Бүртгүүлээгүй гэх шалтгаанаар нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаалыг 21:30 цагийн орчимд албан тарааж дуусжээ.
Month: December 2022
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын чуулган цахимаар хуралдаж, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Хууль зүй, дотоод хэргийн сайдын саналыг хэлэлцэв.
Хуралдаанаас одоогоор Онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
Харин цаашид нөхцөл байдал даамжирвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг УИХ дэмжив.
З. Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан онцгой нөхцөл Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт бий болсон бөгөөд үйл явцын өрнөлт нь онц байдал нэн даруй зарлахыг шаардаж байгаа хойшлуулшгүй тохиолдолд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Онц байдал зарлах тухай зарлиг гаргана.
ЗГХЭГ-ын сайд Д.Амарбаясгалан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар сайд нар өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж, Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Олон нийтэд ил болоод буй хулгай дээрмийн асуудлын үр дүнг нэхэж иргэд өнөөдөр жагсаж байгаа гэж ойлгож байна. Тухайлбал, “Эрдэнэт”-ийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой хулгай, дээрмийн хэргүүд нийтэд ил тод болсон. Эдгээр хэргийг АТГ болон хууль хяналтын байгууллагуудад шилжүүлсэн. Засгийн газрын гомдлоор тодорхой тооны хүмүүс шалгагдаж буй. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь нүүрсний хулгайн хэрэгт 15 орчим албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна. Иргэд шаардлагаа тавьж жагсаж байгааг дэмжиж байна. Гэхдээ жагсаал цуглааныг өөр чиглэл рүү оруулах, үймээн самуун дэгдээх оролдлого гарч болзошгүй тул яриа хэлэлцээрийн шугамаар асуудлыг шийдвэрлэж хамтарч ажиллана” гэлээ.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Засгийн газрын түвшинд нүүрсний хулгайн хэргийг гурван удаа ярьж, улмаар “Эрдэнэс Таван Толгой” компанид онцгой дэглэм тогтоосон. “Эрдэнэс Тавантолгой”-н бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс АТГ-т хэд хэдэн удаагийн албан тоот бичгийг явуулсан. Нүүрстэй холбоотой хэрэг гэдэгт нэгдүгээрт гэрээ, хоёрдугаарт тээвэр, гуравдугаарт төмөр замтай холбоотой нийт 10 эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байна. Хуульд нийцэж байгаа бол энэхүү хэрэгтэй холбоотой албан тушаалтнуудын нэрсийг бидэнд өгөх хэрэгтэй гэсэн асуудлыг хууль хяналтынханд тавьсан. Эл хэрэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Таван толгойн төмөр зам” ХХК, ХХЕГ, ГЕГ болон холбогдох яам, агентлагуудын удирдлагыг холбогдуулан шалгаж байна.
Мөн “Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банкны хэргийг прокурор руу шилжүүлсэн. Прокурор хянаад удахгүй шүүх рүү шилжүүлнэ байх. Эдгээр хэргийн явцыг олон нийтэд ил тод болгох, хурдавчлах шаардлагатай. Нөгөөтэйгүүр Засгийн газар Биржийн тухай хуулийг өргөн барьсан нь эцсийн хэлэлцүүлэг дээрээ яваа. Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр худалдан борлуулдаг болно. Өөрөөр хэлбэл, хамгийн өндөр үнээр уул уурхайн бүтээгдэхүүнийг худалддаг болно гэсэн үг. Түүнчлэн Уул уурхайн салбарт томоохон мөнгө эргэлддэг тул Уул уурхайн ил тод байдлын тухай хуулийг боловсруулж байна. Ингэснээр хүн засагладаг биш хууль засагладаг болно.
Засгийн газрын түвшинд 14 хоног тутамд дээрх хэргүүдтэй холбоотой, түүний араас хийж буй ажлуудтай танилцаж буй. Мөн төрийн өмчит 48 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг ил тод болгох, тодорхой хэсгийг нь Хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа гаргах хэрэгтэй гэж үзсэн. Тэгснээрээ иргэддээ нээлттэй, ил тод тайлан гаргадаг болох юм” гэлээ.
Ерөнхий сайдын захирамжаар нүүрсний хулгайг шалгах ажлын хэсэг байгуулагдсан ба эл хэрэгтэй холбоотой дээд түвшний албан тушаалтнуудын нэрсийг өгөх боломжгүй. Учир нь хууль хяналтын байгууллагаас өгсөн нэрсийг зарлаж байгаа. Хууль хяналтын байгууллагууд ч өөрсдөө бие даасан мэдээллийг өгөх боломжтой гэсэн асуудал энэ үеэр сөхөгдөв.
Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна.
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Завхан аймгийн нийт нутгаар 12 дугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь хангайн уулархаг нутгаар -24-ээс -30°C, бусад нутгаар -16-аас -24°C хүйтэн байдаг.
12 дугаар сарын агаарын дундаж температур 2001-2003, 2005, 2009, 2010, 2011, 2018, 2020 оны мөн сард нийт нутгаар олон жилийн дунджаас 1–3°С–аар хүйтэн байсан байна. Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар Хангайн уулархаг нутгаар 3-8мм, бусад нутгаар 2-4мм ордог байна.
2022 оны 12 дугаар сарын урьдчилсан мэдээгээр энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна. Тухайлбал, нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхэн, дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд болон нэг, гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна.
Хур тунадасны хувьд, нийт нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим үед түр зуур 16–18 м/с хүрч, цасан шуурга шуурч болзошгүй.
Тиймээс 12 дугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим цас орно. Үүнээс харахад нийт нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа нь шөнөдөө илүү хүйтэн хонох төлөвтэй байгаа тул малчид, иргэд өвөлжилтийн бэлтгэл байдалдаа онцгойлон анхаарах. Цаг агаарын нарийвчилсан мэдээг цаг тухайд нь авахыг зөвлөж байна гэж Завхан аймгийн Цаг уур орчин шинжилгээний газраас мэдээлэв.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Хуралдаанд Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөний зохицуулалт хариуцсан дэд дарга, хурандаа Ч.Батболд цаг үеийн асуудлуудыг танилцуулав.
Тэрбээр, “14 хоногийн хугацаанд нийслэлийн гудамж, замд өдөр болон шөнийн ээлжид 479 албан хаагч үүрэг гүйцэтгэж, 34 мянга гаруй зөрчил илрүүлсэн. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 819 зөрчил бүртгэгдлээ. Үүнээс 18 жолооч зам тээврийн осол гаргасан. Тээврийн цагдаагийн алба 3840 дуудлага мэдээлэл хүлээн авснаас эд материалын хохиролтой 3800, осол хэргийн 40 дуудлага бүртгэгдсэн. Хэргийн улмаас 39 явган зорчигч гэмтэж, нэг хүн нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Мөн өнөөдрөөс авто замын нэгдүгээр эгнээгээр зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл зорчуулах болсонтой холбоотойгоор 416 алба хаагч хяналт тавьж ажиллаж байна” гэж хэллээ.
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах ажлын хүрээнд зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгаж, орц, гарцыг нэмэгдүүлэх ажил өнгөрсөн жилүүдэд эрчимтэй өрнөсөн.
Тэгвэл энэ онд нийт 5238 гарааш, хашаа буулгажээ. Тодруулбал, 4860 гарааш, 378 хашаа чөлөөлсөн байна. Гарааш чөлөөлөх ажил 93 хувьтай буюу энэ хүрээнд 81,396 ам метр талбай чөлөөлжээ.
Мөн чөлөөлсөн талбайн 21,361 ам метрт явган зам, 27,704 ам метрт авто зам, 18,866 ам метрт ногоон байгууламж буюу нийт 71,384 ам метр талбайд бүтээн байгуулалтын ажил хийсэн байна. Түүнчлэн 757 машины авто зогсоол, 105 тоглоомын талбай, 401 гэрэлтүүлэг хийжээ. Нийт 37 байршилд тохижилт хийсэн бөгөөд 97 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн 354 байршилд 17.7 км хашаа чөлөөлжээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлаа танилцуулж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Монгол Улсаа өрийн дарамтгүй улс болгоно, иргэдийнхээ орлогыг 2 дахин нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулна хэмээн амалсан ч эдгээр заалт биелсэнгүй. Эдгээр амлалт биелэхгүй байгаагийн цаад шалтгааны нэг нь нүүрсний хулгай юм. Нүүрс нь хилээр гардаг ч мөнгө нь орж ирэхгүй байхад өр нэмэгдэж, иргэдийн орлого буурч, ядуурлын түвшин өсөх нь зайлшгүй. Нүүрсний хулгай гэдэг зүйлийг үнэндээ эрх баригчид илчилсэн хэрэг биш юм.
Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас өнгөрсөн есдүгээр гаргасан тайлан илтгэлд “Монгол Улсаас гарч байгаа уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээ буцаж орж буй мөнгөн дүнтэй нийцэхгүй байна. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Ирэх оны онцлох цэг чинь энэхүү асуудал мөн” хэмээн анх сануулсан юм. Төсөв давамгайлсан, төрийн өмчит компани давамгайлсан, уул уурхай давамгайлсан эдийн засаг чинь буруу зам руу хөтөлж байна шүү гэсэн сануулгыг бид өмнө нь ч өгсөөр ирсэн” гэв.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа, “Өнөөдөр нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийе гэсэн шаардлагыг УИХ-ын гишүүдээс гаргасан. Сүүлийн үед Хөгжлийн банкны болоод нүүрсний хулгайн асуудлыг АН руу чихэж байгаа тул эдгээр асуудлийг илчлэхэд бид манлайлан оролцоно. Нүүрсний хулгай бол хувийн хэвшлийнхнийг маш их хохироосон. Ингэхдээ мафижсан сүлжээгээр нүүрсний хулгайг хийсэн” хэмээгээд эрчим хүчний салбарт үүсэж буй хүндрэлийг чухалчлан авч үзэх ёстой гэсэн байр суурь илэрхийллээ.
Сайжруулсан шахмал түлшийг нийслэлийн 650 цэгт борлуулж байна. Ингэхдээ өдөрт 310 тээврийн хэрэгслээр 2000-2200 тн түлш ханган нийлүүлж байгааг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэв.
Одоогоор 59 агуулахад 116 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц байгаа аж. Сайжруулсан шахмал түлшний баруун, зүүн бүсийн үйлдвэрийн нөхцөл байдал, түлшний чанар, стандарт, борлуулалт, тээвэрлэлтийн талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө ярихдаа, “Баруун, зүүн үйлдвэрт 14 шугам ажиллаж байгаа. Түүхий эд, шуудайн нөөц хангалттай. Ид хүйтэн үед өдөрт 3800-4000 тонн түлш гарч байсан” хэмээлээ.
Монгол Улсын хэмжээнд мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллогыг 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулна.
Хөдөө аж ахуйн салбар нь манай улсын эдийн засгийн 13, ажиллах хүчний 26 хувийг бүрдүүлдэг бөгөөд 1961 оноос жил бүр зохион байгуулж буй мал, тэжээвэр амьтдын мэдээлэлд үндэслэж, төрөөс хөдөө аж ахуйн салбарын бодлого боловсруулж, мөн малчдын нийгмийн асуудлыг шийдэх үндсэн суурь мэдээлэл болдгийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.