Хүний эрхийн үндэсний комисс/ХЭҮК/ Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэл буюу өнгөрөгч 2022 онд танилцуулсан илтгэлд, сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги, байгууллагад 468 гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдсэн.
Хамгийн багадаа 44 хүний амь нас хохирсоноос хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 20, эрүүл мэнд хохирсон 126, цэргийн албанаас оргон зайлсан 56, дүрмийн бус харьцааны зөрчилд өртсөн 105 тохиолдол бүртгэгдсэн. Өнгөрсөн онд хийсэн ХЭҮК-ын судалгаагаар хугацаат цэргийн алба хаагчдын 18.8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь нь цэргийн алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртсөн гэж хариулжээ.
Тухайлбал 2019 онд цэргийн яргалал, дэглэлтээс болж амиа алдсан, амиа хорлосон тохиолдол хамгийн олон гарчээ. Үүнээс хойш шат шатанд энэ асуудалд анхаарч тохиолдлын тоог бууруулсан ч 2023 оны 11-р сарын хүртэол 16 цэрэг амиа алдсан тоо мэдээлэл байна. Энэ тоо нь албан ёсны мэдээлэл биш бөгөөд зөвхөн нийтэд ил болсон мэдээллээс шүүрдсэн болно.
2019 он
- Нэгдүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг өглөөний гүйлтэд гүйж байгаад унаж, ухаан орохгүй байсаар амь насаа алдав.
- Нэгдүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн ангид харуулын үүрэг гүйцэтгэж байсан цэрэг 50 ширхэг сумтай “Ака” маркийн буутай, ОХУ-ын хил даван оргож, ОХУ-ын Тувагаас нас барсан байдалтай олдсон.
- Гуравдугаар сарын 28-ны өдөр Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г ангийнхаа элс ачсан “Зил-130” машинд дайруулж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Талийгаач машины дугуйнд ивээс хийж байх үед машин гэнэт хөдөлж, дайруулан амиа алдав.
- Тавдугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн албанд татагдан очоод, 14 хоносон 18 настай залуу “дунд чөмөг хугарсан” гэх оноштойгоор тавдугаар сарын 14-ний өдөр яаралтай хагалгаанд орсон.
- Тавдугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн байлдагч А адуунд явна хэмээн цэргийн ангиас гарч, сураггүй болсноос хойш хоёр өдрийн дараа цогцсыг нь олов.
- Зургадугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн 167 дугаар цэргийн ангид харуулд гарч байсан, 19 настай, байлдагч Б буудуулсан байж болзошгүй хэрэг гарав. Бууны сум байлдагчийн цээжний баруун хэсгээр нэвт гарсан бөгөөд шархадсан байлдагчийг Цэргийн төв эмнэлэгт авчран хэвтүүлэн эмчилж, бие нь сайжирсан юм.
- Зургадугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын хилийн цэргийн ангийн хугацаат цэргийн алба хаагч Б жижигхэн бутнаас өөрийгөө боомилж нас барсан хэрэг гарсан. Талийгаачийн ар гэрийнхэн гаднын нөлөөтэй хэмээн үзэж буй.
- Есдүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын “Өлзийт” гэдэг газар хадлан бэлтгэж байх явцад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөнөөс болж Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч Н чиргүүлтэй машин дээрээс унаж, амь насаа алджээ.
2020 он
- Гуравдугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сум дахь Хилийн цэргийн 0198-р ангийн алба хаагч Г амиа хорлосон байдалтай олдсон.
2021 он
- Хоёрдугаар сарын 7-ны өдөр Дундговь аймгийн хилийн цэргийн 0129 дүгээр ангид гэрээт цэргийн алба хааж байсан 21 настай залуу харуулын байрандаа өөрийгөө боомилж, амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан.
- Хоёрдугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд байрладаг Хилийн цэргийн 0214-р ангийн хөгжмийн дарга, удирдаач ажилтай Б гэгч нь ажлын байрандаа хадгаар өөрийгөө боомилон амиа хорлосон хэрэг гарсан.
- Гуравдугаар сарын 29-ний өдөр Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б салааны даргадаа зодуулсны улмаас тархины цус харвалт, зүрх судасны архаг дутагдал гэх оноштойгоор нас барав.
- Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөгөөд, зугтсан хэрэг гарсан. Үүний шалтгааныг цэргүүд дурангаа хагалж, сум дутаасан тул дарамтлуулахаас айгаад ийм үйлдэл хийсэн гэж зарим эх сурвалжууд үзэж байсан юм.
- Дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Хил хамгаалах ерөнхий газрын харъяа Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээрийн 0168 дугаар ангийн алба хаагч Х нь “Малаа эргээд ирье” гэж гараад, малын хашаанаас хоолойгоо боомилсон байсан. Талийгаач цэргээс халагдахад долоо хоног дутуу байсан бөгөөд малын суурьт үүрэг гүйцэтгэж байжээ.
2022 он
- Зургадугаар сарын 16-ны өдөр Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч, 18 настай Н гэгчийн ходоод задарч нас барсан хэрэг гарав.
- Долдугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Зэвсэгт хүчний 167-ангийн хугацаат цэрэг 19 настай “Н” баригдаж байсан барилгын хажуугаас нас барсан байдалтай олдсон.
- Наймдугаар сарын 1-ний өдөр 017 дугаар ангийн дэд ахлагч 22 настай “З” Зэвсэгт хүчний 065-р ангийн хашаанд тогонд цохиулж нас барсан.
- Наймдугаар сарын 5-ны өдөр Дорнод аймагт байрлах Зэвсэгт хүчний 327-р ангийн байлдагч 21 настай “Х” голын усанд амиа алдсан.
2023 он
- Арваннэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 326-р ангийн хугацаат цэргийн алба хаагч Д цэргийн байрандаа гаднаа харагдах ил шарх сорвигүй амиа алдсан.