Categories
мэдээ нийгэм

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 74 өргөдөл, гомдлыг хүлээн авав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын судалгаа шинжилгээний алба нь 2023 оны нэгдүгээр сарын 9-13-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 74 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 62.2 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нөөц, томилгоо, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлжээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаарт 245 дуудлага хүлээн авсан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Гомбожав: Монголчуудын хамгийн жудагтай хэсэг нь хөдөө байна DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС ………….

“Жудагт Монгол” хөдөлгөөний үндэслэгчдийн нэг АИХын дарга, УИХын орлогч дарга асан, гавьяат эдийн засагч Ж.Гомбожавтай ярилцлаа.


-Танай хөдөлгөөн байгуулагдаад хэр удаж байгаа юм бэ?

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-нд бидний хэдэн хүн “Жудагт Монгол” хөдөлгөөнийг байгуулсан юм. Олон байгууллага, хувь хүн, ард иргэд биднийг дэмжиж хамтарч ажиллая, нэгдэх цаг нь хэдийнэ болсон гэж байна. Хоёрдугаарт, Сонгуулийн тухай хууль батлагдлаа. Бид Сонгуулийн тухай хуулийг боломжийн, ард түмнийхээ үгийг сонссон тийм хууль болох болов уу гэж бодсон чинь хуучин хуулиасаа дээрдсэнгүй, харин ч зарим зүйл нь улам дордчихлоо. Ийм хоёр зүйлтэй холбогдуулж бид ард түмэндээ мэдээлэл өгч байна. Ирэх сарын 15-нд буюу шинийн найманд улсын хэмжээний үндэсний чуулган зохион байгуулна. Тэр чуулганд ард түмэн, хот хөдөөгийн ТББ-ууд, нам эвсэл холбоодын төлөөлөгчид оролцоно. Одоогоор чуулганд оролцогчдын тоог төд гээд хэлэх боломжгүй байна. Чуулганд оролцох санал хүсэлтээ байгууллага, хувь хүмүүс илэрхийлсээр байна.

-Жудаг гэж яг юуг хэлээд байна вэ?

-Хүн чанар, шударга ёс, ёс зүйгээ дээдэлж байгаа хүнийг л бид жудагтай хүн гэж хэлж байгаа юм. Одоо үед эх, эцэг нь үр хүүхдээ хайрлаж дээдлэхгүй, үр хүүхэд нь эцэг, эхээ энэрч асрахгүй, ах захаа хүндлэхгүй, юм л болбол бүхнийг хөрөнгө мөнгөний нүдээр хардаг болсон. Өвлийн тэсгим хүйтэн цагаар зам дээр хүн гараа өргөөд зогсч байвал хажуугаар нь давхиад өнгөрдөг болчихсон. Сүүлийн 25 жилд монгол хүний жудаг их алдагдаж байна.

Юунаас болж монголчууд бид жудгаа алдаад байгаа юм?

-Үүний гол эх сурвалж нь ардчилал гэдэг нэрийн дор барууны чиг хандлагаар төрийн үйл ажиллагааг явуулж байгаатай холбоотой гэж үзэж байгаа. Хүн хөрөнгөгүйгээр амьдарч болохгүй юм байна гэсэн ганц ойлгоцтой. Барууныхны олон жилийн түүх ч тийм байна л даа. Манайхан төрөхөөс ертөнцийн мөнх бусыг үзүүлэх хүртлээ өвөө, эмээ, аав, ээжтэйгээ амьдарч, эцэг, эх нь үр хүүхдээ асарч энэрсээр байдаг бол баруунд хүүхэд нь 16, 18 нас хүрвэл “Чи биеэ дааж амьдар” гээд явуулчихдаг. Өвөө, эмээ, аав, ээжийгээ аль нэг асрамжийн газарт л аваачаад өгчихдөг. Би Шведэд явж байсан юм. Тэндхийн танил маань “За, байз. Манай хүү чинь хэзээ ирлээ дээ. Улаан өндөгний баяраар нэг ирсэн бил үү, яалаа” гэж билээ. Хүү нь жилдээ ирвэл ирнэ, заримдаа бүр ирдэггүй юм байна л даа. Энэ бол монгол хүний язгуур мөн чанар биш юм аа. Монголчууд их жудагтай, хүн хүнээ хүндэлдэг байсан. Дэлхийн талаас илүүг эзэлсэн мөн чанар нь хүн чанартай байсанд оршдог байж. Гэтэл одоо хүн чанар алдагджээ. Монголчууд “Төрийн минь сүлд өршөө” гээд цай, сүүнийхээ дээжийг өргөж, төрөө хүндэлдэг байсан бол одоо тэгж хүндлүүлдэг төр маань нэр хүндээ алдчихлаа. Төр ингэж нэр нүүрээ барсны гол буруутан нь намууд. Намд итгэх ард түмний итгэл бүрэн алдагдсан. Ард түмэнтэй уулзахад “Бид одоо намын төлөө санал өгөхгүй. Өгвөл жинхэнэ монгол хүний төлөө л саналаа өгмөөр байна” гэж байна. Иргэд тийм хүнд саналаа яаж өгөх ухаанаа олохгүй байна. Тэгж санал өгөх эрхийг нь Сонгуулийн тухай хуулиар хаачихсан. Иргэд сонгуульд оролцохоос биш өөрийнхөө хүссэн төлөөллийн хүнээ сонгох эрхгүй, өөрөө ч сонгогдох эрхгүй болчихлоо.

Таны ажигласнаар нийгмийн аль хэсгийнхэн жудгаа их алдаж байна вэ. Улс төрд жудаг гэж ер үгүй гэдэг. Жудагтай үлдсэн хүмүүс бол бөхчүүд гэдэг ч тэдний ёс зүйгүй янз бүрийн үйлдэл ард түмнийг бухимдуулж байна?

-Тэр, энэ салбар гэж ер онцлох шаардлагагүй. Нийтээрээ л нэг тиймэрхүү юм руу орчихлоо. Хамгийн жудагтай хэсэг нь хаана байна вэ гэвэл хөдөөд байна. Улаанбаатар хотоос хэдий чинээ холдоно, төв суурин газраас хичнээн алслагдана тэр хэрээр хүний мөс, жудаг үлдсэн байна. Улаанбаатар хот, төв суурин руу ойртох тусам л жудаг муудаад хүнийг “Дээшээ суучих” ч гэхгүй, хоол ундны дээжээсээ ч өгчихгүй, мэнд усаа ч сайхан мэдчихгүй “Юутай вэ”, “Юу байна” гэсэн үгстэй тийм л улсууд болж хувираад байна. Гадны янз бүрийн кино, үзэл суртлын юмнууд замбараагүй боллоо. Тэр бүгд ямар ч хяналт, шалгалтгүй орж ирж байна. Энэ мэтээр олон хүчин зүйл нөлөөлж монголчууд жудаггүй болж байна.

Совесть гэдэг үгийг манайхан их ярьдаг. Тэр чинь хүний мөн чанар гэсэн үг юм гэж ойлгодог. “Чи совестьгүй хүн” гэвэл “Чи хүн чанараа алдсан хүн” гэсэн утгатай. Одоо чинь цэцэрлэг, яслийн насны хүүхдүүдээс эхлээд л бүгд байнга гар утас, компьютертэй л харьцаад байна. Хүн хүнтэйгээ харьцахаа байчихсан. Техниктэй л харьцаж, түүнээсээ хамаг мэдээллээ авдаг болчихлоо. Эх, эцэг нь ч тэр байдлыг засч залруулах янзгүй. Хүн хүнтэйгээ харьцаж, нийгмийн харилцаанд орохгүй байгаа юм чинь совестио алдахаас өөр яах юм.

Алдагдсан жудгийг яаж дахин суулгах ёстой юм бэ?

-Хүүхдийн суурь хүмүүжлээс эхлэх ёстой гэж бид бодож байгаа.

Эхийн хэвлийд олдсон тэр цагаас эхлээд л эцэг эх нь хоорондоо эв найрамдалтай байж, сургууль цэцэрлэгийн наснаас нь эхлээд хүүхдээ зөв хүмүүжүүлэх хэрэгтэй.

Жудгийг алдагдуулаад байгаа хүчин зүйлүүд нь юу юм бэ?

-Хамгийн их нөлөөлж байгаа юм чинь хөрөнгө, мөнгө юм байна. Хөрөнгөнд хүн ханадаггүй юм шиг байна. Их хөрөнгөтэй, хөрөнгөндөө ханавал ханачихаар чинээлэг хүмүүс улам л цаашаа авах гээд, бүхнийг хумих гээд байх юм. Энэ нь хүний өөрт нь байдаг шинж юм уу даа. Ер нь шуналгүй хүн гэж байдаггүй байх. Тэр нь их үү, бага уу, яаж хязгаарлах вэ, аль хэр хэмжээнд нь хүргээд зогсох вэ. Үүний л тухай асуудал шүү дээ. Эцсийн эцэст хүн бол сайхан амьдралыг л хүсч байна. Сайхан амьдралыг мөрөөддөггүй хүн гэж байхгүй. Тэгэхийн тулд манай төр засаг иргэдийнхээ бодит эрхийг нь хангах хэрэгтэй байхгүй юу. Орон сууц, унаа, хувцастай байх хэрэгтэй. Дуртай хоол хүнсээ авчих, эрүүл байх, боловсролтой байх эрхтэй. Энэ дурдсан зургаан зүйл бол хүний бодит эрх. Аль ч төр засаг энэ зургаан зүйлд гол анхаарлаа чиглүүлэх ёстой. Өнөөдөр Монголын ард түмний 95 хувь нь ядуу зүдүү, дундаас доош амьдралтай. Үлдсэн тавхан хувьд нь Монголын баялаг, хөрөнгө мөнгө төвлөрчихсөн байна шүү дээ. Энэ байдал дэлхийд ч мөн адил ялгаагүй. Дэлхийн нийт хүн амын нэг хувьд нь л дэлхийн нийт хөрөнгө төвлөрчихсөн байдаг. Тийм учраас энэ муухай шунал, бузар юмнаас салах ёстой юм. Олон жилийн түүх уламжлалтай бид яагаад жудагтай байж болдоггүй юм, яагаад нийтээрээ сайхан амьдарч болдоггүй юм. Монгол хүн их буян заяатай. Бусдыг зарж л явсан ард түмэн болохоос биш зарцлагдаж байгаагүй. 200 мянган залуус эх оронд нь цалин хөлс нь бага, амьдрал муу учраас өөрийн эрхгүй гадаадад гарч хар бор ажил хийж, эрүүл мэндээрээ хохирч, гэр бүл салж сарниж байна шүү дээ.

Шинэ оны өмнөхөн Сонгуулийн тухай хууль батлагдсан. Танай хөдөлгөөнийхөнд уг хуульд оруулах саналаа хүргүүлсэн ч ер тусгаагүй гэлээ. Та бүхэн ямар санал гаргасан юм бэ?

-Иргэн иргэнээ хөдөлмөрийн хамт олон өөрийнхөө хүссэн хүнийг нэр дэвшүүлдэг ганцхан заалтыг оруулж өгөөч гэсэн асуулт тавьсан. Бие даагч гэж бий. 801 хүний гарын үсэг цуглуулж байж сонгуульд оролцох эрхтэй. Сонгуулийн тухай хуулиар 5-7 хоногийн дотор 801 хүний гарын үсгийг бүрдүүлэх ёстой. Гэтэл өнөөдөр 801 сонгогчгүй сум улсын хэмжээнд байна. Говийн 2500-3000 хүн амтай сум байлаа гэхэд сонгогч нь 801 хүрэхгүй. 801 хүрлээ гэхэд тэдгээр хүмүүсийн ихэнх нь эрх баригч намуудын гишүүн байгаа. Тэд бие даагчийн төлөө санал өгөхгүй шүү дээ. Ер нь намууд бие даагчдаас их айдаг юм байна. Бие даагчийг гаргахгүйн төлөө хуулийг өөрчилсөн байгаа. Үүн дээр тэд их ухаан зарсан байна лээ. Муу юм хийхдээ манай энэ УИХ, Засгийн газарт байгаа хүмүүсийн толгой сайн ажилладаг. Зөв юмны төлөө чих нь битүүрчихдэг. Ёстой нөгөө илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэдэг шиг. Нэмэргүй. Яг л тугалга цутгачихсан юм шиг.

Монголчууд жудагтай ард түмэн атлаа яагаад төрдөө жудаггүй хүмүүсийг гаргачихаад байна юм?

-Сонгогчдын боловсролын түвшин дор байгаатай холбоотой. Хоёрдугаарт, манай ард түмний ихэнх нь мэдээллээс хөндий байна. Гуравдугаарт, үнэн зөв мэдээллийг олж авахад хэцүү болчихсон байна. Өнөөдөр нэг нь болохгүй юм ярьж байтал маргааш нь тэр хүн сайхан ч юм шиг. Баахан л хөрөнгө мөнгө идчихлээ гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиад байсан хүн хэдхэн хоногийн дараа юу ч биш болчихсон. Эрх мэдэлтнүүдийн хэрэг бол бүр байхгүй болчихдог. Үнэн зөв мэдээллээр хангагдаж чадахгүй байгаад л бүх зүйл оршиж байна. Хөдөөний энгийн иргэд бол дотроо нэг юм бодоод л сууж байгаа. Тийм иргэн олон байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Гол нь зөв мэдээллээр хангах хэрэгтэй. Шударга хүмүүс төр засгийг барих хэрэгтэй.

Та 1992-2000 оны хооронд УИХд сууж байсан. Тухайн үеийн УИХын гишүүд, одоогийн гишүүдийн хооронд асар их ялгаа байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй байх?

-УИХ-ын гишүүн бол бодлого тодорхойлогч. Монгол Улсын гурван сая иргэний гурван сая асуудлыг шийдэх ёстой хүмүүс. Өнгөрсөн 25 жил бол бага хугацаа биш. Яагаад гэвэл 1960-аад оны Японыг хар, 1980-аад оны Солонгосыг хар, 1990-ээд оны Хятадыг хар. 25 жилийн дотор л улс орноо босгочихсон. Си Жиньпин дарга хэлж байна шүү дээ “Ойрын таван жилд ганц ч ядуу хүнгүй болно” гэж. Ийм зорилт тавиад ажиллаж байна. Гэтэл бид 25 жилд яав, өнөөдөр Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын хоёрдугаарт орж байна. Бусад индексүүдээрээ үргэлж л сүүл мушгиж байна. Эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулдаг зардлаараа дэлхийн улс орнуудын сүүлд орж байгаа. Ийм их баялагтай орон байж ингэж амьдарч болохгүй.

Орчин үеийн техник технологи өндөр хөгжсөн нөхцөлд буруу мэдээллээс болоод жудгаа алдчихаад байна. Тийм учраас та хүн байгаач, хүн байх юм бол танд аз жаргал, хөрөнгө мөнгө аяндаа хүрээд ирнэ. Бие биедээ туслаач, найрсаг байгаач. Төрдөө зөв хүнээ гаргаач. Төр гэдэг чинь УИХ-ын 76 биш шүү дээ. Баг, сумын Засаг дарга, ИТХ-ынхан ч төрийн төлөөлөл. Улаанбаатар хотын ИТХ-ын гишүүд улиралд ч бил үү, сард ч бил үү олон саяын урамшуулал авдаг. Энэ нь ямар жудаг вэ. Ард түмэн талхаа бүтэн авч чадахгүй байхад өөрсдөө хуралд суусныхаа төлөө 27 сая төгрөг авдаг нь жудаг мөн үү.

Categories
мэдээ цаг-үе

Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас баривчилжээ DNN.mn

Яруу найрагч Ц.Хуланг тагнуулын хэргээр өнгөрсөн шөнө 48 цагийн хугацаатайгаар саатуулжээ.

Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Саатуулсан нь үнэн. Мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.Түүнийг гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтарч ажилласан гэх зүйл ангиар буруутгаж цагдан хорьсон гэх мэдээлэл байна.

Categories
мэдээ цаг-үе

Сар шинийн үзэсгэлэн худалдаатай холбоотойгоор нийтийн тээврийн чиглэл өөрчлөгджээ DNN.mn

Сар шинийн баярын үзэсгэлэн худалдаатай холбоотойгоор нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орсон байна. Сар шинийн баярын нэгдсэн үзэсгэлэн худалдаа “Шинэ 100 айл” барилгын материалын төвд 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрөөс хоёрдугаар сарын 19-ний өдрийг дуустал зохион байгуулагдахтай холбогдуулан тээврийн үйлчилгээний Ч:51 “3-4 хороолол- Дүнжингарав худалдааны төв” чиглэлийг “3-4 хороолол- Дүнжингарав худалдааны төв- шинэ 100 айл худалдааны төв” болгож сунгахаар төлөвлөжээ.

Иймд иргэд та бүхэн тухайн чиглэлд үйлчлүүлэх бол доорх зураглалын дагуу зорчих хэсгээ төлөвлөхийг Нийтийн тээврийн газраас анхааруулжээ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэх аж.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ: Казиногийн тухай хуулийг хэлэлцэнэ DNN.mn

Монголд казино байгуулах нь зөв үү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаглал II төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
  • Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны ажлын дүнг танилцуулах
Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Эрдэс бүтээгдэхүүний экспорт 36.4 хувиар өсчээ DNN.mn

Нийт экспорт 2022 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 12,540.4 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 3,299.3 сая ам.доллар буюу 35.7 хувиар өссөн байна.

Үүнээс: Эрдэс бүтээгдэхүүний экспорт 11,754.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 3,133.9 сая ам.доллар буюу 36.4 хувиар өссөн байна.
Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 93.7 хувийг эзэлж байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

“Дарханы арьс, ширний цогцолбор” төслийн хэрэгжилтийн явцын мэдээллийг сонсов DNN.mn

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Дарханы арьс, ширний цогцолбор” төслийн хэрэгжилтийн явцын талаар салбарын сайдын мэдээллийг сонсов.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг хийсэн мэдээлэлдээ “Дарханы арьс, ширний цогцолбор” байгуулах төсөл 2020 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкнаас нийт 18.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бонд хэлбэрээр авсан. Нийт 180 га газарт төлөвлөлт хийж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 15 хувь, “Саравай” ХХК нь 85 хувийн хувьчлалаар “Дарханы арьс, ширний цогцолбор” орон нутгийн өмчит компанийг байгуулсан. “Саравай” ХХК-иас “Лидер Капитал” ХХК-нд санхүүжилтийг бүрэн шилжүүлсэн. “Лидер Капитал” ХХК нь дэд бүтэц, цэвэрлэх байгууламж, цахилгаан хангамж зэрэг бүтээн байгуулалтын ажилд дөрвөн аж ахуйн нэгжид мөнгө шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/10кВ-ын дэд өртөөний ажил 85 хувьтай, цэвэрлэх байгууламж 50.6, ус, дулаан дамжуулах шугам 52.1, үйлдвэрүүдийн гадна дулаан, усан хангамж ариутгах татуургын хос шугам 62.6, технологийн уур үүсгэгч 14.8 хувьтай байна. “Дарханы арьс, ширний цогцолбор” ОНӨХХК-ийн ажлын гүйцэтгэлд Үндэсний аудитын газраас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлт гарсан. Дүгнэлттэй холбогдуулан хэд хэдэн зөрчилтэй асуудал гарсан. Тухайлбал, Хөгжлийн банкны барьцаанд байгаа газар, зарим дэд бүтэц, тоног төхөөрөмж, түүнээс олох орлого зэрэг санхүүгийн зөрчил. Мөн орон нутгийн өмчийн компани эсэх нь тодорхойгүй, тухайн ажлууд нь сонирхлын зөрчилтэй гэрээ, хэлцлүүд дээр хийгдсэн зэрэг эрх зүйн зөрчил байгаа юм. Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Монгол Улсын Хөгжлийн банк хооронд салбарын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр ажиллах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг нь хувийн хэвшлийн гүйцэтгэсэн дэд бүтцийн ажлыг хэрхэн шилжүүлэх талаар санал боловсруулахаар ажиллаж байна гэлээ.

Дэд сайд М.Ганхүлэг үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх “ДАШЦББ” ТӨХХК-ний бэлтгэл ажлын явцын талаар танилцуулав. Дэд сайдын мэдээлснээр 25 га газарт байгуулах төслийн ТЭЗҮ-г боловсруулж дууссан, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулсан ба 5 үйлдвэр, 2 агуулахын зураг төсөл 90 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна гээд 2024 он гэхэд 3 үйлдвэр (үхрийн шир боловсруулах үйлдвэр, ямааны арьс боловсруулах үйлдвэр, хонины арьс боловсруулах үйлдвэр), цэвэрлэх байгууламж, агуулахыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэв. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн гэсэн хоёр компани нэг төсөл дээр өрсөлдөж байгаа нь улс орон хөгжихгүй байгаагийн жишээ юм. Энэ хоёр компанийн зөрчлөөс болж төр хохирч байна гэж шүүмжлэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Жирэмсэн эхчүүдийг харьяаллын биш гэж хөөдөг хуулиас давсан тушаалтай танилц! DNN.mn

Эрүүл мэндийн тухай хуулиар иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй авах эрхтэй гэж заасан. Гэвч манай улсын эрүүл мэндийн тогтолцоонд харьяаллаар тусламж үйлчилгээ үзүүлдэг явдал хэвшчихсэн. Харьяаллын бус гэдэг шалтгаанаар эмнэлгийн тусламж авч чадалгүй эрүүл мэнд, амь насаараа хохирсон тохиолдол олон байдаг. Ковидын үеэр ковидын халдвар авсан залуу “Энэрэл” гэх эмнэлгийн үүдэнд харьяалалгүйгээс болж тусламж авч чадалгүй амиа алдсаныг монголчууд харсан.

Тэгвэл хамгийн ноцтой нь жирэмсэн эхчүүд, нярай, хүүхэд багачуудад ч харьяалалгүй бол үзэхгүй гэдэг эмнэлгийн шаардлага бас үйлчилдэг. Саяхан оны сүүлийн өдөр “Өргөө” амаржих газарт жирэмсэн эх очоод машиндаа амаржсан ноцтой үйл явдал болсон. Азаар эх, нярайн бие эрүүл саруул өнгөрлөө. Шалтгаан нь бас л өнөөх харьяаллын асуудал хөндөгдсөн. Харьяалал гэдэг зүйл эмнэлгийн хүнд суртлын л нэг хэлбэр шүү дээ. Гэвч асуудал гарах бүрт дарга, сайд нар “Харьяалалгүй тусламж үйлчилгээ үзүүлдэг боллоо” гэж ирээд л зарладаг. Хамгийн сүүлд Эрүүл мэндийн шинэхэн сайд С.Чинзориг бас л ийм шийдвэр гаргаснаа хэвлэлээр тарааж байна.

Гэтэл ард нь албан ёсны тушаал нь хэвээр байгааг баримтаар харуулъя.

Энэ бол Эрүүл мэндийн сайд С.Энхболдын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр гаргасан А/18 дугаартай “Нийслэлийн хэмжээнд эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүрээг шинэчлэн батлах тухай” тушаал юм. Тус тушаалд эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний хуваарийг баталсан бөгөөд нэг ёсондоо дараахь харьяаллаар л жирэмсэн эх, хүүхэд, эмэгтэйчүүдэд тусламж үзүүлнэ гэсэн байна.

Тушаалыг сийрүүлбэл, “…Эх барихын тусламж үйлчилгээг ЭХЭМҮТ хөдөө орон нутгийн жирэмслэлт, төрөлттэй холбоотой тусламж, СХД-ийн 5-11, 24, 25, 28 дугаар хороо, Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II /Яармагийн эмнэлэг/ ХУД-ийн 4-10, 12-14, 16, 21 дүгээр хороо, Нийслэлийн СХД-ийн 37, 40-42 дугаар хороо, Өргөө амаржих газар БГД, ЧД, Багахангай дүүргийн бүх хороо, ХУД-ийн 1, 2, 3, 11, 15, 17, 18, 19, 20 дугаар хороо, СБД-ийн 1-11 дүгээр хороо, Хүрээ амаржих газар СХД-ийн дүүргийн 1-4, 12-23, 26, 27, 29-36, 38, 39, 43 дугаар хороо, Амгалан амаржих газар БЗД-ийн бүх хороо, СБД-ийн 12-20 дугаар хороо, Багануур эрүүл миэндийн төв Багануур дүүргийн бүх хороо, Налайх эрүүл мэндийн төв Налайх дүүргийн бүх хороог хариуцна гэж заажээ.

Харин эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг ЭХЭМҮТ хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ, БГД-ийн бүх хороо, СХД-ийн 5-11, 23-26, 38, 39, 43 дугаар хороо, Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II /Яармагийн эмнэлэг/ ХУД-ийн 4-10, 12, 13, 14, 16, 21 дүгээр хороо, Нийслэлийн СХД-ийн 37, 40-42 дугаар хороо, Өргөө амаржих газар ЧД, Багахангай дүүргийн бүх хороо, ХУД-ийн 1, 2, 3, 11, 15, 17, 18, 19, 20 дугаар хороо, СБД-ийн 1-11 дүгээр хороо, Хүрээ амаржих газар СХД-ийн дүүргийн 1-4, 22 дугаар хороо, Амгалан амаржих газар БЗД-ийн бүх хороо, СБД-ийн 12-20 дугаар хороо, Багануур эрүүл миэндийн төв Багануур дүүргийн бүх хороо, Налайх эрүүл мэндийн төв Налайх дүүргийн бүх хороог хариуцна” гэж заасан байгаа юм.

Эмэгтэйчүүд мэднэ дээ. Дээрхээс өөр харьяалалтай эмнэлэгт очиход үүднээсээ хөөгддөг. Бүр үхэхийн наагуур зовуурь шаналгаатай, аюултай нөхцөлд байсан ч энэ харьяаллыг шаарддаг. С.Энхболд сайдын 2022 онд баталсан энэ тушаалаас ч өмнө ийм дүрэм журам үйлчилсээр ирсэн. Өргөө амаржих газарт нэг удаа ХУД-ийн иргэн яаралтайгаар үйлчлүүлж л дээ. Гэтэл салбарын сайд харьяаллын бус хүн авлаа гэж эмнэлгийн эмч нарыг зад загнасан гэдэг юм билээ. Уг нь бол гүйцэтгэлээр санхүүждэг болсон энэ цаг үед олон хүнд тусламж үйлчилгээ үзүүлэх тусам эмнэлгийн зардал төсөвт нэмэртэй баймаар.

Ядаж л жирэмсэн эхчүүддээ харьяалал харгалзахгүй үйлчилдэг болчихмоор байна. Төрөлт гэдэг гэнэтийн өвчлөл биш шүү дээ. Жилд дахин дахин төрөөд байхгүй, үе үе эмнэлгийн хаалга татаад очихгүй. Нөгөө талаар төрөлт товлосон хугацаатай, тэр хугацаандаа бэлтгэлээ базаагаад харьяаллын эмнэлэгтээ очих байсан гэж нийгмээрээ баалах юм. Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Төрөх хугацаа гарсан л бол тэр цаг минутдаа төрнө гэж үгүй. Яг ийм л тохиолдолд ганц ч болов эх, нярай эндэхгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авч, эсэн мэнд яс салах л хүмүүнлэг энэрэнгүй нийгмийн үнэ цэнэ.

Харамсалтай нь Эрүүл мэндийн хуулиасаа давчихсан сайдын тушаал цагаан дээр хараар өнөөдөр хүртэл хэрэгжиж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд асан Д.Содном: Зөвлөлдөх санал асуулгыг буруу явуулбал хорлонтой DNN.mn

Ерөнхий сайд асан Д.Содномтой ярилцлаа.


-УИХ-аас Зөвлөлдөх санал асуулга явуулах шийдвэр гаргасан. Ийм шийдвэр гаргах болсон цаад учир шалтгаан, зорилгыг та юу гэж харж байна?

-УИХ-аас Зөвлөлдөх, санал асуулга явуулах тухай тогтоол гаргасан шалтгааныг чуулганы хуралдаан дээр УИХ-ын дарга Г.Занданшатар тайлбарлахыг зурагтаар харж, сонссон. Г.Занданшатар дарга ард иргэдийн төрд итгэх итгэл суларсан, нийгэм бухимдалтай байгааг дурдаад хямралыг зөвшилцөж шийдэх зорилгоор Төрийн тогтолцооны шинэчлэл хийх, Үндсэн хуулийн нэгийн 3 дугаар заалтын дагуу ард түмний засаглах эрхийг хангах асуудлыг анхаарч, ард түмэнтэй хэлэлцэж шийдэх шаардлагатай болсныг онцолж байсан. Чуулганы тэр хуралдааны бичлэгийг үзээрэй.

Өнгөрсөн оны аравдугаар сарын 4-ний өдөр Сүхбаатарын талбайд иргэд жагсаж нүүрсний хулгайг таслан зогсоохыг шаардаж эхэлсэн, дараагийн өдрүүдэд жагсагчдын тоо нэмэгдсэн, Хэнтий аймгийн төв, Дархан хотын иргэд дэмжсэн, нүүрснээс бусад баялаг ч хулгайлагдаж байгаа тухай, хулгай, авлига, ашиглалд төрийн албаныхан, бүр УИХ-ын гишүүдээс нэр холбогдож байгааг дурдаж, хулгайчдын нэрийг зарлах, хариуцлага хүлээлгэхийг шаардсан. Иргэд шаардлагаа УИХ, Шүүх прокурорын байгууллагад хандуулж, хулгайтай тэмцэж байгаа Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж байгаа нь анзаарагдсан. Зарим хүн Улсын Их Хурлыг тараа, 76 хулгайч гэж хашхирч байсан. УИХ-ын даргын зүгээс төрд итгэх иргэдийн итгэл суларч, бухимдал их болж байгааг хэлэх, Зөвлөлдөх санал асуулга гэдэг арга хэмжээ зохиох тогтоол гаргахад хүргэсэн шалтгаан нь энэ байх.

-Уг нь манай ард түмэн амгалан тайван, асуудалд хүлээцтэй ханддаг зан заншилтай гэдэг. Гэтэл сүүлийн үед иргэд бухимдах, төр засагт шаардлага тавьж жагсах, заримдаа эд хөрөнгө эвдэж сүйтгэх, эмх замбараагүй байдал үүсэхэд хүргэж болзошгүй байдал гараад байх боллоо. Үүний гол шалтгааныг та юу гэж харж байна?

-Улс орны хөгжлийн хурд удаан, ядуурал буурахгүй байгаатай иргэдийн бухимдал холбоотой. Гэвч ард түмэн улс орны хөгжлийг хурдасгах, ядуурлыг арилгахад цаг хугацаа шаардлагатайг, гадаад нөхцөлөөс хамааралтайг мэддэг, тэвчээртэй ханддаг.

Монголын ард иргэдийн энэ их бухимдал, хурц шаардлага дараах шалтгаанаар гараад байгаа санагддаг.

Нэг гол шалтгаан нь, эрх мэдэлтнүүд зонхилсон хэсэг хүмүүс буюу олигархиуд авлига, албан тушаалын ашиглал, хулгайн аргаар нийгмийн баялгийг завшиж байгаад юм. Олигархиуд бузар аргаар баяжиж байдаг боломжоо хадгалах, завшсан хөрөнгөө хамгаалах зорилгоор Монголын ард түмэнд засаглах эрхээ эдэлж, гэмт хэрэгтэй тэмцэж байх боломж олгохгүй байгаа учраас иргэд бухимдаж байна. Ард түмэн ба олигархиудын хоорондох тэмцэл хурцдаж байна

-Нөгөө нэг шалтгаан нь төр засгийн зүгээс нийгэм эдийн засгийг хөгжүүлэх зохистой бодлого төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж байгаа. Засгийн газар саяхан эдийн засаг, хөгжлийн яамтай боллоо. Энэ яам идэвхтэй ажиллаж Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Алсын хараа хэмээх баримт бичиг зэргийг засаж сайжруулаад, Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх урт хугацааны болон дунд хугацааны тодорхой төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлдэг, үр ашигтай үйлдвэрлэл хөгжүүлэх, шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан төслүүдийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулдаг болчихвол хөгжил, ядуурлын асуудлуудыг шийдэхэд ахиц гарна.

-Бас нэг шалтгаан нь иргэн бүхэн хууль зөрчихгүйгээр хэнээс ч хамааралгүйгээр дуртай хөдөлмөрөө эрхэлж гэр бүлийнхээ амьдралыг авч явах эрх чөлөөгүй буюу элдэв хориг шалгалт шаардлагад өртөж байдагт юм. Зарим хүн манайд бизнес эрхэлж, чөлөөтөй хөдөлмөрлөж амьдрах нөхцөл алга гэж ярьж байгааг буруутгах аргагүй. Залуучуудын зарим нь гадаад улсад хөдөлмөр эрхэлж, нөхцөл сайжрах үед мэргэжил эзэмшээд буцаж ирэх зорилготой явж байна. Эдгээртэй холбогдуулж хүнд сурталтай тэмцэх, элдэв зөвшөөрөл шалгалтыг цөөлөх, төрийн албан тушаалтнуудыг иргэдэд ёс зүйтэй үйлчилдэг болгох зэрэг асуудлаар Засгийн газраас зохиож байгаа ажил бий.

-“Ард түмэн засаглах эрхээ эдэлж, гэмт хэрэгтэй тэмцэж байх боломж олгохгүй байгаа учраас…” гэж та хэллээ. Энэ гажуудал хаанаас хэзээ, яагаад үүсчихэв ээ. Яаж энэ гажуудлаас гарах вэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр бүлгийн Гуравдугаар зүйлд: “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцоно, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг. Гэтэл Үндсэн хуулийн энэ чухал заалт хэрэгжихгүй байгаа, яаж хэрэгжих ёстой, улс төр нийгмийн амьдалд ямар нөлөө үзүүлэх ач холбогдолтойг ухаарахгүй, анхаарахгүй удаж байна. Чухамдаа үүнээс болж, тодорхой хэлбэл, ард түмний хяналт байхгүйн хар гайгаар авлига, албан тушаалын ашиглал, хулгайгаар олигархиуд баяжиж, түмний өмч хөрөнгө завшигдаж байгаад ард иргэд бухимдаад байгаа юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн заалт бол Парламентаас тогтоож байгаа хууль, Засгийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Шүүх засаглалын ажиллагааг ард түмэн хянаж байна гэсэн заалт юм. Гэтэл одоо болтол УИХ-ын тогтоож байгаа хууль тогтоол, Шүүхийн үйл ажиллагаа, гаргаж байгаа шийдвэрийг ард түмэн хянаж чадахгүй байгаа. Ард түмэн төрийн хэрэгт шууд оролцох эрхтэй гэсэн заалт байдаг боловч тэр эрхээ өнгөрсөн гучин жилд эдлээгүй. Парламентыг дээд танхимгүй байлгаад байгаа нь энэ бүхний шалтгаан гэдгийг ухаарцгаах хэрэгтэй.

Уншсан номынхоо утга учрыг ухаардаггүй хүн идсэн хоолоо шингээх чадваргүй хүнтэй адил гэсэн үг байдаг.

Парламентыг хоёр танхимтай болгох, Ард түмнээс сонгож байгуулсан төрийн эрх барих дээд байгууллага -Ардын Их Хуралтай болох асуудлыг Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэгт өөрчлөлт оруулж шийдэх саналыг олон хүн дэмжиж байна. Энэ асуудлыг одоо шийдэх хэрэгтэй. УИХ-ын гишүүдээс цөөнгүй хүний нэр хулгайн хэрэгт холбогдсоныг шүүмжилж, хяналттай болгоё гэж шаардаж байхад зарим этгээдийн саналын дагуу зөрүүдлээд нэг танхимаа хэвээр байлгаж гишүүдийн тоог нь нэмэх шийдвэр гаргавал төрд, УИХ-д итгэх ард түмний итгэл улам сулрах, хямрал үүсэх аюул байгааг эрх мэдэлт нөхөд анхаарахыг би хүсдэг.

-Зөвлөлдөх санал асуулга зохиохтой холбогдуулж энэ сарын 4-ний өдөр эрдэм шинжилгээний бага хурал болсон. Ямархуу үр дүнтэй хурал болсон гэж та дүгнэж байна?

-Намайг урьсанд талархаж тэр бага хуралд очсон. Хурлын эхний хоёр илтгэл, “Монгол Улс цөөн хүнтэй, нэг үндэстэн учраас парламент нэг танхимтай байх ёстой” гэсэн үгийг сонсоод асуулт хариулт явуулж эхлэх үед нь би үг хэлэх зөвшөөрөл авч, “зөвлөлдөж санал авах” арга хэмжээг зөв зохион байгуулахын тулд анхаарах гол асуудлаар хоёр санал хэлж амжсан. Нэг санал нь: ПАРЛАМЕНТАД ДЭЭД ТАНХИМ БИЙ БОЛГОХ асуудлыг ИРГЭДТЭЙ ЗӨВЛӨЛДӨЖ, САНАЛ АВАХ ГОЛ СЭДЭВ болгох, нааштай шийдсэн нөхцөлд АРД ТҮМЭН ТӨРИЙН ХЭРЭГТ ШУУД ОРОЛЦОХ, ЗАСАГЛАЛД ХЯНАЛТ ТАВИХ ЭРХЭЭ ЭДЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛОХ ач холбогдолтой. Хоёр дахь нь: Төвлөрөл, түгжрэлийг арилгах, Баялгийн сан байгуулах, Сахилга хариуцлага сайжруулах сэдэв бол иргэдээс санал авах сэдэв биш, Төр хариуцсан ажлаа иргэдэд тайлагнах ёстой сэдэв болохыг анхааръя гэсэн санал байсан.

Би саналаа маш товчоор хэлж, эрдэмтдийн үгийг сонсохыг хичээсэн боловч хурал удирдагчдын нэг нь “нөхөр Содном саналаа энэ хурал дээр биш, өөр хуралд очиж хэл” гэснээр уг хуралд оролцож эрдэмтэдтэй санал солилцох боломжгүй болсон. Би явсан. Бага хурлын хэлэлцүүлгийн үр дүн ямар болсныг мэдэхгүй. Эрдэмтэд маань олигархиудын биш ард түмний эрх ашгийг хамгаалсан саналд нэгдсэн байх гэж найдаж байгаа.

-Зөвлөлдөх санал асуулгыг буруу явуулбал хорлонтой гэж та хэлсэн. Яагаад..?

-Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт оруулахаас өмнө УИХ зөвлөлдөх санал асуулга гэдэг арга хэмжээг анх удаа зохион байгуулсан. Парламент нэг танхимтай, эсвэл хоёр танхимтай байх сэдвээр санал асуусан. Ихэнхийг орон нутгаас ирүүлсэн олон зуун хүнийг төрийн ордонд цуглуулж алдар цолтой гурав, дөрвөн хүнээр дээрх сэдвийн талаар олон цагийн яриа хийлгэсэн. Би тэр лекц яриаг нь сонссон. Парламент хоёр танхимтай байхын ач холбогдлыг огт яриагүй, зөвхөн нэг танхимтай байх хэрэгтэй гэсэн ухуулга хийгдсэн. Нэг эрдэмтэн нь Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн заалт буруу гэж ярихыг сонсож билээ. Энэ бүхнийг сонсож буруу юм болж байгааг ажиглаад би зөвлөлдөх ардчилал нэртэй энэ арга хэмжээ буруу зохион байгуулагдаж байна, мэдээлэл багатай иргэдийг нэг талын мэдээллээр ятгаж, төлөвлөсөн төслөө ард түмний дэмжлэг авсан мэт болгож болохгүй гэсэн нийтлэлийг УИХ-ын эрх мэдэлтнүүдэд бичсэн ил захидал болгож бичээд танай сонинд өгч хэвлүүлж байсан. Тэр сониныг олж үзэж болно.

Энэ бүх арга хэмжээний үр дүнд Үндсэн хуульд 2019 онд оруулсан өөрчлөлтөөр Ардын Их Хурал байгуулагдаагүй, түүний хар гайгаар өнөөдөр манай парламентын хяналтгүй, хязгааргүй эрхтэй нэг танхим буюу УИХ маань ард түмний итгэл хүндэтгэлээр дутаж, муу хэлэгдэж байна. Үүнийг л би хорлонтой гэж хэлж байгаа юм. Одоо зохиогдох зөвлөлдөх санал асуулга зөв явагдаасай гэсэн санаагаар хэлсэн үг.

-Нийгэм ийм айхавтар доргионтой, эмзэг байгаа энэ үед залуу үеийн удирдлагууд ямар шийдвэр гаргаасай гэж бодож байна?

-Би одоо нэг юмыг их хүсч байгаа. Парламентыг дээд доод хоёр танхимтай болгох өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах ажлыг 2023 онд багтаан шийдвэрлээд Парламентын танхимуудыг бүрдүүлэх сонгуулийг 2024 онд явуулаасай гэж хүсч байна. Засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд өгөх, төрийн хэрэгт ард түмэн шууд оролцож байх эрхийг эдлүүлэх асуудлыг ингэж шуурхай шийдвэрлэвэл төр түмний итгэлцэл бэхжинэ, нийгэм эдийн засгийн хөгжлийг хурдасгах ажилд ард иргэд идэвх санаачилгатай оролцоно.

Авлига, ашиглал, хулгайтай хийх тэмцэл үр дүнд хүрнэ. Энэ санал хүсэлтээ бичиж УИХ-ын даргад 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр өгсөн. Түүнийхээ хувийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт өгсөн байгаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр үхэр өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр
сарын 19, Бархасбадь гариг.
Билгийн тооллын 27, гар одтой,
улаагчин үхэр өдөр. Өдрийн
наран 8:34 цагт мандан, 17:31
цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой
жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу
нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж,
биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи
татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг
цээрлэх хэрэгтэй ба мал арилжих, буг дарах,
газрын ам бооход сайн. Байшингийн суурь
тавих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой,
бич, нохой, гахай болой. Хол газар яваар
одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал
зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
өлзийтэй сайн.