.


-Сая Сүхбаатар аймагт нохойд хазуулсан хүнд сүрьеэгийн вакцин андуурч тарьсан ноцтой зөрчил гарсан. Мэргэжлийн хүн учраас та дуулсан байх. Сүрьеэгийн вакцин, галзуугийн вакцин хоёр харагдах байдал андуурагдахаар зүйл юм уу?

-Үүнийг би гайхаад байгаа юм. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн ямар ч хүн сүрьеэгийн вакцин, галзуугийн вакциныг ялгахгүй байна гэдэг бараг боломжгүй зүйл. Нэгдүгээрт, ижилхэн шилтэй ч таг нь өөр өнгөтэй. Үүнийг адуурах үндэслэл байхгүй. Сувилагч тарихдаа вакциныг задалж, нэрийг нь уншиж хэлээд тарьдаг. Ингээд үзэхэд андуурч тарих боломжгүй байгаа биз. Эрүүл мэндийн сайд андуурч ташаа мэдээлэл өгөв үү, эсвэл энэ үйлдлийг санаатай хийсэн юм уу, ойлгохгүй байгаа.

-Есөн хүнд 19 удаагийн хатгалт андуурч хийсэн гэх мэдээллийг ЭМЯ-ны зүгээс хэлж байна лээ?

-Мэргэжлийн байгууллага ийм мэдээлэл хийж байгааг хараад их гайхсан. Хэдхэн хоногийн зайтай гурван хүнд гурван тунг шахсан гэж байна лээ. Сүрьеэгийн вакциныг нялх хүүхдэд сүрьеэ өвчнөөс хамгаалах зорилгоор хийдэг. Ингэхдээ давтамж 21-ээс дээш хоногийн зайтай тарьдаг юм. Галзуугийн вакциныг ч ингэж дээр дээрээс нь хийх үндэслэл байхгүй. Энэ чинь цагийн тариа биш шүү дээ. Мэргэжлийн бус хүн сайд болоод ташаа мэдээлэл өгөв үү, эсвэл үнэхээр ийм ноцтой алдаа гарав уу. Хэрэв үнэхээр ийм явдал болсон бол гурван тун хийлгэсэн хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл үүснэ. Эмнэл зүйн хувьд төв мэдрэлийн тогтолцоог гэмтээснээс болж хөдөлгөөний төвийн сэрэлт ихэсч амьсгал, залгих булчингуудын таталт үүсч улмаар саажилт болж, богино хугацаанд үхлээр төгсдөг өвчин. Ийм эрсдэлтэй үед сүрьеэгийн тариа хийнэ гэдэг амь насанд ч эрсдэлтэй. Сөрөг арга хэмжээг маш яаралтай авахгүй бол уушгинд асуудал үүсэхээс авахуулаад хожим нь ямар ч хүндрэл үүсч болно. Урт хугацаанд эмчийн хяналтад байх шаардлагатай. Би сүүлийн 10-аад жилийн турш эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилагч ийм алдаа гаргасан тохиолдлыг би дуулаагүй. Олон улсад ч сүрьеэ, галзуугийн вакциныг андуурч хийсэн жишээ мэдэхгүй. Мэргэжлийн бус хүн ийм алдаа гаргасан байж болзошгүй. Бусдаар бол вакциныг андуурч дээр дээрээс нь богино хугацаанд хийх үндэслэл байхгүй. Тэр тусмаа аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч хүн шүү.

-Алдаа гаргасан сувилагч нь хараа муутай байсан гэх тайлбар хэлж байна лээ?

-Өөр таглаатай сүрьеэгийн вакциныг ялгаж харж чадахгүй хүн эрүүл мэндийн байгууллагад ажиллах ямар ч үндэслэлгүй. Шаардлага хангахгүй гэх шалтгаанаар ажлаа хүлээлгэж өгнө. Энэ үйлдлийг мэргэжлийн бус хүн хийв үү, эсвэл өөр шалтгаан байв уу. Андуурч хийх боломжгүй л дээ. Ер нь галзуугийн вакцин гэдэг шууд бэлэн байдаг ч тариа биш. Эрүүл мэндийн газраас захиалж авч өвчтөнд хийдэг.

-Өөр шалтгаан гэдгээ тодруулахгүй юу?

-Санаатай алдаа байж болно. Хэн нэгний ажил мэргэжлийг харлуулах зорилготойгоор хийсэн ч юм уу

Categories
мэдээ цаг-үе

Хар бич өдөр DNN.mn

2023.1.14, БЯМБА ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 22

ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САР
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХАР БИЧ ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.1.14, Бямба гариг
  • Наран ургах шингэх: 08.38-17.24
  • Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -21 хэм хүйтэн DNN.mn

Нэгдүгээр сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32…-34 хэм, бусад хэсгээр -26…-28 хэм, өдөртөө -21…-23 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -32…-34 хэм, өдөртөө -25…-27 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -32…-34 хэм, өдөртөө -21…-23 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Дизель түлшний онцгой албан татварыг тэглэсэн хугацааг VII сарын 1-н хүртэл сунгажээ DNN.mn

Дизель түлшний онцгой албан татварыг тэглэсэн хугацааг 2023 оны долooдугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгасан болохыг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

Уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын ажлын явцад тасалдал үүсэхээс сэргийлэн дизелийн түлшний үнийг түвшинд тогтвортой хадгалах, хангамжийг тогтвортой байлгах хүрээнд Засг ийн газраас онцгой албан татварыг тэглэх шийдвэрийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гаргаж байсан юм. Эхэндээ 2022 оны долоодугаар сард хүртэл татварыг тэглэхээр төлөвлөж байсан ч онд дуустал сунгасан билээ.

Categories
мэдээ спорт

2023 онд манай улсын тамирчдын оролцох томоохон тэмцээнүүдийн хуваарийг гаргажээ DNN.mn

Монголын үндэсний олимпын хорооноос 2023 онд манай улсын тамирчдын оролцох томоохон тэмцээнүүдийн хуваарийг гаргажээ.

  • Боксын эмэгтэйчүүдийн ДАШТ Энэтхэгийн Дели хотод гуравдугаар сарын 15-31-ний хооронд
  • Боксын эрэгтэйчүүдийн ДАШТ Узбекистаны Ташкентад тавдугаар сарын 1-15-ны хооронд
  • Жүдо бөхийн ДАШТ Катарын Дохад тавдугаар сарын 7-14-ний хооронд
  • Таеквондогийн ДАШТ Азербайжаны Бакуд тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 4-ний хооронд
  • 3Х3 сагсан бөмбөгийн ДАШТ Австрийн Вена хотод тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 4-ний хооронд
  • Усан спортын ДАШТ Японы Фүкүокад долдугаар сарын 14-30-ны хооронд
  • Дугуйн спортын ДАШТ Шотландын Глазго хотод наймдугаар сарын 3-13-ны хооронд
  • Дэлхийн элсний наадам Индонезын Балид наймдугаар сарын 16-23-ны хооронд
  • Буудлагын ДАШТ Азербайжаны Бакуд наймдугаар сарын 14-нөөс есдүгээр сарын 3-ны хооронд
  • Зүүн Азийн залуучуудын наадам Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод наймдугаар сарын 16-23-ны хооронд
  • Хөнгөний ДАШТ Унгарын Будапештад наймдугаар сарын 19-27-ны хооронд
  • Бадминтоны ДАШТ Данийн Копенхаген хотод наймдугаар сарын 21-28-ны хооронд
  • Байт харвааны ДАШТ Германы Берлинд долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 6-ны хооронд
  • Хүндийг өргөлтийн ДАШТ Саудын Арабын Эр-Рияд есдүгээр сарын 2-17-ны хооронд
  • Чөлөөт бөхийн ДАШТ Сербийн Белград хотод есдүгээр сарын 16-24-ний хооронд
  • Азийн наадам БНХАУ-ын Ханжоу хотод есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны хооронд
  • Азийн танхимын болон тулааны спортын наадам Тайландын Бангкок-Чонбури хотод арваннэгдүгээр сард 17-26-ны хооронд болох юм байна.

Дээрх наадмуудаас наймдугаар сард Улаанбаатар хотноо болох Зүүн Азийн залуучуудлын наадам, ес болон аравдугаар сарыг дамнан үргэлжлэх Азийн наадам хамгийн чухалдаа тооцогдож буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like