“Төсөв-2023” аян эхэлж байгаатай холбогдуулж Төсвийн байнгын хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “2022 оны төсөв Цар тахлын хүндрэлийг даван туулах, эрсдэлийг бууруулах байсан бол 2023 оны төсөвт эдийн засгийг тогтворжуулах шинэчлэлүүдийг өргөн барьсан гэж үзэж байна.
Төсвийн ил тод байдал, хяналтыг сайжруулах чиглэлээр тодорхой шинэчлэлийг хийх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэхүү дүгнэлтэд тулгуурлан аравдугаар сарын 19-нд “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг хийнэ. УИХ төсвийн асуудлаар анх удаа олон нийтийн хяналттай хэлэлцүүлгийг хийх гэж байна.
Өнгөрсөн жилүүдэд төсвийн төслийг Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн барьдаг байсан. “Төсөв-2023” хэлэлцүүлгийн хүрээнд төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлах явц дунд нь биш төсвийг анхнаас нь төлөвлөх ажилд олон нийтийн саналыг авдаг тогтолцооны асуудлыг шийднэ.
Төсвийн төсөлд өгөх олон нийтийн саналыг өнөөдрөөс эхлээд аравдугаар сарын 17-ныг дуустал авна. Иргэд саналаа гар утасны d.parliament аппликэйшн ашиглан өгөх юм.
Аравдугаар сарын 18-19-ний өдрүүдэд нийт саналыг нэгтгэсэн хэлэлцүүлгийг хийх болно” гэв.