Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл аймагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ DNN.mn

2023 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 15:39:29 цагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумаас зүүн урд зүгт 15 километрийн зайд 4.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн ч учирсан хохиролгүй талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар зодог тайллаа DNN.mn

2023 оны Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.

Энэ үеэр Монгол Улсын хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар зодог тайллаа.

Хашбаатарын Цагаанбаатар нь Монголын жүдоч. 1984 оны гуравдугаар сарын 19-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. 1995 оноос анх жүдо барилдаанаар хичээллэж эхэлсэн. 2004 оны Афины олимпоос 60кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн, 2009 оны дэлхийн аварга, 2010 оны ДАШТ-ий хүрэл медальт. Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар цолтой, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, самбо бөхийн дэлхийн хошой аварга. Монгол Улсын оны шилдэг тамирчны “Бөртэ чоно” цомыг гурван удаа (2004, 2006, 2009) хүртсэн нэгэн юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цэцэгсайхан: Хавдрын тохиолдлын 70-90 хувь нь амьдралын хэв маяг болон орчны хүчин зүйлстэй холбоотой DNN.mn

“Хавдартай тэмцэж буй дэлхийн чиг хандлага” сэдэвт уулзалт сургалтыг сэтгүүлчдэд зориулан “Хавдрын үндэсний зөвлөл”-өөс өнгөрсөн даваа гаригт зохион байгууллаа. Энэ үеэр “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын үүсгэн байгуулагч, Анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхантай ярилцлаа.


-Монгол Улсын хэмжээнд хорт хавдрын нөхцөл байдал ямар байна вэ?

-Монгол Улс хавдрын өвчлөл өндөртэй орнуудын тоонд ордог, мөн хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Дэлхийн ихэнх улс орнуудад эмэгтэйчүүдэд хөхний хавдар, эрэгтэйчүүдэд уушги, бүдүүн, шулуун гэдэсний хавдар зонхилж буй бол манайд орны хувьд эрэгтэй, эмэгтэй аль алинд нь элэгний хавдар, мөн умайн хүзүү, ходоодны хавдар зэрэг урьдчилан сэргийлэх боломжтой хавдрууд зонхилдог гэдгээрээ бусад улс орнуудаас ялгаатай дүр зурагтай байдаг.

-Хавдарт нөлөөлдөг гол хүчин зүйлс юу байдаг вэ?

-Насанд хүрсэн хүмүүсийн дундах ихэнх хавдрын хувьд шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсүүд нь тодорхой байдаг учраас урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг. Тухайлбал, элэгний хавдрын хувьд шалтгаан нь B, C вирус, архи согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой байдаг бол умайн хүзүүний хорт хавдар хүний папиллома вирусийн халдвартай, ходоодны хавдар хеликобактерийн халдвар, давсны хэт их хэрэглээтэй холбоотой байдаг.Улаан хоолойн хавдрын хувьд хэт халуун хоол цай хэрэглэхтэй холбоотой. Түүнчлэн тамхины хэрэглээ, илүүдэл жин, агаарын бохирдол нэлээд олон хавдар үүсэх эрсдэлт хүчин зүйл болдог.

-Хавдартай тэмцэх нь ямар ч улсын хувьд маш чухал асуудал шүү дээ. Хавдартай тэмцэж, хавдрын өвчлөлийг бууруулахын тулд дэлхийн чиг хандлага ямар байгаа вэ?

-Хавдартай тэмцэх дэлхийн чиг хандлага өвдсөнийх нь дараа эмчилж, олон эмнэлэг барихаас илүүтэй аль болох эрсдэлт хүчин зүйлсийг бууруулж урьдчилан сэргийлэх тал руу илүү их анхаарч ажиллах чиглэлтэй байгаа. Жишээлбэл, элэгний хавдраас сэргийлэхэд B гепатитийн вакцинд хамрагдах, умайн хүзүүний хавдраас сэргийлэхэд хүний паппилома вирусийн вакцинд хамрагдахаас гадна хавдар үүсгэдэг таргалалт, илүүдэл жингийн эрсдэлийг бууруулахын тулд өдөрт дор хаяж 30 минут дасгал хөдөлгөөн хийх, зөв хооллох зэрэг эрүүл хэв маяг, дадлуудыг амьдралдаа хэвшүүлэх, тамхи татахгүй байх, архи, согтууруулах ундаа хэт ихээр хэрэглэхгүй байх нь чухал. Хувь хүнээс өөрөөс нь шалтгаалсан урьдчилан сэргийлж бууруулах боломжтой эрсдэлүүд байдаг. Хавдрын тохиолдлын 70-90 хувь нь хувь хүний амьдралын хэв маяг болон орчны хүчин зүйлтэй холбоотой байдаг.

-Та Швейцарийн Женев хотод арваннэгдүгээр сард болсон “Хавдрын дэлхийн их хурал 2022” хуралд оролцсон шүү дээ. Олон улсын хурлын үеэр ямар асуудал, гарц шийдлийн талаар хэлэлцсэн бэ?

-2022 оны арваннэгдүгээр сард Швейцарийн Женев хотод болсон дэлхийн хавдрын олон улсын хурал дээр “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор эрт илрүүлэг бараг хийгдээгүйтэй холбоотой ирэх жилүүдэд хавдрын тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа тул улс орнууд нэмэгдэж буй хавдрын өвчлөлийг хэрхэн хурдан тусламж үйлчилгээ үзүүлэх, цаашид эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх чиглэл дээр ямар стратеги барих талаар яригдсан. Түүнчлэн ковид цар тахалтай бүх улс орнууд нэгдэж тэмцсэн сургамж, ололт амжилтыг хавдартай тэмцэх ажилд ашиглаж, улс орнууд дангаараа бус, бүх орнууд хамтарч, төрийн, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, үйлвэрлэгч зэрэг бүх оролцогч талууд хамтарч, хүчээ нэгтгэж байж үр дүнд хүрнэ гэдгийг онцолж ярьсан.

Тэрнээс гадна улс орнуудын хувьд ойрын хугацаанд гол анхаарал хандуулах хэд хэдэн хавдруудыг илүү онцолж ярьсан. Үүнд: Урьдчилан сэргийлэх боломжтой умайн хүзүүний хавдрын хувьд 2030 он хүртэл умайн хүзүүний хавдрыг бууруулах дэлхийн стратеги боловсруулж, 90-70-90 зорилт тавьсан. Энэ хүрээнд умайн хүзүүний хавдрыг устгахын тулд өсвөр насны охидын 90 хувийг хүний папиллома вирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулах, 35 болон 45 насны эмэгтэйчүүдийн 70 хувийг хүний папиллома вирус илрүүлэх шинжилгээнд хамруулах, умайн хавдраар оношлогдсон эмэгтэйчүүдийн 90 хувийг эмчлэх зорилт дэвшүүлсэн байгаа. Улс орнууд энэ зорилтод хүрэхийн тулд юу хийсэн, хаана явж байгаа талаараа үр дүнгээ танилцуулж байсан.

Түүнчлэн хүүхдийн хавдрын асуудлыг сүүлийн жилүүдэд анхаарал их хандуулж байгаа. Бага дунд орлоготой улс орнуудад хавдраар оношлогдсон хүүхдүүдийн амьдрах чадвар 20 хувь байхад өндөр хөгжилтэй улс орнуудад 80 хувь байгаа бөгөөд маш том ялгаа буй учраас хүүхдийн хавдрын дэлхийн санаачилгыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан. Ингэхдээ хүүхдийн хавдрын эмчилгээний чанар хүртээмж, оношилгоог сайжруулах замаар хавдраар өвдсөн хүүхдүүдийн амьдрах чадварыг 2030 он гэхэд 60 хувь хүртэл хүргэх том зорилтыг тавьсан. Мөн хавдрын эрсдэлүүдээс хамгийн өндөр эрсдэлт хүчин зүйл болох тамхины хяналтын талаар ч нэлээн яригдсан. Тамхины хэрэглээг бууруулахын тулд улс орнуудын үе шаттайгаар хэрэгжүүлж буй тамхины хяналтын бодлого, татварын асуудал, электрон тамхинд тавих хяналтыг сайжруулж буй үр дүнгийн талаар ярьсан. Шинэ Зеланд улс “тамхи татдаггүй залуу үе” гаргах зорилготойгоор 2008 оноос хойш төрсөн нэг ч хүнд амьдралынх нь турш тамхи зарахгүй байх асуудлыг бүр хуульчилсан зэрэг тэргүүн туршлагаа танилцуулж байсан. Хавдрын өвчлөлийг бууруулахад гол зүйл нь шалтгаантай нь тэмцэх, олон хавдрын шалтгаан нь тамхидалт учраас тамхины хяналтыг сайжруулах, тамхи үйлдвэрлэгчдийн нөлөөлөл, тэдгээрээс ангид байх талаар түлхүү яригдсан.

-Манай улсад хүүхдийн хавдрын өвчлөл их байдаг шүү дээ. Хүүхдийн хавдрын голлох шалтгаан нь юу байдаг вэ?

-Хүүхдийн хавдрын хувьд дэлхий нийтийн хэмжээнд шалтгаан нь тодорхойгүй гэж үздэг. Ганц манай орны хувьд ч биш дэлхийн хэмжээнд яг ийм зүйлээс болоод хүүхдийн хавдар нэмэгдээд байна гэсэн шалтгааныг одоо хүртэл эрдэмтэд нарийн тогтоож, нотолгоо гаргаж чадаагүй. Иймээс хүүхдийн хавдар дээр урьдчилан сэргийлэх гэдэг асуудал ярилгүйгээр хэрхэн эрт илрүүлэх, эрт илрүүлээд хэрхэн сайн эмчлэх вэ гэдэг асуудалд илүү их анхаардаг.

-Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хорт хавдрыг эрт илрүүлэхэд чухал нөлөөтэй шүү дээ?

-Засгийн газраас гаргасан эрт илрүүлгийн хөтөлбөрт нас насны ангиллаар төрөл бүрийн хавдрыг илрүүлэх эрт илрүүлэг үзлэгүүд байдаг. Хувь хүн өөрийн насны ангиллын эрт илрүүлэг, үзлэгтээ тогтмол хамрагдах нь чухал, учир нь эрт илрүүлсэн тохиолдолд хавдрыг эмчлэх боломжтой гэж үздэг.

-Монгол Улс хавдартай тэмцэхийн тулд юуг хийх ёстой вэ?

-Хавдар бүрийн урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ өөр өөр байдаг тул ялгаатай стратеги төлөвлөгөө гаргаж, зорилтот хөтөлбөрүүд хэрэгжүүлэх нь үр дүнтэй. Тухайлбал, манай оронд Засгийн газрын хэрэгжүүлсэн “Элэг бүтэн Монгол” буюу элэгний хорт хавдраас сэргийлэх том хөтөлбөр хэрэгжиж, эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний цогц арга хэмжээ авч, тодорхой үр дүнгүүд гарсан. Бидний гол анхаарах шаардлагатай хавдар бол умайн хүзүүний хавдар юм. Умайн хүзүүний хавдрын өвчлөлөөр бид дэлхийд дээгүүрт ордог, манай эмэгтэйчүүдийн дундах хавдрын 2 дугаар байрт орж байгаа хавдар. Умайн хүзүүний хавдрын эрсдэлийг хэрхэн бууруулах, вакцинжуулалтаа үндэсний товлолтод оруулж өсвөр насны хүүхдүүдэд хийдэг болох, умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэгт дэлхийн хэмжээнд гарч буй шинжилгээний арга технологийг шинээр нэвтрүүлэх зэрэг асуудалд хүчин чармайлт гаргаж ажиллавал бодит үр дүн тодорхой хугацаанд гарах боломжтой гэж харагдаж байгаа. Мөн ходоодны хорт хавдрын тохиолдол их өндөр байна. Тэгэхээр ходоодны хавдрын шалтгаан болох хеликобактерийн халдварыг оношлох, эмчлэх, давсны хэт их хэрэглээг хүн амын дунд бууруулах зэрэг цогц үйл ажиллагаа явуулбал ходоодны хорт хавдрыг бууруулах боломжтой. Зонхилон тохиолдож буй хэд хэдэн төрлийн хавдрууд дээр илүү ач холбогдол өгч ажиллавал тодорхой үр дүнгүүд гарах хэдий ч аливаа бодлого, интервенцийн үр дүн ихэнхдээ олон жилийн дараа гардгийг тооцох ёстой.

-“Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын дэргэдэх “Дарь эхийн өргөө” төвийнхөө үйл ажиллагааны талаар хуваалцахгүй юу?

-“Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын дэргэдэх “Дарь эхийн өргөө” төв нь яг дөрвөн жилийн өмнө байгуулагдаж байлаа. Орон нутгаас хотод эмчилгээнд ирсэн хавдартай өвчтөнүүдийг ар гэрийнхэнтэй нь хамт байрлуулдаг, Монголдоо анхны төв. Бусад улс орнуудад том хотуудад ирж буй хүмүүс эмчилгээгээ хийлгэх явцдаа байрлах газар байхгүй тохиолдолд тэднийг байрлуулдаг, үйл ажиллагааг нь иргэний нийгмийн байгууллагууд авч явдаг, ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг төвүүд их байдаг. Бусад улс орнуудын туршлагуудаас суралцаж, өвчтөнүүдийн дунд ямар хэрэгцээ шаардлага байгаа талаар судалгаа хийж үзэхэд орон нутгаас ирж буй хүмүүсийн хувьд хамгийн их тулгамддаг асуудал нь байрны асуудал байсан. Ихэнх хүмүүсийн хувьд хотод ирээд байрлах газар байхгүй, зочид буудалд байрлахад маш үнэтэй байдаг зэрэг нийгмийн асуудлууд их байсан. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс гэрээсээ хол ч гэртээ байгаа мэт тухтай байлгах зорилготой энэ төвийг 2019 онд байгуулсан. Манай “Дарь эхийн өргөө” төвөөр байгуулснаас хойш 21 аймгаас дөрвөн мянга гаруй хүн үйлчлүүлсэн байна. Ихэнхдээ гэр бүл, хүүхдүүдийн хамт ирдгээс гадна алслагдсан аймгийн иргэд их ирж үйлчлүүлж цөөн хэдэн хоногоос хэдэн сар хүртэл байрладаг. Холын аймгийн хүмүүсийн хувьд эмчилгээний хооронд орон нутаг руугаа олон удаа явах боломжгүй учраас эндээ байж байгаад дараагийнхаа эмчилгээнд ордог. Манай үйл ажиллагаа төрийн ямар нэгэн дэмжлэггүйгээр, сайхан сэтгэлт олон хүмүүсийн хандив дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Өвдөж зовсон, тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүст дэм болж явдаг буянтай ажил хийдэгтээ сэтгэл дүүрэн байдаг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Энхцэцэг: Эрсдэлтэй бүсээс ирж буй зорчигчдод өндөр шаардлага тавих хэрэгтэй DNN.mn

МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч, дэд профессор С.Энхцэцэгтэй ярилцлаа.


-Эрээн-Замын-Үүдийн авто замын хилийн боомт өчигдөр буюу нэгдүгээр сарын 8-ны өдөр нээгдсэн. Энэ боомт нээгдсэнээр манай улсад эдийн засгийн ямар ач холбогдолтой вэ?

-Манай улсын худалдааны гол боомт учраас хил нээгдсэнээр улс хоорондын иргэдийн харилцан зорчих боломж нэмэгдэнэ. Үүнийгээ дагаад бараа таваарын эргэлт сайжрах, дотоодын үнийн хэт хөөрөгдөл арай буурах давуу талтай.

Өргөн хэрэглээний бараа татаж авах гол газар нь Хятад улсаар дамжиж орж ирдэг болохоор худалдаа үйлчилгээний салбарын үйл ажиллагаа сэргэж, эдийн засаг ковидын өмнөх үе рүүгээ очих таатай нөхцөл нэмэгдэнэ. Ингэснээр аж ахуйн нэгжүүд ковидын үед түр чөлөөлсөн зээлээ төлөх, татвараа төлөх эгзэгтэй үе ирж байгаа учраас хил нээснээр үйл ажиллагаа жигдэрч, тогтворжиж, зээл татвараа төлөх чадамж нь нэмэгдэх талтай.

Нөгөө талаас Хятад улсын дотоодод гарч байгаа ковидын тархалт, түүнийг тогтоон барьж чадахгүй байгаа явдал нь эргээд маш том эрсдэлийг үүсгэнэ. Ялангуяа манай улсын хувьд ковидын хүндрэлийг даваад жаахан тогтвортой байдлыг хангах гэж байгаа энэ үед гол худалдааны суваг болсон, зорчигчдын урсгал ихтэй том улс руу гарах нь эрсдэлтэй.

-Төрийн бодлого хэрхэн явагдах ёстой юм бол?

-Эрүүл мэндийн үйлчилгээнүүдээ хил дагуух гол боомтууд руугаа төвлөрүүлж байршуулах хэрэгтэй. Тэгвэл Улаанбаатарт утаатай, хүйтэн байгаа энэ үед эрсдэл нэмэгдэхээс сэргийлэх боломжтой гэж харж байна. Өнгөрсөн 2-3 жилийн турш ковидтой тэмцсэн туршлагаа ашиглах шаардлагатай. Төрийн бодлого л чухал үүрэгтэй.

Зохион байгуулах чадвар, эрсдэлийг бууруулж байгаа тооцоолол, гаалийн байгууллагууд, эрүүл мэндийн байгууллагуудын хамтран ажиллах чадавх, онцгой байдал гээд бүх төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын хамтран ажиллах зохион байгуулалтаас их зүйл хамаарна.

-Үндэсний томоохон баяр болох Цагаан сарын өмнө ийнхүү хилээ нээж байгаа нь эрсдэл дагуулах болов уу гэсэн болгоомжлол үүсгээд байна уу даа?

-Тасралтгүй худалдаа хийх, иргэд харилцан зорчих орчин нөхцөлөө тогтвортой байлгаад байвал Цагаан сар манай улсын эдийн засагт нэлээд нөлөөлдөг баяр. Дотоодын инфляци, эдийн засгийн өсөлт иргэдийн нуруун дээр байгаа дарамтыг бууруулахад гадаад худалдаа тасрахгүй байх

нь маш чухал. Хэт хорьж болохгүй. Яагаад гэвэл цагаан сарын үеийн үнийн өсөлтийн дарамтаас үнийг чөлөөлөхийн тулд хил гаалийн нээлттэй байдал тодорхой түвшинд хадгалагдах нь чухал.

-Хятад улс өөрсдөө маш өндөр шаардлага тавьж байж гадаадын иргэдийг нэвтрүүлж байна. Харин Монгол Улс эрүүл мэндийн асуумж гэх ганцхан хуудсыг бөглөнө гэдэг нь олон нийтийг бухимдуулаад байх шиг?

-Эрсдэл өндөр бүсээс ирж байгаа зорчигчдод шаардлагыг өндөр тавих хэрэгтэй. Тэдний тавьж байгаа шаардлагыг адилхан тавих нь зүйтэй. Адилхан л сүүлийн 48 цагт PCR шинжилгээ өгсөн байх. Орж ир буй иргэдийн тоонд хязгаарлалт тогтоох. Орж ирсэн хойно нь 7-14 хоног тусгаарлах, нутгийн гүн рүүгээ нэвтрүүлэхгүй байх гэх мэтээр тодорхой шаардлагыг тавихгүй бол арайхийж энэ аюулын ард гарч байгаа ард түмнийхээ нийтийн эрх ашгийг хангах нь төрийн үүрэг юм.

Олон улсын хамтран ажиллах тэгш эрхийн зарчим гэж байдаг. Нийтийн аюулгүй байдлын асуудал яригдаж байгаа учраас аюулаас сэргийлж тавьж байгаа шаардлага ижил түвшинд, бүр өөрийнхөө улсын эрх ашгийг илүүтэй харгалзсан чигтээ байх ёстой. Тэгэхээр Монгол Улсын төр иргэдийнхээ эрх ашгийг илүү дээдэлсэн, хамгаалах үүднээс зарчмын үүднээс шалгуур өндөртэй байх хэрэгтэй. Тиймээс Хятад улс ямар шаардлага тавьж байна тэр шаардлагыг л Монгол Улс тавих ёстой. Ард түмний эрх ашиг номер нэг зүйл. Тэгэхээр нийтийн эрх ашгийг л түрүүнд тавих ёстой. Аюул тодорхой биш учраас нарийн тодорхой зүйлүүдийг

тооцоогүй байж магадгүй. Аюул ойртох тусам тодорхой шаардлагууд нэмэгдэх байх. Мэргэжлийн болон холбогдох байгууллагууд нь үүн дээр судалгаа хийж байгаа байх. Аюул үүсээгүй байхад олон нийтэд мэдээлэл хүргээд айдаст автуулаад яах вэ гэж бодсон байж магадгүй. Хилийн боомт нээгдэнэ гэсэн сургаар төрийн байгууллагуудын үйлчилгээ, мэдээлэл нэг дор хүрч байх хэрэгтэй. Мэдээлэлгүй байгаа иргэд эргээд төрдөө үл итгэх, айдаст автах явдал үүснэ. Үүнээс төр, иргэн хоёрын хоорондоо итгэх итгэлцэл, хамтын ажиллагааны чанарын асуудал гарч ирж байгаа.

-Монголын талаас тавьж байгаа эрүүл мэндийн асуумжийг бөглөж орж ирсний дараа гарах эрсдэл юу байж болох вэ?

-Хамгийн том аюул бол ковидтой иргэдийг нэвтрүүлчихвэл дотроо эрсдэл нэмэгдэнэ. Эргээд хорио цээр тогтоох вий, арай гэж эдийн засаг сэргээд үйл ажиллагаагаа сэргээж байтал дахиад ковидын тохиолдол нэмэгдээд үйл ажиллагааг нь зогсоох вий гэсэн айдастай л байна. Хил гааль орчимдоо энэ өвчний эрсдэлийг барьж байх хэрэгтэй. Тиймээс төр хилийн боомт ялангуяа урд хөршийн боомт орчмоор хяналтаа сайн тавихгүй бол эрсдэл үүсэхгүй гэх баталгаа байхгүй.

-Өмнөд хөрш рүү гарч худалдаа наймаа хийснээр гадаад руу мөнгөн урсгал явна. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжих чиглэлээр ямар худалдан авалт хийж болох вэ?

-Дотооддоо ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлчилгээг чанаржуулах боломж байна. Энэ бол заавал төрөөс хамаараад байх зүйл биш л дээ. Бараа таваар үйлдвэрлэх гэхээсээ илүү үйлчилгээний салбарт хөрөнгө оруулах нь дотоодын мөнгөн урсгалаа дэмжиж байгаа нэг хэлбэр. Төрөл бүрийн кофе шопууд, хоолны газрууд дотоодын мөнгөний нэлээд хэсгийг эргэлдүүлж байдаг. Үйлчилгээний салбарыг хөгжүүлэх боломж Монголд одоо л бий болж байна. Цахим систем, шинэ технологийн орчин шинэ боломжоор хангаж байна. Гадаадад мөнгөн урсгалаа гаргахаас илүү дотооддоо бизнесийн үйл ажиллагаагаа идэвхжүүлж, дотоод эдийн засгаа дэмжих хамгийн эхний алхам бол үйлчилгээний салбар байдаг. Тэгэхээр аль болох үндэсний хоолны соёлыг нэвтрүүлсэн дотоодын хоол үйлдвэрлэлээ дэмжих нь чухал. Мөн банк санхүүгийн байгууллагууд өөрсдийн хувьцаагаа арилжаалж байгаа нь 1990 оноос хойш хийгдсэн томоохон алхам. Тиймээс иргэд санхүүгийн мэдлэгээ дээшлүүлж, банк санхүүгийн байгууллагын хувьцааг худалдан авах нь ирээдүйдээ оруулж буй томоохон хөрөнгө оруулалт юм.

-Хятад улс дотооддоо халдварын тохиолдол өндөр байгаа. Тэгэхээр үүнээс сэргийлэх, уриалах зүйл танд байна уу?

-Ковидын эрсдэл их, тохиолдол нь цөөрөөгүй байгаа энэ үед заавал иргэд өмнөд хөрш рүү зорчих шаардлага байна уу гэдэгтээ бодолтой хандаасай. Өөрийн болон гэр бүл, ойр дотны хүмүүсийн эрүүл мэнд хамгийн чухал зүйл учраас үнэ цэнэтэй зүйлээ эрэмбэлж, түүнийхээ дагуу ажил амьдралаа зохицуулж сурах нь бидэнд чухал байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Доржханд: Зарим улстөрчид, “хулгайчид” Таван толгойн хувьцаанаас ногдол ашиг тараах замаар иргэдээс оноо авах тоглолтоо хийгээд эхэлчихэж DNN.mn

УИХ-ын гишүүн Т.Доржхандтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Төрийн ордонд өнгөрсөн лхагва гаригт “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл – нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалтыг зохион байгууллаа. Тус чуулганы уур амьсгал, үр дүн ямар болж өнгөрсөн бэ?

-Улс төрийн нам, төрийн бус байгууллага , иргэд , жагсагчдын төлөөлөл оролцсон зөвлөлдөх уулзалт болсон. Тус уулзалтын гол асуудал бол эдийн засаг, улс орон, нийгмийн өмнө тулгамдаад байгаа асуудлыг яаж шийдэх вэ гэдгийг хэлэлцлээ. Ингэхдээ үндсээр нь буюу тогтолцооны өөрчлөлт хийх үү, үүнийг хийхийн тулд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах эсэх, оруулбал ямар түвшинд өөрчлөлтүүдийг хийх вэ гэдэг чиглэлээр Ерөнхий сайд танилцуулга хийсэн. Танилцуулга, сэдэвтэй холбоотойгоор чуулганд хүрэлцэн ирсэн зочид өөрсдийн үзэл бодол, санал санаачилгаа тодорхой хэлсэн. УИХ-ын гишүүний хувьд ч ХҮНнамын удирдлагын хувьд ч сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ тогтолцооны өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэдэг байр суурьтай байгаа. Өмнөх гучин жилийнхээ алдааг засах , оноогоо баталгаажуулах зарчмаар ажиллаж ирсэн.

-Чуулганд оролцогчдоос гарч ирж байгаа санаа, хандлага ер нь ямар байсан бэ?

-Өглөө есөн цагаас эхлээд орой есөн цаг хүртэл сууж, 160 орчим иргэдийн саналыг нэгд нэгэнгүй бичиж, өөрийн асуудлаа мөн дэвшүүлж, санал солилцсон. Үр дүнд юу болов гэдгийг базаж дүгнэж хэлье. Чуулганд оролцогчид бүгд өнөөгийн системболохгүй байна, хулгайдаа баригдчихлаа, тиймээс Үндсэн хуулиа өөрчилье гэж байна. Үүнд бүгд санал нэгдэж байгаа нь их олзуурхууштай байлаа. Харин ялгаатай саналууд гарч ирсэн. Үүнээс Үндсэн хуулийг өөрчлөхдөө бүр цоо шинэ Үндсэн хуулийг хийх ёстой гэдэг асуудлыг дийлэнх олонх нь гаргаж тавьсан. Зарим хэсэг нь Үндсэн хуулийг нэмэлт, өөрчлөлтийн түвшинд хийх нь зүйтэй гэж байна. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоог өөрчлөх гэх мэт. Зарим нэг хэсэг нь Үндсэн хуульдаа огт гар хүрч болохгүй ээ гэдгийг хэлж байна. Учир нь нэг нам давамгайлж байгаа ийм парламентын үед Үндсэн хуулийг өөрчилж болохгүй гэж байна. Түүнээс биш өөрчлөх нь бол зүйтэй гэв. Иймэрхүү гурван том санаа гарч ирлээ.

– Таны хувьд ҮХНӨ- ийн асуудалд ямар байр суурьтай байна вэ?

– Бага ард түмэн буюу парламентаа илүү бэхжүүлсэн, төгөлдөржүүлсэн тогтолцоог бий болгож, цааш явах ёстой.

Өөрөөр хэлбэл, төлөөллийн зарчмыг маш сайн бүрдүүлж өгөх шаардлагатай. Өнөөдөр нийт ард түмний 42 хувийн саналыг авсан нам парламентад олонх болж байгаа нь өөрөө төлөөллийн зарчим алдагдсан, төлөөлөл хангагдаж чадаагүйн илрэл. Тэгэхээр цаашдаа парламентын тогтолцоог бэхжүүлэхийн тулд сонгуулийн системийг өөрчлөх буюу пропорциональ тогтолцоотой болох ёстой. Олон бүлэглэлүүдийн төлөөллийг оруулж ирэх шаардлагатай. Хоёрдугаарт, парламентын гишүүдийн тоог өсгөх хэрэгтэй. Манайх дэндүү давжаа парламент. 19-хөн гишүүний саналаар хуулийн асуудал яригддаг. Хамгийн чухал нь мэргэжлийн парламент гэдэг бол мэргэжлийн байнгын хороонуудтай байдаг. Байнгын хороод нь 19 гишүүнээр хязгаарлагддаг. Үүнээс 10 гишүүн ирсэн бол ирц бүрдэж хуралдах боломжтой болдог. Өнөөгийн парламентын бодит үнэн бол энэ. Арван хүний ирцтэй хуралдаж, зургаан хүний дэмжлэгээр хуулийн асуудал явагдаж байна. Мэргэжлийн байнгын хороонуудад асуудал хэлэлцэгдээд дэмжигдсэн юм чинь чуулганы хуралд бид юу хэлэх вэ гээд тухайн хуулийн төслийг батлаад л явдаг. Угтаа УИХ-ын гишүүн мэргэжлийнхээ хүрээнд нэг л Байнгын хороонд харьяалагдах ёстой. Гэтэл 3-4 байнгын хороонд орчихсон явж байна. Миний хувьд жишээ нь гурван байнгын хороонд харьяалагддаг. Уг нь мэргэжлийнхээ дагуу ганцхан Эдийн засгийн Байнгын хороонд л байх ёстой шүү дээ. Гэтэл тийм биш байна. Энэ бол төлөөлөл хангагдаагүйн дээр парламент дэндүү давжаа байгаагийн бодит жишээ.

-Хэлэлцүүлгийн үеэр цөөнгүй хүмүүс хоёр танхимтай парламенттай болох тухай хөндөж байсан. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Нуулгүй хэлэхэд, миний хувьд хоёр танхимтай парламент байгуулахыг дэмждэггүй. Нөгөөтэйгүүр шинэчилсэн найруулга хийх хууль зүйн боломж байхгүй. Харин нэмэлт өөрчлөлтийг гучин хувьд хийх л асуудал байгаа. Хоёр танхим гэдэг бол 1992 оных шиг биш ээ. Өмнө нь сум нэгдлийн дарга нар байсан байх, шударга хүмүүс ч байсан л байх. Одоо яг өмнөхөөрөө төсөөлөөд яриад байгаа. Яг өмнөх шигээ ингээд хүмүүсийг сум болгоноос авчихвал юу болох вэ. Нутаг усандаа хамгийн нэр нөлөөтэй, мөнгөтэй, хамаатан садантай, эсвэл дош болгоны хамгийн попууд нь цугларна шүү дээ. Ийм хүмүүс парламентыг бүрдүүлнэ гэхээр зөв тогтолцоог авчрахгүй. Нөгөөтэйгүүр, дээд танхимаараа төсвөө батална гэж яриад байх юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 76 тойрог руу урсаад алга болоод байгаа төсвийг нэг болгоё гэж яриагүй бил үү. 21 аймгаас 76 хүний төлөөлөл ирж, тойрог болгондоо төсөв батлуулж байгаа. Гэтэл үүнийг бүх сумдын төлөөлөл болгон ирүүлэх гээд яриад байна. Ингэхээр аймаг биш бүр сумынхаа төсвийг батлуулах гэж явна биз дээ. Нөгөө төсвөө нэг болгоё гэдэг зарчим хаана байна. Улам задаргаанд оруулах гэж байгаа биз. Ийм байдлаар хандах юм бол уучлаарай, тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж болохгүй.

-Татварын асуудлыг хэн хүнгүй л хөндөж байх шиг байна. Эрх баригч нам татвар нэмэхгүй гэсэн зүйл нэмчихлээ. Эсвэл татварын бодлогоор иргэдээ ялгаварлаж байна. Татварын шинэ бодлогоос болж далд эдийн засаг гаарах вий дээ гэсэн шүүмжлэлүүдийг олон талаас ярьж байна. Таны хувьд энэхүү шаталсан татварын тогтолцоог юу гэж харж байна вэ?

-Ковидын үед татвар нэмсэн нь буруу. Эрх баригчдын мөрийн хөтөлбөр, сонгогчдоо хайр зарлаж, татвар нэмэхгүй гэж гарч ирсэн асуудал бол тусдаа зүйл. Энэ огт хамаагүй. Дэлхий даяар бизнесүүд маш хэцүү байгаа. Энэ үед татвар нэмэх бус харин ч хөнгөлөлт чөлөөлөлтийг зарим улс оронд авч хэрэгжүүлж байна. Татвар нэмж байгаа нь зарчмын хувьд буруу. Гэхдээ бас тэмээ, ямаа хоёрыг харьцуулаад байж болохгүй. Дэлхийн 200 орчим улс орнуудын 40 гаруй нь хөгжсөн улсууд байна. Үлдсэн 160 орчим нь хөгжих учраа олохгүй байгаа орнууд гэж хоёр хуваадаг. Манайх учраа олохгүй байгаа орнуудын тоонд орж байгаа. Мөн баялагтай улс баялаггүй улс гэж хоёр хуваадаг. Манайх баялагтай улс. Баялаг гэдэг бол өнгөрсөн, одоо, ирээдүйн өмч. Тэр баялгийг авч ашигласан хүн 10 хувийн татвар төлдөг. Харин энд нэг ТҮЦ ажиллуулсан хүн мөн адил 10 хувийн татвар төлнө гэдэг шударга биш. Тэгэхээр баялагтай, нөөцтэй улс орны хувьд энэхүү шаталсан татварын бодлого байх нь зөв. Эдийн засгийн онолоороо ийм. Тиймээс их орлоготой хүмүүсээс өндөр, бага орлоготой иргэдээс таарсан татвар авах тогтолцоо зайлшгүй шаардлагатай. Энэ систем Монгол Улсад хэрэгтэй. Монгол Улсын хүн амын гуравхан хувьд нь нийт баялгийн 97 хувь оногдож байгаа нь өөрөө эмгэнэл. Африкт бол 99 хувь байдаг. Ийм нийгэм рүү ормооргүй байгаа учраас бидэнд шаталсан татварын тогтолцоо хэрэгтэй. Үүнийг одоохондоо манай иргэд сайн ойлгохгүй байна. Тиймээс би ярьдаггүй юм. Хэзээ ярих вэ гэхээр эдийн засаг сэргэсний дараа яривал иргэд маш сайн ойлгох байх. Шаталсан татварын дарамт гэж зүйл бараг байхгүй дээ. Үүнээс болоод далд эдийн засаг улам нэмэгдэнэ гэсэн зүйл ч байх боломжгүй.

-Иргэдийн дансанд 10 сая болон түүнээс дээш төгрөгийн гүйлгээ, орлого орж ирэхэд л татвар авна гэж зарим хүмүүс ойлгоод байгаа. Үүнд та эдийн засагч хүний хувьд тайлбар өгөхгүй юү?

-10 сая төгрөгийн өндөр цалинтай, орлоготой 1300 орчим иргэн байдаг гэж сонссон. Дансаар биш ээ. Хүн амын орлогын албан татвар гэж байгаа шүү дээ. Та сард хэдэн төгрөгийн орлоготой вэ. Тэр орлогоос тань л татвар авна гэсэн үг. Түүнээс биш дансанд орж ирсэн гүйлгээ болгоноос гээд буруу мэдээлэл иргэдэд өгчихсөн байна лээ. Энэ талаараа Засгийн газар илүү тодорхой мэдээллийг олон нийтэд өгөхгүй бол болохгүй.

-Ногдол ашиг олгох хуулийн төслийг зарим гишүүд санаачилж байх шиг байна. Улмаар ирэх хавраас ногдол ашиг иргэдэд тараана гэж байна. Энэ асуудлаар таны байр суурь ямар байна вэ?

-Төрийн нууцад оруулж хулгай хийсэн оффтейк гэрээний санхүүжилтийг зогсоо. Шаардлагатай бол хөндлөнгийн аудит оруулж бодит зардлыг тогтоо. ЭТТ ирээдүйн орлого болох 19 их наяд төгрөгөөр мухар төмөр зам зэргийг барьж өрөнд оруулчихаад, хулгайгаа баллуурдахын тулд ард түмэндээ хувьцааг нь тараана гэж попрохоо больцгоо. Жинхэнэ хулгайчдаа зарлана гэсэн МАН гишүүд одоо зарла, тэгвэл дэмжье гэдэг байр суурийг чуулганы хуралд хэлсэн. Таван толгойн ногдол ашгийг тараа гэдэг санаачилга УИХ-ын зарим гишүүдээс гарч байгаа. Тухайлбал, 34 хувийг тараа гэж байна. Энэ бол ард түмэнд таалагдах нь мэдээж. Хамгийн сонирхолтой нь АТГ-аас зарлагдсан таван гишүүн үүнийг 40 хувь байх ёстой гээд л явж байна. Ш.Раднаасэд гишүүн жинхэнэ хулгайчдыг зарлана гэсэн. Гэтэл одоо 40 хувийг иргэддээ өгнө гэж хэлээд сууж байна. Ярьсныхаа эсрэг үйлдэл хийж байна гэсэн үг. Эрдэнэс таван толгойн хувьцаагаар иргэдээс оноо авах тоглолтоо улстөрчид, хулгайчид хийгээд эхэлчихэж. Тэд саяхан Т.Аюурсайхан мэтийн нөхдүүдийг зарласан. Жинхэнэ хулгайчид нь гарч ирснээ 40 биш, бүр 100 хувийн ногдол ашиг өгнө гэж ярьж байна. Эрх баригчид сонгуулийн өмнө нэг сая төгрөг нөгөө нам нь 1.5 сая төгрөг өгч, иргэдээ худлаа халамжилсан. Үүнтэйгээ адилхан одоо хувьцааг ногдол ашиг мэтээр бүх хүнд тараагаад дуусах нь л дээ. Ийм байж болохгүй. Нөгөөтэйгүүр Оюу толгойн 34 хувийг ард түмэн авлаа гээд алгаа ташиж байсан. Өнөөдөр тэрхүү 34 хувийн ногдол ашгийг бид авсан бил үү. Эсрэгээрээ 34 хувьд ногдох санхүүжилтээ та нар хий гэсэн. Үүнийг хийх гэж өндөр хүүтэй зээл авсан. Сүүлдээ бид 2040 он гэхэд 20 тэрбум ам.долларын өртэй болоод үлдэх түүх чинь саяхных биз дээ. Юун ногдол ашиг. Яг үүнтэй адилхан жишээ Таван толгой компани дээр болох гэж байна. За яах вэ 30 ч байна уу 40 хувийг нь өглөө. Хамаг орлогыг нь авчихсан ийм компанийн хувьцааг өглөө гээд та өнөөдөр ногдол ашгаа авч чадахгүй. Тийм боломж байхгүй. Иймэрхүү иргэдэд таалагдах гэсэн худлаа попролуудаа болих хэрэгтэй.

-Бид ногдол ашиг авах нь угтаа зөв биз дээ. Харин үүнийг ямар системээр явуулах ёстой юм бэ?

-Иргэдийн өмч байх ёстой юу гэвэл, тийм л дээ. Гэхдээ уучлаарай, зөвхөн өнөөдөр амьдарч байгаа бидний үе биш үү. Ирээдүйд мөн иргэд амьдарна. Тэдний хувь ч үүнд байх ч ёстой. Бид өвлүүлэх ёстой. Тэгэхээр өнөөдөр амьдарч байгаа хүмүүст бүгдийг нь тараагаад өгчихөж болохгүй. Бид л өнөөдөр үүнээс ашиг аваад байна гэдэг зөв зүйл биш. Хамгийн түрүүнд баялгийнхаа үнэ цэнийг өсгөх шаардлагатай, ашигтай ажиллуулах ёстой. Ингэхийн тулд үүнд хувийн хэвшил оролцох хэрэгтэй. Улмаар аль хэсгийг нь иргэдэд өгөх вэ гэдгээ маш сайн судлах шаардлагатай. Хэн хүн нь дур зоргоороо 30, 40, 50, 100 хувийг нь өгнө гэж болохгүй. Ногдол ашгийн нэг хэсгийг бид авч болно, нөгөө хэсгийг нь ирээдүйн үр хүүхдүүддээ өвлүүлэх, хуримтлуулах хэрэгтэй. Хамгийн гол зарчим бол энэ. Тэгэхээр судалгаагаа сайн хийе. Хэн нэгний хэлсэн, эсвэл олон нийтийн таалагдсан зүйлд шийдвэр гаргаад явж болохгүй. Мэргэжлийн судалгаа, тооцоолол, урт хугацааны бодлого л чухал.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Харагчин тахиа өдөр DNN.mn

2023.1.15, НЯМ ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 23

ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САР
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.1.15, Ням гариг
  • Наран ургах шингэх: 08.36-17.27
  • Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -17 хэм хүйтэн DNN.mn

Нэгдүгээр сарын 14-ны 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32…-34 хэм, бусад хэсгээр -26…-28 хэм, өдөртөө -21…-23 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -32…-34 хэм, өдөртөө -25…-27 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -32…-34 хэм, өдөртөө -21…-23 хэм хүйтэн байна.

Categories
гадаад мэдээ

Хааныхаа толгойг нэхэмжилнэ DNN.mn

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нэг удаа Казахын сүүлчийн хааны толгойг Казахстаны талд буцааж өгөх тухай амлаж байсан аж. Иймээсэнэхүү амлалтыг нь нэхэж, бодитой болгоход анхаарч ажиллахыг Казахстаны парламентын гишүүн Бакытжан Смагулов ерөнхий сайд Алихан Смайловт уриалсан тухай тус улсын хэвлэлүүд өчигдөр мэдээлсэн байна.

Казахын сүүлчийн хаанд тооцогддог Кенесары хааны гавлын яс, бууных нь хамт одоо Москва хотын угсаатны зүйн музейд хадгалагдаж байгаа юм. Смагулов хааныхаа толгойн ясыг буцаан авч, эх оронд нь нутаглуулбал “түүхэн үнэнийг сэргээсэн үйл явдал болно” гэж үзэж байгаагаа парламентын чуулганы үеэр хэлсэн байна.

Казахстаны эрх баригчид Кенесары хааны толгойг буцааж авах хүсэлтээ Оросын талд олон жилийн турш тавьж байгаа ажээ. Кенесары нь 1841 онд хаан ширээнд заларч байсан гэдэг. Тэрбээр Оросын колоничлолын эсрэг томоохон бослогыг удирдаж яваад 1847 онд одоогийн Киргизстаны нутагт алагджээ. Оросын эрх баригчид түүний толгойг тастан авч, Сибирийн Омск хотод хүргэсэн байна.

2021 оны зургаадугаар сард Владимир Путин тухайн үеийн Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт хааны гавлын ясыг буцааж өгөхөө амлаж байжээ. Оросын тал Казахын эрх чөлөөний төлөө тэмцэгч Кейки Батырын гавлын ясыг өмнө нь Казахстанд буцааж өгснөөр 2016 онд эх нутагт нь оршуулж байсан юм.

Батыр нь 1916 онд гарсан Хаант Оросын эсрэг бослогыг толгойлж байжээ. Тэрээр1917 онд Большевикууд засгийн эрхийг авахад Зөвлөлт Холбоот Улсыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байсан гэдэг. Большевикууд 1923 онд түүний амийг хөнөөж, толгойг нь Санкт-Петербургийн Кунсткамерын музейд илгээсэн юм. Мөн 2017 онд Чеченийн БНУ-ын улсын тэргүүн Рамзан Кадыров 19 дүгээр зуунд Оросын колоничлолын эсрэг Чечень, Дагестаны бослогыг удирдаж байсан Хажи Муратын толгойг бас буцааж авч, эх нутагт нь оршуулах уриалга гаргаж байв. Хажи Муратын гавлын яс мөн Санкт-Петербург хотын музейд хадгалагддаг гэж “TengriNews мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ цахимаар төлөх, цахимаар мэдээллээ харах боломжтой боллоо DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ цахимаар төлөх, цахимаар мэдээллээ харах  боломжтой боллоо

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өчигдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын “Хэрэглэгчтэй харилцах төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус төв нь иргэдэд даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээлэл, зөвлөгөөг 1800-1363 лавлах утсаар өгч байна. Мөн 20 гаруй ЭМД-ын төрийн үйлчилгээг цахимаар болон биечлэн ирсэн иргэдэд үзүүлж байна.
Төрийн үйлчилгээг цахимжуулах бодлогын хүрээнд өнгөрсөн онд даатгуулагч-иргэдийн хамгийн их авдаг эрэлттэй үйлчилгээнүүдийг бүрэн цахимжуулсан. Тухайлбал иргэд Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн мэдээллээ www.emd.gov.mn сайтаас харах боломжтой болсон. Үүний үр дүнд 2022 онд нийтдээ давхардсан тоогоор 450 мянган даатгуулагч цахимаар шимтгэлийн мэдээллээ авсан байна. Мөн ЭМД-ын шимтгэлээ и.баримт аппликэйшнээр дамжуулан төлдөг болсон.
Ингэснээр 2022 онд и-баримтаар 237 мянга гаруй иргэн ЭМД-ын шимтгэлээ төлж, Эрүүл мэндийн даатгалын санд 11.1 тэрбум төгрөгийн орлогыг бүрдүүллээ. Он гарсаар 13 хоногт 19 мянган иргэн цахимаар ЭМД-ын шимтгэлээ төлж, 1 тэрбум гаруй төгрөгийг ЭМД-ын санд төвлөрүүллээ.
Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Дэлхий дахин цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн шинэ үе шатанд шилжиж байна DNN.mn

Дэлхий дахин 2030 он гэхэд үнэлгээ нь гурав дахин нэмэгдэж, олон сая ажлын байр шинээр бий болгох цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн шинэ үе шатанд шилжиж байна гэж Олон улсын эрчим хүчний агентлаг /ОУЭХА/ пүрэв гарагт мэдэгдэв.

Нарны хавтан, салхин турбин, цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэг хураагуур, устөрөгчийн электролизер зэргийг хамарсан дэлхийн цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 2030 он гэхэд ойролцоогоор 650 тэрбум ам.доллараар үнэлэгдэх тооцоо гарчээ.

Өнөөгийн түвшинтэй харьцуулахад энэ нь гурав дахин тэлсэн үзүүлэлт боловч улс орнууд эрчим хүч, уур амьсгалтай холбоотой үүрэг амлалтуудаа бүрэн биелүүлэх эсэхээс хамаарна гэдгийг ОУЭХА-ийн тайланд дурдсан байна.

Мөн цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн салбарын ажлын байрны тоо 2030 он гэхэд одоогийнхоос хоёр дахин нэмэгдэж, 14 саяд хүрнэ гэж таамаглаж байна. Гэхдээ ашигт малтмалын нөөцийн олборлолт, үйлдвэрлэлийн төвлөрөл зэрэг нь нийлүүлэлтийн сүлжээнд эрсдэл учруулж байгааг мөн анхааруулжээ.

Тухайлбал, нар, салхи, цэнэг хураагуур, электролизерын үйлдвэрлэлийн 70 хувь нь гуравхан оронд ногдож байгаагаас Хятад улс бүгдэд нь манлайлж байгаа аж. Мөн Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс дэлхийн кобальтын 70 гаруй хувийг олборлож байгаагаас гадна Австрали, Чили, Хятад гэсэн гурван улс цахилгаан автомашины цэнэг хураагуурын гол бүрэлдэхүүн болох литийн дэлхийн үйлдвэрлэлийн 90 гаруй хувийг бүрдүүлж байна.

Нийлүүлэлтийн эрсдэл бүхий ийм байдал нь эрчим хүчний шилжилтийг улам төвөгтэй хийгээд өртөг өндөртэй болгож байгааг тайланд тэмдэглэжээ. Өнгөрсөн онд кобальт, лити, никелийн үнэ өссөн нь цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэг хураагуурын үнийг 10 орчим хувиар нэмэгдэхэд хүргэсэн юм.

ОУЭХА-ийн тэргүүн Фатих Бирол худалдааны нэг эх үүсвэрээс хэт их хамааралтай байгаагаас үүдэн саатал тасалдал үүсэж болзошгүй болохыг Европын орнууд Оросын байгалийн хийнээс хараат байсныг жишээ болгон дурдаад, нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэхийг улс орнуудад уриалжээ.

Тэрбээр мөн олон улсын хамтын ажиллагааны ач холбогдлыг цохон тэмдэглэх үеэрээ “дэлхийн аль ч улс орон “эрчим хүчний арал” биш учраас улс орнууд хамтран ажиллахгүй бол эрчим хүчний шилжилт илүү их зардалтай, мөн удаашралтай байх болно” хэмээн хэлсэн байна.