Categories
мэдээ нийгэм

Иргэн Д.Мөнх-Эрдэнийг дахин 1 сараар цагдан хорилоо DNN.mn

Хөх хотын дахь консул асан Д.Мөнх-Эрдэнийг “Удаа дараа хүн доромжлох, зөвшөөрөлгүй зураг бичлэг хийх, төрийн албаны ажилд саад учруулсан” зэрэг үндэслэлээр 2022 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр нэг сарын хугацаатай цагдан хорьсон билээ.

Улмаар 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр иргэн Д.Мөнх-Эрдэнэ цагдан хорих таслан сэргийлэх шүүгчийн захирамжид гомдол гаргаж, уг асуудлыг шүүхээр хэлэлцэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цуцлах шийдвэр гаргасан билээ.

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан буюу “…Урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн…” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдсон тул яллагдагч Д.Мөнх-Эрдэнэд нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр хаалттай болно DNN.mn

Өнгөрсөн оны аравдугаар сарын 10-ны өдөр БЗД-ийн 26 дугаар хороонд зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаагийн шүүх хурал өнөөдөр /2023.01.24/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд 11:00 цагаас хаалттай болно.

Тэрбээр, хохирогч охины гэмтэл хүндэвтэр гэж гарсантай санал нийлэхгүй, эцэг, эхийн асаргаа сувилгаа муу байснаас халдвар авсан гэж үзэн дахин шинжээч томилуулж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах байр сууриа илэрхийлээд байсан юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын 174 шүүгчид нэг хувийн хүүтэй зээл олгосон Хаан банк үйлчлүүлэгчээ 10 жил Шүүхээр явуулан залхааж байна DNN.mn

Жил бүр 50 тэрбумаас дээш цэвэр ашигтай ажилладаг ганцхан байгууллага Монголд байдаг нь Хаан банк. Өөр ийм том ашиг хийдэг газар Монголын хаанаас ч олохгүй. Нэг ч байшин барьдаггүй, нэг ч хадаас үйлдвэрлэдэггүй хэрнээ ганц монополь газар юм. Хаан банкны зээл, зээлийн хүү хэрхэн бодогддог, Хаан банк иргэдээс хэрхэн мөнгө хүүлдэг тоон баримтуудыг та бүхэн захын мэдээллийн хэрэгслийн сайт руу ороход ойлгомжтой харагдана. Энэ удаад энэхүү сэдвийг дахин давтахыг хүссэнгүй. Харин тус банк Монголын Шүүх засаглалыг хэрхэн базсан байж болох, тэднийг хэрхэн харцаараа хөдөлгөж чадахыг анхааруулахыг зорив. Шүүхийн шинэчлэл, Шүүх засаглалыг авлигаас аврахын төлөө төр засаггүй, ард иргэдгүй дуугарч байгаа цаг үе учраас бичиж байна.

Хаан банк нь зээлийн торгуулийн хүүг хуульд зааснаас өөрөөр, илүү бодож авч байснаас болж, төлөх ёсгүй их хэмжээний мөнгөн дүнгээр хохирсноо мэдсэн аж ахуйн нэгжүүд цөөнгүй гарч ирлээ. Тэд бүгдээр баялаг бүтээгчид, ажлын байр бий болгогчид, татвар төлөгчид, үйл ажиллагаа нь доголдвол ард нь дор хаяж 300 өрхийн амьдрал ахуй доголдох тийм компаниуд юм. Тэдгээр аж ахуйн нэгжүүдийн зарим нь Хаан банкны хүүгийн луйврын талаар Шүүхэд хандаад 10 жилийн нүүрийг үзэж байгаа нь хачирхалтай. Тэдгээрээс нэгэн компанийг онцолъё. Тус компани нь Хаан банкны хууль бус хүүгийн бодолтоос болж хэдэн зуун сая төгрөгийн хохирол үзсэн учраас аль арван жилийн өмнө Шүүхэд ханджээ. “Хаан банк нь ийм ийм хууль зөрчиж, ингэж луйвардан хохироолоо” гэж. Энд зөвхөн Шүүхэд хандсан нэг байгууллагын жишээг дурдаж байна шүү. Тэрнээс Хаан банк нэг сая гаруй зээлдэгчтэй гэхээр 2014 оноос өмнө зээл төлж байсан хүн бүр, аж ахуйн нэгж бүр тэдний хууль бусаар нэмэгдүүлсэн хүүг илүү төлсөн болж байна. Тэр бүх иргэд, аж ахуйн нэгжүүд Хаан банкинд ингэж шулуулснаа хуулийн дагуу шийдүүлмээр байгаа ч Шүүхэд итгэхгүй байх шиг байна. Учир нь сэтгүүлч Мянганбуугийн Наранбаатарын хуульчидтай хамтран нийгэмд хүргэсэн баримтаар бол Хаан банкны зүгээс нийт 174 шүүгчид сарын нэг хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгожээ. Үүний ард ямар эрх ашиг явна вэ.

Бүр ч ноцтой нь нэг жилд Хаан банктай холбоотой нийт 34 хэргийг шийдвэрлэхдээ Шүүх дээр 100 хувь Хаан банкны талд шийдсэн байна. Энэ үзүүлэлтийг хуульчид, сэтгүүлч М.Наранбаатар нар хамтран ард түмэнд дэлгэв. Шүүх засаглал ядаж 90 хувьтай Хаан банкны талд үйлчилж болдоггүй юм уу. Энэ мэт эрээ цээргүй үйлдэл нь Хаан банк-Монголын Шүүх засаглал хэрхэн нэг хөнжилд орсон байж болох хардлагыг нийгэмд төрүүлээд уджээ. Магадгүй энэ байдал нь иргэд, аж ахуйн нэгжийг хохироосоор байх магадлалтай.

Сая дурдсан Шүүхэд хандсан компанийн хувьд бол “Сард төлөх төлбөрөө хугацаа хэтрүүлээд, гэтэл тухайн хэтрүүлсэн төлбөрөөс бус нийт зээлийн үлдэгдлээс тооцож, улмаар хүүгийн төлбөр төлөх хугацаа хэтрүүлэх бүрд Хаан банк нэмэгдүүлсэн хүүг тооцсон нь хууль бус” гэж Шүүх дээр маргаж байгаа юм байна. Цар тахлын хоёр жил, залгуулаад дайны нөхцөл, урд хөршийн хилийн хаалт, эх орноо тонон дээрэмдсэн төр дэх их хулгай зэлгий… энэ бүх хэцүү бэрхийн дундуур Монголын хэдэн үндэсний компани чинь тэсч гарах гэж, улсад татвараа төлөх гэж, хэдэн ажилчнаа цалин орлоготой байлгах гэж махаа зулгааж байгааг та бид харж байна. Ийм хүнд цаг үед Хаан банкинд нөөц боломж байсаар байтал, яагаад ингэж Шүүхтэй хавсайдсан дээрэнгүй байгаа юм бэ.

Энд Хаан банк хуулийн яг ямар зүйл заалт зөрчсөнийг нэгд нэгэнгүй хүргэе. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь заалт “… Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх болно”… Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дугаар зүйл. Зээлийн хүү: 24.3-т “Зээлийг авсан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө”… гэж тодорхой заажээ. Эдгээр хуулийн заалт Хаан банкны хаана нь үйлчилж байна вэ.

Шүүхэд хандсан тус компанийн гомдол, нэхэмжлэл гаргасны дараа буюу 2013 оны 12 дугаар сард Монголбанкнаас хүү бодох аргачлалыг хуулийн дагуу журмаар нэмэлт зохицуулалт хийснээр арилжааны банкны дураар аашлах дээрх үйлдэл цэгцэрч, торгуулийн хүүг хуульд зааснаас илүү тооцдог байдлыг зогсоосон байх юм. Гэвч Шүүх дээр тус маргаан өнөөдрийг хүртэл шийдэгдэлгүй явж иржээ. Үүнд хэн нөлөөлж байна вэ. Монголын Шүүх засаглал ийм тодорхой, хэнд ч ойлгогдох маргааныг бүтэн 10 жил яагаад хянан шийдвэрлэхгүй сунжруулав. Арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавих бүрэн эрхтэй Монголбанк яагаад хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахгүй байна вэ. Хаан банк дураараа торгуулийн хүү тооцож, аж ахуйн нэгжийг дарамталсаар байх юм уу. Хаан банк-Шүүх-Монголбанк гэсэн гурвалсан дэд бүтэц Монголын аж ахуйн нэгжүүдийг ийнхүү дарамталж, 10 жилээр Шүүх дээр сунжруулан цаг хожиж, хүү хожиж, хохирсоор байх юм уу. Үүнийг өнөөдрөөс эхлэн зогсолтгүй сурвалжлан Монголын нийгэмд хүргэх болно. Шүүхийн анхан, дунд шатанд хоёр удаа энэхүү маргаан тус компанийн талд бүрэн шийдвэрлэгддэг, хууль ёсны дагуу тус компани ялж ирсэн байтал Шүүхийн дээд шатандаа очоод ялагддаг, ямар нэгэн урт “далд гар” үйлчилдэг, ингээд Хаанбанк ялдаг нь ямар учиртай болохыг заавал олж тогтоох цаг нэгэнт болжээ. Ер нь бол тус компани шүүхийн оргил дээр очоод нураад явчихдаг юм байна. Тус компани нь энэ оргил руу хоёр удаа тэмүүлж очоод нуржээ. Одоо гурав дахь удаагаа зүтгээд явж байна. Хаанбанк-Шүүх хоёр хувийн аж ахуйн нэгжид бяр хүчээ ингээд үзүүлээд байх биш хууль бусаар илүү суутгаж авсан төлбөрөө буцаагаад шилжүүлчихэд бүх зүйл болчих юм. Банк бол үйлчилгээний л байгууллага, банкны хувьд үйлчлүүлэгчид нэгдүгээрт байх ёстой.

Монголын нийгмийн тодорхой хэсгийн хүрээнд “Энэ улс орныг улстөрчид удирддаг гэж боддог байлаа, тэгсэн үгүй юм байна. Банкны эзэд л удирддаг юм байна шүү дээ” гэсэн яриа бий. Яг үүн шиг, одоо “Энэ улс орны Шүүх засаглалыг Шүүгчид биш, хууль бүр ч биш, харин банкны эзэн л удирддаг юм байна шүү дээ” гэж хэлэхээр болсон байна уу, үгүй юү. Худлаа байгаасай даа. Гэхдээ л үүнд ард түмний анхаарлыг хандуулах цаг болжээ. Ямартаа ч нэрийг нь дурдахаас нэг удаа татгалзсан тэрхүү компанийн Хаан банктай хийж байгаа Шүүхийн маргааныг нүд цавчилгүй харж байя. Хаан банктай холбоотой 34 хэрэг Шүүх дээр 100 хувь банкны талд шийдэгдсэн шиг үйлдэл давтагдах нь уу, хуулийн дагуу, эрүүлээр Шүүх дээр шийдвэрлэгдэх нь үү. Монголын 174 шүүгчид нь сарын нэг хувийн хүүтэй орон сууцны зээл өгчихөөд даналзаж байдаг цаг эрхбиш өнөөдөр түүх болсон байлгүй дээ…

Categories
мэдээ цаг-үе

Нийт нутгийн 70 гаруй хувь нь цастай байна DNN.mn

Манай улсын нийт нутгийн 70 гаруй хувь нь цастай, есөн аймгийн 15 суманд цагаан зудын, 13 аймгийн 38 сум цагаан зудархуу байдалтай байна. Аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвсний 43.2 хувь, тэжээлийн 40 хувь зарцуулагдаж, 14.2 мянган тонн өвс, зургаан мянган тонн тэжээлийн үлдэгдэлтэй байгаа аж. Түүнчлэн он гарсаар 68.521 толгой мал хорогдсон нь өмнөх долоо хоногоос 26.441 толгойгоор нэмэгджээ. Энэ нь оны эхний 71.1 сая малын 0.09 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс, Архангай, Сүхбаатар, Баян-Өлгий, Завхан аймгууд байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн бүртгэлийг бантагнуулсан “И-Монголиа”-д аудит оруулж, сайд Н.Учралыг суудлаас нь буулгах ёстой” DNN.mn

Хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор “И-Монголиа” систем өнгөрсөн долоо хоногт гацаж, өрхийн гишүүн болон эд хөрөнгийн бүртгэлийн мэдээлэл ноцтойгоор өөрчлөгдсөн асуудал гарсан. Цахим хөгжлийн сайд Н.Учрал иргэд бүртгэлийн байгууллага дээр очоод мэдээллээ засуулахад болно гэж олон нийтэд зарласан. Гэвч энэ нь мэдээллээ засуулаад өнгөрөх сэдэв биш юм. Монгол Улсын иргэний бүртгэл мэдээлэл улсын бүртгэлийн байгууллага, түүнийг холбосон “И-монголи”а систем дээр өөрчлөгдөнө гэдэг ноцтой асуудал. Иргэн шилжилт хөдөлгөөн, худалдаа борлуулалтаас үүдсэн хөрөнгө, хаягаа өөрчлүүлээгүй байж болох ч зохиомлоор хүүхдүүдтэй болох, хүүхэдтэй хэрнээ ямар ч хүүхдийн дансгүй болох, мөн өөр ямар ч хамааралгүй хүмүүс хаяган дээр нь бүртгэлтэй байх зэргээр хөндөх сэдэв олон байгаа юм.


И-Монголиа” бол 2019 оноос төсвийн маш их хөрөнгөөр хөгжүүлж эхэлсэн систем. Засгийн газар зөвхөн энэ системийг хөгжүүлээд зогсохгүй үүнийг цааш нь авч явах Цахим хөгжлийн яамнаас эхлээд “ИМонголиа академи”хүртэл олон байгууллагыг улсын төсвөөр байгуулж, урсгал зардлыг хариуцаж буй юм. Эцсийн дүндээ “ИМонголиа” нь бүртгэлийн маш ноцтой асуудлыг гаргалаа.

Энэ системийн талаар Монголын технологийн салбарт олон жил ажилласан, томоохон системүүдийн доголдол, үйл ажиллагааг засч ирсэн нэгэн мэргэжилтэнтэй ярилцлаа.

-Технологийн салбарынхан таныг анддаггүй юм байна. “И-Монголиа” дээр болж өнгөрсөн асуудлын талаар мэргэжлийн үүднээс анзаарсан байх. Хаана алдаа гарчихав?

-Салбарынхан намайг мэднэ ээ. Би улсын, хувийн технологийн олон дампуурсан зүйлийг харж байсан. Дуудагдаж очоод янзалж өгдөг ч олон тохиолдол бий. Технологиор тэргүүлдэг гэх компаниуд ч асуудал гарахаар тусламж авдаг.

“И-Монголиа” дээр бол мэргэжилтнүүдийн ур чадвар, хоосон амбиц л өнөөдөр ийм байдалд авчирсан гэж харж байна. Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор гэгчээр дунд шатны менежер, IT технологийн дарга нар нь амбицтай. Дээшээ худлаа мэдээлэл өгдөг. Дээд дарга нар нь энэ салбарын мэдлэггүй. Доод шатны хүмүүсийнхээ үгээр л явдаг. Тэр дунд шатанд л бөөн маапаан будлиан, шахааны бизнесүүд буцалж байдаг. Хувийн компани, банкуудад ч ийм байдаг. Тэгэхээр улсад ямар байх нь ойлгомжтой шүү дээ.

-Иргэдийн бүртгэлийн мэдээлэл өөрчлөгдсөн. Энэ нь иргэдийн буруу болсон. Уг нь энэ систем өөрөө иргэдийн мэдээллийн үйлчилгээг үзүүлдэг гэж ойлгоод байгаа?

-Хүний хувийн мэдээллийг бантагнуулж, будилуулна гэдэг гэмт хэрэг болж хувирна. Банкин дээр жишээ авъя л даа. Хэрэв банкны үйлчлүүлэгчдийн мэдээлэл өөрчлөгдөж, харилцах, хадгаламжийн дансан дахь мөнгө нь байхгүй болчихвол юу болох вэ. Ядаж л IT технологийн газрын дарга нь ажлаа өгнө. И-Монголиагаар бол Цахим хөгжлийн сайд Н.Учрал суудлаасаа бууна гэсэн үг. Цаашлаад банк дампуурна. Гэтэл өнөөдөр манайд хариуцлага хүлээх ёстой сайд нь иргэд рүүгээ буруугаа чихээд зогсож байна шүү дээ.

-Иргэдийн буруу гэдгийг нэг хоногийн дотор олж тогтоогоод зарласан нь ч үндэслэл муутай байх нь ээ?

-Энэ асуудал дээр мэргэжлийн баг шалгалт оруулах ёстой. Үндэсний аудитын газар гэж байгаа. Хэрэв тэр газар технологийн мэргэшсэн мэргэжилтэн байхгүй сайн мэргэжилтэн хөлсөлж аваад шалгалт оруулах хэрэгтэй. Ийм асуудал яг юунаас болсон онош байгаа шүү дээ. Магадгүй хэн нэгэн санаатайгаар хийснийг үгүйсгэхгүй. Тиймээс асуудал гарсан даруйд “И-Монголиа” системийг ажиллуулж байгаа баг хэлтсийн үйл ажиллагааг цаг алдалгүй царцааж байгаад шалгах ёстой байсан юм.

-“И-Монголиа” систем бол төсвөөс багагүй мөнгө зарлагадаж, нэлээд урт хугацаанд хөгжүүлж байгаа систем. Нэлээд сурталчилсан, олон нийт итгэсэн шүү дээ?

-Гадна тал нь гоё ногоон, цэнхэр, улаан өнгөтэй аппликэйшн, вэб хийх амархан. Түүнийг урт удаан хугацаанд найдвартай, зарчмаар нь авч авна гэдэг том ажил. “И-Монголиа” гэхэд их л гоё хөх цэнхэр нүүртэй систем. Гэтэл ард нь юу болж байсан нь илэрлээ шүү дээ. Энэ бол аймшиг. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэж энэ.

-Иргэдийн бүртгэлийн мэдээлэл ийм ноцтой будлиантай гарч ирсэн нь царцааны нүүдэл, санал хураалтын луйвар зэргийг хийж болох хангалттай үндэслэл гэж зарим хүмүүс хардаж байна. Үнэхээр өнөөдрийн энэ будлианы ард ямар нэгэн луйвар хийх боломж байсан гэсэн үг үү?

-АНУ-ын ерөнхийлөгчийн гэрийг өнөөдөр /өчигдөр/ нэгжиж, нууц материал оллоо гэж дэлхий нийтээрээ шуугтж байна шүү дээ. АНУ-ын ерөнхийлөгч бол манайхтай харьцуулашгүй, дэлхийд нөлөөтэй хүн. Тийм хүний гэр оронд нэгжлэг хийнэ гэдэг ардчилалтай, эрх чөлөөтэй, хуулийн засаглалтай улс ямар байгааг харж болж байна. Гэтэл манайд нийт хүн амынх нь бүртгэлийн мэдээлэл өөрчлөгдсөн ноцтой явдал болчихоод байхад нэг яамны нэг хэлтсийн үйл ажиллагааг шалгаж, илрүүлж чадахгүй байна. Ийм болохоор энэ асуудлын ард юу болж байгааг мэдэх боломжгүй. Зүгээр л мэргэжлийн бус хүний амыг хараад л сууж байна.

-Технологийн салбарт шахааны бизнесүүд буцалж байдаг гэж та дээр хэллээ. Үүнийгээ тодруулаач?

-Сервер гацаж байна, доголдож байна гэдэг тайлбар бол мөнгө идэх арга технологи нь болсон шүү дээ, энэ салбарт. Хувийн том компаниуд, банкууд дээр ч ийм. Нэг нөхөр гадны нэг систем оруулаад ирдэг, түүнийгээ шахдаг. Нэлээд дээрхэн нэг энэтхэг нөхөр хоёр банкинд хэдэн сая ам.долларын систем шахаад эцэст нь халагдаад явсан.

Нэг ёсондоо тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн сервер гацаж байна, удаж байна гэдэг сайхан арга бий болсон. “И-Монголиа” дээр ч ийм асуудал гарч байна гээд л хүмүүс шуугина лээ. Шинээр дахиад л сервер авна. Түүнийг нь шахдаг хувийн компаниуд олон болсон. Хэдэн сая ам.долларын ханштай. Дээд аваргууд нь мэргэжлийн бус хүмүүс мэддэггүй. Доор нь байгаа технологийн нөхдийн амыг л хардаг. Тэд нь шахааны компанитайгаа сүлбэлдчихсэн, ашиг хүртдэг.

“И-Монголиа” дээр ямар ур чадвартай хүмүүс ажиллаж байсны шалгалт боллоо л доо. Ер нь манай дотоодын технологийн мэргэжилтнүүд, ялангуяа улсынхан бол баахан сертификатны цуглуулгууд байдаг юм. 14 хоног, сар ч юм уу суугаад хэдэн юм цээжлээд шалгалт өгөөд сертификат авчихдаг. Сайд нь хүртэл сертификат л яриад зогсоно лээ. Гэтэл энэ салбар бол туршлага дээр явдаг. 10, 20 жил энэ салбарт нэлээд юм үзэж тулалдаж байж туршлага хуримтлуулдаг. Сертификат, туршлага хоёр амьдрал дээр шал өөр шүү дээ. Сертификаттай болчихоор лаг гэсэн ойлголт манай төрийнхөнд байдаг. Шалгагдаж байгаа нь энэ “И-Монголиа” шүү.

-Магадгүй бид энэ том системийг ажиллуулах цаг хугацаа, хүчин чадал болоогүй байсан уу?

-Болохгүй яахав дээ. Гол нь энэ дунд ашиг сонирхолтой хүмүүс олширчихсон, хувийн технологийн компаниуд нь ч амбиц ихтэй, ашиг сонирхолтой болчихсон болохоор ажил урагшлахгүй байна. Хувийн компаниуд арай ч өнөөдөр ийм байдалд хүргэхгүй. Улс мэдээж ямар байх нь ойлгомжтой. Бүгд хоноцын сэтгэлтэй болчихсон. IT технологи, тоног төхөөрөмж л гэхээр их мөнгөтэй, их үнэтэй гээд мэдлэггүй хүмүүсийн толгойнд суучихсан. Уг нь үнэтэй сервер шинээр авахгүйгээр 10 дахин хямд серверийг ажиллуулж болдог. Энэ бол сертификат биш туршлага шүү дээ. Үүнийг нь хэлээд хямд зардал багатай ажлаа хийе гэхээр энэ салбарынхандаа би адлуулдаг юм. Түүний оронд гадаад дотоодын компанийн шахаагаар нэг систем сервер суурилуулаад юу ч мэдэхгүй манаач суулгачихдаг арга барилтай болсон байна лээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Оюун-Эрдэнэ: Эхлүүлсэн тэмцлээ ямар ч хамаагүй үнээр дуусгана DNN.mn

Эрхэм гишүүн болсноосоо хойш л намын даргатайгаа муудаж, энд тэнд элдвийн хэрэг түвэг барьж гүйсэн “эсэргүү” бол Л.Оюун-Эрдэнэ. Тэрээр Ерөнхий сайд болоод улам том асуудлуудыг сөхлөө. 60 тэрбум, МАНАН, шүүх, “Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банк, төмөр зам, нүүрсний хэргийг хууль хяналтынхнаар шалгуулж байна. Цаашлаад газрын наймаа, өөр юу юу ч билээ дээ, өөрийнх нь хэлдгээр “дэлбэлэх” бололтой. Ерөнхийдөө 30 жилийн бугшсан тогтолцоог “дэлбэлчихлээ” л дээ. Одоо цаашид яах вэ. Л.Оюун-Эрдэнийн энэ үйл ажиллагаа үр дүнд хүрэх үү. Голдуу улстөрчид, улс төрд нөлөө бүхий этгээдүүд, том бизнесмэнүүд холбогдсон хэргүүдийг хууль шүүхийнхэн эцэслэн шийдэх үү. Энэ эргэлзээтэй асуудал болоод байгаа.

Тиймээс Л.Оюун-Эрдэнийг шүүхтэй, тэр байтугай Ерөнхийлөгчтэй, УИХ-ын гишүүдтэй түнжин муутай болсон талаар ил далд яригдаад удлаа. Хааяа түүнийг “Тэгж хэллээ, ингэж ярьсан” гээд хэвлэл, олон нийтийн сүлжээгээр бичдэг.

Гэхдээ энэ үнэний ортой юм байна. Сүүлд ил болгосон хэргүүд, бас Засгийн газраас санаачилсан хуулиуд нь иймэрхүү гал авч буй аж. Учир нь Хөгжлийн банкны хэрэг дээр УИХ-ын дөрвөн гишүүн татагдсаны гурав нь МАН-ынх байсан. Дахиад дөрвөн гишүүний нэр нүүрсний хэрэгтэй холбоотойгоор Ерөнхий прокуророос орж ирэхээр болжээ. Мөн л гурав нь МАН-ынх гэсэн мэдээлэл байна. Бас УИХ-ын гишүүд, сайд, дэд сайд нарын 100 орчим хүнийг эцсийн өмчилдөг компаниараа төрийн тендерт орох, тэдний ах дүүс, эхнэр хүүхэд, хамтран амьдрагч нь төрийн удирдах албан тушаал хашихыг хориглосон хуулийг санаачилсан нь улстөрчдийг өөрийнхөө эсрэг эргүүлээд байгаа бололтой.

Тиймээс Л.Оюун-Эрдэнэ намынхаа бүлгийн хурал дээр ч ширүүн ширүүн үг хэлдэг болсон байна. Саяхны нэгэн хурал дээр “Та нар дэмжихгүй бол гудамжинд гараад тэмцэнэ” гэчихсэн нь гишүүдэд таалагдаагүй аж. Зарим нь “Яах гэж энийг дээш нь гаргав аа” гэсэн гэх мэтээр сүүлийн үед түүний амнаас гарсан үг хэвлэлээр бичигдэхгүй байгаа ч улс төрийн хүрээнд, Төрийн ордон хавиар нэлээд яригдаж байна.

Түүнийг шүүх, тэр дундаа Ерөнхий шүүгчтэй таарамжгүй байгаа талаар хаа сайгүй ярьж байна. Амнаас нь гардаг үгнээс тэгж харахаар байна. Шүүхийн хариу үйлдэл ч үүнийг харуулаад байх шиг байна. Гэхдээ аль аль нь олон нийтэд хандаж ам нээгээгүй. Харин томоохон хурал хуй дээр энэ талаар ярьдаг ажээ. Л.Оюун- Эрдэнэ лав өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаан дээр “Шүүх хэрэг барьж удаана гэдэг бол өөрөө авлигал шүү. Бид гэм бурууг тогтоохгүй. Гэхдээ буруутай, эсвэл үгүй гэдэг шийдвэрийг гаргалгүй 7-10 жилээр барьж байгаад замхруулдаг шүүхийн тогтолцоонд авлига байгаа эсэхийг олон нийтэд илчилж болно шүү дээ. Мөн шүүх хурал яагаад хаалттай явагдах ёстой юм бэ. Гэмт хэрэг, тэр дундаа авлигын хэрэг хөшигний цаана шийдэгдэж болохгүй. Шүүхийн ил тод байдлыг олон нийт шаардах эрхтэй. Энэ бол шүүхэд нөлөөлөх хэлбэр биш. Харин шүүхийн улс төрийн нөлөөг багасгаж чадах хөндлөнгийн хяналт болж чадна” гэжээ. Үүний эрх зүйг хангасан хуулийн төслийг Засгийн газар хаврын чуулганд өргөн барьж магадгүй юм байна.

Түүнээс гадна Л.Оюун- Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт нэг анхаарал татсан уулзалтыг хийжээ. Тэрээр Иргэний нийгмийн байгууллагынхантай уулзаж “Шаардлагатай бол жагсаалд хамт гарна” гэсэн байна. Эндээс харвал түүнд улс төрийн шахалт бодитойгоор ирж буй бололтой.

Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосноос хойш “Зарим гишүүн Л.Оюун-Эрдэнийг огцруулах кноп цуглуулж байна” гэж үе үе яригдах болсон. Дээр хэлсэн УИХ- ын гишүүд, сайд, дэд сайд нарын тендерт орох, ойрын хамаарал бүхий хүмүүсээ дарга болгохыг хориглох хуулийг Засгийн газраас өргөн барьсны дараа дахин сонсогдсон. Үнэхээр ч гишүүд уг хуульд тун дургүй байгаа юм. Ил хэлэхгүй ч үйлдлээрээ үүнийг нотолсон. Хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон ч хасаад намрын чуулганаа хаасан байдаг. Үүнээс болж чуулган хаадаг өдөр Ерөнхий сайд болон зарим гишүүний дунд нэлээд маргаан өрнөсөн гэх мэдээлэл байна.

Тодорхой хэлбэл, өнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулган хаалтаа хийх үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Авлигын эсрэг энэ тэмцлээ ковид гээд нэг жил намдмал байлгасан. Би эхлүүлсэн тэмцлээ ямар ч үнээр хамаагүй дуусгана. МАНАН-г ч дарна. 60 тэрбумын хэргийг ч шалгана. Та нар бяр чинь хүрвэл намайг кнопдоод унагаарай. Чадахгүй бол шархдуулах хэрэггүй. Ер нь тэгээд дэг журам дээрээсээ тогтох ёстой шүү. Хэдэн жилийн өмнө Ерөнхий прокурор М.Энх- Амгалан чуулган дээр орж ирээд “Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой” гэж хэлж байсан. Энэ үнэн үг шүү. Та нар өөрсдөдөө шаардлага тавьж чадахгүй бол “Торгуулиа төл, хариуцлагаа хүлээ” гэж яаж бусдыг шаардах юм бэ” гэж гишүүдэд хэлжээ. Энэ мэтчилэн Л.Оюун-Эрдэнийн “Ордон дотор хүчин мөхөствөл олон нийтийн дэмжлэг авна” гээд байсан нь янз бүрийн хэлбэрээр баталгаажиж эхлэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Энхбаяр гишүүн ээ, сонсголоо битгий зогсоогоорой DNN.mn

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах Түр хорооноос зохион байгуулсан Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол энэ сарын 16-наас 20-ны өдрүүдэд тав хоног үргэлжилж өндөрлөлөө.

Нотлох баримтыг шинжлэн судлах парламентын сонсголын үеэр гэрчээс асуулт асууж, хариулт сонссон нь Монголын парламентат ёсны түүхэнд анхны тохиолдол болсон юм. Парламент бол хууль тогтоохоос гадна хуулийн хэрэгжилтэд ард түмний нэрийн өмнөөс, ард түмнийг төлөөлөн дээд хяналт тавих төлөөлөгчдийн байгууллага гэдгийг энэхүү сонсгол харуулж чадлаа. Эхний сонсголоор нэлээд юм ил гарсан нь ард түмэнд таатай байлаа. Учир нь олон хамсаатан, оролцогч, зээлдэгчтэй ч эргэн төлөлт нь хийгдээгүй, зээлийг зориулалтын бусаар ашигласан гэх Хөгжлийн банкны зээлийн асуудлыг хэлэлцлээ.

Сонсголын үеэр их сонин сонин юм ил гарч, ард түмний чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэж байна. Манай бизнесмэнүүд гэгддэг нөхөд зээл авангуутаа казино руу явчихдаг нийтлэг гэмээр дүр төрхтэйг бүгд харлаа. Казиногийн бэлэн мөнгөний машин буюу АТМ-ээс бэлнээр их хэмжээний мөнгө гаргаж авсан, мөрийтэй тоглосон гэх асуудал сая сонсголын үеэр хөндөгдсөн. Үүнийг казинодох нэрийдлээр АТМ-ээс бэлэн мөнгө авч зээл гаргаж өгсөн хүмүүстээ хахуулийн хувиа өгдөг нэг арга нь ч байж мэднэ гэж хардаж байгаа юм. Томоор нь базаад харвал, Хөгжлийн банк бол ямар ч хэрэггүй зээл тараасан юм билээ дээ. Зүгээр л хуваагаад, хуваагаад хуваартлаад л өгөөд байж.

Анхнаасаа л зээл авахдаа зээлдэгчид нь “Зээлээ эргэн төлнө, буцаад өгнө” гэх ямар ч ойлголт байгаагүй нь зээлийн бүх процессоос ил харагдаж байна. Улстөрчдийн оролцоо, хамааралтайгаар зээл авсан зээлдэгчид ч “Хөгжлийн банкнаас авсан энэ зээлийг бол буцааж төлөхгүй юм байна” гэдэг нэг тийм үл ойлгогдох гэмээр байр байдалтай байсан нь гэрчүүд болоод зээлдэгч компаниудын гаргасан үйлдлээс анзаарагдсан. Банкны зүгээс ч зээлдэгчдээ судалж, юунд хөрөнгө оруулалт хийж, хэдий хэрийн ашигтай ажиллах эсэх дээр нь эрсдэлийн үнэлгээ ч хийгээгүй, шалгаагүй юм байна лээ. Зүгээр л улс төрийн шагнал болгоод тараачихсан зээл гэдэг нь ойлгомжтой байжээ. Тэгтэл төр нь иргэд нь Хөгжлийн банкны зээлээ төл, эргэн төлөлтөө хий, зээлээр барина, бүтээнэ, цогцлооно, ашиглалтад оруулна гэсэн юмнууд чинь хаана байна, сонсголд гэрчээр оролц гээд нэхээд шаардаад эхэлсэн чинь өнөөх зээлдэгч бизнесмэнүүдийнх нь нүд орой дээрээ гарч бараг л “Юун зээл?” ухааны юм ярихын наагуур цочиж гайхаж, балмагдсандаа уурлаж, түвэгшээж сүйд болсныг ард түмэн харлаа.

Олны анхааралд өртөж, хэл ам дагуулж дуулиан шуугиан дэгдээсэн Хөгжлийн банкны зах замбараагүй тараасан зээлийг тойрсон булхайтай асуудлыг ард түмний хараа хяналтад оруулж, парламентынхаа түвшинд гаргаж ирж, нээлттэйгээр сонссон нь туйлын зөв юм боллоо. Сонсголын нээлттэй байдал нь мэдээллийг төрийн дээд шатнаас эхлүүлээд эх орныхоо хязгаар нутагт малаа хариулаад явж байгаа энгийн малчинд хүртэл хүргэж чадлаа. Дээгүүр юу болдгийг, улстөрчдийн хамаарал бүхий хүмүүс зээл авах гэж яаж хуйвалддагийг, зээлээ хэрхэн эргэн төлөхгүй үрэн таран хийж бултаж мэлздэгийг нүдээрээ харлаа даа. Цагдаа дээр “Шалгагдаж байна” гэсэн сүрхий шошготой, сүр дуулиантай хэргүүд хэсэг хугацаа өнгөрсний дараа прокурор, шүүхийн шатанд замхраад олны хараанаас мултарчихдаг байсан цаг өнгөрч байгаа юм байна гэдгийг сонсгол харууллаа. Бүх мэдээллийг нууж хаахгүйгээр шууд ил зарлаад “Тэр гишүүн, тэр сайдын ийм тийм хамаатан энэ байна. Энэ хүн тийм, төдөн төгрөгийн дүнтэй ийм зээлийг ямар ч шалгуургүйгээр авчээ”, “Энэ бол тэрний хамаатан. Тэгж ингэж тийм хүмүүсийн нөлөөгөөр зээл авчээ” гээд зарлачихаар тухайн хүмүүс нь ч гэрчээр дуудагдсан болохоор хамаатан садан гэдгээ ч хэлж, зээлээ зориулалтын бусаар зарцуулсан асуудалдаа түгдрээд ч болов нэг юм дуугарч байгаа харагдлаа. Бүр нэр бүхий УИХ-ын гишүүн ч хэнд, хэзээ зээл хөөцөлдөж өгснөө сонсголын үеэр хэлсэн шүү дээ. Ард түмэн энэ бүхнийг зурагтаараа шууд хараад сууж байгаа юм чинь.

Хэрвээ сонсголоор хэлэлцсэн хэргүүд хууль хяналтын шатанд ороод сураг тасарвал араас нь “Сонсголоор орсон нөгөө хэрэг юу болов. Яагаад таг болов” гээд нэхэж эхэлдэг механизмтай болчихлоо гэсэн үг. Энэ талаасаа Нотлох баримтыг шинжлэн судлах парламентын сонсгол гэдэг энэ том үйл явц маш их ач холбогдолтой юм байна.

Монгол Улс хариуцлагатай байх, ил тод байх, бүхий л юманд хариуцлага, хяналттай байх цаг нь болжээ. Уг сонсголыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр энэ дэгээрээ цаашид даргалаад явах юм байгаа биз ээ. Эрхэм гишүүн Б.Энхбаяр сонсголыг аль болох олон улсын стандартын дагуу зохион байгуулах гэж хичээж буй нь харагдсан. Түүнд хандаж хэлэхэд, гишүүн ээ, нээлттэй сонсголоо битгий зогсоогоорой, үргэлжлүүлээд л байгаарай.

Хоёр дахь сонсгол ирэх сарын 6-наас 10-ны өдрүүдэд болох бөгөөд АСЕМ болон шинэ төмөр замын санхүүжилттэй холбоотой асуудлыг хэлэлцэхдээ өмнөх хоёр Ерөнхийлөгчийг гэрчээр дуудчихаад байгаа. Гурав дахь сонсгол гуравдугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд болно. Гурван удаагийн сонсголын тайлангаа ирэх дөрөвдүгээр сард УИХ-д тавих төлөвлөгөө гарснаас нь үзвэл зохион байгуулалтын тал дээрээ нэлээд анхаарч байгаа юм байна. Энэ сонсголын нөлөөгөөр шүүх, цагдаагийн байгууллагуудаа ч хариуцлагажуулаад явах нөхцөл нь бүрдэж байна. Нөгөөтэйгүүр Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба гэгддэг хэдэн цагдаа, шүүхийнхэнд очоод хэрэг алга болчихдог үе үүгээр дуусч байх шиг байна. Түмний нүдэн дээр ил нээлттэй болгочихоор дарж, далдлах боломж хаанаас байх билээ. Тиймээс сонсголоо тов, хуваарийн дагуу зогсоохгүй, үргэлжлүүлж, гэрчүүдийг зоригтой дуудаж, шударга бусын эсрэг төр нь түмэн олонтойгоо хамт хэлэлцээд явах нь зөв юм байна аа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр морь өдөр DNN.mn

Аргын тооллын
нэгдүгээр сарын 24 ,
Ангараг гариг. Билгийн
тооллын 3, чөдөр одтой,
хар морь өдөр. Өдрийн
наран 8:30 цагт мандан,
17:39 цагт жаргана. Тухайн өдөр бар,
нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд
эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг
муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай
хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр
гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, тангараг
тавих, гэр, байшингийн суурь тавихад
сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд
муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр,
туулай, морь, бич, тахиа болой. Хол
газар яваар одогсод баруун урагш мөрөө
гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
эд, малтай баялаг төгс болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -22 хэм хүйтэн DNN.mn

Нэгдүгээр сарын 24-ны 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32…-34 хэм, бусад хэсгээр -26…-28 хэм, өдөртөө -21…-23 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -32…-34 хэм, өдөртөө -25…-27 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -32…-34 хэм, өдөртөө -21…-23 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “UB cab” буюу Монголын “Uber”-т сэхээтнүүд явдаг болъё” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт “Ээжүүдийн төлөөлөл”
группийн админ А.Дөлгөөн “Ам бүлийн тоо цөөхөн
бол хүүхдийн мөнгөнөөс шууд
автоматаар хасагдсан байна лээ
” гэснийг III нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Инженер нисгэгч, доктор(Pn.D) Т.Батжаргал “Онгоцны
агаарт
ашиглах
хугацаа их
байх тусам
тийзний үнэ
хямд болно” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “UB cab” буюу Монголын “Uber”-т сэхээтнүүд явдаг болъё” хэмээн өгүүллээ.

Олон нийтийн сүлжээнд
хүний эрхийг хамгаалах
хуулийн онцгой анхаарах
заалтууд

Доктор Н.Тэгшбаяр “Монгол Улс
23 дахь удаагийн Азийн физикийн
олимпиадыг зохион байгуулна” хэмээв.

Mөсөн талбайн одод
“Степпе Арена”-д гялалзана.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ